Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай хийж буй хэлэлцээр энэ долоо хоногт дуусна

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, бие даасан хоёр хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33 хууль, тогтоолыг хэлэлцсэн байна.

Байнгын хороогоор хэлэлцсэн онцлох хуулийн төслүүдийн нэг нь 2017 оны улсын төсөв байв. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслүүдийн орлого болон зарлагыг УИХ ихэвчлэн нэмэгдүүлж баталдаг байсан. Энэ нь төсвийн алдагдал нэмэх гол шалтгаан байсан хэмээн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар онцлов.

Тэрбээр, “Бид 2017 оны төсвийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс 600 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан. Мөн Концессын гэрээ байгуулахад тавих хяналт, шаардлагыг сайжруулж, орлогоо бодитоор тооцож, зөв зарцуулах чиглэлд анхаарч ажилалаа. Ингэснээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, цаашид улсын өр нэмэх асуудлыг хумьсан” хэмээв.

Мөн тэрбээр УИХ-ын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсныг онцлов.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар жилд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой байгууллагын төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувиар тооцно гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тайлбарласан. Орлого багатай аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлснээр байгууллагууд дотоод ажлын байраа хамгаалах, хэмнэсэн татварын хөрөнгөөрөө тоног төхөөрөмжөө сайжруулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Харин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм. Энэ хуулиар жижиг дунд үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Олон улсын валютын сан (ОУВС)-тай хийж буй хэлэлцээр ямар шатандаа байна вэ?

-Засгийн газар, ОУВС-гийн хооронд хийж буй хэлэлцээр энэ долоо хоногт дуусна. Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газар өгнө.

-Хөгжлийн банкны тухай хуульд ОУВС-гаас өгсөн чиглэл бүрэн тусч чадсан уу?

-Би Хөгжлийн банкны хуульд ОУВС болон олон улсын өндөр түвшний экспертүүдийн саналыг хуульд тусгах ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж ирсэн. Тиймээс ОУВС-гаас ирүүлсэн 13 саналыг хуульд бүрэн тусгаж чадсан. Хөгжлийн банк нь Засгийн газрын баталгаагүйгээр өөрсдөө мөнгө босгох чадвартай, төрийн оролцоогүй бие даан шийдвэр гаргадаг ил тод үйл ажиллагаатай байх ёстой.

-Төсөвт тодотгол хийх үү?

-Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээрт ямар шаардлага тусгахаас шалтгаалж тодотгол хийх эсэх нь тодорхой болно. ОУВС-гаас 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага тавьсан бол УИХ ээлжит бус чуулган зарлаад хэлэлцэх байх.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцааж авахад та эсрэг байр суурьтай байсан. Энэ талаар?

-Үүнд гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль зөрчиж, хувийн хэвшилд өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг тусгаагүй байсан. Хоёрдугаарт, Монгол Улс ирэх сард 580 сая ам.долларын өр төлнө. Ийм нөхцөлд 49 хувийг авахад зориулж, ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах боломж хомс. Гуравдугаарт, Эрдэнэт-ийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. 2009 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензүүдийг цуцлах шийдвэр гаргасан. Зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд Арбитрын шүүхэд хандаж, улмаар Монгол Улс 116 сая ам.долларын өрөнд унасан түүх бий.

-“Тавантолгой”, Гацууртын ордоос эхлээд томоохон төслүүдийг хөдөлгөх асуудлыг ярьж байгаа. Төслийг хөдөлгөснөөр улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орох вэ?

-Засгийн газар 2017 оны улсын төсвийг боловсруулахдаа эдийн засгийг 3.5 хувиар өснө гэж тооцсон. “Тавантолгой” төсөл эхэлж, Гачууртын ордыг ашиглан, “Оюутолгой”-г өргөжүүлснээр энэхүү өсөлтийг хангаж чадна гэж үзэж байгаа. Хэрвээ төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол эдийн засгийн өсөлт гарахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *