Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосормаа: Цагааны бүтээснийг Улаан нь сүйтгээд байвал яах болж байна гэсэн үг заримдаа санаанд буудаг л юм

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормааг эх орондоо ирээд байхад нь ярилцлаа.


-Танай Элчин сайдын яамыг татан буулгах тухай сонсогдсон. Та эх орондоо бүрмөсөн ирэв үү?

-УИХ-ын 2013 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Индонез Улсад дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар шийдвэрлэж, 2014 онд эдгээр улсуудад манай ЭСЯ-д байгуулагдсан юм. Харамсалтай нь гурван жил ч хүрэлгүй ЭСЯ-даа татан буулгах шийдвэр гаргалаа. 2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон бол 2017 онд Монгол, Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. ЭСЯ-аа татан буулгаж байгаа тухай шийдвэрийг суугаа орондоо дуулгахаас өмнө амжиж ойн арга хэмжээгээ тэмдэглээд л ирэх шив дээ. ХБНБУ-д суугаа ЭСЯ нь Чили, Аргентин, Колумби, Перу улсуудыг хавсран сууж, бусад долоон улсыг хавсран хариуцдаг манай улсыг тус тивд төлөөлж буй цорын ганц дипломат төлөөлөгчийн газар байсан юм.

-ЭСЯ-аа нээгээд гурван жил ч хүрэлгүй татан буулгаж байгаа нь сонин юм аа?

-Дипломат төлөөлөгчийн газраа татан буулгах шийдвэрийг зөвхөн иргэдийн тоо, худалдааны эргэлтээр хэмжих нь учир дутагдалтай. Тухайн оронд амьдрах монгол иргэдийн тоог харгалзах ч цөөн хүн амтай манай орны хувьд гадаад харилцаагаа хязгаарлагдмал байдалд оруулах сул талтай.

Элчин сайдын яамаа нээх, татан буулгах шийдвэр гаргахын өмнө тухайн оронтой харилцах улс төр, эдийн засаг, хамтын ажиллагаанаас гадна тус орны олон улсын нэр хүнд, дэлхийн тавцанд идэвхтэй оролцогч эсэх болон манай хөрш орнуудад үзүүлэх тэдний нөлөө, эдийн засгийн харилцааг нь давхар харгалзах ёстой болов уу. Ялангуяа дэлхийд нэр нөлөө өсөж, эдийн засаг нь тэлж буй ардчилсан улс орнуудад Дипломат төлөөлөгчийн газруудаа байгуулах замаар дэлхийн эдийн засгийн интеграцид хурдацтай нэгдэж, далайд гарцгүй ч, даяарших хөгжил рүү гарцаа улам бүр нээх боломж бий. Өмнөх Засгийн газрын гадаад бодлогын алсын хараа ийм л байсан.

Татан буулгах шалтгаан нь төсвийн хүндрэлтэй холбоотой юм бол манай бүх дипломат төлөөлөгчийн газруудын байршил, орон тоо, хүний нөөц ба бүтээмжид ач холбогдол, үр ашгийн шинжилгээ хийн эрэмблэх замаар төсөв мөнгөө танах бүрэн боломжтой байсан. Мөн зарим ЭСЯ-ыг цомхотгон Элчин сайд дээр нэмэх нь нэг дипломат гэсэн бүтэц рүү шилжиж болно. Гэтэл ямар ч шинжилгээ хийгээгүй байж татан буулгах тухай яаруу шийдвэрээ өнгөрсөн оны төгсгөлөөр Гадаад харилцааны сайд маань хэвлэлээр мэдээлсэн. Монгол Улс шилжилтийн эдийн засгийн хүнд үедээ ч уламжлалт харилцаагаа хадгалан хоёр орны найрсаг харилцаанд сэв сууна хэмээн социалист байсан орнуудаас ЭСЯ-аа татан буулгаагүй юм даг.

-Ардчилсан намын угшилтай Элчин сайдуудтай ЭСЯ-дыг татан буулгалаа гэсэн яриа гарсан?

-Элчин сайд хугацаатай албан тушаалтан.Тэд байнга л солигддог. Харин хоёр орны хоорондын харилцаа өнө мөнх орших учиртай. Гэхдээ Баабарын нэгэн цагт бичиж байснаар “Цагааны бүтээснийг Улаан нь сүйтгээд байвал яах болж байна?” гэсэн үг заримдаа санаанд буудаг л юм.

-Гэхдээ Бразилтай манайхан нэг их наймаа хийгээд байдаггүй. Бразилчууд манайхаас юу авахыг сонирхдог бол, монголчууд юу оруулж ирэхийг хүсч байна вэ?

-Урьд нь Өмнөд Америкийн орнуудтай худалдааны харилцаа бараг байсангүй. Одоо л эхлэл нь тавигдаж байна. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хооронд дунджаар хоёр сая гаруй ам.долларын худалдааны жилийн эргэлттэй. Мэдээж үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ЭСЯ ажиллаж, анхны үр дүн гарсан. Өнгөрсөн есдүгээр сард Бразил-Монголын Худалдааны танхим байгуулагдаж, Бразилийн бизнесийн төлөөлөгчид манай улсад зочилсон бөгөөд энэ үеэр манай аж ахуйн нэгжүүд Бразилиас кофе худалдан авах гэрээ байгуулсан. Эхний ээлжийн 2.4 тонн кофены ногоон үрийн дээж Монголд орж ирээд байна. Өмнө нь эдгээр аж ахуйн нэгжүүд Өмнөд Солонгосоор дамжуулан бразил кофег үнэтэй худалдаж авдаг байсан бол одоо хэд дахин хямдаар авч, эх орондоо нэрж, үйлдвэрлэн цаашид гуравдагч зах зээлд гаргахаар зорьж байна. Түүнчлэн тахианы мах, буурцаг худалдан авах сонирхлоо манай талаас тавьсан бол Бразилийн талаас ноолууран бүтээгдэхүүн ба хивс импортлох хүсэлтээ илэрхийлсэн.

Дашрамд дурдахад ЭСЯ байгуулагдсанаар Монгол Улсыг ихэд сонирхож эхэлсэн юм шүү, эдгээр орнуудад.

-Нэг бизнесмен хэлсэн юм. Алсыг хардаг бизнес эрхлэгчид бол зөвхөн Монголын гурван сая хүнтэй зах зээлийг бус Хятад, Оросын зах зээлд гарах гарц гэж Монголыг хардаг гэж. Бразил махны хамгийн том экспортлогчдын нэг. Манайхан ч махаа гаргахаар оролдож байгаа. Хамтарч ажиллах алхмууд хийж амжив уу?

-Манай урд хөрш бол Бразил, Аргентин, Чили, Уругвайн худалдааны гол түнш. Хятад уруу экспортоо нэмэгдүүлэхийн төлөөх өрсөлдөөн Латин Америкийн орнуудад хүчтэй өрнөж байна. Тэд манай хөршүүдийг аль хэдийнэ бүчин тойрч хаяалчихаад байхад холын Бразил бидэнд юуны хамаа байхав гэсэн харалган бодлоор боломжуудаа алдаж болмооргүй. Түүнчлэн Европын холбооноос ОХУ-д эдийн засгийн хориг тавьсантай холбоотойгоор Оросын зах зээлийг эзлэх сонирхол эдгээр орнуудад улам бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа Бразил, Аргентин, Уругвай улсуудын амт чанартай үхэр, тахиа, гахай, хонины мах бэлтгэх технологи нь алдартай тул дэлхийн 100 гаруй улс эдгээр улсаас мах худалдан авч байна. Манай хоёр хөршийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед эдгээр оронтой хамтарсан махны үйлдвэрээ Монголд байгуулах боломжийг нээхээр ЭСЯ ажиллаж байлаа. Үр дүнд нь Аргентины Засгийн газрын техникийн туслалцааны “Өмнөд-Өмнөд”-ийн хөтөлбөрт Монголыг хамруулахаа илэрхийлсэн. Тэдний нэр хүндтэй Хөдөө аж ахуйн технологийн институт “ИНТА” -ын ажлын баг Монголд удахгүй ирж ажиллахаа мэдэгдээд байгаа. Аргентин бол малын вакцины чанараараа дэлхийд нэртэй орон.

-Латин Америкийн орнууд манай гуравдагч хөрш байх боломжтой гэж та үзэж байна уу?

-Монгол Улс хоёр гүрний дунд түгжигдсэн далайд гарцгүй орон. Далайд гарцгүй 44 орон байдаг. Дийлэнх нь хөгжил буурай улсууд. Далайд гарцгүй байх нь эдийн засгийн хөгжлийг сааруулдгийн нийтлэг жишээ юм. Монгол аль болох гадаад харилцаагаа тэлж, хоёр хөршийн хамаарлаас ангижирахыг эрмэлзэх нь зүй. Тиймээс ч манай гадаад бодлогын үндэс бол хоёр хөрштэйгээ эв найртай, тэнцвэртэй харилцааг эрхэмлэхээс гадна гуравдагч хөршийн бодлогыг сүүлчийн хорь гаруй жил хөгжүүлэхийг чармайх болсон.

Гуравдагч хөршийн тухай ярихаар зарим хүмүүс хоёр хөршөө үл ойшоосон бодлого хэмээн эмээдэг. Миний бодлоор бол харин ч эсрэгээрээ хоёр их зах зээлийн дунд оршиж байгаагаа соргогоор мэдэрч, гуравдагч хөршийн бодлоготойгоо уялдуулах нь ухаалаг санагдана. Сул талаа давуу тал болгон хувиргах стратеги юм.

Ялангуяа манай хоёр хөршийн зах зээлийн төлөө өрсөлдөж буй Латин Америкийн улс орнуудаас хөрөнгө оруулалтыг татаж, техник технологийг нэвтрүүлэн, хамтын үйлдвэрүүдээ байгуулах өргөн боломж бий. Эдгээр орнууд манай хөршүүдтэй улс төр, эдийн засгийн сайн харилцаатайгаас гадна ямар нэгэн зөрчил, маргаангүй нь сайн талтай. Тухайлбал их зах зээлдээ ойртохыг тэмүүлж байгаа эдгээр улсуудад зориулсан аж үйлдвэрийн цогцолбор бүхий чөлөөт бүсүүдийг яагаад байгуулж болохгүй гэж. Коста Рика Улс яг л ингэж хөгжсөн байдаг.

-Коста рикагийн чөлөөт бүсийн сайн туршлага юу байв?

-Коста Рика богино хугацаанд хурдацтай хөгжсөн гайхалтай улс. Манай Сэлэнгэ аймгаас ялихгүй том газар нутагтай, байгалийн баялаг ядмаг тул эдийн засаг нь кофе, банан жимсний экспортод дөнгөн данган дүүжигнэж байсан нь саяхан. 1981 оноос чөлөөт бүсийг чөлөөлөх, бодлого явуулсан юм билээ. Тэд чөлөөт бүсийг асар том агуулахтай худалдааны лангуу төдий газар биш, харин чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрал буцалсан зах зээлийн талбар болгон хувиргасан. Чөлөөт бүсдээ газар эзэмшүүлж, үйлдвэрээ байгуулахыг гадаадын компаниудад уриалж тэднийг татвараас эхний найман жилд 100 хувь, дараагийн дөрвөн жилд 50 хувь чөлөөлсөн байдаг. Харин сүүлийн жилүүдэд чөлөөт бүсэд дан үйлдвэр биш бас үйлчилгээний сүлжээ компаниуд ажиллах нь нэмэгджээ.

Хоёр хөршдөө түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолбор бүхий чөлөөт бүсүүдийг байгуулж, яг л Коста Рика шиг дэлхийн эдийн засгийн интеграцид хурдацтай нэгдэх боломж бидэнд ч бий.

-Та бодлогын судалгаа хийдэг хүн. Монгол дэлхийн зах зээлд өөрийн орон зайг бий болгохын тулд юугаараа ялгарах ёстой вэ?

-Монгол Улс хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон руу шилжиж байж л хөгжинө. Гэхдээ Уругвай улс шиг “ялгарах” стратеги барих хэрэгтэй болов уу. 3.5 хүнтэй Уругвай яг Монгол шиг хоёр том гүрний дунд оршдог. Бразилийн эрхий хуруу, Аргентины долоовор хурууны хооронд хавчуулагдан усан үзэм шиг бөнжийн тогтсон улс хэмээн тэдний тухай хошигнон хэлдэг юм билээ. Бас манайх шиг хонины аж ахуй түлхүү эрхэлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дэлхийг тэжээх хэмжээнд хүрсэн хоёр том хөрштэйгээ ижилсэх биш харин ялгарахын тулд тоо биш чанарыг голлосон. Өөрөөр хэлбэл органик бүтээгдэхүүнийг хямд үйлдвэрлэхийг зорьсон байдаг. Бид ч цэвэр, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээрээ бусдаас ондоошиж чадна. Монгол гэдэг нэр органик гэдэг утга илэрхийлэх болтлоо дэлхийд танигдмаар байна.

-Монголчууд Чилийн амжилтыг их сонирхдог. Тэд яаж байгалийн баялгаас хараат бус болов?

Чили манайх шиг байгалийн баялгаас, тэр дундаа зэсээс хамаарсан эдийн засагтай байсан нь саяхан. Тиймээс тэд эдийн засгаа төрөлжүүлэн эрдэс баялгаас бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг “уламжлалт бус” хэмээн нэрлэх болсон. Уламжлалт бус экспортын бүтээгдэхүүн болох хулд, яргай загас, гахайн мах, дарс, жимс, мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний экспортод эргэлт гаргахын тулд эрэл хайгуул хийж эхэлсэн бөгөөд судалгаа шинжилгээний байгууллагууддаа хөрөнгө оруулан шинэ бүтээлийг хөхиүлэн дэмжих бодлого баримталсан байдаг. Нэг жишээ хэлэхэд 1980 оноос хулд загас үржүүлэх бүтэлгүй туршилт арваад жил үргэлжилсэн ч чиличүүд бууж өгөлгүй, олон удаагийн алдагдлын дараа сэрүүн цаг агаар, далайтай хил залгаа газарзүйн тогтоц талаасаа ижил төстэй Норвегийн туршлагыг амжилттай нутагшуулж чадсан нь гайхалтай. Харин одоо 70 гаруй оронд хулд загас нийлүүлж, жилд тэрбум ам.долларын ашиг олж байгаа нь зэсийн дараах том экспорт болжээ. Чили одоогийн байдлаар 62 орныг хамарсан чөлөөт худалдааны гэрээ байгуулаад байна. Олон хүн тэр дундаа УИХ-ын гишүүд Чилийн эдийн засгаа солонгоруулсан нууцыг асуудаг. Тэр нууц бол шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж, зорилгоо тодорхойлж, стратегиа хэрэгжүүлэх бүтцийг бүрдүүлж өгсөнд байгаа болов уу.

-Таны бичсэн Латин Америкийн орнуудын хөгжлийн туршлагууд цувралаар нийтлэгдээд эхэлсэн байна билээ. Ном болгоно гэсэн үү?

-Латин Америкийн орнууд бидний өмнө яг одоо тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг даван туулж байгаа нэн шинэхэн түүхтэй улсууд. Манай ЭСЯ олон тооны байгууллагуудыг хооронд нь холбож өгсөн. Үр дүн нь эхнээсээ гарсаар л байна. Бразил бол хоршооллын хөдөлгөөнөөрөө дэлхийд алдартай. Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Энхболдын урилгыг Бразилийн Хоршооллын холбооны Ерөнхийлөгчид гардуулсан бөгөөд айлын тал Монголд зочлохоо илэрхийлсэн байгаа. Энэ оны аравдугаар сард Олон Улсын Хоршооллын холбооны дэмжлэгтэйгээр туршлага солилцох хурал Монголд зохион байгуулагдана. Мөн Бразилийн Мэргэжлийн холбоодын төлөөлөгчид Монголд ирэхээ мэдэгдээд байгаа. Тэдний Мэргэжлийн холбоод нь Мэргэжил Сургалтын Үйлдвэрлэлийн төвүүдээ хариуцаж салбарынхаа хүний нөөцийг өөрсдөө бэлтгэдэг туршлагатай. Бразилд аж үйлдвэр үсрэнгүй хөгжсөний гол нууц бол энэ. Монголд МСҮТүүдийг хувьчлах гэж яаралгүй Мэргэжлийн холбоодод нь хариуцуулан өгөх нь зөв шийдэл болох тул бразилчуудаас суралцах зүйлс их гарна гэж бодож байна. Мөн Иргэдийн оролцоотой төсвөөрөө дэлхийд алдартай Порто Алегре хот байна. Тэдний туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Та гадаадын сайн туршлагыг олж харж, нүүр хуудсаараа дамжуулж хүмүүст хүргэж байлаа. Гадаадын сайн туршлага чухал ч улс орон болгон өөрийн онцлогтой.нэг улсад сайн хэрэгжсэн бодлого нөгөө улсад зохицохгүй байх нь олон?

-Монгол Улс цөөн хүн амтай ч дийлэнх нь залуучууд. Өөрөөр хэлбэл аливаа шинэлэг санааг тусган уян хатан зохицох, хэрэгжүүлэх чадвар сайтай. Тэр тусмаа техник технологийн эрин үед энэ чанар маш чухал. Олон улс орон зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдахаас хальж, оюуны мэдлэг, шинжлэх ухааны бүтээл, ноу хаугаа нийлүүлэхийг эрмэлзэх боллоо. Үүнийг ухаалаг хүчний бодлого гэж нэрлэх нь бий. Аливаа хөгжил шинэлэг санаанд тулгуурлан хөгждөг. Нэг улсаас нөгөө улсад, нэг хотоос нөгөөд сайн туршлагууд нэвчин агуулга, өнгө төрхөө олон баяжна. Үүнийг хөгжил нутагших гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл гадны хэрэглэж байсан шинэлэг арга зам тухайн орны хөрсөнд бууж, өөриймсөхийг хэлж байгаа юм. Энэ бол шууд хуулбарлах муйхар аргаас өөр. Шинэ туршлагыг нутагшуулах ажлыг үндэсний мэргэжилтнүүд хийдэг юм шүү дээ. Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэн шинэ санаа, сайн туршлагыг монголын хөрсөнд монгол хүний ухаанаар дахин инженерчилж байгаа хүмүүс төрд ч, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд ч олноороо бий. Чухам тэрхүү бүтээлч хүмүүсийн хүчээр нийгэм урагшилдаг. Нийгэм, салбар, байгууллагынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа энтрепрейнерүүдэд зориулан Латин Америкийн шилдэг туршлагуудыг баабар.мн дээр цувралаар нийтэлж байгаа. Удахгүй ном болгож хэвлүүлнэ.

-Бразилийн Ерөнхийлөгчийн авлига хээл хахуулийн хэргийг олон хүн сонирхож байгаа.Та ойроос харсан хүний хувьд онцлох юм бий байх?

-Бразилийн нэртэй улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн сүлбэлдсэн авлигын хэргийг илчилсэн “Машин угаалга” мөрдөн шалгах ажиллагаа богино хугацаанд амжилтад хүрч байгаагаараа дэлхийд танил болж байна.

Энэ ажиллагаа 2014 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 232 хүнийг сэжигтнээр татан шалгаж 160 хүнийг хорьж, 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг царцаан, улс төрчдийн оффшор данснаас мөнгийг нь татан, улсын орлого болгож байна. Конгрессийн хоёр танхимын дарга огцорч, Ерөнхийлөгч Мишел Темер ч мөн л авлигын асуудалд нэр холбогдлоо. Сая сая бразилчуудын бахархал болж байсан Ерөнхийлөгч асан Лула да Сильва сарын өмнөхөн 9.5 жилийн ял аваад байна.

“Машин угаалга” бол хараат бус шүүх засаглал нийгэмд шударга ёсыг тогтоож, ардчиллыг сахин манаж чаддаг гэдгийг харуулсан амжилт. Шударга ёсыг тогтоож байгаа шүүхээ ч, шүүгчээ ч ард түмэн хамгаалаад эхэлдэг юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *