Цар тахлын үеийн наадам санасныг бодоход сайхан болох шиг боллоо. Ер нь тэгээд бөх, морь нь будлиангүй, хэл амгүй болчихвол болох нь тэр. Өнөө жилийн хувьд шинэ аваргатай, шижигнэсэн залуу заан, харцага, начингуудтай наадам болов. Бөхчүүд тэр энэ нь гэлтгүй сайхан барилдлаа. Харин Ч.Санжаадамба аварга маань сэтгэлд хүрсэнгүй. Тавын даваанд Өмнөговь аймгийн харьяат шинээр харцага цол хүртсэн Ц.Одбаярт тахимаа өгсөн. Бараг л буугаад өгчих шиг харагдсан. Ямар ч идэвхгүй, тэсрэлтгүй, урам зориггүй, үлбэгэр барилдсан учир “буугаад өгчихлөө” гэж хардаж байна л даа. Ганц энэ удаад ч биш, Ч.Санжаадамба улсын аварга цол хүртсэнээс хойш үнэндээ урагшгүй байгаа. Монгол бөхийн хамгийн дээд цолонд хүрсэн аварга тухайн цолныхоо хэмжээнд л барилдах учиртай. Д.Сумъяабазар 2006 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол хүртсэн. Аварга болсныхоо дараа жилийн наадмын долоогийн даваанд Б.Сайнбаяр заанд өвдөг шороодсон. Үнэн хүчийг үзээд унасныг бөх сонирхогчид бүгд мэднэ. 2008 онд мөн долоогийн даваанд Говь-Алтайн өндөр Н.Ганбаатарыг амлаж барилдаад яалт ч үгүй дийлэлгүй унасан. Ингээд хоёр жил дараалан долоогийн даваанд бүдэрсэн Д.Сумъяабазар цаашид барилдалгүйгээр зодог тайлсан юм. Энэ тухайгаа “Аварга цолтой бөх цолныхоо хэмжээнд барилдах ёстой. Миний хувьд залуучуудыг үнэхээр дийлэхээ больсноо 2008 онд Ганбаатартай барилдаад унахдаа ойлгосон. Улсын аварга цолонд хүрчихээд төрийн наадамд долоо давж чадахгүй байгаа юм чинь барилдаад яах юм. Аварга хэмээх өндөр цолны нэр хүндийг тэгж унагаад яахав гээд зодог тайлсан” гэж телевизийн нэвтрүүлэгт орохдоо ард түмэндээ хандан хэлж байсан.
Улсын аварга цол хүртсэнээсээ хойш дор хаяж таван жилийн наадамд тухайн бөх түрүү үзүүр юм уу, их шөвгийн дөрөвт баттай зогсож байх ёстой гэдэг. Хэрвээ бөхчүүдээ үнэхээр дийлэхгүйд хүрсэн бол Д.Сумъяабазарын жишгээр зодог тайлахаас өөр гарцгүй. Ч.Санжаадамбыг Д.Сумъяабазар шиг зодог тайл гэж байгаа юм биш. Харин ч бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, монгол бөхийн аварга цолны эрэмбийг хадгалж, аварга гэдгээ мэдрүүлж барилдахыг ард түмэн шаардах цаг нь болжээ. Ч.Санжаадамбын хувьд 2016 онд 10 давж түрүүлэн аварга болсон. Дараа жилийнх нь наадамд тавын даваанд өвдөг шороодсон. Наадамчид санаж байгаа байх, тавын даваанд Г.Ганжад гэж Төв аймгийн залууг амлаж барилдаад будлиантай болсон. Г.Ганжадын тохой түрүүлж газардсан ч хөлийн цэцийн шийдвэрээс Ч.Санжаадамбыг унасанд тооцож байсан. Ингэж ид үеийнхээ наадмыг залуу аварга луйвардуулсан. Харин сүүлийн хоёр жил аварга бараг барилдсангүй. Өнгөрөгч жилийн наадмын долоогийн даваанд Б.Гончигдамбыг амлаж барилдаад тахимаа өгсөн. Хүмүүсийн яриагаар бол Ч.Санжаадамыг Гончигдамбадаа өгчихлөө гэж дуулдсан, үнэн эсэхийг мэдэхгүй юм. Барилдааныг нь харахаар тийм ч сүрхий эсэргүүцэл үзүүлэлгүй, нээрээ л “яриа хөөрөө”-нд орчихов уу гэж хардахаар. Тэгтэл өнөө жилийн наадамд бүр шөвгөрч чадалгүй тавын даваанд тахимаа өглөө. Өмнөговийн Ц.Одбаяр, Ч.Санжаадамба хоёр “Ажнай” корпорацийн бөхчүүд. Үндсэндээ аварга маань нэг компанийнхаа бөхөд хэвтээд өгч байгаа хэрэг. Ч.Санжаадамба аваргатай насны хувьд бараг чацуу гэж болохоор Увсын С.Мөнхбат аваргыг аваад үзье. Одоогоос бараг 10 жилийн өмнө буюу 2011 онд аварга цол хүртсэн С.Мөнхбат төрийн наадамд үнэн хүчийг үзэж барилдаж байна. Яагаад бөх сонирхогч олон С.Мөнхбат аваргыг жудагтай сайхан бөх гэж хүндэтгээд байгаа юм. Тэрээр үзэгч олноо, бөхөд дуртай Монголын ард түмнээ хүндэтгэж унасан ч давсан ч үнэн хүчийг үзэж барилдаж байгаа. Аварга болсноосоо хойших арван жилийн наадамд үнэн хүчийг үзэн зодоглож байна. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Д.Рагчаа гарьд, Г.Өсөхбаяр аваргууд тав, зургаагийн даваанд амлаад унаж өгч байхад С.Мөнхбат аварга долоогийн даваанд буюу зааны даваанд амлаж барилдаад давж байсан.
Олимпийн аваргын найраанд ороод заан болговол бүрэн болохоор л байсан, гэвч тэгээгүй. Үнэн хүчийг үзээд давсан. 2018 оны наадмаар байх, С.Мөнхбат аварга мөн долоогийн даваанд Завханы Т.Бэгзсүрэн гэж залуу харцагыг амлаж барилдаад давж байсан. Т.Бэгзүсүрэнгээ заан болгох гэж Завханыхан С.Мөнхбат аваргад тоймгүй их мөнгө амласан дуулддаг. Гэвч аварга мөнгөнд унаагүй, аварга цолныхоо эрэмбийг хадгалж шилдэг залуу хүчтэнээр долоо давж наадамчдаа баярлуулсан. Ч.Санжаадамбаа, өөрийн чинь үеийн С.Мөнхбат аварга бөхийн дэвжээгээ хүндэтгэж, аварга хэмээх өндөр дээд цолны эрэмбийг хадгалж ингэж барилдаж байна. Мөн Ч.Санжаадамбын дараа аварга болсон Намсрайжавын Батсуурь байна. Тэрээр аварга болсноосоо хойш монгол төрийн наадамд сүүлийн гурван жил дараалан түрүү үзүүрт шалгарч хуучны алдарт аваргуудын эрэмбээр барилдаж байна. 2018 онд Ч.Санжаадамбаар ес давж түрүүлсэн Н.Батсуурь өнгөрөгч жил Хэнтийн Э.Оюунболдтой, өнөө жил Увсын П.Бүрэнтөгстэй түрүү үзүүрт үлдлээ. Хэрвээ Э.Оюунболдын допингийн асуудал шийдэгдвэл Н.Батсуурь даян аварга болохоор байгаа. Аварга цолонд хүрсэн бөхчүүд ингэж барилдаж байхад Ч.Санжаадамба аварга та нэг л барилдаж өгөхгүй юм. Үндсэндээ дураа хүрэхээр барилдаад дургүйгээ хүрэхээр болиод, айлын эрх нялцгай хүүхэд шиг зан гаргаад байгаа чинь ямар учиртай юм бэ. Ард түмнээ үл хүндэтгээд байгаа юм шиг эс бөгөөс аварга цолоо үл хүндэтгээд байгаа юм шиг энэ байдал чинь эцэстээ монгол төрийн наадмаар тоглоод байгаа юм шиг тийм сэтгэгдлийг наадамчдад төрүүлээд, тун эвгүй харагдах юм. Аварга цолтой ид барилдаж даян аварга, дархан аваргын төлөө зүтгэн өөрт буй бүхий л хүч бяр, ур ухаанаа уралдуулах байтал тавын даваанд тахимаа өгөхөөр үнэндээ урамгүй байх юм. Санжаадамба та аварга цол хүртээд ердөө дөрвөн жил л болж байгаа. Хуучин цагт бол Д.Дамдин, С.Мөнхбат нарын аваргууд төрийн наадамд таван жил дараалан түрүүлж байсан. Ид залуу иртэй байгаа үедээ барилдмаар байна ш дээ. Түүнээс биш энэ цаг үеийн ганц дархан аварга байж муу барилдлаа гэж Өсөхөө аваргыг бид хэмлээд байгаа биш. Нас нь 40 гараад явчихсан Г.Эрхэмбаяр аваргыг муу барилдлаа гэж хэлээгүй. Ч.Санжаадамба аварга таныг сайхан барилдаач ээ, ард түмнээ баясгаж, өөрийг тань үнэн сэтгэлээсээ дэмждэг олон түмэнд цэнгэл баярыг эдлүүлээч гэдгийг хэлж захиж байна. Дээрээс нь аварга гэдэг цолонд хүрээд боллоо, одоо надад мөнгө хэрэгтэй гэж та бодоод ч байгаа нь хөөрхийлөлтэй харагдах юм. Эд хөрөнгөөс илүү эрхэм нэр төр чухал. Аварга цолонд хүрээд санаа амрах биш, харин ч өндөр хариуцлага үүрч, төр түмний соёрхсон энэ цолыг хүндэтгэж даян, дархан аварга болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ ард түмний их хайр, төрт ёсны хүндэтгэлийг та хүлээх болно. Бөх хүнд бэртэл гэмтлээс аваад олон л саад бэрхшээл байлгүй яахав. Тэр бүгдийг ойлгож байна. Гэхдээ л Ч.Санжаадамба аварга таны дураа хүрэхээр барилдаад, дургүйгээ хүрэхээр болиод байгаа энэ байдал хэрээс хэтрээд байна уу даа. Алдар цолонд хүрэх амархан, харин түүнийг хадгалж явах хэцүү гэдгийг аварга маань эрхбиш ойлгодог байлгүй дээ.
Э.БАЯРХҮҮ