Categories
мэдээ цаг-үе

Ч.Батаа: Ирээдүйд утааны үр дагавартай тэмцэх нь өнөөдөр утааны эх үүсвэртэй хийж байгаа тэмцлээс хэцүү байх болно

НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаатай ярилцлаа.


-Утааг багасгах олон талын байр суурь, хувилбар бий. Та бүхний хувьд хамгийн оновчтой арга нь юу вэ?

-Мэдээж төгс шийдэл бол ялгаралтыг бууруулах, улмаар ТЭГ-лэх. Энэ ч үүднээсээ улс орон бүр өөрсдийн онцлог байдалд дүгнэлт хийж, шийдлээ тодорхойлсон байдаг. Хөгжлийн үе шатаасаа хамаараад аж үйлдвэр хөгжсөн орнууд ногоон технологид шилжих, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас бүрмөсөн татгалзах, цахилгаан зам тавих, хот төлөвлөлт, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах замаар иргэдийн автомашины хэрэглэх хэрэгцээ шаардлагыг багасгах, улмаар автомашингүй гудамж, дүүргийг бий болгох, цэцэрлэгт хүрээлэн ногоон талбайг нэмэгдүүлэх зэрэг дэвшилтэт технологийг уламжлалт шийдлүүдтэй хоршуулан хэрэглэж байна. Манай орны хувьд дээрхээс ялгаатай нь утааны эх үүсвэр нь хүнд үйлдвэр, автомашины ялгаралтаас илүүтэй хэмжээгээр айл өрхийн хэрэглээ, түүний цаана нийгмийн асуудал байгаа болохоор манай өмнөд хөршийн нийслэл шиг дан захиргааны арга хэрэгсэл хэрэглээд тийм ч олон янданг буулгаж чадахгүй. Товчхондоо улс орнууд утаагаа бууруулах хариу үйлдэл төдий бус, түүнээс давсан үсрэнгүй хөгжилд тэмүүлэх, утаагүй технологид шилжихэд анхаарлаа хандуулсан байдаг. Жишээлэхэд, БНСУ 1990-ээд оны дундуур нүүрсний хэрэглээнээс шатдаг хийн хэрэглээнд маш богино хугацаанд шилжсэн бөгөөд энэ нь утааг бууруулах гэхээсээ илүүтэйгээр тухайн орны эдийн засгийн цаашдын өсөлтийг хангахад чиглэгдсэн хөгжлийн бодлого байсан ба үүнийг нь ойлгосон шийдвэр гаргагчдын болоод иргэдийн ч оролцоо, дэмжлэг өндөр байсан тухай манайд ажилласан зөвлөх хэлсэн байдаг. Өнөөдөр БНСУ-д цахилгаан зам, цахилгаан автобусыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн байгаа.

-Агаарын бохирдолд хүүхэд хамгийн их өртдөг. Хэрвээ энэ утаа цаашид даамжирвал Монголын ирээдүй, үндэсний аюул байдалд засч залруулж болшгүй аюул тулгарах нь тодорхой боллоо гэж үзэж болох уу?

-Хүүхдийн өсч хөгжиж байгаа бие махбодь орчны сөрөг нөлөөлөл, тэр дундаа агаарын бохирдолд хамгийн эмзэг өртөмхий. Агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад цэвэр агаартай болох хүртэл дээр хэлсэнчлэн үе шаттай хөгжлийн бодлогууд, цаг хугацаа орно гэдэг хэн бүхэнд ойлгомжтой боллоо. Үүн дээр гадны орнуудын утаатай тэмцсэн түүхээс авах нийтлэг нэг сургамж бол утааг бууруулах ажилтайгаа зэрэгцүүлээд ард иргэдээ, хүүхдүүдээ хамгаалах ажлаа эн тэнцүү авч явахгүй бол 10, 20, 30 жилийн дараа утааны асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн тэр үед улс орны өмнө өвчлөлийн ачаалал, түүнээс шалтгаалсан эрүүл мэндийн зардал босч ирдэг. Өөрөөр хэлбэл утааны алсын үр дагавартай тэмцэх нь өнөөдөр утааны эх үүсвэртэй хийж байгаа тэмцлээс хэцүү байх болно.

-Үнэндээ нийтээрээ угаартсан, манарсан байдалтай амьдарч байгаа болохоор утаанаас гарах гарцаа олж чадахгүй байгаа ч юм болов уу гэж харагдах юм?

-Би хувьдаа шийдлээ хангалттай гаргаж ирсэн гэж бодож байгаа. Гагцхүү хөрөнгө мөнгөндөө тааруулаад бас дээр хэлсэнчлэн хөгжлийн ирээдүйгээ бодолцоод санал болгож байгаа шийдлүүдээс зөв эрэмбэ дарааллаар авч үзэх шаардлагатай. Зөв эрэмбэ дарааллыг тогтооход үндэслэл нотолгоо хэрэгтэй, түүнийг нь шийдвэр гаргагчид ашигладаг байх хэрэгтэй. Үүн дээр хэлэхэд судалгаа шинжилгээний ажлаа ч гэсэн зөв чиглэлд хөтлөх хэрэгтэй. Өнгөрсөн зууны технологийг ахин дахин туршаад, хөрөнгө мөнгө зараад нэмэргүй.

-Жирэмсэн эх болон 0-5 насны хүүхдийг утаанаас хол 5 хоног байлгаж нь зүйтэй ч энэ нь утаатай тэмцэж байгаа арга биш юм. Утааны хор урхагтай л ноцолдоод байхаас биш эх үүсвэртэй нь тэмцэхгүй байгаад л хамаг учир байна?

-Амьсгалын замын өвчлөлийн үед хүүхдэд, насанд хүрэгчдэд ч ялгаагүй цэвэр агаарт байхыг зөвлөдөг. Энэ нь мэдээж эдгэрэлтэд, эмчилгээний дараахь асаргаа сувилгааны байдалд эерэг нөлөөтэй. Ингэхэдээ дахиж өвчлөхөөс сэргийлж ажил, амьдралын дэглэм, дадал зуршлаа өөрчлөх, дам тамхидалтаас сэргийлэх, тасалгааны агааржуулалт, орчны чийгшил зэрэг тухайн хүнтэй үргэлж, УДААН ХУГАЦААНД хамт байх хүчин зүйлст анхаардаг. Товчхондоо 5 хоног цэвэр агаарт байснаараа асуудлыг шийдэхгүй, өртөлтийг бууруулахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энгийнээр хэлбэл цэвэр агаартай газарт амьдрах, эсвэл амьдарч байгаа өрөө тасалгааны агаараа цэвэр байлгахад анхаарах гэдэг хоёр сонголттой тулна. Энэ зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангаас сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөмжийг боловсруулаад, хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байна. Цонхны шүүлтүүр, агаарын шүүгчийн тасралтгүй, зөв хэрэглээ, нэгдсэн агааржуулах хоолойд шүүлтүүр суулгах, байшин барилгын битүүмжлэлийг сайжруулах, өрөө тасалгааг ашиглаж байгаа хүнд зохих мэдлэг олгох замаар өвлийн улиралд гадна орчны агаарын бохирдлын түвшин, тухайлбал PM2.5-ын хэмжээ дунджаар 250 микрограмм/м3 байх үед дотоод орчны агаарын үзүүлэлтийг ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнд буюу 25-аас доош түвшинд барих боломжтой нь харагдсан. Үүний адилаар хүн бүр, хүүхэд бүр ажил дээрээ, сургууль цэцэрлэг дээрээ, автомашин дотроо, гэртээ 24 цагийн турш амьсгалж байгаа агаарынхаа чанарт анхаарснаар өртөлтийг БОДИТООР бууруулах боломжтой.

-Одоо утаатай тэмцээд нэмэргүй. Ирэх жил утааг 50 хувиар бууруулна. Өнөө өвөл аргалаад гараад ир гэх боллоо. Ирэх жил утааг 50 хүртэл хувиар бууруулах тийм ямар арга байна вэ?

-Дахиад хэлэхэд дотоод орчны агаараа бид анхаарахгүй бол хэдий хоёр дахин буурсан ч гэсэн гадаад орчноос бохирдолтой агаар ажил, гэрт тань орж ирсээр л байх болно. Энэ утгаараа 50 хувь буурлаа гэхэд эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл алга болно гэсэн үг биш.

-Утаан дунд өссөн, утаагаар амьсгалсан хүүхдийн эрүүл мэнд болоод оюун санаанд ямар том өөрчлөлт ордог юм бол?

-Үүн дээр олон улсад маш олон судалгаа хийгдсэн байдаг. Товчхондоо судас хүрдэг, цусаар тэжээгддэг бүх эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг. Өдөр бүр шинээр үндэслэл нотолгоо бий болж, энэ чиглэлийн мэдлэг баяжигдаж байна. Агаарын бохирдол хүүхдийн тархи мэдрэлийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг, оюуны итгэлцүүрийг бууруулдаг тухай олон улсын эрдэмтэд тогтоосон. Энэ нь эргээд тухайн хүүхдийн суралцах чадвар, ажлын амжилт, ирээдүйд олох орлого гэх мэтээр алсын үр дагавар ихтэй. Монгол Улсад хийгдсэн судалгаагаар агаарын бохирдолд өртсөн ээжээс төрсөн хүүхдийг бохирдолд өртөөгүй ээжээс төрсөн хүүхэдтэй харьцуулахад бага жинтэй төрж байгаа тухай дүгнэлт гарсан.

-Утаанаас үүдэлтэйгээр нас харгалзахгүйгээр өвчин, өвчлөл ч нэмэгдэж байна?

-Өвчлөлийн албан ёсны мэдээгээр сүүлийн 10 жилийн хугацаанд амьсгалын замын өвчлөл хоёр дахин нэмэгдсэн байгаа.

-Өвлийн улиралд өглөө оройдоо л утаатай. Бусад үед, бусад улиралд утаа байдаггүй. Энэ бол цаг зуурын юм гэж тоохгүй явсаар л ийм байдалд хүрлээ. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол тав, 10 жилийн дараах Улаанбаатарын өвлийг төсөөлшгүй юм болох нь?

-Тийм учраас энэ асуудлыг зөвхөн өвөл биш, зун ч гэсэн ярьдаг, анхаардаг болох нь чухал. Үүнд иргэдийн мэдлэг, оролцоо туйлын чухал бөгөөд дор бүрнээ хийж чадах зүйлдээ анхаарах шаардлагатай байна. Наанадаж гудамжиндаа ил задгай үнс асгаж байгаа хүнийг зөв гэж маргах хүмүүс нийгмийн сүлжээнд тал хувийг бүрдүүлж байна гэдэг бол өөрөө асуудал.

-Мэргэжлийн хүний хувьд төр засаг болоод иргэдэд хандаж юу гэж зөвлөж хэлэх вэ?

-Нэгдүгээрт, агаарын бохирдлын түвшинг тэр дундаа PM2.5 түвшинг мэддэг байх, амьдрал ахуйдаа, ажлаа төлөвлөхдөө тусгадаг байх. Хоёрдугаарт, агаарын бохирдлын түвшин өндөр үед гадагшаа гарахгүй байх. Гуравдугаарт, зайлшгүй гарах тохиолдолд PM2.5шүүлтүүртэй, магадлан итгэмжлэгдсэн чанарын шаардлага хангасан маскыг зөв тохируулан хэрэглэх. Мэс заслын буюу цаасан, даавуу маск, ороолт алчуур PM2.5 шүүхгүй гэдгийг анхаарах. Дөрөвдүгээрт, HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг ажил, сургууль, цэцэрлэг, гэртээ долоо хоногийн турш 24 цагаар ашиглах. Шүүлтүүрийг сольж хэрэглэх. Агаарын бохирдол бага цагт тасалгааны агааржуулалтыг хийх, ингэхдээ цонхны шүүлтүүр хэрэглэх. Витамин С, Е, омега 3 зэрэг антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэх. Мөн аль ч арга хэрэгсэл дангаараа хангалтгүй бөгөөд боломжтой бүх арга хэрэгслийн цогцоор нь хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн хүчилтөрөгчийн коктель үр дүнтэй талаар ямар нэг үндэслэл нотолгоо байхгүй гэдгийг анхаарах ёстой. Бага насны хүүхдээ дулаан байлгах, хөхөөр хооллох, улирлын томуу болон хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулахыг зөвлөе.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *