Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Улс төрийн намын хуультай хамт Сонгуулийн хуулийг өөрчилснөөр улс төр дэх идээ бээрийг авч хаях боломжтой DNN.mn

Улс төрийн намын тухай хуулийн талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-2015 онд Ерөнхийлөгчийн институциас Улс төрийн намын хуулийг өргөн барих үед та Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс Улс төрийн намын тухай хуулиар ул суурьтай шүүмжлэл дэвшүүлэх болов уу гэж бодож байна?

-2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг санаачилж, өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үед УИХ-аар дэмжигдээгүй. Уг төсөлд зөв зүйтэй олон заалт туссан байсан л даа. Тухайлбал, сум бүрд улс төрийн намын салбар байх шаардлагагүй. Тэр дундаа гурван мянгаас доош хүн амтай суманд намын салбар байхыг хориглох зохицуулалт туссан байсан. Ингэж зохицуулснаар суманд улстөрждөг, намчирхдаг асуудал байхгүй болно гэж үзсэн. Энэ зохицуулалтаар тухайн үед 220 суман дахь намын салбар татан буугдах байсан. Суман дахь улстөржилтийг байхгүй болгох гэсэн энэ санаачилга улс төрийн намуудад таалагдаагүй болов уу гэж боддог.

Мөн намууд байшин савныхаа том жижгээр бус Монголыг хөгжүүлэх бодлогоороо өрсөлддөг байх ёстой гэж үзсэн. Тиймээс бодлогын нам байх санаачилга гаргасан. Намын удирдлагын түвшний хэдхэн хүн дур зоргоороо намын төсвийг зарцуулдаг бус төсвийг ямар зориулалтаар зарцуулдаг байх вэ гэдгийг маш тодорхой болгох зохицуулалт ч мөн туссан байсан.

Тодруулбал, төсвөөс санхүүжилт авлаа гэхэд түүнийхээ 30 хувийг бодлогын судалгаанд, мөн 30 хувийг нь ардчилал болон хүний эрхийн боловсрол, сургалтад зарцуулах. Үлдсэн 30 хувийг намын жирийн гишүүддээ зарцуулдаг байхаар туссан байсан. Намуудын санхүүжилт ил тод биш байна. Тиймээс намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулдаг байя. Санхүүжилтээс гадна гишүүнчлэлийг ч ил тод байлгая гэсэн концепц явж байсан. Ингэж зохицуулснаар хэн нэгэн мөнгөтэй хүн намын гишүүдийн өмнөөс татварыг нь төлөөд дуртай дуугаа захиалдаг байдал таслагдах байсан юм. Түүнчлэн гишүүнчлэлийн батлах тарааж уралддаг бус сайн дурын гишүүнтэй болъё гэхчилэн олон асуудлыг тэрхүү төсөлд тусгасан байсан. Харамсалтай нь төсөл улс төрийн том намуудад таалагдаагүй ч юм уу, дэмжигдээгүй.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удахгүй Улс төрийн намын тухай хуулийг өргөн барихаар зэхэж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Хаврын чуулганаар анхааралтай ажиглах хуулиудын жагсаалтад энэ хууль орж байгаа. Тиймээс хуулийн шинэ төслийн талаар ярилцъя?

-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барих нь зөв. Учир нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа намаасаа түдгэлздэг шүү дээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр улс төрийн намууд өөрсдөө энэ хуулийг өргөн барихаар намынхаа хувийн эрх ашгийг оруулах гээд байдаг. Эсвэл нам дотроо эсэргүүцэлтэй тулах зэргээр асуудлуудыг давж чадахгүй замхардаг.

Шинээр боловсруулсан одоогийн төсөл дээр бидний барьж байсан концепц хадгалагдаж байгаа нь харагдсан. Тухайлбал, улс төрийн намыг шилэн болгоё. Бодлогын нам болъё. Гишүүнчлэлээр уралдаж хөөсөрдөггүй байя. Улс төрийн намууд дэргэдээ сангуудтай байя. Сангаараа дамжуулж тодорхой хэмжээний санхүүжилт авъя. Тэр санхүүжилтийг нь намын удирдлагын түвшний хэдхэн хүн зарах бус намын нийт гишүүд, намын бодлого, үнэт зүйл, үзэл баримтлалаа сурталчилдаг байя гэхчилэн зөв зүйтэй санаанууд туссан байна лээ. Ер нь Герман маягийн Улс төрийн намын хуулийн загварыг зарчим болгосон төсөл харагдсан. Зарчмын хувьд зөв гэж харж байна.

Ер нь Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх цаг нь болсон. 2015 онд орсон цөөн хэдэн нэмэлт өөрчлөлтийг эс тооцвол Улс төрийн намын тухай хууль огт шинэчлэгдээгүй. 1992 оны хууль хэв хэвээрээ байгаа. Өөрчлөх хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа улс төрийн намтай холбоотой тусдаа заалт орсон. Тодруулбал, нам үндэсний хэмжээний бодлого боловсруулж ажилладаг байх ёстой гэсэн санаа туссан. Өөрөөр хэлбэл, ямар ч бодлого хэрэгжүүлдэггүй, сонгуульд оролцдоггүй хэрнээ намын дарга нь гээд нэг нөхөр цүнхэндээ намын тамга, тэмдэг, гэрчилгээгээ хадгалаад явж болохгүй. Нам гэдэг бол үндэсний хэмжээнд бодлого боловсруулдаг, үйл ажиллагаа явуулж чаддаг байх ёстой гэсэн концепц Үндсэн хуульд орсон. Үүнээс гадна сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн шалгуурыг тавьсан.

Түүнчлэн намын дотоод зохион байгуулалт, ардчилсан зарчимд нийцсэн байх ёстой. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх ёстой. Намын зохион байгуулалт журам, санхүүжилтэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтоох ёстой гэхчилэнгээр парламентын засаглалтай орнуудын улс төрийн намын суурь зарчмыг Үндсэн хуульдаа тусгасан нь том ололт. Гэхдээ ганцхан Үндсэн хуульд үүнийг суулгаснаар улс төрийн намуудын асуудал шийдэгдэхгүй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх Үндсэн хуулийн ч шаардлага байна. Цаг үеийн ч шаардлага байна.

Өнөөдөр парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд хэзээ ч байгаагүй хэмжээнд хүртлээ уначихлаа. Өмнө нь МАН, АН 25-30 хувийн дэмжлэг авдаг байсан. Бодит байдал дээр ийм хэмжээний дэмжлэг авч чадахгүй байгаа нь судалгаагаар ил болсон. Парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд нийгэмд унах нь УИХ-ын нэр хүнд унах шалтгаан болдог. Ингэснээр парламентын засаглал хэврэг болдог. Парламентын засаглал бол хулгайчууд, гэмт хэрэгтнүүдийн орогнох байр гэсэн дүгнэлт, ойлголт нийгэмд бий болдог. Ингээд парламентын засаглалаа солих ёстой гэсэн шийдэлд хүрдэг. Ийнхүү Ерөнхийлөгчийн засаглал хэмээх шошго зүүсэн дарангуйллын тогтолцоо ордог. Тиймээс хоёр том гүрний дунд хавчигдан байгаа Монгол Улс тусгаар тогтнол, ардчилал, гаднаас ирэх цохилтыг шингээдэг засаглалтай байя гэж бодож байгаа л бол парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй. Бэхжүүлье гэж байгаа бол улс төрийн намууд нь ардчилалтай, ил тод, иргэдэд итгэл төрүүлэхүйц болох ёстой. Парламентын ардчилал улс төрийн намуудын ардчилал дээр тогтдог. Өнөөдөр улс төрийн намууд хангалттай хэмжээнд ардчилагдаж чадсан уу. Улс төрийн намууд иргэддээ хангалттай хэмжээнд гүүр болж ажиллаж чадаж байгаа юу. Улс төрийн намууд иргэдийнхээ итгэлийг даах чадамжтай байна уу гэдэг нь эргэлзээтэй.

-Мөнгө, эрх мэдэлд хүрэх хамгийн амархан гүүр нь өнөөдөр улс төрийн нам болчихоод байна. Тиймээс намуудыг бодлогын нам болгохын тулд яг яаж зохицуулж хуульчлах ёстой вэ?

-Хамгийн наад зах нь намууд нэр дэвшигчдээ тодруулахын тулд судалгаа хийдэг. Олон нийтийн санаа бодлыг нь авдаг. Нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлдэг байх ёстой. Нөгөө талаар улс төрийн намын гол зорилго нь сонгуульд оролцох шүү дээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудыг эрүүл байлгадаг зүйл нь Сонгуулийн хууль. Гэтэл Сонгуулийн хууль нь “200 ухуулагч ажиллуул” гэсэн тулгалтыг нэр дэвшигчдэд өгч байгаа юм. Томсгосон тойрогт нэр дэвшлээ гэхэд 4000-6000 ухуулагч ажиллуулах шаардлагатай болж байгаа юм. Тэр хүмүүсийн цалин мөнгө, байр савны зардал, дээр нь сурталчилгааны хуудас гэхчилэнгээр аудитаас баталсан хууль ёсны зардал нь ойролцоогоор 700 саяас нэг тэрбум төгрөг болохоор байгаа юм. Нэг ёсондоо мөнгөний сонгуулийг хуульчилчихсан хууль байгаа биз дээ. Улс төрийн намууд мөнгөгүй хүнийг нэр дэвшүүлбэл ухуулагчаа ч цалинжуулж чадахгүй, сурталчилгааны самбараа ч тавьж чадахааргүй байдалд орно. Тиймээс хүссэн хүсээгүй улс төрийн намуудыг мөнгөтэй хүнийг барааддаг, гуйдаг байдал руу түлхчихээд байгаа юм. Тиймээс Улс төрийн намын хуультай зэрэгцээд Сонгуулийн хуулийг хамтад нь шинэчлэх ёстой. Мөнгөтэй хүн сонгуульд өрсөлдөх ийм тогтолцоотой байхад Улс төрийн намыг мянга шилэн болгоод, гишүүндээ мянга сайхан үйлчилдэг боллоо гээд асуудал шийдэгдэхгүй.

Нэг талаар эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангах ёстой. Гэтэл эмэгтэйчүүд, залуучууд, эрдэмтэн мэргэдээс шууд нэг тэрбум төгрөг гаргах нь хэд вэ. Үүнийг бодох хэрэгтэй. Нөгөө талаар мөнгөтэй хүн ялалт байгууллаа гэхэд шархаа нөхөх гээд нүүрсний хулгай, тендер, албан тушаалын хэрэгт орж байгаа юм. Ингээд төрд итгэх итгэлийг сулруулдаг. Ардчилсан төрийг хэврэг болгодог. Тиймээс Улс төрийн намын хуультай хамт Сонгуулийн хуулийг өөрчилснөөр улс төр дэх том идээ бээрийг авч хаях боломжтой.

Ингэвэл улс төрийн намд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Залуус, эмэгтэйчүүд улс төрд орон зайтай болно. Улс төрийн намын нэр хүнд уначихаар бүгд намаас залхаж байна. Бүгд л адилхан бүтэхгүй гэдэг дүгнэлт рүү яваад байна. Иймээс ч иргэд аргаа бараад сошиалд дургүйцлээ идэвхтэй илэрхийлж байна. Намууд бус иргэд нь талбай дээр гарч жагсаж байна. Иргэдийн санал санаачилгыг дэмжиж ажилладаг улс төрийн намууд байх ёстой болохоос биш иргэдийн ямар ч дэмжлэггүй улс төрийн нам болж хувирна гэдэг нь эмгэнэл. Том зургаараа Монголын ардчилалд аюул учрах гээд байна гэсэн үг.

-Намуудын дарга нар намаа өмчилдөг байдал бий болсон. Намын дарга нар намаа өмчилдөг байдлыг яаж таслан зогсоох вэ?

-Дээд шүүх нь улс төрийн намуудыг бүртгэдэг тогтолцоо дэлхий дээр бараг байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо энэ ажлыг хийх ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг эрх барьж байгаа нам юм уу, эсвэл хэн нэгэн дангаараа баталдаг байж таарахгүй. Олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмийн хяналт дор бүрэлдэхүүнийг нь томилдог. Гэтэл манайд Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үеэр л амь орж ажилладаг байгууллага болчихоод байна. Сонгууль болохоор гэнэтхэн гарч ирээд саналын хуудас хэвлэе, сонгууль зохион байгуулъя гэж бужигнадаг. Сонгуулийн үеэр л тус хороог санадаг. Бусад үед ажилладаг ч юм уу, үгүй ч юм уу.

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудын тайланг байнга авч байдаг. Үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. Дүрмийн өөрчлөлтийг нь бүртгэдэг. Дарга нь солигдоход бүртгэдэг гэхчилэнгээр улс төрийн намуудтай байнга харилцаж, ажиллаж байдаг байгууллага болохоос сонгуулийн үеэр л амь ордог байгууллага биш. Сонгуулийн ерөнхий хорооны гаргаж байгаа шийдвэр нь хуульд нийцэхгүй, хууль бус байвал гомдол гаргах эрх нь улс төрийн намууд, иргэдэд байх ёстой. Гомдол гаргах механизм нь шүүх. Гэтэл шүүх бүртгэлийн ажил хийчихээр шүүхийн шийдвэрийг хэнээр хянуулах вэ. Шүүх өөрөө өөрийгөө хянана гэж байхгүй шүү дээ. Ингээд ганцхан шийдвэрээр бүх юмыг мухарлачихаад байгаа юм.

-Та ярианы эхэнд намууд дэргэдээ сантай байх ёстой хэмээн ярьсан. Намууд дэргэдээ сантай байх нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ бол Германд анх үүссэн зүйл л дээ. Ардчилсан тогтолцоотой байсан Германд Гитлер гарч ирээд тусгай цагдаа байгуулж, Үндсэн хуулиа нурааж, иргэдийг хоморголон баривчилж, дайн өдүүлсэн. Үүнээс германчууд сургамж авч ардчиллыг байнгын тордох ёстой гэсэн ойлголт суусан.

Улс төрийн намаар дамжиж дарангуйлагч төрдөг. Лидер ч төрдөг. Тиймээс улс төрийн намуудад ачаа үүрүүлэх үүднээс сангуудыг байгуулсан. Энэ сангуудаараа дамжуулж Үндсэн хуулийг сурталчлах, ардчиллыг хамгаалах, хуулийн засаглалыг зөвөөр түгээх, хүний эрхийг хамгаалах үзэл санааг түгээх, мэдээллээр хангах ажлыг улс төрийн намуудад үүрэг болгосон. Энэ нь цаагуураа ардчиллыг дархлаатай болгосон. Ардчиллыг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг биш. Засгийн газрын үүрэг биш. Улс төрийн намуудын үүрэг. Төрийн эрх мэдлийг авна гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Ардчиллыг хамгаалдаг байх ёстой. Хүний эрхийн төлөө тэмцэж, зогсож чаддаг байх ёстой.

-Тэдгээр сан нь төсвөөс ямар нэгэн дэмжлэг авах уу?

-Төсвөөс санхүүжилт өгөхдөө та нар ийм ажил хий гэж хүчээр өгч байгаа юм л даа. Харин гүйцэтгэл дээр нь Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, төсвөөс авсан мөнгөөрөө нийгмийг соён гэгээрүүлэх, ардчиллыг хамгаалах ажлыг хийнэ. Ажлын хяналтад төр хяналт тавина гэж ойлгож болно. Зориулалтын бусаар зарцуулсан бол тухайн намыг татан буулгаж, тараадаг. Ингэж байж улс төрийн намууд ч хариуцлагатай болдог. Сангийн мөнгийг зориулалтын дагуу зардаг.

-Хэн их мөнгө өгнө тэр хүн өнөөдөр тухайн намд нөлөөтэй, байр суурьтай байгаа шүү дээ. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн санхүүжилтийг хаанаас гаргадаг байхаар хуульчилбал зохистой вэ?

-Хоёр загвар байдаг л даа. Жишээ нь, АНУ лоббины хуулийг зөвшөөрдөг. Том компаниуд улс төрийн намыг санхүүжүүлэхийг тодорхой түвшинд уян хатан байдлаар зөвшөөрдөг. Үүнийх нь тайлан мэдээ ил тод байдаг. Харин Германы хувьд томоохон бизнесийн бүлэглэл, компаниуд улс төрийн намыг санхүүжүүлснээр төр тэрхүү компаниудын дарамтад орж магадгүй гэж тэд үздэг. Тиймээс улс төрийн намуудаа төсвөөсөө санхүүжүүлдэг. Мөн парламентад суудал авсан суудлынх нь тоогоор санхүүжүүлдэг. Парламентад авсан суудал гэдэг бол тухайн улс төрийн намд өгч байгаа иргэдийн үнэлгээ шүү дээ. Бага суудал аваад байвал иргэд тухайн намд итгэхгүй байна л гэсэн үг. Ингэхдээ намын үйл ажиллагааны зардлаас улсын төсвөөс өгч байгаа санхүүжилт хэтрэх ёсгүй гэж үздэг. Улсын төсвөөс олгох санхүүжилтийн хязгаарыг ч хуульчилдаг л даа. Герман маягийн загвар нь Монголд илүү зохимжтой гэж би боддог. АНУ шиг компаниуд нь улс төрийн намаа санхүүжүүлдэг байхаар энэ компанийн түрийвч нам гэсэн байдал руу оруулж зөрчилдөөн үүсгэнэ. Аягүй бол төрийн эрх мэдэл авсан хойноо эсрэг намаа санхүүжүүлсэн компаниудыг боомилдог, дарамталдаг, шалгадаг байдал руу орох эрсдэлтэй. Харин төрөөс санхүүжүүлж түүнд нь иргэд, хэвлэл, иргэний нийгэм, төр нь хяналтаа тавих ёстой. Улс төрийн намууд тэрхүү хяналт дор хариуцлагатай ажиллах ёстой. Үйл ажиллагаа, бодлогоороо уралддаг байх ёстой. Иргэдийн итгэлийг олж авахын төлөө өрсөлддөг байх ёстой. Энэ бол улс төрийн намын эрүүл өрсөлдөөн гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *