Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Ард түмэн рүү хүрэх мөнгийг нэмж, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна

Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Төсвийг өргөн барилаа. Өнөө жилийн төсвийн онцлог нь юу вэ?

-Төсөв гэдэг улс төр, эдийн засгийн бодлогын төвлөрсөн тоон илэрхийлэл юм. Тэр тусмаа хязгаарлагдмал хөрөнгө санхүүгийн боломжийн хүрээнд амьдралыг залгуулах, хөгжил жолоодох бодлогыг тодорхойлсон баримт бичиг. Тиймээс төсвийг нухацтай анхаарч, ойлгох учиртай. Төсвийг бодлогыг нь уншаад, тоог нь бодоод, хооронд нь нэгтгэж дүгнэсний эцэст хүн ойлгоно. Ингэхгүйгээр захаас нь ишилж яриад хэн ч ойлгохгүй. Тэгэхээр төсөв гэдэг бодлого юм чинь өөрийн гэсэн философи, зарчим, шалгуур үзүүлэлт, хэрэгжих механизм, хариуцлагын шинжийг агуулсан цогц бодлого гэсэн үг л дээ. Энэ бүгдийг харж чадвал төсвийг ойлгодог.

-Тэгвэл ямар филосо­фитой төсөв өргөн барив?

-Энд гурван зүйлийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт санхүүгийн эрхийг анхан шатны нэгж рүү шилжүүлж байгаа философитой төсөв. Цаашилбал төсвийн төвлөрлийг сааруулж байгаа хэрэг. Ямар нэгэн шинэ технологийг ашиглахын тулд туршилт, тохируулга хийдэг дээ. Төсвийн хүрээнд эрх шилжүүлэх шинэ технологийг 2013 оноос туршиж, тохируулга хийсэн. Харин одоо зүгшрүүлж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна. Энэ нь орон нутгийн Хөгжлийн санд төвлөрүүлэх мөнгө хэд дахин нэмэгдсэнээр илэрч байгаа. Мөн орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх бололцоог ихээхэн нээж өглөө. Орон нутаг өөрөө хариуцах боломжтой зарлагыг мөн хариуцууллаа. Тиймдээ ч орон нутагт олгох төсвийн хэмжээ өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдэнэ. Дов довон дээрээ эзэн гэдэг шиг тухайн нутагтаа орлогоо ч бүрдүүлдэг, бүрдүүлснээ ч өөрөө зарцуулдаг тэгээд хариуцлагаа хүлээдэг эрхийг нь шилжүүлж байгаа ийм л төсөв. Энэ хүрээндээ барьж байгаа нэг зарчим нь гэвэл хэн хүчин чармайлт гаргана түүнийг нь улс дэмжинэ. Орон нутаг нэг төгрөг олчихвол улсаас 1.5 төгрөг нэмж өгнө. Тэгэхээр орон нутгийн олж байгаа орлогоос зарцуулах эрх нь 2.5 дахин нэмэгдэж байгаа биз.

Хоёрдугаар философи нь ард иргэдийн амьжиргааг түлхүү анхаарах. Өнгөрсөн онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляфийн түвшинтэй уялдуулж нэмсэн. Ингэхдээ бодитой нэмэлт болгохын тулд олон түмэнд зарлалгүй, үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Энэ нь үр дүнгээ өгсөн учраас үргэлжлүүлээд цалин тэтгэврийн хэмжээг мөн л 2.5 дахин нэмж байгаа. Инфляцийн өсөлттэй уялдуулаад өгч байгаа мөнгөө 2.5 дахин өсгөлөө. Энэ нь инфляцийн өсөлтийг хаана. Тэгээд цаана нь бага хэмжээний нэмэгдэл болно гэсэн үг. Нийт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэсэн үг.

Харин энэ төсвийн гурав дахь философи нэг төсөвтэй болох. Ингэснээр дотоод, гадаадад төсвийн талаар нэгдсэн ойлголт, шалгууртай болно гэсэн үг. Бодлого зөв байна, эрсдэл хяналтад орлоо, нэг хэлээр ярьж байна, нэг үзүүлэлтээр дүгнэж байна гэсэн үг. Ийм зорилтыг шийдэхэд зориулж боловсруулагдсан төсөв. Ингээд бид бүх түвшиндээ хэвшсэн ойлголт, арга барил, үйл ажиллагаагаа өөрчлөх шаардлагатай болж байгаа юм.

-Яаж?

-УИХ-аас, хэлэлцэж баталдаг процессоосоо эхлээд өөрчлөгдөх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэхдээ Их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг төсөвтэй хамт өргөн барьсан. Тэр нь УИХ дээр төсвийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж баталдаг даа. Эхлээд бодлогыг нь сонсоод хүлээж авдаг. Тэгэхээр одоо энэ хэлэлцүүлгийг явуулаад төсвийн орлого, нийт зарлага, тэнцэл, хөрөнгө оруулалтыг зөвшөөрч баталдаг болъё гэж байгаа. Энэ хүрээнд төсвөө хэлэлцэж сайжруулдаг байхаар болж байна гэсэн үг. Эс тэгвээс зарлагаа нэмээд, орлогоо хийсвэрээр нэмдэг. Эсвэл төсвийн алдагдлаа нэмдэг хуучин практикаасаа салах хэрэгтэй байгаа. Гол нь төсвийн үр ашгаа нэмэгдүүлэх өөрчлөлт юм л даа. Энэ бол хүн бүрийн ярьдаг АНУ-ыг төсвөө баталдаг зарим.

-Гишүүдийн мөнгө гэж байхгүй болохын зэрэгцээ тойргийнхоо бүтээн байгуулалтад хөрөнгө төсөвлүүлэх эрхгүй болно гэсэн үг үү?

-Саяын ярьсны цаана УИХ-ын гишүүд бид өөрсдөө өөрчлөгдөх шаардлагатай байгаа юм. Объект нэг бүрийг задалж баталдаг. Ингэхээр сумын соёлын төвийн хөгжмийг хүртэл УИХ дээр батлах шаардлага гардаг. Одоо болиод бөөн дүнгээр нь орон нутагт өгөх гээд байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдлаа гэх мэтээр асуудал цухалзана байх. Гэхдээ тойрог руугаа мөнгө татах амбицийг нь дарах санаа юм. Ер нь УИХ-ын гишүүн ард түмний элч болохоос биш аймгийн Засаг дарга биш. Аймгийнхаа төсвийг барьчихаад яаж ахиухан мөнгө хуваарилуулах вэ, хэрхэн хэдэн төгрөг суулгах вэ гэж л хөөцөлддөг нь үнэн. Тэгээд эцэст нь би ийм ч хөрөнгийг татаж, тэр ч объектыг барьж өгсөн гэж сонгуулийн сурталчилгаагаа хийдэг. Гишүүний мөнгө гэдэг гажуудсан буруу арга энэ бүхнээс л үүдэлтэй. Тэгэхээр гишүүд өнөөдрөөс цааш орон нутагт хэдий хэр хөрөнгө очив, үнэхээр ард иргэдийн хүсэн хүлээсэн зүйлд зарцуулж чадсан байна уу гэдэгт л хяналт тавих, үр дүнг нь сайжруулах үүрэгтэй болж хувирч байгаа.

-Тэгвэл ирэх оны төсвийн орлого нь ямар хэмжээнд байх юм. Өнөө жилийн орлого тасалдлаа гээд л шуугицгааж байна?

-Ирэх жилийн орлогыг төлөвлөхдөө бид таван зарчим барьсан. Нэгдүгээрт нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон. Тэнцвэржүүлсэн журам гэдгийг жишээлбэл стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн манай улсад зэс, нүүрс л байгаа. Зэс, нүүрсний дэлхийн өнөөдрийн үнээс ихээхэн доогуур буюу өмнөх гурав, ирэх гурван жилийн прогнозыг харгалзан үзэж жигнэсэн дундаж үнээр тооцож байгаа. Зэс, нүүрсний үнийг яг хэдээр авснаа санахгүй байна. Гэхдээ дэлхийд зэс, нүүрсний үнэ жигнэсэн дундаж үнэ хүртэл буухад төсөв савлахгүй гэсэн үг. Өмнө нь ингэж авалгүйгээр өнөөдрийнхөө үнээр тооцоход сарын дараа ханш буурч төсөв савалдаг. Хоёрдугаарт төсвийн орлогыг бүрэн дайчлахыг хичээлээ. Урд онуудад төсвийн орлого төлөвлөгөөгөөр их өндөр тавьж, тодотголоор жаахан бууруулж жинхэнэ гүйцэтгэлийг харахаар түүнээсээ хамаагүй доогуур байдаг. Ийн нэлээд ул суурьтай тооцоод өмнөх жилээс 900 гаруй тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрүүлэхээр тооцож байна. Ингэснээр нийт төсөв долоон их наяд болно. Гуравдугаарт татварын тогтвортой орчинг хадгална гэж үзэж байгаа. Улсын төсөв дээр бид нэг ч татвар нэмэхгүй. Харин орон нутагт эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор татварын уян хатан нөхцөлтэй байх эрхийг нь засаглалд нь өгнө. Жишээлбэл хүн амын орлогын албан татвар интервальтай. Бид хамгийн доод интервалиар нь бодож орлогыг нь өгчихнө. Тэгээд та бүхэн ард иргэдтэйгээ зөвлөж, хэрэгцээ шаардлагадаа уялдуулаад үүнийгээ өсгөе гэвэл болно гэж байгаа. Нийслэлд ч тэр татварын эрхийг нь өгч байгаа. Мөн томоохон төсөл, арга хэмжээнд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд технологи оруулж ирвэл татвараас чөлөөлнө. Томоохон улсын чанартай төсөл хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт хийх үед нь буюу хоёр хүртэл жилээр татварыг нь хойшлуулна. Дөрөвдүгээрт өмч хувьчлалын орлогыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Төрийн өмчийг эзэнтэй болгох санаа. Улсын төсвөөс хөрөнгө оруулчихаад дуусгаж чадаагүй төсөл байна. Өнөөдөр 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт асуудалтай байна. Үүнийг худалдъя, хувьчилъя гэж байгаа. Тавдугаарт уламжилж авсан ачаагаа оновчтой хэлбэрээр хөнгөвчлөх. Жишээ нь Оюу толгой, Таван толгой. Урьдчилгаа төлбөрийг нь өгвөл 900 тэрбум төгрөг төлөх шаардлагатай болно. Тэгэхээр 900 тэрбум төгрөгийг гаргаж төлөх боломжгүй учраас бид төлөх татвараас нь суутгах гэх мэтээр ярилцаж тохирохоор болж байх жишээтэй.

-Харин зарлагаа яаж тооцож байгаа юм бол?

-Бид төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн. Хэмнэлтийн горимын үед зарлагыг огт нэмэгдүүлэхгүй байх таван зарчмыг баримтална гэж бай­гаа. Энэ нь төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн байгууллагыг ши­нээр нэмэгдүүлэхгүй байх, захиргааны болон удирд­лагын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, гэнэтийн халагдлын тэтгэмжийг нэмэхгүй байх, салбаруудын бэлэн мөнгөний амлалт нэмэгдүүлэхгүй байх. Бас бууруулах таван зорилт байна. Энд гадаад дотоод томилолт, бараа ажил үйлчилгээ худалдан авах зардал, шатахуун тээвэр, гэрээт албан хаагчдын тоог, татаас алдагдал нөхөх, ажил үүрэг бүтцийн давхардлыг багасгана. Дараа нь тэвчих таван зорилт бас байна. Юуг тэвчих вэ гэвэл ирэх онд эд хогшил худалдан авах, авто машин, албан контор, үр дүн муутай төсвийн зардал буюу ивээн тэтгэлт, ой тэмдэглэхийг тэвчинэ.

Бас байнга хасч танаад байхгүй нэмэгдүүлэх таван зарчим байна. Үүнд цалин тэтгэврийг, хөрөнгө оруулалтын үр дүнг дагаж бий болж байгаа зардал үйлчилгээ, төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж буй үйлчилгээ, орон нутгийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг, цэцэрлэг, сургууль, эмийн зардлыг нэмэгдүүлнэ. Амьдралд буюу ард түмэн рүү шууд хүрэх зардлыг нэмж төр, захиргааны аппарат, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна гэж байгаа нь энэ. Ингээд дүнг тоогоор нь авч үзэхэд өмнөх жилээс нэг их наяд төгрөгөөр зардал нэмэгдэнэ. Шууд хэлбэл 2015 оны төсөвт 900 гаруй тэрбум төгрөгөөр орлого нэмж нэг их наяд төгрөгөөр зарлагаа нэмж долоон их наядад орлого, зарлагын тэнцэл ойртож ирсэн.

-Төсвийн алдагдал ДНБ-ий хэдэн хувьтай байх бол. Хоёр хувиас өндөр байвал Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудал яригддаг байх аа?

-Төсвийн гол шалгуур бол төсвийн алдагдал юм. Энэ удаа төсвийн бүтцэд их том өөрчлөлт орсон. Ингээд төсвийн алдагдал долоон хувьтай орж ирнэ. Төсвийн гадна байсныг чөлөөлж уламжлалт бүтцээрээ авч үзвэл хоёр хувьдаа барина. Бодлогын өөрчлөлтөөр ингэж өндөр тоо гарч байгаа юм. Цаашид тогтвортой бууруулах замаар хоёр хувьд хүргэхийн тулд гурваас дөрвөн жил шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад төсвийн гадна баахан мөнгө гарсныг хүмүүс гадарлаж байгаа. Төсвийн орлого нь хүрэхгүй, хөгжилд мөнгө хэрэгтэй учраас Хөгжлийн банк байгуулаад мөнгө олж ирээд зарцуулаад байсан. Гэтэл Хөгжлийн банкны мөнгө төсөвт ороогүй хэрнээ дотоодын төсвөөс ч их хэмжээгээр эргэлдээд байдаг.

-Хуулийн заалтыг нь хэрхэх юм бэ?

-Хоёр хувиас доош байна гэсэн хуулийн заалттай. Тийм заалттай учраас тодорхой хугацаанд өөр дэг мөрдөхөөр хуулийн өөрчлөлт оруулж байгаа.

-Тэгвэл энэ онд хэдэн төгрөгийн өр, зээлийн хүү төлөх юм бэ?

-Ирэх оны хувьд зээлийн төлбөр үйлчилгээ ямар нэгэн хэлбэрээр төсөвт дарамт болохгүй. Нийт дүнгээрээ 500-гаад тэрбум төгрөгийн төлбөр хийнэ. Долоон их наяд төгрөг дотор энэ нь нэг их дарамт биш гэсэн үг. Харин ачаалал хэзээ үүсэх вэ гэвэл 2018 онд бий болно. Үүнд хэрхэн бэлдэх вэ гэдэг л байгаа юм.

-Өрийн босго хуулиараа 40 хувь байх ёстой. Гэтэл Хөгжлийн банкны төсвөөс гадуурх өр төсөвт орохоор бас л хуулийн заалтыг зөрчих нь ээ?

-Мэдээж өрийн босгыг давж байгаа. Тиймээс Өрийн удирдлагын хуулийг өргөн барьсан. ДНБ-ий 70 хувь болгоё гэсэн санаа байгаа даа. Төсвийг ингэж үзэхэд тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдээ хангасан, хоорондоо уялдаж балансжсан ийм л байгаа. Мэдээж хязгааргүй хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэх боломж байхгүй. Жаахан бүсээ чангалж явна.

-Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал ч төсвийн хүрээнд яригддаг. Ирэх онд энэ хүрээнд асуудлыг яаж ярих бол?

-Төсвийн гадуур байсан эх үүсвэрүүдийг төсөвт оруулснаар хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хуучин зөвхөн төсвөөс хуваарилснаар дүгнэдэг байсан бол бол “Чингэс” бонд, Хөгжлийн банк, улсын төсөв, орон нутаг гээд бүгд хөрөнгө оруулалтад тооцогдох болж байна. Ингээд дүгнэхэд өмнөх дөрвөн жилээс гурав дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Бүтээн байгуулалт ирэх жил нэлээд эрчимжинэ.

-Ам.доллараа хэдээр бодож авч байна вэ. Өнгөрсөн жилийн төсвийн гол маргаан ам.долларын ханштай холбогдож байсан?

-Төсвийн тооцоонд оруулахдаа Эдийн засгийн хөгжлийн яамтай ярилцаад энэ оны дундаж ханшаар тооцон авч байгаа. Оны эцэст 1750 орчим төгрөгт очих байх.

-Эцэст нь асуухад Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэнэ гэж байгаа. Таны байр суурь ямар байна вэ?

-Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал л даа. Ерөнхий сайд танхимтайгаа зөвлөж байгаад саналаа оруулсан. Энэ саналаар Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яамыг нэгтгэж байгаа юм биш. Сангийн яаманд Эдийн засгийн хөгжлийн яамны тодорхой чиг үүрэг шилжиж ирж байгаа. Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Барилга, хот байууглалтын яамд бол нэгдэж байгаа. Ийм зааг бий.

-Тэгэхээр та яамаа тэр­гүүлж үлдэнэ гэсэн санааг хэлээд байна уу?

-Ерөнхий сайд л мэднэ дээ.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *