“Хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс нэмэгдлээ”, “Хүнд металлын агууламж хэтэрсэн байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн сэдвийг чимсээр удлаа. Бид амьд явах, эрүүл орчинд амьдрах эрхтэй, тийм орчинд амьдарч чадаж байна уу? Төр засаг иргэдийг агаар, хөрсний бохирдлоос хамгаалах үүргээ хэр сайн биелүүлж байна вэ? Утаанаас илүү уршиг үзүүлэх хөрсний бохирдол нь наанадаж гэдэсний өвчин, цаашилбал бидний удмын сантай холбоотой. Монгол улсын хүн амын тэн хагас нь амьдардаг. Улаанбаатар хотын хөрсний бохирдол, түүнийг бууруулах технологийн шийдлийн талаар Технологийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүхтэй ярилцлаа.
-Хоёулаа яриагаа Улаанбаатар хотын хөрс бохирдож буй гол шалтгааны талаар эхлэх үү.
-Сүүлийн жилүүдэд томоохон хот суурин газрын хөрс ихээхэн бохирдох болсон. Хот суурин газрын хөрсийг бохирдуулдаг хэд хэдэн эх үүсвэр байдаг. Үүнд гэр хорооллын бие засах газар, бохир усны цооног, ил задгай хаясан хатуу, шингэн хог хаягдал, түүхий нүүрс болон автомашины түлшний шаталтаас ялгарч байгаа химийн нэгдлүүд хөрсний бохирдлыг ихээхэн үүсгэдэг. Мөн нефть, шатах тослох материал зарж борлуулах, засвар үйлчилгээ хийх, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой хөрсийг бохирдуулах газрууд ихээхэн бий болж байна.
-Өвлийн улиралд цас хайлуулах зорилгоор зам дээр давс цацаж харагддаг энэ хөрсөнд хэрхэн нөлөөлдөг бол?
-Өвөл цас орсон үед авто замын халтиргааг арилгахын тулд 600-700 тонн цас хайлуулах бодис, 50-60 тонн давс ашигладаг гэсэн тоо баримт бий. Энэ их давс, бодис хааччихав? ууршиж алга болохгүй. Цастай холилдон хайлсан давс, бодисыг замын хажуу талын ногоон байгууламж руу овоолж харагддаг. Энэ нь хавар хайлж улмаар хөрсөнд шингэдэг. Үүнээс болж хөрс бохирдон хотын ногоон байгууламжинд сөргөөр нөлөөлж ургалт нь мууддаг тал бий.
-Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал ямар байна вэ? Хотын хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор хөрсний бохирдол эрс ихэссэн. Тиймээс бохирдлын шалтгаан, эх үүсвэр зэрэгт олон судалгаа хийгдсэн. Судалгааны үр дүнгээс сонирхуулбал хаана бохирдол хамгийн их байна вэ?
-Хотын хөрсний бохирдолтын ерөнхий түвшин Улаанчулуут, Дарь-эхийн хогийн цэг, хотын цэвэрлэх байгууламж, Нарантуул зах, Шархадны авто машины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчим зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их буюу “их бохирдолттой” зэрэглэлд хамаарагдаж байна.
Манай шинжлэх ухааны академийн эрдэмтдийн судалгааны дүнгээр нийт дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой. Мөн хүнд металлийн бохирдол багагүй байгаа нь харагдсан. Дунджаар авч үзвэл хүнд металлууд 2-10 хувь стандартаас их бохирдолтой гэж гарч. Бэлчээрийн эрүүл хөрстэй Улаанбаатарын хөрсийг харьцуулахад хүнд металлийн бохирдол 70-80 хувьтай байдаг.
-Хамгийн их хог хаягдал үүсч бохирдол үүсгэх газар бол яах аргагүй гэр хороолол байдаг. Тэр орчмын бохирдолд юу давамгайлдаг бол?
-Гэр хорооллын хог хаягдлын 20-30 хувь нь нэгдсэн хогийн цэгт очихгүй, гудамж талбайд ил задгай хаяж байгаа нь хөрс цаашилбал хөрсний усыг бохирдуулдаг. Уг нь хогийг эх үүсвэр дээр нь ангилах, хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар өчнөөн ярьж байгаа ч одоогоод дорвитэй хийгдсэн ажил алга.
-Агаарын бохирдол хөрсний бохирдолд шууд нөлөө үзүүлэх үү?
-Мэдээж шууд нөлөө үзүүлнэ. Бохир агаар, тоосонцорууд хөрсөнд шууд бууна, хөрсний бохирдол цаашдаа гүний усаа бохирдуулна. Агаар, хөрс, ус гурав хоорондоо холбоотой гэдгийг хүмүүс анзаардаггүй. Ус, агаар, хөрс эрүүл байж хүн эрүүл байна шүү дээ.
-Ер нь хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар өвчлөлүүдийг үүсгэдэг вэ?
-ДЭМБ-ын судалгаанаас харахад жил бүр 1.7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой, суулгалт өвчний улмаас нас бардаг гэсэн тоо баримт байдаг. Үүний 10 хүн тутмын ес нь бага насны хүүхэд, эндээс харахад хөрсний бохирдол нь арьс салстын үрэвсэл, суулгалт, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг ньтодорхой байна.
-Манайд хөрсний бохирдлыг багасгах, урьдчилан хамгаалах талаар авч хэлэлцэж буй асуудал, явуулж буй үйл ажиллагааны талаар.
-Хөрсний үржил шимийг сайжруулах нь нийгмийн хөгжлийн төвшнөөр тодорхойлогддог гэж хэлмээр байна. Манай улсын хувьд орчны бохирдлын асуудалд онцгой анхаарах цаг нь иржээ гэдгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын өргөн цар хүрээг хамруулсан судалгааны үр дүнгүүд илтгэж байна. Түүнчлэн бид байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн болон шинжлэх ухаан, хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулан Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн түвшин, бохирдлыг хэрхэн бууруулах арга зам технологи, шийдлийн талаар хэлэлцэж тодорхой зөвлөмжүүдийг холбогдох шат шатны төрийн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.
Сая болж өнгөрсөн сонгуульд улс төрийн нам, хүчнүүд мөрийн хөтөлбөртөө байгаль орчны бохирдлыг зогсоож, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ,байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар ихээхэн тусгасан нь улсын хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх, шийдвэрлэж, амжаагүй ажлуудын эхлэлийг нь зөв тавих, хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх цаг нь ирсэнг гэдгийг харуулж байна.
-Таныг хөрсний бохирдлын талаар олон судалгааны ажил хийсэн гэж сонссон. Таны хувьд хөрсний бохирдлын чиглэлээр ямар ямар судалгаанууд хийсэн бэ?
-Хөрсний бохирдлын байдалд манай эрдэмтэн судлаачид анхаарал хандуулан судалгаануудыг хийж гарах гарц, шийдвэрлэх арга замын талаар санал дэвшүүлж байгаа нь ойлгомжтой. Миний хувьд Физик технологийн хүрээлэнд ажиллаж байхдаа 2001-2003 оны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1200 орчим газраас хөрсний дээж цуглуулж хортой хүнд элементийн бохирдлын тархалтын 1:50000 масштабтай, нарийвчилсан зураглалыг бусад эрдэмтдийн хамт гаргаж Байгаль, орчны яам болон бусад холбогдох газруудад хүргүүлж байсан. Мөн Дархан, Эрдэнэт гэх мэт томоохон хотууд, Бороо гол дагуух хөрсний бохирдлын судалгааны ажлуудыг хийсэн.
-Бидэнд хөрсний бохирдлыг бууруулах арга зам байна вэ?
-Мэдээж дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай, дээр нь хөрсний бохирдлыг бууруулах, бохирдлоос хамгаалахад иргэд болон үйлдвэрлэл, төр засгийн оролцоо маш чухал юм. Бид хөрсний бохирдлыг бууруулах, хөрсийг бохирдлоос хамгаалах технологийг боловсруулж бүтээгдэхүүнийг нь хэрэглээ болгон хэвшүүлэхээр зорин ажиллаж байна.
-Сайхан мэдээ байна, та хэрэглээ болгохоор зорин ажиллаж байгаа технологийн талаараа бидэнд танилцуулаач.
-Дэлхий нийтээрээ ногоон хэв загварт шилжиж тогтвортой хөгжлийг бий болгоход эрмэлзэж байгаа өнөө цагт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг нь хэрхэн хамгийн бага түвшинд хүргэх арга замыг эрэлхийлж байна. Энэхүү шалгуурт тэнцэх технологи нь анх Япон улсад бий болж дэлхийн олон оронд нэвтэрч байгаль орчны чиглэлээр гучаад жил үр дүнтэй ашиглагдаж байгаа Effective microorganism буюу Ашигтай бичил биетээр үйлчлүүлэх аргад суурилсан технологи юм. Манай Технологийн Инкубатор төв уг технологийг 2009 оноос монголд нутагшуулж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хөрсний бохирдлыг бууруулах олон судалгаа, туршилтын ажлуудыг амжилттай хийж өндөр үр дүнд хүрээд байна.
Ашигтай бичил биетэний цуврал бүтээгдэхүүнүүдээ Инновацийн хуулийн дагуу байгуулагдсан Гарааны компанидаа үйлдэвлэж, хэрэглээнд нэвтрүүлж байна.
-Танай Гарааны компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна, үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл, давуу талууд байна даа?
-Манай Гарааны Технологийн Инкубатор ХХК нь инновацийн хуулийн дагуу анхны Гарааны буюу start-up компани болон байгуулагдсан. Үйл ажиллаагааны үндсэн чиглэл нь ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт, микробиологи , био технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж инновацийн хуулийн дагуу энгийн компанитай харьцуулбал төрөөс тодорхой гааль, татвартай холбоотой гурван жилийн хугацаатай хөнгөлөлтийн давуу боломжууд байгаа боловч хөрөнгө санхүү, дэд бүтэцтэй холбоотой гол заалтууд хэрэгжихгүй удаж байгаа нь гол хүндрэл саад байгаа ч цаашид төр засаг энэхүү гол заалтуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлж ажиллана аа гэж эрдэмтэд итгэж байгаа.
-Энэ технологи бидний бидний өмнө тулгараад байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэх гарц мөн үү?
-Хөрсний бохирдлыг саармагжуулах, багасгахын тулд биологийн бактерийг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга юм гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ аргад суурилсан технологи бол яах аргагаүй Ашигтай бичил биетэний технологи юм. Манай оронд ч энэхүү Ашигтай бичил биетэний буюу EM технологи нэвтрээд даруй долоон жилийг үдэж ард иргэдийн дунд аль хэдийн танил болсон. Өнгөрсөн хугацаанд энэхүү технологийг нэвтрүүлж, нутагшуулах өргөн цар хүрээг хамарсан туршилт судалгааны ажил, үйлдвэрлэлийн процесс, түүнчлэн иргэдэд таниулах сурталчлах ажлуудыг Технологийн Инкубатор төв эрчимтэй хийж гүйцэтгэж ирлээ.
-Ашигтай бичил биетэний технологиор хийсэн туршилтын ажлуудаасаа та дурьдвал?
-Бид өөрсдийн нутагшуулж, үйлдвэрлэж байгаа био бэлдмэлийг ашиглан олон туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Аялал жуулчлалын газруудын ахуйн бохир усыг цэвэршүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн болон Харгиа цэвэрлэх байгууламжийн бохир ус, бохирдсон лагийн цэвэршүүлэх, хөрсөнд агуулагдах хортой хүнд металлын агууламжийг саармагжуулж, хөрсний бохирдлыг бууруулах судалгааны ажлуудыг хийж , дээжүүдийг дотоод гадаадын мэргэжлийн лабораторуудад хийлгэсэн нь өндөр үр дүнтэй болох нь тогтоогдоод байна. Эдгээр туршилт судалгааны үр дүнд үндэслэн дээрх чиглэлүүдээр хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Биологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэйгээ хамтран манай орны хөрсөнд зохицон амьдрах чадвартай бичил биетний цэвэр өсгөврийг ялган авч уг био бэлдмэлийг үйлдвэрлэж эхлээд байгаа нь бидний бас нэг ололт юм.
-Уг технологийн ач холбогдлын талаас, та жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Ашигтай бичил биетний технологийн бэлдмэлийг товч танилцуулахад микробиологийн гаралтай технологи бөгөөд хүрээлэн буй орчинд тархсан ашиг тустай, эерэг зуу гаруй төрөл зүйлийн амьд бичил биетэнг өөртөө симбиоз байдлаар агуулсан нь бэлдмэл юм. Уг био бэлдмэл нь хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, биологийн гаралтай байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй, өнөө цаг үеийн үзэл баримтлалд нийцсэн бэлдмэл юм. Ийм учраас энэхүү биобэлдмэлийг албан байгууллагууд ард иргэд хэрэглэж хэвшиж эрүүл орчинд амьдрах нөхцлөө бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
-Энэхүү био бэлдмэл нь бохирдсон хөрсөнд яг яаж үйлчлэх вэ?
-Хэдийгээр хөрс бохирдож өөрөө цэвэрших чанартай байдаг ч бохирдсон хөрсөнд энэ чадвар нь алдагддаг гэсэн үг. Хэдэн саяар тоологдох амьд бичил биетнүүдийг өөртөө агуулсан ашигтай бичил биетний бэлдмэлийг бохирдсон хөрсөнд хэрэглэхэд газрын хөрсөнд байх дарангуйлагдсан уугуул бичил биетнүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж тэтгэн улмаар экосистемийн тогтвортой байдлыг хадгалах замаар хөрсний цэвэрших процессийг нэмэгдүүлдэг юм.
Иймд бид “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлье” гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан байгальд ээлтэй хаягдал багатай, үр ашигтай аргаар хөрсний бохирдлыг бууруулан, бохирдлоос хамгаалан хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан, ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлж чадах билээ. Үүнийг төр засгаас ч бас цаашид бодлогоор дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.
-БОХИР УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛСАН НЬ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ҮР ДҮНГЭЭ МАШ САЙН ӨГЧ БАЙНА-
-Улаанбаатар хотод цэвэр бохир усны асуудал хурцаар тавигдах боллоо. Ингэхэд бохир ус, саарал ус, хар ус гэж юу болох талаар эхлээд тодруулах гэсэн юм?
-Бохир ус гэж хүний ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний улмаас буй болсон эсвэл хур тунадасны урсацыг зайлуулах явцад үүсч, байгалийн унаган төрх нь алдагдсан гадаргын буюу газрын доорхи ус гэж заасан байдаг. Ахуйн бохир усыг дотор нь хар ба саарал ус гэж ялгадаг. Хар ус гэдэг нь ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус. Харин саарал ус гэдэг нь усанд орох, гар нүүр, хувцас угаах, гал тогооны угаалтуураас гарсан усыг хэлнэ. Ахуйн бохир усны 30 хувь орчмыг хар ус эзэлдэг.
Хот, суурин газрын цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшин ямар байна вэ?
-Манайд байгаа бохир ус цэвэрлэх байгууламжууд нь 1961-2001 оны хооронд ашиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар 42 хувь нь биологи, механик, 47 хувь нь механик, 11 хувь нь биологи, механик болон гуравдагч цэвэрлэгээ /халдваргүйжүүлэлт/ хийгдэж байна. Эдгээрийн ихэнхи нь хүчин чадлаас нь давсан бохир ус учир дөнгөж механик цэвэрлэгээ хийж байна. Мөн бохир усны цэвэрлэгээний түвшин 19-70 хувь байна. Аймаг орон нутгийн ихэнхи цэвэрлэх байгууламжууд нь техник технологийн хувьд орчин үеийн норм стандартын шаардлагыг хангахгүй хоцрогдсон, бохир усыг шууд буюу зөвхөн механик цэвэрлэгээгээр цэвэрлэн хөрсөнд хаяж байна. Түүнчлэн нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдлын түвшин нэмэгдэж байгаа. Аймгуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрээд байгаа.
-Одоо нийслэлд ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадалд юу сөргөөр нөлөөлж байгаа бол?
-Нийслэл хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд ахуйн болон үйлдвэрийн бохир уснаас гадна хурын болон хөрсний усыг цэвэрлэлгүйгээр шууд нийлүүлж байгаа. Мөн арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн техник технологийн хүчин чадлаас хамаарч стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэж чадахгүй, бохир ус төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд нөлөөлж бохир усыг стандартын түвшинд цэвэрлэж чадахгүй байдалд хүргэж байна.
-Хамгийн их бохирдолтой ус нь арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа байх. Ямар стандарт мөрдөн ажилладаг вэ?
-Үйлдвэр аж ахуйн газрууд төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх усны зөвшөөрөгдөх хэмжээ гэж бий. Гурван сайдын тушаалаар хамтарсан тушаал байдаг. Түүний дагуу бохир усаа нийлүүлэх ёстой. Арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа ус энэ стандартад нийцэхгүй байгаа учраас цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдоод байгаа юм. Гэхдээ ганц арьс ширний үйлдвэр биш л дээ. Нилээд олон үйлдвэрээс зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан ус нийлүүлэгдэж байгаа л даа. Гол нь хэрэглэсэн усаа сайн цэвэршүүлэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн процесс, гарч байгаа усныхаа найрлагад тохирсон цэвэрлэх байгууламийг хэрэглэх шаардлагатай. Ямар бохирдол гарч байна гэдгээс хамаарч цэвэрлэх байгууламжаа сонгох хэрэгтэй. Нэг цэвэрлэх байгууламж бүх төрлийг бохирдсон усанд тохирно гэж байхгүй. Ахуйн бохир ус бол нэг төрөл байж болно.
-Манайд бохир усыг эргүүлэн ашиглах талаар авч хэлэлцэж буй асуудал явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулвал?
-Өнөөдрийн байдлаар “Ус” үндэсний хөтөлбөрт хаягдал бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх, эргүүлэн ашиглах чиглэлээр бодлогын түвшинд анхаарч хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байсан. Ингэснээр хаягдал усыг цэвэршүүлэн хэрэглэхэд хялбар дэвшилт технологийг нэвтрүүлж, өдөр тутмын хэрэглээнээс үүсэх хаягдал бохир усны хэмжээг багасгахад үндэсний хөтөлбөрийн үр өгөөж оршино. Мөн ахуйн хэрэглээнээс гарсан саарал усыг эргүүлэн ашиглах, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүд нь технологийн хэрэглээний усаа эргүүлэн ашиглах, шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломжийг тусгах, цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байхаар УИХ-аар батлуулсан хуульд тусгасан байдаг.
-Ер нь бид усаа цэвэрлэн дахин ашиглаж чадаж байна уу. Цэвэршүүлсэн усыг дахин юунд ашиглавал зохимжтой вэ?
-Бохир усыг стандартын түвшинд цэвэршүүлж хэрэглэх нь манай орны тулгамдсан асуудлын нэг юм. Саарал усыг ашиглах технологийн нөхцөл бий болоогүй, шинжлэх ухааны судалгаа нь хийгдээгүй байна. Мөн саарал усыг ашиглах талаар 2012 оноос ярьж байгаа боловч энэ асуудал туйлын хангалтгүй түвшинд байгаа. Нийслэлийн Төв болон Урьдчилан цэвэрлэх байгууламжууд нь одоогоор хаягдал усыг дахин боловсруулах технологи бараг байхгүй гэхэд болно. Саарал ус, гүн цэвэрлэсэн ус хоёрыг ялгаж ойлгох ёстой. Тогтоосон стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж чадвал цэвэрлэх байгууламжаас гүн цэвэршүүлсэн ус гарч чадах бөгөөд энэ усыг хаана ашиглаж болох вэ гэдгийг ярьж болно. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж болно. Харамсалтай нь манай цэвэрлэх байгууламжид ийм хүчин чадал алга Мөн ногоон хөгжил рүү тэмүүлж байгаа өндөр хөгжилтэй орнууд хар, саарал гэсэн ус дахин ашиглах болсон. Ер нь цэвэрлэх байгууламжийн дэлхийн чиг хандлага өндөр түвшинд хүрч, судалгаа шинжилгээний ажлуудыг ч төрөөс хөрөнгө гаргаж маш ихээр хийдэг болсон.
-Таныг энэхүү асуудлыг шийдэх талаар тодорхой технологи боловсруулан ажиллаж байгаа гэсэн. Уг технологио танилцуулахгүй юу.
-Японд бохирдсон нуур цөөрөм, ахуйн бохир усыг цэвэрлэхэд ашигтай бичил биетний био бэлдмэлийг ашиглалдаг. Дэлхийн олон оронд ашиглаж үр дүнд хүрээд байна. Бид Монголд нутагшуулж технологийг нь боловсруулаад бохирдсон хөрс, бохир лаг, усыг цэвэршүүлэх, эрүүлжүүлэх гурван төрлийн бүтээгдэхүүн тус бүр дээр гарган үйлдвэрлэж байна. Ашигтай бичил биетний технологийн бэлдмэлийг товч танилцуулахад микробиологийн гаралтай бөгөөд хүрээлэн буй орчинд тархсан ашиг тустай эерэг зуу гаруй төрөл зүйлийн амьд бичил биетэнг өөртөө симбиоз байдлаар агуулсан бэлдмэл юм. Уг био бэлдмэл нь хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, биологийн гаралтай, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй, өнөө цаг үеийн үзэл баримтлалд нийцсэн бэлдмэл.
-Ашигтай бичил биетний технологиор хийсэн туршилтын ажлуудаасаа дурьдвал?
-Бид өнгөрсөн зургаан жилийн хугацаанд өөрсдийн нутагшуулж, үйлдвэрлэж байгаа био бэлдмэлийг ашиглан олон туршилт судалгааны ажлуудыг салбарын эрдэмтэн судлаачидтайгаа хийж гүйцэтгэж ирлээ. Аялал жуулчлалын газруудын ахуйн бохир усыг цэвэршүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн болон Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир ус, бохирдсон лагийг хоргүйжүүлэх, хөрсөнд агуулагдах хортой хүнд металлын агууламжийг саармагжуулж, бохирдлыг бууруулах судалгааны ажлуудыг хийж, дээжүүдийг дотоод гадаадын мэргэжлийн лабораторуудад хийлгэсэн нь өндөр үр дүнтэй болох нь тогтоогдоод байна. Эдгээр туршилт судалгааны үр дүнд үндэслэн дээрх чиглэлүүдээр хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн манай хамт олон эрдэмттэйгээ хамтран монгол орны уур амьсгалд зохицон амьдрах чадвартай бичил биетний цэвэр өсгөврийг ялган авч уг био бэлдмэлийг үйлдвэрлэж эхлээд байгаа нь бас ололт юм.
-Эдгээрээс ахуйн бохир усны чиглэлээр хийсэн судалгаанаас танилцуулвал?
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдээс нийлүүлдэг бохир усанд анхан шатны цэвэрлэгээ хийж, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлэх, Төв цэвэрлэх байгууламжийн бохирын лагийг хоргүйжүүлэх туршилт судалгааны ажлуудыг био бэлдмэл ашиглан гүйцэтгэсэн. Туршилтын үр дүнд бохир ус цэвэрлэх биологийн цэвэрлэгээнд ашиглах нь үр дүнтэй нь тогтоогдсон. Мөн лаганд агуулагдах хортой хүнд металлын хэмжээ саармагжсан эерэг дүн гарсан. Цэвэрлэх байгууламжийн орчин тойрны бохирдсон хөрсийг эрүүлжүүлэх судалгааны ажил маш өндөр эерэг үр дүнтэй гарсан.
-Харин гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ямар ажил хийгдэв?
-Хэд хэдэн ажил хийгдсэн. Жишээлбэл анх гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, угаадасны нүхийг ариутгаж шивтрийн хийг бууруулах ажлыг 2011онд Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэнээр хөрсөөр дамжин усны эх үүсвэр бохирдохыг хамгаалах шинэлэг туршилтын ажил болсон. Мөн нийт айлын нүхэн жорлон, угаадасны нүхийг ЕМ био бэлдмэлээр ариутгаснаар органик бохирдол ихтэй өтгөн, шингэн ялгадсыг задалж, ялзмагжуулан цэвэршүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан.Энэхүү ажлыг цаашид нийслэл хотын хэмжээнд тогтмол хийх шаардлагатай бөгөөд манай гэр хороололын оршин суугчид ч өртөг багатай уг бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших зайлшгүй шаардлагатай.
-Аялал жуулчлалын салбарт хийсэн ажлуудаас дурьдвал?
-Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын баазууд болон Архангайн Тойлогт, Алаг цар, Тэрхийн цагаан нуурын баазуудад гурван шатлалтай бохир ус цэвэрлэх загвар байгууламж, бага оврын цэвэрлэх байгууламж зэргийг шинээр байгуулан, хамтарсан туршилт судалгааны ажлуудыг хийсэн. Туршилтын үр дүн өндөр гарсан болохоор тийм бохир ус цэвэршүүлэх жижиг байгууламж хэд хэдэн орон нутагт ажиллаж байна. Одоо бусад аялал жуулчлал эрхлэгчдэд бидний технологи улам эрэлт хэрэгцээтэй болж байна. Ингэснээр байгаль орчин, усны нөөцөд учруулах эрсдлийг бууруулах юм.
Бохир усыг технологийн болон стандартын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлж хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх асуудал нь Монгол Улсын байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах чухал ач холбогдолтой. Манайх нэгэнт стандартад нийцтэл бохир усаа цэвэршүүлэх боломжгүй. Тиймээс ус болон хөрсний өөрөө цэвэрших чадамжийг алдагдуулахгүй байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэршилтийн зэрэгтэй усыг нийлүүлэх шаардлагатай. Энэ асуудлыг бага ч болтугай шийдвэрлэх арга зам нь биологийн цэвэрлэгээнд бидний боловсруулсан технологи хэрэг болох юм.
О.ӨНӨРЦЭЦЭГ