Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна

Сонгуулийн ерөнхий хорооны даргa Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.


-Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль саяхан батлагдлаа. Ирэх оны сонгуулийг томсгосон тойргоор, мажоритар тогтолцоогоор явуулахаар болж байна. Энэ тогтолцоог манай улс урьд нь ч хэрэглэж байсан. Энэ тогтолцооны давуу болон сул тал юу вэ?

-Саяхан батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулж явуулахаар заасан. Манай улс ийм тогтолцоогоор өмнө нь 1992, 2008 онд УИХ-ын сонгуулиа явуулж байсан. Сонгуулийн тогтолцоог улс орон бүр өөрийн онцлогт тохируулан сонгодог.

Ер нь сонгуулийн тогтолцоо болгон давуу болон сул талтай. Ямар нэгэн төгс, зөв зүйтэй хувилбаруудыг багтаасан, сонгуульд оролцогчдын бүгдийнх нь сэтгэлд нийцсэн тогтолцоо гэж байхгүй нь ойлгомжтой.

-Сонгуулийн тойрог, мандат нь хэзээ тодорхой болох вэ?

-Улсын Их Хурал сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор заасан. Сонгуулийн тойрог байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзаж үзэхээр хуульд тусгасан.

Ингэхдээ тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн хувьд зэргэлдээ байхаар хуульчилсан.

Хэрэв аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болохоор оруулсан. Өмнөх сонгуулиар зарим аймаг, дүүргийг нэгтгэж нэг тойрог байгуулж байсан.

Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хуулиар хориглосон. Харин сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-нээс өмнө байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

-УИХ-ын сонгуулийг хэзээ товлон зарлаж, санал авах вэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 1-ээс өмнө товлон зарлаж санал авах өдрийг тогтооно. Санал авах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж хуульчилсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна.

-Саналын хуудсанд нэр дэвшигчийг ямар дарааллаар бичих вэ?

-Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичихдээ нам, эвслийн тухайд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, нэр дэвшигчийн тухайд намаас нь ирүүлсэн дарааллаар, харин бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтална. Өмнөх хуульд ийм дараалал байсныг өөрчлөөгүй, хэвээр нь үлдээсэн.

-Төрийн албан хаагч нэр дэвшихээр бол хэзээ ажлаасаа чөлөөлөгдөхөөр тусгагдсан бол?

-Төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ээлжит сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж хуульчлагдсан. Харин ээлжит бус, дахин нөхөн сонгуульд нэр дэвших бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө чөлөөлөгдсөн байна.

-Энэ хуулиар маргаан, гомдол хянан шийдвэрлэхэд өөрчлөлт орсон. Хэдийд маргаан гомдол шийдэж дуусахаар тусгаж байгаа вэ?

-Гомдол маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, хариуцлагын төрөл, харьяалал илүү тодорхой болсон. Гомдол зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Зөрчлийн тухай хуульд Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчих гэсэн тусдаа зүйл орж байгаа.

Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх эдгээр хугацааг үндэслэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд гомдол шийдвэрлэх ерөнхий хязгаар хугацааг тогтоож өгсөн. Энэ нь тухайн сонгуулийн жилд нь багтаан шийдвэрлэнэ гэж заасан байгаа.

-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын Сонгуулийн тухай хууль хэзээ батлагдах вэ?

-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцэх эсэх шатандаа байна.

-Сонгуулийн дүнг хэрхэн дамжуулах вэ?

-2016,2017 онд сонгуулийн дүнг олон нийтэд телевизийн дэлгэцээр шууд харуулж мэдээлсэн. УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг дэлгэцээр шууд харуулж мэдээлнэ. Энэ нь сонгуулийн дүнг олон нийтэд ил тод нээлттэй, шуурхай мэдээлэхэд чухал арга хэмжээ болно гэж үзэж байгаа.

-Тооллогод “Хар машин”-ыг ашиглах уу. Гар тооллого оруулна гэж яригдаж байсан…

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг Улсын Их Хурал 2011 онд баталсан. Энэ хуулиар УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахаар хуульчилсан. Иймд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлд техник хэрэгсэл ашиглана.

Хуульд заасны дагуу сонгуульд техник хэрэгсэл ашиглах тухай шийдвэрийг УИХ-аас сонгууль бүрээр гаргадаг. Санал хураалт дууссаны дараа нийт хэсгийн 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх зохицуулалт байгаа. Хяналтын тооллого хийгдэх хэсгийг санамсаргүй сонголтын аргаар сонгож хийнэ.

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаатай холбоотой ямар зохицуулалт орсон бэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой байхаар хуульчилсан. Мөн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийлгэхээр хүргүүлэх, хянах, өөрчлөлт оруулах гээд бүхий л хугацаануудыг тодорхой зааж оруулсан.

Өмнөх хуульд ийм хугацаа заагаагүй байсан нь аудитын байгууллагад хүндрэл учруулж байсан. Сонгуулийн сурталчилгааны хувьд гэвэл нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан мөчөөс эхлэн сурталчилгаагаа хийгээд явах боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл, санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхээ авна, энэ өдөртөө ухуулга, сурталчилгааны ажлаа хийгээд эхэлнэ гэсэн үг. Түүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоо, зурагт самбар, дэлгэц, ухуулах хуудасны тоог тогтоож өгсөн. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол мэдэгдлээ шууд Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр болсон.

Энэ хуульд цахим орчинд хийх сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг оруулж өгсөн. Цахим орчин ашиглан сурталчилгаа хийх, түүнд нь хяналт тавих журам баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

Цахим хаягаар сурталчилгаа явуулах тохиолдолд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг ашиглаж болохоор хуульчилсан.

-Гадаадад амьдарч. байгаа иргэд Улсын Их Хурлын сонгуульд оролцож саналаа өгөх боломжгүй гэж ойлгосон. Энэ ямар учиртай вэ?

-Монгол Улс түүхэндээ нэг удаа 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдээсээ саналыг нь авсан. Энэ нь тухайн үед сонгуулийн хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулж байсантай холбоотой. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд маань намд саналаа өгч байсан юм.

Намд саналаа өгөх буюу сонгуулийн тогтолцооны энэ хувилбар нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргаснаар гадаад улсад байгаа иргэдээс санал авах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоо байхгүй болсноор намд санал өгөх сонгуулийн хувилбарыг хэрэглэх боломжгүй болсон.

Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгуульд оролцож саналаа егсөн. Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай өргөн барьсан хуулийн төсөлд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгөх зохицуулалт хэвээрээ байгаа.

-Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байна?

-Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь иргэний засаг захиргааны шилжилт хөдөлгөөн, нөгөө нь сонгогчийн шилжилт хөдөлгөөн. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хийж болох субъектүүдийг зааж өгсөн.

Үүнд зөвхөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа төрийн албан хаагчид, санал авах байрын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид, мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, сонгуулийн автоматжуулсан төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн ажилтан хамаарч байгаа.

Учир нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа эдгээр хүмүүс санал авах өдөр өөрсдөө ажиллаж байгаа учир өөрийнхөө харьяа хэсэгтээ очиж саналаа егөх боломж хязгаарлагддаг байсан учир эдгээр хүмүүс сонгогчийн шилжилтээ хийлгээд ажиллаж байгаа газраа саналаа өгөх боломжтой болгосон. Мөн нэр дэвшигчийн менежер, шадар туслагч сонгогчийн шилжилт хийлгэх боломжтой.

Менежерийн хувьд нэг байна, шадар туслагчийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэг, аймгийн төвийн багт тус бүр нэг байна гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, тооны хязгаартай эдгээр хүмүүс нэгэнт нэр дэвшигчийг дэмжиж штабынх нь бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа тул сонгогчийн шилжилтээ хийлгээд саналаа өгөх боломжтой гэж үзсэн.

Зөвхөн дээр дурдсан субъектүүд л сонгогчийн шилжилтээ хийлгэх боломжтой болгож өмнөх сонгуулиар гарч байсан “царцаа” гэж нэрлэгдэж байсан зөрчлийг арилгасан. Харин иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих буюу иргэний шилжилт хөдөлгөөний тухайд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлах зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт өмнө нь байсан.

Засаг захиргааны шилжилтийг тодорхой хугацаанд зогсоохгүй бол сонгогчийн нэрийн жагсаалт байнга өөрчлөгдөхөд хүрдэг юм. Хугацааны хувьд өмнө нь бол санал авах өдрөөс 60 хоногийн өмнөөс зогсоодог байсан бол энэ хуулиар хугацааг нэмэгдүүлж хоёрдугаар сарын 1-ний өдөр болгосон.

Яагаад гэхээр сонгууль товлон зарласнаас хойш сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа тул уялдуулж тогтоож байгаа юм.

-Сонгуулийн зардлын тухайд?

-Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргадаг. Сонгуулийн зардал нь хандив, намын хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрддэг. Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээлгэж зарцуулна. Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд хандив цуглуулах, зарцуулахыг хориглосон.

Зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 01-ний дотор тогтоож, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн хандивын хэмжээ нэмэгдсэн. Өмнө нь иргэн гурван сая төгрөг, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив нэг удаа өгч болдог байсан.

Үүнийг өөрчилж иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 20 сая төгрөг хүртэл хандивыг өгч болно. Хандив өгөх нийт дүн нь энэ хэмжээнд багтахаар хуульчилсан.

Хандив өгөх, авахыг хориглосон хэд хэдэн заалт хуульд орсон. Тухайлбал, гадаад улс, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, иргэн, төрийн өмчийн байгууллагууд, насанд хүрээгүй иргэн, үйлдвэрчний болон шашны байгууллагууд сонгуульд хандив өгөхийг хориглосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *