Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Чулуунцэцэг: УИХ-ын гишүүд 300 хүүхдийн эрхийг хамгаалах мөнгөөр кофе уунгаа зовлон ярьсаар гарч ирсэн дээ DNN.mn

Төрийн ордонд өнгөрсөн лхагва гаригт болсон хүүхэд хамгааллын сонсголын үеэр Боловсролын судалгаа арга зүйн чадвар төвийн тэргүүн Ч.Чулуунцэцэг “Зочдод зориулсан кофены нийт үнэ 300 хүүхдийг бүтэн жил хамгаалах төсөвтэй тэнцэж байна” хэмээн шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Түүнтэй хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.


-Төрийн ордонд хэлсэн таны үг товчхон хэрнээ нэлээд юм бодогдуулсан. Олон нийт ч ингэж харж байгаа нь нийтийн сүлжээнд бичигдэж байна. Ерөөсөө бид хүүхэд хамгаалал, хүний эрхийн асуудлыг ярихдаа мэдрэмжтэй байхаас л эхлэх ёстой юм биш үү гэж бодогдсон?

-Өчигдөр (лхагва гаригт) хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болсон. 12 настай охины амиа алдсан хэрэг болон сүүлд хүүхдийн эрх зөрчигдсөн хүнд кейсүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ дээр Хүүхэд хамгааллын хуулийг хэлэлцүүлж батлуулахаар ард нийтээс сонсгол явуулсан нь тэр. Тэнд би байгууллагынхаа өмнөөс оролцогчоор бүртгүүлээд орсон. Миний хүлээлт өөр байсан. Ер нь хуулиа чангатгах юм байна, хүүхэд хамгааллын асуудлаар дорвитой хөдлөх нь. Сонгууль ойртож байгаа учраас эмзэг сэдэв рүү орж байгаа ч далимдуулаад хүүхэд хамгааллын хууль батлагдаад авбал болж байна гэж харсан. Тэртээ тэргүй улстөрчдийн арга барил ийм шүү дээ. Гэвч үнэндээ үр дүнд хүрэх ямар ч зорилгогүй сонсгол байсан. Зүгээр л зовлон яриад кофе уугаад, зовлон яриад кофе уугаад суусан. Үүнийг зүгээр хоёр эмэгтэй гэртээ суугаад хонины мах татаад бууз хийж идэнгээ “Яана аа, энэ хүүхдийн хүчирхийлэл хэцүү байна тэ” гээд ярьж болно. Гэвч ийм яриа Төрийн ордонд өрнөлөө. Болохгүй шүү дээ.

2017 онд хүүхэд хамгааллын зардал 2.5 тэрбум байсан. 2018 онд З.Нарантуяа гишүүн Ажлын хэсгийг ахалж байгаад найман тэрбумд хүргэсэн байдаг юм. Гэтэл өнөөдөр 2023 онд энэ төсөв хэвээрээ л байна. Таван жилийн өмнө талхны үнэ 720 төгрөг байсан. Өнөөдөр хэд хүрсэн билээ. Гэтэл хүүхэд хамгааллын зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй. Уг нь хоёр сая хүүхдийг хамгаалах тухай асуудал ярьж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхэд хамгаалалд мөнгө нэмээд л байна. Гэтэл үр дүнд хүрсэн юм байхгүй. Би одоо хяналтын карт бөглүүлдэг юм бил үү” гэж байсан нь маш цочирдмоор сонсогдсон.

-Юу гэсэн үг вэ?

-Хүн өвчнийхөө картыг алдахад хүртэл осолтой болсон нийгэм. Энэ нь өөрөө хүний эрхийн асуудал. Гэтэл хүүхэд өөрөө хүчирхийллийн карт хөтлөөд биедээ аваад явах юм гэнэ. Ийм юм ярьж болох уу. Би өөр ч олон зүйл яримаар байсан. Гэтэл үг хэлэх хугацааг гурван минутаар хязгаарлачихсан. УИХ-ын гишүүд өөрсдөө болохоор 20 минут ярих эрхтэй, нэмэлт цаг нь 10 минут. Ингээд 30 минут нэг гишүүний ярихыг сонсож бид өдөржин суусан. Өглөө 09:30 цагт очоод 16:00 цагт гарч ирсэн. Гэвч ямар ч үр дүн байхгүй. Хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг төсөвлөснөө уулга алдаад байгаа хэрнээ сонсголд оролцсон 100 гаруй хүнд кофе тавьчихсан. Дундаж үнэ нь 8900 төгрөг гэхээр 300 хүүхдийн нэг бүтэн жилийн хамгааллын зардал. Ийм том зардлыг нэг удаагийн сонсголоор уучхаж байна. Ийм арга хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд тав дахь удаагаа болж байгаа. Тэгэхээр 1500 хүүхдийн эрхийг хамгаалах төсвийг уучихсан хэрэг.

-Хүүхэд хамгаалалд асуудал нь тодорхой байна. Ноцтой кейсүүд гарсан. Тодорхой шийдэл, гарц л хүлээгдэж байгаа. Энэ тухай яригдсан уу?

-УИХ-ын гишүүд ерөөсөө “Маш их мөнгө зарцуулж байна, яагаад хүүхэд хамгаалж чадахгүй байна вэ. Энэ цагдаа нар яагаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Яагаад, яагаад вэ гэдэг асуулт л тавьж суусан. Уг нь бид энэ асуултыг тавьж, хариулт авах гэж очсон шүү дээ. Хууль тогтоогч, төсөв баталж байгаа хүмүүс “Яагаад чадахгүй байгаа нь ийм шалтгаантай байна” гэж хэлэх юм байх гэтэл биднээс асуугаад л сууцгааж байсан. Уг нь түүний оронд “Энэ асуудлыг ингэж шийдмээр байна. Барилгын салбарт хүүхэд хамгааллыг ингэмээр байна. Та нарт ямар санал байна. Уул уурхай дээр ингэж хиймээр байна, эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын ийм ажлыг үр дүнд хүргэмээр байна. Дунд шатны агентлагууд бодлогын хувьд ингэж ажиллах ёстой. Иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл та ямар санал хэлэх вэ” гэж асууж, ярилцах юм байх гэж очсон. Үгүй, чадаагүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь “Яагаад хүүхдийг хамгаалж болохгүй байна вэ” гэж асуугаад суухаар гудамжинд байгаа би юу гэж хариулах вэ.

Тэгээд л хурал тарчихсан. Сүүлийн хүмүүсийг үг хэлүүлээгүй. Олон хүн үг хэлэх байсан. Гэвч асуудал эвгүй тийшээ эргэхээр хаачихсан байх. Хүмүүс ярих болохоор “Тарах цаг боллоо” гээд сануулаад байсан. Миний дараа ганц нэг хүн яриад л хаачихсан. Ер нь төрийн түшээд шүүмжлэл хүлээж авахаас асар их эмзэг ханддагийн л илрэл. Айлын гурван настай охин хүүхэд хүчиндүүлээд нас барахад эмзэглээгүй мөртлөө иргэд өөрсдийг нь шүүмжлээд эхлэхэд маш эгдүүцэж байсан. Ер нь энэ байдлыг бид олон жил харлаа шүү дээ.

-Нэг удаагийн кофены зардалд 300 хүүхдийг хамгаалах төсөв байна гэдэг харьцуулалт олон зүйлийг хэлж байна л даа. Бид хүүхдэдээ хайргүй, элэггүй юм?

-Төрд байгаа хүмүүс хүүхдийн асуудалд эмзэглэдэггүй. Гал хэвээр нь үлдээчихдэг. Жаахан юмаар дараад л газар авахуулдаггүй. Өөрсдийнх нь талаар том асуудал босоод ирэхээр дарахын тулд хүүхдийн асуудлыг сөхөөд гаргаад ирдэг технологитой болчихсон. Сая бол сайд нараа томилохын тулд 12 настай охины асуудлыг сөхөж гаргаж ирлээ. Дараа нь дөрвөн хүүхэд алга боллоо. Олон нийтийн анхааралд орохгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс хүүхэд хамгааллыг хүсэхгүй байна гэж хардахаас аргагүй.

Үнэндээ хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг их мөнгө биш шүү дээ. Энэ мөнгө чинь АТҮТ-ийн нэг ажилтны оймсон дотроос гарч ирдэг л мөнгө. Гаалийн ажилтан Цэцгээгийн хоёрхон үл хөдлөх хөрөнгийн үнэ. Цаана нь гаруй үл хөдлөхтэй гэж хэвлэлээр баримтууд нь гарна лээ. Ингээд харахаар хүүхдийг төрийн хамгаалалтад оруулах ёстой, бодлогыг зангидаж байх ёстой хүмүүст бидний хүүхэд сонин биш. Улныхны хүүхэд олуулаа ч байх шаардлагагүй гэж тэд үздэг. Ядарсан ард түмний хүүхэд үхэх, хорт хавдартай болох хэнд ч хамаагүй. Харин тэд өөрсдийнхөө хүүхдийг төрийн мөнгөөр хамгаалчихдаг. Гэрийн үйлчлэгчтэй, хичээлийг нь бэлдүүлдэг багштай, хоолыг нь хийдэг тогоочтой. Зөвхөн сургуульд нь зөөдөг тусгай жолоочтой. Баянхошуунд байгаа айлын охин машинд дайруулж үхэх, Дарь-Эхэд байдаг айлын охин гудамжинд явж байгаад гэмт этгээдэд хүчиндүүлээд жорлонд хаягдах аймшигт хэргүүд сонин биш. Б.Баярсайхан гишүүн гишүүн Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүн биз дээ. Гэтэл саяны сонсгол дээр “Эцэг эхчүүд утсаа ухаад хүүхдээ харж хандахгүй байна шүү дээ” гэж маш мэдрэмжгүй зүйл ярина лээ. Өнөөдрийн нийгэмд эцэг эхчүүд утсаа ухах завтай байна уу. Яаж хүүхдээ хоолтой хонуулах вэ гэж хөлсөө урсгаж яваа. Харин тэд өөрсдөө чуулган дээрээ утсаа ухаад суудаг биз дээ. Ядарсан ард түмэн утсаа ухаад гурван минут суухад ард нь 500 төгрөг олох боломж алдагдана. Гишүүн хүн улны хэдэн боловсрол мэдлэггүй ядуу хоосон нөхөд утсаа ухаад, эсвэл архи ууж сууж байтал хүүхэд нь үхээд байна гэж тавлаж байна шүү дээ.

-Бусад гишүүд ямар байр суурь илэрхийлэв. Гарц гаргалгаа ярьсан гишүүн байна уу?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын Х.Булгантуяа сайд “Би хүүхэд хамгааллын сайд, карт авч явж хөтөлдөг юм бил үү гэж бодож байна” гэх жишээтэй. П.Анужин “Энэ хурлыг бид байнга хийдэг. Үр дүн байхгүй. Үр дүнтэй болгомоор байна. Та юу хийгээд суугаад байгаа юм бэ. Ажиллаж чадахгүй” гэж хэлээд гараад явчихсан. Үнэндээ ажиллаж чадахгүй байгаа хүмүүсийн нэг нь өөрөө. Хэнд ялархаад байгааг ойлгоогүй. П.Анужин өөрөө лобби бүлэгтэй. Нам нь 65-уулаа, хууль батлах боломжтой. Өөрөө нөлөөллийн ажил хийж байсан, контент үйлдвэрлэгч. Түүнд маш их боломж бий. Б.Баярсайхан “Найман тэрбум төгрөг бол хангалттай мөнгө. Очих ёстой газартаа очихгүй, дээрээ идчихээд байна” гэж байсан. Дээрээ гэхээр парламентаараа идээд байгаа юм байна гэж ойлгосон. Хурал 10:00 цагт эхлэх ёстой байтал 11:37 цагт эхэлсэн. Нэг цаг 37 минут хоцорсон. Учир нь гишүүд ирж өгөөгүй. Б.Жаргалмаа “Хүүхдийн асуудлыг бүх зүйлээс нэгд тавьдаг байя” гэдгийг сонсголд нэг цаг 40 минут хоцорч орж ирчихээд ярьсан. Хоцорч ирж байгаа хугацаандаа нэг, хоёр, гуравдугаар асуудлаа зохицуулсаар байгаад бараг хоёр цагийн дараа ирээд ингэж ярина лээ.

Харин Цахим хөгжлийн сайд Н.Учрал бүтэн суусан байх. Хүүхдийн байршил тогтоодог “E-kids” аппликэйшн хийснээ танилцуулж байсан. 10 мянган хүн бүртгүүлээд байгаа гэсэн. Ийм байдлаар бүтээлч ажил хийж болмоор юм. Мөн дээр нь хүүхдийн хоолны төсөв яригдсан. Хүүхдийн хоолны төсөв өнөөдөр 1500 төгрөг. Нэг телевизээр гарч байсан. Сурвалжлагч захын гэр хорооллын сургуулийн нэг сурагчаас “Сургуульд сурах гоё уу” гэхэд “Гоё”. “Юу нь гоё байна” гэхэд “Хоол өгдөг” гэж хариулсныг хүмүүс харсан байх. Маш эмзэглэмээр зүйл шүү дээ.

-Гэтэл өнөөдөр 1500 төгрөгөөр талх ч авч чадахгүй байгаа. Ийм төсвөөр хүүхэд хооллож чадаж байгаа юу?

-Бодож үзье л дээ. УБТЗ-ын нэг орлогчийн гэрээс долоон тэрбум төгрөг олдсон. Тэр мөнгөөр нэг хүүхдэд 5000 төгрөгөөр чанартай хоол өглөө гэхэд 1.4 сая хүүхдийг хооллох төсөв. Энэ бол 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд чанартай үдийн хоол өгчих мөнгө. Тэгвэл нэг жилийн хугацаанд хүүхэд хичээлд явах өдрийг тооцоод үдийн хоол өгье гэвэл нэг хүүхдэд 990 мянган төгрөг л зарцуулах нь. Нэг сая хүүхэд гэвэл 990 тэрбум төгрөг болно. Авлигын хэргээр их наядаар нь идсэн хэрэг зөндөө байгаа. Монголын нийт сурагчдад бүтэн жил чанартай хоол өгье гэхэд 141 төрийн албан хаагчийн авлигаар авдаг мөнгө л зарцуулагдахаар байна. Өнөөдөр төрийн албан хаагчид үнэтэй машин унадаг болсон. Дундаас дээд албан тушаалтнууд цайны газарт ороод хоёр ширхэг мантуун бууз идэхгүй. Өдөр бүр том ресторанд хооллодог. Гэтэл цалин нь сая гаруй л төгрөг. Үүний цаана юу байх вэ.

-Нэгэнт хүүхэд хамгааллын асуудал ярьсных таны харж байгаагаар ямар ажил хийх шаардлагатай байна вэ. Энэ талаар гарц шийдэл санал болгох уу?

-Засгийн газраас хүүхэд хамгааллын асуудлыг ганц агентлагт хариуцуулаад хаячихсан. Мал төрийн хамгаалалтад байдаг. Хүүхэд байдаггүй. Уг нь эсрэгээрээ хүүхэд төрийн хамгаалалтад байх ёстой. Яагаад гэвэл тэд ирээдүйн Монголын эзэд. Хүүхэд ээжээс төрлөө. 18 жилийн дараа энэ улсын эзэд, энэ улсын хувь заяаг шийдэх иргэн болно. Энэ утгаараа төрийн хамгаалалтад байх ёстой.

Хэрэв би Ерөнхий сайд байсан бол 15 чиглэлийн яамдад, доошоо бүх агентлагт нь чиглэл өгнө. Жилийн нийт төсвийн тодорхой хувийг хүүхэд хамгаалалд зарцуул гэж. Жишээ нь, барилгын салбарт нэг хотхон барихад эхлээд хүүхдийн тоглоомын талбайг байгуул. Хэрэв үүнийг байгуулаагүй бол Улсын комисс хүлээж авахгүй. Уул уурхайн салбар нөхөн сэргээлт хийхээс гадна хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруул. Байгалийн баялгийг ашиглаж байгаа бол ирээдүйн хүүхдүүдийн хүртэх ёстой баялгийн өгөөжийн хуримтлал үүсгэх ёстой. Эрүүл мэндийн салбар бол маш чухал салбар. Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийн жагсаалт гэж байдаг. Тэнд хүүхдийн өвчлөлийг оруулчихсан. Миний охин зүрхний цоорхойтой байлаа гэж бодъё. Монголд хангалттай эмчилнэ гээд гадагшаа явахыг зөвшөөрдөггүй. Хоёр настай хүүхэд Монголд эмчлэхдээ цээжийг нь ярж нээлттэй хагалгаа хийдэг. Үүний оронд 0-18 насны хүүхэд гадаадад эмчлүүлж болно, төлбөрийг нь төрөөс бүрэн хариуцна гэвэл би охиноо Япон руу аваачаад чанартай эмчилгээ хийлгэчихнэ биз дээ. Цавь руу нь дуран оруулаад л ангиогоор эмчлүүлэх боломжтой. Тэгвэл миний охин цээжээ яруулахгүй, эрсдэлгүй, насжилт нь уртасна. Гэтэл манай төр ийм зэрлэг харгис. Гадаадад эмчлүүлэх жагсаалтад нь ховор төрлийн хэдхэн өвчин багтдаг. Түүгээр бол Монгол Улс анагаах ухаанаар дэлхийд бараг цойлж байгаа юм байна гэж харахаар. Бусдыг нь Монголд эмчилнэ гээд байдаг. Яагаад эдгээрийг хийх сонирхолгүй байна гэхээр сайд гишүүдийн хүүхэд өвдвөл дурын улс руугаа аваад явчихдаг. Учир нь төрөөс мөнгө нь гаргана. Эцэг эхийнхээ ядуу хоосны бурууг хүүхэд үүрэх ёсгүй шүү дээ. Энэ мэтчилэн Хууль зүйн яам, Боловсролын яам, Соёлын яам ажиллах ёстой. Ингээд харвал хүүхэд хамгааллын асуудал ярихгүй салбар гэж байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *