Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж буй. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргаж, шүүх эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон билээ.
Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллагаас Ч.Сайханбилэгт хуулийн хугацаандаа ирэхийг шаардаж, Интерполоор оршин сууж байгаа байршлыг нь тогтоосон.
Тэгвэл сураггүй болоод байсан Ч.Сайханбилэг Олон улсын хуулийн фирм хөлсөлжээ. Тодруулбал олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэб сайтад мэдээлжээ.