Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Тэрээр албан томилолтынхоо эхний өдөр зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон тариалалтын байдал, ургац хураалтын явцтай танилцсан юм. Тэрбээр “Зуны эхэн сарууд гандуу, хурц нартай байсан. Сүүлд хур бороо орсон ч орох ёстой цаг үедээ ороогүйгээс ургац ерөнхийдөө хүндэрсэн. Үүнээс шалтгаалж ургацын байдал газар бүр харилцан адилгүй, янз бүр байна. Эхний удаад ургац алдсан, бага ургац авахаар байгаа талбайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Харин маргааш үүнээс илүү сайн ургац авахаар байгаа талбайгаар явна гэж байна. Гэхдээ бизнес алагтай, цоогтой байдаг. Бид үүссэн асуудлаа өнөөдөр хоорондоо ярьж, нэг зүйл дээр ойлголцох хэрэгтэй. Асуудлыг нэг өнцгөөс, зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэх боломжгүй. Одоо үүсээд байгаа асуудал нь нэг талдаа 1000 орчим ажилтантай гурилын үйлдвэр, мөн 4000 гаруй тариалан эрхлэгчийн эрх ашиг, нөгөө талд нь гурван сая хэрэглэгчдийн эрх ашиг яваа. Үүнийг бодолцож, газар тариалангийн бодлогын өнөөгийн дүр зургаа бид гаргах шаардлагатай болж байна” гэв. Ингээд Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гадаад хүчин зүйлсийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал, нөөц боломж төдийлөн сайн биш байгаа. Төсвийн хүндрэл улам мэдрэгдэж эхэлсэн. Энэ оны эхний долоон сарын байдлаар төсөв 630 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Оны эцэс гэхэд зэс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад байвал бид бараг нэг их наяд төгрөгийн төсвийн алдагдал нөхөх шаардлага гарч байгаа. Гадаад нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. Эрдэс, түүхий эдийн үнэ уналттай. Үүнийг дагаад бензин шатахуун, газар тариалангийн салбарт ч үнийн уналт явагдаж байна. Тухайлбал, манай хөрш, импортлогч орны нэг болох ОХУ, Казахстаны өөрсдийнх нь мөнгөн тэмдэгт болох рубль ам.долларын эсрэг ханш нь эрс суларч байна. Олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад импортын хөнгөлөлттэй нөхцөл зарим бараа, бүтээгдэхүүн дээр бий болж байгаа. Тиймээс гадаад дотоод хүчин зүйлээ бид зохицуулж энэ жилийнхээ салбарын бодлогыг гаргана.
Сүүлийн жилүүдэд нэг зүйл хандлага болж хэвшсэн. Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар намрын ургац хураалтын үеэр газар дээр нь танилцаад, жишиг үнэ зарладаг болсон. Ийм байдлаар асуудалд хандахгүй гэдгээ миний бие өнгөрсөн хавар мэдэгдэж байсан. Хүмүүсийг зах зээлийн зарчим руу шилжсэн, бодлого ч энэ зүгт чиглүүлэх нь оновчтойг дурдсан. Түүнээс төр зах зээлийн харилцаа руу гүйж орж, үнэ тогтоогоод байх нь зохистой биш юм. Тиймээс үнэ зах зээлийнхээ зарчимд нийцэх нь зөв. Цаашдаа бол асуудалд ингэж хандах нь илүү үр дүнтэй. Манай гурил үйлдвэрлэгч, тариаланчид хоорондоо тохиролцож, нөхцөл байдлаа бодитой үнэлэх нь чухал. Бидний хэн ч саран дээрээс бууж ирээгүй учраас нөхцөл байдлаа зөв үнэлж, хоорондоо зах зээлийн зарчим тохирох болов уу.
-Энэ жил ургац хураалтын байдлаас шалтгаалж импортын буудай худалдаж авах шаардлага тулгарч байна. Үүн дээр Засгийн газраас ямар зохицуулалт хийх вэ?
-Засгийн газрын зүгээс ургацынхаа урьдчилсан балансыг гаргасан. Нийтдээ 250-260 орчим мянган тонн буудай хураахаар байгаа. Энэ нь өөрийн хэрэглээний 58.7 хувийг дотооддоо хангана гэсэн үг. Үлдэж буй 106 орчим мянган тонн буудайг импортлохоос аргагүй болж байна. Дотоодын худалдан авалт, импорт зэрэгцэж явахаар бие биеийнхээ үнэд нөлөөлж, хүндрэл үүсгэдэг. Тиймээс энэ жилийн нэг ялгаа нь импортынхоо буудайг нэг цонхоор оруулж ирнэ. Цаг хугацааны тухайд хэзээ, хэдийд оруулж ирэхээ Засгийн газар шийднэ.
Мэдээж үр тариа, буудайн үнэ харьцангуй хямд байхад оруулж ирнэ. Гэхдээ импортын буудай дотоодын тариаланчдын үнэ өртөг, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар зохион байгуулна. Үүнийг салбарын яам нэг цонхны бодлогоор зохицуулж, шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдийг бий болгоно.
Нэг цонхны бодлогоор импортын буудайн асуудлыг шийдэх учраас урьд жилүүдийнх шиг, ялангуяа өнгөрсөн жил гарсан шиг тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн хооронд үүссэн үл ойлголцол, маргаан гарахгүйгээр зохицуулах боломжтой гэж харж байгаа.
-Хадлан тэжээлийн байдал, махны экспортын талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Хадлан тэжээлийн хувьд одоо байгаа үр дүн маань хангалтгүй, дөнгөж 10 хувь гаргаад явж байна. Энэ ажилд хүн болгон дор бүрнээ хүчин зүтгэж байж ирэх өвлийн ард гарах ёстой. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газар махны чиглэлийн асуудлаа зохицуулж байна. Хойд болон өмнөд хөрштэй яриа хэлцэл хийж байна. Ялалтын баярын үеэр Ерөнхийлөгч болон Бурмаа сайд өөрсдийн чиглэлийн хүмүүстэй уулзсан. Махны экспортын асуудал дээр хоёр хөрштэй тохиролцоонд хүрч, ахиц дэвшил гарч, ажил урагшлах хандлага байна. Бидний зүгээс дотооддоо дахин зохион байгуулалтыг хийнэ. Би ирэх долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлийн даргатай уулзана. Энэ үеэр дээрх асуудлыг зохицуулах чиглэлийн ажлуудыг ярилцах болно. Газар тариалан, буудай, гурилын үнэ, хадлан тэжээл, махны үнийн асуудлаа шийдээд ард нь гарчих болов уу гэсэн дүр зурагтай байна.
-Улаанбуудайн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчимд нийцүүлэх цаг болсныг тариалан эрхлэгчид шаардах болсон. Мөн буудайн урамшууллын асуудал жил бүрийн намар багагүй маргаан дагуулдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Яамны зүгээс гурилын үнэ тогтвортой байна гэж мэдэгдсэн. Үнэхээр ийм боломж байгаа юу?
-Хөдөлмөрийн баатар Мардай гуай “Би 38 жил газар тариалан гэж явсан.
Өнөө жилийнх шиг ийм ган үзээгүй” гэж ярьж байна. Нөхцөл байдал ийм байгааг дор бүрнээ ойлгож, гурван тал асуудлаа нэгтгэж, нэг ширээний ард сууж харилцан буулт хийж шийдэх ёстой. Нэг нь гарч ирээд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалсан байдлаар яриад байж болохгүй. Ингэж яриад хэзээ ч шийдэлд хүрэхгүй нь гэдгийг харлаа. Чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх нь чухал. Гэхдээ бидний өнөөдрийн хувьд чөлөөт зах зээлийн үнэ рүү шилжих бэлтгэл багатай байна. Буудайн үнийг зарлахгүй, зах зээлийнхээ зарчим руу чиглэх нь зөв. Хэн хэн нь хоорондоо зохицох үлдээд байна. Газар тариалангийн салбарынхаа бизнесийг унагачихгүй, хэтэрхий нэг талыг ярьж үнэ хөөхгүйгээр хоорондоо зохицоод хийх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс импортын буудай оруулж ирэхдээ нэг цонхны бодлогын зарчим баримтална гэдгээ эхэнд тэмдэглэсэн. Тухайн компани дотоодоос хэдий хэмжээний буудай авсан байна, үүнтэй нь дүйцүүлж тэр хэмжээгээр импортлох эрх, хуваарилалт, квотын асуудлыг ярих болно. Тиймээс гурвалжны нэг талыг ярих хэрэггүй байгаа юм. Засгийн газар иргэддээ үнийн дарамт үүрүүлэхгүй, гурил үйлдвэрлэгчдээ дэмжих, тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалах гурван талын хүслийг нэгтгэж, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандаж байгаа. Гурван сая иргэнийхээ төлөө 3-4 мянган хүний төлөөлөл нийлж байгаад дундын шийдвэр олоод явна гэж харж байгаа. 100 хувь сэтгэл ханамжтай нэг хэсэг гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс хаана хаанаа анхаарч, урагшаа харж ажиллах ийм л цаг үе бидэнд байна. Харилцан зохицол, харилцан буулт, ойлголцол дээрээ ажиллах хэрэгтэй. Засгийн газрын хувьд төсөв нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж мэдэхээр байна. Ийм үед нөхцөл байдлаа зөв үнэлж, тариалан эрхлэгчдээ дэмжих, өр зээлтэй байгаа компанийн зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх, хугацааг нь сунгах гээд цөөнгүй арга хэмжээ авахаар ажиллаж байна. Аль аль нь хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай үед дарамт болж байгаа. Одоо бол талбай дээр гараад буудайгаа асгаж, буцааж ачдаг ийм зүйл бол явахгүй, бодит байдал дээрээ ойлголцох нь чухал.
-Яам болон тариаланчид өнгөрсөн жил буудайн урамшууллын асуудлыг тойрч багагүй маргасан. Энэ жилийн хувьд буудайн урамшууллыг хэрхэн шийдэх вэ?
-Буудайн урамшууллын асуудал дээр тодорхой хэмжээний мөнгө тавихаас аргагүй, урьд жилүүдийнхийг шууд хуваарилаад явахгүй нь ойлгомжтой болчихлоо. Юуны өмнө тариалангийн хуулиа баталж гаргана. Мөн тариаланчдад ямар асуудал тулгарч байгаа, төрийн зүгээс яаж туслах, дэмжих боломжтой талаар санал авч шийдэлд хүрэхийн төлөө ажиллах болно.
Асуудал байгаа учраас шийдэх арга замыг тал талаас нь эрэлхийлэх шаардлага гарч байна. Асуудал гурван талт өнцөгтэйг хэлсэн. Гурвуулаа эрх ашгаа ярьж, нөгөө талд нь боломжийн үнээр гурил үйлдвэрлэх, хямд үнэтэй гурил хэрэглэх, хөрөнгө оруулалтаа нөхөх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Засаг гурван институцыг төлөөлж байна. Засгийн газраа өрсөлдөгч, асуудал гэж битгий хар. Нийлж хамтдаа байж асуудлынхаа ард гарцгаая.
-Импортын буудайнаас гадна үрийн асуудлыг ярих ёстой. Үүнийг шийдвэрлэхэд мэргэжлийн холбоодоос төлөөллийг оролцуулах хэрэгтэй биз дээ?
-ХХААЯ энэ жил 29.7 мянган тонн үрийн буудай оруулж ирнэ. Бид нар сайн чанарын үр оруулж ирэхгүй бол болохгүй. Үүнийгээ аль сортын, ямар буудайг хэзээ оруулж ирж, яаж зохион байгуулах гэдгээ тариаланчид яаман дээр гурван талын төлөөлөл оролцоод шийдэх ёстой. Нэг цонхны бодлогыг баримтлаад үнийн хувьд хямд байхад нь үрийн буудайгаа эрт оруулж ирэх ёстой.
-Чингис бондоос санхүүжилт авсан “Эрдэнэт хивс” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих саналуудыг тавьсан. Шийдвэрлэх боломж бий юу?
-Үнэхээр сэтгэл ханамжтай байна. Тодорхой технологийн шинэчлэл хийгээд, хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа нь сэтгэл татахуйц амжилт. Эрдэнэтийг бид ГОК гэдгээр нь ойлгож, төсөөлж ирсэн. Тэгэхэд “Эрдэнэт хивс” гэхэд дотоодын хивсний зах зээлийн 75 хувийг дангаар хангаж, энэ салбарынхаа ГОК нь болчихсон байна. Хивсний загвар, хийц нь хувь хүнийхээ хувьд надад таалагддаг. Хүн болгоны хэрэгцээг хангасан, хэдэн зуун мянган цэгийн хатгалттай, технологи хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн зүгээс гурван асуудал хөндсөн. Эхний ээлжинд, түүхий эд бэлтгэх дээр ялангуяа салбар болгонд гарч байгаа зүйлийг хөндсөн. Дотоодын үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангах бодлогоор дэмжих, Хоёрдугаарт, Чингис бондоос хийсэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацааг уртасгах. Гуравдугаарт, цэвэрлэх байгууламж. Засгийн газрын хуралдаанаар Дарханы цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдсэн байгаа. Гэхдээ үйлдвэрийн цэвэрлэх байгууламж өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс асуудлыг гадны хөрөнгө оруулалт, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрээ харж шийдэх шаардлагатай болсон байна. Зөвхөн Монгол Улсынхаа хэрэгцээг хангахаас гадна дэлхийн арваад улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тиймээс олон улсын худалдаагаа улам өргөжүүлж, брэнд бүтээгдэхүүний чиглэлд илүү санал санаачилгатай ажиллах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс бодлогын хувьд бүрэн дэмжиж ажиллана.
-Гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Дотоодод үйлдвэрлэж буй гурил импортын гурилаас хямд, чанартай байснаар зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байдаг. Гэвч манайд үнэ хямд байх ийм боломж нь хараахан бүрдэж чадаагүй байгаа. Үүнийг хэрхэн шийдэж болох вэ?
-Миний дээр дурдсан гурвалжны нэг өнцөг нь гурил үйлдвэрлэгчид байдаг. Тэдний нэгтэй, тэр тусмаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Турк улсын хөрөнгө оруулалтаар цоо шинэ газар цоо шинэ гурилын үйлдвэр бариад зүтгэж байгаа нь сайхан санагдаж байна. Тодорхой бодлогоо гаргаж, яамтайгаа санамж бичиг байгуулж, эцсийн бүтээгдэхүүний үнэ дээрээ тохирч, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нягт ажиллах хэрэгтэй. Хүндрэлтэй жил ч гэсэн өөрсдийн боломжоор том алхам хийх нь чухал.