Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны УИХ-ын сонгууль, сонгуульд нэр дэвшигчдийн хандивыг аудитын байгууллагаар шалгуулсан тухай болон Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой зарим мэдээллийг өгөхөөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Манай байгууллагын зүгээс өнгөрсөн сонгуулийн бүхий л мэдээллийг өөрийн веб сайтдаа нийтэлсэн. Үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч болно. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын дүн мэдээг тухайн бүрд нь зарлаж байсан. Нам эвсэл, нэр дэвшигчдийн хандивын тайланг аудитын газраар хянуулсан. Үндэсний аудитын газраас мэдээлснээр 15 нам эвслээс 13 нь тайлангаа хуулийн хугацаанд өгсөн гэнэ. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж УИХ-д хүргүүлсэн. Мөн УИХ-ын сонгуультай холбоотой эрх зүйн зохицуулалтын бодлого боловсруулж УИХ-д хүргүүлэх болно” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад дараахь байдлаар хариулав.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан гэж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Сонгуулийн тухай хууль гэж нэгдсэн бүлэг хууль бий. Үүнд бүх шатны сонгуулийн эрх зүйн орчин нэгдчихсэн байгаа. Энэ нь зарим шатны сонгууль явуулахад хүндрэлтэй байна. Тийм учраас энэ хуулиудыг тус тусад нь боловсруулан гаргах нь зөв юм. Мөн өнгөрсөн сонгуулиудаас харж байхад одоо мөрдөж буй сонгуулийн тухай хуулинд зайлшгүй өөрчлөлт орох шаардлагатай заалт бол бий. Бусад улс оронд ямар нэгэн сонгууль явуулахдаа ирц зааж тогтоодоггүй. Харин манай улсад 50 хувь гэж тогтоосон. Үүнийг болих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сонгуулийн үйл явц, ажил удаан болж байна. Тэгэхээр энэ бүгдийг бид салган оруулах саналтай байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд ирц зааж өгнө.
-Орон нутгийн сонгуулиар УИХ-ын сонгуулиар ашиглаж байсан санал өгсөн хуудас гарч ирсэн гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн ирц хүрэхгүй байгаа шалтгаан нь СЕХ тааруухан ажилласантай холбоотой юу?
-Ирцийн судалгаагаар залуучууд энэ удаагийн сонгуульд идэвхгүй оролцсон гэсэн дүн гарсан. Гэртээ унтаад, хэвтэж байгаа хүнийг СЕХ-ноос очиж босгоод чи саналаа өгөх хэрэгтэй гэсэн шахалт байж болохгүй л дээ. Үндсэн хуулиараа сонгох, сонгогдох эрхтэй шүү дээ. Тэгэхээр манай залуучууд өөрсдөө Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх шаардлагатай. СЕХ, хэвлэл мэдээллийн салбар хангалттай сурталчилгаа явуулсан.
Э.МӨНХТҮВШИН