Өнөөдрийн монголчууд бид гэж нэг л их удирдагч хүссэн хүмүүс. Бидний байж байгаа царай тэр их удирдагч нь тодорвол “чанга гар”-ыг гаргаж ирнэ гэсэн үг. Шулуухан хэлбэл, дарангуйлагч төрүүлнэ гэсэн үг. Ийм улстөрчидтэй, ийм оюун санааны орчинд, ийм сонгогчидтой, ийм нам засагтай улсад ямар гэгээрсэн удирдагч гарч ирэх юм бэ. Адгийн шаарууд л гарч ирж ард түмний тархийг угаадаг нь дэлхийн түүх, дэлхийн практик шүү дээ. Монголд цаг үе нь өөрөө цөвүүн, зэвүүн байна. Дарангуйлагч хүсээд байгаа хүмүүст зориулж зөвхөн баримт л бичье. Хоёр улсын жишээн дээр. Дарангуйлагч төрөхдөө эхлээд ард түмэндээ хайр зарладаг юм. Шударга ёсыг цаг үргэлж ярьдаг, бас тунхагладаг, бас хийж үзүүлдэг. Хэзээ ч баян айлын хүүхэд дарангуйлагч болдоггүй гэдгийг энэ дашрамд бас хэлчихье. Ядуусаас, дундчуудын угшилаас дарангуйлагчид төрдгийг олон орны жишээнээс харж байна. Энэ гэхдээ тусдаа сэдэв, дараа бичнэ…
Дарангуйлал хийгээд “чанга гар” шүтдэг хүмүүс дарангуйлалтай нийгэм бий болвол амьдрах аргагүй юм байна гэдгийг дэлхийгээс харж ойлгож байгаа болов уу. Хөршийн жишээ гэвэл Орос орон байна. Өнөөдрийн жишээ Афганистан байна. Дарангуйллаас зугтахыг оролдох хэдүй ч нэгэнт “хаан” суусан дарангуйлагч нь чирч авчран дарамталсаар байгаа улс орон, ард түмнүүд бий. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг нэгэнт дээш нь гаргаад алдсан дарангуйлагчаасаа салахын тулд ардчилал өндөр хөгжсөн орнуудаас аврал эрэх тэдгээр орны иргэд өрөвдмөөр юм.
Оросыг доромжлох нь тэнэг хэрэг. Харин Оросын муу жишгээс болгоомжлох ёстой. Хойд хөрш маань хорин жил ганц “хаан”-тай байгаа нь өөрөө дэлхий нийтийн болгоомжлол болчихоод байна. Наад захын жишээ, өнөөдөр Оросын Сибирь шатаж байна. Утаа нь дэлхийг бүрхэж байна. Хөрш Монголын нийслэлд өвлийн утаанаас нь хэцүүг авчирч, хойд аймгуудаараа зарим үед амьсгалах аргагүй болж байна. Алс хол 1000 км зайтай ийм байхад Алс Дорнод, Сибирийн тайга, тэр хавийн ард иргэдийнх нь амьдрах нөхцөл ямар байгаа нь тодорхой. Амьсгалах агааргүй хүмүүс, ан амьтад аргаа барж байна. Ард түмэн нь, бүхэл бүтэн нэг хязгаар нутаг, муж улс нь ийм аймаар болчихсон байхад аугаа удирдагч В.Путин нь Туркэд түймэр унтаарахаар Онцгой байдлын хүчнээ дайчилж байгааг юу гэж ойлгох вэ. Түүгээр ч зогсохгүй гамшгийн эсрэг ашигладаг нисэх онгоцоо, нисгэгчдээ Туркийн түймэрт алдаж байгааг нь дэлхий харж байна, гайхан шогширч байна. Харин Оросын ард түмэн дуугүй харж байгаа нь гунигтай. Дуугарвал, шүүмжилбэл их удирдагч нь тэднийг шоронд хийж, шонд дүүжилнэ. Манайд одоохондоо ийм үйл явдал болвол Хүк ард түмэндээ зүхүүлнэ. Дорнодын талд түймэр гарлаа, тэгтэл зэргэлдээ шатаж байгаа Чита мужийн түймрийг унтраа гээд онцгойн албан хаагчдыг нисгэвэл бид эрх баригчдыг тэр дор нь барьж иднэ. Гэхдээ энэ эрх чөлөө яг өнөөдөрхөндөө байгааг, удахгүй хумигдах зам дээрээ гарсныг ойлгож ухаарах цаг одоо болжээ, бас анхааруулах байна. Ковидын хатуу хөл хорионы үед халдвар өдөрт 10-аар тоологдож, нас баралтгүй тэсч байлаа, Монголын ард түмэн. Тэгсэн гуравдугаар сарын 1-ний өдөр нь эрх баригч МАН-ын 100 жилийн түүхэн ойн өдөр, энэ их баярын эхлэл байх ёстой… гэж эрх баригч нөхөр тунхаглаад, улмаар МАН-ын цагаан байранд өдөрт 100, 100-гаар хүмүүсийг цуглуулж намын ойн медаль, 100 мянган төгрөгийг бэлэглэснээр өвчин зад тавьсан юм. Өдөрт 10 байсан халдварын тохиолдол намын байрнаас нь нэг өдөрт 34 илэрснээр замаа алдаж, эрх баригч ноён бүгдийг амаа хамхих тушаал буулгасан билээ. Амаа мэдэхгүй бол хоолноосоо сална шүү гэж төрийн албан хаагчдад хатуу анхааруулав. Залгуулаад хаан суух хүслээ гүйцээж Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан. Ингээд хөөрхий өнөөдөр Монгол Улс цар тахалдаа живж байна даа. Нэг намын тогтолцоо, нэг хүний дарангуйлал, их удирдагч, “чанга гар” Монголд төрж эхэлсний нэг тодорхой жишээ энэ. Ийм “чанга гар”-ууд дээш ахиад дарангуйлагч болдог зүй тогтолтой. Энэ зүй тогтлын жишээ өнөөдөр үргэлжилсээр байна. Хүний нийгмийн муу үйлдлийг улаан гараараа хийсэн, барууны ардчиллыг зүхдэг, ардчилсан үзлийг доог тохуу болгодог, хүний эрхийг уландаа гишгэчдэг хөдөлгөөний тэргүүн, нутаг чигийн нэг нөхрийг телевизүүдийн камерын өмнө суулгаж, хэвлэлийн хурал хийлгэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн залуус руу чиглүүлэн “Та нарыг тасчиж хаяна, гэмтээж бэртээнэ, эрэмдэг зэрэмдэг болгоно” хэмээн заналхийлгүүлсэн нь, түүнийг нь өнөөх чөлөөт хэвлэл гэх телевизүүд нь уралдан дамжуулсан нь ямар нийгэм рүү, хэн авч яваагийн нэгэн тод илэрхийлэл юм. Ямар удирдагчид төрж байгаагийн амьд дохио гэж болно. Арай ч ийм эрээ цээргүй заналхийлэлд монголчууд өнөөдрийг болтол орчихоогүй явсан юм. Алс хол гэж боддог Аль Кайдагийн мэдэгдлээс “Ингэж хүнийг заналхийлж болдог юм байх даа” гэж бодож сууцгаасан цаг өчигдөрхөн. Гэтэл өнөөдөр өөрсдөд дээр минь ирчихсэн байна.
Үнэндээ ийм л байж болохгүй, үүнээс л болгоомжлох, ардчиллаа хайрлах хэрэгтэй. Ингээд л эхэлбэл, хүчирхийллийг тунхаглаад, нийгэмд дэврээгээд эхлэх юм бол эцэстээ бид яг өнөөдрийн Афганистан болно. Ардчиллын үнэт зүйлс байхгүй нийгэмд юу болдгийг тэндээс харж байна. Уг үндэс, үзэл бодол, хөгжил цэцэглэлт, амьдрал ахуй юу байдгаа Шарайтын хуульд даатгасан Талибан хөдөлгөөн энэ улсад ноёрхлоо сая тогтоолоо. Дэндүү харгис, хатуу хуультай, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн талибуудаасаа амжиж зугтахын төлөө афганчууд иргэний, цэргийн нисэх онгоцны буудлуудад горьдлого тээж, үүдэнд нь хонон өнжин, өөрсдийг нь авч явахыг гуйж, ямар нэг найдвар төрөхийг нүдээ ширгэтэл хүлээн сууж, түүнийхээ төлөө амь тэмцэн зүтгэж байгааг дэлхий харж байна. Монголчууд харж, үзэл бодлоо сүүлийн өдрүүдэд маш их илэрхийлж байна. Монголчуудын дийлэнх нь тэдгээр афгануудыг нэлээд дорд үзэх маягтай шүү. Афганчууд чинь яасан бүдүүлэг харанхуй улс вэ гэх монголчууд цөөнгүй байна. Гэтэл тэднийхээ нэгэн адил болох зам дээрээ гарчихсан яваагаа, тэднээсээ нэг их дээрдэх юмгүй ёс суртахуунтай, харанхуй бүдүүлгүүд болчихсноо мэдрэхгүй явна. Бид арай ч тэдэн шиг биш ээ гэж хэлэх хүн олон байна. Гэхдээ тийм нийгэм тогтоход тун ойрхон байна гэдгийг ойлгож ухаар. Энэ олон янзын шашны зан үйлээ хар. Эрх баригчид нь тэр чигээрээ Монголынхоо баруун талд ч гарч овоо тахиад, зүүн талд ч давхиж овоо тахисан хүмүүс. Улстөрчид, боловсролтой гэгддэг хүн бүхэн нь том том машин, том дээл хөөрөгтэй, уул жалгандаа мөргөөд, сөгдөөд, сөхөрч уйлаад, тэнгэр рүү харж хашгираад, улс орноо даатгаад… заримдаа ер нь юу болоод байгааг ойлгоход бэрх болчихоод байна. Тэд эрүүл байна уу, би эрүүл байна уу гэж өөрийгөө чимхэж үзэх үе байна. Эсвэл энд тэнд баахан суварга босгоод, өндөр намаар нь уралдуулаад, тэр ринбүүчи, энэ хамба… гэж хөөрцөглөх. Эцэстээ миний бие мунхаг болохоороо “Эрлэг Номун хаан” гэж буруу сонсоод нэгэн том эрдэмтэнд алгадуулах шахлаа. Тэгсэн зүгээр Номун хан гэдэг цолыг Чойжамц гуайд олгосон юм билээ. Заавал нэг урдаа нэртэй Номун хаан байдаг шиг санагдаад “Эрлэг Номун хаан цол юм уу” гэж асуугаад Монголын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн гэх тэр том эрдэмтэнд айхавтар аашлууллаа шүү дээ. Шинжлэх ухааныг басамжлах үзэгдэл газар авсны тодорхой нэг жишээ нь тэрхүү намайг аашилсан Шинжлэх ухааны докторын хандлага юм болов уу даа гэж сэтгэнэ.
Дээр нь энэ бөхөө шүтэж дуусдаггүй яацарсан ард түмэн бэ. Архангайн аймгийн Засаг даргыг огцруулаад улсын харцага цолтой, алдарт бөх М.Батжаргалыг томиллоо гэнэ үү. Монголын үүц уурхай, хөгжлийн түүчээ болсон Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Сэддоржийг томиллоо гэнэ үү. Анхдагчдын өлгий Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Ариун-Эрдэнийг сонголоо гэнэ үү, Нийслэлийн Засаг даргаар улсын аварга сонгосон гэнэ үү… Монголчуудын энэ бүх хандлага биднийг Талибан руу явуулж байна аа. Барууны ардчилал, шинжлэх ухааны ололтууд, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, хувийн өмчийн харилцаа… бүгд шавар шавхай руу явж байна. Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Афганистан яг л ийм замаар жирийлгэсэн. Бүтэн 20 жил тэднийг засах гэж АНУ үзээд эцэстээ тэднийг орхилоо. Америкчуудыг орхиод гарснаас ердөө 10 хоногийн дараа Афганистаны нийслэлийн төвд толгойгоо битүүлж, нүүрээ нууж явсангүй гэх шалтгаанаар 22-хон настай бүсгүйг гэгээн цагаан өдрөөр, талибанчууд толгой руу нь буудан хороолоо. Манай бүсгүйчүүд тэнд очих юм бол бүгдээрээ буудуулах юм байна. Одоо тэнд эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал байхгүй болсон. Үргэлжлүүлээд тэнд хүний эрхийн ямар олон чухал асуудлууд шашных нь хуулиар зохицуулагдаж, ард түмэн нь нохой мэт амьдрахыг цаг хугацаа харуулах биз. Үүнээс үхтэлээ айсан ард иргэд нь зугтаж, дайжиж байна. Гэвч санаан зоргоор хүссэн хүн бүрийг цагаачлан зугтаалгах зай Америк, Английн цэргийн онгоцуудад олдохгүй байна. Их Британийн Засгийн газар нийт 20 мянган афган дүрвэгч хүлээн авна гэж амласан ч энэ онд ердөө 5000 хүн л авах боломжтойгоо зарлалаа. Гэвч тэр тоонд орохын тулд боломжгүй гэмээр бичиг баримтууд бүрдүүлэх шаардлагатай учир иргэдийн найдлага үнэхээр тасарлаа. Эцэстээ аргаа барсан афганчууд нялх үрээ ч болов аврахын тулд хашаа давуулан орхиж, цэргүүдийг авч яваад сайн хүн болгоосой хэмээн залбирч, амьдын хагацал, хэцүү сонголттой нүүр тулсныг дэлхий нийт харж, тэдний өмнөөс уйлж байна. Элэг эмтрэм энэ үйл явцыг Английн сэтгүүлч Рустам Вахаб цахим хуудсаараа дэлхийд эхэлж хүргэв. Юу болж байгааг ч ойлгохгүй бүлтгэнэсэн алаг үрсээ афган аав, ээжүүд хашаа давуулан шидэж, цэргүүдэд өгөөд явуулж байгааг шүү дээ. Нисэх буудал дээр ажиллаж буй нэгэн ахлах офицер “Байдал үнэхээр аймшигтай байна. Аргаа барсан ээжүүд нялх хүүхдээ хашаа давуулан шидэж, хүүхдийг нь сайн хүн болгохыг биднээс хашгиран гуйж байна. Зарим хүүхдүүд хашаа давж чадалгүй өргөст торонд зоогдож байна” гэж ярьжээ. Энэ одоо тамын нийгэм биш үү, энэ одоо өөрсдийнхөө мууд, мунхагт бий болгосон хувь заяа биш үү.
Тэднийг тавлах ёс суртахуун байх ёсгүй, тэдэнд дэлхийн улс орнууд туслах ёстой. Мухар сүсэг, хэт туйлширсан үндсэрхэг үзэл, сэтгэл зүй нь тогтворгүй ард түмэн өөрсдийгөө яаж хүнд байдалд оруулдгийг, удирдагчдаа, улстөрчдөө ухаалаг сонгохгүй бол улсаараа хэрхэн шороо үмхдэгийг Афганаас бид харлаа, тэднээс сургамж авах ёстой. Монголчууд бидний хандлага, хийж буй үйлдэл бүхэн тэдний нийгэмтэй төстэй, зарим талаар тэдэнтэй яг адилхан явж байна шүү…
Б.НЯМАА