Өнгөрсөн амралтын өдрүүдэд цасан болон шороон шуурганы улмаас зарим аймаг, суманд нөхцөл байдал хүндэрсэн. Тухайлбал, энэ сарын 25-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд салхи 40-42 метр секунд хүрч, шороон шуурга шуурсны улмаас 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хууларч, цахилгааны шон унаж цахилгаан халаалт бүрэн тасарсан байна. Мөн цахилгааны шон унасны улмаас Баян-Өлгий аймгийн 12, Говь-Алтай аймгийн тав, Ховд аймгийн 15, Увс аймгийн 18, нийт дөрвөн аймгийн 52 суманд цахилгаан тасарсан юм. Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.Туяагаас энэ талаар тодрууллаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд ямар аймаг, сумдад нөхцөл байдал илүү хүндэрсэн бэ?
-Энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл цацаж орон нутгуудад үүрэг чиглэл өгч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болсон юм.
-Хүчтэй цасан, шороон шуурганы улмаас ямар эрсдэлүүд үүссэн бэ?
-Говь-Алтай аймгийн зарим нэг суманд салхи 36-40 метр секунд хүрч ширүүссэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон. Үүний улмаас цахилгаан дамжуулах агаарын шугмуудад гэмтэл гарсан. Дээрх дөрвөн аймгийн 52 суманд цахилгааны тасалдал үүссэн. Одоо Эрчим хүчний яам болон бусад холбогдох харьяа нэгж байгууллагууд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Салхи шуурганы үеэр Баян-Өлгий, Увс аймагт нийт есөн иргэн малтайгаа шуурганд уруудаж, сураггүй болсон. Энэ талаарх дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон нутгийн захиргааны байгууллагууд хамтарч ажиллаа. Есөн иргэн эсэн мэнд олдсон. Шуурганд уруудсан 1600 гаруй толгой малыг эрэн хайх ажиллагааг явуулж, эсэн мэнд олж, эздэд нь хүлээлгэж өгөөд байна.
-Хүчтэй салхины улмаас гэр нурсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүчтэй салхи, шуурганы улмаас олон гэр нурсан. Өвлийн дулаалгатай, даруулгатай гэр хүчтэй салхи шуургатай үед тоононоос эхэлж дотогшоогоо цөмөрдөг юм билээ. Тэдгээрийг буцаж ашиглахад хүндрэлтэй болдог. Засвар хийгээд болохоор хэвийн байдалд орох гэрүүд бий. Дээрх дөрвөн аймагт 230 гаруй гэр нурсан гэсэн мэдээлэл бий. Үүнд дахин үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутгуудад ажиллаж байгаа. Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, холбогдох байгууллагуудтай хамтарч хяналт хийж байна. Тухайлбал, хэдэн айлд гэр олгох шаардлагатай вэ гэдгийг тогтоно. Тодруулж хэлбэл нөхцөл байдалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, судалгаа гаргана. Энэ сарын 26-нд Улсын онцгой комисс яаралтай хуралдсан. Хүнд нөхцөл байдал үүрэг чиглэл өгч, орон гэргүй болсон иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг яаралтай хүргэх, иргэд гэртэй болох хүртэл хаана байх гэх зэрэг ажлуудад нэлээд анхаарал хандуулж байгаа юм.
-Шуурганы улмаас иргэд гэмтэж, бэртсэн үү?
-Ховд аймагт салхи шуурганы үеэр гурван иргэн гэмтэж, бэртсэн. Тэд тодорхой нэг цэгт байрлаж, зам засварын ажил хийж байсан юм билээ. Тэнд байгаа сэндвичэн барилгын дээвэр нь хийссэн. Дээвэр нь хүчтэй салхины улмаас гурван гэрийн дээр унаж, улмаар гурван хүн гэмтэж бэртсэн байна. Барилгын дээврийн бэхэлгээ муу байсан байж болзошгүй. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Гурван эрэгтэйн хоёр нь эмнэлгээс гарсан. Нэг хүний биеийн байдал хүнд, одоо эмчлүүлж байна.
-Зарим аймаг сумдын гэрлийн тулгуур багана, шон унасан. Тэдгээрийн бэхэлгээ, хийц нь стандартын дагуу байсан уу?
-Эрчим хүчний яам, Улсын онцгой комиссын хамтарсан хурал дээр энэ талаар ярьсан. Манай улсын нөхцөлд тохирсон байна уу, тулгуур баганын бэхэлгээ нь ямар байх ёстой вэ гэдгийг судалж, холбогдох газруудад чиглэл өгсөн. Цахилгааны тасалдалтай газруудад Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг томилж, шуурхай ажилласан. Орон нутгийн онцгой байдлын газрынхан хамтран ажиллаж байгаа. Том гэмтэл учраас хэсэгчилж цахилгаанаар хангах, гурав хоногийн дотор хэвийн байдалд оруулах гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Цаашид байгалийн аюулт үзэгдэл тохиолдвол иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Хамгийн гол нь иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч, өөрсдийн нөөц бололцоогоор аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Онцгой байдлын газраас иргэдийн гар утсанд урьдчилан сэргийлэх чиглэлээр мессеж явуулж байна. Цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс мессеж уншиж, анхааралтай байгаарай гэдгийг сануулъя. Мөн бага насны хүүхдүүд салхи шуургатай өдөр малаа хариулж явж байгаад осолд өртсөн тохиолдлууд бий. Осгох, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байдаг. Мэдээллийг сайтар авч байж, ажлаа зөв зохицуулах хэрэгтэй. Ирэх арванхоёрдугаар сарын нөхцөл таагүй байж болзошгүй гэсэн таамаг бий. Орон нутгийн замын нөхцөл хүндэрдэг. Улсын болон орон нутгийн чанартай зам даваануудад хүндрэл үүснэ. Иймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.