Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.
-Сүүлийн үед зам тээврийн ноцтой ослын улмаас бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол их гарах боллоо. Өнгөрсөн жил гэхэд хичнээн хүүхэд амиа алдсан бэ?
-Өнгөрсөн оны байдлаар зам тээврийн ослоос шалтгаалж 1058 хүүхэд гэмтсэн. Үүнээс 55 хүүхэд ослын улмаас амь насаа алджээ. Эдгээрээс 47 хүүхэд орон нутгийн замд буруу тээвэрлэгдсэнээс болж, амь насаа алдсан юм. Нэг ёсондоо бага насны хүүхэд хайртай дотны аав ээж, ах эгчийнхээ хажууд явж байгаад томчуудын буруутай үйлдлийн улмаас амь насаараа хохирох болсон.
-Ноцтой зам тээврийн осол юунаас болж гараад байгаа юм бэ?
-Тухайн жолоочийн сахилгагүй, хариуцлагагүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм журам биелүүлдэггүйтэй холбоотой. Зарим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлдэг. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг нь ч нөлөөлдөг. Хамгаалах бүс, хамгаалах хэрэгсэл зүүлгэдэггүйгээс шалтгаалах нь бий. Ийм шалтгаануудаас болж хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай хэргүүд гарч байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалж 400 гаруй хүүхэд гэмтэж, 13 хүүхэд амь насаа алджээ.
-Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж, ажиллаж байна вэ?
-Орон нутгийн замд Замын цагдаагийн албанаас зөөврийн хурд хэмжигч ажиллуулж, тээврийн хэрэгслийн хурданд хяналт тавьж байна. Алслагдсан зуслангийн замд хяналт шалгалт хийж байгаа. Нийслэлд “Хөдөлгөөн зохицуулалт-хяналт арга хэмжээ”-ний хүрээнд бүлгийн эргүүлийг гаргасан. Тодорхой цэгүүдийг дэг журамтай болголоо. Орон нутгийн замд “Хөдөлгөөний соёл” аяныг ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулж байна. Иргэд орон нутгийн замд мотоцикльтойгоор замын хөдөлгөөнд оролцдог. Ингэхдээ тэд айраг болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага насны хүүхдийг хамгаалалтын малгайгүй, давхралдсан байдлаар авч явдаг. Тэгж яваад онхолдож, хүүхдийн амь насыг нь хохироох тохиолдол их гарах болсон.
Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч олон төрлийн нөлөөллийн сургалт, сэрэмжлүүлэг гэх зэрэг ажлыг зохион явуулдаг. Гэвч эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй явуулж байна. Хариуцлагагүй эцэг эхчүүд осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм. Ингэхгүй бол зам тээврийн осол цагдаагийн албан хаагчдын санасан хэмжээнд хүртэл буурч өгөхгүй байгаа юм.
-Хүүхдийг буруу тээвэрлэж явсан жолоочид ямар хариуцлага оногдуулж байна?
-Хүүхдээ буруу тээвэрлэдэг, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй соёлгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын эрхийг нь хассан. Өмнө нь бид тэдэнд олон удаа сануулсан. Одоо шаардлагатай арга хэмжээг дорвитой авч ажиллахаас өөр аргагүй. Тухайлбал, замын цагдаа нараас иргэд нэг удаа сануулаад өнгөрчих гэж их гуйдаг. Заримдаа сануулж, сэрэмжлүүлээд ч үр дүн гарахгүй байна. Тухайн автомашиныг зогсооход иргэд цагдаагийн нүдийг хуурдаг. Хүүхдийнхээ дээгүүр нь бүс тохчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, стандартын дагуу бүс зүүлгээгүй байдаг юм. Жолооч өөрөө бүсээ зүүгээд хэвшил болчихлоо. Одооноос хажууд суугаа хайртай дотнын хүн, үр хүүхдэдээ зүүлгэх хэрэгтэй. Мөн хүүхдийг автомашинд тээвэрлэж явахдаа дураар нь орхиж, идэх юм өгч, тоглуулж, цонхоор гар хөлийг гаргаж явах тохиолдол ч бий. Иймээс бид цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалт байхгүй газар бүрт хүрч ажиллана. Замын цагдаагийн алба хаагчид энэ зун ээлжийн амралтгүй ажиллах төлөвлөгөө гарсан.
Ямар зөрчил гаргасан бэ гэдгээс хамаарч өөр өөр торгууль оногдуулдаг. Тодруулбал, хамгаалах бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй иргэнээс зөрчлийн нэг оноо хасч, хорин мянган төгрөгөөр торгуулна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж автомашин жолоодвол 400 мянган төгрөгөөр торгодог. Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Мөн бид бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байнга ажилладаг. Хүүхдийн амь нас хөнөөсөн хүнийг хэрхэн шийтгэх вэ гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар, шүүхээр шийдвэрлэдэг.
-Одоогийн байдлаар Замын цагдаагийн албанд ямар гэмт хэрэг их бүртгэгдсэн бэ?
-Зуны улирал болж байна. Тиймээс аялал зугаалга, гол усны ойролцоо иргэд их очдог. Сургуулийн аюултай зам, орчин гэж байдаг байсан бол одоо аюултай эцэг эх гэж гарч ирэх болжээ. Арваас доош насны хүүхдүүд метр 30-40 сантиметр байдаг. Гэтэл сүүлийн үеийн тээврийн хэрэгсэл метр 50-60 сантиметр болсон. Ингэхээр бага насны хүүхэд харгалзах хүнгүй зам дээр явж байхад харагдахгүй тохиолдол их гардаг. Эцэг эхчүүдийн хараа хяналтгүйгээс хүүхэд гэнэт замын урдуур гүйхэд хэдхэн хормын дотор аймшигт осол гарна. Эсвэл эцэг эх, асран хамгаалагчид дөрөв, таван насны хүүхдийг долоо, найман настай хүүхдэдээ найдаж, гэрийн ойролцоо дэлгүүр болон ямар нэг газар руу гүйлгэдэг. Үүний улмаас хүүхэд хариуцлагагүй жолоочийн золиос болж, амь насаа алддаг.
Мөн сүүлийн үед тээврийн хэрэгслийн доторх тээш хадгалах хэсгийг шалгадаг болсон. Ихэнхдээ автомашинд ямар нэг хууль бус зүйл хадгалах, авч явах, хулгайн эд зүйлээ нуух хэрэг гарч байна. Мөн автомашины үндсэн дугаараа солих зэрэг зөрчил гардаг. Иймээс хяналт шалгалтыг улам эрчимжүүлнэ. Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн жолоочид Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклын сэлбэгийг оруулж ирдэг. Гэр бүлийн хоёр хүн байхад нэг нь мотоциклийн дугуй, гадна биеийнх нь хэсгийг, нөгөө нь жижиг, нарийн техник хэрэгслийг нууж авч явдаг.
-Осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Бага насны хүүхэд осолд өртсөн, хүний амь нас хохирсон ноцтой ослуудын хүрээнд харьяа дүүрэг орон нутгуудад албан бичгийг хугацаатай хүргүүлдэг. Дахин гэмт хэрэг, осол гаргахгүй байх зэргийг анхааруулдаг гэсэн үг. Тиймээс иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг автомашинд авч явахдаа заавал бүсийг нь зүүлгэж, цонхыг нь хаах зэргээр, зөв үлгэр дуурайл үзүүлэх нь чухал юм.