Өнгөрсөн лхагва гаригт Офицеруудын ордонд “Монгол хурандаа” нийгэмлэгийн 12 жилийн ойн хурал болж өнгөрлөө. Тус хурлаар “Монгол хурандаа” нийгэмлэгийн ойд зориулсан тэмцээнд түрүүлсэн хурандаа нарт шагнал гардуулж, нийгэмлэгийн тэргүүн, хурандаа, доктор, профессор Ч.Баатар илтгэл тавьсан юм. Түүнтэй нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Яагаад “Монгол хурандаа” нийгэмлэг байгуулах болов?
-Сүүлийн үед хурандаа гэдэг эрхэм цолны нэр хүнд шалдаа ортлоо буурлаа. Энэ цол бол дэлхийн бүх оронд байдаг Үндэсний аюулгүй байдлыг сахиулдаг байгууллагад байдаг хүндтэй цол. Гэтэл өнөөдөр энэ цол Монголд үнэ хүндгүй болсон учраас бид цолны нэр хүндийг сэргээх зорилгоор “Монгол хурандаа” нийгэмлэгийг байгуулсан. Ингэснээр ахмадуудынхаа баатарлаг, дайчин уламжлалыг сэргээж, залуу үедээ өвлүүлнэ. Эх орноо хайрлах үзэл санаа өнөөдөр байхгүй болж байна. Тиймээс хойч үедээ өмнөх үед байсан хүнлэг, баатарлаг эх оронч, үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна.
-Нийгэмлэг хэзээ байгуулагдсан бэ?
-2006 онд байгуулагдаад олигтой үйл ажиллагаа явуулж, чадаагүй. 2014 онд бүх салбарын хурандаа нар дахин хуралдаж намайг тэргүүнээр сонгосон.
-Нийгэмлэг байгуулагдсанаар ямар үр дүн гарав?
-Манай нийгэмлэгт Үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага болох арми, цагдаа, тагнуул, хилийн цэрэг, онцгой байдал гэх мэт бүх байгууллагын хурандаа нар хамрагдаж байгаа. Хурандаа нар бие биенээ танихгүй. Харин нийгэмлэг байгуулагдсанаар хоорондоо танилцаад зогсохгүй зарим тохиолдолд нутаг, нугын танил тэр бүү хэл, хамаатан саднаа олсон хөгжилтэй явдал гарсан.
-Нийтдээ хэдэн хурандаа байдаг вэ?
-1936 оноос хойш олгосон энэ цолыг 2400 орчим хүн авсан байдаг. Тэдний 30 хувь нь төрд ажиллаж байгаа. Бусад нь гавьяаныхаа амралтад гарсан хурандаа нар.
-Хурандаа гэдэг ямар учиртай цол вэ?
-1936 онд цэрэг армийн шинэчлэл явагдаад дэлхийн жишигт нийцсэн зохион байгуулалт хийсэн. Тэр хурандаа цолыг бий болгоод цолонд тохирсон цалинг Сайд нарын зөвлөлөөр баталсан байдаг.
-Лхагва гаригт болсон хуралдаанд аль салбарынхан оролцов?
-Үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэгч найман байгууллага байдаг. Бүх салбарын хурандаа нар оролцсон. Тэд нэгдмэл удирдлагад орсон гэсэн үг.
-Төрийн зүгээс ямар хандлага үзүүлж байна?
-Бид Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Батлан хамгаалахын сайдтай холбогдож санал хүсэлтээ тавьж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
-“Армийн ачааг хурандаа нар үүрдэг” гэдэг нь ямар учиртай үг вэ?
-Үйл ажиллагааны гол зангилаа, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хурандаа нар байдаг учраас тийм үг гарсан юм. 1939, 1945 оны байлдааны жилүүдэд гол ачааг хурандаа нар үүрсэн байдаг. Тулалдаанд орсон анги салбаруудыг хурандаа нар л командалж байсан. Дээр манай орны ид хөгжлийн үед явагдсан хамгийн том бүтээн байгуулалтыг барилгын цэргүүд хийсэн. Энэ их нүсэр ажлыг хурандаа нар л гардан зохион байгуулсан. Дэлхийн аль оронд цэрэг хүчний салбарт энэ цол бий. Хурандаа нар л алив ажлын голыг гардан удирддаг жишиг дэлхийд тогтсон.
-Хурандаа гэдэг нэр юунаас үүсэлтэй вэ?
-Ардын хувьсгалын үед Монголд туслахаар анх орос цэргүүд орж ирэхэд 1000 орчим цэргийг удирдаж байгаа хүнийг полковник хэмээн дуудаж байсан байгаа юм. Полк гэдэг монгол хэлэнд хороо гэж орчуулагдана. Ник гэдэг нь даамал гэсэн үг. Үүнээс үүдэлтэй хурандаа гэсэн нэр гарсан байдаг. Бид кинон дээрээс Бум хурандаа гэж мэднэ. Тэр үед манайд хурандаа цол гэж байгаагүй. Тухайн үеийн оросын полковникийн харьяанд байсан цэргийн тоо нь Бум гуайн удирдаж байсан цэргийн тоотой дүйцсэн учраас Бум хурандаа нэр өгсөн гэдэг.
-Нийгэмлэг байгуулагдсанаас хойш ямар ажил амжуулав?
-Эхний ээлжинд гишүүнчлэлтэй болсон. “Монгол хурандаа” гэдэг танхим байгуулсан. Энэ танхимд чулуун самбар дээр хурандаа цол авсан хүмүүсийн нэрийг цол авсан оноор тус бүр жагсааж сийлсэн. Өөрөөр хэлбэл нэрийг нь мөнхжүүлж байгаа юм.
-Энэ танхим хаана байдаг вэ?
-Цэргийн музейд байрлаж байна. Энэ нэрүүдийг мөнхжүүлснээр музейг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд нь очиж үздэг болсон.
-Зохион байгуулалт, бүтэц ямар вэ?
-Нийгэмлэг гурван салбар зөвлөлтэй. Батлан хамгаалах, онцгойгийнхон нэгдээд нэг салбар зөвлөл байгуулсан. Нөгөө салбар нь цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан. Бас нэг салбар нь тагнуул, хилийн цэргийнхнийг хамарч байгаа. Энэ салбар зөвлөлүүд дотроо олон клубтэй.
-Ямар клуб вэ?
-Салбар, салбараараа. Тухайлбал, Батлан хамгаалахын салбар арван клубтэй. Их бууны хурандаа клуб. Дээр нь улс төрийн, соёл урлагийн гэх мэт клубууд байгуулагдсан. Танкчдын, ар талын гэсэн клуб ч бий.
-Танай нийгэмлэг байгуулагдсаныг Монголын бүх хурандаа нар мэдсэн үү?
-Нийгэмлэг сайн дурын байгууллага. Тиймээс өөрсдийн хүсэлтээр нэгдэж байгаа. Гэхдээ мэдээлэл дутуугаас нийгэмлэг байгуулагдсан тухай мэдээгүй хурандаа нар байж магадгүй.
-Нийгэмлэгт элсэхэд ямар нэгэн шалгуур байна уу?
-Шалгуур байхгүй. Өөрийнхөө цол, хашиж явсан албаараа бахархдаг, хурандаа цолны үнэт зүйлсийг эрхэмлэж, хойч үедээ үйл хэргийнхээ мөн чанарыг таниулах гэсэн ямар ч хурандаад манай нийгэмлэгийн үүд хаалга нээлттэй гэж ойлгож болно.
-Сониноос энэ тухай мэдээд та нартай холбогдох гэвэл хаана хандах вэ?
-Манай нийгэмлэгийн ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын алба Монгол цэргийн музейд байрлаж байна. Хурандаа Амарсайхан тэнд ажиллаж байгаа.
-Тэтгэвэрт гарсан хурандаа нарын маань амьжиргаа ямар байдаг бол?
-Янз бүр л байна. Сүүлд тэтгэвэрт гарсан нь гайгүй амьжиргаатай байгаа. Харин нэлээд эрт гарсан хурандаа нарын хувьд асуудалтай. Тэдний тэтгэвэр дэндүү бага. Үр хүүхдийндээ амьдрах, гэр бариад сууж байгаа хурандаа нар бий шүү. 2010 оноос хойш тэтгэвэрт гарсан хурандаа нарын тэтгэвэр гайгүй өндөр байгаа юм. Үүнээс өмнө тэтгэвэрт гарсан хурандаа нарын зарим нь тэтгэвэр бага учраас жаахан гундуу байгаа. Зарим хурандаа нар авах төрийн одон, медалиа авч чадалгүй тэтгэвэртээ гарсан байдаг.
-Нөхөж өгч болох уу?
-Болдог юм байна. Манай нийгэмлэг санаачилж, хөөцөлдөж байгаад 30 шахам хурандаа нарт авах ёстой төрийн одон, медалийг хүртээсэн. Мөн салбарынхаа тэргүүний цол, тэмдгийг авч чадаагүй хурандаа нарын ч асуудлыг шийдэж байгаа.
-Хурандаа цол хүртлээ ажиллачихаад салбарынхаа тэргүүнийг аваагүй хурандаа байдаг юм уу?
-Байна аа. Манай хуулийнхан чинь ажлын онцлог, ачааллаас болоод тийм юм ярьж явдаг хүн бараг байдаггүй юм.
-Онцлог ба ачаалал гэдэг нь?
-Дарга, цэрэг гэлтгүй л асуудалд хутгалдаж явдаг хүмүүс. Хэн нэгэн дарга дээр очоод шагнал яривал нөгөөх нь өөдөөс нь ямар нэгэн болзол тавих, хожим нь ажилд төлөөс маягаар санал асуудал гарч болно шүү дээ. Тиймээс шийдвэр гаргагч нараас бидний үеийнхэн хол явж ирсэн. Юун гавьяа, шагнал горилох мантай. Ачаалалтай гэдэг нь хурандаа цол хүртэнэ гэдэг нь бидний үед асар өндөр шалгууртай байсан. Ажлын үр дүн гэж хамгийн том шалгуур. Аль ч салбарын хурандаа өдрийн найман цаг ажиллаад энэ эрхэм цолд хүрээгүй. Өдөр шөнөгүй зүтгэж амьдралынхаа талыг барж байж энэ цолыг хүртэнэ. Зарим үед шагнал урамшуулал ярих нь бүү хэл, хувцсаа тайлахгүйгээр олон хоногоор зүтгэнэ. Гэр орны бараа харахгүй, үр хүүхдээ харалгүй, хаана асуудал байна, тэнд тушаал аваад л очно. Ингэж байж хүртсэн хурандаа цолоо эрхэмлэхээс өөр аргагүй биз дээ. Бидний үед хурандаа цол гэдэг чинь зовж байж хүрдэг цол байсан шүү.
-Та хурандаа цолны нэр хүнд унасан, бидний үед зовж байж хүрдэг байсан гэсэн харууслын үг хэлээд байх юм.
-Үнэнээ хэлэхэд хурандаа цолыг сүүлийн үед дэндүү хавтгайруулж олгож байна. Хурандаа цол гэдэг хүн бүрт тараадаг бараа биш. Энхийн цагт асар их хөдөлмөрлөж, түүн дээр тулгуурласан туршлага, мэдлэгийн түвшинг харуулсан цол. Гэтэл үүнийг албан тушаалын зэрэг дэв болгож орхисон. Энэ тухай бид Ерөнхийлөгчид захидал бичсэн. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, алдаа завхарлыг засах хүсэлт тавьсан. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ цолыг зохих түвшинд нь аваачих хэрэгтэй байгаа юм.
-Хариу өгсөн үү?
-Тухайн үеийн Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд хүлээн зөвшөөрч байсан.
-Хэзээнээс “хурандаа цолыг замбараагүй олгодог” болсон бэ?
-2000 оноос хурандаа цолыг албан тушаалын болгосноор л энэ эмх замбараагүй тараалт эхэлсэн. Тийм учраас хурандаа цолыг ажил хийж, амжилт гаргаж авахын оронд албан тушаалд очоод л авчихдаг зарчим үйлчилж эхэлсэн. Бүр албан тушаалын марофон үүссэн. Айх, ичих гэдэг зүйл байхгүй болсон.
-Энэ тийм их аюултай үзэгдэл үү?
-Ажлын туршлагаар бус, албан тушаалд хүрээд авчих цолыг хэн ч амар, хялбар аргаар авахыг бодно биз дээ. Нэгэнт ажлын туршлагагүй, цолны төлөө албан тушаалд очсон хүн ямар ч амжилт гаргахгүй. Ажлаа нурааж орхидог байхгүй юу. Ингээд л салбарын ачааллыг үүрдэг гол албан тушаалтнууд чадваргүй болохоор салбар тэр чигээрээ унана биз дээ. Энэ тухай бид шүүмжлээд байгаа юм. Дэлхийд танигдсан хурандаа цол манайд л шалдаа буучихаад байна шүү дээ.