УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал болох Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-С.Бямбацогт гишүүн Соёлын тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг асууж байна. Энэ бол хийх ёстой том зохицуулалт. Соёлын өвийн бүртгэлийн асуудлыг тусгаж өгснөөрөө онцлог хууль болж байгаа юм. Ер нь 1996 онд энэ хууль батлагдаж, өнгөрсөн хугацаанд 14 удаагийн нэмэлт өөрчлөлт орж байсан. 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталсан. Үүнээс хойш цаг үеийн зохицуулалтуудыг хийх шаардлагатай байсан. Соёлын үнэт зүйлсийг бүртгэдэг стандартыг тодорхойлж мэдээллийн сантай болохыг хуульд тусгасан.
Соёлын сайд Ч.Номин:
-Бидний хувьд Соёлын биет болон биет бус өвийг бүрэн бүртгэснээр цаашид хэрхэн хадгалан хамгаалах вэ гэдэгт анхаарна. Тэгэхээр биет бус өвийг бүртгэх цахим системийг нэвтрүүлж, дөрвөн төрлөөр бүртгэж байна.
Энэ нь иргэдэд мэдлэг болох нь чухал учраас энэ тал дээр анхаарч ажиллана. Мөн гадаадад байгаа соёлын өвүүдийг бүртгэн авч, эх орноо хэрхэн сурталчлах вэ гэдгийг хуульд тусгасан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Биет бус өвийг бүртгэх, цахимжуулах ажлыг тодорхой тусгажээ. Биет өв дээр тодорхой асуудал ярихгүй байна шүү. Энийг Эрдэнэсийн сангийн тухай хуультай уялдуулж, хэрхэн яаж бүртгэхэд анхаараарай. Хоорондоо уялдаагүй хууль батлагдчихаад бөөн асуудал үүсч болохгүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-2019 онд л өргөн барихад Соёлын тухай хуулийг харж байсан. Бас судалсан. Тухайн үед тогтолцооны өөрчлөлт хийж, бүтэц зохион байгуулалтыг хийх гэж байна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан. Сая энэ хуулийг хэлэлцэх эсэхээ дэмжиж УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ажлын хэсэг байгуулж, сайн ажиллажээ. Гэхдээ яг хэлэлцэх эсэхийг дэмжиж байхад тодорхой хэд хэдэн асуулт асуусан. Энэ хууль ерөөсөө бусад хуультай уялдахгүй байгаа шүү. Энэ хууль гарснаар бидний биет бус хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж үнэлээд, эдийн засагжуулах нь тодорхой бус байна. Зохиогчийн эрх, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу үнэлгээчид ажиллаж байгаа. Үнэлгээний талаар энэ хуульд огт тусгаагүй. Мөн энэ хуульд мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж байна. Гэтэл Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуульд бас мэдээллийн сан байгуулна. Ингэхээр хоёр мэдээллийн сантай болох юм уу. Ер нь бусад хуультай нийцэхгүй байж болох юм уу. Соёлын яам энэ хуулийг хэрэгжүүлж чадах уу.