Чойжин ламын сүм музейг газрын хөрстэй тэгшлэх нь гэх шуугиан нийгэмд дэгдээд байна. Энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.
-“100 гаруй жилийн түүхтэй Чойжин ламын музейг нурааж, соёлын өвөө устгах гэлээ” гэж сүүлийн үед тан руу их дайрч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл тийм зүйл байж болохгүй гэж анхааруулж жиргэсэн нь олон нийтэд үнэмшил төрүүлэх шиг боллоо. Чойжин ламын сүм музейтэй холбоотой ямар асуудал үүсээд байгаа юм бэ?
-Энэ асуудал нийгэмд үүссэнтэй холбоотой би ганц л зүйлээр бахархаж байна. Тэр нь юу вэ гэвэл, Монголын ард түмэн өөрсдөө соёлын өвөө хадгалъя, хамгаалъя, сэргээн засварлая, хөгжүүлье гэсэн бодолтой байгаад маш их талархалтай байна. Харамсалтай нь соёл, соёлын өвтэй холбоотой зүйлүүдийг маш их улстөржүүлэх юм. Миний хувьд Соёлын сайдын ажлыг авсан цагаас хойш Чойжин ламын сүм музейг яавал олон улсын стандартад нийцсэн, хадгалалт, хамгаалалттай болгох вэ, өв соёлоо эрсдэлээс хэрхэн сэргийлж, авч үлдэх үү гэдэг дээр ажиллаж байгаа. Намайг ирэхэд энэхүү сүм музейг тойроод битүү машин шавчихсан, соёлын үнэт өвийн хашаанд тултал нь машины зогсоол хийчихсэн байсан. Ар талынх нь зогсоол болсон газрыг өөр гэрээний зөрчилтэйгөөр бусдад эзэмшүүлчихсэн байв. Үнэн бодит байдал ийм л байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд миний хийсэн зүйл гэвэл Чойжин ламын сүм музейн эргэн тойрны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх тал дээр ажиллаж ирсэн. Энэ сүм музей маань модон хийцтэй, дэрсийг шавартай холиод барьчихсан юм билээ. Тийм учраас өнөөгийн нөхцөлд халаалт, дулаан тавих боломжгүй. Дотор нь байгаа хосгүй үнэт өвүүд эрсдэлд орчихсон байгаа юм. Чойжин ламын сүм музейн байшин маань өөрөө соёлын үнэт үзмэр. Гэтэл огт сэргээн засварлалтад хамрагдаагүй өдий хүрсэн. Иймд бид улсын төсвийн хөрөнгөөр, олон улсын байгууллагуудтай хамтран энэ сүм музейгээ сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авч чадсан. Өнгөрсөн хугацаанд сүм хийдээ сэргээхээр шаргуу ажиллаж байгаа Соёлын яам юу гэж нураах юм бэ. Үүнийг ингэж улстөржүүлж байгаа нь маш харамсалтай.
-Энэ сүм музей дотор байгаа соёлын өвүүд эрсдэлд орсон гэлээ. Тэгэхээр сэргээж, хамгаалахын тулд хэл ам болоод байгаа энэ барилгыг барих ёстой юм уу?
-Монголчууд маань Чойжин ламын сүм музейгээрээ ихэд бахархаж ярьдаг. Хувийн хэвшлүүдийн тусламжтайгаар эргэн тойрныг нь ногоон байгууламжтай болгосон тал бий. Дотор нь байгаа соёлын өвүүд буюу тухайн музейн барилга маань өөрөө эрсдэлд орчихоод байгаа юм.
Энд ажилладаг ажилтан албан хаагчид олон жилийн турш яам, тамгын газарт тавьж ирсэн хүсэлтийн дагуу бид судалгаа шинжилгээ хийгээд нийслэлд танилцуулсан. Ингэхдээ газар доогуур байрладаг сан хөмрөгийн өрөө, лаборатори шинжилгээний төвтэй байх ёстой. Үүнээс гадна соёлынхоо өвийг гадаадын жуулчид ирэхэд олон улсын стандартад нийцсэн жишиг болгох нь зөв. Ядаж л үзэсгэлэн үзүүлэнгийн танхим, хүлээгээд авдаг билетийн касс гэх мэтчилэн ажлуудыг стандартад нийцүүлж хийх зэргээр судалгаа хийж байсан. Ингэхдээ ногоон байгууламж нь угсрагдаж хойноосоо яваад, урд талын өндөр нь зургаан метр өндөртэй байгууламж байхаар судалсан ажил. Гэтэл намайг болон Соёлын яам сүм нураах гэж байна хэмээн нэлээд явсан. Энэ нь худлаа болох нь тодорхой болмогц ногоон байгууламжийг устгах гэлээ хэмээн дайрсан. Ингэж соёлын өв, монголчуудынхаа оюун санааны дархлаа, үндэстнийхээ тусгаар тогтнол руу халдаж улс төр хийнэ гэдэг тун харамсалтай. Надад өөр хэлэх юм алга.
-Энэ бол зүгээр танилцуулга зураг биз дээ?
-Өнөөдрийн байдлаар тэнд байшин барих төсөв хөрөнгө улсын төсөвт суусан юм байхгүй. Дахиад хэлэхэд тухайн байгууллагын ажилтан албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах ёстой. Үүнээс гадна соёлын өвөө стандартад нийцсэн сан хөмрөгт хадгалах сэргээн засварлах лабораторитой байх нь юу юунаас чухал. Үүнээс гадна гадаадын жуулчдад ая тухтай үйлчлэх боломжийг хангахын тулд эскиз зураг гарч, судалгааны түвшинд явж байгаа. Тиймээс энэ асуудал Нийслэл дээр яригдаж байна. Шууд хэлэхэд, өнгөрсөн хугацаанд Соёлын яам, соёлын бодлого байгаагүйгээс болж нийслэлд байгаа соёлын өвүүд хаягдчихсан байсан. 2023 оны төсөвт бид Драмын театрын дотор засал, Дуурийн театрын гадна засал, Чойжин ламын сүм музей болон Үндэсний төв номын сан, Богд хааны музейн сэргээн засвар, хүчитгэлийг хийлгэх хэмжээнд төсөв санхүүгийн шийдвэр гаргаж байсан тохиолдол байхгүй. Энэ болгон яамтай, бодлоготой болсны үр дүн.
-Эскиз зураг бодит болохын тулд цаашаа ямар процесс явагдах вэ?
-Эхлээд эскиз нь гарлаа. Хэрэв цаашаа хийгдээд явна гэвэл зураг төслийнх нь мөнгө төсөвт тавигдана. Үүний дараа зураг төсөлтэйгөө холбогдоод барилгын төсөв тодорхой болно. Тэрийг нь Барилгын хөгжлийн төв батлаад, дараа нь баригдах хөрөнгө мөнгө нь улсын төсөвт тавигдаад явна. Өнөөдөр эдгээр процессуудын аль, аль нь ч хийгдээгүй байгаа. Тэгэхээр улсын төсөв бол хууль. Энэ хуулиар ийм бүтээн байгуулалт хэрэгжүүлнэ гэсэн тохиолдолд бодит болж хэрэгжинэ. Одоогийн байдлаар зөвхөн эскизнийхээ түвшинд яваа, зураг төсөл нь хийгдээгүй. Тиймээс бид иргэдийн санал бодлыг харгалзаж үзнэ. Гэхдээ аливаа ажлыг цөөхөн хэдэн хүний ашиг сонирхол дээр суурилж гацаадаг байж болохгүй. Бид ирээдүй хойч үедээ соёлынхоо өвийг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөх, ЮНЕСКО-д нэгдэн орсон конвенциудаар хүн төрөлхтний түүхэнд хадгалж явах үүрэгтэй.
-Чойжин ламын сүм музейн халаалт, дулааныг нь шийдэх ямар ч боломжгүй юу?
-Энд ажиллаж байгаа манай ажилтан албан хаагчид -30 хэмээс +30 градуст зохицож ажиллаж ирсэн. Үзмэр тайлбарлагчид өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа цаг агаарын шилжилтийн өөрчлөлт үзмэрүүдэд нөлөөлж байгаа. Халж, хөрөөд эсвэл нороод байх болгонд тухайн үзмэрийн өөрийнх нь унаган төрхөд эрсдэл үүснэ. Дээрээс нь Чойжин ламын музей маань цэвдэгтэй газарт баригдсан модон байшин. Анхных нь хэлбэрээр байлгах шаардлагатай учраас орчин цагийн халаалтын технологиор шийдвэл соёлын өвдөө халтай. Япон, Хятад, Солонгост байдаг сүм хийдүүд яг адилхан нөхцөлд байдаг. Гэхдээ үзмэрүүдээ лабораторидоо сэргээн засварлах, шаардлагатай бол сан хөмрөгт хадгалах сав нь байдгаараа манайхаас ялгаатай.
-Чойжин ламын сүм музейд барилга бариад дотор нь түрээсийн үйлчилгээнүүд оруулах нь гэсэн яриа байсан?
-Тийм зүйл огт байхгүй. Уртаашаа 12 метр, өндөр нь зургаан метрийн хэмжээтэй газарт барилгын эскиз хийгдсэн. Ингэхдээ ногоон байгууламжийг устгахгүй. Сүм музейн урд хэсэгт зогсоол байгаа шүү дээ. Зогсоолоо багасгаад газрын гүн рүү оруулна. Зогсоолынхоо тэр хэсгийг ногоон байгууламжтай дээвэр болгоод, доод талд нь байгууламжаа бий болгох юм. Тэнд өөр төрлийн үйл ажиллагаа явахгүй. Нэгдүгээрт, сан хөмрөг болно. Хоёрдугаарт, тэнд лаборатори байрлана. Лабораторидоо сүм музейдээ байгаа соёлын өвүүдийг сэргээн засварлана гэсэн үг. Ингэж сэргээн засварлахгүй бол жил ирэх тусам соёлын өвүүд улам муудаж өгөрших аюултай. Үүнээс гадна тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг эрүүл аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан тодорхой хэмжээний орон зай бий болно.
Мөн гадны жуулчид төдийгүй дотоодын иргэдийг ая тухтай байлгах боловсон, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний төв байна. Музей гэдэг бол өнөөдрийн нөхцөлд иргэдийн оролцоон дээр суурилсан төв байдаг болсон. Хэдэн үзмэр тавьчихаад алсаас хардаг байхаа больчихсон. Илүү арга хэмжээ, боловсролын хөтөлбөртэй төвүүд байдаг болсон.
-Ингэхэд тэр эскиз зургаа яаж шалгаруулсан юм бэ?
-Тендерийн хуулийн хүрээнд зарлагдаад хийгдсэн ажил. Тодорхой деталь нь тухайн шалгарсан байгууллагын хүрээнд хийгдсэн. Харин бодлогын шийдвэрийг Соёлын яам бөгөөд сайдын түвшинд дэмжиж, судалгаа шинжилгээ эскизийг нь авч үзье гэсэн ажил юм.
-“Тамгагүй төр” жүжиг тайзнаа олон удаа тавигдсан. Соёлын яамнаас энэ жүжгийг санхүүжүүлж, хамаг төсвийн хөрөнгийг урсгалаа гэх хэл ам гараад байсан. Энэ үнэн үү?
-Манай яамны зүгээс энэ жүжигт ямар ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Харин ч энэ хүмүүс монгол түүх, соёлыг дэлхийн тайзан дээр гаргахад маш идэвхтэй ажиллаж байгаа. Бодлогын түвшинд дэмжсэн. Бид олон улсад өөрсдийгөө сурталчилна, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлнэ, дэлхийд гарна гээд байдаг. Энэ бүхэн соёлоор дамжиж гардаг. Тийм учраас би тоглолтоо хийх гээд байгаа театрт нь очиж, уулзалтыг нь хийж, анхны танилцуулгыг нь хийж өгсөн нь үнэн. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд хийж байгаа хамгийн том төслүүдийн нэг. Төр бол бодлогын дэмжлэг үзүүлж, харин хувийн хэвшил бүх санхүүжилтээ гаргаад явж байгаа ажил. Тэр хүмүүс театраа өөрсдөө санхүүжүүлээд түрээсэлж байна. Дахиад энд бэлтгэлээ хийхдээ театртаа түрээс төлж байгаа.
-Саяхан танай салбартай холбоотой бас нэг асуудал нийгмийн анхаарлыг татсан нь дуурийн дуучдын цалин хөлсний асуудал байсан. Үнэхээр дуучид бөөн бөөнөөрөө ажлаасаа гарч, харийн оронд хар ажил хийх болсон юм уу. Салбарын яам энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Дээр хэлсэнчлэн соёлын салбар бодлогоос гадуур 20 жил явсан. Үүнээс болж энэ салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудал үнэхээр орхигдсон нь үнэн. Соёлын яам байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа богино хугацаанд харин ч хууль эрх зүйн орчноо бүрэн шийдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар бас ч гэж 20 орчим хувийн цалингийн нэмэгдэл ирсэн. Энэ нь орон нутгийн болоод төсвийн байгууллагуудын хувьд бусад салбараасаа 20-40 хувь бага байгаа. Салбар яамны зүгээс төрийн албан хаагчдын цалин хөлс жигд байх ёстой гэдэг байр суурин дээрээ байгаа. Дан ганц төсвийн санхүүжилтээр цалинжихаас гадна бусад орлогоор санхүүжих боломжийг нээж өгч байгаа. Манай мэргэжлийн урлагийн байгууллагууд төсвөөс авсан суурь зардал дээрээ суурилан аливаа нэгэн уран бүтээл туурвиад үүнээсээ олсон орлогоо буцаад захиран зарцуулах эрх нь бүрэн нээлттэй байгаа.
Нэг ёсондоо уран бүтээл хэр сайн байна, төдий чинээ орлого олох боломжтой. Нөгөө талдаа хувийн уран бүтээлчид ашигтай ажиллаж болоод байгаатай адил манай уран бүтээлчдэд тэр боломж бий. Үндсэндээ бид бүтээлч үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих ёстой. Ингэснээр орлогын систем илүү тогтвортой болно. Тэр утгаараа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийг өргөн бариад байгаа.