Өнгөрсөн баасан гарагт ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар мэдээлэл хийсэн.
Тодруулбал, Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, үүрэг даалгаврыг нь биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь илэрсэн. Өчигдөр үйлдэл дээр нь баривчилсан. Нэгжлэгээр валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна гэж ТЕГ-ын хэвлэлийн ажилтан П.Өгөөмөр мэдээлсэн.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар зарим хэвлэлээр мэдээлсэн юм. Бид энэ талаар тодруулахад эл хэрэг ТЕГ-аас прокурорт шилжиж ирээгүй байгааг мэдээллээ. Эрүүгийн хуульд зааснаар түүнд дараах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх учиртай.
Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.