Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Батболд: Монголчуудын дунд II, IV бүлгийн цустай хүн ховор учир эдгээр бүлгийн цусны нөөц хангалтгүй байна DNN.mn

Сүүлийн үед сошиалаар Цусны төвд II, IV бүлгийн цус маш их дутагдалтай байна. Хүмүүсийг цусаа өгч донор болооч гэсэн уриалга маш их хандалтыг авч байгаа билээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдтой ярилцлаа


-Манай улсад цусны нөөцийн дутагдал хэр байна вэ?

Гадуур шуугиад байгаа шиг II, IV бүлгийн цус тасарчихсан үүнээс болоод хүний амь эрсдэх хэмжээнд бол тулаагүй. Харин эрсдэлээс сэргийлж нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа. II, IV бүлгийн цусны нөөц хомс байгаа нь Монголчуудын дунд II , IV бүлгийн цустай хүн бага хувийг эзэлдэгтэй холбоотой юм.

-Цусны нөөц хэвийн байгаа юу?

-Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг улаан эсийн бүтээгдэхүүний нөөцөөр тогтоодог. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 42 хоног хадгалах боломжтой, 14-21 хоногийн нөөцтэй байвал тайван үеийн нөөцийг хангалттай бүрдүүллээ гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 7-10 орчим хоногийн нөөцтэй байна. Сийвэнгийн бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байгаа. Дээр хэлсэн бүлгийн хамааралтай бүтээгдэхүүнийг нөөцийг хэвийн хэмжээнд авчрах төлөвлөгөөтэй, ачаалалтай ажиллаж байна. 2023 оны 3 сарын цус цуглуулалтыг 2021 оны 3 сар буюу ковидын үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. 2022 оны 3 сартай харьцуулахад тэр түвшиндээ байгаа цус цуглуулалт бол буураагүй. Харин хэрэглээ нь өндөр байна. Эмнэлгүүдийн захиалга их байна. Тиймээс “Дусал цус-Дүүрэн амьдрал 2” аяныг Улсын хэмжээний 18 томоохон их дээд сургуулиудын дунд дахин зохион байгуулахаар болж Этүгэн их сургуулиас эхлээд 3 хонож байна..

Тухайн улсын хүн амын хэдэн хувь нь донор байвал цус, цусан бүтээгдэхүүний эрсдэлгүй гэж үздэг бол?

-Улс орны хөгжлийн түвшнээс хамаарч энэ үзүүлэлт харилцан адилгүй. Өндөр хөгжилтэй орнуудад нийт хүн амын 3 хувь, Монгол шиг хөгжиж буй орнуудад хүн амын 1.5 хувь нь донор байвал улс орныхоо цус, цусан бүтээгдэхүүний наад захын хэрэгцээг хангана гэж үздэг. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт өндөр байдаг.

-Монголд цусаа тогтмол өгдөг Хүндэт донор хэд байдаг вэ, тэдгээр хүмүүс ямар хөнгөлөлтүүд эдэлдэг юм бол?

-2022 оны байдлар Улсын хэмжээнд 2760 гаруй цусны хүндэт донор бүртгэлтэй бий. Үүний 1760 гаруй нь Улаанбаатар хотод байдаг. Идэвхтэй цусаа өгч байгаа 1000 орчим Хүндэт донор байдаг. Хүндэт донорууд магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амрах, сүүлийн 3 жил тогтомол хугацаанд цусаа өгч байгаа нийслэлийн оршин суугч хүндэт донор иргэн нийслэлийн нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих, зэрэг хөнгөлөлт эдлэх эрхтэй.


-Цус цуглуулах төвүүд хэр хангалттай байна вэ?

– Хангалтгүй байна. ДЭМБ-аас 1 саяас дээш хүн амтай томоохон хотуудад 6-8 цус цуглуулах төв байж шаардлагатай цусны нөөцөө бүрдүүлэх боломжтой гэж зөвлөдөг. Манай улсын хувьд одоогоор СБД-ийн төвийн хуучин байр, БЗД-ийн шинэ байр, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төвд гээд нийт 3 суурин төв ажиллаж байна.

-Манай улс яагаад 8 цагаас 13 цагийн хооронд л цус авдаг юм вэ? Хүмүүс ажлынхаа цаг заваар хүссэн үедээ цусаа өгч болдоггүй юм уу?

-Манай улс эрс, тэс уур амьсгалтай. Бусад улс орнуудтай харьцуулахад махан хоол их хэрэглэдэг. Хүнд төрлийн хоол идчихээд цусаа өгөхөөр шаардлага хангадаггүй. Иймээс үдээс өмнө буюу махан төрлийн хоол идээгүй хөнгөн хооллолттой үед цус авахад тохиромжтой байдаг. 17-60 насны 45кг-с дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Бусдыг гэсэн сайхан сэтгэлээр цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.

Д.Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *