Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Намын дарга Ерөнхий сайд байх ёстой, үгүй бол хямрал үргэлжилнэ

– ӨНӨӨГИЙН УЛСТӨРЧДИЙГ МООДНООС ГАРГАХАД СЭТГҮҮЛЧИД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ-

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг иргэд “ХАС”-ын гэдгээр нь мэднэ. Тэрээр “ХАС” банкийг үүсгэн байгуулагч боловч өнөөдөр жирийн хувьцаа эзэмшигч. Мөн МАН-ын Бага хурлын гишүүн, Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газарт жил гаруй хугацаанд Сангийн дэд сайдаар ажиллажээ.


-Өнөөгийн эдийн засгийг хэрхэн харж байна?

-Эдийн засаг жижигхэн. Өнөөгийнхөөс жижиг байсан. Гэхдээ жилийн 17 гаруй хувийн өсөлттэй байсан түүх бий. Энэ өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлүүд байдаг ч бас муутгадаг хүчин зүйл байдаг. Жижигхэн эдийн засаг улс төрийн нөлөөнөөс болж амархан савладаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтворгүй бодлогоос болж өнөөгийн эдийн засгийн хямрал үүссэн гэсэн үг. Манай бодлого тодорхой биш. Хэт их популизмтай байна. Би ардчилал, зах зээлийн эдийн засагт замнаж багагүй зүйл хийснийг үгүйсгээгүй. Гэхдээ л засах, төгөлдөршүүлэх зүйл их байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгийг буруу ойлгож байгаа гэж боддог.

-Энэ бол танай намаас гаргасан хэллэг шүү дээ.

-Би аль нэгэн намыг буруутгах, зөвтгөх гээгүй.Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол технократ байх ёстой.

-Технократ гэдэг нь…

-ХАА-н мэргэжилтэй улстөрч ХААЯ-ыг удирдах биш. Улс төрөөс хол байсан ХАА-н мэргэжилтэнд улс төрийн мэдлийг шилжүүлэхийг хэлж байгаа юм.

-Өнөөгийн хямралын хэдэн хувь биднээс, хэдэн хувь нь гаднаас хамааралтайг тоогоор илэрхийлж болох уу?

-Би өөрийн баримталдаг философио хэлье. Монголчууд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж ярьдаг. Аливаа асуудлыг болохгүй талаас нь харвал хэзээ ч бүтэхгүй. Болох талаас нь зүтгэвэл бүтдэг. Нүүрсний үнэ унасан шалтгааныг хямрал гэж хараад байдагтай би санал нийлдэггүй. Манай гол экспорт нүүрсний үнэ унасан ч, алтны үнэ унаагүй, зэсийн үнэ бага зэрэг унасан. Нөгөө талдаа бидний хамгийн их валют гадагшаа урсгадаг нефтийн үнэ маш их буурсан. Хувийн хэвшлийн 600-700 сая доллараар босгосон үйлдвэрт нүүрсээ угаагаад “Монгол нүүрс” брэнд гаргах боломж байж л байна. “АПУ” гэдэг үйлдвэрийг ад үзэхийн оронд төрөөс даалгавар өгөөд дэлхийд гарах брэнд хийж болно. Бид гадны өндөр үнэтэй брэнд архийг ууж л байна. Түүнтэй адил өөрийн архийг гадагш нь гаргаж валют олох аргыг хайхгүй л байна. Төрийн том хүлээн авалт дээр тэр архиа сурталчлаад “Манай архийг татвараас чөлөөлөхгүй юм гэхэд өөрийн зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөөч” гэж гуйх нь ичгүүртэй хэрэг биш. Энэ мэт валют олох олон жишээ байна. Би “Чоно эдийн засаг” гэдэг эдийн засгийн загвар яриад, улстөрчид эдийн засгаа солонгоруулах тухай ярьж олон жил боллоо.

-Яагаад хэрэгжихгүй байна?

-Үндэстэн даяараа нэгдэн зүтгэхгүй байна. Бид дотроо маргалдаж болно. Гадагшаа нэг цул байж л санаагаа хэрэгжүүлнэ. Зүгээр л идэж уух сэтгэлгээ нийгмийн хөгжлийг тушаад байна. Улстөрчид дэндүү увайгүй аашилж байна.

-Манай улсад зах зээлийн эдийн засгийн зарчим үйлчилж байна уу?

-Манай эдийн засагт төрийн оролцоо маш их байна. Төрийн зохицуулалт гэдгийг гажуудуулсан. Төр зах зээлийн зохицуулагч, шүүгч л байх ёстой. Хууль, журмыг гаргаад хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ. Төр компани байгуулж иргэнтэйгээ арсалдаж болохгүй. Төр төмөр нүүртэй байдаг. Иргэнтэй өрсөлдөхөөр юу болох вэ. Төр стратегийн салбарыг хариуцаж болно. Уул уурхайг хэлээгүй шүү. Энэ салбар том учраас төр оролцоно гэж болохгүй. Уул уурхайг хувийн хэвшил авч явж чадаж байгаа бол түүнд төрийн оролцоо шаардлагагүй.

-Уул уурхайд төр оролцох нь буруу гэж үү?

-Хувийн хэвшил авч яваад байхад төрийн оролцоо ямар хэрэг байгаа юм. Төрийн ч бай, хувийн бай татвараа авна шүү дээ. Төр оролцоно гэдэг нь даргыг нь томилно гэсэн үг. Тэр эрх мэдэлтэй дарга нар компанийн даргыг тавьснаар авгай хүүхдээ чадах, чадахгүй албан тушаалд шахна. Хэрэгтэй, хэрэггүй бараа өндөр үнээр шахна. Эцэст нь ашигтай ажиллах боломжгүй болно. Төрийн ямар нэгэн компани ашиггүй ажиллаад хариуцлага хүлээсэн тохиолдол байна уу. Зөвхөн уул уурхай дээр яриагүй бусад олон салбарт энэ үзэгдэл газар авсан. Хямраад байгаа шалтгаан ердөө л энэ. Боловсрол, эрүүл мэнд, зам, эрчим хүч, хил хамгаалах асуудалд төр оролцож болно. Мөн нийтийн тээврийг хариуц.

-Төрийн автобус олигтой үйлчилгээ үзүүлж чадах уу?

-Одоо хувийнхан тийм сайн үйлчилгээ үзүүлж байгаа гэж бодохгүй байна. Намайг дэд сайд байхад 30 тэрбум төгрөг нийтийн тээвэрт өгдөг байсан. Одоо 50 болсон байх. Өнөөгийн явж байгаа автобуснууд ямар байдалтай байна. Тэгвэл төр нийтийн тээврийг мэдэлдээ аваад жил бүр өгдөг 50 тэрбум төгрөгөөрөө парк шинэчлэх бололцоо байсан. Иргэний хувьд би ингэж л боддог.

-1990 онд төрийн албан хаагчид ажлаа хаяад ганзагын наймаанд явж байсан. Өнөөдөр залуус намын гишүүн болж төрийн албанд орох гэж улайрч байна…

-Улстөрчдийн жолоогоо буруу мушгисны гай. Эрх мэдлийг хэт төвлөрүүлсний уршиг. Албан тушаал дээр очсон хэний ч амьдрал богино хугацаанд эрс дээшилж байхад хүн бүхэн тийшээ тэмүүлэх хүсэл төрнө.

-Төрийн албан хаагчийн цалин өндөр биш шүү дээ.

-Гарын үсэг, тендер шалгаруулалт, гадагшаа аялах боломж гээд албан тушаалтанд жирийн иргэнээс хавьгүй өндөр орлого олох боломж байгаа нь авлига хөгжиж эдийн засаг буурах хөрс үүсгэдэг. Энэ бол улстөрчдийн байгуулсан тогтолцооны гамшиг. Өнөөгийн улстөрчдийг моодноос гаргахад сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Та тэдний нэг шүү дээ?

-Би тэдний нэг нь үнэн. Гэхдээ нэг хүн хийх бүтээх чадал хязгаарлагдмал. Хуучин тогтолцоонд дассан хэн ч дорвитой өөрчлөлтийг хүсдэггүй. Би хувийн хэвшил болон төрд ажиллаж үзсэн. С.Батболдын Засгийн газарт ажиллахдаа маш их юм сурсан, туршлагажсан.

-С.Батболдын Засгийн газарт дараагийн Засгийн газруудаас давуу тал байна уу?

-Энэ Засгийн газрын үед л МАН залуусаа маш зоригтой өндөр албан тушаалуудад тавьж эхэлсэн. Энэ уламжлал өнөөдөр ч хадгалагдаж байна. Энэ Засгийн газрын үед л Оюу толгой хөдөлсөн. Зарим хүмүүс бизнес хийх орчингүй болсон учраас улс төрд орсон гэж ярьдаг. Би улс төрд бизнесээ хөгжүүлэх, эсвэл хамгаалах гэж ороогүй.

-Ер нь шударгаар бизнес эрхлэх боломж байна уу?

-Намайг улс төрд ороход нийгэм нэлээд бужигнаантай байсан. Улс төр болохгүй байгаа дохио шүү дээ. Тухайн үед би гудамжны тэмцэл хийж үймээн самуунаар асуудлыг шийдэх нь буруу гэж үзсэн. Харин зохих замаар нь нийгмийн өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн. Тэгээд л улс төрд орсон. Бизнесийн орчны хувьд ном журмаар нь явахад нэг их саад байхгүй.

-Та эрх баригч намын гишүүн шүү дээ.

-Би бизнесийг намгүй байхдаа эхэлсэн. Амжилтад хүрчихсэн хойноо улс төрд орсон. Мэдээж саад тотгор бий. Гэхдээ удаан ч гэсэн журмаар нь явахад шууд хориг тавиад байдаг юм байхгүй.

-Яагаад бизнесийн орчин, боломж байхад өнөөгийн залуус улс төр рүү зүтгээд байна?

-Миний бодлоор богино хугацаанд том мөнгө хийх сонирхолдоо хөтлөгдөөд улс төр лүү улайраад байна.

-Та бие дааж нэрээ дэвшүүлж байсан даа.

-2008 онд бие дааж нэр дэвшээд, 2009 онд МАН-д элссэн.

-Тэгээд шууд дэд сайд болсон.

-2010 онд Ерөнхий сайд надад дэд сайдын албан тушаалыг санал болгосон. Жил гаруй ажиллаад, 2012 онд дахин нэр дэвшээд унасан.

-Дэд сайд болоод юу амжуулсан бэ?

-Дэд сайдын ажил, үүргийн хуваарь их бүдэг байдаг. Миний хувьд гааль, татварын орлого бүрдүүлэлтэд хяналт тавих ажил гол байсан. Засгийн газрын хуралд орохгүй. УИХ, Засгийн газрын гишүүдтэй олон юм яриад байх боломж, туршлага ч байгаагүй. Гэхдээ тухайн үед би Еранхий сайдад хийх ажлынхаа жагсаалтыг барьж очсон. Заримаас нь дурдвал тэтгэврийн шинэчлэл, хөрөнгийн зах зээл, банкны салбарт ужгирсан асуудлыг шийдэх.

-Үр дүн?

-Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийг хараат бус гишүүдээс бүрдүүлсэн. Үр дүнд нь хөрөнгө оруулалтыг их татаж чадсан. Засгийн газрын бондын арилжааг нээлттэй болгох ажлыг эхлүүлсэн. Одоо бол Засгийн газрын бонд биржээр зарагдах нь ердийн үзэгдэл биз дээ. Нэг банк тэтгэвэр тавьдгийг болиулах гээд хүчрээгүй.

-Одоо танай нам эрх барьж байгаа үедээ энэ асуудлыг шийдэх үү?

-Тухайн үед дэд сайд байсан Номтойбаяр сайд болсон. Энэ байдлыг маш сайн ойлгодог, мэддэг хүн. Одоо хэрэгжүүлэх гээд ажлын хэсэг байгуулж байна.

-Та Н.Алтанхуягийн Засгийн газрыг нэлээн шүүмжилсэн дээ.

-Та намайг твитерээр шүүмжилдэгтэй л адилхан. Алдааг нь сануулж байсан. Миний зөв байсан. Дараа нь Сайханбилэгийн Засгийн газар зөв тийшээ алхсан гэж боддог. Гэтэл намын дарга нь улс төрийн эрхээ эдлээд Засгийн тэргүүн нь эрхгүй байх буруу жишгийн гор гарсан.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд нь гадаадад явж байхад унагасан. Таван толгой хөдлөх боломжтой байсан. Япон, БНХАУ-ын хөрөнгө оруулалт орж ирэх байсан. Гэтэл АН-ын улс төрийн товчоо болсон Гүйцэтгэх зөвлөл энэ бүхнийг зогсоосон.

-Намын дарга Ерөнхий сайд тусдаа байснаас энэ бүх алдаа гарсан гэж үзэж байна уу?

-Тийм. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой. Улс төрийн эрх мэдэлгүй Ерөнхий сайд зоримог, хурдан шийдвэр гаргах боломжгүй. Өнөөгийн намын дарга Ерөнхий сайд тусдаа байгаа тогтолцоо нь үргэлжилбэл хямралаас гарахад хүндрэлтэй байх болно.

-Тэгвэл яагаад танай нам энэ загварыг давтаж байгаа юм бэ?

-Анх 2004 онд намууд ойролцоо суудал аваад МАН-ын (тухайн үеийн МАХН) дарга Н.Энхбаяр намын даргаа аваад УИХ-ын дарга болсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Манай нам энэ хувилбарыг сонгож авсан байх гэж ойлгож байгаа.

-Тэгвэл намын дарга Ерөнхийлөгч болохгүй бол Ерөнхий сайд болно гэсэн үг үү?

-…Би сайн мэдэхгүй байна.

-Танай нам эрх бариад зургаан сар боллоо. Ямар ч зоримог алхам, бодлого харагдахгүй байна…

-Энэ нь намаасаа улс төрийн эрх аваагүй Ерөнхий сайдтай байгаагаас болж байгаа болов уу гэж бодож байна.

-Та намынхаа Бага хурлын гишүүн. Яагаад Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихээс татгалзав?

-Амарбаясгаланг би сайн мэднэ. Шударга, боловсролтой, шаргуу хөдөлмөрч сайн залуу. Өнгөрсөн хугацаанд нийслэлд АН засагласан. Энэ хугацаанд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Сонгуульд ялахын төлөө маш сайн ажилласан. Бат-Үүл өөрөө “цунамидуулсан” тухайгаа яриа биз дээ. АН-ын лидер Бат-Үүл, Баттулга нарыг ялна гэдэг том ялалт. Энэ бүхнийг удирдан зохион байгуулсан хүн намын Ерөнхий нарийн бичгийн дарга байх эрхтэйгээр барахгүй, үүрэгтэй гэж би үзсэн. Манай намынхан ч надтай санал нэг байсан.

-Намын даргын даалгавар биелүүлсэн юм биш үү?

-Үгүй ээ. Манай нам жинхэнэ ардчилсан нам гэдгээ харуулж чадсан. МАН-ын Бага хуралд орон тооны нарийн бичгийн даргад Н.Төмөрхүүгийн нэрийг намын дарга дэвшүүлсэн. Харин заалнаас Ц.Бат-Энхийн нэрийг УИХ-ын гишүүн Д.Гантулга дэвшүүлж санал хураалгасан. Энэ өрсөлдөөнд Ц.Бат-Энх ялалт байгуулсан. Даргын үгээр яваагүй байгаа биз дээ. Манай намын давуу тал бол гишүүд нь нэг нэг фракцын хайрцганд ордоггүй.

-Ингэхэд яагаад С.Батболдын Засгийн газрын үед эхлүүлсэн “Эдийн засгийн форум” зогсчихов?

-Энэ форум нийгэм, гадаадын хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлогыг танилцуулдаг гүүр байсан. Сэтгүүлчид хөтлөөд УИХ, Засгийн газрын бодлогыг нийгэмд, хөрөнгө оруулагчдад танилцуулдаг боломжийг нээж өгдөг. Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “Энэ форумаа зохион байгуулаарай. Шүүмжлэлээс айх хэрэггүй. Тамга нь Цагаан даргад байна. Түүнийгээ аваад ном журмаар нь үргэлжлүүлээч” гэсэн санал тавьсан.

-Хариу нь?

-Ерөнхий сайд “Би энэ форумд итгэхгүй байна” гэсэн. Одоо би намын даргад санал тавих гээд байж байна. Нийгмийн бүх давхаргыг оролцуулж санал бодлоо солилцдог, гадныхан хамгийн зөв бодит мэдээлэл түгээдэг хамгийн том суваг шүү дээ.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *