Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Мөнхбаяр: Сонгуулийг алдаатай зохион байгуулчихаад нэр дэвшигчдийг хоморголон хэлмэгдүүлнэ гэдэг дэлхийг ч дэлдийлгэх хэрэг

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүст Үндэсний аудитын газар (ҮАГ) зөрчлийн хэрэг үүсгүүлжээ. Тэдгээр хүмүүс эвлэлдэн нэгдэж, хөдөлгөөн байгуулж тэмцэнэ гэв. Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг, СХД-ийн 28 дугаар тойрогт нэр дэвшсэн Ч.Мөнхбаяраас тодруулга авлаа.


-Та бүхэн ямар хэрэгт холбогдсон юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Үндэсний аудитын газар (ҮАГ) прокурорт гомдол гаргаж, нэр дэвшигчдэд хэрэг үүсгүүлсэн. 10-30 саяар торгоно. Илүү ч торгож магадгүй. Торгосон шийтгэлийн бичгүүд нэр дэвшсэн хүмүүст очсоор байгаа. Энэ мөнгийг өгөх боломж ихэнхэд нь байхгүй учир хорих ял болох өндөр магадлалтай. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлгээгээр бодоход 2-8 жилийн ял авна гэж учир мэдэх хүмүүс яриад байгаа. Энэ бүхэн нь томоохон улс төрийн хямрал үүсгэж магадгүй байна. МАН-аас бусад бүх нам эвсэл, бие даагчид нэгдэх янзтай. Зөрчлийн хэрэгт холбогдсон нэр дэвшигчид фэйсбүүкээр эвлэлдэн нэгдэж, “Аудитын хохирогчид” гэсэн урьдчилсан нэртэйгээр хөдөлгөөнийг үүсгэн ажиллаж байна.

-Одоогоор хичнээн хүн хэрэгт холбогдоод байна вэ?

-Зардлын дансны явцын тайлангийн зөрчилд 114, эцсийн тайлангийн зөрчилд 137 хүн холбогджээ. Зардлын данс бүртгүүлээгүй зөрчилд бол бараг бүгд холбогджээ. Ер нь сонгуульд ялснаас бусад нь буюу нэг намын голдуу хүмүүс зөрчилд холбогдоогүй шиг. Манай тойрогт АН-ын туршлагатай улстөрч О.Магнай хүртэл тайлангийн хэрэгт холбогдсон. Тэр хүн ч ҮАГ-ын явдлыг мэдэлгүй хэрэгт холбогдоод байхад бусад нь яах вэ. Манай тойрогт МАН-ы нэр дэвшигчдээс бусад нь холбогджээ л гэж харагдаад байгаа. Нэр дэвшигчдийн ярианаас үзэхэд, МАН-ын хүн зөрчилд орчихлоо гэж дуулдаагүй.

Хандив өгсөн хүн нь регистрээ бичээгүй ч гэдэг юм уу, дансанд нь мөнгө үлдсэн, зарим зарцуулалтаа хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй гээд л өчнөөн төрлийн зөрчилд хэрэг үүссэн байна. Нэг зөрчил 10 саяын торгуультай. 4 зөрчилтэй бол 40 сая. 340 тэрбумын хэрэгт холбогдсон банкир Б.Ундармаа 40 саяын торгуулиар шийтгүүлсэн. УИХ-д бор зүрхээрээ нэр дэвшиж, эрх баригчдыг сөрж зүрхэлсэн эгэл хүн адилхан 40 саяын торгуулиар шийтгүүлэх нь л дээ. Зөрчлийн хууль амьдралд нийцэхгүй байгааг онцлон хэлье. Бид зөрчлийн хуулийг мөн шүүмжлэн дуугарах болно. Фэйсбүүкт нэг хүн 300 тэмцэгч хэрэгт орлоо гэсэн байсан. Бүр ч олон л доо. 80-90 хувь нь байх.

-Яагаад ийм нөхцөл байдал үүсэв?

-ҮАГ бүртгэл, тайлангуудаа СЕХ-ны зөвлөмжид нэгтгээгүй, нэр дэвшигчдэд ч мэдэгдээгүй, хуулиа сурталчлаагүй, хэрэгжүүлээгүй. Аудитын тухай хуулийн 15.1.3.-д заасны дагуу Улсын ерөнхий аудитор үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд банк, СЕХ, нам эвсэл, нэр дэвшигчдээс зардлын дансыг шаардаж авах ёстой байж, аваагүй. Хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчийн зөвлөмж, бичиг баримтын бүрдүүлэлтийг зохион байгуулж, нэг цэгт шаардлагатай бүх бичиг баримтыг төвлөрүүлэн хүлээж авдаг. Үүнийг л хуулийнхаа дагуу нэр дэвшигчид дагадаг. СЕХ-ны зөвлөмжид ҮАГ-ын бүртгэл, тайлан дурдагдсангүй. Нэр дэвшигчид хандивын дансаа бүртгүүлээгүй биш, ХААН банк, СЕХ-нд бүртгүүлсэн, тэднээр дамжаад ҮАГ-т бүртгэгдсэн гэж ойлгосон. СЕХ хандивын дансны баримтыг бүртгээд авч байсан. “Хандивын дансны баримтыг бид хүлээж авахгүй, ҮАГ-т бүртгүүл” гээгүй. СЕХ-нд бид хуулийн дагуу бүрэн итгэсэн. Ингээд биднийг “хууль зөрчөөгүй” гээд сонгуульд оруулснаас хойш таван сарын дараа “та нар хууль зөрчиж сонгуульд орсон байна” гэх болсон.

-Яагаад үйл ажиллагаа нь уялдаатай байх ёстой төрийн хоёр байгууллага эсрэг байр суурьтай байна вэ?

-Төрийн байгууллагуудын чадамж доройтож байгаагийн л илрэл. Хэрэв бараг бүх нэр дэвшигч хууль бусаар бүртгүүлж, хууль бусаар сонгуульд оролцсон юм бол ҮАГ, СЕХ хоёр хууль бус сонгууль зохион байгуулсан юм байна, энэ сонгууль хуулийн дагуу хүчингүй болох ёстой юм байна, өөрсдөө хариуцлага хүлээх ёстой юм байна. Хууль бус сонгуулиар өнөөгийн эрх баригчид төрийн эрхийг хууль бусаар авсан гэж ҮАГ ойлгуулж байна. Яагаад ийм олон зөрчил гарав гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Дүгнэлт хийсний үндсэн дээр эх үүсвэрийг нь, шалтгааныг нь засахгүй, үр дагавартай нь тэмцэлдэх юм бол сонгуулиа явуулж чадахгүй болох нь.

-Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх гарц юу вэ?

-Хамаг сөрөг хүчээ ялтан болгоход хүргэх нөхцөл байдлаас гарах гарц нь нэр дэвшигчдийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох. ҮАГ, СЕХ хариуцлага алдаж, хууль хэрэгжүүлээгүйн бурууг бид үүрэх ёсгүй. Бид бүхний гэм буруугүйг тогтоож, ҮАГ, СЕХ-нд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна. Зөрчлийн эх үүсвэр нь ҮАГ, СЕХ. Энэ хоёр байгууллага хууль зөрчигдөхөөс яагаад урьдчилан сэргийлээгүй юм бэ.

-Та бүхэн цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Сүүлийн үед Ж.Эрдэнэбат хоригдож байгаатай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ардчилал алдагдлаа, олон улсын парламентын холбооноос ичиж байна гэж их ярьсан. МАН-ын гишүүний хувьд л ардчилал яригдах ёстой юу. Сонгуулийг алдаатай зохион байгуулчихаад нэр дэвшигчдийг хоморголон хэлмэгдүүлнэ гэдэг дэлхийг ч дэлдийлгэх хэрэг. Парламентын сонгуульд нэр дэвшсэн хамаг сөрөг хүчнээ урхинд унагаж, шоронд хийх гэж байна гэдэг ёстой л ардчилал алдагдсан, олон улсын парламентын холбооноос ичмээр хэрэг байлтай.

Өнөөдөр Монгол Улс дарангуйлал, Хойд Солонгос руу хэлбийж байна. Ерөнхийлөгчөөс АТГ, онц байдлын эрхийг авчихлаа. Нэг хүнд л бүх эрх мэдэл, хяналт төвлөрөөд байна. Хамаг сөрөг хүчээ шоронд хийх нь. Коронавирусийн дэглэм хойчийн нэг намын, магадгүй нэг хүний дэглэмийн бие халаалт, дадлага сургууль, бэлтгэл болж хувирч байгаа.

Биднийг шалгахдаа зөвхөн ҮАГ-ын буруутгасан зүйлийг л хараад, өөр заалтууд, хуулиудыг хэрэглэхгүй байгаа. Хэрэглэсэн бол бид буруугүй нь тогтоогдож, хэн буруутай нь тодрох байсан. Бид бүхэн ҮАГ-ын алдаатай шийдвэрийг цуцлуулахаар шүүхэд хандана. Өөр аргагүйд хүрч байна. Аудитын хэрэгт холбогдсон нэр дэвшигчид бол иргэдийн итгэл дэмжлэгийг хүлээсэн, эрх ашгийг нь хамгаалдаг, эрүүл нийгмийн төлөө зүтгэж тэмцэж ирсэн, ард түмний төлөөлөл, дуу хоолой болсон хүмүүс. Бид нэгдвээс хүчтэй. Шаардлагатай бол тэмцлийн шат ахиулсан төрөл бүрийн хэлбэрт шилжинэ. Ард иргэд сонгох эрхээ хамгаалж, хилсдэж байгаа биднийг дэмжээрэй.

Р.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *