Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ч.Сарантуяа: Ирэх сард борооны хэмжээ багасахгүй, мөндөр орж болзошгүй байна

Хаврын эхэн сард улсын хэмжээнд нутгийн ихэнх хэсгээр хуурайшилттай байсан. Тиймээс тариалангийн бүс нутгаар зориудаар үүл буудан бороо оруулж байсан. Үүнийг зарим хүн тэнгэр задрааж долдугаар сард их хэмжээний усархаг бороо талралтгүй хэдэн өдөр орсон гэж үзэж байгаа. Энэ талаар болон ирэх сард цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн технологич, инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Mанай улсын хэмжээнд өмнөх жилүүдтэй хариуцуулахад усархаг бороо хэр их хэмжээтэй орж байгаа вэ?

-Ер нь бол долдугаар сарын эхний болон дунд арав хоногт нутгийн ихэнх хэсгээр буюу 80-аас дээш хувьдбороо орсон. Энэ ньолон жилийн дунжаас харахад ахиу бороо хуртай байлаа. Мөн температурийн хувьд сэрүүвтэр. Гэхдээ говийн бүс нутгаар дундаж температураасаа дулаан байсан. Бороо орохдоо нутгийн зарим хэсгээр 12 цаг хүрэхгүй хугацаанд нилээн усархаг ширүүн аадар бороо 10-20 мм-ээс дээш хэмжээтэй орсон. Өнгөрсөн жилтэй харьцуулахад долдугаар сар хур бороо элбэг байна. Ялангуяа Төвийн, Зүүн болон Говийн бүс нутгаар усархаг аадар бороо орох тохиолдол нилээн олон байгаа. Тухайлбал Хэнтийн Биндэр, Дадал 45-48 мм, Төв аймгийн Эрдэнэ сум 30-44 мм , Сэлэнгийн Сүхбаатарт 90 мм, Дорнодын Халх голд 67 мм хэмжээтэй орж ард иргэд, аж ахуй нэгж, улс орондих хэмжээний хохирол учирч байна.

-Ширүүн бороонд амиа алдах, эд баялагаараа хохирсон тохиолдол хэр их гарсан бэ?

-Онцгой байдлын мэдээллээр үер усны гамшиг, усархаг аадар бороо орсноор нийтдээ 48 хүн амиа алдаж, олон зуун хүн эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн мэдээлэл байгаа. Тухайлбал Баян-Өлгий аймагт 14-20-ны хооронд маш их хэмжээний бороо орсны улмаас 530 айлын 2500 гаруй хүн үерт нэрвэгдэж хашаа, байшин,гэрүүд усанд автан нурсан. Архангай аймгийн нутгаар энэ сарын 18-19-ны хооронд аадар бороо, мөндөр орсон. Үүнээс олж 2-5насны гурван хүүхэд бэртэж, гэмтлээ гэсэн мэдээлэл ирсэн.

-Хүчтэй аадар бороонд цахилгаан тасарсан гэсэн мэдээлэл байгаа. Хэдэн аймаг, суманд эвдрэл, гэмтэл гарсан бэ?

-Архангай аймагт нийтдээ цахилгаан дамжуулах 20 тулгуур багана унасан. Гэх мэтчилэн сүүлийн хэдэн хоногт долоон аймгийн 65 сумын цахилгаан тасарсан. Мөн хүчтэй борооны улмаас төмөр зам, авто зам эвдэрч байна. Долдугаар сар гарсаар хүчтэй аадар бороо мөндөр, түр зуурын хүчтэй салхины улмаас 13 аймгийн 34 байршилд 170 гаруй километр урт авто замд эвдрэл үүссэн. Ерөнхийдөө энэ сард гарч байгаа байгалийн үзэгдэлийн улмаас гарч буй хор хоноол өмнөх жилийнхтэй харьцуулахад их байлаа.

-Энэ сарын сүүлийн хэд хоног цаг агаар ямархуу байх вэ? Усархаг бороо үргэлжлэн орохуу?

-Энэ сарын 20-ноос хойш ихэнх нутгаар бороо татарч байна. Говийн нутгаар дулаарч байгаа. 23-24-нд шилжих шөнө Өмнөговь, Дундговийн зарим газраар, Дорнодын нутгаар 16-24 мм хэмжээтэй усархаг бороо орж өнгөрсөн. Маргаашнаас эхлэн бороо хур татарч өдөртөө дулаарна. 27-ны өдөр говийн болон зүүн аймгуудын нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй байна. Харин 29-30 өдрүүдэд хангайн уулс,Төвийн нутгийн зарим газар, говийн нутгаар бороо орно. Энэ үеэр ялангуяа говийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын ширүүн аадар бороо орж болзошгүй.

-Энэ жил үүл буудаж бороо оруулсан уу?

-Дөрөв, тавдугаар саруудад манай орны ихэнх хэсэгээр хуурайшилттай байсан. Зургадугаар сард нутгийн 60 гаруй хувь нь хуурайшилттай байсан. Тиймээс боломжтой цаг агаарын нөхцөл бүрдсэн үед үүлэнд зориудаар нөлөөлөн бороо оруулсан.

-Үүл буудаж зориудаар бороо оруулахнь эргээд сөргөөр нөлөөлж үер усны гамшиг болж байна гэж зарим хүн үзэж байна. Та энэ талаар тайлбар өгөөч. Ер нь яагаад энэ жил хэвийн хэмжээнээс их бороо асгараад байна вэ?

-Үүл буудсанаас болоод долдугаар сард их хэмжээний бороо орж байгаа гэж хэлж болохгүй ээ. Энэ бол өрөөсгөл асуудал. Тийм зүй тогтол ч байхгүй ээ. Байгаль цаг агаарын нөхцөл нь агаар мандалын ерөнхий орчил урсгалын өөрийнх нь тогтоц, шилжилт, урсгал хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Дөрөв, тавдугаар сард манай орон, Төв Азийн нутаг, баруун зүүн болон дунд Сибирийн нутагт хур бороо багавтар байна гэсэн цаг агаарын нөхцөлтэй байсан. Харин долдугаар сар гарснаар баруун болон дундаж Ази руу чиглэсэн томоохон хэмжээний агаарын урсгал ирсэнээр ерөнхий цаг агаарын нөхцөл өөрчлөгдсөн. Байгаль цаг агаар урсгал гэдэг нэг газраа удаан байдаг зүйл биш. Агаар нь байнгын урсаж, шилжиж явдаг. Тухайн газар нутгийн цаг агаарыг өөрчилдөг зүйл бол цагийн зүүний эсрэг чиглэлтэй агаарын урсгал хаана үүссэн байна гэдгээс шалтгаалдаг. Тиймээс үүл буудснаас болоод сөргөөр нөлөөлж үер болсон гэсэн зүйл байгүй гэж ойлгож болно.

-Устай бороо үргэлжлэн орж байгаа нь газар тариаланд ямар нөлөө учируулах вэ?Мөн найман сард бороо хэр их хэмжээтэй орох төлөвтэй байгаа вэ?

-Найман сарын температурын төлвийн хувьд баруун, зүүн аймгуудад дундаж хэмжээтэй, өмнөд хэсгээр дундаж хэмжээнээс илүү халж болзошгүй байна. Говийн бүс нутгаар багавтар, Хөвсгөл, Хангайн уулсаар их хэмжээний бороотой байх төлөвтэй байна. Ер нь долоо, найман сар бороо хур ихтэй байдаг сар. Энэ сарын борооны хэмжээ ирэх сард багасахгүй. Нутгийн ихэнх хэсгээр 90 мм бороо орно. Ирэх сард олон жилийн дундаж темпертураас -3 хэмээр хүйтэрч байгаа. Энэ нь бороо болон мөндөр орж болзошгүйг илтгэж байна. Тиймээс ард иргэд үе усны аюулаас онцгой сэрэмжтэй байж эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө хамгаалж боломжтой арга хэмжээг авах хэрэгтэй.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *