Categories
мэдээ цаг-үе

Ч.Чамин-Эрдэнэ агсны ээж Г.Чимгээ: Миний охины амиа алдахад хүргэсэн шалтгаан нөхцөлийг цагдаагийнхан тогтоох хүсэлгүй байна

“MNTM-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд өөрийн амьдардаг “KH” хотхоны 11 давхраас унаж нас барсан. Түүний үхлийг ар гэрийнхнийх нь зүгээс гадны нөлөөтэй хэмээн үзэж, хэд хэдэн хүнийг буруутгаад байгаа бол цагдаагийн байгууллагаас эл хэргийг гадны нөлөөгүй гэж үзээд буй. Иймд талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээтэй ярилцлаа.


-Энэ хэрэг хэдэн сарын турш үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд та бүхний буруутай гэж үзээд байгаа хүмүүсийн зарим нь телевизийн нэвтрүүлэгт орж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл одоо хэрнээ тэднийг буруутай гэж та нар үзээд байгаа. Яагаад тэр вэ?

-Миний охиныг тэмцээнд оролцох үеэс эхлээд л MNTM шоуны оролцогч О дээрэлхэж, дарамтлан, элдвээр харааж байсан гэсэн. Үүгээр ч зогсохгүй тэмцээний үеэр охид дээр гэр бүлийнхэн нь очиход О-гийн ээж гар утсаа гарган хар дом мэтийн зүйл хийсэн байх магадлалтай. Мөн нэг цаг гаруй хугацаанд маанийн ерөөл тавьсан. Тэр үед ээж минь байсан. Миний ээжийн ухаан эрүүл саруул байгаа. Гэтэл тэнд дөрвөн ээж байхад хэнээс нь ч асуулгүй маанийн ерөөлөө тавьсан хэрнээ телевизийн нэвтрүүлэгт орохдоо ээжүүдээс асуусан гэж хэлсэн байна лээ. “Наадахаа болиоч, энд ямар үхсэн хүн байгаа биш дээ” гэж хэлэхэд О-гийн ээж ерөөсөө болихгүй, сонсоод л байсан гэсэн. Үүнд маш их эмзэглэж байна. Үнэхээр О-гийн ээжийн хэлж байгаа шиг тэр маанийн ерөөл нь дууны хэсэг байсан юм бол тухайн үед ятга, хөгжмийн ая нь бас сонсогдох учиртай байсан шүү дээ.

-Танайхан шашин шүтдэггүй гэсэн хэрнээ яагаад маанийн ерөөл тавьсанд эмзэглээд байгаа юм бэ?

-Маанийн ерөөл нь миний охинд нөлөөлсөн гэж хэлэхгүй ч яагаад заавал охидын амьдарч байсан байранд бурхан болсон хүний араас уншдаг маанийг охины минь эмээгийнх нь урдаас харуулаад бүтэн цаг гаруй тавьсан юм бэ. Уг нь алтан хайрцгийг нь нээлгэхэд урт наслах хүүхэд байсан гэж байна лээ. Хүний хорлол, цагаан хэл ам үхэлд нь нөлөөлсөн гэсэн. Тэгэхээр О-гийн ээжийг л хар хэл амны дом уншуулсан гэж бодож байгаа.

-Ер нь О-гийн гэр бүлийн зүгээс тантай уулзсан уу?

-Гэм буруугүй л юм бол 49 хоног нь болж өнгөрөхөөс өмнө надтай ирж уулзаж болно шүү дээ. Өнөөг хүртэл уулзаагүй байж нэр хүндээ сэргээхээр явж байгаа гэсэн. Тийм хэрнээ манай дүүг өөрсдөөс нь уучлалт гуйх ёстой гээд байгаа.

-Шоуны ялагчийг тодруулж, сүүлчийн шалгаруулалтыг хийсэн шүү дээ. Энэ үеэр тэмцээнд оролцож байсан бүх охид байсан гэсэн. Хэн нэгэн нь ирж эмгэнэл илэрхийлсэн үү. Шоунд хоёр ялагч тодруулсан билүү?

-Эцсийн шалгаруулалт болох үед бүх охид бас гэр бүлийнхэн нь ирсэн байсан. Гэвч тухайн үед надтай хэн нь ч ирж уулзаагүй. Харин дараа нь Том, Жерри болон Н.Бадмаараг нар 49 хоног болохын өмнө ирж уулзсан. Мөн багш Д.Болормаа нь ирсэн. Телевизийн зүгээс Н.Мэндбаяр нарын гурван хүн ирсэн. Шоунд хоёр ялагч тодруулчихмаар байна гэж надаас гуйсан. Тиймээс би зөвшөөрч эхний ялагч нь миний охин болж, шагналыг нь төрсөн дүү нь гардаж авсан. Хоёр дахь ялагч нь Б.Анужин болсон. Хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн өмгөөлөгчдийн шинэ баг авч ажиллаж байна.

-Найз залуу нь энэ хэргийн талаар тантай ярилцсан уу?

-Найз залуу н.Нэмэхбаярын хувьд анх миний охиныг 17 настай байхад харж хамгаална гэж авч явсан. Амиа алдсан байна гэхэд нь “Амиа хорлосон гэдгийг нь цагдаагийн байгууллага нотолно биз” гэж хэнэггүй хэлсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг гарсны дараа н.Нэмэхбаяр, О нарыг хэрэгт холбоогүй гэж үзээд байгаа юм. Арваннэгдүгээр сарын 2-нд охиныгоо чандарлаагүй хөдөөлүүлсэн. Тэр үед н.Нэмэхбаяр энэ хэргийн эцсийг нь үзье гэж надтай ярьж байсан ч нэг ч удаа хэргийн араас санаа тавиагүй, чимээгүй алга болсон. Уг нь зургаан жилийн турш тэр байранд хамт амьдарсан хүмүүс шүү дээ. Хэрэв байдал эвгүйтэх юм бол дахиж шинжилгээ авахуулна.

-Охиноо зургаан жилийн өмнөөс эхлээд н.Нэмэхбаяртай хамт амьдруулсан юм уу?

-н.Нэмэхбаяртай 16 настайдаа танилцаж, үерхээд 17 настайдаа тусдаа гарсан. н.Нэмэхбаярыг анх харахад нүдэнд дулаахан, сайн залуу шиг санагдаж байсан. Анх тусдаа гарахад нь ийм юм болохыг нь яаж мэдэх вэ дээ. Бүх зүйлийг сайхнаар л төсөөлж байсан. Гэхдээ тухайн үедээ хэд хэдэн удаа охинд минь эвгүй зан гаргасан гэсэн.

-Охиныг тань зоддог байсан гэл үү?

-Тийм. н.Нэмэхбаярыг гар хүрдэг байсныг охин минь эхний удаад надад хэлж, би сануулга өгсөн. Харин дараа нь дахин зодоход н.Нэмэхбаяр охиныг минь ээждээ хэлж болохгүй гэж заналхийлсэн гэсэн. Тэгээд энэ явдлаа үеэл дүүдээ нууцаар хэлсэн байна лээ.

-Охиныг тань өмнө нь хүүхдээ авахуулж байсан гэх яриа гарсан байна лээ?

-Миний охин жирэмсэн болж байгаагүй. Сүүлд тэмцээнд орохын өмнөхөн жирэмсэн болсон байж магадгүй. Үүнийг нь н.Нэмэхбаярын талынхан хүлээн зөвшөөрөөгүй, хуучин эхнэр нь хүртэл уулзсан гэсэн.

-Ч.Чамин-Эрдэнийг нас барсныг хэн танд анх хэлсэн бэ?

-Хэргийг хариуцаж авсан цагдаа Н.Чойжилсүрэн хэлсэн. Над руу утастаж, цагдаагийн газар руу хүрч ирнэ үү гэсэн. Тэгэхээр нь миний охин хэрэгт холбогдсон юм уу, одоо хэлээдэх гэтэл охин тань 11 давхраас унаж, амиа хорлосон байна гэж хэлсэн. Гэтэл үнэндээ амиа хорлохоор өөрөө үсэрснийг нь цагдаагийн байгууллагынхан нүдээрээ хараагүй шүү дээ.

-Хэргийг анх авсан өмгөөлөгч алга болсон гэсэн үү?

-Анх Боловсрол ТВ-ийн зүгээс өмгөөлөгч гаргаж өгье гэтэл тэр хүн нь миний охины хэрэг дээр ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн байна лээ. Дараа нь Б.Тамир, Н.Ганбат гэж өмгөөлөгчид аравдугаар сарын 25-ны өдөр надтай уулзаж, гэрээгээ хийчих юм бол өмгөөлөгчийн багаараа энэ хэрэг дээр орж ажиллана, хоёр дахь шүүх шинжилгээнийхэн хариуг авчихаж чадна гэж хэлсэн юм. Түүнээс хойш хэл сураггүй байж байгаад аравдугаар сарын 30-ны өдөр Б.Тамир ирж ганцаараа гэрээ хийсэн. Боловсрол ТВ-ээс өмгөөлөгчдийн урьдчилгаа мөнгийг нь гарган Б.Тамирт хоёр сая төгрөг өгсөн. Мөнгөө авснаасаа хойш тэгээд л таг алга болсон. Энэ хооронд охины минь шүүх шинжилгээний хариу гарахгүй нэлээд удсан. Тэгэхээр нь эмнэлэг дээр очин шинжилгээний хариуг нь асууж, хариу гараагүй байгааг мэдээд буцахад Тамир гэнэт над руу залгаж “Та эмнэлэг дээр очсон юм уу” гэж холбоо барьж, арваннэгдүгээр сарын 27-ны өдөр надтай уулзсан. Эхний шүүх шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан.

-Эхний шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-Анх аравдугаар сарын 24-ний өдөр охиныгоо морог дотор харсан. Тэр үед би бүх биеийг нь харж, хугарсан яс, хөхрөлд байгаа эсэхийг нь шалгаж үзсэн. Тэгэхэд миний охины тархины гавал бүтэн, нүд нь тунгалаг, цус хураагүй нээлттэй байсан. Хамар, чих, амнаас нь ер цус гараагүй. Харин ам нь том ангайж зууван болсон ч шүд нь бүтнээрээ байсан. 11 давхраас унасан хүний ам, хамраас цус гараагүй, шүд нь хөдөлгөөнд ороогүй байх уу. Бас хүн унахдаа орилсон бол ам нь дугараг хэлбэртэй болохоос биш, босоо зууван болохгүй шүү дээ. Мөн хэргийн газарт ямар ч цус байгаагүй. Ганцхан баруун талын хөл нь гуяараа хугарсан байсан. Анхны дүгнэлттэй танилцаж байхад эмч нь надад охины хувцсыг өгчихөөд “Тархи толгой нь бүтэн байсан” гэж хэлсэн. Би анх охиныхоо энэ байдлыг нь хараад л алуурчид охиныг минь зохион байгуулалттайгаар алж, чирч тэр газарт аваачиж тавьсан гэж бодож байгаа. Дээрээс унасан хүн гэрийнхээ түлхүүрийг гартаа тас атгачихсан байх уу. Түлхүүр битгий хэл нүүр ам нь бүгд зулгараад бяцарна шүү дээ. Гэтэл энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага болон өмнөх өмгөөлөгчдийн зүгээс ер ажиллаагүй, амиа алдахад хүргэсэн шалтгаан нөхцөлийг тогтоох хүсэлгүй байна. Болж өгвөл хаалгачих гээд л байгаа. Тиймээс дур мэдэн хэргийн талаар худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүсч байна. Цагдаагийнхан хэргийн газарт очиж хүн унаж болно гэж тогтоосон гэсэн. Энэ туршилтыг хийх үеэрээ яагаад хохирогч, өмгөөлөгчийн талаас хүн дагуулж яваагүй юм. Хэзээ туршилт хийж үзсэн нь ч тодорхойгүй байгаа. Яагаад гэхээр хэрэг болсон газар руу ордог хашааны хаалга одоог хүртэл цоожтой, цоож нь хөдлөөгүй байна лээ. Харин хоёр дахь шинжилгээний хариу гарахад охиныг минь надаас ч зөвшөөрөл авалгүй, дур мэдэн задланд оруулж, эрүүнээс нь цавь хүртэл биеийг нь үеэр нь салган, тархийг нь гавалнаас нь гаргаад тавьчихсан байсан. Ийм зүйлийг нь өнгөт зургаар шинжилгээний хариунд хавсаргаж намайг хар гэж өгсөн. Үүнд би гомдолтой байгаа. Хоёр дахь шинжилгээний хариун дээр ходоодыг нь 2.5 хувийн спирттэй болгон хариуг гаргасан байсан. Нэг дэх шинжилгээн дээр нь спирт огт илрээгүй. Мөн 11 давхраас унасан болгох гэж тархины гавал цоорсон, хавирга нь хугарсан гэж хариуг гаргасан байна лээ. Энэ нь нэг дэх хариунаасаа зөрсөн. Нэг дэх хариун дээр хоёр хавирга нь бүтэн байсан шүү дээ. Тухайн үед өмсөж явсан цамц нь шороо ч байгаагүй. Ганцхан зүүн талын бөөрөн хэсэгтээ дугараг цустай байсан. Гэтэл богино ханцуйтай цулгуй цамцыг нь улаан бичигтэй, ханцуйгүй болгон сольсон байсан.

-Охины тань амь насыг санаатай хөнөөчихөөд хэрэг гарсан гэх газарт аваачиж орхисон гэж та үзээд байна уу?

-Охиныг минь алчхаад зөөврөөр аваачиж тавьсан гэж бодож байгаа. Дээрээс унаж нас барсан гэдэг нь орчин тойронтой нь ямар ч авцалдаагүй байгаа юм. Хувцсыг нь харахад чирсэн байдалтай байсан. Учир нь гаднах өмднөөс нь гадна дотуур хувцас нь хүртэл зулгарч урагдсан байна лээ. Охины минь арьс өмсөж явсан тавчик, хувцсан дээр нь наалдсан байна лээ. Таван давхраас унасан хүний бие бяцарч байхад 11 давхраас унасан хүний бүх зүйл нь бүтэн байна гэж байх уу.

-Өмсөж явсан хувцсыг нь гадаад руу шинжилгээнд өгч явуулсан гэсэн. Хариу нь гарсан уу?

-Шинжилгээний хариу гараагүй байгаа. Охины өмсөж явсан биеийн тамирын цамц, подволк, өмд, оймс, дотуур хувцас, тавчикийг нь өгч явуулсан. Энэ долоо хоногтоо багтаан Монголоос өмгөөлөгчдийн орчуулгатай хүсэлт гаргасан факс явуулна. Хэрэгт холбогдуулан гадаадад олон улсын өмгөөлөгч авч байгаа.

-Амьдарч байсан гэрт нь очиж шалгалт хийсэн гэсэн. Тэр үед сэжигтэй зүйл илэрсэн үү?

-Цагдаагийнхантай н.Нэмэхбаяр бид нар хамт гэрт нь орсон. Тэр үед варианы шилний тал хүртэл бүдүүн иштэй тамхи, нэг ширхэг пивоны шил байсан. Эд бүгдийг н.Нэмэхбаяр хэрэглэсэн. Гэтэл тэднийг нь цагдаагийнхан шинжлээгүй гэсэн. Байцаагч нь пивоны шилэнд шингэн байхгүй болохоор нь хаячихсан гэж байсан. Мөн гар утсыг нь шинжилгээний эд зүйлд оруулаагүй. Хамгийн сүүлийн дуудлагыг нь шалгахад л болно шүү дээ. Бид байцаагчаас хэргийн талаар асуухад “Ингээд байх юм бол өөрсдийг чинь хэрэгт хийчихнэ шүү” гэж ээжид минь хэлсэн.

-Хэргийг гэрчлэх гэрч байгаа юу?

-Энэ хэргийг гэрчлэх хоёр хүн бий. Тэр өдрийн болсон үйл явдлыг хэлсэн. Тэдний яриа байгаа. Одоо хэргийг шалгаж байгаа байцаагчид гэрчүүдийн мэдээллийг өгсөн боловч нэг ч дуудаж байцаалт аваагүй байна лээ.

-Нэвтрүүлгийн үеэр оргож, тэмцээний дүрмийг зөрчин гэртээ ирсэн гэсэн.

-Есдүгээр сарын 20-нд өглөө есөн цагийн орчимд ирэхдээ охины минь царай нь их эвгүй болчихсон байсан. Уйлж, сэтгэл санааны хямралд орсон нь илт анзаарагдсан. Охин “Ээж ээ, би энэ тэмцээнээс гармаар байна. Уг нь хүсэл мөрөөдлөө биелүүлье гэж бодсон ч О намайг доромжилж, хамгийн муухайгаар харааж байна” гэсэн. Тэгэхээр нь охиныгоо “Нэгэнт дуусах дөхөж байгаа юм чинь тоох хэрэггүй. Тэвчээрэй” гэж хэлж аргадсан.

-Нэг дэх шинжилгээний хариу гарахад тань дээр хэдэн залуучууд хүрч ирсэн гэж байсан. Яг юу болсон юм бэ?

-Хариу гарахад би зөвшөөрсөн гэдэг хэсэгт нь гарын үсэг зураагүй юм. Гэтэл дараахан нь өдрийн цагаар гэрийн хаалга тогшиж дуудлага өгсөн үү гэсэн. Би өгөөгүй гэдгээ хэлтэл хаалгаа онгойлго гэхэд нь онгойлгоход цагдаагийн хувцастай хүн дайрч орж ирэн, охины зураг руу харж инээгээд байсан юм. Чи яагаад инээгээд байгаа юм гэтэл би инээгээгүй гэж хэлчихээд цаасан дээр цагдаад дуудлага өгөөгүй гэж бичээд гарын үсэг зураадах гэж хэлсэн юм. Би өөрийнхөө үнэмлэхээ үзүүлж, нэрээ хэлэхийг шаардахад гараад явсан. Бас саяхан шөнийн 12 цаг болох гэж байхад дулааны шугам сүлжээнээс хүмүүс явж байна гэж хэлэн хаалга маш чанга нүдэхээр нь би айгаад дуугарч чадаагүй. Нэлээд удаан байсны дараа тэд явсан. Охины амьдардаг байсан байранд зул өргөөд байдаг байхад шөнө болгон хаалгыг нь гаднаас нь түлхүүрддэг, хүний хөлийн чимээ байнга сонсогддог байсан. Хэргийн үнэнийг олохоор ТМ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцсон. Гэтэл мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар олон нийтэд дэлгэж болохгүй гэж цагдаагаас хэлсэн болохоор гаралгүй хойшилсон.

-Хэрэв энэ бүх хэрэг нэг мөр шийдэгдсэний дараа О болон түүний ээж буруугүй байсан нь тогтоогдвол та энэ хүмүүсээс уучлалт гуйх уу?

-Би уучлалт гуйж чадахгүй. Хэдий охины минь үхэлд буруугүй байсан ч нөлөөлсөн, сэтгэл санааны дарамтад оруулсан гэж үзнэ. Ийм байхад яагаад уучлалт гуйх ёстой гэж. Магадгүй өөрсдөө алдаагүй ч захиалга өгч хүнээр хорлуулсан байж магадгүйг би хэлж мэдэхгүй. Тэгэхээр хэрэгт хамаатай гэсэн үг.

-Одоо цаашид яах вэ?

-Энэ хэргийг дааж авсан холбогдох хүмүүс нь сайн ажилласан бол аль хэдийнэ шийдэгдэх байсан ч, одоог хэрнээ хэрэг удаашралтай байна. Тиймээс эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргамаар байгаа. Миний охины хэрэгт анхаарал хандуулж, үнэн зөвийг олохын төлөө багахан ч гэсэн сэтгэл зүрхээ зориулж өгөөч ээ гэж хэлмээр байна. Хэрэв миний охины хэргийн үнэн, зөв нь шударгаар илэрвэл, өмнө нь гадны нөлөөгүй, амиа хорлосон гэх байдлаар хаагдсан хэргүүдийн цаадах үнэн нь илрэх магадлалтай.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *