Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Малыг хөлөөр нь экспортлох буруу гэж Засгийн газар үзсэн

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үржлийн бус эр ямаа, хонь гаргах асуудлыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй гэж та хэлж байсан. Үүний эсрэг малыг хөлөөр нь экспортлох манайд олон талын хохирол амсана гэж яриад байгаа.

-Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны төлөөлөлтэй бид уулзаж зөвлөлдөн долоон асуудал дээр хамтарч ажиллахаар болсон. Энэ асуудлуудыг би Засгийн газрын өнөөдрийн (өчигдрийн) хуралдаанд танилцууллаа. Тус холбооны зүгээс малыг хөлөөр нь гаргавал манай дотоодын мах үйлдвэрлэгчид түүхий эдээ бэлтгэхэд асуудал үүснэ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон саналууд хэлж байна л даа. Ингээд энэ талаарх зүйлсийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тодорхой асуудлаар хамтарч ажиллахаар шийдсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө манайхаас малыг хөлөөр нь гаргах, мал махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх тухай тушаал гарсан юм билээ. Тухайн үеийн шийдвэрт үржлийн бус эр хонь, ямааг хөлөөр нь гаргаж болох боломжийг нээж өгсөн. Гэхдээ энэ хэрэгжээгүй, мал хөлөөрөө гадагш гараагүй байгаа. Ингээд Засгийн газрын хуралдаанаар Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны санал санаачилгыг харгалзан үзэж, Засгийн газрын өмнөх шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрт хүрч байна. Бид аль болох дотооддоо өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах бодлого барьж байна. Үүн рүүгээ махны экспортоо чиглүүлэх, мах үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний хүчин чадлыг нэмэгдүүлж бүрэн дүүрэн ашиглах, малыг эдийн засгийн эргэлтэд үр ашигтайгаар оруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэл барьж ажиллахаар болж байгаа юм.

-Тэгэхээр малыг хөлөөр нь экспортлохгүй гэсэн шийдвэрт хүрчээ гэж ойлгох уу?

-Тийм. Малыг хөлөөр нь гаргах буруу гэж Засгийн газар үзсэн.

-Та махны экспортод квот тогтооно гэсэн. Харин ч манай улс махаа олон жилийн өмнөөс экспортлох зорилготой байсан шүү дээ.

-Бид махаа экспортолно. Гэхдээ гадагшаа гаргаж байгаа мах маань дотоодынхоо зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн түвшин, үйлдвэрүүдийн хүчин чадал, мал сүргийн тоо толгой, бэлчээр, хадлан тэжээл ус зэрэгтэй уялдсан байж гэмээнэ үр дүнтэй болно. Тийм учраас мэргэжлийн яамны хувьд жилд хэдий хэмжээний малыг хаанаас гаргаж болох талаар тоо хэмжээг тогтооно. Мэдээж эрүүл бүсээс мал гарах ёстой. Бид нэн тэргүүнд эрүүлжүүлсэн байх ёстой. Махны эрүүл ахуйн шийдвэрүүдийг хангасан байх ёстой.

Цаана нь сүргийн үндсэн бүтцээ алдахгүй, дотоодынхоо зах зээлийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар бодлоготой уялдуулсан хэмжээг экспортод гаргаж байгаа бүх төрлийн махан дээр тогтооно. Энэ журам Засгийн газарт орж байгаа.

Журмын дагуу квот тогтооох асуудал шийдэгдэнэ. Манайх 2018 онд 14 улсад мах экспортолж байсан. Цаашдаа бид махны экспортлох зах зээлээ өргөжүүлэх төдийгүй хэмжээг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа.

-Махны үнийг бууруулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?

-Махны үнийг тогтвортой байлгах гол асуудал бол зах зээл дээр гарч байгаа махны нийлүүлэлт. Хамгийн түрүүнд махны нийлүүлэлтийг л тогтвортой байлгах хэрэгтэй. Зах зээл рүү орж байгаа махны хэмжээг бууруулахгүй, нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Улсын нөөцөөс тодорхой хэмжээний мах нийлүүлж байгаа. Хот суурин газар луу орж ирэх махны урсгалыг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Цаг агаар дулаарч байгаатай холбоотой нийслэлийн хүнсний зах болоод малын захуудад нийлүүлж байгаа махны хэмжээ нэмэгдсэн. Ингэснээр махны үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашдаа бид зайлшгүй улсын нөөцийн бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Энэ жил хэвийн хэмжээнээс 2-3 дахин бага мах бэлдсэн нь шуурхай зохицуулалт хийхэд хүндрэлтэй байлаа. Ирэх жил улсын нөөцөд бэлдэх махны хэмжээг энэ жилийнхээс доод тал нь гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ ажлыг эртнээс зохион байгуулна. Ирэх жилийн махыг бэлдэнэ гэхээр энэ оны найм, есдүгээр сард бэлдэнэ гэсэн үг. Тэгэхээр үйлдвэрлэгчид, махны холбоодтойгоо ярьж найм, есдүгээр сард ирэх оны махыг бэлтгэх ажлыг эхлэхийн тулд шаардлагатай арилжааны банкны зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлт урамшууллыг шийдэж өгөх тал дээр ярьж тохирлоо. Холбогдох байгууллагуудад санал тооцоогоо хүргүүлээд ажиллаж байна. Яваандаа махны үнэ тогтворжино гэж үзэж байгаа.

-ЖДҮ-ийн хүсэлтийг хүлээж авч дууссан талаар мэдээлсэн. Хэзээнээс иргэд аж ахуйн нэгжүүд зээлээ гар дээрээ авах боломжтой вэ?

-Яамнаас материалуудаа хүлээгээд авчихсан. Сонгон шалгаруулалтууд эхэлчихлээ. Төслөө хүлээж аваад мэдээллийн санд оруулахаар мэдээллийн сан автоматаар сонголтуудыг хийж эхэлнэ. Эхний ээлжинд Монголбанктай сүлжээ холбогдсон. Монгол банкны зээлийн санд байгаа эрсдэлтэй аж ахуйн нэгж, иргэд шууд автоматоор шалгаруулалтаас хасагдана. Цаана нь ЖДҮ-ийн сан, нийгмийн даатгалын сангуудын мэдээллүүд бүгд сүлжээгээр холбогдчихсон. Эхний үе шат мэдээллийн сангаар дамжиж цахимаар шалгаруулна. Хоёр дахь шалгаруулалт нь бид газар дээр нь очиж, танилцаж тооцоог нь нягталж ажиллана. Энэ сардаа багтаад төсөл сонгон шалгаруулалтын ажлыг дуусгахаар ажиллаж байна.

-Та Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барьсан. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж байхад дундуур нь өөр хууль хэлэлцэх дэг байхгүй.

-Манайд үр сортын тухай хууль 1999 онд батлагдсан. Өнөөдрийг хүртэл нөхцөл байдлын хувьд олон зүйл өөрчлөгдөж байна. Дээрээс нь эдийн засгийн хямрал шилжилтийн үетэй холбоотой үрийн бодлого үрийн аж ахуйн хүчин чадал ихээхэн суларч бодлого алдагдсан. Тийм учраас зайлшгүй үрийнхээ бодлогыг шинэчлэх үрийн аж ахуйгаа сэргээх шаардлагатай. Хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн шалгуур үзүүлэлтийг хуулиндаа оруулж өгснөөрөө энэхүү хууль маань олон улсын шаардлага шалгуур эерэг үр дагавруудыг өөртөө шингээсэн стандарт хууль болсон гэж үзэж болно. Үндсэн хууль хэлэлцээд эхлэхэд дундуур нь хууль хэлэлцдэггүй дэгтэй учраас Үндсэн хуулийн дараа хэлэлцэх болов уу. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох асуудлыг ард түмнээр шийдүүлэх ёстой. Нэмэлт, өөрчлөлтийн талаар Их хурал дээр хэлэлцээд санал бодлоо нэгтгэж боловсруулан ард түмний санал асуулга явуулах хэлбэрээр үргэлжилнэ гэж бодож байна. Ард түмний санал асуулга явуулна гэдэг ард түмэн шийднэ гэсэн үг. Хэрвээ санал асуулгаар асуудал дэмжигдэхгүй бол шууд унана. Хэрвээ ард түмэн дэмжвэл шууд баталсанд тооцно.

-Махыг хөлөөр нь гаргахтай холбоотойгоор танай эхнэрийн дүүгийн Замын-Үүд дэх компани малыг хөлөөр нь экспортлох ажлыг хангасан гэх мэдээллүүд сүүлийн үед явж байгаа. Бас нэг дүү нь таны зөвлөхөөр ажиллаж байна. Энэ нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байгааг илтгээд байгаа юм биш үү?

-Манай эхнэрийн дүү миний зөвлөхөөр ажилладаг. Их хурлын Тамгын газар ажилладаг хүн. Надтай 20 гаруй жил ажиллаж байна. Би яаманд томилогдож очсоноос яам парламентын ажлыг хооронд нь уялдуулах зайлшгүй шаардлага гарна. Миний арын бичиг цаасны бүх ажлыг хариуцаад явдаг хүн. Эхнэрийн хамгийн бага дүү нь Замын-Үүдэд компанитай. Компани нь 2-3 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хэрэг шүү дээ. Төрөл садангийн холбоотой болохоос компани байгуулах нь надаас хэдэн жилийн өмнөх асуудал байгаа биз дээ. Гэхдээ хэн ч байсан төрийн бодлого хуульд захирагдаж ажиллах ёстой. Би ийм л шаардлага тавина. Ийм зарчимтай ажилладаг. Хэнд ч төрийн хууль, засгийн бодлогоос гажсан хөнгөлөлт давуу тал олгох ёсгүй. Төрийн хуульд нийцээд үйл ажиллагаагаа явуулж байвал надад ярих юм алга. Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж үзэхгүй байна.

-Таныг шалгуулна гэх асуудал яригдаж байсан?

-Хууль дүрмээрээ хянагдах байлгүй дээ. Шалгуулахад татгалзаад байх зүйлгүй. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Би хуулийн дагуу ажиллаж байгаа. Ер нь бол байнга л шалгаж байдаг шүү дээ. Тэр тусмаа би Сангийн сайдаар олон жил ажилласан. Намайг өдөр болгон шалгадаг л байсан. Өөрөөр хэлбэл үйлдэл болгоныг нь шалгадаг байхгүй юу. Үйлдэл болгон хяналттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *