Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараавал иргэнийг таван сая, хуулийн этгээдийг тавин сая төгрөгөөр торгоно

Цагдаагийн ерөнхий газрын НХЖ, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.


-Юуны өмнө та Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгнө үү?

-Улсын Их хурлаас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг батлан гаргасан. Дээрх хууль тогтоомжийн онцлог гэвэл урьд нь сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулж байсныг өөрчлөн тус тусын хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг шалгах, хариуцлага хүлээлгэх асуудлыг урьд сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсныг өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал зэрэг олон салбар байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн болон Татварын ерөнхий хууль зэрэг салбарын хууль тогтоомжоор зохицуулж ирсэн. Дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны үнэт зүйл, эрх зүйн соёл, зохицуулалтын аргыг судалж нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг төрийн хяналт шалгалтаас ялгаатай байдлаар зохицуулаагүйгээс салбарын онцлог нэрийн дор салбар бүрд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт, жишиг тогтоон хэрэгжүүлж байсныг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өөрчилж, нэг стандарт, нэг ажиллагааны журамд оруулсан төрөлжсөн Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сард батлан гаргаж 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг томьёолж Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцон эдгээр зөрчлийг шалган шийдвэрлэх нэгдмэл стандарт буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгах, шийдвэрлэх журмыг тогтоосон нь ихээхэн ололттой ажил болсон гэж боддог.

-Зөрчлийн тухай хуульд туссан сонгуулийн хуулийг зөрчих үйлдэлд ямар зөрчлүүд хамаарах вэ, иргэд, нэр дэвшигч, улс төрийн нам эвсэл ямар асуудлыг анхаарах вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Сонгуулийн хуулийг зөрчих” зөрчилд нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, 36 төрөл гэдэг нь зөрчлийн хэлбэр, шинжийг ерөнхийд нь тусгасан тоо бөгөөд задалж үзвэл зөрчлийн тоо илүү олон гэдэг нь харагдана. Тухайлбал, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан уг хуульд заасан 22 төрлийн 38 зөрчлийг шалгах, үүнээс Эрүүгийн хэргийн шүүх шийтгэл оногдуулах зургаан төрлийн 13 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хуульчлагдсан.

Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчлийн талаар тодруулан хэлбэл сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийх, сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчих, ухуулах хуудсыг байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж талбай, орчныг бохирдуулах, сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчих, эрх бүхий байгууллагаас баталсан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчих,сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарах,аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардах, шаардаж авах, ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах, санал авах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэх, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараах зэрэг олон үйлдлүүд зөрчилд тооцогдоно. Иймд иргэд, нэр дэвшигчид, улс төрийн нам эвслээс сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг зайлшгүй судалж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй юм.

Мөн Зөрчлийн тухай хуульд заасан сонгуулийн хууль зөрчих зөрчилд оногдуулах шийтгэл бусад зөрчлөөс ялгамжтай хуульчлагдсан бөгөөд энэ нь сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулахад зохих нөлөө үзүүлэх, шийтгэлийн урьдчилан сэргийлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн буюу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх талаар тогтоосон Зөрчлийн тухай хуулийн зорилгыг хангахад чиглэсэн зохицуулалт гэж хэлж болно.

Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан. Уг зүйлд заасан таван мянган нэгж дэг бол таван сая төгрөг, тавин мянган нэгж гэдэг бол тавин сая төгрөг гэсэн дүнг илэрхийлж байгааг зөв ойлгох хэрэгтэй юм. Хуульд заасан хариуцлагын талаар буруу ойлголттой байснаас шалтгаалан зөрчилд холбогдох, улмаар шийтгэл хүлээх явдал гардаг тул холбогдох хууль тогтоомжийг судалж мэдсэн байх нь чухал байна.

-Сонгуулийн сурталчилгаа, санал авах үед гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хэрхэн хүлээн авах вэ, энэ талаар та тодорхой зохицуулалтыг хэлж өгнө үү?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-14.9 дүгээр зүйлүүдэд хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно”, уг зүйлийн 2 дахь хэсэгт “Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна” гэж хуульчлан тогтоосон. Түүнчлэн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно” гэж нарийвчлан зохицуулсан.

Дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-14.9 дүгээр зүйлүүдэд заасан хүний улстөрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалалтай байдаг.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж, сонгуулийн хууль зөрчсөн зөрчлийг шалгах ажиллагаа явуулна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна”, мөн 4 дэх хэсэгт “Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно” гэж тус тус хуульчилсан.

-Цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжлох, хууль бус сурталчилгаа явуулсантай холбоотой гомдол, мэдээллийг хэрхэн гаргах зохицуулалттай вэ?

-Хуурамч цахим хаяг, хуудас ашиглан хүний нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараах зөрчил ихээр үйлдэгдэх болсон төдийгүй тухайн хохирсон хүн гомдол, мэдээлэл гаргахад чухам аль байгууллагад гомдлоо гаргах нь тодорхой биш байх тохиолдол байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудад тодорхой зохицуулалтууд байдаг. Тухалбал Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж хуульчилсан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж хуульчлан тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээллийг тараасан зөрчлийн үйлдэгдсэн нутаг дэвсгэр тодорхойгүй бол хохирогч хүн, хуулийн этгээд нь уг зөрчлийн үр дагавар илэрсэн газрын харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн уг зүйлд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлүүдийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудыг тодорхой заасан байгаа. Тиймээс иргэд, байгууллага, албан тушаалтнууд хуулийн уг зохицуулалтыг судлах нь зүйтэй гэж хэлэх байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *