Хар тамхи мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гаалийн Ерөнхий газар хэрхэн ажиллаж байгаа талаар улсын ахлах байцаагч Ч.Тамираатай ярилцлаа.
-Хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх хэрэг нэмэгдэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол Улсын Гаалийн байгууллага хар тамхи мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлээд байна. 2018 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдэл 18 бүртгэгдсэнийг илрүүлж таслан зогсоосон. Харин он гарсаар эхний зургаан сарын байдлаар найман тохиолдол илрүүлээд байна. Эндээс хар тамхи хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан давтамж нэмэгдсэн нь харагдаж байгаа юм. Нөгөө талдаа Гаалийн байгууллагын шинэ техник хэрэгсэл ашиглаж байгаа байдал, эрсдэлд тооцож байгаа үйл ажиллагааны тактик, Гаалийн улсын байцаагч нарын ур чадвартай холбоотойгоор тоо хэмжээ нэмэгдэж байна гэж үзэж болно.
-Манайд гол төлөв аль улсаас хар тамхи мансууруулах төрлийн бодис ирж байна вэ?
-Зүүн өмнөд Азийн улс орон буюу БНХАУ, мөн Европын холбооны улсуудаас Монгол Улсад зорчин ирж байгаа иргэд хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд гарч байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад л улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар Монгол Улсын иргэн Г гэгч гурван кг геройны төрлийн цэвэр мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн. Энэ илрүүлсэн үйлдэлдээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж цаашдаа түгээх гэж байсан сүлжээг нь илрүүлэх ажиллагаа давхар хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Гаалийн байгууллага хилээр нэвтэрч байгаа, зорчиж байгаа иргэддээ дотоод үйл ажиллагааны хүрээнд эрсдэлд тооцож мэдээлэл цуглуулах, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр аль улс орнуудаар зорчин явж байна, эрсдэлтэй бүс нутгаас ирж байна уу, дамжин өнгөрсөн үү, эсвэл үл таних хүний дайвар ачаа хүлээн авч дамжуулж явж байна уу гэдэг дээр эрсдэлд тооцож ажиллаж байгаа. Хэн нэгний дайвар ачааг авч явахдаа дотор нь юу байгааг сайтар шалгах хэрэгтэй. Европын холбооны улс орноос танихгүй хүний дайвар ачааг авч явахаас эрс татгалзахыг зөвлөж байна. Хаврын улиралд хилийн чанадад суралцдаг оюутнууд Монголд ирдэг. Эд нар хар тамхины худалдаа наймаа эрхэлдэг сүлжээний гар хөл болох эрсдэл өндөр байдаг. Оюутнуудын туршлага муутайг далимдуулж дайвар ачааг өгч явуулдаг тохиолдол элбэг. Эцэг эхчүүд харь оронд суралцаж байгаа хүүхдүүддээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч олон байгааг анхааруулж, дайвар ачаанаас татгалзахыг цаг тутам сануулж байх хэрэгтэй.
-Монголчууд гол төлөв хар тамхи зөөвөрлөх төрлийн гэмт хэрэгт холбогддог гэсэн. Шалтгаан нь юу байдаг вэ. Манайд хар тамхины хэрэглээ тийм өндөр байдаг хэрэг үү?
-Зүүн өмнөд Азийн улс орон, Европын холбооны улс орон нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөртэй улс оронд тооцогддог. Энэ талаар Монголын Гаалийн байгууллагад Дэлхийн гаалийн байгууллагаас тогтмол анхааруулга ирдэг. Энэ хоёр том гүрэнг холбож буй улс нь Монгол. Өөрөөр хэлбэл манайх хар тамхийг зөөвөрлөхөд дамжин өнгөрөх бүс нутаг болж болзошгүй гэх сэрэмжлүүлэг тогтмол ирдэг. Тийм учраас Европын холбооны улс болон Зүүн өмнөд Азируу зорчиж байгаа иргэд рүү чиглэсэн эрсдэл тооцох үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Эндээс харахад Зүүн өмнөд Азиас орж ирж буй иргэдийн ачаанд хар тамхи мансууруулах төрлийн бодис байх эрсдэл өндөр байдаг.
-Шуудан илгээмжээр гол төлөв аль улсаас хар тамхи орж ирж байна вэ?
-Сүүлийн үед Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодисыг оруулахыг завдаж байгаа үйлдэл, урсгал чиглэл улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар дамжиж карго ачаа, эсвэл түүвэр ачаа шуудан илгээмжийн ачаанд мансууруулах бодисыг далдалсан, хэлбэр дүрсийг нь өөрчилсөн байдалтайгаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарч байгаа. АНУ болон Европын холбооны улс орнуудаас ирж буй шуудан илгээмжийн ачаанд хар тамхи нууж хилээр давуулахыг завдсан үйлдэл зонхилж байна.
-Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх магадлал бүхий иргэдэд тандалт судалгаа явуулдаг уу?
-Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, завдаж болзошгүй этгээдүүдтэй холбоотой эрсдэлийн судалгаа Гаалийн байгууллагаас тогтмол явуулдаг. Энэ мэдээллээ цагдаа болон тагнуулын байгууллагатай тогтмол солилцож ажилладаг.