Categories
редакцийн-нийтлэл

Халаагаа өгч буй Засгийн газрын томилгоонуудын учир

Удахгүй
халаагаа өгөх гэж буй С.Батболдын Засгийн газар
сүүлийн үед томилгоо хийгээд бо­лохоо байлаа.
Өнгөрсөн лхагва гаригийн хурал­даа­наар тэд ТӨХ-ны дар­гаар Ц.Нанзад­доржийг
томилсон байх юм. Тус хорооны даргын үүргийг
гүйцэтгэж байсан Б.Заяа­балыг
ажлаас нь чөлөөл­жээ. С.Батболдын Зас­гийн газар
үүний өмнөх хуралдаанаараа Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ц.Тогоо
генералыг аж­лаас нь чөлөөлөв. Тэгэх­дээ АНУ-д цэргийн сур­гуульд сурахаар аль
хэ­дийнэ оччихсон байсан Наранхүү
гэдэг залуугийн сургуулийг  булааж, нутаг
руу нь буцаагаад оронд нь 58 настай Ц.Тогоо генералыг явуулахаар шийдсэн байх жишээтэй.
Тэртэй тэргүй шинэ Зас­гийн
газар байгуулагдах гэж байхад  төрийн албан хаагчдад халаа сэлгээ
хийхийн хэрэг байгаа юм болов уу.

Үнэндээ шинэ Засгийн газар гарч ирээд өөрийнхөө мэдэлд байдаг томоохон агентлагуудын дарга нарыг өөрчилж, өөрсдийн­хөө хүмүүсээр солих байлгүй. Тэгэ­хээр Ц.Нанзаддорж нарын нөхдүүд хэдхэн хоногийн дотор энэ ажлыг хийсэн ч яалаа, байсан ч яалаа нэрийн хор юм даа. С.Батболдын Засгийн газар ч юу бодож  ийм томилгоо хийгээд байгаа юм бол. Уг нь явах хүнд ачаа бүү үүрүүл гэдэг дээ. Ц.Нанзаддорж  үлдсэн хугацаанд юу хийж амжуулахаар энэ суудалд очив. ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж бай­сан Б.Заяабалын хувьд ч үхрийн сүүлэн дээр хутга гэж ажлаа өгдөг нь ч юу билээ.

Гэхдээ тэдний аль алинд нь ингэх шаардлага байсан болоод шийдвэр гаргаа биз ээ. Ерөнхий сайд С.Батболд ч дотроо нэгийг тунгаасан учраас шинэ Засгийн газар бүрэлдэхээс өмнө амжиж ийм томилгоо явуулж байгаа бололтой. Гэнэт ажлаасаа чөлөөлөгдөж бай­гаа албан хаагчдын хувьд дахин төрийн албанд очоо ч уу, үгүй ч үү, яаж мэдлээ. Тиймээс гэнэт халагд­саны мөнгө гэх овоо хэдэн төгрөг авчихаад  гудамжинд лааз өшиг­лөж  явахад гомдолгүй гэж бодсон биз. Намын буянаар зөөлөн суу­далд өчнөөн жил тухалсан тэд төрийн албанаас зүгээр гарчихыг хүссэнгүй. Суусан газраасаа шо­роо атгана гэгчээр Ардын на­мынхан төрийн албанаас хоосон явахыг  хүсээгүй юм байлгүй. Нөгөө талаар Ерөнхий сайд С.Батболд ТӨХ-нд өөрийн хүнээ тавьж, богино хугацаанд шийдүүлж чадаагүй хэрэгтэй ажлуудаа амжуулахаар төлөвлөсөн ч байж магадгүй гэсэн таамаглал байна.

Цагаа олоогүй энэ томилгоо­нуудын учир Ардын намын ялаг­далтай холбоотой. Одоогийн Ардын нам буюу хуучин Ху-гийн­хан үнэхээр ялагдаж сураагүй  нөхдүүд. Сүүлийн таван сонгуу­лийг аваад үзвэл Ардын намынхан нэг л удаа амаараа шороо үмхэж, парламентад олонхи болж ча­даагүй. Тиймээс энэ удаагийн ялаг­дал тэдний хувьд хоёр дахь нь болж байгаа юм. МАН-д элссэн сэргэлэн, овсгоотой бүхэн албан тушаалд хүрдэг. Дээгүүр албанд очоогүй нэгэн нь төрийн ажилтан болж чаддаг, тэр утгаараа Ардын намыг албан тушаалд хүрэх гиш­гүүр болгон  ойлгодог залуус олон бий. Үнэхээр  төрийн толгойд бараг завсаргүй явж ирсэн Ардын намын угшилтай хүмүүсээр Монголын төрийн алба дүүрчихсэн. Тиймээс засаг төр солигдож, Ардын нам ялагдсанд тэдний дотор харан­хуйлж зөөлөн суудлаасаа сална гэсэн айдаст автагдаж, шөнө нойргүй хонож яваа гэхэд хилс­дэх­гүй. Ялагдал хүлээсэн тэр хүнд байдлаасаа Ардын нам ч өөрөө гарч чадахгүй төрийн ажлаа умар­таж, өөр хоорондоо албан тушаал булаацалдан хэдэн өдрийг өнгө­рөөж байна. Ийм  дэн дун байгаа үедээ Засгийн газар нь ч барьц алдаад засаг солигдохоос өмнө төрийн албан тушаалтнуудыг халж сольж,  ичих нүүрээ элгэндээ нааж байх шиг байна. 

Ардчилсан намынхан ч яахав, лааз өшиглөөд сурчихсан хүмүүс. Төрийн толгойд гарч л байдаг, бууж л байдаг. Ажлаа өглөө гээд гуньж, гутраад улс орныг хохироож, төрийн  ажлыг гацаагаад байх биш. Түүний хүчинд түмний итгэлийг хүлээж, төр засгаа удирдах эрх авлаа. Энэ нь Ардын намынханд л  хүнд туслаа. Тэд ажилгүй албан тушаалгүй болохыг тэвчиж чадах­гүй байх шиг байна. Ийм хэцүү бэрх нөхцөлийг Ардын нам давж гарч чадахгүй болчихоод байгаа бололтой. Бүрэн эрх нь дуусч байгаа Засгийн газрын хийж буй ухаангүй гэмээр томилгооноос ингэж харагдаж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ардын нам бүлэг байгуулах хүсэлтээ хугацаандаа багтаж өгсөнгүй

-ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООГ
БАЙГУУЛАВ-

УИХ-ын чуулганы ху­рал­даан өчигдөр үргэлж­лэх байлаа. Гэвч Ардын намын бүлэг энэ өдрийн хуралдаанд орохгүйгээс болсон уу ямартай ч чуул­ган үдээс өмнө болсон­гүй. Оронд нь Ардын намын бүлэг хуралдаж байлаа.  Гэвч тэд хурлаа тараад мэдээлэл хийсэн­гүй. Уг нь Ардын на­мынхан УИХ дахь бүлгээ албан ёсоор байгуулсан бичгээ өчиг­дөр 12.30 цагаас өмнө УИХ-ын даргад өгөх ёс­той байлаа. Учир нь хуу­лийн дагуу бол парла­ментад суудалтай на­мууд УИХ-ын даргыг сон­гогдсоноос хойш 24 ца­гийн дотор бүлэг бай­гуу­лах хүсэлтээ хүргүүлэх ёстой юм.

Гэсэн ч Ардын нам бүлэг байгуулах хүсэлтээ хуулийн хугацаандаа ам­жиж өгсөнгүй. Бүлгийн хурлаа хийсний дараа Бага хурал руугаа явц­гаав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээс сэтгүүлчид дараахь тод­руул­гыг авсан юм.

Д.ДЭМБЭРЭЛ: ЦӨӨНХГҮЙ ПАРЛАМЕНТЫГ УДИРДААД СУУХ ХҮН БИ МӨН ҮҮ

Та яагаад чуул­га­ныг даргалаагүй юм бэ. Намын эрх ашгаас илүү улсын эрх ашгийг бо­дох ёстой юм биш үү?

-Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад УИХ-ын гишүүн даргална гэдэг. Би хуралдааныг  зохион байгуулахдаа бэлт­гэлийг нь хангуулах ёстой гэж үздэг хүн. Та бүхэн  мэдэж байгаа байх. Өнгөрсөн  баасан  гаригт гишүүд чуулганы тан­химд цуглаад,  намайг “Орж ир” гэж дуудсан. Тэгэхэд нь  очсон  шүү дээ. Тэгээд би хуралдааны ирцийг бүрт­гээд “хан­галт­гүй байна” гэж хэлсэн. УИХ-ын 69 гишүүн тан­га­раг өргөсөн байтал тэнд гишүүдийн 40 хувь нь байгаагүй. Ийм нөхцөлд чуулган  хурал­дуулна гэ­дэг даргалж бай­гаа хүний хувьд байж  бо­лохгүй зүйл. Хоёрду­гаарт “На­муу­дын хоо­ронд зөв­шилцөл үргэл­жилж бай­гаа, түүнийхээ хариуг ав.  Хуулийн дагуу явъя. Зөв­шилцөөнийхөө хариуг авсны дараа бүг­дээрээ сууж байгаад УИХ-ын даргаа сонгоё” гэсэн шүү дээ. Тэгтэл өчигдөр (мяг­мар гаригт) Ардын намын Бага хурал  болж,  сон­гуулийн  дүнгийн асууд­лыг  авч хэлэлцсэн.  Тий­мээс чуулганы хурал­даанд Ардын намын ги­шүүд орох боломжгүй байсан. Энэ нөхцөл  байд­­лыг харгалзаад би  өнөөдрийн (өчигдрийн) 10:00 цагт тал  талын  бүх хүмүүсээ оролцуулаад чуулганаа хийж, УИХ-ын даргыг  сонгоё гэсэн юм. Гэтэл ийм юм боллоо.

Ер нь өнгөрсөн пар­ла­ментын дөрвөн жилд  ми­ний баримталсан зар­чим  бол  аль нэг  намын  бүлэг завсарлага авах эсвэл  хуралдаанд  орол­цох  бо­ломжгүй гэхэд ямар ч асууд­лыг УИХ-аар хэлэл­цүүлдэггүй байсан. На­мууд зөвшилцөж, хэ­лэлц­сэний дараа хурлаа явуул­даг.  Энэ бол миний зарчим. Парламент  гэдэг өөрөө улс төрийн зөв­шилцлийн байгууллага. Тиймээс зөвшилцлийг соёлтой хийж чадахгүй бол парламентын ажил  явахад хэцүү.  Ийм учраас энэ удаагийн анхдугаар  чуулганыг удирдахдаа  өөрийн зарчмаасаа ух­рах­­гүй юм шүү гэж бод­сон.  Ер нь энэ парла­мен­тыг эхнээс нь зөв бүр­дүүл­чихье, даргыг  нь хуулийн дагуу сонгож, тамгыг нь  гардуулан өгье гэдэг  зарч­мыг баримталсан даа.

Ардын намгүйгээр анхдугаар чуулган  нэ­гэнт хуралдаад, төрийн ажил явчихлаа. Энэ нь УИХын  цаашдын үйл  ажиллагаанд яаж нө­лөөлөх бол?

-Анхдугаар чуулганы үр дүн  энэ удаагийн  пар­ламентад  их муу нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл  энэ нь Монголын ард  түмний эрх ашиг. Шинэ парламент бүрдэж бай­на. Даанч сөрөг хүч­ний­хээ үгийг сонссонгүй. Ер нь аль ч улсын парла­мент цөөнхтэйгөө зөв­шил­цөж, дараа нь асууд­лаа олонхиороо шийд­дэг. Зөвшилцөөн хууль бусаар явна гэдэг бол цаашдаа зөвшил­цөх­гүй­гээр асуудлыг шийдээд  байя гэсэн үг. Тэгвэл  пар­ла­мент байхад төвөгтэй.  Парламентын гишүү­дийн нэг хэсгийг оруулах­гүй­гээр  асуудлыг  шийдэхэд  төлөөллөөрөө дамжуу­лан  ард  түмэн  үгээ хэлэх  боломжгүй болно. УИХ-ын даргыг сонгоход  ард  түмний гуравны нэгийн  төлөөлөл оролцоогүй нь мэдээж гомдол дагуулна.  Тэгэхээр  энэ байдал  цааш­даа маргаан  үүсгэж магадгүй. Тиймээс Ард­чил­сан намын зөвшил­цөх урлаг, ур дүйгээс   цааш­дын  асуудал  шалт­гаална.

Таныг нас намбаа бо­доод УИХаа хүн­дэт­гээд төрийн ажлыг га­цаахгүй байх ёстой гэ­дэг шүүмжлэлийг хү­мүүс хэлж байгаа

-Намайг “танхимд  орж ир­сэнгүй,  хуралдаан  саатууллаа” гэсэн. Гишүү­дийн тал нь хурал­даан­даа байхгүй, цөөнхгүй парла­ментыг удирдаад суух хүн би мөн үү. Мэр­гэшсэн  парламентын хамгийн  ахмад гишүүн нь намайг  гээд байгаа. Гэтэл би парламентын хагас ги­шүү­нээ хаячихаад “УИХ-ын даргыг сонгож байна” гээд суух уу. Ард түмэн намайг “Энэ нөхөр одоо  бусад гишүүдээ оруулж  ирж чадахгүй, хурал­даа­наа зохион байгуулж ча­дахгүй болохоороо ха­гасыг нь  хаячихаад  удир­даж байна”  гэнэ шүү дээ. 

Даваа гаригийн  орой Ерөнхийлөгч таныг дуудсан гэсэн. Юун тухай ярилцсан юм бэ?

-Уржигдар орой Ерөн­хийлөгч надтай уулзъя гэсэн. Би ч уулз­сан. Тэгээд надад “Зөв­шилцөөн энэ тэр гээд яах вэ. Нэгэнт Ардын нам орж ирэхгүй байгаа тохиол­долд хоёулаа хурал­даа­ныг нь зохион бай­гуул­чихъя”  гэсэн.  Тэгэхээр нь  “Та бид хоёрын зохион байгуулж байгаа хуралд тангараг өргөсөн гишүү­дийн хагас нь байхгүй зогсож байх уу. Төрийн  ажлыг ингэж хийвэл та бид  хоёр буруудна. Тий­мээс Ерөнхийлөгч та ч гэсэн  битгий ор. Би  ч энэ хуралдааныг удирдах­гүй.  Харин та намууддаа хан­даж зөв­шилцөөнөө түр­гэ­лэхийг шах” гэж хэлсэн. Ингээд Ерөн­хий­лөгч ч тэр даруй на­муу­дын дарга нарыг дуу­даад зөвшил­цөө­нөө түр­гэл, хурал­даа­наа хий”  гэсэн  юм билээ. 

Тэгвэл анхдугаар  чуулганыг Ардын нам­гүйгээр эхлүүлж бай­хад Ерөнхийлөгч танд  хандаагүй юу?

-Би өчигдөр (мягмар гариг) Ерөнхийлөгчтэй ярьсан. УИХ-ын  чуул­ганы хуралдааныг мар­гаа­шийн (өчигдрийн) 10:00 цагт хуралдуу­ла­хаар товлон  зарлаж бай­на. Энэ хугацаанд бэлт­гэл хангах ажлыг Тамгын газарт  даалгалаа. Мар­гааш (өчигдөр) гэхэд УИХ-ын шинэ дарга тодор­чихно  гэж хэлсэн. 

Та Ардчилсан  намын дарга Н.Ал­тан­хуягтай уулзаад ч нэ­мэр байсангүйЛ.Цог  гишүүнээр  хурал удир­дуу­лан УИХын  даргыг  сонгосон

-Ер нь Ардчилсан на­мынхан жаахан яарч бай­на уу даа. Яарвал даарна гэсэн монголчуу­дын үг байдаг. Энэ бол  цааш­даа улс төрийн нөх­цөл  тийм ч сайнгүй байдлын эхлэл болж байна. Үүнд би  харамсаж байна.

Анхдугаар  чуул­га­ныг  зохион байгуулах, УИХын даргыг  сонгох явцад Тамгын  газрын­хан  зохион байгуу­лал­тыг  хангажтөрийн тамгыг  гардуулсан. Үүнийг юу гэж үзэж бай­гаа вэ?

-Тамгын газар УИХ-ын  чуулган  болон байн­гын хороодын хурал­даанд үйлчлэх үүрэгтэй.  Тэр  үүргээ л  биелүүлсэн  гэж бодож байна. Яагаад  гэвэл тэнд  нэгдсэн ху­ралдаан болж байгаа нөх­цөлд тавьсан  шаард­лагыг нь биелүүлэх ёстой. Тиймээс Тамгын  газрын­ханд миний хэлж байгаа шиг үгийг хэлэх  эрх, үүр­гийн аль  нь ч байхгүй. 

Тэгэхээр УИХын даргыг сонгох  үйл явц хууль ёсных юм биш үү?

-Миний хувьд “Би ху­ралдааныг даргалж,  спи­керийг сонгосонгүй” гэд­гээр яриад байх зүйл алга. Монголын төр эхнээ­сээ л  морин дээрээ эмээлээ зөв  тохоод морд­чихвол цааш­дын үйл  ажилла­гаанд хэрэгтэй юм уу гэдэг  үүднээс зарчмын шаард­лагыг нь тавиад,  анхду­гаар чуулганаа өнөө­­дөр (өчигдөр) хий­чихье  гэсэн  юм. Шинээр сонгогдсон УИХ-ын дар­гыг хууль бус гэж би үзэх­гүй байна. Харин  эрх зүйн чадамж нь эргэл­зээтэй байдалд байна гэдэг  тэр даргад  өөрт нь  халгаатай зүйл. Ер нь УИХ-ын үйл ажил­лагааг удирдана гэдэг тун амар­гүй. Ард түмний тө­лөө­­лөл болоод ороод ирсэн УИХ-ын 76 гишүүн тус тусын байр суурьтай,  асуудлыг олон талаас  нь тайлбарлан ярьж чаддаг. Буруу зүйлийг ч зөв мэ­тээр ойлгуулах чадалтай хүмүүс энд  сууж байдаг. Хуучин хоёр бү­лэг­тэй бай­сан бол өнөө­дөр гу­рав болчихсон. Тиймээс шаггүй л бай­далд энэ УИХ ажиллах нь. Гэтэл эхнээ­сээ ийм бай­гаа нь тун харамсалтай юм. Өнгөр­сөн дөрвөн жи­лийн хуга­цаанд УИХ-ын 76 гишүү­ний хувьд зөв­шилцсөн,  итгэл  үнэмшил  дээр суурилсан ажил­ла­гаа бай­сан. Монголын  пар­ла­мент зөв сайхан  тө­лөвш­вөл хэнд хэрэгтэй юм бэ, ард түмэнд л  хэрэг­тэй. Тиймээс энэ их чухал ажил. 

УИХын дарга то­ми­логдоод 24 цаг өнгөрсөн байна. Гэтэл Ардын нам бүлэг байгуулах бичгээ УИХын даргад өгсөн­гүй. Энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг биш үү? 

-Бүлэг  байгуулах  асууд­лаа УИХ-ын даргад  өр­гөн мэдүүлдэг л дээ. Түүнийг  нь УИХ-ын  чуул­га­наар зарлах ёстой. УИХ-ын даргын асууд­лыг  эрх  зүйн талаас  эргэл­зээ­тэй гэдэг үүднээс бич­гээ хэзээ өгөх, цааш­даа яаж ажиллах билээ гэд­гийг ярьж байгаа байх.  Ер нь үүнийг намууд хоо­рондоо ярилцаж байгаа байх. Парламент гэдэг намууд  хоорондоо ярил­цаж явах улс төрийн га­зар гэдгийг онцлон хэлж байгаа маань их  ач хол­богдолтой. Машины жолооны ард хэн сууж байгаа нь гол биш, хэн ур чад­вартай жолоодож бай­на, ямар арга ба­рилаар ажил­­лаж байна вэ гэдэг нь чухал. Тиймээс УИХ-ын дарга сонгогдох,  ажил­­лаж байгаа хүмүүс ур  чадвараа гаргаж чад­вал цааш цаашдаа даж­гүй сайхан явчихна. Бүх зүйл  болж бүтэхгүй гэж би  хэлэх  гээгүй байна” гэсэн юм.       

Ингээд үдээс хойш 16.00 цагийн үед УИХ-ын чуулган хуралдаж, олон­хийг бүрдүүлж буй АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн суув. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг нар АН-ын бүлгийн дарга Д.Эр­дэнбатын өрөөнд  хэсэг ярилцсаны эцэст танхимд эргэн ирлээ. Ин­гээд энэхүү хуралдаа­наар Төрийн байгуу­лал­тын байнгын хороог бай­гуулах санал хурааж ги­шүүд дэмжив.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

З.Энхболд УИХ-ын дарга боллоо

Л.ЦОГ ГИШҮҮН ХУРАЛ ДАРГАЛАВ

УИХ-ын анхдугаар чуул­ганы үргэлжлэл
өчиг­дөр өглөө
10.00 цагт эх­лэ­хээр болсон юм.  УИХ-ын даргыг
томилох ёстой энэхүү чуулганыг
Ардын намынхан гацаасан.  Хам­тарсан Засгийн
газар байгуулахаар эвсч, УИХ-д олонхийг бүрдүүлсэн нам, эвслийнхэн болон бие
даагчид чуулганы танхимд өглөөнөөс үд­шийн
бүрий хүртэл бүтэн   дөрөв хоног МАН-ыг хүлээсэн
юм. Энэ бүхний эцэст өнгөрсөн
даваа гаригт Ерөнхийлөгч на­муудын дарга нартай уул­заж,
хурал даргалах үүрэгтэй парламентын
хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэлтэй
ч уулзсан. “УИХ-ын чуул­ганыг гацаанаас гар­га­хын тулд төрд тангараг өргөсөн
гишүүд ажилдаа орж, төрийн ажлыг намын ажлаас тэргүүнд тавихыг үүрэг болгов.  Гэвч Ардын намынхан “УИХ-ын дар­гад нэр дэвшсэн
З.Энх­болдыгоо манайхантай уулзуул. Гэхдээ түүнээс
өмнө бид намын Бага хурлаа хийнэ. Үүнийг хүлээж байгаад дараа нь З.Энхболдыг бидэнтэй уулзуул.
Тэгсний дараа манай нам чуулганд орно” гэдэг мэдэгдэл хий­сэн юм. Нэгэнт ийм зүйл болсон учраас өчигдөр өглөө анхдугаар чуул­га­наа зарлаж,
парла­мен­тад бүрдсэн олонхийн
бүлэг МАН-ын бүлэг­гүй­гээр УИХ-ын даргаа то­ми­лохоос өөр аргагүй бол­лоо.

Гэвч парламентад бүрд­сэн олонхийн бүлэг Ардын намынхныг хү­лээж чуулганы танхимд бүтэн цаг суулаа. Тэд ирсэнгүй. Гишүүдийн зү­гээс “Ерөнхийлөгчийн са­нал болгосноор энэ ху­ралдаанд сууж байгаа ахмад гишүү­нээ­рээ хур­лаа даргалуулаад явъя” хэмээж байв. АН-ын дарга Н.Алтанхуяг “Ар­дын намыг хүлээгээд бид дөрөв, тав хоног суучих­лаа. МАН-аас болоод төрийн ажил гацаж бай­на. Д.Дэмбэрэл гишүүн надтай сая ярьсан. Тэ­рээр Төрийн ордонд ир­сэн гэнэ. Тэгээд намайг уулзаж ярилцъя гэж бай­на. Юу ч гэсэн очоод үгийг нь сонсъё” гэхэд АН-ын гишүүд “Юу гэж та очиж уулздаг юм бэ, хэрэггүй” хэмээн ам амандаа шаа­гилдав. Ингээд түүнийг явуулсангүй. Харин УИХ-ын гишүүд үг хэлэхээр боллоо. Гэтэл УИХ-ын Тамгын газрын дэд  дарга С.Магнайсүрэн гишүү­дэд үг хэлэх боломж ол­гож, микрофоныг нь асаа­сангүй. Үүнд С.Эр­дэнэ нарын гишүүд бу­хим­даж “Ажлаа хийж ча­дах­гүй бол чи огцор. Тө­рийн албан хаагч байж хууль бус үйл ажиллагаа явуу­лахаа боль” хэмээн С.Маг­­найсүрэн рүү дай­рав. Удалгүй гишүүдэд үг хэ­лэх эрхийг нь олгос­ноор Р.Гончигдорж ги­шүүн “Д.Дэм­бэрэл гишүүн хуу­лиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй байгаа нь харамсалтай байна. Тө­рийн ажлыг гацаах гэсэн эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргаж байна.   Олонхи болсон намын даргыг хамгийн ахмад гишүүн дуудаж уулзах ёсгүй. Энэ хурал­даанд сууж байгаа ахмад гишүү­нээрээ ху­рал дарга­луу­лаад явах хэрэгтэй” гэв. Ч.Сай­ханби­лэг гишүүн “Д.Дэм­бэ­рэл гишүүн УИХ-ын дарга байсан хуучин үе шигээ гишүүдийг өрөөн­­дөө дуудаж уулзах ёсгүй. Тиймээс энэ ху­ралдаанд хамгийн ахмад гишүүнд тооцогдож бай­гаа Л.Цог гишүүнээр хур­лаа даргалуулъя” гэлээ. Нөгөө талаас Д.Тэрбиш­дагва ги­шүүн “Бид Ардын намын бүлгийг хүлээж, цагийг үр ашиггүй өнгө­рөөж байгаа нь харам­салтай. Ч.Сай­ханбилэг гишүүний гори­мын сана­лыг хүндэтгэж байна. Гэх­дээ Д.Дэм­бэ­рэл гишүүн Н.Алтанхуяг даргыг ирж уулз гэдэг шаардлага тавиагүй, зү­гээр л ярилцъя гэдэг утгаар өрөөн­дөө урьсан гэж ойл­гоод явбал яасан юм. Тэр хү­ний насыг нь хүн­дэлье” гэсэн учраас АН-ын дарга Н.Алтанхуяг Д.Дэмбэрэл гишүүний өрөө рүү явлаа.

Энэ хооронд  гишүүд үг хэлсээр байв. С.Оюун гишүүн “2008 оны сонгуу­лийн дараа одоогийн МАН тухайн үеийн МАХН Ардчилсан намтай хам­тарсан Засгийн газар байгуулж, УИХ-д олонхи болохдоо парламентад суудал авсан Иргэний зориг намтай зөвшил­цөөгүй шүү дээ. Гэтэл одоо яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ” хэ­мээн хэллээ. Д.Зоригт гишүүн “УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл чуулганыг маргааш (өнөөдөр) ху­рал­дуулах захирамж гар­гасан тухай сайтуудаар мэдээлээд байна. Ийм байж болохгүй. Д.Дэм­бэрэл гишүүн УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн үедээ УИХ-ын дарга хэвээрээ гэж тоо­цогдоно. Түүнээс биш чуулганы танхимаас га­дуур бол тэр зүгээр л гишүүн. Тэгэхээр чуул­ганы хуралдаан зарлах эрхгүй” гэдэг тайлбар хийж байв. Мөн Х.Тэ­мүүжин, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нарын ги­шүүд үг хэлсний дараа АН-ын дарга Н.Алтанхуяг Д.Дэмбэрэл гишүүний өрөө­нөөс буцаж ирэв. Тэрээр “Маргааш (өнөө­дөр) 10.00 цагаас батал­гаатай л гэж байна” гэсэн хариутай орж ирлээ. Үүнийг сонссон Ч.Сай­ханбилэг гишүүн “Ардын намынхан эхлээд намын ажлаа бодъё гэж байгаа юм байна. Тиймээс Л.Цог гишүүнээр хурлаа дарга­луулаад, төрийн ажлаа үргэлжлүүлье” гэсэн юм. Л.Цог гишүүнээр хурал даргалуулах эсэхээр са­нал хураая гэх нь сонс­дов. Үүнийг зарим нь эсэр­гүүцэж байсан юм. Гэсэн ч Л.Цог гишүүн өөрөө “Дараа нь маргаан болгохгүйн тулд надаар хурал даргалуулах уу, үгүй юу гээд санал хураа­чихъя” гэхэд нь бүгд гараа өргөв.

З.ЭНХБОЛД: ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ ИХ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОН ЖИЛҮҮД БАЙХ БОЛНО

Хурал даргалагч Л.Цог суудалдаа сууж индэрт АН-ын дарга Н.Ал­танхуягийг урилаа. АН-ын дарга УИХ-д үүсээд бай­гаа нөхцөл байдлын та­лаар танил­цуулаад пар­ла­ментад бүрд­сэн олон­хийн бүлэг УИХ-ын ги­шүүн З.Энх­бол­дыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг дуулгав. Н.Алтанхуяг дарга түүнийг Монгол Улсын хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулсан төрийн түшээ гэж үнэлээд “З.Энхболд нь 1966 онд төрсөн.  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын арван жилийн дунд сургуулийг төгсч, ОХУ-ын Сверд­ловск хотын поли­техни­кийн дээд сургууль, МУИС-ийг тус тус төгссөн. АНУ-ын Колорада му­жийн Денверийн их сур­гуульд олон улсын биз­несийн удирдлагын ма­гист­рын зэрэг хамгаал­сан. 1989 онд Улаан­баатарын цахилгаан шу­гам сүлжээ компанид мон­­­­тёр, инженер, “Ин­тер” компанид захи­рал, ТӨХ-ны дарга, УИХ-ын даргын зөвлөх, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2005 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна” гэсэн юм.

Үүний дараа
Д.Ган­хуяг, Н.Батцэ­рэг нарын ги­шүүд
УИХ-ын даргад нэр дэвшиг­чээс асуулт асуув. Д.Ган­хуяг гишүүн “Мон­гол Улс ардчилсан эрх зүйт төр­тэй. Гэвч хуу­лийн хэрэг­жилт тун таа­руу бай­на.
Тиймээс авлига их бай­­гаа. Энэ тал дээр яаж ажиллах вэ. Өнгөрсөн
дөрөв хоно­гийн дотор  хууль бус зүй­лүүд бол­лоо. Үүнд ямар арга хэм­жээ авах вэ”
гэлээ. З.Энх­болд гишүүн
“УИХ-ыг олонхи хүн хууль тогтоох
байгууллага гэж ойлгодог. Гэхдээ УИХ бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн
газраа хянах үндсэн үүрэг­тэй гэж боддог. Үүний төлөө
ажил­лана. Түрүү түрүү­чийн
УИХ хуу­лийн хэрэг­жилтэд хяналт тавих аж­лыг хийж чадаа­гүй. Тө­рийн ажлыг намын аж­лаас хойш тавьж, хан­дах тал
зарим намуудад бай­на. Тиймээс бид хуульд захирагдаж ажил­лах зар­чим барина” хэ­мээн
ха­риулав. Дараа нь Н.Бат­цэ­рэг гишүүн
“Сүү­лийн үед Монголд тогтол­цоо­ны хям­­рал
үүсч бай­на. Тий­мээс тавдугаар
Үнд­сэн хуультай болох тухай
зарим нам ярьж байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай бай­на вэ” гэхэд З.Энхболд
гишүүн “УИХ-ын Тамгын газар
хууль заасан үүргээ биелүүлж, улстөржилгүй ажиллаж чадаагүй
гэдэг дүгнэлттэй байгаа. Үнд­сэн хуулийн өөрчлөлт тодорхой хэм­жээнд явах ёстой. Гэхдээ 2000 онд
оруулсан өөрч­лөлтийг буцааж хэвэнд нь оруулс­ны
да­раа дараа­гийн өөрч­­лөл­тийг ярих хэ­рэг­тэй гэдэг хувийн
байр суурьтай байдаг” гэлээ. Асуулт, хариулт дууссаны дараа Ц.Да­ваасүрэн, Ж.Бат­­зан­дан, Г.Уянга нарын
ги­шүүд үг хэлэв. Г.Уянга гишүүн  “З.Энх­болд ги­шүү­нийг дэмжиж байна. Гэхдээ бидний УИХ-ын даргыг томилж
байгаа энэ про­цедур хууль ёсных юм болов уу гэж эргэлзэж байна. Энэ асуу­дал Үнд­сэн хуулийн Цэ­цэд очоод, урхагтай
бо­лох юм биш биз. Ардын намынхныг хүлээснээрээ
бид муухай харагдахгүй. Харин
Ар­дын намынхан, Д.Дэм­бэ­рэл гишүүн
муу­хай ха­раг­дана шүү дээ.
Тиймээс тэднийг хүлээж байгаад
УИХ-ын даргаа томилох байсан юм биш үү”
гэв. Ингээд гишүүд үг хэлсний дараа УИХ-ын даргаар
З.Энхболдыг то­милохыг дэмжих үү,
үгүй юу гэдэг томъёоллоор санал ху­раав. Ирц 60 хувьтай
байс­наас хурал­даанд оролцсон 42 ги­шүү­ний
40 нь З.Энхболд гишүүнийг
УИХ-аар томи­лохыг дэм­жив. Харин АН-ын гишүүн
Б.Гарам­гайбаа­­тар, Ш.Түв­­дэндорж
нарын кноп гац­санаас болсон уу эсвэл андуурч буруу кноп дар­сан уу ямар­тай ч тэд­ний
нэр эсэр­гүүцсэн са­налд тоо­логд­сон
нь тан­химд бөөн инээдэм бо­лов.

УИХ-ын даргыг томилсон уч­раас УИХ-ын тамгыг чуулганы танхимд залах ёслол боллоо. Там­гыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн хуралдаан даргалагч Л.Цогт өгч, тэрбээр түү­нийг  УИХ-ын шинэ дарга З.Энх­бол­дод гардуулав. Тамгаа гардсан УИХ-ын шинэ дарга З.Энхболд үг хэллээ.

Тэрбээр “УИХ-ын эрхэм гишүүд ээ.  Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан тө­рийн эрх барих дээд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр засгийн эрхийг хэрэгжүүлдэг билээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш зургаа дахь удаагийн сонгууль шинэчлэн батлагдсан хуулийн дагуу явагд­лаа. Энэ сонгуулийн үр дүн нь улс төрийн намуудыг хамтарч, эвсэж ажиллахыг даалгасан ард түмний сонголт байлаа.

УИХ-ын  даргын хариуцлагатай албан тушаалд миний нэрийг дэв­шүүлсэн Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч нийт иргэд сонгогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье.

Мөн манай намын саналыг дэмжиж надад итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргаар сонго­сон ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийн гишүүдэд талар­хаж байна. Цаашид дөрвөн жилийн туршид хамтран ажиллах үүрэг хүлээсэн МАН-аас болон бие дааж сонгогдсон нийт гишүүддээ та­лар­хал илэрхийлье.

Би УИХ-ын даргын хувьд нэг намын төлөөлөл гэдэг утгаар биш Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө УИХ-д суудалтай намууд, эвсэл, бие дааж сонгогд­сон гишүүдтэй хамтран ажиллаж, хуулийн хүрээнд туйлшрахгүйгээр та бүхний хүлээлгэсэн итгэлийг дааж өөрийн мэдлэг чадвар, дад­лага туршлагадаа тулгуурлан бие сэтгэл, оюун ухаанаа бүрэн дайч­лан ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Энэ удаагийн УИХ-аас  улс орон, ард түмний өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг цаг алдал­гүй шуурхай шийдвэрлэх, гаргасан шийдвэрээ иргэддээ нээлттэй байл­гаж хэрэгжүүлэх торгон мэд­рэм­жийг барьж ажиллахыг шаард­сан түүхэн үүрэг ногдож байна.

Монгол Улс Үндсэн хуулиндаа ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлсон билээ.

Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн “цэвэр ариун” байх учиртай. Иймээс одоогоор маргаантай байгаа тойргуудын асуудал хуулийн дагуу түргэн, шуурхай шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Иргэд сонгогчид ч үүнийг нийтээрээ шаардаж, энэ удаагийн сонгуулиар шударга ёс хэрэгжиж чадаж байгаад сэтгэл хангалуун үлдэхийг хүсэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэ­дийн яриа, хүсэлтээс бид өдөр тутам мэдэрч байгаа.

Монгол Улсын хувьд ирэх дөр­вөн жил их өөрчлөлт, шинэчлэл, их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Үүнийг шинээр бай­гуулах Засгийн газрын баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрт ба­римт­лан тусгаж хамтарсан Засгийн газрын амжилттай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж дэмжин ажиллана.

Би УИХ-ын  даргын хувьд хууль, эрх зүйн болон төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ан­хаарлаа хандуулна. Түүнээс гадна нийгэмд үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтоохын тулд хуулийн хэрэг­жил­тэд тавих Улсын Их Хурлын хяналтад онцгой анхаарч ажиллах болно.

Шинээр байгуулагдах Засгийн газар улс орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэн хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн бодло­гын шинэчлэлтийг тасралтгүй явуу­лах, эхлүүлсэн бүтээн байгуу­лал­тын ажлуудыг цаг алдалгүй, эр­чим­жүүлэхэд хяналт тавьж ажиллана.

УИХ-ын  эрхэм гишүүд ээ,

Та бүхнийг төрийн сүлдэнд өргөсөн тангаргаа ямагт дээдэлж, нийт ард түмний элч гэдгээ ухам­сар­лан идэвх зүтгэлтэй, хариуц­ла­гатайгаар нэг баг болон хамтран ажиллана гэдэгт би итгэл төгс байна.

Монгол хүн бүрийг хүн шиг амьдруулахын төлөө, Монгол Ул­саа улс шиг хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж байна” гэв. Үг хэлсний дараа тэрбээр УИХ-д суу­дал­тай нам, эвслүүд бүлэг бай­гуулах саналаа УИХ-ын даргад 24 цагийн дотор ирүүлэх ёстойг зар­лав. Үүний дагуу АН-ын бүлэг тэр даруй саналаа түүнд бичгээр өгч, батал­гаажуулав. Харин “Шударга ёс” эвслийнхэн үдээс хойш өгөхөөр болсон тул үдээс өмнөх чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. Хурал тарсны дараа УИХ-ын шинэ дарга З.Энхболдыг Ерөнхийлөгч ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч, баяр хүр­гэж ард тү­мэн, улс үндэстнийхээ болон хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажил­лахыг хүсээд “Энэ УИХ-аас ард иргэд олон зүйл хүлээж байгаа. Тэр бүхнийг цаг алдалгүй шуурхай шийдвэр­лэж, амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Үдээс хойших хуралдаанаар “Шударга ёс” эвсэл бүлэг байгуулах саналаа бичгээр өгч, бүлгийн дар­гаар Н.Батцэрэг гишүүнийг томилс­ноо мэдэгдэв. Энэ үеэр Ардын намын бүлгийнхэн ирээгүй, бүлэг бай­гуу­лах саналаа ирүүлээгүй учраас чуулганы хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр болоод тарлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын даргаар яригдаж буй Ө.Энхтүвшин гэж хэн бэ?

Их хурлын ээлжит сон­гуульд ялагдал хүлээж амаа­раа шороо үмхсэн Ардын намынхан удирдлагууд­тай­гаа тооцоо хийхээр болсон. Үндсэндээ намын дарга, ерөн­хий нарийн бичгийн дар­га хоёртоо хариуцлага хү­лээл­гэн албан тушаалаас нь хөөж явуулахаар болоод бай­гаа билээ. Тэд ч даргын алба­наасаа огцрох өргөдлөө өг­сөн гэж дуулдаад байгаа. “Намынхаа нэрийг өөрчилж сонгуульд орсноор нам ялагд­вал хариуцлагыг нь хү­лээнэ” гэж Сү.Батболд хэлсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ арыг нь даана гэж эрхбиш хэлсэн байлгүй дээ. Ямар ч байсан “Намын нэрийг өөр­чилснөөр сонгуульд ялагдал хүлээхгүй. Сонгуулийн дүнд огтхон ч нөлөөлөхгүй” гэж байсныг нь санах юм. Харин ерөнхий нарийн бичгийн дар­га У.Хүрэлсүх болохоор “Бүх ха­риуцлагыг би хар толгой­гоороо үүрнэ” гэж олны өмнө бардам хэлж байлаа. Намаа ялагдахгүй юм шиг, өөрөө ингээд хөөгдөхгүй юм шиг бардам байсан даа, хөөрхий.

Энэ бүхнээс болоод Сү, Хүрэлсүх хоёртой намын нөхөд хариуцлага тооцож байгаа. Гол нь намаа сон­гуульд ялуулж чадаагүйгээс болоод шүү дээ. Гэхдээ энэ хоёр нөхөртэй тооцоо бодох­доо ялыг нь аваад ямбыг нь эдлүүлж байх шиг. Намын дарга, генсекийн ажлаа өгнө гэдэг чинь үнэндээ бол ялаас мултарч байгаа гэсэн үг. Ха­рин дээрх албан тушаалд байсныхаа хүчинд Их хур­лын гишүүний зөөлөн суу­далд суух эрхтэй болсон. Энэ нь болохоор ямба эдэлж байгаа хэрэг бус уу. Ийм байдал нь намын гишүүдийн дургүйг илт хүргэж байна аа даа, янз нь. Тэгээд л дээр дооргүй шуугилдаад байна ш дээ. Нэгэнт л хариуцлага тооцож байгаа ухаантай юм бол наад хоёр нөхрөө Их хурлын зөөлөн сэнтийгээс буулгах хэрэгтэй.

Тулаанд ялагдсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын суудалд хэн хэн очих талаар сүүлийн үед яригдаж байна. Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цогт­баатар, Г.Зандан­ша­тар нарын хуучин сайдууд болон Их хурлын гишүүн асан Ж.Сүхбаатарын нэр хүчтэй дуулдаж байна. Хүрэл­сүхийн хувьд Занданшатарыг намынхаа генсек болгох со­нирхолтой байгаа.

Яагаад гэвэл Хүрэлсүхийн бодож төлөвлөсөн болгоныг Занданшатар хоёргүй сэт­гэлээр үргэлжлүүлэх учраас тэр. Үндсэндээ намдаа босго­сон улс төрийн карьерийг нь тэр чигээр нь хадгалж үлдэх учраас Занданшатарыг тавих гэж зүтгээд байна. Маш товч­хондоо, Хүрэлсүх өөрийгөө л бодож байгаа байхгүй юу. Хэрвээ намаа бодсон бол Цогтбаатарыг генсек болгох нь зүйн хэрэг. Цогтбаатар бол Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар хэсэг хуга­цаанд ажиллаж, өөрийгөө таниул­сан Ардын намын за­луу лидерүүдийн нэг. Дээр нь тэрээр маш өндөр боловс­ролтой, оюуны потенциалтай залуу. Өнөөгийн Ардын на­мын нэрээ сольж, имижээ тодорхойлж ядаж байгаа энэ үед яв цав таарах л залуу улстөрч юм.  Гэвч “Улс төрд сөрөг хүчин болж буй намын ерөнхий нарийн бичгийн дар­га хатуу ширүүн, бас ч үгүй туршлагатай хүн байх ёстой” гэсэн Хүрэлсүхийн пиараар Занданшатар нь томилогдох магадлал өндөртэй болчих­лоо л доо. Өнөө Цогтбаа­тарыг чинь гол гаргах болол­той.

МАН-ын шинэ имиж гэс­нээс уг намын дүр төрх өнөө­дөр хуучны Ху намаас шал өөр болсон юм сан. Хуучин бол ард түмнийхээ хөрөнгийг хураадаг, сэхээтнүүдээ тол­гой дараалан бууддаг, Зас­гийн эрхийн төлөө яахаас ч буцдаггүй нам байлаа шүү дээ. Түүнийг нь түүх бэлээхэн гэрчлээд өгнө.  Харин Сү.Бат­болд маш либериал үзэлтэй намыг бий болгох гэж зүтгэж ирсэн. Намынхаа нэрийг со­льж, улс төрд ялагдаж байж л намаа либериал өнгө төрх­тэй болгох гэж чармайсан. Тэгтэл өнөө Ардын намын чинь тэр­хүү ардчилсан либе­риал шинж төрх сүүлийн үед алдагдаж, хуучин хэвэндээ орох магадлал өндөр болоод явчихлаа. Тодруулбал, на­мынхаа даргад Ө.Энхтүвшинг дэвшүүлснээр ийм байдал бий боллоо л доо. Үүнийг миний бие хэлж дүгнэж байгаа юм биш. Намынх нь гишүүд, журмын нөхөд нь хэлж байна аа. Ингэхэд Ар­дын намын даргад нэр дэв­шин яригдаж буй Өлзий­сай­ханы Энхтүвшин гэж хэн бэ. Хувь хүнийх нь үзэл бодол, улстөрчийн хувьд туулж ир­сэн зам мөрийг нь эргээд нэг харъя.  Эл эрхэм бол шинэ цагийн ардчилсан Монгол Улсад тоотой цөөхөн үлдээд байгаа хатуу ширүүн нь хэ­рээс хэтэрсэн коммунистын сонгодог дүр юм. Ямар ч хольцоогүй цэвэр коммунист дарга нарын өсгөн бойжуул­сан, дахин давтаад хэлэхэд Монголд маш ховордсон ийм улстөрч гэдгийг улс төрийн хүрээнийхэн байтугай энгийн олон мэднэ. Намайг ийн хэл­сэн хэлээгүй бүгд мэдэж байгаа.   

Ө.Энхтүвшин намын дар­га болох гавьяатай хүн үү. Улс төрийн хүрээнийхэнд бо­лоод, намын нөхдөд нь ийм асуулт тулгарлаа. Тэрээр өнгөрсөн он жилүүдэд нам­даа ямар гавьяа байгуулав гэхээр ямар ч гавьяа бай­гуулаагүй байдаг. Намын бүхий л хагарал бутрал, зад­ралыг энэ хүн гардан хийж байсныг нь бас л олон түмэн мэднэ дээ. Зангидсан гар шиг намыг бутарган жигүүр гэх нэрийдлээр нууц бүлэг  бай­гуулан өөрөө сэлэм эргүүлж байлаа. Тэгэхдээ намаа ард­чилалтай болгох гэж тэмцсэн үү гэвэл бас үгүй юм аа. Ерөө­сөө л албан тушаал, алдар нэ­рийн хойноос үхэн хатан зүтгэхдээ тийм тэмцэл өр­нүүлсэн байдаг. Түүнийхээ хүчинд М.Энхболдын Зас­гийн газрын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болж байлаа шүү дээ. Сайдаас өмнө намынхаа нэ­рээр нэлээдгүй албан тушаа­лын зөөлөн суудалд суусныг манайхан мэднэ. Радио, телевизийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд л түүний авсан албан тушаал үргэлжилдэг.

Гэтэл албан тушаалгүй болонгуутаа өнөө жигүүр гээ­чийг байгуулж, намаа бутар­гасан нь тэр. Түүний тэрхүү үйлдлийг хамгийн хатуу хахирган коммунист гэгддэг Ц.Нямдорж нь тэвчиж ядах­даа “Дорбинкодчихмоор” гэж шүдээ зуугаад хэлж байхав дээ. Тэгэхээр Энхтүвшин гэж ямар харгис коммунист гэдэг нь батлагдаад байгаа биз. Ерөөсөө Нямдоржийн тэрхүү ганц үгээр л батлагдаад бай­гаа хэрэг. “Ардын  нам харгис Энхтүвшингээр удирдуулаад ийнхүү цэвэр коммунист бо­лох зам мөрөө хөөлөө. Сүү­лийн үеийн өнөө либериал ардчилсан имиж нь байхгүй боллоо. Яг л гучин долоон онд гучин найман мянган лам нарыг буудсан шигээ тийм харгис нам боллоо. Тавь, жар, далаад оны сэхээт­ний төөрөгдлийг гардан хийсэн шигээ нам боллоо. 2000 онд төр барихдаа арван таван мянган төрийн албан хаагчийг намын харьяалал гэсэн нэрээр гудамжинд хөөж гаргасан шигээ нам буцаад боллоо доо” гэж улс төр суд­лаачид өөр хоорондоо ярьж байна. Улс төр судлаач гэлт­гүй улс төрийн хүрээнийхэн ярьж байна. 

“Орчин үеийн улс төрийн ийм өрсөлдөөнтэй талбарт хуучин Ху-гийн угшилтай харгис нам цааш явах уу. Үнэндээ явахгүй шүү дээ. Энэ нам өнөөдөр үеэ өнгөрөөжээ. Энхтүвшин дарга болсноор Ардын нам задарч, ерөөсөө л мөхөх замдаа орлоо” гэж мөн л улс төр судлаачид үзэж байна.

Намын даргаа буруу сонгож байна аа гэдгийг на­мын ги­шүүд нь дээр дооргүй ярил­цаж байна. “Ардын нам ийм коммунист даргатай болоод хэнтэй тэмцэх гээд байгаа юм бэ” гэж нэг нь асуухад, ард түмэнтэйгээ тэмцэхээс өөр хэнтэйгээ тэмцэх вэ дээ гэж нөгөөдөх нь хариулж байна. Улс төрийн хүрээнд, ялагдсан намын эргэн тойронд сүү­лийн үед ийм л яриа хөөрөө өрнөж байх шив дээ. Энхтүвшингээ тойрсон яриа л хуучин Ху-гийнхны дунд газар авч байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын гишүүдийн ялсан тойрогт дахин сонгууль явуулах бололтой

Сонгууль дуусаад сар га­руйн хугацаа өнгөрлөө. Гэвч засаг төр нь эмхэндээ орсон­гүй. Хамаг ажил нь зуун зад­гай байна. Сонгогчдын өгсөн саналын дагуу УИХ-д бусдаа­саа арай илүү суудал авсан Ардчилсан нам засаг төрөө байгуулахын төлөө болох бүтэхээрээ чар­майж байгаа. Харамсалтай нь засаг төрөө байгуулах ажлыг Ардын на­мынхан гацааж улдан чан­гааж, элдэв арга хэрэглэж байна. 

УИХ-ын тухай хуульд хэ­рэв парламентад аль ч нам ялалт байгуулаагүй бол хам­гийн олон суудал авсан нам бусад нам, эвсэлтэй  УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэхээ зөвшилцөнө гэж заасан бай­даг. Ардын намынхан энэ заалтыг урдаа барин түмэн шалтаг тоочиж эхэллээ. УИХ-ын дар­гад нэр дэвшүүлэхдээ Ард­чилсан нам манай нам­тай зөвшилцсөн­гүй хэмээн нэг ёсондоо гом­дол нэхэж байна. “Манай намтай зөв­шил­цө­хөөс нааш наад чуул­ганы хуралдаанд чинь орох­гүй шүү. Төр засгаа эмхлэн бай­гуулж, улс орон, ард түм­ний төлөө ажиллах чинь би­дэнд хамаагүй. УИХ-ын дар­гын суудалд хэнийг тавихаа манай намаас асуух ёстой. Манайхаас бусад нам­тай булагнаж албан тушаа­лын бялуу хуваах гэлээ. Тэгнэ гэж байхгүй шүү” хэмээн нэг ёсон­доо шантаажилж, төрийн аж­лыг барьцаалав. Уг нь хуульд УИХ-ын даргад нэр дэвшүү­лэхдээ парламентад хамгийн олон суудалтай нам бусад нам, эвсэлтэй нэг бүрч­лэн хэлэлцэж, нэгийг нь орхих­гүй зөвшилцөнө гэсэн үг өгүүлбэр байхгүй юм билээ. Бусад намтай зөвшилцөнө гэсэн энэ үг бүх намтай тохи­ролцоно гэсэн утгыг илэрхий­лэхгүй. Ямартаа ч Ардчилсан нам хуулийн дагуу бусад нам, эвсэлтэй зөвшилцөж олонхио бүрдүүлчихээд УИХ-ын дар­гад З.Энхболд гишүүнийг нэр дэвшүүлсэн юм.

Ядаж байхад хурал дар­галах үүрэгтэй ахмад настай гишүүн нь ч Ардын намд байж таарлаа. Нөгөөх нь “Манай намтай зөвшилцөхгүй юм бол энэ чуулганыг чинь дарга­лахгүй. Яахаараа та нар энэ намтай зөвшилцөж болдог­гүй юм” хэмээн хойшоо гэ­дийж боож хаав. Дүрмийнхээ дагуу асуулт асуух гэсэн ги­шүүдийн амыг барьж үг хэ­лүүлэхгүй загнаж байгаад гарч одсон. Ардын намын  албан тушаалгүй өвгөн хуу­лиар олгогдсон үүргээ бие­лүүлж, улс орныхоо эрх аш­гийг тэргүүнд тавьж чуулганаа даргалах ёстой байлаа. Гэвч тэрээр намынхаа эрх ашгийг хамгаалж гарч явсан юм.

УИХ-ын даргыг томилох ёстой байсан өнгөрсөн баа­сан гаригийн чуулган ингээд гацлаа. Энэ хооронд Ардын намын бүлэг хуралдаж АН-аас ирүүлсэн зөвшилцөх бич­гийг хэлэлцэв. Ардчилсан нам зөвшилцөх бичгээ Ардын намд өгсөн арга хэлбэр нь тэдэнд таалаг­даагүй нь бас буруудаж бай­гаа. Ардын на­мынхан “Зөв­шил­цөх тухай бичгийг намын байр­ныхаа жижүүрээс олж авлаа. Бид­нийг ингэж до­ромж­лохгүй шүү” гэх аястай үг унагаж дуулдана лээ. Уг нь Ардчил­сан нам  Ардын намд зөв­шил­цөх бичгээ сүр дуу­лиан­тайгаар олны анхаар­лын төвд гардуулах ёстой байж. Ингээд Ардын намын бүлэг үүдний жижүүрээсээ олж авсан АН-ын албан бич­гийг хэлэлцэхээр өнгөрсөн баа­сан гаригт хуралдсан юм. Тэд үүнийг хэлэлцээд яах ч юм билээ. Тэртэй тэргүй Ардын нам З.Энхболд гишүүнийг дэмжих, дэмжихгүйн аль нь ч бай нэг шийдвэр гаргалаа гэхэд олонхийн саналд нө­лөө­­лөхгүй гэж байгаа. Тийм уч­раас дэмий цаг үрж, төр за­саг эмхлэх ажлыг хойш татах хэ­рэг Ардын намд байх­гүй юм.

МАН-ынхан гишүүдийн тангараг өргөх анхны хурал­даанд оролцохгүй гэж нэг үзсэн. Гэвч тэдний намаас Өвөрхангай аймагт нэр дэв­шээд ялалт байгуулсан гэх С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь сонгууль луйвардсан нь шүүхээр тогтоогдов. Сонгогч­дын саналыг мөнгө, эд ба­раа­гаар худалдаж авсан нь нотлогдсон учраас тэднийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэнгүй. СЕХ нэрийг нь Ерөнхийлөгчид танил­цуул­сан­гүй. Өвөрхангайн хоёрын араас олон хүн явж, төр тү­шилцэх эрхгүй болж мэдэхээр боллоо.  Увс аймагт нэр дэв­шээд ялалт байгуул­сан Б.Чой­жилсүрэн, Ч.Хүрэл­баатар нарын сонгогчдод улайм цайм мөнгө тарааж байгаа бичлэг гарч ирэв. Байшинг нь сонгуулийн байр болгон түрээслэх нэрээр айлын гэрт дайрч ороод мөн­гө өгсөн баримт нь Монгол даяар цацагдлаа. Араас нь Орхон аймагт ялалт байгуул­сан О.Содбилэг ч тойрохоо зу­руулж магадгүй болов. МАН-д суудал авчирсан таван ги­шүүн парламентад орох эрхгүй бол­чихвол Ардын нам бүр сүйрнэ. Ардын на­мынхан бушуухан тангараг өргөж, төрийн хамгаалалтад орох­гүй бол Өвөрхангайн хоёр дээр нэмэгдээд УИХ-ын ги­шүүн болж чадахааргүй хууль зөрчиж, сонгууль луй­вардсан будлиантай нөх­дүү­дийн тоо олон болох гээд байв.

Тиймээс чуулганы хурал­даанд оролцохгүй гэж том­роод байсан Ардын намын­хан чуулганы танхимд ори­лолдон жагсч зогсоод УИХ-ын гишүүний тангаргаа өргө­чи­хөөд дараа нь төрийн аж­лыг таг хаяад алга болцгоо­сон. Үнэндээ тэдэнд төр зас­гаа байгуулж ард түмнийхээ төлөө явъя гэсэн бодол огт алга. МАН төрийн эрхийг авч байж, Монголд төр тогтдог байх ёсгүй. Монгол Улс бай­гаа л бол төр засагтай байх нь жам. Гэвч энэ жам ёсны үйл ажиллагаанд  Ардын нам саад хийгээд гацаачихлаа. Нэгэнт Ардын нам ийм зан гаргаж байгаа учраас бусад нам, эвслүүд зөвшилцөж МАН-ын ялсан тойргуудад дахин сонгууль явуулахаар Ерөнхийлөгчтэй сэм ярил­цаад эхэлсэн сурагтай. Энэ улс орон, ард түмний төлөө ажиллах төр засгаа хурдан эмхлэхийн тулд замд тээг­лэсэн бул хар чулуугаа зай­луулахаас өөр арга байхгүй. Ардын намын луйвар булхай­гаар ялсан тойргуудад 14 хоногийн дотор дахин сон­гууль явуулж, төр засгаа бай­гуулан ажлаа эхлүүлэх гарц хайгаад эхэлжээ. Төр засгаа Ардын намын барьцаанаас гаргасны дараа энэ намыг татан буулгах асуудлаар бусад нам эвслүүд  Дээд шүүхэд ч хандах төлөвтэй. Ардын нам өөрийнхөө эрх ашгийг Монгол Улсын эрх ашгаас дээгүүр тавьсан уч­раас татан буугдах ёстой гэдэг гаргалгаа байж болохыг улс төр ажиглагчид үгүйсгэхгүй байна. Ямар ч байсан улс төрийн далд ийм яриа гарчээ.

Үнэндээ Ардын нам Мон­гол Улсын эрх ашгийг улан­даа гишгэж, өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүр тавьж байна. АН-ынхнаас хамтарсан Зас­гийн газарт орж ажиллах урилга хүлээж суусан тэд амаараа шороо үмхсэндээ шаралхаж, төр засаг байгуу­лах ажлыг хойш татах шиг боллоо. Өвөл цаг хаяанд ирчихсэн, улс оронд “амаар” татсан их ажил хүлээж бай­хад Ардын намынхан албан тушаал бодож, төр засгийн ажлыг гацааж, хууль дүрэм ярин ихэрхэж байна. Энэ бүхнээс харахад МАН-ын ялсан тойргуудад дахин сонгууль болж магадгүй нь ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Бөхийн АРАНГА ПҮРЭВЖАВ болоод бөхийн ЖУДАГГҮЙ ПҮРЭВСАЙХАН нарын тухайд

Ховдын Пүрэвсайхан гэдэг бан­ди Пүрэвжав харцагын гэдэс рүү шүдээ хавирч байгаад хөлөөрөө жийгээд тийрчихлээ. Тэгтэл Батзориг тэргүүтэй халхайсан нөхөд дайны талбарт ирж байгаа мэт хоёр нүдээ улаанаар эргэл­дүүлэн цэнгэлдэхийн ногоон зүлэг рүү гүйлддэг байгаа. Өнөө Пүрэв­жавыг чинь нийлж зодох нь л дээ. Өндөр цолтой, өөрөөсөө хамаагүй ах бөхийг тийрч орхисон бандийн зөв байх нь. Ус нутгийн бөхчүү­дийнх нь байдлаас харахад шүү дээ.

Ах зах, цолны том, бага нь одоо дүүрч дээ гэхэд монгол бөхөд чинь өрсөлдөгчөө хүндэтгэх тийм нэг жудаг, бичигдээгүй хууль бий юм сан. Өнөөгийн залуучууд ир бяран­даа эрдсэн, ямар хүйтэн хахирган болоо вэ. Түүнийг нь том цолтой бөхчүүд, нутаг нугынхан нь ямар их хөөргөддөг болоо вэ.

Өнөө жилийн наадмын хөндөх учиртай гол сэдвийн нэг чинь энэ бус уу. Аймгийн цолтой бөх тү­рүүлж улсын арслан болсноос илүүтэй томоохон “сюрприз” чинь энэ биш үү. Ховдын нөгөө залуу чинь “Пүрэвжав харцагатай тун сайхан барилдлаа” гээд сэтгүүлч­дийн асуултад хээвнэг хариулаад зогсож байх юм. Ёстой нэг аазгай хөдөлгөөд авсан шүү. Эндээс л ерэн нэгэн жилийн ойн наадмын бөхийн сониныг эхлүүлнэ дээ. Өнөө жилийн наадам телевизийн суваг бүхнээр арваад хоногийн турш нялайтал, ард түмнийг зал­хаатал гарлаа. Гэвч хар хөлс нь цутгасан хэдэн бөхчүүдийн “сайхан барилдлаа, ард түмэндээ баяр­лалаа” гэсэн жижүүрийн хэдэн үгнээс өөр сонирхол татах юм гарсангүй.

Зүгээр л барилдаанаа давтаад байх юм. Хөшигний цаана ямар найраа хөөрөө хийгдсэн, ам угтуул авахдаа хэн хэн алдаа гаргасан, улсын цолтнуудаас ямар нөхөд маш муу барилдсан, наадмын өмнө бэлтгэл хийгээгүй, сонгуулийн шоунд яваад ялсан болоод ялагд­сан нэр дэвшигчтэйгээ наадам хүртэл наргиж “ногоорч” байгаад ирсэн, ямар бөхчүүд ичихгүй нут­гийнхаа хүчтэнүүдээр гар амар даваад байсан гээд яривал наад­мын эргэн тойронд үгүй ээ мөн олон зүйл яригдана даа. Өнгөрөгч өдрүүдэд хэнбугай ч ам нээсэнгүй. Манайд чинь уул нь баахан бөхийн зүтгэлтэн, судлаач энэ тэр хүмүүс байдаг биз дээ. Харам­салтай нь тэд маань яг л ярих үедээ ганц ч үг ганхийхгүй юм даа. Сайн барилд­сан нэгнийхээ тухай олон нийтэд хэлчихгүй юм даа. Бусад үед бол амаа олохгүй магтдаг биз дээ.

Тэгэхээр энэ жил хамгийн сайн барилдсан бөхөөр яалт ч үгүй улсын харцага Л.Пүрэвжавыг нэрлэх байна. Жил жилийн тав, зургаагийн даваанд түрүүлнэ гэсэн бөхийг нухаж байдаг, үнэхээр бөхийн аранга юм аа. Гэвч өөрөө түрүүлэхгүй юм. Анх барилдаж эх­лэхээсээ л шуугиан дэгдээсэн. Тэр жил Өсөхөө аваргыг яалаа. Хоёр мянга дөрвөн онд шүү дээ.

Дундговийн Пүрэвжав гэж аймгийн начин цолтой залуу Өсөхөө аваргыг дөрвийн даваанд унагаж амыг нь бариулж байсан түүхтэй. Тухайн үед Өсөхбаяр аварга одоогийнх шиг, тодруулбал энэ жил Сугаржаргал гэж залууд дөрвийн даваанд сөхөрдөг шигээ байгаагүй юм аа. Ёстой нэг ид хав нь гүйцсэн, торгон ирэн дээрээ байсан юм. Өмнөх жилүүдэд нь Гантогтох, Сумъяабазар нарын нэгэн үеийн хүчтэнүүдээ орхин дараалан түрүүлж арслан, аварга хэмээх цолуудыг угсруулан аваад байсан үе л дээ. Тийм байхдаа л өнөө гайхалд чинь тахимаа өгч байлаа шүү дээ. Тэр цагаас бөхийн дэвжээнд Пүрэвжав гэсэн нэр сон­согдож, Наранцацралт сайд Агваансамдангийн Сүхбат аваргыг нутагтаа аваачин “Хур харцага” дэвжээ байгуулсан нь ивээлээ хайрласан юмдаг. Тэрхүү бөхийн арангыг Санжаадамба тавын даваанд амладаг нь ч юув. Өсөх-Ирээдүй юм уу, Завханы Гон­чигдамба, эс больёо гэхэд Булганы Энхбатыг авчих боломж байсан. Бат-Орших, Содномдорж нарын харцагуудыг амладаггүй юм аа гэхэд.

Хэрвээ Санжаадамба тав давсан бол бөхийн барилдаан бас л сонин болох байсан даа. Бөхийн аранга Пүрэвжав болоод бөхчүү­дээ хайрлах сэтгэлгүй Пүрэвсай­хан нарын тухайд цухас өгүүлэхэд ийм байна. Нэмээд хэлэхэд, тү­рүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа хүчтэнүүд Пүрэвжав харцагаас тойрч ам авахыг сануулъя. Харин Ч.Батзориг заан тэргүүтэй Ховдын бөхчүүд болоод “Аварга” дээд сургуулийн багш Адъяахүү нарт хандаж хэлэхэд наад Пүрэвсай­хандаа “Эхлээд унаад сурчих нь зөв гэдгийг зөвлө. Хичнээн өрсөл­дөөн, бүтэн жилийн хөдөлмөр ч өрсөлдөгч бөхөө хүндэтгэх ёс жудаг, монгол бөхийнхөө дэвжээг ариун нандин хэмээн хайрлах бодол ухаан суулгах”-ыг эрмэл­зээрэй дээ. Улсын цолгүй, төрийн наадамд бараг л анх зодоглоод өрсөлдөгч бөхөө гэдэс рүү нь тийрч байгаа хүн чинь ирэх жил “Чи амлаад байхдаа яадаг юм” гээд тархийг нь хага цохиод цус нөжтэй нь холих нь л дээ.

БӨХИЙН

СОНИН ЦААШ

ҮРГЭЛЖЛЭХ НЬ

Өнгөрсөн жилийн наадмаар 23 бөх цол авсан байдаг. Начнаас аварга хүртэлх бүхий л цолыг шүү дээ. Тэд хэрхэн барилдсаныг эр­гээд харъя. Мэдээж арав түрүүлсэн С.Мөнхбат аваргаар эхлэх нь зөв байх. Эрэмбэ дараагаа бодсон ч тэр. Залуу аварга маань гурав давж л аварга цолоо “батлав” шив дээ. Түрүү бөхтэй таарсан юм, аргагүй ээ хэмээн бодох авч аймгийн арс­ланг дийлдэггүй аварга юм уу даа гэж бас бодож болох. Аль нь ч байсан хамаагүй, аварга Мөнхбат гурав давсан нь үнэн хойно. Үзүүрлэсэн арслан Гун-Аажавын Эрхэмбаяр яалаа. Долоо давсан. Их шөвөгт шалгараад бас л түрүү бөхөд унасан. Тэр нь аймгийн арслан. За дүүрч ямар ч байсан долоо давжээ. Сэлэнгэ аймгаас улсын аварга цолтон төрөөгүй байгаа. Эрхэмбаярт боломж бай­гаа болов уу гээд түүнийг орхиё. Их шөвөгт шалгарч найм давсан гарь­дууд яаж барилдав.

Говь-Алтайн Бат-Эрдэнэ айм­гийн арслан Пүрэвсайханд дөр­вийн даваанд унасан. Залуу гарьд цолоо Мөнхбат аваргын адил гурав давж баталлаа. Нөгөө нэг гарьд нь Завханы Баяржавхлан. Тав, зургаагийн даваанд ус нутгийнхаа хоёр идэрхэн хүчтэнийг амлаж аваад л буулгачихсан. Үндсэндээ ямар ч барилдаан гаргалгүй, хөлс урсгалгүй зургаа давсан. Гэтэл долоогийн даваанд аймгийн арс­лан Бүрэнтөгсөд бариа зөрөөн дээр өд шиг хийсдэг байгаа. Өн­дөөр биетэй бас ч үгүй өндөөр цолтой, наадамчин олон өндөөрт боддог Жавхаа гарьд хоёр, гурав зэрэг дор даваануудыг эс тооцвол ганц барилдаан үзүүлсэн нь Бү­рэнтөгсөд гуядуулсан явдал л даа. Сумын заанууд нэгийн даваанд учраа таарсан гурав, дөрөвдүгээр ангийн жаахан амьтдыг ёс болгож тэгж давдаг даа. Бүрэнтөгс бол Баяржавхланг манайхны хэлдгээр ёстой үзээгүй өнгөрсөн. Хоёр хөлийг нь тушчихаад түлхчих шиг л болсон. Түүнийг тийм амархан шороодох байсан юм бол зур­гаагийн даваанд ир нь орчихсон Жаргалсайхан начинг яах гэж буул­гав хэмээн олон түмэн тун дургүй байгаа. Бүр нэг үнэн голоосоо дургүйлхээд байгаа. Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн жил улсын начин цолонд хүрсэн 13 залуугийн нэг.

Тэрээр улсын харцага Д.Бат­бол­доор дөрөв, улсын гарьд Н.Ганбаатараар тав давж начин цолоо баталсан. Завханы Идэрийн Жаргалсайхан начинтай ус нутаг нэг, Завханы Их-Уулын Б.Гончиг­дамба мөн А.Цацабшир харцагаар тав давж цолоо баталсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн цолтнуудаас Завханы хоёр начин л сайн ба­рилдлаа. Заанууд гэвэл Д.Баасан­дорж, Ч.Санжаадамба хоёр хоёу­лаа тавын даваанд, шинэ хар­цагуудаас Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир нар мөн тавын даваанд дуу дуугаа аваад л унацгаасан билээ. Арвангурван начингийн нэгээс бусад нь зо­доглосон доо. Зодоглоогүй үлдсэн нь өнөө допингийн асуудлаар эрхээ хоёр жил хасуулсан Ховдын Цогбаяр шүү дээ. Харцага Алтан­гэрэлийнхээ хамт хорионд байгаа. Шинэ начингуудаас Архангайн Амарзаяа, Төв аймгийн Батмөнх, Хөвсгөлийн Эрдэнэбат, Өмнө­говийн Сумъяа нар гурав давсан. Идэрхэн аймгийн арслангуудыг өвдөглүүлсэн. Бусад нь хоёр да­ваад л яваад өгсөн буюу. Тухайл­бал, Увсын Батсуурь, Говь-Алтайн Багахүү, Баянхонгорын Чулуунбат, Хөвсгөлийн Батмөнх, Өвөрхангайн Сангисүрэн, Өмнөговийн Одбаяр нар хэн хэн нь найраагаар төрж вэ гэдгийг дараа жилийнх нь наадам ингээд л нотлоод өгдөг байхгүй юу.

Одоо улсын цолгүй үлдэх магадлал тун өндөр болоод байгаа зарим нэг бөхийн тухай хэлэхгүй бол болохгүй нь. Тэдний эхэнд Дундговийн Алтангэрэлийн Алтан­хуяг бичигдэнэ. Улсын наадамд арваад жил зодоглож байгаа. Хэдэн ч удаа дөрөв давав даа. Мөнгөгүйгээсээ, азгүйгээсээ болоод дандаа л уйлаад буцдаг тэрээр өөрийн хүчээр, бор зүр­хээрээ л барилдаж өдий хүрсэн. Гэтэл энэ жилээс амжилт нь эрс буурч юун тавын даваанд тулах нэг даваад уналаа. Түүнийг цолгүй үлдчих нь гэж айхдаа ус нутгийнхан нь Их хурлын гишүүн, “Мон-Уран”-ы Б.Наранхүүд ханд­сан байдаг. Наранхүү ч ойлгоод түрүү жилийн хавар Баянаа авар­гад хандсан байдаг. Хандах хан­дахдаа зуугаад саяын үнэтэй жийп өгч, Алтанхуягийг начин болгохыг дэмжихийг хүссэн. Баянаа аварга үнэтэй машин өгч, итгэл үзүүлсэнд хашир бөхийн жудаг зааж далан насандаа зодог­лосон. Гурвын даваанд Алтан­хуягийг амласан. Тэгээд түүнийгээ 1024 бөхөөс эрхбиш тав давна биз дээ гэж хараад сууж байтал тавын даваанд яваад өгсөн. Ингээд л сүүлчийн хунгийн дуу гэдэг шиг Алтанхуягийн цолонд хүрэх магадлал бүрхэгсч эхэлсэн юм. Өмнө нь дөрөв, тавын даваа­нуудад тахимаа өгч байхад наадамч олон, ус нутгийнхан нь “Дараа жилийн наадам байгаа юм чинь” гээд тоодоггүй байлаа. Да­раагийн бөх Сүхбаатар аймгийн Шарын Мөнгөнбаатар. Цагаан сарын барилдаанд түрүүлж нэгэн­тээ шуугиулсныг хүмүүс мэднэ. Тэр жилээ начин байтугай өндөр цо­лонд хүрнэ гэж байтал бас л талаар болсон. Түүний хувьд 2003 оноос улсын цолны тааварт яригдсан. Арван жил болж байна шүү дээ. Энэ жил гурав даваад л уналаа. Дээрх хоёроос гадна Говь-Алтайн Суманчулуун, Цэрэнтогтох, Булганы Отгонбаатар, Сэлэнгийн Одгэрэл гээд жил бүр л начны тааварт бичигддэг бөхчүүдийн хувьд дэндүү бүрхэг болж эхэлсэн байна. Жил ирэх тусам тэдний нас яваад дараагийн хэд хэдэн үе гараад ирлээ. Энэ мэт ерэн нэгэн жилийн наадмын бөхийн сониноос яриад байвал ч сонин хачин зүйл их л байна даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Томилгооны “УЛИРАЛ” хэзээ ирэх бол?

Улс төр халуухан болж байна. Ард түмэн сонгуулиар аль ч намд ялалт өгсөнгүй. Гэхдээ АН-ыг бусдаас нь онцолж, парламентад арай олон суудалтай байх эрх олголоо. Энэ нь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээ харсан нөгөө намуудын учир зүйг олж, засаг төрөө эмхлэх ажлыг гардан хийгээрэй гэсэн нэг ёсны үүрэг хүлээлгэсэн явдал болж хувирсан юм. АН даал­гавраа биелүүлэхээр ажил­даа орчихсон. Парламентад бусдаасаа илүү суудал авсан намын хувьд УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар хэнийг то­ми­лохоо дотроо яриад ний­тэд зарлачихсан гэж байгаа. АН ялалт байгуулаагүй байж УИХ-ын даргад дураараа хүн дэвшүүллээ гэсэн хэл ам Ардын намынхнаас гарч бай­на.  Хууль дүрмээрээ бол УИХ-ын даргад нэр дэвшүү­лэх асуудлыг АН парламен­тад суудалтай  бусад намууд­тай ярьж зөвшилцөх байсан гэнэ. Эвслийн Засгийн газарт орох урилгыг АН-аас хамгийн түрүүнд авсан “Шударга ёс” эвслийнхэн ч битүүхэндээ УИХ-ын даргын суудлыг горь­дож байсан нь нууц биш. Тэр сэжүүрээ АН-ынхны чихэнд шивнээд авсан талтай. УИХ-ын даргын суудлыг бусад намууд булаацалдах шинж­тэйг мэдсэн АН дотроо удаан хэрэлдэж маргалдсангүй  бу­шуухан тохиролцож, З.Энх­бол­дыг нэр дэвшүүлээд авав.

Харин одоо АН “Шударга ёс” эвсэлтэй эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээрт орсноос хойш дөрөв хоно­гийн нүүр үзлээ.  Эхний удаад аль алиныхаа мөрийн хөтөл­бөрийг солилцож судалсан.  Мөрийн хөтөлбөрүүд нь улс орон, ард түмэн, шударга ёсны төлөө чиглэсэн учраас хамтран ажиллахад харш­лаад байх зүйлгүй гэж үзсэн байгаа. Гэсэн хэдий ч ширээ­ний ард нүүр тулж уулзсан  ажлын хэсгийнхний дунд ши­рүүхэн яриа өрнөж, зөрчил­дөөн нь хурцдаж, зөвшилцөж чадалгүй өдөрт хэд хэдэн удаа тарсан юм. Мэдээж мар­гаан нь Засгийн газрын суу­дал хуваарилалт дээрээ тохи­роогүйгээс үүдэлтэй нь ойлгомжтой. Зарим тохиол­долд тэд  эвсэх эвсэхгүйдээ  тулж, хатуу ширүүн үг ши­дэлцсэн  дуулдана.

УИХ-д АН 31 суудалтай. Харин Шударга ёс эвсэл 11 суудалтай. Хэрэв эвслийн Засгийн газрыг энэ хоёр хам­тарч байгуулбал УИХ дахь энэ суудлаа хадгалж,  70:30 гэсэн харьцаагаар суудлаа хувааж авах биз. Ер нь ч үүнийг “Шу­дарга ёс” эвслийнхэн эсэргүү­цэхгүй байгаа бололтой. Гэх­дээ тэд Засгийн газрын таван яамыг авах сонирхолтой яваа. Ялангуяа бодлогын гурван яамны нэгийг заавал авна гэсэн нөхцөл тулгаад байгаа юм байна. Дээрээс нь Тэргүүн шадар сайдын сууд­лыг Н.Энхбаяртаа авч өгч, Засгийн газрын хоймор өөд залах санаархал бий.  Тэдэнд дөрвөн яам хариуцуулах бодолтой байгаа АН үүнийг нь үл тэвчин, хүлээн зөвшөө­рөхгүй байгаагаас зөрчил үүсээд буй талтай. Хэл амаа ололцохоо болиод  хэлэл­цээр тарах бүрт  “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж байжээ.  

“Шударга
ёс” бол Н.Энх­баяр, М.Энхсайхан нарын байгуулсан намын эвсэл.  Тийм учраас тэдэнд  АН-тай тохирохоос гадна эвсэл дот­роо “бялуу” хувааж, суудал хуваарилах гэдэг том асуудал гарч ирсэн нь ойлгомжтой.  Үүнээс болоод эвслийн до­тоод зөрчил хурцдаж ч ма­гадгүй. Тэргүүн шадар сай­дын албан тушаалд  АН Н.Энхбаярыг очуулахгүй бол МАХН-ын дэд дарга Д.Тэр­бишдагвыг зүтгүүлнэ. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүний хувьд ирэх жил болох Ерөн­хийлөгчийн сонгуульд үзээд алдах хүсэл битүүхэндээ тээж яваа байж магадгүй. Тэгвэл түүнд Тэргүүн шадар сайдаас илүү УИХ-ын дэд даргын суу­дал ашигтай тусна. Мэдээж Н.Энхбаяр ямар нэгэн байд­лаар Ерөнхийлөгчийн сонгуу­льд өрсөлдөх шаансгүй, нам нь тоглоомоос түлхээд гар­гасан тохиолдолд шүү дээ. Хэрэв ийм зүйл болбол Тэргүүн шадар сайдын сууд­лыг хэндээ өгөх вэ гэдэг яриа заримынх нь дунд өрнөж байгаа.  МҮАН-ынхан парла­мен­тын гадна үлдсэн М.Энх­сайхан даргыгаа Тэргүүн ша­дар сайд болгох санаа өвөр­лөнө. Гэвч энэ хувилбарыг  АН хүлээж авахгүй л болов уу. Ийм ийм шалтгаанаас бо­лоод эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ хэд хэдэн удаа гацаанд орсон ч өчигдөр эхний байдлаар тохирол­цоонд хүрлээ. АН зөвхөн “Шударга ёс” эвслээс гадна ИЗНН-ыг ч Засгийн газарт урьчихсан. Парламентад хоёр­хон суудалтай энэ улс төрийн хүчнийг Засгийн га­зарт уриад байх алба уг нь байхгүй. Гэхдээ АН алс хэ­тийн улс төрийн ямар нэг ашиг харж байгаа учраас ИЗНН-д санал тавьсан биз ээ. 

Ямартай ч хоёр тийшээ харж, маргалдаж зөвшилц­сөний эцэст хэлэлцээний эх­ний тохиролцоонд хүрэв.  Ямар ч байсан АН, “Шударга ёс” эвслийн хамтарсан Зас­гийн  газар байгуулагдах нь  дамжиггүй  боллоо. Намуу­дын хэлэлцээ амжилттай болж, эцсийн байдлаар то­хирч чадвал парламент  ч эмх цэгцэндээ орж, УИХ-ын шинэ бүтэц бүрэлдэхүүн ажилдаа орно. Томилгоонууд ч ар араасаа хөвөрнө.  АН  УИХ-ын даргын суудлаа авдгаа­раа авч таарах биз. УИХ-ын даргаар З.Энхболд гишүүн томилогдвол мэдээж өөрийн­хөө багийг бүрдүүлнэ. Тэгвэл түүний мэдэлд УИХ-ын Там­гын газрын бүтэц бүрэлдэ­хүүнийг өөрчлөх эрх мэдэл бий. Гэхдээ төрийн албан хаагчид засаг солигдоход дагаж өөрчлөгддөг хууль байхгүй билээ. Тэгэхээр энд зөвхөн улс төрийн албан тушаалтнуудын халаа, сэлгээ хамаарах юм.

Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилла­сан ч энэ сонгуулиар парла­ментын гадна хоцорч,  гудам­жинд лааз өшиглөж яваа эрхмүүд ч эндээс албан ту­шаал горьдож суугаа нь нууц биш.  Зарим нэг албан ту­шаалд очих магадлалтай хүмүүсийн нэр ч түрүүчээсээ яригдаад эхэлсэн байна. Тухайлбал,   УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдор­жийн оронд АН-ынхан эмэг­тэй хүн томилох сураг гарлаа.  АН-ын ҮЗХ-ны гишүүн Ш.Бат­цэцэг, И.Нарантуяа, Боловс­рол соёл шинжлэх ухааны дэд сайд асан Ч.Куланда на­рын аль нэгийг нь сонгох гэнэ. И.Нарантуяагийн хувьд саяын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Түүний дэвшсэн тойрогт сонгогчдоос хамгийн олон санал авсан ч 28 хувийн босгодоо хүрээгүй МАН-ын нэр дэвшигчид болох Б.Батзориг, Д.Арвин нарын хооронд дахин санал ху­раалт явахаар болсон.

Гэхдээ тэднийг сонгууль луйвардсан байж магадгүй гэж үзэж байгаа. Хэрэв энэ нь нотлогдвол Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигч И.На­рантуяа, “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч О.Чулуунбат на­рын дунд дахин санал ху­раалт явуулж магадгүй гэсэн яриа ч гадуур түгжээ. Хэрэв тэгвэл И.Нарантуяа УИХ-ын гишүүн болж мэднэ. Энэ тохиолдолд УИХ-ын Тамгын газрын даргын суудалд Ч.Ку­ланда, Ш.Батцэцэг нар тунаж үлдэх тухай хувилбар явж байна.  Энэ таамаглал өөрч­лөгдөхийг үгүйсгэхгүй. Мөн УИХ-ын ирээдүйн даргаар З.Энхболд болбол хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албыг нь авч явах хүн хэрэг­тэй. Уг албанд АН-ын фрак­циуд өөр өөрсдийн хүмүүсээ зүтгүүлж байгаа дуулдана.

Засгийн газрын түвшинд ч олонхи болсон намаас очих албан тушаал нэлээд бий. Хэдийгээр Засгийн газраа эмхлээгүй, аль намын хэн хэн гүйцэтгэх засаглалыг бүр­дүүлэх нь тодорхой болоогүй  байгаа үед энэ тухай ярих нь эрт юм. Гэсэн ч аль нэг албан тушаалыг тоочиглочихоод нүхээ малтаж суугаа хүмүүс олонхи болсон намд зөндөө. Тэд аль хэдийнэ яриа хэлэл­цээндээ орж, лоббигоо хий­гээд эхэлчихсэн гэнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэдэг бол эрх мэдэл, ажиллах цар хүрээнийхээ хувьд ихээхэн ач холбог­дол­той албан тушаал. Энэ ал­банд УИХ-ын гишүүн Ч.Сай­ханбилэгийг тавьж магадгүй гэсэн таамаг төдий яриа бий. Гэвч эцсийн мөчид хэн энэ ажлыг авах бол гэдэг нь таавар хэвээр байна. Мөн Засгийн газрын Хэвлэл мэ­дээллийн албыг сая болсон сонгуулиар АН-ын жагсаал­таар нэр дэвшсэн, МҮОНТВ-ийн захирал  асан Ц.Оюун­дарьт хариуцуулах магадлал­тай гэнэ. СЕХ-ны дарга ч олонхи болсон намын хүнээр солигдох биз. Мөн гол гол агентлагуудын дарга нарыг халж, солих ажил эхлэх бо­лолтой. Засгийн газрын дэд сайдуудын эзэнгүй суудал ч эздээ хүлээж байгаа. Н.Энх­баярын хүү Э.Батшугараас авахуулаад дэд сайдын суу­дал руу горилогсод одоо­ноос ар араасаа хөвөрч бай­гаа сурагтай. Ерөнхий сайд алба үүргээ авсны дараа хот эзэнтэй болж, нийслэлийн Засаг дарга томилогдох учир­тай. Түүний дараа хотын за­хиргаа тойрсон улс төрийн олон албан тушаалд томил­гоо хийнэ. Гэхдээ хамтарч засаг байгуулсан намтай үүний­гээ ярьж, тохирох асуу­дал гарах байлгүй.  Ямартай ч төр цэгцлэх ажлын дараа засаг толгойлох нам хэн хэ­нийхээ эхийг эцээж, тугалыг нь тураалгүй “бялуу” хүртээх болох нь. Чухам энэ томил­гооны “улирал” хэзээ ирэхийг хүлээх л үлдлээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Улс төрийн өрөг дээрх ЯЛАГЧ ХЭН БЭ?

Намууд хоорондоо өр­сөлдөөд л, нам дотор фракц бүлэглэлүүд цаашлаад хувь улстөрч нар хоорондоо үзэж тараад байгаа мэт боловч үнэхээр Монголын улс тө­рийн өрөг дээр цөөхөн хэдэн хүний тэмцэл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд байж ирлээ. Цөөхөн хэдэн улс төрийн топ лидер хоорондоо ур мэхээ уралдуулж, ялж нэг ялагдаж нэг тоглосоор ирсэн. Харин бусад нь их гарын тоглоомчдыг даган баясч дагаж суусаар ирэв.

Монголын ууган улс төрийн хүчин гэдэг энэ нам удсанаараа ч, улс төрд хий­сэн ял гавьяагаараа ч хам­гийн их тэмцлийг хадгалж ирэх нь тодорхой. Энэ нам доторхи зөрчил маргаан на­мын даргын суудлын төлөөх Н.Багабанди, Н.Энхбаяр на­рын тэмцлээс эхлэн хурцад­сан гэгддэг. Аль, аль нь намын дарга болох их хүсэлтэй­гээрээ адилхан, Н.Багабанди нь намдаа арай илүү занга­рагтайгаараа ялгаатай бай­лаа. Тэгээд Н.Багабанди на­мын дарга, Н.Энхбаяр ерөн­хий нарийн бичгийн дарга болж ахмад нь энэ удаад ялалтаа авсан юм. Тун удал­гүй Н.Ба­габанди Ерөнхий­лөгчийн сон­гуульд нэр дэв­шиж явс­наар Н.Энхбаярт хүссэн суу­дал нь аяндаа ирсэн түүхтэй. Тэглээ гээд энэ хоёр хүний зөрчил намжсан­гүй. Нэгэнт шан нь татагдсан зөрчлийн шуудуу гүн гүнзгий болсоор.
Ерөнхий сайд Н.Энхбая­рын хязгааргүй хаанчлал эхэлж, гүйцэтгэх засаглал ч гэлтгүй УИХ ч түүний үгээр хөдөлдөг болсон байв. Үе, үе хуулийн төсөл санаачлан оруулах төдийгөөр Ерөнхий­лөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэх ч хэт олонхи МАХН-ынхан сөрөг хүчнээ ч, Ерөнхийлөгчөө ч шоглоод өнгөрдөг байсныг олон хү­мүүс санаж байгаа. Ерөнхий­лөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Т.Баясгалан дандаа унагах гэсэн зорилготой асуултуудад гэм зэмгүйхэн шиг хариулаад даруухан гарч явдгийг нь хуучны пар­ламентын сэтгүүлчид одоо ч өөр хоорондоо ярьдаг. Тэр үед Н.Энхбаяр ялж байлаа, Н.Багабандийг. Гэхдээ хууч­ны ланжгар түүнийг үе, үе чадахаа мартахгүй. Эхэндээ даавуунд боож, боож шидсэн чулуу мэт сулаар эсэргүүцдэг байснаа сүүлхнээс чуулганы нээлт, хаалтын үеэр үг хэлэх боломжоо алдахгүй болсон. Нэг намын дангаар засаг­лалыг өөрөө тэр намаас нэр дэвшиж ялсан Ерөнхий­лөгч гэлтгүй хатуу хэлдэг байс­наараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, өөртөө ч хувь улстөрчийн имижээ хангалт­тай бүрдүүлж чадсан. Түү­нийг намын ерөнхий нарийн бичгийн дарга байхад, дараа нь намын дарга болоод яриг­даж байсан бүх сөрөг ойлголт энэ үед нь л арилсан. Тэрбээр “Урт шар дээлтэй хүнээс бол­гоомжил”, “Шинэ сонголт” гэсэн алдарт үгнүүдээ хэлсэн нь Н.Энхбаяртай хийж бай­сан тэмцлийнх нь зэвсэг бай­лаа. Тухайн цаг үед покерийн ширээн дээр Н.Энхбаяр чу­хам л эзэрхийлж, бүх мөрийг хамж байсан юм.
2004 оны сонгуулиар МАХН олонхи болж чадалгүй эвсэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ тэд тоглолтыг яг л үнэмлэхүй олонхи шигээ хийж байлаа. Эвслийн Зас­гийн газрыг байгуулж, хам­тарсан Эх орон-Ардчилал эвсэлдээ Ерөнхий сайдын сууд­лыг өгч нөгөө талд нь өөрөө УИХ-ын дарга болсон. Хэд­хэн сарын дараа Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэв­шиж Ерөнхийлөгч боллоо. Монголын түүхэнд төрийн гурван өндөрлөг гэгддэг ал­бан тушаалыг гагцаараа тэр хашиж үзсэн хүн болов. Тэр ялсаар байв. Тэр Ерөнхий­лөгчөөр нэр дэвшихээр явах үедээ М.Энхболдыг гараас нь хөтлөн тайзан дээр гаргаж ирээд намын даргаар тохоож нөгөө талд нь чихэр горьдсон хүүхэд шиг С.Баяр эвгүйцэн хоцорч байсныг хүмүүс бас л санаж байгаа. Н.Багабанди болон Н.Энхбаярын тэмцэл үргэлжлээд С.Баяр болон Н.Энхбаярынх болон хувирс­ныг хэлэхээ мартаж. Бүх цаг үед Н.Багабандийн дэргэд байсан С.Баяр аандаа Н.Энхбаярын хувьд хамгийн аюултай хүн болж хувирсан. Н.Багабанди амбиц хөөлгүй титэм үгээ бичсээр улс төрийн хаалгыг хаасан ч өөрийнхөө халааг авах хүн үлдээсэн нь С.Баяр байлаа. М.Энхболд Н.Энхбаярын хүссэн зоргоор хөдөлж өгөхгүй зовоож, хяз­гаарлагдсан эрх мэдэлтэйгээ мартан урьдын адил гол дүр байх гэх оролдоход нь дэм болоогүй нөхөр. Үүний эн­гийн нэгэн жишээ Асгатын ордын дуулиан. Үндэсний Эв нэгдлийн Засгийн газар гэсэн сүржин нэртэй Засгийн газ­рыг ердөө сонгуулиас зур­гаахан сарын өмнө С.Баяр намын даргын суудлын хамт авсан билээ. Тэр Ерөнхий сайд болж, сонгуульд яаж гэдэг нь хамаагүй ямар ч байсан ялалт байгуулж, бас тэгээд Засгийн газартаа сө­рөг хүчнээ оруулж авсан. Бас Оюу толгойн гэрээг бай­гуул­сан. Энэ бүх үйл явцын ард Н.Энхбаяр дандаа ялагдал хүлээсээр байв. Оюу толгойг өөрөө гардан байгуулах мө­рөөдөл нь талаар болов. Н.Энхбаярын үг урьдын адил намд хүчтэй байхаа больж, түүнийг дагалдагчид нэг нэ­гээрээ алсарсаар, эрхбиш намаас нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Гэхдээ 2005 онд нэр дэв­шүүлэн байсан өнгө төрх, уур амьсгалаас тэс өөр байлаа. Бушуухан дэвшүүлсэн бо­лоод зайлуулахын түүс байгаа нь нэвт ханхалж байв. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялагдал хүлээв. Төрийн ордноос ганц Ө.Энх­түвшин гаргаж өгсөн. Түүний гарт баглаа цэцэг бариулаад машинд суулгуулаад л үдэж байлаа. Н.Энхбаяр ч удаан алга болсонгүй гарч ирэхдээ нам нь сонгуульд ялагдуу­лахын тулд бүгдийг хийсэн ялангуяа намын удирдлагууд нь хэмээн мэдэгдсэн билээ. Тэр С.Баярыг хэлж байв. Үнэхээр тэгсэн ч байж болох. Харин энэ цочир мэдэгдэлд С.Баяр ч хариуг нь өгсөн. “Тахиа донгодсон донгодоо­гүй үүр цайдгаараа цайна” гэсэн нь Н.Энхбаяртай, Энх­баяргүй улс төр, улс орон болж л таарна гэснийх байв. Энэ үед улс төрөөс явж ча­дахгүй байгаа Н.Энхбаяр нийгэмд улам бүр муухай харагдсаар байв. Харин С.Баяр намын даргын сууд­лаа, бүр Ерөнхий сайдын суудлаа санаачилгаараа өгч, тэр хоёрын байр суурь эрс ялгарч байлаа. С.Баяр гол тоглогч байсаар. Намын экс дарга нар цугларахад тэр хоёрын контраст бүр тодорч харагдана. Намын нэрийг солино солихгүй гэсэн мар­гаан үргэлжилж, МАХН-ын 26 дугаар их хурал дээр Н.Энх­баяр ба бусад нь гэдэг ялгаа ил болов. Нэрээ халж урьдын нэрээ авсандаа хүн бүр баярлан алга ташиж байхад гагц Н.Энхбаяр гараа хумхин барайж суугаа зураг сонины хуудсанд үлджээ. Энэ үед хүн бүр Н.Энхбаярыг том ялагд­сан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Харин ялалтын эзэн нь С.Баяр, үгүй ээ бүр эртний хонзонт Н.Багабан­дийг хэмээж байлаа. Удаан тэвчсэн Н.Багабанди ялжээ.
Ялалт ялагдлын амт, ну­лимс ээлжилсээр, өрөг дээрх тоглогчид харин хэвээрээ. Улс төрийн өрөг дээр бас нэг том тоглогч байсан нь АН-ын Ц.Элбэгдорж. Тэрбээр бас л ялж ялагдсаар өнөөдрийг хүрсэн. Цөөнх байхдаа боор­луулж, адаг сүүлд нь “Олуу­лаа болоод эргэж ирнэ ээ” гээд чуулганы танхимыг орхин гарч явахад нь олонхи нь ялагдаж байна гэж харж байсан байх. Дараа нь хэлс­нээрээ тавиулаа болоод Зас­гийн газраа байгуулж байлаа. Удалгүй ардчиллын залуус ялагдал хүлээж УИХ-ын 76 гишүүний 72 нь МАХН-ынх болсон.
2004 оны сонгуулийн үр дүнд Хамтарсан Засгийн га­зар байгуулагдахаас арга­гүйд хүрэхэд Ерөнхий сай­даар нь Ц.Элбэгдоржийг томилж байв. Тэрбээр 2004 оны наймдугаар сараас 2006 оны нэгдүгээр сар хүртэл Засгийн газрыг толгойлсон. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, УИХ-д нэг сул суудал гарсан нь УИХ-ын 65 дугаар тойрог буюу Баянгол дүүрэг байсан санагдана. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан байгаагүй нэрээрээ очиход УИХ-ын гишүүн болох байлаа. Гэвч Эвслийн Зас­гийн газраа энх тунх авч явах ацгаар түүний нэрийг татуулж М.Энхболдыг УИХ-д оруул­сан юм. Хэзээ ч хагарахад бэлэн өндөг барьж яваа гэж өөрийгөө зүйрлэж байсан түүнийг Үндсэн хуулийн цэцийн ойн өдрөөр огцруулж нөгөөх М.Энхболдыг нь Ерөн­хий сайд болгохдоо Н.Энх­баяр ялж байгаа гэж санаж байсан биз ээ. Гэвч ялалт тухайн цаг үеийнх байдгаас бүх цаг үеийнх байдаггүй гэдэг нь дараалан өнгөрсөн олон зүйлээс харагдана. Олон ч үйл явдал өнгөрчээ. МАХН гэсэн нэрийг булшлах гэсэн МАН-ын  санаархлыг Дээд шүүхээс тас цохисон нь МАН-ын дарга С.Батболдын төрсөн өдрөөр тохиосон юм. Хувь тавилангийн тохуурхал ч гэмээр юм уу. Бас удтал нүүр тулаагүй ах намын хоёр лидер С.Баяр, Н.Энхбаяр нар шүүх дээр таарсан нь долдугаар сарын 1-ний хэ­рэгт гэрчээр дуудагдсан хэрэг байв. Харин энэ хэргийн үнэн мөнийг тайлах ёстой гэж ха­туу зогссон хүн нь нөгөөх Ц.Элбэгдорж байлаа. Өөрөөр хэлбэл, тэр өнөөх хоёрыг уулзуулж. Бас түүний эхлүүлсэн шударга ёсыг нийгэмд тогтоох эрмэлзэл явсаар Н.Энхбаярын хэрэг дээр тулж ирчихээд байна. Үнэхээр нийгэмд шударга ёсыг тогтоох юм бол авлигын загалмайлсан эцэг гэгддэг тэр хүнээсээ эхэл гэсэн шаард­лага олон нийтээс гарсан нь харагдаж байсан. Харин өнөөх Н.Энхбаяр нь шорон­гоос ч улс төр хийсээр байгаад гарч ирсэн. Бас УИХ-ын сон­гуульд байгуулагдаад хэдхэн сар болж буй нам нь хан­галттай олон суудал авч чад­сан билээ. Зарим хэвлэлүү­дэд бичсэнээр гадны хэвлэ­лүүдэд их хэмжээний мөнгө төлж, захиалгат нийтлэл гар­гаж Монголд дарангуйллын нийгэм тогтоосон мэт ойлголт төрүүлэхийг хичээж байгаа гэлцэж байна. Ямартай ч ах нам доторхи тэмцлээр Н.Энх­баяр үнэмлэхүй ялалт бай­гуулсан харагдаж байгаа нь үнэн. Хэвлэлүүд ч ялалтын эзэн Н.Энхбаяр гэж бичиж байна. Түүнтэй нэгэн үе тэм­цэж байсан С.Баяр нь бүх зүйлээс зугтаж алга болсон. Өөрийнхөө хариуцлага ал­быг хэн нэгэн хүнд ацаглаж үлдээгээд зугтан одсон. Покерийн ширээнээ бүгдийг нь буюу all in хэмээн бай­гаагаа тавьчихаад алдсан гэж тайлбарлаж болох.
Гэхдээ бүх зүйлийг өнөөд­рийнхөөр нь дүгнэж хэн нэгнийг нь ялагч, ялагдагч гэж дүгнэх аргагүй. Магадгүй явсан хүмүүс эргэн ирж, бас өнөөдөр чадаад байгаа нь алдаад байж ч болох юм. Харин сонирхон харахад улс төрийн топ лидерүүдийн тэм­цэл тавиад оны дундаас жа­раад оны дунд тэр үеийнхний дунд л үргэлжилж байна. Үе залуужих болоогүй бололтой.
Аливаа зүйл түүх болж үлдэх цаг хугацаа гэж бий. Харин баримт түүх болон хоцроход ерөнхий бүхлээрээ хэн нь ялагч, ялагдагч байх бол гэдэг нь л сонин байна. Өчүүхэн башир арга, заль мэхээр биш харин нийт ард олны төлөө, Монгол эрх ашгийн төлөө байж чадсан нь ялагч болж түүхэнд үлдэх биз ээ.
Улс төрийн
өрөг дээрх ялагч хэн бэ? 

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Бат-Очир: “Төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа шүү” гэж шавь П.Бүрэнтөгсдөө хэлсэн дээ

Их Монгол Улс бай­гуу­лагдсаны 806 жил, Ар­дын хувьсгалын 91 жи­лийн ойн үндэсний их баяр наадамд Увс айм­гийн Давст сумын харьяат аймгийн арслан Пүрэ­вийн Бүрэнтөгс ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ. “Олимпдэвжээ, БХЯны  “Алдарспорт хороо, ТЭЦ-4 компанийн бөх Пү­рэвийн Бүрэнтөгсийн анх­ны багш, Увс аймгийн Улаангом сумынЭрд­мийн оргилцогцолбор сургуулийн биеийн тами­рын багш Шуураагийн БатОчиртой утсаар холбогдож ярилцсанаа хүргэж байна.

Юуны өмнө танд баяр хүргэе. Таны гарын шавь Бүрэн­төгс төрийн наадмын түрүү бөхөөр тодорч Монгол Улсын арс­лан хэмээх өндөр цолонд хүрлээ?

-Баярлаад
ч ханамгүй сайхан өдрүүд үргэл­жилж байна даа. Өнөө жилийн наадамд шавь маань ес давж түрүүллээ.

Шавийгаа би төрийн наадмын түрүү бөх болно гэдэгт итгэдэг байсан. Харин энэ жил ингээд шууд түрүүлчихнэ чинээ бодоогүй дээ. Ямар ч байсан начин болно, цааш­­­лаад харцага, заанд хүрэх байх гэж таа­варлаж байлаа. Гэтэл хийгүй сайхан барил­даад түрүүлчихлээ. Үүн шиг сайхан зүйл юу бай­хав. Бага балчраас нь бэлдсэн гарын шавиа тө­рийн наадмын түрүү ава­хыг харах үнэхээр бахтай юм. Хоёр нүдний нулимс сул асгаад амьдралдаа уйлж байгаагүйгээрээ л уйллаа, баярлаж бай­гаа­гүйгээрээ л баярлалаа.

Бүрэнтөгс арслан хэддүгээр ангидаа та­ны шавь болж, бөхийн секцэнд тань явж эхэл­сэн бэ?

-Зургадугаар ангийн хүүхэд
Увс аймгийн Давст сумаас ирж байлаа. Ма­най П.Бүрэнтөгс чинь та­ван хүү­хэдтэй айлын от­гон хүүхэд шүү дээ. 1988 онд төрсөн луу жилтэй. Аав, ээж нь
малчин. Бараг улсын аварга малчин байх шүү.

Хүмүүс
тэгж ярьж байсан. Хоёр ах нь хоёулаа хөдөө байдаг юм билээ. Бүгд л мянгат малчид гэсэн. Давст сумын нутаг Хатуугийн уул гэдэг газраар нутаг­ладаг гэж мэдэх хүмүүс нь ярьдаг. Бөхийн зам мөр хөөж аймгийн төв рүү ирэхийг эхэндээ аав, ээж нь зөвшөөрдөггүй байсан тал бий. Араас нь дуудаад нутагтаа ир, сумынхаа сургуульд сурч ижий аавынхаа дэргэд бай гэж ятгаж байсан ч П.Бүрэнтөгс бөхийн дугуй­ландаа үлдсэн. Гомбожав гэж садангийнхаа хүүхэдтэй хамт ир­сэн юм. Гомбожав биеэр жижиг хэрнээ сайн барилддаг  Идэрчүү­дийн улсын аваргаас медаль авч байсан залуу л даа. Тэр л Бүрэн­төгст нөлөөлж бөхийн секцэнд дагуулж авчирсан байдаг. П.Бүрэн­төгс тун даруу, барагтайд үг унагахгүй. Заасан мэх сурч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, туранхай горзгор хүү байлаа.

Бөхийн секцэнд яваад мэ­дээж өссөн нь тодорхой. Ямар­хан хугацаанд хувирч өөрчлөгд­сөн бол оо?

-Эхэн үедээ ч хэцүү байлаа. Олигтой барилдаж өгөхгүй. Намайг мөн ч их зовоосон доо. Их ч заг­нуулсан. Сүүл рүүгээ бие хаа нь задраад шал өөр болоод эхэлж байгаа юм. Манай гэр бүлийн хүн бас биеийн тамирын багш мэргэ­жилтэй. Бүрэнтөгс маань манай хүний гарын хоолыг идэж, манай хүүхдүүдтэй бужигнаж манайхаар л байдаг байлаа. Бөхийн анхны амжилт баяр хөөрөө мэдээж бид бүхэнтэй л хуваалцана. Айм­гийн аварга болж байсан. Залуу­чуудын улсын аварга шалгаруулах тэм­цээнээс мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилтуудаа манай гэрт тэмдэглэж байлаа. Аравдугаар ангийн сурагч аймгийн их сорилгын барилдаанд шөвгийн дөрөвт шал­гарч аймгийн начин цол хүртэж байсан. Дараа нь уг цолоо айм­гийнхаа наадмаар баталж байсан.

Аймгийн арслан цолыг БаянӨлгий аймгийн наян жилийн ойгоор хүртэж байсан санаг­дана?

-Шавийнхаа
барилдааныг тэр бүр дэргэдээс нь харж, зааж зөв­лөх боломж тун бага байдаг. Би чинь алс хөдөө болохоор хэцүү. Аймгийнхаа наадамд зодоглож байхад мэдээж зааж зөвлөж бай­сан. Харин шавьтайгаа хамт очиж, хамтдаа барилдсан наадам бол Баян-Өлгий аймгийн наян жилийн ой л доо. Одоогоос хоёр жилийн өмнө. Бүрэнтөгсийгөө аймгийн арслан болгочих санаатай, хоёу­лаа замын машинд дайгдаад Баян-Өлгий орлоо. Наян жилийн өндөр ой учир 256 бөх зодоглож байна. Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр на­рын заанууд гээд энэ цаг үеийн бүх л хүчтэнүүд хүрэлцэн очсон бай­лаа. Бүрэнтөгс гурвын даваанаас л тунаж эхэлсэн.

Та болохоор дээлийнх нь захыг л мушгиад суугаад бай­гаа?

-Өө тэгэлгүй яахав. Шавийгаа даваасай гээд л дээлийнх нь захыг мушгиад нутгийнхаа уулсдаа зал­бираад сууж байсан даа. Увс аймгийн Ховд сумын харьяат айм­гийн арслан, тухайн үед аймгийн начин байсан Намсрайжавын Бат­суурь, одоогийн цэргийн арслан Бадрахын Ганзориг нартай туна­лаа, давлаа. Батсуурь, Ганзориг нар аймгийн арслан цол л бодож очсон нь тодорхой. Их шөвөгт  улсын харцага Ө.Бат-Оршихтой тунаад давлаа. Түрүү үзүүрт айм­гийн заан Цэдэнбалтай үлдээд давж түрүүлдэг юм байна. Зорьсон хэрэг бүтээд, багш шавь хоёр баярласан гэдэг жигтэйхэн. Баян-Өлгийнхөн бүр илүү баярласан шүү. Учир нь Бүрэнтөгсийг ямар ч найраа, энэ тэр бололгүй өөрийн хүчээр найм давж, наян жилийнх нь ойд түрүүлсэнд маш их баярлаж, бөхийн хийморь лундаа тэтгэж явах болтугай хэмээн чин сэтгэлээсээ ерөөж байсан. Өмнө нь Баян-Өлгийн наадамд аймгийн цол авах гэсэн залуус нутгийн ах, цолтой бөхчүүдээ дагуулж очин найраа хийсээр байгаад түрүүлдэг, наадам нь тийм нэг онцгүй болдог байсан юм билээ.

Бүрэнтөгс таны гараасОлимпсургуулийн оюутан болж ирсэн үү?

-Эхлээд
Батлан хамгаалахын их сургуульд орсон юм. Өөрөө тухайн сургуулийг ихэд сонирхож орсон. Дараа нь Монгол Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбатын байгуулсан “Олимп” сургуульд үндэсний бөхийн бэлт­гэл сургуулилтаа базааж эхэлсэн. Сүхбат аварга бид хоёр Баянаа аваргын үүсгэн байгуулсан  “Шон­хор” биеийн тамирын сургуулийн нэг ангийн хоёр л доо. Тэгээд би Сүхбатдаа хэлэхгүй юу. “Миний нэг шавь наад хот хүрээгээр чинь байгаа. Одоо Батлан хамгаалахын сургуульд сурч байгаа. Хичээл ном, шалгалт шүүлэг гээд бөхөө орхичих вий гэж айх юм. Чи нэг анхаарч үзээч, сургуульдаа аваач” хэмээн аминчлан захисан юм. Тэгээд л Сүхбат маань “Олимп” сургуульдаа авч, бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн. Шавийг маань ийм хэм­жээнд хүргэж өгсөн ангийн нөхөр, даян аварга А.Сүхбатдаа баярлаж буйгаа танай сониноор дамжуулж хүргэе.

Бөхийн бэлтгэлд Сүхбат авар­гын галд гардаг байснаа өнгөрсөн жилээс О.Балжинням аваргаар ахлуулсан Увс аймгийн хүчтэнүүдийнУвс нуурдэв­жээнд гарах болсон. Тэр тухай сонирхвол ямархан хариулт өгөх вэ?

-Балжаа
аварга нутгийнхаа бөхчүүдтэй хамт наадмын бэлтгэлд гар гэж хэлсэн байлгүй дээ. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ма­най хүн чинь сүүлийн хоёр, гурван жил л хотод наадмын бэлтгэлд гарч байгаа шүү дээ. Түүнээс өмнө нутагтаа, над дээр Увс нутгийнхаа залуустай наадмын бэлтгэлд гар­даг байсан.

Наадмын өмнө тантай ярьсан уу, ямар нэгэн зөвлөгөө авч санаа бодлоо хуваалцсан болов уу?

-Долдугаар
сарын есөнд бэлтгэлээс яг буугаад байхдаа утсаар ярьсан. “Багшаа бэлтгэл ерөнхийдөө болчихлоо. Наадмаар яг яаж барилдах вэ. Нэг л бодол санаа төвлөрч өгөхгүй юм. Цол авч чадахгүй бол яана аа” гэх зэргээр нэлээд түгшсэн байдалтай ярьсан. Тэгэхээр нь би хэллээ. “Наадам битгий бод. Монгол төрийн наадам болдгоороо л болоод өнгөрнө. Яах бол ийх бол, ямар цолонд хүрэх бол, хэдийн даваанд хэнтэй таарах бол гээд бодоод байх юм бол наад санаа бодол чинь төв­лөрч өгөхгүй. Маш тайван бай. Тэртэй тэргүй чи цолонд хүрнэ” гэж хэллээ. Хоёулаа утсаар их удаан ярилаа. Сүүл рүүгээ би ярианыхаа сэдвийг өөр­чилж инээдтэй хөг­жөөнтэй зүйл ч ярилаа. Бага нас­ных нь дурсам­жийг хуваалцлаа. “Наадам бодоод яахав. 11-ний өглөө очоод л барил­дана биз. Тэр хамаагүй. Найз нөхөдтэйгээ гарч шоуд” гэж ч хэл­лээ. Тэгээд л манай хүн тайвшир­чихсан. Гол нь тэр маань баг­шийнхаа үгийг үнэхээр тусгаж авч чаддаг л даа.

Наадмаар өндөр өндөр цолонд хүрч байхдаа ямар ч сэтгэлийн догдлолгүй байсан. Тийм учиртай байжээ?

-Өөрийнх
нь байж байгаа ча­нар ч ерөнхийдөө их тайван даруу. Түүн дээр багш нь сэтгэлийг нь тайвшруулчихсан болохоор сэт­гэлийн хөдөлгөөнгүй, тун тайван барилдсан даа. Тэр нь ийм өндөр амжилтад хүргэхэд нөлөөлсөн. Залуу бөхчүүд начин цолонд хү­рээд, үндсэндээ тав даваад л ханачихдаг. Цаашаа даваа байхгүй юм шиг, цол нь начнаар дуусч байгаа юм шиг ханачихдаг. Сэтгэл нь асар их догдолж хөөрдөг. Тэр их буруу. Мэдээж баярлаж хөө­рөлгүй яахав. Гэхдээ тэр бүхнээ дотроо хадгалах учиртай. Бүрэн­төгс тэгж чадсандаа бүхнийг дийлсэн байхгүй юу.   

Бүрэнтөгсийн хувьд өнөө жил дөрөв дэхээ зодоглож бай­гаа. Өмнөх наадмуудын барил­даануудыг дурсвал?

-Ихэвчлэн
гурвын даваанд унасан. Говь-Алтайн Д.Лхагвадорж начин, Өвөрхангайн Б.Сангисүрэн начин нартай гурвын давааны төгсгөлд тунаад л унаж байлаа. Өнгөрсөн жил цолонд баараггүй хүрнэ дээ гэж хүлээж суутал Хов­дын Ч.Цогбаяр начинтай гурвын даваанд тунаад унадаг юм. Миний харууссан гэдэг жигтэйхэн.

Ямар сайндаа наадам болоо­гүй л юм шиг санагдаж байхав дээ. Тэгээд надад нэг бодол төрсөн л дөө. Гурвын даваанд гар хөнгөн давуулаад өгөх цолтон манай Увсаас байдаггүй юм уу гэж. Энэ тухайгаа ч Бүрэнтөгст хэлсэн. Мань хүнд болохоор хэн нэгэн цолтой бөхөөр амлуулаад давчихъя гэсэн бодол байдаггүй. Тэгээд л үе тэн­гийн шижигнэсэн залуустайгаа тунадаг байсан байхгүй юу. Харин өнөө жил Балжаа аварга гурвын даваанд амлаж тунаанаас гарга­санд нь их баярлаж байгаа.

Шавь тань гэр бүлтэй болж, нэг охинтой болсноо ярьсан бай­сан. Хань ижил нь аль нутгийн хүн бэ?

-Батлан
хамгаалахын их сур­гуулийн оюутан байхдаа ангийн­хаа хүүхэдтэй гэр бүл болсноо дуулгаж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргын нутаг буюу Хэнтийн аймгийн охин гэсэн юм билээ.   

Хоёрын даваанаас л хатуу учраануудтай таарсан даа?

-Тэгсээн.
Наадам бол наадам л байдаг хойно. Хэнтэй ч таарч мэднэ. Өрсөлдөгч бөхөө давах л чухал байдаг. Хоёрын даваанд аймгийн хурц арслан О.Гантул­гатай таарсан. Гантулгын хувьд өнөө жил улсын цолонд яригдаж байсан бөхчүүдийн нэг. Өнгөрсөн жил Ховд аймгийн ойд ес давж түрүүлсэн бөх шүү дээ. Дөрвийн давааны оноолт бүр хэцүү байсан. Өнгөрсөн жилийн түрүү С.Мөнхбат аваргатай таарсан. Уг барилдаа­ныг би гэртээ үзсэн юм. Яагаад ч юм аваргыг хаячих юм шиг санаг­даад харж суутал давчихсан. Хоёр нүдний нулимс асгаад ирдэг юм. Тэгж байтал найзууд манайхаар ирлээ. Бөхөд дуртай бидний хэсэг нөхөд нэгэн клубт очиж наадмын бөхийг хамт үздэг юм. Сүүлийн хэдэн жил тэгж үзээд заншчихсан. Тэгээд өнөө хэдтэйгээ дөрвийн давааны дараа бөхийн клуб рүүгээ явлаа. Тэнд бол бөөн л юм болсон. Даваа бүрт л орилж хашгираад. Улсын арслан цол хүртээд Ерөн­хийлөгчөөс тэмдгээ авч байхад нь харж чадаагүй. Өөрийгөө их л сэтгэлийн хаттай гэж боддог бай­сан. Тийм юман дээр хүн гээч чинь ямар өчүүхэн байдаг юм бэ. Харъя гэхээр л нүдний нулимс асгачихаад болоогүй шүү. Зөвхөн миний бие гэлтгүй манай Увсын цэнхэр хяз­гаарынхан үнэндээ сэтгэл тэнүүн баярлаж байгаа. Сүүлийн гурван жил наадмын түрүү бөх Увс нутгаас тодорч, бид бүхний магнайн үрчлээ тэнийж байна шүү дээ. Бүрэн­төгсийг цолоо аваад нүдэндээ нулимстай Төв цэнгэлдэхийн төв индрээс бууж байхад Монгол Ул­сын аварга О.Балжинням, С.Мөнх­бат, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав тэргүү­тэй хүчтэнүүд бүгд  л магнай тэнийсэн баяртай “Увс нуур” дуугаа цэнгэлдэхэд хадааж байв. Тухайн агшинд бөхийн клубт цугласан олон маань бүгд босчихсон “Увс нуур”-аа дуулж хоорондоо тэв­рэлдэн байсан даа.  Би бөхийн клубээс гэрээдээ яаж ирснээ санах­гүй байна. Тэгж л их баярласан шүү.

Наадмын дараа шавьтайгаа холбогдсон байх. Бас л уйлаад ярьж чадаагүй юу?

-Наадмын
орой ярьж баяр хүргэсэн. Хичээж байгаад харин ч хүн шиг ярьчихсан шүү (инээв). “Миний шавь болоогүй байгаа. Цаанаа нь төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа.  Ард түмнийхээ итгэлийг алдалгүй сайн барилдах л үлдлээ. Аваргын босго ойрхон бий шүү” гэж хэлсэн дээ.

Таны шавь Монгол Улсын авар­га хэмээх хүндтэй цолны эзэн болж, олон түмнээ баярлуулж явахын ерөөлийг өргөн энэхүү ярилцлагаа өндөрлөе. Өөр олон шавь нар тань алдар суугаа мандуулж явах болтугай.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

МАН бол сөрөг хүчин биш, СӨХӨРСӨН ХҮЧИН

Ардчилсан нам сонгуульд ялж, аль нэг намтай эвсэж Засгийн газраа байгуулах нь  тодорхой болсон. Харин Зас­гийн газрын тэргүүн хэн бо­лох, хэн хэн сайд болох  та­лаар өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ын фракцууд хувь хувьдаа нууцхан уулзалт хийцгээсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөн­хий сайд, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг  УИХ-ын дарга болно гэсэн хувилбар илүүтэй сонсогдох болов.  Өнгөрсөн ням гаригт хотын сонгуулийг удирдаж ороод ялалт байгуулсан Э.Бат-Үүлд Нийслэлийн на­мын хорооны дарга Ш.Түв­дэндорж ажлаа өгсөн бол  генсек Д.Эрдэнэбат мөн аж­лаа хүлээлгэж өгөхөө албан ёсоор мэдэгджээ. Тэгэхээр АН-ын фракцууд ерөнхий нарийн бичгийн орон тоон дээр өрсөлдөх бас нэг ажил­тай болж байх шиг. Харин олонхи болсон АН  ямар намд  эвсэх санал тавих бол гэсэн олон таамаг явж байсан  ч  МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй эвсэх саналтай байгаагаа АН-ын удирдла­гууд өчигдөр олон нийтэд мэдээллээ. 

АН-д тоогдож, эвсэлд баг­тах гэсэн МАН-ын  горьдлого үүгээр дуусгавар болж байна. Угаас МАН-тай эвсвэл өнгөр­сөн дөрвөн жилээс ялгарах зүйлгүй болно хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлж бай­сан билээ.

Ардчилсан нам МАН-тай эвсээгүй тохиолдолд хүчтэй сөрөг хүчин болно гэж дүгнэх хүмүүс байсан. Гэвч 1996-2000 оны үеийн МАН, өнөөд­рийн  шиг байгаагүй. Тэр үед МАН үнэхээр хүчтэй сөрөг хүчин байсан. Учир нь МАН-ын гишүүд гинжнээсээ өөр алдах юмгүй пролетариуд байсан. Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн. МАН-ын гишүүд тэр үеийн про­летари биш болсон. Тэд аль хэдийнээ Монголын тэргүүн олигархиуд болоод хувирчих­сан. Тэдэн дотор хөдөл­мө­рөө­рөө хөлсөө дуслуулж баяжсан нь хуруу дарам цөөн. МАН-ынхан алдах юм­гүй үеэ нэгэнт ард үлдээж,  авдраар дүүрэн алдах юмтай болчихоод байна. Тиймээс алдах юмтай тэр хүмүүс юун хурал хаяж бойкотлох. Тэр үед зуу гаруй хоног хурал хаяж, төр засгийн ажлыг явуу­лахгүй боомилж байсан нь үнэн. Одоо 100 цаг ч хурал хаяж чадахаа байсан байна лээ. Шинэ парламентын нээл­тэн дээр “Бид чуулганд орол­цохгүй” гэж зарласан тэд мар­гааш нь  чуулганы танхимд юу ч болоогүй юм шиг сууж бай­сан. Угаас  хурдхан хуулийн хамгаалалтанд орж УИХ-даа суухгүй бол дээлээ нөмрөх хүн олон болохоор арга ч үгүй биз. Сонгууль луйвардсан хүмүүсээс гадна төрийн өм­чөөс хулгай хийсэн, авлига авсан зэрэг  нь илрэх учраас  УИХ хэмээх халхавчиндаа яаран орж нуугдах нь аргагүй. Тэгээд ч шоронд орохоос цөсөө цалгитал айж байгаа тэдэнд хуралдаа сууж,  эрхэм гишүүний бүрэн эрхийг эд­лэхээс өөр арга зам үлдээгүй.  МАН одоо хуучин шиг төр засаг бойкотолж хурал хаяж маяглавал Авлигатай тэм­цэх газрын гадаа бөөнөөрөө очих вий. Ингээд бодоход сөрөг хүчин биш сөхөрсөн хүчин болж таарч байгаа юм. Тиймээс эд нараас айх юм байхгүй.  Тэр бүүхэл таван  гишүүн нь сонгууль буд­лиан­туулж, эд мөнгө тараасан хэргээр төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэмээн  эрүү үүсгэгдэх асуудалтай байгаа.

Эднийг луйварчин гэж зоригтой хэлээд байгаа минь бас учиртай. 1990 оноос хойш ганзагын наймаанаас эхэлж, сүүлдээ хөл дээрээ бостлоо өдөр шөнөгүй хө­дөлмөрлөсөн бизнесменүү­дээс баян хүмүүс МАН-д дэн­дүү олон.  Энэ олон жил төр барихдаа тэд  дэлхийн томоо­хон тэрбумтнууд шиг, Мон­голын толгой баячуудаас илүү амьдраад байгаа. Тэд  толгойд багтамгүй сансрын тоо ярьдаг болсон байна лээ. Төрийн алба хашиж байгаа хүн цалингаараа хэзээ ч тийм баян  болох боломжгүй. Тэр ч бүү хэл өчнөөн давхар, төч­нөөн өрөө хаустай, хичнээн зуун саяын машиныг хэд хэдээр нь цуглуулчихсан тэр хүмүүсийг шударга гэх үү. Хүний урманд ганц удаа наймаанд явж үзээгүй, хөдөө хөрч, гадаа гандаж,  ажил хөдөлмөр эрхлээгүй хэрнээ тэд яаж ингэж баяжив. Тий­мээс ч эхнээсээ Авлигатай тэмцэх газрынханд шалгуулж, МАН-ын гэх овогтой Засаг дарга нарын хэрэг шүүхээр таслагдсаар байгаа билээ. Уг нь УИХ-д тэднээс хэд дахин илүү хүүдийлсэн авлигачид нь байгаа л даа. Харам­сал­тай нь өөрсдөдөө зориулж, гэмт хэргээс мултрах хуулийн заалтуудыг эрээ цээргүй ба­талсан болохоор УИХ тэдний хамгаалалт болоод байгаа юм. Дэлхийн бусад улс оронд бол өндөр алба хаших тус­маа хариуцлага нь тэр хэ­рээрээ нэмэгддэг. Харин ма­найд эсрэгээрээ хууль батлагчид нь гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ бариг­даагүй л бол хүн  алсан ч хамаагүй юм шиг хачин заалт­тай. Тиймээс хууль зөр­чөөд ч хамаагүй УИХ-д орох гэж  яарцгаадаг нь саяын сонгуулийн үеэр айхгүйгээр мөнгө тараасан зэргээс нь харагдаж байна. Ардчилсан нам эрхбиш энэ бүхэнд анхаарлаа хандуулж, хууль тэгш үйлчилдэг орчинг бий болгох биз ээ.

Ямар ч байсан МАН  сөрж чадахааргүй, сөхөрч суух нь тодорхой боллоо. Иймээс АН тэднээс айлтгүй. Ард түмний сонголтыг хүндэтгэж, Засгаа байгуулж, улсаа төвхнүүлэх хэрэгтэй байна. Нэгэнт АН МАН  болох шаардлагагүй боллоо. Хэрэв АН-ынхан МАН-д хамтрах санал тавьж, АН МАН болвол сонгуулийн өмнөх нөхцөл байдлаас ял­гаг­дах юмгүй болох байлаа. Өнгөрсөн дөрвөн жил ирээ­дүйн дөрвөн жилд давтаг­дана гэсэн үг.   МАН-ыг сонго­сон бол ардчиллын төлөө өгсөн ард түмний санал үнэгүйдэх байлаа.  Угаас МАН төр барихдаа улсаа ямар болгосныг, иргэдээ хэрхэн ядуу чигээр нь халамжаар хуурч өнөөдрийг хүргэснийг    ард түмэн мэдэж байгаа.  Энэ удаа өөрчлөлтийг хүсч АН-д олонхиороо саналаа өгсөн  биз ээ.

АН МАН-ыг сонгож эвсээгүйгээрээ
ард түмний саналыг хүндэтгэж байгаагаа харууллаа. МАН-аас  хорь гаруй жилийн хариуцлага нэхэх боломжтой боллоо.