Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Атар IV аяныг эхлүүлснээр энэ салбар эрчимжсэн хөгжлийнхөө үе рүү орно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ жилийн тариалалтыг хугацаанд нь хийж чадсан уу. Нийтдээ хэдэн мянган га-д тариалалт хийсэн бэ?

-Энэ жилийн тариалалтыг бид агротехникийн оновчтой хугацаанд нь хийж чадсан. Энэ нь богино хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд тариалалтаа хийж чадсан гэсэн үг. Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган гад энэ жил тариалалт хийлээ. Энэ дунд үр тариа, улаанбуудай, төмс хүнсний ногоо, тосны ургамал багтана. Үүнээс онцгой анхаарал татдаг ургамал бол үр тариа, ялангуяа улаанбуудай юм. Улаанбуудайг 340 орчим мянган гад тариалсан. Түүнчлэн төмс, хүнсний ногоог боломжийн түвшинд тариаллаа. Өмнөх жилүүдийн хэмжээнд тариалалтыг хийж чадсан.

-Тариалалтаа хийсний дараа онцгой анхаарах асуудал бол тарьсан ургамлаа хамгаалах асуудал шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байна…

-Энэ жил бид өнгөрсөн жилийн түвшиндээ хүргэж ургац авах зорилго тавьсан. Тариалалтын дараа цаг агаарын байдал харьцангуй ялгаатай өөр байлаа. Зарим аймгуудаар бороо нэлээд оройтож орсон. Ялангуяа Сэлэнгэ аймаг, тэр дундаа манай улсын үр тарианы голлох аж ахуйнууд байдаг хэсгээр бороо үл ялиг оройтсон. Үүнээс улбаалан анхны соёолт, ургалтын байдалд харьцангуй ялгаатай нөхцөл үүссэн. Азаар долдугаар сарын дундаас бороо нэлээд орж, ихэнх нутгаар зуншлага тааламжтай боллоо. Гэвч цаг агаарын байдлын нөлөөллөөс болж, зарим нэг газруудад анхаарал татмаар асуудлууд гарч байна. Жишээ нь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудад цаг агаарын гэнэтийн өөрчлөлт явагдсан. Тодруулбал, мөндөр орж 2500 гаруй гагийн ургацыг хураан авах боломжгүй боллоо.

-Бусад талбайд ургацын байдал тогтвортой байна уу?

-Яамнаас ургацын байдалд онцгой анхаарч явц дунд нь хяналт тавьж, 10аад аймгийн хорь гаруй сумын 30 гаруй аж ахуйн нэгжийн талбайгаар явж, газар дээр нь үзэж танилцлаа. Ургацын байдал алаг цоог байна. Бороо ялигүй оройтсон газарт ургацын түвшин сийрэг, намхан, болц нь нэлээд түргэссэн шинжтэй, ихэнх талбайд үр тарианы сүүн болц дуусч байна. Тиймээс энэ жил хоёр асуудалд онцгой анхаарахаар болсон. Нэгдүгээрт, тариалсан тариандаа мал оруулчихгүй хамгаалах асуудал. Энэ асуудалд малчин, тариаланчдын хоорондын хамтын ажиллагааны асуудал онцгой анхаарал татаж байгаа. Энэ жил бидний зүгээс тариалангийн талбайг хашихаар хөрөнгө дайчилж ажилласан. Тиймээс 450 гаруй км хашаа барих ажил зохион байгуулагдаж байна.

-Ургац хураалтын үе эхлэх дөхлөө. Энэ асуудалд танай яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-Энэ жилийн ургац онцлогтой байна. Нэлээд таруу, сийрэг. Алаг цоог, өндөр, нам болцын түвшин харьцангуй ялгаатай, зарим нь аарцан болцондоо орчихсон байхад, нөгөө хэсэг нь дөнгөж сүүн болц нь дуусч байх жишээтэй. Ерөнхийдөө тариа өөрөө намхан байгаа учраас энэ жилийн тариа хураалтад онцгой анхаарах, тариалалтын технологи, техникээ зөв сонгох асуудалд анхаарах шаардлага тулгарлаа. Бид орон нутагт газар дээр нь мэргэжлийн хүмүүсээ ажиллуулж, болж өгвөл тодорхой тариалангийн талбайнуудад таарсан ургац хураалтын оновчтой горимыг зөв сонгох зөвлөмж гаргаж хүргүүлэхээр болсон. Наймдугаар сардаа багтаагаад урьдчилсан байдлаар ургацын балансаа гаргах санаатай байна. Үүндээ үндэслэн ургац хураалтын ажилдаа шуурхайлан орно. Энэ жилийн онцлог байдалтай холбогдуулаад техникийн бэлэн байдлыг онцгой анхаарч байна. Одоогийн нөхцөлд ОХУ-ын техник илүү тохиромжтой юм билээ. Яагаад гэвэл орос техник намхан тариаг хадна, мөн газартаа тохируулсан өөрийн гэсэн тохируулгатай байдаг. Тиймээс ОХУ-ын техникийн хэрэгцээ илүүтэй гарч байгаа учраас манай яамны зүгээс хөөцөлдөж, Оросоос хөнгөлөлттэй зээлийн шугамаар Хөгжлийн банкны охин компаниар дамжуулж, 30 гаруй ургац хураах комбайн авахаар болсон. Одоо наашаа ачигдчихсан байгаа. Ургац хураалтаас өмнө бүгд ороод ирнэ. Ер нь энэ жил тарьсан ургацаа хаягдал багатай бүрэн хураахын төлөө л анхаарч ажиллаж байна даа.

-Энэ жил дотоодын хэрэгцээг хангах улаанбуудай хураан авах боломжтой юу?

-Улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Харин хүнсний ногооны 80-аас дээш хувийг өөрийнхөө ургацаар хангана. Дээрээс нь энэ жил тэжээлийн ургамлыг нэлээд ахиу тариалсан. Тиймээс энэ жил өвс хадлан, ногоон тэжээлийн бэлтгэл дээр ахиц гаргах зорилготой байна. Өнгөрсөн жил 430 орчим мянган тонн улаанбуудай хурааж авсан шүү дээ. Үүгээрээ бид улсын хэрэгцээгээ бүрэн хангаад, цаана нь боломжийн нөөцтэй байсан. Энэ жил манай улс хамгийн багаар бодоход 400 гаруй мянган тн ургац хураачих бололцоотой байгаа. Ингэвэл бид дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангана. Дээрээс нь үрийнхээ нөөцийг чанарын өндөр түвшинд нөөцлөөд авчих бололцоотой. Энэ жил үрийн чанарт онцгой анхаарна. Нэлээд сайн чанарын нутагшсан үрийн нөөцтэй болъё. Ингэснээр дараа жилийн ургац илүү баталгаатай болно шүү дээ. Сүүлийн жилүүдэд үрийн бодлого их хэмжээгээр алдагджээ. Тиймээс яам өөртөө үр сортын бий даасан хэлтэстэй болсон. Энэ чиглэлээр ургацын баланс тогтоох чиглэлээр талбайнууд дээр чанарын үнэлгээ өгч, улсын нөөцөд чанартай үр бэлдэх, мөн аж ахуйнууд өөрийн бэлдсэн ураншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрээ өөрсдөө нөөцөлж авъя гэдэг чиглэлтэй ажиллаж байна.

-Хураасан ургацаа хаягдал, алдагдал багатай хадгалах асуудал мөн үүсэх байх даа?

-Бид зоорь, агуулах, үтрэмийн бэлэн байдлыг хангах чиглэлээр судалгаа гаргаж, мэргэжлийн хүмүүсээ явуулж байна. Хураан авсан будаа, хүнсний ногоогоо алдагдал багатай хадгалах дээр анхаарч байна. Үүнийг дагаад нэг асуудал урган гарч ирлээ. Тодруулбал, ургац тээврийн замын асуудал. Энэ жил бороо хур ихтэй, дээрээс нь ургац тээвэрлэдэг гол засмал замууд засвартай байгаа. Жишээ нь, Дархан-Улаанбаатарын зам. Энэ замаар манай газар тариалангийн бүс болох Сэлэнгэ, Булган, Дархан, Төв аймгийн хойд сумуудаас үр тариаг тээвэрлэх хэрэг гарна. Гэтэл зам нь засвартай байж байдаг. Тиймээс орон нутгийн замаа засч тордох, дээрээс нь ургацыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэлийг одооноос хангаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн зам засах ажлын хөрөнгө, санхүүгийн асуудлыг үндсэндээ шийдсэн. Ингээд Зам, тээврийн яамтайгаа хамтраад зам засварын ажлыг эхлүүлж байна.

-Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна. Газар тариалангийн салбар яг одоо ямар түвшинд явж байна вэ?

-Манай улсын газар тариалангийн салбар сэргэлтийнхээ түвшинд яваа гэж хэлье. Бид атар газар эзэмшээд 60 жил болчихжээ. Энэ 60 жилийг дотор нь аваад үзвэл хэд хэдэн онцлог үеүүдийг туулсан байна. Анхны Атрын аянг өрнүүлэхэд хоёр үндсэн зорилт дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт, Атар газрыг эзэмшсэнээр хүн амаа үр тариа хүнсний ногоогоор бүрэн хангах, хоёрдугаарт, малаа чанар сайтай тэжээлээр хангах, өөрөөр хэлбэл бэлчээрийн мал ахуйгаа байгалийн эрсдэлээс хамгаалах зорилт юм. Бид одоо төмс хүнсний ногоо, улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангах зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадлаа. 2007 онд Атар III аяныг эхлүүлэх үед зах зээлийн нийгэмд шилжсэн хэцүү үе байсан. Хувьчлалд орсон учраас газар тариалангийн салбар уналт задралын байдалд байсан. Өдгөө харин газар тариалангийн салбар маань бэхжиж, нэгдсэн зохион байгуулалтад орж, сүүлийн таван жилд тогтвортой газар тариалангаа эрхэлж байна. Нэг үгээр сэргэж байна гэсэн үг. Энэ жил бид Атар III аяныхаа хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгнө гэж бодож байгаа. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг арваннэгдүгээр сард тэмдэглэнэ. Манай газар тариалангийн салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид Атар гурав аянаа дүгнээд Атар дөрөв аяныг эхлүүлье гэдэг санал тавьж байгаа. Ер нь онол практикийн хувьд ч гэсэн эхлүүлэх цаг нь болсон байна. Өөрөөр хэлбэл Атар IV аяныг эхлүүлснээр газар тариалангийн салбар эрчимжсэн хөгжлийнхөө үе рүү орно.

-Газар тариалангийн салбарт мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна гэдэг. Таны хувьд энэ асуудал дээр анхаарал хандуулах уу?

-Нөгөө л зах зээлийн харилцаанд шилжсэн задралын үед боловсон хүчнийг бэлтгэх, сургах асуудал орхигдож, энэ салбар нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчний хомстолд орсон байна. Цаашдаа мэргэжлийн боловсон хүчний хангамжийг сайжруулах асуудал дээр онцгой анхаарна. Үүнийг Атар IV аяны гол зорилтын нэг гэж хэлж болно.

-Танай яаманд өдөр тутмын тасралтгүй олон асуудлууд ундарч байдаг. Өвөл ч ойртлоо. Ер нь хөдөө аж ахуйн салбарт хэрхэн анхаарч байна…

-Өдгөө бид 80 сая малтай болчихжээ. Энэ 80 сая малыг адгуулах бэлчээр, усан хангамж, мал эмнэлэг, ариун цэврийн ажлууд урьд өмнөх жилүүдээс илүү ачаалалтай байгаа. Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг сайн хангах асуудал дээр анхаарч Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах 285 дугаар тогтоолыг гаргасан. Бүх аймгуудад чиглэл өгөгдсөн. Өнөөдөр 20 аймгийн Засаг дарга тухайн аймагтаа өвөлжилтийг хангах асуудлаар захирамж гаргаад аймаг сумдууд ажилдаа жигдрээд ороод явж байна. Энэ дээр мэдээж бэлчээр талбайг оновчтой зөв хуваарилах, худаг гаргах, өвс хадлан бэлтгэхэд анхаарна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд нэлээд эртнээс тодорхой хөөцөлдөж, энэ өвлийг өнтэй давахын төлөө ажиллана даа.

-Яг энэ сэдвээр Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана биз дээ?

-Энэ хуралдаанд оролцохоор бүх аймгийн Засаг дарга нар ирчихсэн байгаа. Эндээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах, ургац хураалтыг зохион байгуулах ажлын явц ямар байна гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцана.

-Манай улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Энэхүү салбарыг удирдаж байгаа сайдын хувьд үлдсэн хугацаанд ямар онцлох бодлого хэрэгжүүлэх вэ?

-Манай Засгийн газрын гол зорилго бол Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх. Зөвхөн уул уурхай гэдэг нэг салбараас хамааралтай байдлыг арилгах явдал юм. Энэ арга зам бол хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх юм. Яагаад гэвэл энэ салбарууд нөхөн сэргээгддэг, шавхагдашгүй баялаг.Үеийн үед уул уурхайн салбартаа түшиглэж хөгжинө гэдэг өөрөө эрсдэлтэй, нөгөө талдаа үр ашиггүй. Харин байнга өсөн нэмэгдэж, өсч төлжиж байдаг энэ баялаг дээрээ суурилсан салбарын хөгжил манай эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол үндэс суурь болох ёстой. Тиймээс бид мал аж ахуйн салбарынхаа тогтвортой хөгжлийг хангая. Мал аж ахуйгаас үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүний хэмжээгээ нэмэгдүүлье гэдэг дээр төвлөрч байна. Өнөөдөр 80 гаруй сая мал бидэнд байна. Гэтэл нэгж малаас ашиглаж байгаа бүтээгдэхүүн, түүний өгөөж хуучин системийнхээ үеэс хэд дахин доогуур болчихсон. Тоо нь өсөөд байдаг нэгжээс авах үр өгөөж нь багасчихсан. Тиймээс энэ аж ахуйгаа эрчимжүүлье. Энэ замыг сонгох бодит шаардлага ч бидэнд байна. Жил ирэх тусам манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ маш хурдацтай буурч байна. Тиймээс тоо толгойгоо хязгааргүй өсгөх биш, нэгжээс авах үр өгөөжөө нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, мал аж ахуйн салбар маань өөрөө эрүүлжих ёстой. Тэгж байж, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулна. Малын эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг бий болгож, аль болохоор түүхий эдийг бүрэн боловсруулах ёстой. Мах, сүү, арьс шир, ноос ноолуурыг дотооддоо боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай.

-Газар тариалангийн салбарт хэрхэн анхаарах вэ?

-Байгаа талбайгаа оновчтой зөв ашиглаж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, хөрсөө хамгаалах эрчимжсэн технологиор явна. Мөн хүнс, хөнгөн үйлдвэрийн салбартаа мал аж ахуй, газар тариалангаас гарч байгаа түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүнийг болгож боловсруулах асуудал байна. Ингэж байж бид ХАА-н салбарыг тэргүүлэх салбар болгох зорилгоо биелүүлнэ. Засгийн газраас есөн төрөлжсөн хөтөлбөр гаргаж, батлуулаад явж байна.

-Мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед тулгарч буй хүндрэл юу байна…

-Мах экспортлоход тавигдаж байгаа гол шалгуур нь эрүүл ахуйн шаардлага. Мал эрүүл гэдгийг баталж байж, нөгөө тал нь хүлээн зөвшөөрч байж мах экспортод гаргадаг. Ингэхийн тулд мал, сүргээ эрүүлжүүлэх ёстой. Гарал үүслийг нь тодорхой болгох хэрэгтэй. Энэ чиглэлд нэлээд том, үе шаттай хөтөлбөр хэрэгжиж байна. Нөгөө талдаа үйлдвэрийн аргаар боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өдгөө манай улсад махны 100 гаруй үйлдвэр тоологдож байгаа боловч, тэдний хүчин чадал бидний хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Эдгээр үйлдвэрүүд жилд долоо сая мал эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Харин бид жилд 20-иос доошгүй сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, цаашдаа аймаг, сум бүрт мал нядалгааны жижиг үйлдвэрүүдийг бий болгоно. Үүнийг ажил хэрэг болгохоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр туршилтын байдлаар 20 суманд мал нядалгааны үйлдвэр байгуулахаар хөөцөлдөж байна. Ингэснээр нэгдсэн системд орж, ченжийн оролцоогүйгээр малыг эдийн засгийн эргэлтэд нийлүүлэх боломжтой болно.

-АНУ болон Европын холбооны Франц зэрэг улсууд манай улсаас ноос, ноолуур экспортлох асуудал ойрын үед нэлээд яригдаж байгаа. Энэ асуудалд танай яамны зүгээс хэрхэн анхаарах вэ?

-Экспортын чадавхыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил шүү дээ. Европын холбоотой тодорхой бүтээгдэхүүнүүдийг газар зүйн заалттай болгох, чөлөөтэй экспортод хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байх боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энд хамрагдах бүтээгдэхүүний тоо хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлд гэрээ хэлцлүүд хийгдэж байна. АНУ-тай хөнгөн үйлдвэр, ноос ноолуурын салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулахаар ярьж байна. АНУ-д энэ асуудлаар хууль хэлэлцэгдэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулж байгаа. Энэ асуудлыг нээлттэй шударга, зохион байгуулах тал дээр хэрхэн анхаарч байна..

-Урьд өмнө ямар нөхцөл байдал үүссэнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ байдлыг засах ёстой. Энэ хүрээнд журмаа үндсэнд нь шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-гаас зээл олгох хоёр үе шатны сонгон шалгаруулалт яваад дуусч байна. Эхний ээлжинд 300 саяас тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй банкаар дамжиж хэрэгжих төслүүдийг шалгаруулсан. Энэ төслүүдийг шалгаруулахад цоо шинэ журам мөрдсөн. Ийм журмаар ил тодоор олон нийтийн хяналттайгаар, тодорхой албан тушаалтнуудын нөлөө орохгүй байхаар журам баталсан. Энэ зээлийг шалгаруулж байгаа зээлийн хороо гэхэд дийлэнх нь мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийн төлөөлөл орсон байгаа. Төрийн байгууллагууд тэнд цөөнх болсон. Бид энэ төслийг ил тод, олон түмний нүдэн дээр шударгаар шалгаруулахыг зорилоо. Төслийг шаларуулах даа телевизийн шоу болох “Шарк Танк”-тай төстэй маягаар шалгаруулсан. Түүнчлэн бид өнгөрсөн долоо хоногт 20-100 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг шалгаруулж дууссан. Үүнийг мөн л сонгон шалгаруулалтаар явуулж, зээлийн хорооны гишүүд төсөл болгоныг газар дээр нь очиж танилцсан. Энэ асуудалд өмнө нь байсан алдаа дутагдал, албан тушаалтны нөлөөлөл одоо байхгүй болсон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *