Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Анхбаяр: Манай оронд долларжих хандлага буухгүй байна

Мандал даатгал” компанийн Эрсдлийн ахлах менежер, эдийн засагч Ч.Анхбаяртай ярилцлаа.

Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа танилцууллаа. Засгийн газар солигдсоноос хойш эдийн засагт ямар өөрчлөлт гарав?

-Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувийн өсөлттэй байсан бол өнгөрөгч онд түүнээс 7.8 хувь болж буурсан. Уг бууралт нь тоон үзүүлэлтээр аваад үзэхээр яалт ч үгүй томоохон бууралт юм.

Эдийн засгийн 7.8 хувийн өсөлт нь аль салбарууд дээр хэдэн хувиар өссөн бэ. Өнгөрөгч оны сүүлчээр Үндэсний статистикийн хорооноос гаргасан ДНБ-ий задаргаанаас салбаруудын бодит өсөлтийг аваад үзэхээр уул уурхайн салбар 24.2 хувийн өсөлт авч ирснээрээ эдийн засгийн 7.8 хувийн өсөлтөд хамгийн том нөлөөлөл үзүүлсэн. Уул уурхайн салбар нь манай орны ДНБ-ий 23.4 орчим хувийг эзэлж байгаа. Хөдөө аж ахуйн салбар харьцангуй сайн буюу 13 орчим хувь байна.

Цаашид буюу энэ оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт ямар байх вэ гэдэг таамаглалуудыг хийж үзэхээр 6.8 хувь гэсэн тоо харагдаж байгаа юм.

Үндсэндээ энэ өсөлтийг чангаах хоёр салбар нь худалдааны болон барилгын салбар байх жишээтэй. Худалдааны салбарын 2014 оны бодит өсөлт бол 6.9 хувь байсан. Харин энэ оны хувьдхасах таван хувийн өсөлттэй гарах болов уу гэсэн таамаг байна.

Ер нь барилга үл хөдлөх хөрөнгө гээд барилгын салбартай холбоотой нийлбэр дүнг аваад үзэхээр ДНБ-ий 11 хувьд ирдэг. Барилгын салбарын өнгөрсөн оны удаашрал энэ онд мөн үргэлжилнэ гэсэн таамаг байна. Үүнээс харахад эдийн засгийн бууралт энэ онд мөн л буурах хандлагатай байгаа л даа.

Харин Шийдлийн Засгийн газрын зүгээс уул уурхай руу хандсан бодлого баримталж байгаа. Ялангуяа уул уурхайтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан өмнө нь цуцалсан байсан лицензийг сэргээхээр болсон. Мөн Оюу толгой, Таван толгой гээд Засгийн газрын үндсэн чиг хандлага уул уурхайн салбар болчихлоо. Уул уурхайн салбарын эрх зүйн орчны хүрээнд нааштай зүйлс байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт аль салбарт түлхүү төвлөрсөн байна вэ гээд үзэхээр 76 хувь нь мөн л уул уурхайн салбарт орсон байгаа юм. Харин худалдааны салбартайгаа нийлээд 90 орчим хувь болж байна.

Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг багагүй татаж байгаа худалдааны салбар энэ онд ямар байх бол. Валютын ханшийн савлагаанаас болоод хэр өөрчлөлт гарах вэ?

-Валютын ханштай холбоотойгоор энэ онд худалдааны салбар уналттай гарна. Худалдааны салбар чинь өөрөө валютын ханшаас ихээхэн хамааралтай. Мөн инфляци 9.3 хувь байна. Үндсэндээ худалдааны салбарын байдалд гэрэл асахгүй гэсэн үг. Харин уул уурхайн салбараа явуулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Гэвч UNCAT-ын гаргасан гадаадын шууд хөрөнгө оруулалтын тайланг аваад үзэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт дэлхий нийтээр 2014 онд найман хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Түүнээс шилжилтийн эдийн засагтай ОХУ, Казахстан, Азербайжан гэх мэт орнуудын хөрөнгө оруулалт 51 хувиар буурсан. Тэгвэл Азийн орнуудын хувьд гурван хувийн өсөлт ажиглагдсан байгаа. Хөгжиж буй Азийг аваад үзэхээр өсөлт байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах болсон гол шалтгаан нь макро эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн эрсдэл, улс төрийн хүчин зүйлс нэрлэгдсэн.

Өөр ямар хүчин зүйлсийн нөлөөлөл байсан бэ?

-Дэлхий нийтээр гадаадын хөрөнгө оруулалт буурах болсон дөрвөн хүчин зүйл байгаа юм. Эхнийх нь хөгжингүй орнуудын банк хоорондын зээлийн шилжүүлэгт өөрчлөлт орсонтой холбоотой байдаг. Мөн Япон гэх мэт орнуудад аж үйлдвэрлэл буурч байна. Өөр нэг зүйл нь мэдээж Украины асуудал юм. Үүнээс болж Европын холбоо ОХУ-д хориг арга хэмжээ авсан. Дөрөв дэх шалтгаан нь уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах түлхүүр болоод байгаа юм. Эдгээр дөрвөн факторын манайд нөлөөлөх хүчин зүйл нь уул уурхайн түүхий эдийн ханш. Уул уурхайн түүхий эдийн ханш энэ онд төдий л найдлага төрүүлэхээргүй байна. Зэс, нүүрсний ханш унадгаараа унаж, алтны ханш төдийлөн өсөхгүй. Хятадын Засгийн газар эдийн засгийн бодлогодоо агаарын бохирдлыг бууруулах үүднээс гангийн үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлэхээр болж байна. Эдгээр нь гангийн цаашлаад нүүрсний хэрэглээ буурахад нөлөөлөл үзүүлж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн ханш сэргэхээргүй байгаа ийм нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад хэцүү.

Эдийн засгийн өсөлт авч ирэхийн тулд манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах хувилбар байж болно. Харамсалтай нь манай салбаруудын дийлэнхийнх нь нөхцөл хүнд болчихсон. Тэгэхээр гурав дахь хувилбар болох төр засгийн дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалтуудыг татах ёстой. Жишээлбэл, усан цахилгаан станцууд, төмөр зам, аж үйлдвэрийн парк, Таван толгой гэх мэт зүйлсд шийдвэр гаргагчдын зүгээс хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх боломж л үлдчихээд байна. Үүний эхлэл болгож Засгийн газар Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь эдийн засгийн тал дээр Шийдлийн Засгийн газрын амжуулсан том ажил гэж ойлгож болно.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байна гэдэг зүйлийг хэлсэн. Үнэхээр тийм хүнд байдалд орсон уу?

-Монгол Улсыг эдийн засгийн мөчлөгөөр нь аваад үзэхээр уналт руугаа явж байгаа тийм л цаг үед байна. Засгийн газрыг харахаар мөчлөг сөрсөн эдийн засгаа унагачихгүйгээр наана нь эргүүлчих тийм боломжтой салбарыг уул уурхай гэж хараад гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж харж байгаа нь зөв. Эдийн засгийг аваад явчих өөр ямар салбар байна вэ гээд харахаар бас л хэцүү байгаа юм. Тэр нь банкуудын зээл дээр маш тодорхой харагддаг. Банкуудын чанаргүй зээл дээр аваад үзэхээр уул уурхайн салбар гэхэд 31.8, худалдаа 27.7, барилга 10.2, боловсруулах үйлдвэрлэл 8.5 хувийг эзэлсэн байна. Энэ нь нийлбэр дүнгээрээ банкны салбарын 82 орчим хувь нь л зөвхөн дөрвөн салбараас шалтгаалж байх жишээтэй. Эдгээр салбаруудын чанар сайжирч чанаргүй зээл буурснаар эдийн засгийг мөнгөний тэлэх бодлогоор дэмжих боломж нь нээгдэнэ. Одоо яагаад дэмжиж болохгүй вэ гэхээр чанаргүйдлийн дүнгүүд цаашаа нэмэгдээд явчих гээд байгаа юм. Тиймээс мөнгөний хатуу бодлого барих шаардлага тулгараад байна. Засгийн газрын зүгээс бодлогоор энэ дөрвөн салбарын аль нэгийг ахиулчихвал тэр дундаа уул уурхайгаа дэмжээд явбал бусад салбар нь дагаад сэргэчих боломжтой. 2017, 2018 онуудаас бид Чингэс бондын мөнгийг төлж эхэлнэ. Энэнээс өмнө бид түүнийг төлөх хэмжээний валюттай болох хэрэгтэй. Энэ оны хувьд нэг тэрбум ам.долларын валют шаардлагатай. Валютын урсгалыг нэмэгдүүлэх ямар арга байж болох вэ тэр бүгдийг аль аль талаасаа сайн харж зөв шийдлийг олох нь чухал. Үүний нэг хэлбэр нь Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Нэг талаараа зөв ч нөгөө талдаа улс орны валютыг ОУВС удирдах юм уу гэсэн болгоомжлол байна. Гэхдээ бодит цаг үеийн шаардлага нь валютыг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг асуудал юм.

Та нарын тооцоогоор валютын ханш цаашид хэд хүрэхээр байна?

-Ам.долларын ханшийн талаар таамаглалуудыг хийсэн. Тооцоогоор 2050 төгрөг орчим байх болов уу. Манай орны валютын нөөц багасч байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эцэст ДНБ-ий хасах таван хувьд хүрэх байх гэсэн хүчин зүйл дээр үндэслээд 2050 төгрөг орчим байна гэсэн таамаглал гарч байгаа юм. Манай оронд долларжих хандлага буухгүй байна. Долларжих хандлагын суурь шалтгааныг аваад үзэхээр найман хувийн ипотекийн зээл болсон байж болзошгүй гэсэн үр дүн ажиглагдаж байгаа.

Иргэдийн орон сууцаа зарна гэсэн зар их болсон байна. Үүнээс харагдаж байгаа гол зүйл нь иргэд найман хувийн зээлээ төлж чадахгүй байдал үүсчихсэн юм биш биз гэсэн хардлага үүссэн. Салбарууд муудаж байна гэдгийн цаана ажлын байр яригддаг. Тиймээс тодорхой хэмжээнд ажилгүй болж байгаа иргэд байгаагаас болж зээлээ дийлэхгүй байдалд орж орон сууцаа жижигрүүлэх шилжилт явж байгаа юм биш биз гэсэн дүр зураг харагдаж байна. Мөн мөнгөний хэрэгцээ гараад байраа зарж байгаа зураглал харагдаж байгаа бол нөгөө хэсэг нь байраа барьцаалснаас болж хураалгах гэж байгаа юм яваад байна уу даа гэж харж байгаа юм.

Өдгөөгөөс жил гаруйн өмнө Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн нь хэр гарч байна гэж харж байгаа бол?

-“ЭЗЭН 100” хоногийн хүрээнд хийнэ гэсэн ажлууд одоо ч хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс наймдугаар сарын сүүл хүртэл 100 хоногийн үр дүнгээр бий болчихсон зүйлийг харахад инфляцийг тогтоож, ханшийг барьсан уу гэхээр үгүй байдаг. 100 хоногийн дотор эдийн засгийн үзүүлэлтүүдийг өөрчилнө гэдэг хэцүү. Эдийн засаг гэдгийн чинь цаана хүмүүсийн үйл хөдлөл явж байдаг. Үйл хөдлөлүүдийг нэгэн чигт чиглүүлж нааштай үзүүлэлт гаргаж авна гэдэг боломжгүй. Хэрэв өнгөрөгч онд 100 хоногийн хугацаанд дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өссөн бол тэр үзүүлэлтүүд эргэчих боломж байсан. Одоогийн 100 хоногт ч гэсэн дэлхийн зэх зээлд түүхий эдийн ханш өсчих хэмжээний найдвар харагдахгүй байна.

Юу үнэн бэ гэхээр ирэх онд сонгууль болох нь үнэн. Сонгууль дөхөх тусам улс төрд тогтворгүй байдал үүсдэгээрээ үүснэ. Улс төрийн тогтворгүй байдал арай ч хаврын чуулганаар бий болчихгүй байх. Намрын чуулганы үед үл ойлголцол үүсч магадгүй. Засаг төрийн тогтворгүй байдал гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг татах гэж байгаа энэ нөхцөлд хамгийн дэмий зүйл.

Манайхан эдийн засаг хүнд байгаа гэдэг хэдий ч үүнээс гарцын талаар ярихгүй юм. Таны харж байгаагаар эдийн засгийн ямар гарцыг харж байгаа вэ?

-Нийтлэг эдийн засагчдын харж буй зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, тасралтгүй суларч буй төгрөгийн ханшийн сулралтыг зогсоох, валютын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарыг дэмжих тухай ярьж байна. Олон жил явж ирсэн эдийн засгийн бүтцийг дахин нэг харах шаардлага байгаа юм. Худалдаан дээр зонхилсон бүтэц дээр цаашид явахад хүндрэлтэй байх юм байна. Өнгөрсөн 20 гаруй жил бид үргэлж өндөр инфляци, ханштай нүүр тулж байсан. Зөвхөн уул уурхайн салбар дээр эдийн засгийн бодлогоо чиглүүлчихээр, 2014 оны татварын орлогоос харахад 14.8 уул уурхайгаас төвлөрсөн. Уул уурхай дагасан мөнгөний бодлого явж үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн л уул уурхайн ирээдүйн орлогоор төлчихнө гэсэн Чингэс бонд байна. Одоо манай улс аж үйлдвэрийн салбарыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиараа бусад жижиг салбаруудаа дэмжиж өгөх шаардлага байна. Энэ нь өөрөө валютын урсгалыг тодорхой хэмжээгээр хаах боломжтой. Нөгөө талаараа импортын бүтцийг аваад үзэхээр арматур бууж байгаа ч цементийн дөрвөн том үйлдвэр баригдсан ч цементийн үнэ буухгүй байгаа. Ханшийн өсөлтөөс шалтгаалан тээврийн хэрэгслийн үнэ бууж байгаа ч дахин буулгах боломж бий. Үүнийгээ татварын бодлогоор хийчихнэ. Архи, тамхин дээр ч гэсэн тодорхой хэмжээний валют урсаад байгаа юм.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох шийдвэр гарч байх шиг байна. Энэ дотроо нийлүүлэлтийн гаралтай инфляцид нөлөөлөх зүйлсийг зогсоочих юм биш биз дээ гэсэн болгоомжлол байгаа л даа. Мах, нефтийн компаниудад өгч байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоочих юм бол үнэ өсчих гээд байх аюултай. Миний хувьд найман хувийн ипотекийн зогсоочих хэрэгтэй гэдэг дээр саналтай байгаа. Энэ нь өөрөө ханшийг дээш нь өсгөх том шалтгаан болоод байгаа юм.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *