“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн санаачлагч Ч.Сосормаатай ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа. Сонгуулийн системийн талаарх маргаан, эмэгтэйчүүдийн квотын төлөөх тэмцлийн дунд хуулийн бусад агуулга, чухал заалтуудыг анзааралгүй өнгөрөөчих шиг болов. Таны багийнхны хийсэн улс төрийн санхүүжилтийн судалгааны үр дүн, зөвлөмжүүд төсөлд тусгагдаж чадсан уу?
-Монгол төрийн аюулгүй байдал хилээ манах буутай цэргээс илүүтэй төрөө манах төрийн түшээдийн сонгуулиас хамаарах цаг үед бид амьдарч байна. Төр дотроосоо л өтдөг. Төрийн улс төрийн албаны үүдэн хаалга болсон сонгуулийн санхүүжилт ил тод, хяналттай байж төр авлигаас ангид байх урьдчилсан нөхцөл бүрдэнэ. “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ” чанарын судалгааг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд сонгуулийн ба намын санхүүжилтийн тайлагнал, ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог иж бүрнээр судалж, засан сайжруулах санал, зөвлөмжийн хамт УИХ-ын гишүүн бүрт хүргүүлсэн. Харамсалтай нь эдгээр санал, зөвлөмжүүд бараг тусгагдаагүй харагдаж байна. Бид Монголын өнөөгийн нөхцөл ба олон улсын хөгжлийн чиг хандлагыг харьцуулан жишээ баримт, кейстэй судалгаа хийсэн юм. Олон нийт сонгуулийг мөнгөнөөс ангижруулахыг шаардаж байна. Харамсалтай нь Сонгуулийн тухай хуулийн төсөлд ач холбогдол муутай өмнөх заалтууд яг хэвээр хадгалагдан батлагдлаа. Өөрөөр хэлбэл, сонгууль мөнгөний уралдаан, урцалдаан байсаар байх болно гэсэн үг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн 51.1 -д Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтооно. Ингэхдээ 51.2-т заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн ба сонгогчдын тоог харгалзана гэж заасан байна. Гэтэл өнөөгийн хуульд ч байгаа эдгээр үзүүлэлтүүд хангалттай аргачлал болж чаддаггүй тул ҮАГ-аас намуудтай зөвшилцөөд, сонгуулийн үеийн зах зээлийн үнэд тулгуурлаад зардлын дээд хязгаарыг тогтоодог. Бусад улс оронд эдгээр үзүүлэлтээс гадна инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлт, хүн амын дундаж орлогыг итгэлцүүр болгон, харьцуулан индексжүүлэх аргачлал хэрэглэх нь түгээмэл. Гэтэл бид зах зээлийн хөөсөрсөн үнэд тулгуурлаж, зардлаа тогтоодог хэвээр үлдэж байна.
-Танай судалгааны тайланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн зардлын 70 хувьд дөхөж байна гэж үзсэн байсан…
-Энэ үнэн. 2017 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болсон. ҮАГ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч 3.9 тэрбум, нэр дэвшүүлэгч намын зардлын дээд хэмжээ 6.8 тэрбумаар тогтоосон. Нийлбэр дүнгээр 10.7 тэрбум болно биз дээ. 2018 оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсныг бид мэднэ. Тус сонгуулийн зардлын дээд хязгаар 400 сая рубль буюу тухайн үеийн ханшаар 16 тэрбум орчим төгрөг болж байсан. Манайх 1.8 сая сонгогчидтой бол тэднийх 108 сая гаруй сонгогчидтой буюу манайхаас 100 дахин илүү. Зүй нь бол бид тэднээс наанадаж 10 дахин бага мөнгөөр сонгууль явуулах ёстой биз дээ. Зарим хүмүүс сонгуулийн зардлын дээд хязгаарт заавал хүргэх албагүй, энэ бол дээд тааз гэдэг. Гэтэл бодит амьдралд тэр дээд таазын төлөө мөнгөний уралдаан болдог. Далдуур ч ихээхэн зарцуулж байгаа. Тэгэхээр сонгууль бол маш их мөнгө тэр дундаа бохир мөнгөний бизнес болчихоод байна. Шалтгаан нь юуны өмнө зардлын дээд хязгаараа үндэслэлтэй тогтоох бодлого хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Мөн сонгуульд зарцуулсан мөнгөө дараа нь төрийн мөнгөөр нөхдөг, улмаар дараагийн сонгуулийн хөрөнгөө бас төсвөөс ил ба далд хэлбэрээр хулгайлдаг гинжин хэлхээ бүрджээ. ЖДҮ-ийн хэрэг бол үүний тод жишээ. Ийм тогтолцоонд мэдлэгтэй чадвартай, шударга хүмүүс сонгогдох боломж улам багасдаг. Тэр тусмаа эмэгтэйчүүд, залуучууд мөнгөний босгыг давж, нэр дэвших нь юу л бол. Сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан үзэх ёстой болов уу. Төрөөс сонгох ба сонгогдох эрхийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзах, сонгуулийн зардлыг бүхэлд нь бууруулах, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог уяж өгөх зэрэг асуудлууд юм. Орчин үеийн ардчилсан улс орнууд бүхэлдээ сонгуулийн зардлыг хязгаарлаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өмнөд Солонгос, Чили, Франц улсууд сонгуулийн зардлаа бууруулсан улсуудын жишээнд орж байна. Бразил улсад сонгуулийн зардлыг 25 хувиар бууруулахад нэр дэвшигчид тэр дундаа дундаж давхаргын төлөөлөл 9-10 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон байдаг.
-Төрийн үүрэг бол сонгох, сонгогдох тэгш эрхийг хангах явдал байдаг.
-Төрөөс сонгуулийн зардлыг бууруулахын тулд төсвийн шууд ба шууд бус дэмжлэг олгодог жишиг олон улсад нийтлэг байдаг. Тухайлбал, олон хүнээс бага хэмжээний хандив цуглуулахыг дэмжиж дүйцүүлсэн урамшуулал олгодог улс ч байна. Япон улс жилд 5.36 их наяд ДНБ-ээрээ дэлхийд гуравдугаар байрт ордог, чинээлэг иргэдтэй улс. Энэ улс сонгуулиа хамгийн бага зардлаар явуулдгаараа дэлхийд алдартай. Төрөөс нь намууд ба нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг нэгдсэн журмаар хэвлэж өгч, байршуулдаг. Манайд ч гэсэн төрөөс нэгдсэн журмаар хэвлээд баг, хороодоор дамжуулаад тойргийн сонгогчдод нь хүргэж болно шүү дээ. Энэ бол төсвийн шууд бус дэмжлэгийн нэг хэлбэр. Мөн нэр дэвшигч бүрийн зургийг нэгдсэн журмаар самбарт байршуулж болно. Ингэснээр эмх цэгцтэй, хэмнэлттэй болно.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд “Сонгуулийн тайлангийн хяналт, нээлттэй, ил тод байдал” гэсэн зүйл, заалтууд орсон нь дэвшил болсон уу?
-Сонгуулийн зардлын хяналт дүр эсгэсэн төдий байгаа. УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд нам ба нэр дэвшигчид зардлын тайлангаа хувийн аудитын байгууллагаар хянуулж,төрийн аудитын байгууллагад илгээх ба төрийн аудитын байгууллага хүлээж авснаас 60 хоногийн дотор хянаж дүнг нийтэд мэдээлнэ гэсэн өмнөх заалт бараг хэвээр орсон харагдана лээ. Хүн харахад шалгаад, хянаад, нийтэд мэдээлэх юм байна гэж ойлгогдохоор боловч зөвхөн дүнг буюу хоёр хуудас ч хүрэхгүй дүгнэлт олон нийтэд мэдээлнэ гэсэн үг. Энэ товч тоймоос хэн ч, юу ч олж харж чадахгүй. ҮАГ сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчийн зардлыг нэг бүрчлэн хянаж, баримтыг шалгаж, ухаж чадахгүй л болов уу. Зөвхөн тэдний ирүүлсэн цаасан тайланг хянаж бүр бүдүүлгээр хэлбэл цаасан тайланд дурьдагдсан тоог нэмж, хасч үзэхэд таарч байна гэсэн дүгнэлт л хийж өгч байгаа хэрэг. Энэ заалт өмнөх Сонгуулийн тухай хуульд байсан. Энэ заалтын дагуу ҮАГ-аас УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ба намуудын дансыг ч шалгах эрх мэдэлгүй, зардлын тайлангийн хэдэн тоог шалгаад хязгаарлагдмал дүгнэлтийг өмнөх сонгуулийн дараа гаргаж байсан. Тиймээс ҮАГ-ын эрх мэдлийг өргөжүүлж, сонгуулийн зардлын тайланд бүрэн хэмжээний аудит хийлгэдэг, санхүүгийн баримтуудыг шалгадаг, зөрчил гаргавал мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг эрх мэдэлтэй болгох хэрэгтэй байна. Түүнчлэн улс төрийн намын ба сонгуулийн хяналтаар мэргэшсэн бүтцийг бүрдүүлж, аудиторуудыг чадваржуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. Ер нь намын ба сонгуулийн санхүүжилтийг нэг цонхоор хардаг байх нь зүйтэй болов уу. Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох намууд нэг жилийн өмнөөс намд хандив өгсөн, мөн сонгуулийн үеийн хандивлагч нарын нэрсээ ҮАГ илгээх үүрэгтэй. Гэтэл намын санхүүжилтийг хянаж, шалгах эрх ҮАГ-т байдаггүй хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл намын сонгуулийн зардлыг бүрэн гүйцэт, үнэн зөв шалгая гэж байгаа бол өмнөх дөрвөн жилийн санхүүгийн тайлантай заавал танилцаж, шалгасан байх хэрэгтэй биз дээ.
-Сонгуулийн тухай хуулийн бас нэг зорилго бол шударга сонгууль зохион байгуулах. Сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараах, санал худалдан авах асуудлыг шинэ хуулиар зохицуулж чадсан уу?
-Хяналт маш чухал. Хичнээн сайн хууль хийгээд хяналтгүй бол хэрэгжихгүй. Сонгуулийн үед баруун солгойгүй бэлэн мөнгө тараадаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл мөнгө тараасан аль намын хэн гэдэг нэр дэвшигч шийтгүүлсэн талаар баримт хомс. Улаан цайм илчлэгдсэн тохиолдолд менежер нь шийтгүүлээд нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн болоод явчихсан тохиолдлууд ч гарсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал татах гэж мөнгө, эд зүйл тараасан тухай 184 гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаагийн байгууллага нэгийг нь ч нотолж чадаагүй гэдгээ мониторинг хийж ажилласан төрийн бус байгууллагад албан бичгээр хариу ирүүлсэн байна билээ. Мөнгө, эд зүйлс тараадгийг нь хүн бүр мэдээд, мэдээлэл явуулаад байдаг ч цагдаа нь нотлож чадахгүй нийгэмд бид сонгууль зохион байгуулж байна шүү дээ. Монгол Авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай улс. Харамсалтай нь энэ байгууллага сонгуулийн үеийн мөнгө тараах санал худалдан авах гэмт хэргийг асуудалд оролцдоггүй зөвхөн төрийн албан хаагчид буюу “цагаан захтан”-ы хэргүүдийг харьяалдаг юм. Гэтэл төрийн албаны авлигын эх сурвалж сонгуулиас эхэлж байна. “Цоргыг нь хаахгүй бол усыг нь шавхаж барахгүй” гэдэгтэй адил сонгуулиар тогтсон мөнгөн бүрхүүлтэй төрийн тогтолцоог авлигаас салгах гэж АТГ ажилладаг л болчихоод байна. Бас нэг анхаарал татсан асуудал бий. Нэр дэвшигчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дууссанаас хойш гурав хоногийн дотор Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ өгөх үүргийг хуулийн төслийн 31.1-т тусгажээ. Өмнөх хуульд ч энэ заалт байсан. Гагцхүү АТГ нэр дэвшигчийн ХОМ хүлээн аваад юу хийх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тэд шалгадаггүй зөвхөн хадгалдаг байсан. Олон нийтэд ч ил танилцуулах зохицуулалт байхгүй. Энэ оромдох байдал дахин хуульчлагдаж байх шиг байна.
-Манайд сонгогчдын боловсрол ямар түвшинд байна вэ?
-Саналаа худалдаж байгаа иргэн эрх чөлөөгөө худалдаж байгаатай адилхан юм. Таныг мөнгөөр худалдаад авсан тул таны өмнө амлалтаа биелүүлэх шаардлага байхгүй болсон гэсэг үг. “Таны хүссэн бүхнийг өгөөд байдаг төр танд байгаа бүх эрх мэдлийг булааж авдаг” гэж энэ. Энэтхэгийн Сонгуулийн комиссын дарга асан ноён Курайшитай уулзах завшаан надад тохиосон удаатай. Тэр эрхэм Сонгуулийн комиссын үндсэн үүрэг бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх явдал мөн гэдгийг ч олон улсын хурал дээр онцлон дурдаж байсан. Тэрвээр сонгуулийн боловсрол олгоогүй иргэдийн дунд сонгууль явуулах ямар эрсдэлтэйг яс махандаа мэдэрсэн хүн. Тиймээс ч сонгогчдын боловсролын реформыг улс төрчдийн эсэргүүцэл дундуур зүтгэсээр хийсэн нь эдүгээ олон улсад шилдэг жишээ болж байна. Манай СЕХ-ны үндсэн чиг үүргийн нэг сонгогчдын боловсрол зайлшгүй байх ёстой ч Сонгуулийн шинэ хуульд энэ тухай дурдаа ч үгүй байна. Товчхондоо Сонгуулийн хуулийг харахад шинэчлэлийн агуулга орж ирээгүй харагдана. Цаг хугацаанд шахагдаж, түргэн түүхий хийсэн хууль урт наслахгүй нь мэдээж.