УИХ-ын чуулган 19 цаг 40 минутад завсарлага авав. Нэг цаг орчим завсарласны дараагаар чуулган үргэлжилсэн. УИХ-ын гишүүн Н.Учрал: Цэцэрлэг, сургууль дутмаг байхад концессоор нэг компанийг тэтгэж байхаар тэр сургууль, цэцэрлэгээ барих нь яасан юм. Дараагийн Засгийн газрыг ажлыг нь хийлгэхийн төлөө би шахна. Би өөрийн итгэл үнэмшлийн хувьд гарын үсэг зурснаас биш гадны ямар нэгэн нөлөөнд автаагүй. УИХ-ын Ч.Хүрэлбаатар: Энэ Засгийн газрын үед ард түмний, бизнес эрхлэгчдийн итгэл үнэмшил үнэхээр алга боллоо. Эрх барьж байгаа намын нүүр царай бол Засгйин газар нь байдаг. Засгийн газрын бодлого үнэхээр ойлгомжгүй, нэг гарсан шийдвэр нь маргааш өөрчлөгдөж байдаг болсон. Концессын гэрээ бий юу гэж асуухад байхгүй ээ гэж хэлээд нэг минутын дараа нэг концесс байна гэснээ 10 минутын дараа дөрөв болсон. Тэгээд өглөө болоход долоон концесс болчихсон. Ийм байж болох уу. Дарга, сайд нарын компанид концесс хийгддэг мөртлөө бусад аж ахуй бизнес эрхлэгч нарт яагаад шударгаар нээлттэй зарлаж болдоггүй юм бэ. Энэ Засгийн газар нэг толгойтой байж чадаагүй. Ард түмэн муу дүн тавьж байна гэв. Чуулган үргэлжилж байна.
Б.ОДМАА