-МАН МЕГА ТӨСӨЛГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЖ ЧАДАХГҮЙГ УХААРСАН НЬ ШИНЭ БОДЛОГЫНХ НЬ ГЯЛТАЙХ ТАЛ БОЛЖЭЭ-
Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” гэж зарлаад, хэрэгжилтэд нь зориулж 120-180 их наяд төгрөг босгоно гэчихлээ. Бодит хөрсөн дээр буулгаад харахад энэ хэмжээний мөнгийг босгох боломж бидэнд бий юү?
-Шинэ гэдэг үг чинь их сонин л доо. Жишээлбэл, манжууд Чин гүрнийхээ сүүлийн жилүүдэд шинэ сэргэлтийн бодлого гэж зарлаж байсан юм. Тэр хөтөлбөрөөрөө Хятадын асар их хөрөнгийг Монгол руу татна гэж зарласан нь монголчуудын дургүйцлийг хүргэх нэг шалтгаан болсон түүх өнгөрсөнд бий. Ленин “Шинэ эдийн засгийн бодлого” гэж зарлаж байсан. Тэрийгээ зарлахдаа “Амины өмчийг хүлээн зөвшөөрнө. Хувийн хөрөнгө оруулалтыг татна” гэж тодотгосон нь мөн л түүхэнд үлдчихсэн. Америкийн ерөнхийлөгч Теодор Рузвельт нийгмийн хамгааллыг сайжруулна гээд “Шинэ хэлцэл” гэж зарласныг санаж байна. Энэ мэт жишээнээс харахад их гүрнүүд шинэ гэх тодотгол ашиглаж том бодлогууд хэрэгжүүлж байсан. Манай улсын хувьд яг ийм “шинэ” гэсэн тодотголтой сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөр өчнөөн л дөө. Харамсалтай нь хэрэгжсэн нь тун цөөн. 100 их наяд төгрөгийг одоогийн ханшинд хөрвүүлбэл бараг 40 тэрбум ам.доллар. Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг татах боломж маш ховор. Манай эдийн засаг одоогоор 14 тэрбум ам.доллар. Гадаадын ганц хөрөнгө оруулалт нь “Оюу толгой”. Жил тутам тэрбум ам.доллар оруулъя гэсний цаад эрх зүйн баримт бичиг нь Дубайн төлөвлөгөө байсан. Гэтэл энэ төлөвлөгөөгөө цуцална гэчихсэн яваа.
-Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гэвэл МАН-д тодорхой эх үүсвэр хэрэгтэй. Энэ их мөнгийг олох эх үүсвэрүүд гэвэл та юуг онцлох вэ?
-Ер нь тун цөөхөн эх үүсвэр бий. Нэгдүгээрт, улсын төсөв. Гэтэл улсын төсвийн алдагдал ямар байгаа билээ. Засгийн газрын гадаад өр сүүлийн дөрөв, таван жилийн дотор дөрвөн тэрбум ам.доллараас найман тэрбум ам.доллар болоод өсчихлөө. Эдийн засгийнхаа 70 хувьтай тэнцэх өртэй улсад гадныхан хөрөнгө оруулалт хийхгүй. Хятадууд нөлөөгөө тогтоох зорилгоор хямд хүүтэй зээл өгч магадгүй юм. Гуравдагч хөршүүдийн хувьд дампуурчихгүй байгаасай гэсэндээ хүмүүнлэгийн зорилгоор тусламж л өгнө. Товчхондоо том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг төсвөөр дамжуулж хийх боломжгүй. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт татах бас нэг эх үүсвэр байх боломжтой. Гэхдээ хувийн хэвшлийнхэн маш хүнд байдалтай байгаа.
-Хөгжлийн банкаар дамжуулж том төслүүдээ хэрэгжүүлэх гарц байж болох юм…?
-Уг нь том төслүүдээ санхүүжүүл гээд байгуулсан л даа, Хөгжлийн банкийг. Харамсалтай нь энэ банкийг сүүлийн дөрвөн жилд Сангийн сайдын хамаатан садан, найз нөхөд, нууц амрагууд очиж тансагладаг байгууллага болгоод хувиргачихсан. Танил тал харж их хэмжээний зээл гаргаснаас болж ямар байдал үүссэнийг та ч мэдэж байгаа. Шуудхан хэлэхэд, Хөгжлийн банкаар дамжуулж төслүүд хэрэгжүүлэх боломжгүй.
-Тэгвэл арилжааны банкуудаараа дамжуулж хэрэгжүүлэх гарц байна уу?
-Та ч анзаарч байгаа байх, арилжааны банкуудын амыг хааж байна шүү дээ. Маш хүнд нөхцөлөөр торгож байна. Яг үнэндээ хэрэглээний зээлүүд дээр л өрсөлдөж байна. Шуудхан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа 100 их наядынх нь хөтөлбөрт нэмэр болохуйц төсөлд зээл гаргаж чадахгүй. Ингээд харахаар зуун их наядын гэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг би хувьдаа байдаг л нэг хоосон пиар гэж харж байна. Энэ зуунд дэлхий хавтгай болчихлоо. Өнгөрсөн зуун шиг хоосон пропоганда, уран гоё үгээр явахаа больчихсон. Тэр утгаараа хэрэгжих боломж муутай хөтөлбөр.
-Та ярилцлага эхлэхийн өмнө “МАН хэдэн жилийн өмнө боловсруулсан төслөө л зарлачихлаа, тоонуудыг нь өнөөгийн инфляцид уяж хоёр дахин үржүүлж тавьснаас өөр өөрчлөлт алга” гэсэн дээ. Хэзээ зарласан ямар хөтөлбөр билээ?
-Аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгаа тэтгэнэ гээд явж байсан бодитой жишээ бий. Цаг хугацааг нь хэлбэл 2012 оны сонгуулийн өмнө. Мөн л том төслүүдээ хөдөлгөнө, тэр төслүүддээ хөрөнгө оруулалт татна гэж байсан юм. Тооцоогоо 60 гаруй их наяд төгрөг гэж гаргасан санагдаж байна. Сая танилцуулсан хөтөлбөрийг нь харахаар тэр үед зарлаж явсан өнөө хэдэн төслөө, яг тэр үед тодотгож байсан санаагаа жагсаачихсан байх жишээний. Ялгаа нь гэвэл шаардлагатай хөрөнгө оруулалт нь хоёр дахин өссөн байна. Энэ хугацаанд инфляци хэрхэн цойлсон, мөнгөний үнэ цэнэ яаж унасныг хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм. Арваад жил, бүр нарийвчилж хэлбэл, арав хүрэхгүй жилийн өмнө Солонгосын нэг вон Монголын нэг төгрөгтэй тэнцдэг байлаа. Гэтэл өнөөдөр вон хэдтэй байгаа билээ. Монгол төгрөгийн ханш дор хаяж хоёр дахин уначихсан яваа. Долларын ханш тэр үед 1100 төгрөг байсан. Одоо 2800 төгрөг даваад явчихсан. Ингээд харахаар төгрөгийн ханшийн уналтаа тооцоод өнөө хэдэн тоогоо солиод тавьчихсан байна л даа. Шинэ зүйл огт алга.
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх гол гарц бол хөрөнгө оруулалт татах. Тэгвэл энэ засаг хөрөнгө оруулалт татах талд яаж анхаарч байна вэ. Ер нь хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарсан он жилүүд гэвэл та аль үеийг онцлох вэ?
-Хөрөнгө оруулалтыг хэн нь татаж байж вэ гээд харахаар муу нэртэй, луу данстай АН-ыг л дурсах хэрэгтэй болчихоод байна л даа. Дубайн төлөвлөгөөг батлаагүй бол өнөөдөр бид яах байсныг төсөөлөхөд хэцүү. Энэтхэгээс зээл олж ирээд газрын тос боловсруулах үйлдвэр бариад эхэлчихлээ гээд байгаа. Яг үнэндээ энэ зээлийн эхлэлийг АН-ын үед шийдсэн. Зэс баяжуулах үйлдвэрийг дагаад зэс хайлуулах үйлдвэр байгуулах төсөл мөн л АН-ын үед эхэлсэн. Бүр гурван газар сонгоод гаднаас хөрөнгө оруулалт татъя гээд явж байлаа. Товчхондоо АН-ын үед эхлүүлсэн зөв санаачилгуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж яваа нь олзуурхууштай. Нэг зүйл их тод анзаарагдаад байгаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг харахаар 2020 оны АН-ын мөрийн хөтөлбөрийг тэр чигт нь хуулаад тавьчихсан байдаг. Тэрийг та анзаарсан уу?
-Үгүй юм байна. Яг ямар заалтуудыг нь хуулсан гэж?
-Баялагтаа эзэн Монголоос эхлээд өчнөөн санаа бий, анзаарч судлаарай. Л.Оюун-Эрдэнийн саяын хөтөлбөрийг харахаар өнөө л Хүрэлсүх стайл үнэртэж байна. Энгийн жишээ хэлэхэд “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэсэн заалт байна.
-Энэ заалт АН-ын яг ямар баримт бичигт байдаг юм бол?
-АН-ын дүрэмд байдаг юм. Яг тэр чигээр нь аваад тавьчихсан байна лээ. Ер нь бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн АН-ын мөрийн хөтөлбөрийн санааг маш их хуулж. Ингэж хуулсанд нь нэг талаас баяртай яваа шүү. Зуун жилийн ойгоо тэмдэглэж байгаа МАН хэмээн зомби нам маань оюун санаа, үзлийн хувьд үхмэл болчихсон нь хэнд ч ил үнэн. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр АН-ын зөв үзэл санааг хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Улс төр сонирхдог хүмүүс 2016, 2017, 2020, 2021 оны АН-ын мөрийн хөтөлбөрүүдийг цаг гаргаад харвал эдийн засгаа яаж томруулах вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэсэн асуулт тавиад бодитой нэмэр болохуйц төслүүдийг жагсаасан байгаа. Тэр төслүүдийг хуулаад тавьчихсан харагдсан. Ер нь мега гэлтгүй төслүүдийн 30 хувь нь амжилтгүй болдог. Том төслүүдэд ч амжилтгүй түүх өчнөөн. Жишээ нь, твиттер гэхэд л анхныхаа жилд хөрөнгө оруулалтаа нөхчихнө, ашигтай ажиллана гэж байсан. Гэтэл арван жилийн дараа л арайхийж зардлаа нөхөж чадсан. Apple гэхэд утасгүйгээр цэнэглэдэг суурь бүтээж хэрэглээнд оруулна гэж зарлаад маш олон жил ажилласан. Хугацаа хэтэрсэн, үнийн дүн нь хэтэрч өссөн. Эцэст нь бүтэлгүйтсэн. Юуханд ч хянамгай ханддаг Германд хүртэл ашиглалтад орох хугацаа нь арав, хорин жилээр хэтэрсэн том төслүүд байж л байна. Товчхондоо мега төслийн мөн чанар нь амжилттай, амжилтгүй болох магадлал нь 50, 50 хувь байдаг. Амжилттай боллоо гэхэд зардал өсөх, хугацаа хэтрэх магадлал нь дахиад тавь, тавин хувь байдаг л даа. Энэ мөн чанарыг МАН огт ойлгодоггүй. Зүгээр л улс төр хийж, хийрхэж, популизмддаг байсан юм. Одоо өөрсдөө энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Ийм том төслүүдгүйгээр манай эдийн засаг тэлэхгүй гэдгийг ойлгочихсон нь үнэхээр олзуурхууштай. Энэ хүлээн зөвшөөрлөө аятайхан ойлгуулж, пропоганда хийхийн тулд “Шинэ сэргэлт” гэх мэт гоё нэр өгчихлөө л дөө. Яг үнэндээ мега төслийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрснөө л харууллаа. Уг нь улс төрийн соёлтой том нам бол өөрсдөө шууд “Том төслүүд зовлонтой байдаг юм байна, бид үүнийг нь ойлгохгүй хийрхэж алдаж явжээ” гээд хүлээн зөвшөөрчихсөн бол гоё харагдах байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Өнөө л большевик аргаараа, түүхийг гуйвуулж бичдэгээрээ хандаж байна. Огт өөр, шив шинэ юм гаргаж ирж байгаа мэт худлаа суртал ухуулга хийж байна. Гэхдээ наанаа ингэж хоосон улс төр хийж яваа ч цаанаа эдийн засгийг тэлэх том төслүүдийг үнэхээр дэмжиж байгаа бол юу хэлэхэв.
-Гэхдээ манайд хэрэгжиж байгаа том төслүүдэд улс төрийн нөлөө их шүү. Улстөржилтөө дагаад олны эсэргүүцэл ч их байх шиг анзаарагддаг…?
-Манайд хэрэгждэг том төслүүдийн тухайд сонгуулийн өмнө улстөржүүлдэг нь түгээмэл үзэгдэл. Гэхдээ “Сантмарал” гэх мэт томоохон судалгааны төвүүдийн судалгаанаас харахад ард түмэн нэг их улстөрждөггүй нь ажиглагддаг. Энэ мэт гоё уриалгуудын цаана бизнесээс улс төр рүү орж ирсэн том бүлэглэлүүдийн зөрчилдөөн л байдаг. Шулуухан хэлэхэд нэг талд Сү.Батболдын бүлэглэл, нөгөө талд Х.Баттулгын бүлэглэл байх жишээний. Тэд том төслүүдэд нөлөөллөө тогтоох сонирхолтой аж төрдөг. Асар их мөнгө эргэлддэг учраас энэ том мөнгөний машин дээр байр сууриа бэхжүүлэх сонирхолтой байдаг. Энэ бүлэглэлүүдийг ашиглаж хямд аргаар улс төрд тогтож үлдэх, улс төрд байх цаг хугацаагаа уртасгах гэсэн зальтай улстөрчид бас бий.
-Жишээ нь, хэн хэн байна вэ?
-Н.Алтанхуяг, Ц.Нямдорж гээд нэрлэвэл олон хүн бий. Н.Алтанхуяг 2014 онд ард түмэндээ хандаж том төслүүдээ хэрэгжүүлье, улстөржихөө больё гэсэн мэдэгдэл хийчихээд “Рио тинто”-д буулт хийсэн захидлыг өөрөө дур мэдээд явуулж байсан. Тэр үед улс төрийн алдаа хийснийхээ төлөө огцорчихоод одоо болохоор “Дубай, Таван толгойгоос болж огцорсон” гэх мэтээр өөрөө өөрийнхөө эсрэг юм яриад явчихаж байгаа юм. Мань эр Таван толгойг хятадуудад өгөх гэлээ гэж их улстөржсөн. Яг үнэндээ хятадуудад өгөх Засгийн газрын тогтоолыг өөрөө гаргачихаад буусан шүү дээ. Сонгон шалгаруулалтын тогтоолыг нэг компанид зориулж, бүр тодруулж хэлбэл “Шинхуа”-гаас өөр компани шалгарах аргагүй хатуу байдлаар баталсан нь Н.Алтанхуягийн Засгийн газар. Иймэрхүү өнгөөр, нийгмийг, хөгжлийг гацаах замаар паразиталдаг хүмүүс аль ч нийгэм, ямар ч улсад байдаг. Манайд иргэний оролцоо, хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх муу хөгжсөн учраас иймэрхүү хүмүүс улам даварч, оодорсоор яваа. Бусад улсад бол ингэж давруулахгүй. Тогтолцоо сайтай учраас хог шааруудаа гаргаад хаячихдаг дадал суучихсан байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ, хог шаарууд нь эх оронч болж харагдаад явдаг болчихсон байна л даа.
-Бид яагаад ийм байдалд хүрчихэв?
-Нэг жишээгээр хариулъя. Арван жилийн өмнө манай эдийн засаг 12 тэрбум ам.доллар байсан. Одоо 13 тэрбум ам.доллар. Гэтэл Вьетнамын эдийн засаг энэ хугацаанд хоёр дахин өссөн байх жишээний. 125 тэрбум ам.доллараас 327 тэрбум ам.доллар болоод өсчихсөн. Нэг хүнд оногдох ДНБ гэсэн ойлголт байдаг. Манай улс буурах хандлага руугаа орчихсон яваа. Казахстан өссөөр байгаад олон улсын жишигт хүрчихлээ. Уг нь яг ижил улсууд. Миний хувьд 1996 оноос нэг зүй тогтол ажигласан. Манайд доллараар илэрхийлснээр нэг хүнд оногдох ДНБ-ий арван хувь нь л дундаж цалин болоод байгаа. Өдгөө монголчуудын дундаж цалин өсөөд нэг сая төгрөг болсон гэж байгаа ч доллар руу шилжүүлээд үзвэл буурчихсан. Жилд 30 мянган оюутан Их, дээд сургууль, 40 мянган залуу МСҮТ-ийг төгсч байгаа. Ингээд харахаар жил бүр 70 мянган залуус хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байна. Манай эдийн засаг энэ хэмжээний ажлын байрыг бий болгож чадаж байна уу гэхээр үгүй гэсэн хариу гардаг. Өндөр татвар, зээлийн дарамтад байгаа хувийн хэвшлийнхнийг энэ тохиолдолд буруутгах аргагүй. Хууль зөрчихгүйгээр цалингийн зардлаа бууруулахын тулд дадлагажигч аваад хоёр сар ажиллуулах маягаар амь зууж байна.
-Ингээд харахаар хувийн хэвшлийнхэнд ч асуудал байх шиг…?
-Энэ тохиолдолд хувийн хэвшлийнхэнд буруу өгөх боломжгүй. Сарын мянган долларын цалинтай ажлын байр бий болгохын тулд тэдэнд дор хаяж арван мянган долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоо нэг бяцхан тоо бодъё. Жил бүр далан мянган ажлын байр бий болгохын тулд 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Бид энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт тэр орчимд л доо. Харамсалтай нь тэр мөнгө тендерчдэд очдог. МАН-ын дарга ангийнхныг тэтгэдэг, тэднийг дагаж амьдралаа залгуулдаг, сонгуулиар өгсөн хэдэн цаасныхаа хариуд өөрсдийн хүмүүсээ төрийн том албаны даргаар тавьдаг нөхдүүдэд. Тэд төсвөөс мөнгө авангуутаа Эрээн рүү гүйдэг. Тэгээд хөшөө гэх мэт стандарт төсөв, зардал тооцоход хэцүү юм руу оруулаад, сонгуульд зарсан мөнгөө буцаагаад авчихдаг. “Сонгуулийн халтрууд” гэсэн нэршилтэй энэ нөхөд хил гаалийнханд элдэв хахууль өгөөд өөрсдийн бараа, материалаа хувийн хэвшлийнхний урдуур оруулж ирээд байгаа нь бодитой үнэн. Ингээд харахаар хоёр талын сөрөг нөлөө гарч байна л даа. Нэгдүгээрт, МАН-ыг дагавал бизнес нь асар хурдан томордог, дарга ангийн эгнээнд ордог гэсэн маш буруу дохиог залуу бизнес эрхлэгчдэд өгөөд байна. Нөгөө талд бор зүрхээрээ хөдөлмөрлөдөг, дундаж давхаргыг бий болгодог бизнесийнхэнд ямар ч боломж олдохгүй яваа. Манай эдийн засаг томрохгүй байгаагийн үндсэн шалтгаан ерөөсөө л энэ. Татвар төлөгчид нь мөнгөө төлөөд байдаг. Татвар төлөлтөөс бүрдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засагтаа шингэхгүй, нэг бол Эрээн рүү гараад, эсвэл улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг улам баяжуулах эх үүсвэр болоод байна. Татвар төлөгчдөөс төлдөг мөнгө буюу татварын орлого жил бүр 30 хувиар ихэсч байгаа. Миний цалингийн 30 хувь төр рүү явчихдаг. Миний авдаг талхны 50 хувь нь бас л төрийн халаас руу НӨАТ ба бусад хэлбэрийн татвар хэлбэрээр ордог. Товчхондоо миний зарлагын 50 хувь, орлогын 30 хувь төр рүү явж байна. Энэ мэтээр татвар төлөгч жирийн иргэд төсвийн орлогыг бүрдүүлдэг ч өнөө төсөв нь эргээд бидний төлөө биш, дарга ангийн төлөө яваад байгаа. Эцэст нь хэлэхэд, дарга ангийг хамгаалж бэхжүүлдэг хамгийн том бүтэц нь МАН болчихсон. Үүнийгээ зассаны эцэст л одоо яриад байгаа шинэ сэргэлтийн бодлого нь хэрэгжих байх.