Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: “Эрдэнэт”-ээс төр авахаа авчихсан, одоо 100 хувь хувьчлах хэрэгтэй DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Эрдэнэтийн хувьцааг иргэддээ эзэмшүүлье гэсэн санааг олон эдийн засагч дэмжиж байх шиг. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалыг яаж явуулах вэ гэсэн асуултаас өмнө сонирхох нэг өнцөг байна. Энэ үйлдвэр өнгөрсөн зуунд яаж босов, өнөөг хүртэл ямар зам туулж ирэв, 49 хувь нь Монголд ирсэн цаад учир шалтгаан гээд асуух зүйл их байна аа. Наад захын жишээ гэхэд л ижил төрлийн уурхайнуудтай харьцуулахад ямархуу үнэ өртгөөр босч байсан юм бол?

-Эрдэнэтийн хөрөнгө оруулалт 1976 оноос эхэлсэн, ашиглалтад орсон он нь 1978 он гэдгийг эхлээд онцолъё. Анхны үнэ өртөг нь Индонезийн Грасберг уурхайтай харьцуулахад дөрөв дахин их байсан юм билээ. Эрдэнэтийг бараг 300 сая ам.доллараар үнэлсэн байдаг. Эрдэнэт хотыг тусад нь бас 300 сая ам.доллараар үнэлсэн харагдсан. Эрдэнэт хот тухайн цагт цөөн хэдэн байшинтай л байсан. Өөрөөр хэлбэл, анхнаасаа өндөр өртөгтэй боссон бүтээн байгуулалт. Зөвлөлтийн мэргэжилтнүүд дэлхийн дунджаас өндөр ханшаар цалинждаг, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний хөлс мөнгө ч олон улсын ханшаас өндөр, манай баяжмалыг маш бага үнээр үнэгүйдүүлж авдаг гээд яривал асуудал их бий. Товчхондоо оросууд гаргасан өртгөө хэд дахин нөхчихсөн. ЗХУзадрах үед манайхан самбаачлаад 51 хувь болгосон түүхтэй.

-Эрдэнэт үйлдвэр эхний хэдэн жилдээ бүх татвар хураамжаас бүрэн чөлөөлөгдөж явсныг ч бас дурдах ёстой байх..?

-Татвар хураамжаас бүрэн чөлөөлөгдөхөөс гадна татаас авдаг байсан. Нэг тэрбум төгрөгийн татаас авсан түүх бий. Одоогийн ханшаар тооцвол овоо мөнгө гарах байх. Эрдэнэтийн тухайд 1997 оноос анхны татвар, роялтиг авч эхэлсэн байдаг юм. Ер нь манайхан “Зэс хайлуулах үйлдвэр барь, тэгэхгүй бол баяжмал дотор юу гарч явааг мэдэхгүй байна” гэх мэтээр оросуудыг байнга шахдаг байсан юм билээ л дээ. Тэгж явтал зэсийн үнэ ч өсч, манай улс зэсийн баяжмалаас гэнэтийн ашгийн татвар авахаар хуульчилчихсан. Энэ шийдвэрийн цаана зэс хайлуулах үйлдвэр бариулах санаа байсан гэдэг. Манайхан нэг хэсэг “Эрдэнэт”-ээс нэлээд авсан л даа. Орлогынх нь ихэнхийг авч, ногдол ашиг гэхээр юм өгөхгүй шахам болсон. -Хойд хөрш “Эрдэнэт”-ийн хувийг зарах болсон шалтгааны нэг нь энэ үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Өөр ч шалтгаан бий. Тухайн үед ОХУ Крымийг авснаас болж Америк, Европын хоригт орсон нь Эрдэнэтийн 49 хувь Монголд ирэхэд нөлөөлсөн. Тэр үед хойд хөрш нэлээд хэцүүдсэн л даа. Газрын тос, хийн үнэ унасан гэх мэт цөөнгүй шалтгаан байсан. Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” тухайн үед ихэнх ордоо зарсан байдаг юм. “Эрдэнэт” бидэнд зуун хувь ирсэн түүх ерөөсөө л энэ. “Ростех”-ийг “Эрдэнэт”-ийн хувийг зарах гэж байх үед Казахстаны хоёр, Хятадын хоёр компани авах сонирхлоо илэрхийлчихсэн байсан. Гэхдээ “Ростех”-ийн хувьд мөнгөтэй хувийн компанид зарах сонирхол давамгай байсан юм билээ.

-Яагаад?

-Улсын компанид зарвал мөнгөн дээрээ асуудал үүсгэнэ, бүгдийг нь шууд шилжүүлэхгүй, процесс нь төвөгтэй гэх мэтээр болгоомжилсон байх. Хоёрдугаарт, хоригт орчихсон учраас “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах явцыг хаалттай, хурдан шуурхай хийх зайлшгүй шаардлага байсан гэж харагддаг. Манай улсын хувийн компанийн тухайд мөнгөө шууд шилжүүлье гэсэн болохоор 49 хувийг худалдаж авч чадсан хэрэг. Бусад нь тодорхой хувийг нь урьдчилж өгөх санал тавьсан гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Тэр мэдээлэл ортой байх.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах хэлцэл хууль бусаар өрнөсөн гэх эргэлзээ, хардлага өнөө ч хүчтэй байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Хэлэлцээрийн хувьд хууль бусаар өрнөх ямар ч боломжгүй. Наад захын жишээ гэхэд “Ростех” дэлхийн хамгийн шилдэг хуулийн фирмүүдийг хөлсөлж ажиллуулсан байдаг. Манай улсын компани ч шилдэг компаниудыг хөлсөлж ажилуулснаа удаа дараа мэдэгдэж байсан.“Ростех”-ийн зүгээс “Бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн, бизнесийн зарчмаар явсан, монголчууд Эрдэнэтээ зуун хувь аваад явах цаг нь болсон” гэсэн утгатай мэдэгдэл гаргасныг та мэдэж байгаа. Миний ойлгосноор манайд гадаадын гэрээ хэлэлцээрийн тухай хууль гэж бий. Тэр хуульд олон улсын протоколоос гарах юм бол Засгийн газар бие дааж шийдэж болно, дараа нь УИХ-д танилцуулна гэсэн утгатай заалт бий. УИХ-аас чиглэл заавар авах шаардлагагүй гэсэн үг. Энэ асуудлыг Засгийн газар дээр удаан хэлэлцсэн гэдэг. Мэдээлэл нь ил болсон шалтгаан нь ерөөсөө л улс төр. МАХН-аас нэр дэвшиж гишүүн болсон З.Баянсэлэнгэ 2016 оны сонгуулийн үеэр улс төр хийх гээд ил гаргасныг бүгдээрээ мэдэж байгаа. Засгийн газраас УИХ-д асуудлыг оруулъя гээд, тэр үед сайд байсан Д.Эрдэнэбатад даалгасан ч сонгуулийн өмнөх үе таарсан учраас гишүүд хөдөө явчихсан, чуулган тарсан үетэй давхацсан гэх шалтгаан бас бий. Шинэ чуулган бүрдэнгүүт танилцуулагдаад явах асуудал байсан ч дундуур нь улс төр орсон учраас нийгэмд буруу мессэж өгчихсөн л дөө. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад тухайн үед “Эрдэнэт” зуун хувь Монголд ирсэн нь зөв гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Орос, Украйны дайнаас болоод хойд хөршийн төрийн өмчит компаниуд хоригт орчихсон яваа. Оросын төмөр зам төлбөрийн чадваргүй болсноо зарлачихлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэмшигч байсан “Ростех”яах ч аргагүй болж хэцүүдсэнээ өнөө маргаашгүй зарлах магадлал маш өндөр байна. Хэрвээ “Эрдэнэт”-д Оросын хувь хэвээр байсан бол одоо гүйлгээ нь хаагдчихсан суух байсан.

-За “Эрдэнэт”-ийн хувьцааны асуудал руу эргээд оръё. Хувьцааг нь Хөрөнгийн биржээр арилжаалахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой алхам юу вэ?

-Өндөр хувиар авдаг роялтигийн хэмжээг нь бууруулах хэрэгтэй. 20 хувийн роялти төлдөг жишээ хаана ч байхгүй.

-Таныхаар “Эрдэнэт”-ийн хувьцааны хэчнээн хувийг олон нийтэд арилжаалах боломжтой вэ?

-Хуулиа харвал “Эрдэнэт”-ийн 10 хувийг шууд олон нийтэд өгөх хэрэгтэй.Стратегийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьцааны арав хүртэлх хувийг дотоодын биржээр иргэдэд тараана гэсэн агуулгатай заалт Ашигт малтмалын хуульд бий. Ер нь энэ үйлдвэрийн хувьцааг зуун хувь арилжаалсан ч болохгүй юмгүй. Учир нь төр энэ үйлдвэрээс авах юмаа авчихсан, роялтигаар дамжуулаад. Баялагтаа эзэн монгол гэсэн уриаг Эрдэнэт дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр олон нийтэд шилжих цаг аль хэдийнэ болчихсон.

-Энэ хэвээр төрийн мэдэлд байлгаад байвал өгөөжөө өгөхгүй гэж үү?

-Тодорхой шүү дээ. Төрд байхаар яадгийг Эрдэнэтийн өнгөрсөн түүхээс харчихаж болно. Өнөөдөр гэхэд л ямар байгаа билээ. Дэд захирал нь хүртэл Лондонд хэдэн тэрбумаар байшин авсан гэх дуулиан шуугиан дэгдэж байна. “Эрдэнэт”-ийн өөрийн өртөг нь маш өндөр. Тонн тутамдаа 4500 ам.долларын өртөгтэй ажилладаг байх шүү. Гэтэл Перу, Чилид “Эрдэнэт”-тэй ижил төстэй газруудынөртөг нь 2500-3500 ам.доллар л байдаг. Ижилхэн төрийн өмчтэй компаниуд гэхэд өртөг нь ийм бага.Чилийн жишгээр мэргэжлийн, олон нийтийн хяналттай байх ёстой. “Эрдэнэт”-д ихдээ 600 хүн л хангалттай байхад 6000 хүн ажилладаг. Төв оффист нь ажилладаг хүмүүсийн цайны цаг ямар хугацаанд үргэлжилдгийг мэдэх үү?

-Мэдэхгүй юм байна.

-Өглөө арван цагт ирээд үдээс хойш таван цагт ажлаасаа тардаг хэрнээ бүтэн хоёр цагийг цай хоолондоо зарцуулдаг. Ингэж ажилладаг хэрнээ өндөр цалинтай. Төрийн өмч ийм л байдаг. Нийгэм талаасаа олон хүн ажилтай ахуйтай яваа нь сайн ч бүтээмжгүй байдлыг өөгшүүлэх, хүн капиталыг залхуу шимэгч байдлаар ашиглах гэдэг талаасаа эргэж харах ёстой асуудал. Гэх мэтээр яривал “Эрдэнэт” төрийнх байсны муу тал өчнөөн. Тиймээс энэ үйлдвэрийг 100 хувь олон нийтийнх болгох хэрэгтэй.Гэхдээ “Эрдэнэс Таван толгой” шиг болгож болохгүй. Шуудхан хэлэхэд, 1072 бол хувьцаа биш шүү дээ. Зүгээр л ваучер.

Ерээд онд цэнхэр, ягаан тасалбарыг биржээр дамжуулсан бол монголчууд хувьцааны соёлтой болчих байсан. Тэгсэн бол өнөөдрийнх шиг байдал үүсэхгүй байлаа. П.Жасрай гуай Ерөнхий сайд болоод Хөрөнгийн биржийг 1995 он хүртэл ашиглалтад оруулаагүй. Тэр зуур улсаас тараасан эрхийн бичиг үнэ цэнээ алдсан. Зальжин, овжин хүмүүс нь брокерийн пүүсээр дамжуулаад цэнхэр, ягаан тасалбарыг хамаад худалдаад авчихсны цаана ийм шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, бараагаа худалдах захыг нь ажиллуулахгүй хааж боож байгаад улсаас тараасан цэнхэр, ягаан тасалбарыг үнэгүйдүүлчихсэн гэсэн үг. Уг нь өөр намынх гээд зогсоож болохгүй ажил байсан юм. Ийм шалтгаанаар хувьцааны соёл гэдэг юм байхгүй болж, тийм учраас банкуудад дарлуулаад яваад байна л даа. Манай санхүүгийн зах зээлийн 97 хувь нь банк байдгийн уг учир цаанаа ийм шалтгаантай. Гэтэл бусад улсад үсрээд л 45 хувь нь банк шүү дээ. Бусад нь биржээр дамжаад явдаг. Мөнгөө хадгаламжид гацаагаад инфляцид идүүлээд байхын зовлонгүй амьдрах боломжийг хөрөнгийн зах зээл л олгодог. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг одоо хүртэл эргэлтэд оруулахгүй яваа нь буруу. Иргэд энэ компаниас эзэмшдэг хувьцаагаа зардаг арилжаалдаг эрхтэй байх ёстой. “Эрдэнэт”-ийн хувьцааг үүн шиг амьгүй болгож болохгүй. Эрдэнэтийн иргэд иргэний үнэмлэхээрээ 40хувийн хөнгөлөлттэй авна, бусдынх нь хувьд дээд хязгаартаа төчнөөн хувьцаа авна гэсэн зааг тавиад өгчих хэрэгтэй.

-Заавал хязгаар тавих шаардлага байна уу?

-Дээд хязгаарыг нь тавьж өгч байж энэ үйлдвэрийн үр өгөөжийг олноороо хүртэнэ. Тэгэхгүй бол хэдэн тэрбумын хадгаламжтай улстөрчид нь хамаад авчих эрсдэлтэй. Наад зах нь гэхэд л манай Ерөнхийлөгч хоёр тэрбумын хадгаламжтай. Хүүгийн орлого нь гэхэд л жилдээ 200 сая, өдрийн хүүгийн орлого 500 мянган төгрөг. Иймэрхүү нөхөд “Эрдэнэт”-ийн хувьцааг хамаад авчих эрсдэлтэй учраас хязгаар тавьж өгөх хэрэгтэй гээд байгаа юм. Иргэн бүрд 10 ширхэг гэх мэтээр зохицуулалт хийж байж “Эрдэнэт”-ийн хувчлал түмэнд тусаа өгнө.Хамгийн гол нь эзэмшсэн хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр арилжаалах эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Монголчууд хөрөнгийн зах зээлийн өгөөж, ашиг шимийг нэг үеэ бодоход мэддэг, мэдэрдэг болчихсон учраас гурил, будааны үнээр хувьцаагаа хошуурч зарахгүй нь ойлгомжтой. Ашигтай ажилладаг үйлдвэрийн хувьцааг авсан хүмүүс өгөөжийг нь хүртэхийг л бодно. “Эрдэнэт”-ийн тухай ярьсных энэ үйлдвэрийн 49 хувийг авчирсан хэлцлийн талаар бодож явдаг нэг өнцгөө хэлчих үү?

-Тэг тэг.

-Монголчууд гаднаас л хөрөнгө оруулалт татдаг улс. Гэтэл “Эрдэнэт”-ийн хэлцэл энэ жишгийг эвдсэн. Монголын хувийн өмчтэй компани гадагшаа хөрөнгө оруулалт хийсэн. Монголчууд шинэ шатанд гарсныг харуулсан хэлцэл болсныг ярих хүн цөөн анзаарагддаг. Хятад, Оросын компаниуд манай улсад хөрөнгө оруулчихсан чинь Орос, Хятадын улстөрчид нь өнөө компаниа загнаад чичээд байвал яах вэ. Манай улстөрчид ийм л авир гаргаад яваа, “Эрдэнэт” дээр.

-Сонин л өнцөг байна. Тухайн үед 400 сая ам.доллар шууд гаргаснаас болж төгрөгийн ханш унасан гэх шүүмжлэл дуулддаг. Манайх шиг жижиг улсын тухайд ийм том хэлцлийг чимээ аниргүйгээр тэгж хийхийн эрсдэл нь чанга шиг байгаа юм?

-Дэлхийн бүх л улсын компаниуд гадны оронд хөрөнгө оруулалт хийхдээ ам.доллараар л хийдэг. Миний сая жишээлсэнчлэн Орос, Хятадын компаниуд манайд хөрөнгө орууллаа гэхэд доллар л оруулж таарна. Тэгж байж хөрөнгө оруулалт болно. Хэлцэл хийж гадагшаа хөрөнгө оруулж, улсдаа ашигтай наймаа хийж байгаа компанийн тухайд өөрсдөө доллар үйлдвэрлэж чадахгүй. Манай улсын хувьд доллараар хангах, долларын эх үүсвэрийг бэлэн байлгах эрх үүрэг хуулиараа Монголбанкинд бий. Тэр утгаараа зайлшгүй өрнөх процесс байсан. Хоёрдугаарт, экспортын орлого олдог компанийг зуун хувь улсынхаа мэдэлд авсан хэлцэл гэдгийг анзаарахгүй орхиж болохгүй. Жилд тэрбум ам.долларын орлого олдог компани шүү дээ. Үр ашгаа сайжруулах замаар гаргасан доллараа зөрүүлээд олчих боломжтой. Тийм л хэлцэл байсан. Баахан доллар гаргаад төгрөгийн ханшаа навс унагачихсан гэдэг чинь харанхуй масст зориулсан тархи угаалт. Эцэст нь нэг зүйлийг хэлмээр байна. Би Д.Эрдэнэбилэг гэж хүнд дуртай биш, сайн мэдэхгүй. Гэхдээ энэ хүнийг шүүмжилж адлахдаа нэг том өнцгийг олж харахыг хүсэхгүй байгааг зориуд хэлмээр байна. “Хөтөл-”ийг хятадууд авчихсан байхад энэ хүн улсдаа авч үлдсэн. Хэрвээ тэгээгүй бол Хөтөлийн цементийн үйлдвэр “Петро чайна Дачин Тамсаг”-ийн араас орчих байсан. “Петро чайна”-г хамгаалдаг улстөрч цөөнгүй бий. Ийм хамгаалалтад орчихсон бол бид өнөөдөр “Хөтөл” дээр яаж ч томрох гээд чадахгүй. Хоёрт Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэрүүд кластер гээд байгаа нь бодитой тайлбар. Зэс хайлуулах үйлдвэр барья гэвэл шохой, цемент, бөөрөнцөг хэрэгтэй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Энэ утгаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр,Эрдэнэт гурвыг нийлүүлж кластерийн системээр ажиллавал зардал маш их хэмнэгдэнэ. Монголд ашигтай байхгүй юу. Гэтэл өнөөдөр гурван тийш салгачихлаа л даа. “Эрдэнэт”, “Хөтөл”-ийг Монголд авч үлдэх явцад алдаа байсан л байх. Гэхдээ том агуулгаараа энэ үйлдвэрүүдээ Монголдоо авч үлдсэн нь зөв байсан. “Эрдэнэт”Оросынх, “Хөтөл” Хятадынх байсан бол бид өнөөдөр баларч байгаа. “Хөтөл”Хятадынх байсан бол үнийн бодлогоороо Монголын хоёр үйлдвэрийг шууд дампууруулна. Улсынхаа төрийн банкнаас хүүгүй шахуу зээл авчихад л өрсөлдөх боломжгүй болно. Дахиад хэлье, Д.Эрдэнэбилэгт алдаа оноо байсан ч том утгаараа стратегийн хувьд улсдаа хэрэгтэй юм хийсэн нь үгүйсгэх аргагүй үнэн.Ю.Цэдэнбалын үед Рональд Рейган шиг муу хүн байхгүй, үүнээс болоод Монгол хөгжихгүй яваа гэдэг байсан. Дараа нь хөгжихгүй байгаагийн шалтгаанаар Д.Бямбасүрэн, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж тодорсон.Одоо сахал Эрдэнэбилэг болчихлоо. Ийм коммунист пропоганда хийдэг аргаасаа салах цаг болсон л гэмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *