Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгонбаяр:Би биш бид гэсэн сэтгэхүйг суулгаж өгдөг нь волейболын спортын гайхамшиг

Монголын волейболын холбооны дээд лигийн тэргүүн тоглогч, үндэсний шигшээ баг болон “Замчин” багийн холбон тоглогч Ч.Отгонбаяртай ярилцлаа.

-Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил анх удаагаа түрүүлээ. Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд цар хүрээ чанараар хамгийн том тэмцээнүүдийн нэг. Улсын аваргадаа оролцож мөнгө хүрэл медаль зүүж байлаа. Өнөө жил анх удаагаа алтан медаль хүртлээ. Миний хувьд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн мартагдахааргүй тэмцээн боллоо.

-Тэмцээний онцлог зохион байгуулалтын талаар ярихгүй юу?

-Багануурын уурхай 40 ойгоо тохиолдуулж Монголын волейболын холбоотой хамтарч энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Хотоос зайдуу цэвэр агаарт гарсан учраас тамирчид зөвхөн тэмцээн уралдаандаа анхаарлаа хандуулах боломж гарсан. Тэмцээнийг хоёр зааланд зэрэг зохион байгуулж өдөрт нэг л чухал тоглолт явуулсан болохоор ядралт багатай тамирчид бүрэн ур чадвараа дайчилж байлаа. Шигшээ тоглолтыг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулж волейболын спортыг сурталчилж өгсөн. Дээрээс нь уурхайн ажилчид сэтгэл гаргаж аваргын цомыг урласан нь таалагдсан. Их сайн зохион байгуулалттай тэмцээн болсон.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хийсэн тоглолтуудынхаа талаар ярихгүй юу?

-Тэмцээн бидний тооцоолж байснаас өөрөөр эргэж шилдэг багууд зооноосоо хасагдсан. Гол тоглолтоо их шөвөгт “Эрчим” багтай тоглож ширүүн өрсөлдөж ялалт байгуулсан.

-Өнөө цагийн Монголын шилдэг тамирчин Э.Сайнбилэг, шинээр гарч ирж байгаа залуу үеийн төлөөлөл Цэнд-Аюуш нараар хүчээ зузаатгасан “Эрчим” багийг хэрхэн буулгаж авав?

-Ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 3:2-оор ялалт байгуулсан. Шийдвэрлэх тавдугаар үед манайх 8:4-өөр хожигдож байдал буруу тийшээгээ эргэж байсан шүү. Энэ чухал үед “Эрчим”-ийн залуу тоглогч хоёр ч удаа дамжуулалтын алдаа гаргасан л даа. Үүний дараа манай багийнхны тоглолт сэргэж 15:13-аар хожсон. Тэмцээний оргил тоглолт энэ байсан болов уу. Аваргын төлөө олон улсын хэмжээний мастер М.Цэрэнбаатараар ахлуулсан талбайн эзэн Багануурын багтай таарах болов уу гэж тооцоолж байсан ч “IBT Thunder” баг шигшээд шалгарсан. Тэднийг манайх 3:1-ээр хожиж анх удаагаа улсын аваргын цом өргөсөн дөө. Миний хувьд шигшээ тоглолтын үеэр нүдэндээ гэмтэл авч хүнд үргэлжлүүлэхэд хүнд байсан ч тэвчээр гаргаж, үзэгчдээ хүндлээд тэмцээнээ дуусгасан.

-“Замчин” багийн онцлог давуу тал нь юу байв. Бусад багуудаас ямар чанараар давуу байв бэ?

-Манай багийн гишүүд тус бүрийн үүргээ жигдхэн сайн гүйцэтгэж байсан нь бусад багуудаас ялгарах онцлог болж өгсөн. Багт олон шилдэг тамирчид байхад бөмбөг булаацалдах гээд байдаг талтай. “Замчин” багт ийм асуудал байгаагүй.

-Таны хувьд тэмцээний “Шилдэг холбон тоглогч”-оор шалгарсан. Бусад холбогчдоос ялгарах онцлог нь юу байв. Холбон тоглогч багийг бүх довтолгоог найруулж өгдөг хариуцлагатай байрлал шүү дээ?

-Үндэсний шигшээ багт холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэж байхад дасгалжуулагч Мөнхнаран надад олон чухал зөвлөгөө өгсөн л дөө. Үүний үр шим гарч шилдэг холбогч боллоо. Бусад холбогчдоос өндөр нуруу, хурдаараа ялгарч байсан.

-Та Дархан-Уул аймгаас волейболын спортын гараагаа эхэлж байсан. Энэ спорттой яаж холбогдож байсан бэ?

-Миний гэр бүлийнхэн волейболын тамирчин хүмүүс л дээ. Аав, ээж маань волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан. Хүүхэд байхдаа аав, ээжийг тэмцээн уралдаанд оролцоход нь үргэлж дагаж явдаг байсан учраас волейболд хайртай болсон байх. Анх Дарханы Уранчимэг багшаар энэ спортын суурь техникүүдийг залгуулсан. Дараа нь Иноё Сотоши багшаар Японы волейболын спортын гайхалтай техник, тактикийг Монголд тохирсон нөхцөлөөр заалгуулж байсан би азтай хүн. Өнөөдрийн амжилт маань зөв суурь техниктэй холбоотой. Одоо үүнийгээ залуу үеийн тамирчдад өвлүүлэхээр “медальд хүрэх зам” сургалтын төв нээгээд ажиллуулж байна.

-Анх довтлогчоор тоглож байсныг тань мэдэх юм. Өнөөдөр холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэж улсын аварга боллоо. Яагаад байрлалаа солив?

-Эхлээд нам нуруутай байсан болохоор чөлөөт хамгаалагчаар тоглож байсан. Хүчтэй довтолж оноо авч байгаа тамирчид гоё харагдахаар нь довтлогчоор хүртэл тоглож байсан үе надад бий. 2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө багийн хамгаалагч маань тархиндаа хүн гэмтэл авч тоглох боломжгүй болсон л доо. Багийн дасгалжуулагч, тамирчид хуралдаж байгаад оронд нь намайг хамгаалагчаар тоглуулахаар шийдвэрлэсэн. Би татгалзахад багш надаас “ Чи таван оноо авах уу, нэг оноо авах уу” гэж асуусан, эргэлзэлгүй “Тав” гэж хариулахад “Тэгвэл таван довлогчдоо холбож өгөөд таван оноо ав” гэж хэлсэн. Үүнээс хойш л холбогчоор ажиллаж улсын аваргадаа ч амжилттай оролцож шилдэг холбогчоор шалгарч байсан түүхтэй. Дараа нь дээд лигийн Л.Баатархүрээ дасгалжуулагчтай, Мөнгөндөл ахлагчтай “Их Тийн” багт тоглож дээд лигийн утаа үнэрлэсэн дээ. Анхны жилдээ давуулагч, холбогчийн үүрэг гүйцэтгэж хүрэл медаль зүүж байлаа. Энэ үеэс дээд лигийн ах нартай өрсөлдөх хүсэл төрж байсан даа.

-Волейболын дээд лигийн тэгш тоглогчоор шалагрч байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-2009 онд “Харх” багт Олон улсын хэмжээний мастер Р.Хангайгийн холболт доор довтлогч болон холбогчийн туслахаар ажиллаж аварга болж байсан. Тэр жилдээ лигийн “шилдэг тэгш” тэгш тоглогчоор шалгарч Монголын волейболын спортын домог болсон тамирчдын Мандаагийн Алтангэрэл агсны нэрэмжит шагнал хүртэж байсан. Энэ цаг үеэс хойш Монголын шигшээ багтаа дуудагдаж эхэлсэн дээ.

-Волейболын спортоор хичээллэж эхлэхдээ зорилго тавьсан байх. Энэ зорилго тань хэдэн хувьтай явж байна?

-Анх бол хичээж байгаа зүйл дээ шилдэг нь байхыг хүсдэг байлаа. Тухайн үед энэ агуу спортыг том цар хүрээгээр хардаггүй байлаа шүү дээ. Эхлээд аймгийн аваргадаа түрүүлэх зорилт тавьж байлаа. Тэнд очиж улсын аварга гэж дуулаад улсын аваргад түрүүлэхийг зорьсон. Улсын аваргад ороод олон шилдэг хүүхдүүдийг харж “нүд нээгдэж” илүү бэлтгэл сургуулилт хийх хүсэл эрмэлзэл төрж байлаа. Энэ зуур нөгөө хүүхдүүд чинь “Энэ тэр клубийн тамирчин, тэр дээд лигийн тоглогч” гэж ярилцахыг нь сонсоод тэдний зиндаанд орчихыг зорьсон. Араас нь хөдөлмөрлөж явсаар бүх шагналыг нь авч үзлээ. Сая дутуу байсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Ер нь волейбол гэж гайхалтай спортыг гүйцэд сурна гэж байдаггүй юм байхгүй, насан туршдаа суралцдаг гэдгийг ухаарч байна даа. Энэ гоё спортод гүн орж судлаад, суралцаад явж байна. Одоо өөрийнхөө сурсан зүйлсийг залуу тамирчдад зааж ирээдүйн шилдгүүдийг төрүүлэн гаргахын төлөө ажиллаж байна. Ирээдүйд өөрийн гэсэн клубтэй болж, олон шилдэг тамирчдыг төрүүлэхийг хүсч байна.

-Таны гар нийлж тоглож байсан хамгийн шилдэг тамирчин хэн бэ?

-Сая хамт улсын аварга болсон Б.Анхбаяр дүү маань юм даа. Би өөрөө зорьж Анхаагийнхаа ур чадварыг харуулах гэж нэг багт тоглосон л доо. Бид талбайд маш сайн ойлголцож шийдвэрлэх оноонуудыг авсан. Надад мөр зэрэгцээд тоглож байсан олон шилдэг тамирчид байгаа.

-Волейболын спортын онцлог, давуу талыг өөрийнхөө харах өнцгөөс тайлбарлахгүй юу?

-Би би биш би гэдсэн сэтгэхүйг хүнд суулгаж өгдөг нь волейболын спортын гайхамшиг. Өнөөдөр манайд нэгдэж чадахгүй, хэл амаа ойлголцож чадахгүй тэмцэлдээд байгаа улс үг дуугаа ойлголцъё гэвэл волейболын спортод амжилт гаргаж байгаа багуудын тоглолтыг очиж үз гэж зөвлөмөөр байна. Хоорондоо ойлголцож, бие биенийхээ дутуу талыг нөхөж байгаа багийн уялдаа холбоог шуудайд хийсэн үхрийн эвэр шиг монголчууддаа ярьж өгмөөр санагддаг юм. ОХУ-ын ерөнхийлөгч асан Борис Елцин волейболын спортын талаар “Улсын хөгжиж буй явц багийн спорт тэр дундаа волейболын спортын тактиктай ижил” гэж хэлсэн байдаг.

-Хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?

-Энэ спортоор хичээллэхээр зэхэж байгаа хүн волейболын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Ингэж тоглож байж гаргана. Ийм хэмжээнд тоглохын тулд биеийн хурд, хүч, техник ийм байх ёстой гэсэн ойлголтыг авч түүн хүрэхийн тулд ажиллаж эхэлнэ. Өндөр зэрэглэлд хүрсэн хойноо багтаа гүйцэтгэх үүргээ тамирчин бүр дор бүрнээ ухаарах ёстой. Шатар дээр морь, тэмээ ноён нүүдлээрээ л нүүдэг шиг волейболд холбогч холболтоо, хамгаалагч хамгаалалтаа, довтлогч довтолгоогоо л хийж үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Тэгж чадсан цагт сайн баг бүрдэнэ. Багт нэг нөхөр хамгаалаад, дараагийн үед нь довтлоод, холбоод гүйгээд байж болохгүй.

-Та волейболын спортоос олж авсан чанараар амьдралд таарсан саад бэрхшээлийг тойрч гарсан жишээ байдаг уу?

-Би анхныхаа тэмцээний зохион байгуулж байхад сэтгүүлч надаас яриа авч басан юм. Би ажиглатал сэтгүүлчийн нүд дээшээ хараад байсан л даа. Сэтгүүлчийн нүд томроод ирэхэд би бултчихгүй юу.Тэгтэл нисч ирсэн бөмбөг сэтгүүлчийн микрофоныг унагаж байсан. Сүүлд надаас “Яаж бөмбөг ирж байгааг харав аа” гэж хэлж байсан. Волейболын спорт хүнд ажигч, гярхай чанарыг суулгаж өндөг л дөө. Машин бариад хөдөлгөөн оролцож байхад ч энэ чанар надад илэрдэг юм.

-Та өнөөдрийн Монголын волейболын спортын хөгжлийг яаж харж байна?

-Өнөөдөр бид олон улсын өндөр зэрэглэлийн тамирчдыг оруулж ирж өрсөлдөж байж хөгжлөө тодорхойлно. Манайхан дотооддоо л өрсөлдөж, тэмцээн уралдаан цөөхөн болж байна. Дэлхий болон Азийн төвшинд өрсөлдөх арай болоогүй байгаа. Одоогоор волейболын спортын хамгийн чухал зүйл нэгдүгээр пассыг зөв авч байгаа тамирчин өнөөдөр дээд лигт ховор байна. Хөгжлийн талаар барьж байгаа бодлого ч байхгүй байна. Олон улсын тэмцээнд тогмол оролцдог үндэсний шигшээ багтай болоосой гэж хүсэх юм. Тэр цагт бид хөгжлийн гарцаа олно. Хөгжиж байна гэхээс илүү волейболын спорт манай улсад өргөн цар хүрээг хамарч байгаа. Энэ спортод дур сонирхолтой хүүхэд залуучууд олон байгаа ч эд нарыг зөв хөгжүүлэх бодлого байхгүйгаас цааш нь хөгжүүлж чадахгүй байна.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *