Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол дунд орлоготой орнуудын түвшинд Монгол очих байсан

Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

Таван толгойг УИХ хэлэлцэж эхлээгүй, Оюутолгойн хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна. Мега төслүүд хүлээлтийн байдалд шилжчихлээ. Энэ хугацаанд эдийн засагт ямар хохирол гараад байна?

-2011, 2012 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг одоогийнхтой харьцуулахаар ойлгомжтой дүр зураг гарч ирнэ л дээ. Эдийн засаг тэр үеийнхээс эрс муудсан нь шийдвэр гаргагчдын алдаатай бодлого, үг яриа, үйлдэл, хандлагатай шууд холбоотой. Үнийн өсөлт их байна. Эдийн засгийн өсөлтийн хурдац саарчихсан. Экспортын голлох барааны үнэ унасан. За тэгээд мөнгөний ханш, гадны хөрөнгө оруулалтын хэмжээ гээдбүгд таагүй үзүүлэлттэй байгаа. Чихэнд чимэгтэй нэг л мэдээ байна. Инфляци буурсан. Нэг талаараа сайн мэдээ ч гэлээ сөрөг тал бий. Эдийн засаг өсч байгаа үед инфляци нэмэгддэг. Харин эдийн засаг унахаар буурдаг. Худалдан авах чадвар буурсан учраас тэр.

Бас экспорт импортоосоо давсан нь сайн үзүүлэлт гэж яриад байгаа?

-Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарч байгаа нь мөн л хоёр талтай. Оюу толгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа.Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харах ёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюу толгойтой холбоотой байдаг. Оюу толгой гэдэг мега төслийнэхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд.

Оюу толгой төсөл Монголд юу өгсөн гэж та бодож байна?

-Оюу толгойн гэрээ 2009 онд зурагдаж ажлууд нь 2010, 2011 онд эхэлсэн байдаг. Монголын эдийн засаг 2011 онд оргил цэгтээ хүрч өссөн. Жилдээ 4.6 тэрбум ам.долларын буюу тухайн үедээ манай улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний гадны хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Монголын Хөрөнгийн биржийн индексүүд өсч байлаа. Гадаад хөрөнгө оруулалтаас шалтгаалж доллартай харьцах ханшнь 1400 гараад явж байсан төгрөг 1200 руу орсон. Төгрөг чангарсан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлийн итгэл байсан учраас 2012 оны сүүлээр бид гаднаас мөнгө зээлэх боломжтой болсон. Чингис, Самурай бонд гаргаж мөнгө босгосон гол шалтгаан нь дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжсэнийх. Тийм ч учраас цалин хөлсийг дэс дараатайгаар нэмэгдүүлсэн. Тэтгэвэр гэхэд гурав дахин нэмэгдсэн. Цалинг хоёр дахин нэмж байлаа.Улсын төсөв 2005 онд хоёр их наяд орчмоос таван их наяд руу өссөн. Наад зах нь Улаанбаатарын гудамжаар алхаад үзэхэд л том төслийн хөрөнгө оруулалтын нөлөө харагдана. Хөдөө аймгууд руу засмал замаар жирийлгэж байна. Өмнө нь ийм байгаагүй.

Оюу толгойн нөлөөгөөр ийм дэвшилд хүрсэн гэж ойлгож болох нь ээ?

-Шууд болон дайвар нөлөө нь гэж харж болно. Том төслийн өгөөжийг өөр олон жишээгээр тодруулах боломжтой. Ажилгүйдлийн тоо, ядуурлын төвшин байна. Манай улсын ядуурлын төвшин гэхэд л өмнө нь 33 хувьтай байсан. Том төсөл хэрэгжсэний нөлөөгөөр 27 хувь болж буурсан. Монголын түүхэнд анх удаа ийм эерэг үзүүлэлт гарч байлаа. Харамсалтай нь сүүлийн гурван жилд ядуурлын төвшин эргээд гуч руугаа дөхчихлөө л дөө.

Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт саадгүй хийгдсэн бол эдийн засаг өдийд ямар дүр зурагтай байх байсан бол. Хэлэлцээр сунжирсан хоёр жилийн хугацаанд бид ямар боломжуудыг алдчихав?

-Тэр үед Оюу толгойн үр нөлөөний талаар эдийн засагчдын гаргасан прогноз, дүр зураг өчнөөн бий. Хамгийн наад захын том нөлөө гэхэд өнөөдөр бид дунд орлоготой орнуудын төвшинд очих байсан. Бүх аймгууд авто замаар холбогдох байлаа. Улаанбаатар хот дотор засч, янзалж, шинээр барихаар төлөвлөсөн замуудын бүтээн байгуулалт асуудалгүй өрнөх боломж байсан. Агаарын бохирдол ч мэдрэгдэхүйц хэмжээгээр буурах байсан.

Том төслүүдийн шууд орж ирсэн хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн судалгаа, тооцоо бий. Жишээ нь Оюу толгойн үржүүлэгч нөлөөг та яаж харж байна?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын нөлөөг бид амьдралд дээрээ харсан учраас айхтар онол ярих шаардлагагүй. Оюу толгой бол говьд, урд хилийн орчим хэрэгжиж байгаа төсөл. Энэ төсөл хэрэгжиж хөрөнгө оруулалт орж ирснээр Улаанбаатарт барилгын boom болж зочид буудлын бизнес хөгжлөө. Олон улсын сүлжээ зочид буудал Улаанбаатарт ажиллаж эхэлсэн. Жуулчдын тоо ихэссэн. Наад зах нь хүн бүр “приус” гэдэг машинтай боллоо. Үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ. Оюу толгойг дагаж орж ирсэн бусад хөрөнгө оруулагч байна. Монголчууд ийм том бизнес эхэлсэн юм чинь бидэнд ч ашиг олох боломж байгаа гээд хөрөнгөө оруулсан өчнөөн бизнесмэн бий. Оюу толгой худалдан авалтаа хийж байгаа. Төсөл тойрсон худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчид гэж ирээд яривал энэ том төслийн үржүүлэгч нөлөө нь их л дээ.

Оюу толгой төслийн дараагийн санхүүжилт энэ жилдээ багтаж шийдэгдэхгүй бол эдийн засагт ямар эрсдэл тулгарах вэ, хамгийн том эрсдэл нь?

-Өнөөдөр төсвийн байдал хүндэрчихсэн. 90-ээд оны сүүл рүү тэтгэврээ тавьж чадахгүй хоцроож байсан үе бидэнд бий. Төсөв өртэй, данс улайсан үе Монголд байсан. Тэр үеэ дахиад нэг удаа туулах хэрэгтэй болно.

Хөрөнгө оруулалтын хувьд бүр зогсох байх?

-Гадаад, дотоод гэлтгүй бүгд зогсоно. Гадны хөрөнгө оруулалт өнөөдөр таг зогсчихсон байгаа шүү дээ. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь татагдаж байна. Байдал ийм хэцүү байхад хөрөнгө оруулалтаа үргээсэн, хөрөнгө оруулагчдыг айлгасан алхам хийсээр байна. Саяхны жишээ гэхэд “Хан ресурс” .Арбитрын шүүхээс “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төл гээд байхад л төр төлөөлсөн хүмүүс нь “Төлөх ёсгүй байгаа юм аа” гэж яриад сууж таарахгүй л дээ. Хоёр хүн шатар тоглож байна гэж төсөөлье. Хүүг нь морь шиг нүүгээд байвал тоглоомын дүрэм алга болж, шатар тоглох боломжгүй болж таарна аа даа. Өнөөдөр бид яг л ийм шударга бус үйлдэл гаргаж байна. Лиценз өгч, мөнгийг нь гаргуулж бөөн ажил удчихаад дараа нь “Ерөөсөө та нарт өгөхөө болилоо” гээд өөр хүнд өгөхөөр хэн ч гэсэн зарцуулсан мөнгөө олж авахын төлөө явна. Зарцуулсан мөнгөө авъя гэж олон улсын шүүх дээр очоод шийдвэр гаргуулчихаад байхад “Наадах чинь худлаа” гээд байж таарахгүй.

Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт орж ирж, баялгийнх нь 80 хувь байгаа далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл эдийн засаг тийм амархан сэргэх болов уу?

-Ерөөсөө л 2009, 2010, 2011 он давтагдана. Хөрөнгө оруулалт сэргэнэ, эдийн засаг өснө. Бид 2008 онд ядуу буурай улсын тоонд орж байгаад 2012 онд дунд орлоготой орны тоонд багтаж байсан шүү дээ. Оюу толгойн нөлөөгөөр л нийслэлийн дүр төрх өөрчлөгдсөн. Бидний өмсч зүүж, идэж уух хэрэглээ өөрчлөгдсөн. Энэ бүхэн бидний нулимаад дэвсээд байдаг уул уурхайн л үр нөлөө. Монголын хөгжил уул уурхайтай шууд холбоотой. Эдийн засгаа ногооруулна, солонгоруулна гэхээсээ илүү эхлээд борлуулах хэрэгтэй. Капитализмын зах зээлийг бий болгож,яс махандаа шингэтэл ойлгодог болох учиртай. Яагаа ч үгүй байж ногооруулна гэж ярих утгагүй. Би даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм. УИХ-ын зарим гишүүн хуулинд тэрийг төчнөөн төгрөгөөр даатгана гэж үнийг нь заах санаа оноо гаргаж байна. Хуучин нийгмийн Төлөвлөгөөний комиссоос долоон дор зүйл л дээ. Социализмын үед ядаж л хуулиндаа үнэ заадаггүй байсан. Ийм холимог саармаг системээр хойш, урагшаа, хойшоо алхаж байтал дэлхий биднийг хаяад урагшилж байна. Том төслүүд дээрээ ч капитализмын, чөлөөт зах зээлийн хандлагаар хандах хэрэгтэй.

Эдийн засагч, шинжээчдийн дүгнэлт, уул уурхайгаараа хөгжилд хүрсэн улсуудын жишээг хараад байхад мега төсөлгүйгээр хөгжлийг төсөөлөх аргагүй гэсэн бодол төрдөг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Та бидний хүүхдийн ирээдүйгээр популистууд тоглож байна. Оксфорд, кембриждийг нэвтрүүлье гэхээр хэрэгжүүлэх мөнгө нь байдаггүй. Хэрэгжүүлэх гэсээр байтал миний, таны хүүхэд сургуулиа төгсөнө. Бүхэл бүтэн үеийг хохироогоод байна л даа. Бид Оюу толгойгоос илүү хүнээ бодно гэж ярьсан хэрнээ үнэн хэрэгтээ хүнээ алаад байна. Уг нь Оюу толгойгоос орж ирэх мөнгөөр хүнээ боловсруулж байж эдийн засаг солонгорох процесс явагдана. Хоосон толгойтой баахан улс “Бид Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд хаашаа ч явахгүй. Төв талбайгаасаа холдохгүй. Америк, Европ, Хятадын залуустай “Гүүгл”, “Майкрософт”-ын ажлын байранд өрсөлдөж ялаадгарч ирж чадах хүмүүсийг бэлдье гэвэл өнөөдөр нүүрсээ зарж олсон мөнгөөрөө хүүхдүүддээ өндөр боловсрол олгох хэрэгтэй. Тэгж байж монгол залуус шилдэг компанид ажиллана. Уул уурхайгаас баялгийн санд хуримтлуулсан мөнгөөр технологи боловсруулдаг компаниудын хувьцааг авч тэр том компаниудын төвүүдийг эх орондоо нүүлгэж ирж байж, бид өөрсдөө ТУЗ-д нь сууж байж эдийн засаг солонгорно. Тэгэхгүйгээр зүгээр л цээжээ дэлдэж, өлсгөлөн зарлаж, 2000 жилийн өмнө байсан байгаагүй булшны тухай яриад суувал хөгжил ирэхгүй. Байсан байгаагүй булш яриад амьд хүмүүсээ булшлаад байна гэдэг дэндүү харамсмаар зүйл.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *