Дэлхийн геополитик ээдрээтэй энэ цаг үед, дайнтай орны дэргэд нь оршдог БНПУ-ын төрийн тэргүүн Анджей Дуда манай оронд айлчилсан нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал боллоо. Түүний айлчлалын эргэн тойрондох асуудлаар Олон улсын судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай ярилцлаа.
-Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн долоо хоногт манай улсад Төрийн айлчлал хийлээ. Түүний айлчлалын онцлог юу байв?
-Монгол Польш хоёр улс 70 гаруй жилийн дипломат харилцаатай. Энэхүү түүхэн харилцаатай орны төрийн тэргүүн манай улсад арван жилийн дараа айлчилж байна.
Хоёр улс олон жилийн уламжлалт харилцаа, өндөр дээд харилцан айлчлалын давтамжаа хадгалах үүднээс Анджей Дудагийн айлчлал өндөр ач холбогдолтой болсон гэж дүгнэж болно. Монголын хувьд Польш улс бол европын орнууд дундаас уламжлалт тогтвортой харилцаатай улсуудын нэг юм.
-Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийсэн. Нэлээд олон салбарт Польшийн талтай хамтран ажиллахаар болсон. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?
-Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Хоёрдугаарт, уул уурхайн чиглэлээр хамтарсан судалгаанууд тухайлбал “Бэлийн булаг, Задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ” хийхээр хоёр талын агентлагууд гарын үсэг зурлаа. Мөн мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар чухал санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Эдгээрээс гадна түүх, соёл шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд тохиролцлоо. Энэ хүрээнд хоёр талын архивын газрууд, Монгол Улсын шинжлэх ухааны академи, Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагаа өргөжиж тэлэх юм байна.
-Олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой байгуулсан хэлэлцээрийн талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу. Энэ нь манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ зарим хэсгийг европоос импортолдог. Ингэхдээ битүү хөргүүртэй ачааны машинуудаар тээвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Оросоор дамжаад Монгол руу ирдэг гэсэн үг. Ийм хүнд даацын тээврийн хэрэгслийн ихэнх жолооч нь орос, беларусь голдуу хүмүүс байдаг. Харин польш болон монгол жолооч нар тэднээс ачааг нь аваад Монголд тээвэрлэж ирдэг. Мөн Монголоос ачаа тээвэрлэдэг. Харин Олон улсын авто тээврийн харилцаанд манай хоёр улс хамтран ажилласнаар тэндээс Монголын жолооч нар чингэлэгт тээврийн хэрэгслүүдийг жолоодож, Монгол руу шууд тээвэр хийх бололцоог хангаж байгаа юм. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд хоёр улс тээврийн бичиг баримтуудаа харилцан хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Польш, Орос, Беларусь бас Монголын талаас жолооч нар ачаа бараа зөөх, гадаад худалдаа экспорт, импорт хийхэд чухал ач холбогдолтой. Манай бараа бүтээгдэхүүн Польшид цаашлаад европ руу тээвэрлэх гарц нээгдэж байгаа юм.
Тээвэр ложистикийн чухал ач холбогдолтой хэлэлцээр боллоо гэж харж байна. Үүний зэрэгцээ Монгол Польшийн агаарын тээврийн харилцаа хөгжих байх гэж харж байна.
-Польшийн ерөнхийлөгчийн айлчлалаар тус улсын ЭСЯ-ыг Улаанбаатарт нээж байгаа тухай онцолж байсан. Ингэснээр бидэнд ямар боломжууд бий болох вэ?
-Польшийн ЭСЯ-ыг сэргээн ажиллуулах бэлтгэл ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Харин 2023 онд Польшийн ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын үеэр Улаанбаатар дахь ЭСЯ-ны нээлтээ хийв. Мөн визийн үйлчилгээ, шинжлэх ухаан, аялал жуулчлал, соёл зэрэг олон салбарт эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр 2024 оны эхээр Польшийн Консулын үйлчилгээний газрыг элчин сайдын яамны дэргэд нээхээр болсон. Ингэснээр хоёр улсын хамтын ажиллагаа иргэд хоорондын харилцаа солилцоог өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр Европын орнууд дундаас Монгол Улстай хамгийн их худалдаа хийдэг улсуудын нэг нь Польш улс юм. Эдийн засаг худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аль аль талдаа ЭСЯ-тай байж ажиллах чухал. Тэр утгаараа Монголын тал баяртай байгаа болов уу. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт Польшийн ЭСЯ байхгүйгээс болж манай иргэдэд багагүй хүндрэл учирдаг байлаа шүү дээ. Бээжин дэх Польшийн ЭСЯ-нд ч юм уу, Улаанбаатар дахь Чехийн ЭСЯ-нд виз мэдүүлдэг байсан. Харин одоо Улаанбаатарт виз мэдүүлэх боломжтой болно.
-Ингэхэд хоёр улсын бизнесийн харилцаа ямар түвшинд байдаг юм бэ. Польшийн хөрөнгө оруулалт аль, аль салбарт зонхилж байна.Тэд Монголоос юу авах сонирхолтой байдаг юм бол?
-Польш улс бол зүүн болон төв Европтоо нэлээн том эдийн засаг. ДНБ-ний хэмжээгээр дэлхийд 21 дүгээрт эрэмбэлэгддэг. Тэр утгаараа бүхий л салбарт манайхтай хамтран ажиллах бололцоотой. Хөдөө аж ахуй, машин техник, технологи талдаа нэлээд өндөр түвшинд хүрсэн. Европын стандартад нийцсэн үйлдвэрлэгч орон юм. Тиймээс Польш улс бол хамтарч ажиллах бүрэн бололцоотой улсын нэг. Тус улсын зүгээс Монгол Улстай хамтрах сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Жишээлбэл, уул уурхай, геологи хайгуулын салбарт хамтарч ажиллах бололцоо байна. Өмнө манай экспортын голлох уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулахад хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр саналаа илэрхийлж байсан.
-Манай хоёр улс геополитикийн хувьд ямар онцлогтой вэ. Худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх ямар боломжууд байдаг вэ?
-Монгол бол Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Газар зүй, геополитикийн онцлог нь энэ хоёр улсаас ихээхэн хамааралтай. Польш улс бол Европ Оросын дунд байдаг геополитикийн онцлогтой улс байгаа. Монгол, Польш зарим талаараа ижил төстэй газар зүй геополитикийн нөхцөлд орж байсан улс. Энэ үүднээсээ харилцан нэг нэгнийхээ нөхцөл байдлыг ойлгодог улсууд.
-“Украины хямралын дараагаар, 2022 оны хоёрдугаар сараас эхлэн дэлхийн 50 гаруй улсын удирдагчид Украинд айлчлаад байна” гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр та судлаачийн нийтлэлээ хүргэсэн байсан. Сая Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад ирэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн орондоо айлчлахыг урьсан. Тэгэхээр түүний хувьд Польшоор дамжиж Украин руу айлчлах бололцоотой юу?
-Энэ цар тахлын ээдрээтэй нөхцөлд дэлхийн хамтын нийгэмлэгийн 200 орчим улсаас өнөөдрийн байдлаар 50 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд Украинд айлчилсан байна. Монгол Улсын хувьд Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын нэг. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд тус хямралыг шийдвэрлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын хүчин чармайлт тодорхой хэмжээнд чухал гэж бодож байна. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Украинд айлчлах бололцоотой талаар судлаачийн байр сууриа илэрхийлсэн нийтлэл гаргасан байгаа. Дэлхийн олон орны удирдагчид Польш улсаар дамжин Украинд айлчилсан. Энэ утгаараа Украины хямралын үед Польш бол маш чухал байршилд байгаа орон юм. Польш, Монгол хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай энэ цаг үед Монгол Улс Варшавт өндөр дээд хэмжээний айлчлалыг амжилттай зохион байгуулах боломжтой. Цаашлаад манай зүгээс Польш улсаар дамжин Украинд айлчлал хийхэд аюулгүй байдал болон бусад талаасаа Польш улсын дэмжлэг чухал юм.
-Украины хямралаас хойш Польшийн тал тус улсаас арав гаруй сая дүрвэгч хүлээж авсан тухай мэдээлж байгаа. Дайн болж буй оронтой зэрэгцээ шахам оршдог тус улсын төрийн тэргүүн энэ ээдрээтэй нөхцөлд манай улсад айлчилсан нь дэлхийн анхаарлыг татах шиг боллоо. Польш улс бол НАТО, ЕАБХАБ-ын гишүүн орон. Энэ зэргээс харвал бүс нутгийн орнууд Польшийн ерөнхийлөгчийн айлчлалыг яаж харж байгаа бол?
-Ер нь бол Монгол Улс дахь Польш улсын төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын тухайд гэвэл Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска манай улсад 2019, 2021 онуудад ирж байсан. Мөн өнгөрсөн 2022 онд Польш улсын Гадаад хэргийн сайд Зибегнив Рау айлчилсан. Энэ удаад Польшийн ерөнхийлөгч Монгол Улсад айлчиллаа.
Харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, Монгол Польшийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Монголын талаас уламжлалт найрсаг харилцаагаа хадгалах, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжаа нэмэгдүүлэхэд цаашид анхаарах хэрэгтэй болов уу. Энэ үүднээс нь авч үзвэл Польшийн ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол дахь айлчлал ач холбогдолтой байв.
Польш улс бол Украины хямралд маш чухал байр суурь эзэлж байгаа. Польшийн хилээр дамжиж бусад улсууд руу Украины дүрвэгсэд явж байна. Мөн Польш улс өөрөө Украины дүрвэгсдийг их хэмжээгээр оруулж, ажил, амьдрал, хүндрэлтэй асуудлуудыг нь шийдвэрлэж байгаа улсуудын нэг. Польш, Украин хил залгаа хөрш орнууд, уламжлалт харилцаа зэрэг нь үүнд ихээхэн нөлөөтэй байгаа.
Польш, Монгол Улс багтдаг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Америк, Ази тивийн 57 гишүүн оронтой бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Польш улсын Гадаад хэргийн сайд бөгөөд ЕАБХАБ-ын 2022 оны дарга Зибегнив Рау айлчлахдаа, Монгол Европ Польшийн харилцаа ЕАБХАБ хамтын ажиллагаа чухлыг онцлоод өнгөрсөн.