Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Нарантуяа: Ковидын үед эрүүл мэндийн салбарынхныг жагсаал суулт хийтэл нь сөгдүүлж, сөхрүүлж байгаа өөр улс хаана ч алга. Энэ бол үнэхээр гутамшиг

Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж төв талбайд жагсаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяатай ярилцлаа.


Эмч ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж суулт зарласан байна. Та бүхэн үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн гэв үү?

-Бид өнгөрсөн сарын 28-ны өдөр гурван хоногийн хугацаатай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн ч, хариу ирүүлээгүй. Улмаар энэ сарын 2-ноос эхлэн эмч ажилчид халуун нар, хүйтэн бороонд суултаа үргэлжлүүлж байна. Ерөөс төр засгийн нүд нь боолттой, чих нь бөглөөтэй байгааг харлаа. Зөвхөн эрүүл мэндийн салбарынхныг тоохгүй байгаа бус, Монголын 3.3 сая иргэдийн эрх ашгийг үл тоомсорлож байна гэсэн үг шүү дээ. Цар тахал дэгдсэнээс хойш жил гаруй хугацаанд эмч ажилчид маань хайртай гэр бүл орхиод, өөрсдийн амь насыг умартан цурам хийлгүй галын шугамд ажиллалаа. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбарын 3000 гаруй ажилчид ковидоор өвчилсөн байна. Түрүүч нь амь насаа харамсалтайгаар алдсан талаарх мэдээлэл ч бий. Бидний мэдэж буйгаар 31 настай залуухан эмч ковидоор өвчилж, одоо ухаангүй хэвтэж байгаа. Төр засаг эрүүл мэндийн салбарынхандаа яагаад анхаарал хандуулахгүй байгаа шалтгааныг үнэндээ гайхаж байна. Ковидын шалтгаант нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, амиа алдсан иргэдийн тоо 700 руу дөхжээ. Ковидын өвчлөл зөвхөн Улаанбаатар хотод эрхчимтэй тархаж байсан бол, одоо улсын хэмжээнд тарчихлаа. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол өсөж, нас баралт нэмэгдэж байгаатай холбоотой үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байна шүү дээ. Тэгтэл эрх баригчид нь яагаад чимээгүй суугаад байна вэ. Ядахдаа эмч ажилчдынхаа өгсөн шаардлагад хариу хэлж болно шүү дээ. Сүүлдээ хариу ирэхгүй болохоор нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой биечлэн уулзах санал тавьсан ч, хариу алга. Ерөөс биднийг үл тоомсорлож байна л даа..

Голомтот бүсэд ажиллаж байгаа эмч нарт урамшуулал олгох талаар мэдээлэл бий. Энэ нь чухам юу болсон юм бэ?

-Улаан, ногоон бүсээр нь ангилж салбарынхныг ялгаварлан гадуурхах маягаар 1-2 сая төгрөгийн урамшуулал олгох тухай ярьсан. Гал унтраах байдлаар хандсан энэ хандлагыг манайхан хүлээн зөвшөөрөхгүй. Уг нь ийм хүнд хэцүү нөхцөлд заавал шахуулж, шаардуулах шаардлагагүй шүү дээ. Ерөөс тансаглалд гар таталгүй мөнгө зарцуулах дуртай мөртлөө, эрүүл мэндийн салбарыг орхигдуулдаг жишиг байна. Тэр Баяр наадамд 10 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл байсан. Наадмыг цуцалсны дараа уяачдын морь болгонд таван сая төгрөг өгнө гэсэн мэдээлэл ч гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбарынхныг малаас дор тавьж болохгүй биз дээ. Дэлхийн түвшинд үнэлэгдэх мэргэжлийг эзэмшсэн, тэр хэмжээнд хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндийн манаанд зогсож байгаа хүмүүс шүү дээ. Бид дэлхийн хэмжээний цалин хөлс хүсээгүй. Эрүүл мэндийн салбарынхан сард 630 мянган төгрөгөөр цалинждаг. Манай улсын дундаж цалин 1.390.000 төгрөг байгаа, тэр түвшинд л хүргэх санал тавьсан. Улсын төсөвт танаж, хэмнэж, тэвчиж болох зардлууд байгаа. Ялангуяа, барилга байгууламжийн ажлыг тэвчиж болно шүү дээ.

Бусад улс орон цар тахлын үед эмч ажилчдыг хэрхэн дэмжиж байна вэ. Энэ талаарх мэдээлэл танд бий юу?

-Ер нь манайхаас бусад улс орнуудад эрүүл мэндийн салбарынхандаа анхаарч байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүх эмнэлэгт ор дэлгэсэн учраас улаан бүсэд ажиллах хүн хүч дутагдаж байна. Тэгтэл төр засгаас дорвитой шийдвэр гаргаад арга хэмжээ авч чадахгүй хэвээр. Уг нь эрүүл мэндийн салбарт төсвийн тодотголоор 700 тэрбум төгрөг тавьсан гээд байгаа. Түүний 45 тэрбумийг нь тоног төхөөрөмж болон бусад зардлуудад хэрэглэнэ гэсэн яриа бий. Тэгэхээр дээрх мөнгийг хэмнэж цалингийн сан руугаа оруулах боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй. Одоогийн байдлаар яамнаас тооцооллынхоо мэдээллийг өгөхгүй л байна. Үнэхээр эрүүл мэндийн салбарынхныг харж үзье, хайртай дуртай гэж байгаа бол яагаад хэрэггүй зардлыг тэвчиж болохгүй гэж. Их эмч нар хэчнээн жил суралцаж нарийн мэргэшил олж авахад зарцуулав, яг түүнд нь таарсан цалин олгож байна уу гэвэл, үгүй. Эмч нар нь 630 мянган төгрөгийн цалинтай гэхээр түүнээс доош, асрагчид 400 мянган төгрөгийг сард хоёр хувааж авч байна.

Суултаа хэдий хүртэл үргэлжлүүлэх вэ?

-Өнөөдөр жижүүрээсээ буугаад гэртээ очиж амрах ёстой байсан ч төр засгаасаа гуйгаад суух хэмжээнд хүргэж байна. Эрүүл мэндийн салбарынхныг жагсаал суулт хийтэл нь сөгдүүлж, сөхрүүлж байгаа нь үнэхээр гутамшиг. Манайхан үндсэн цалинг хоёр дахин нэмэхээс нааш тэмцэл хөдөлгөөнийг дуусгахгүй, тууштай явна. Өнөөдрөөс эхлээд /өчигдөр/ талбай дээр хононо. Хэрэв асуудал маргааш шийдэгдэхгүй бол ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Одоогийн байдлаар 20 мянга гаруй эмч ажилчид гарын үсгээ зурсан байна. Хүнээ боддог бусад улс эмч ажилчдыгаа жагсаал цуглаандаа тултал, цөхөртөл нь явуулаагүй байна л даа. Тэгтэл манайд эсрэгээр гуйлгуулж, тэмцүүлээд байна гэдэг чинь асуудалтайг илтгэнэ. Одоо эмнэлгийн ажилчид маань цөхөрчихжээ. Бараг эхнээсээ Солонгос гарч ажиллавал л амьдралаа дээшлүүлэх юм байна гэж ярьж байна. Хил гааль нээгдээгүй болохоор яалт ч үгүй цалингаа нэмүүлэхийн төлөө дуу хоолойгоо төр засагт хүргэхийг хичээж байна.

Боловсон хүчний бодлого манай улсад дутагдаж байгаа нь анзаарагддаг?

-Тийм ээ. Ямар сайндаа манай нэг эмч “Үнэхээр цалин хүрэлцэхгүй болохоор нь ажлаасаа гараад бизнес хийгээд явж байна” гээд ярих жишээтэй. Тэгж хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж байгаа юм. Боловсон хүчний бодлого бүр алдагдсан. Хүний нөөцийн хомстолд орж байна. Тэгэхээр бид зөвхөн өөрсдийн төлөө бус ирээдүй хойчийнхоо төлөө энэ тэмцлийг хийж байгаа.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *