Categories
редакцийн-нийтлэл

Албан тушаалын төлөөх намуудын дотоод тэмцэл

Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж, албан тушаалын хуваарилалт үргэлжилсээр байгаа билээ. Ардчилсан нам ялсан сур­гаар үсээ гельдэж, зангиа зүүсэн олон хүн Н.Алтанхуягийн өрөөний үүдэнд урт дараалал үүсгэсэн. Мэдээж тэдэн дунд ардчиллын төлөө анхнаасаа зүтгэсэн нь ч байгаа, ар хударгаар нь ашиг унагачихдаг арга зальтай нь ч бий. Албан тушаалд дугаарлагчдын эгнээ Ардчилсан намынхнаар хяз­гаар­лагдахгүй. Хэдийгээр албан тушаал тоотой ч авахыг хүсэгчид  тоймгүй нь Засгийн газарт хамтарч буй намуудад ч албан тушаалын төлөөх  алалцаан ид өрнөж буй­гаас ойлгомжтой. 

МАХН-ын бага чуулган саяхан хуралдаж, дотоод зохион байгуу­лалтын асуудлаа хэлэлцжээ. Энэ үеэр нэлээд маргаан үүссэн байна.  МАХН уг нь найман  нарийн бичгийн даргатай байсан бол дахиад таваар нэмж, зуун ямаанд жаран ухна гэгчийн үлгэр болжээ. Нарийн бичгийн даргаар Э.Батшугар, Э.Тулга, Ч.Чимэдсүрэн, Н.Удвал, З.Баянсэлэнгэ нарыг нэмж сонгосноор МАХН арван гурван нарийн бичгийн даргатай болов.  Ажлын туршлагагүй залуусыг ийн­хүү гэрлийн хурдаар дээш нь татаж, намынхаа толгойд залж буйд ахмадууд дургүйцсэн бол УИХ, Засгийн газарт ажиллах хүмүүс намын ажил давхар хийх нь ажил цалгардуулна гэх мэт шүүмжлэл хэлсэн олон хүн байсан аж.  Н.Удвал УИХ-ын гишүүн болсноос гадна Эрүүл мэндийн сайдын алба хаших болсон тул өргөдлөө гаргаж,  генсекийн ажлаа өгсөн бөгөөд оронд нь тавих хүний асуудал мөн л хэрүүл тарьжээ.

“Намын
даргаас заавар өгөөгүй учраас…” хэмээн хурлын үеэр ерөнхий нарийн бичгийн даргаа сонгосонгүй. Ингээд Гүйцэтгэх товчоогоороо хэлэлцэж шийдүү­лэхээр болсныг нь намын бага чуулганы гишүүд таагүй хүлээж авсан байна. Харин Д.Тэрбиш­дагва үүнд эгдүүцэн  “Өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй бол надаас энэ дэд даргын ажлаа аваарай” гэх мэтээр ширүүлж, бусдыгаа хэлэх үггүй болгожээ. Ийнхүү генсекийн асуудлыг Гүйцэтгэх товчоогоор шийдүүлэх  эрхийг хүчээр шахуу гар өргүүлж эцэслэжээ.  Намын удирд­лагуудын зүгээс Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамбыг дэв­шүү­лэх байх гэсэн мэдээлэл нь хэ­дийнээ хэвлэл мэдээллээр тарсан. Харин залуучуудын зүгээс Эрдэнэ­жамъян гэх хуульч залууг зүтгүүлж буй бол ахмадууд нь Г.Бямба­сүрэнг дэмжиж байгаа аж. Ил тодорхой байгаа энэ дэмжлэг нэгэнт явахгүй гэдэг нь  Гүйцэтгэх товчоонд намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг шилжүүлснээс нь харагдана. Гэвч Гүйцэтгэх товчооны хурлаас МАХН-ын генсекээр сонгогдох магадал өндөр хүн нь Г.Шийлэг­дамба аж.

Мөн дэд сайдад залуучуудаас сонгох тухай яригдахад ахмадууд нь таагүй хүлээж авчээ. МАХН  Ардын намаасаа ялгагдах юмгүй ардчилалгүй хурал хийж, шоронд суугаа намын даргаасаа ирэх саналыг хүлээсэн байдалтай үйл явцын өрнөлийг харж суугаа аж. Өнөөдрийн байдлаар МАХН-аас албан тушаалд очсон болон очих хүмүүс нь мэдээж Н.Энхбаярын  тойрон хүрээлэгчид байх нь тодорхой болоод байна.

Засагт хамтрагчдын нэг Иргэний зориг ногоон намынхан ч өөрсдөдөө оногдох цөөхөн албан тушаалын төлөө мөн л дотоодын үймээн самуунтай байгаа дуул­дана. Ямартаа л засгаас гарах нь гэсэн мэдээлэл хаа сайгүй тарсан нь үүнийг нотолж байгаа юм. Өчиг­дөр тус намын удирдах байгуул­лага хуралдсаны дараа намын дэд дарга С.Дэмбэрэл “Тийм асуудал яриагүй. Ногоон хөгжлийн бод­логоо ярьсан” хэмээн хэв­лэлийн­хэнд тайлбарлана лээ. Гэвч энэ хариулт нь албан тушаалын төлөөх намынх нь дотоод тэмцлийг нууж чадахгүй.  Ийнхүү албан тушаалын бялуунаас хүртэх асуудал намуу­дад үргэлжилж байна.

Албан тушаал горилох нь бүү хэл амь аргацааж, бүлэгтэй болох гэж зүтгэж буй МАН ялагдлын гашууныг  мэдэрсэн ч эвлэрч чадах­гүй дотроо шатаж, үүнээсээ болж ямар ч үйлдэл хийхэд  бэлэн  байгаа нь генсек асан У.Хүрэл­сүхийн биеэ барьж дийлэхгүй УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг  шанаа­даж унагаснаас нь харагдлаа. МАН-ынхан асуудалд хүчирхийл­лийн аргаар ханддаг нь эндээс тодорхой боллоо. У.Хүрэлсүх өмнө нь намынхаа нөхрийг  хүмүүсийн өмнө шанаадсан ч  мэлзээд өнгөрч байсан удаатай. УИХ-ын гишүүн нөгөөгийнхөө бүрэн эрхэд халдаж болно гэсэн хууль нэгэнт байхгүй болохоор Г.Баярсайхан  гишүүний халдашгүй эрхэнд  халдсан нь  хэвлэлийнхний өмнө, УИХ-ын гишүүдийн нүдний өмнө, Төрийн ордонд болсон нь нотолгоотой тул  өөрийгөө хаацайлах аргагүй юм. 

Төрийн ордонд МАН-ын гишүүн нударгаар асуудлыг шийдэж байгаа бол гадна талд  хууль зөрчин УИХ-ын гишүүн болох гэсэн тэмцэл МАН-д өрнөжээ.

Ирэх сард Баянзүрх дүүрэгт болох сонгуультай холбоотой нэгэн мэдээлэл чих дэлсэв. Баянзүрх дүүрэгт болох УИХ-ын дахин сонгуульд нэг намын хоёр буюу МАН-ын Д.Арвин, Б.Батзориг нар  өрсөлдөнө. Уг нь сонгуулийн хуулиар ийм тохиолдолд сур­тал­чилгаа хийхгүйгээр өрсөлдөх  ёстой боловч Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг “SS” клубт энэ сарын 28-ны 17 цагт ИТХ, хэсгийн хороо­дын гишүүдээс бүрд­сэн нижгэр хүлээн авалт хийжээ. Мөн ирсэн хүмүүст хайрцагтай бэлэг өгсөн байгаа юм. Үүнээс өмнө тэрээр бүх хороодод антенн өгчээ. Тойргийн хороог Б.Бат­зоригийн удирдлагад ажилладаг хүмүүс толгойлдог аж. Тиймээс  сонгуульд нэг намынхаа нөхрийг ялуулахын тулд улайрч бай­гаа нь ойлгомжтой юм. Хамгийн сонир­холтой нь сонгуульд зориул­сан энэ хүлээн авалтанд МАН-ын генсек Г.Занданшатар ирж “Бат­зоригийг дэмжээрэй” гэж хэлжээ. Энэ үйлд­лээрээ “Би Батзоригийг дэмжинэ. Д.Арвинг дэмжихгүй” гэдгээ илэр­хийлж, намын нөхдөө алагчилж, хагаралдуулж буй хэрэг юм. МАН-ын хуучин, шинэ ген­секүүд иймэр­хүү л адал явдалтай­гаар ялагдсан намынхаа дарин дээр нь давс нэмлээ. 

Өнгөрсөн долоо хоногт Чингэл­тэй дүүргийн ИТХ хуралдах үеэр МАН-ын бүлгийн гишүүд дүүргийн Засаг даргыг солих тухай санал оруулж ирсэн ч байсхийгээд л завсарлага авсаар эцэст нь хуга­цаагүй хойшлуулсан билээ.

Энэ нь  намын дотоод зөрчлөөс үүдэлтэй бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Очирбат дүүргийн Засаг даргын ажлаа буцаан авах гэж оролдож, ийм хор найруулсан байжээ.  Энэ мэтээр  намууд дотоод­доо албан тушаал, ашиг сонирхлынхоо төлөө тэмцэлдэж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Монголд мэдээллийн агентлаг сонгодог утгаараа хөгжиж байна уу?

Уг нь нэрнээсээ
эх­лээд домог болох шахсан МОНЦАМЭ хэмээх бай­гууллага Монголд бий. Монголын цахилгаан
мэ­дээ хэмээх
үгийн товч­ло­лоороо нэрийдсэн уг бай­гууллага
нь сэтг
үүл зүйн салбартаа анхдаг­чид орох, бас цорын
ганц гэхэд болохоор мэдээл­лийн агентлаг юм.

Монголын талаарх мэ­дээлэл гадаад ер­төн­цөд улам бүр эрэлт хэ­рэг­цээтэй болж байгаа ч тэрхүү шаардлагад ний­цэх хэмжээний мэдээ, мэ­дээ­лэл ямар сувгаар яаж гадагш  дамжиж  буйг анзаарч судалсан мэр­гэж­лийн байгууллага, тоо­цоо, судалгаа өнөөдрийг хүртэл  алга.

Өнгөрсөн зун улс тө­рийн хүрээнд өрнөсөн томоохон үйл явдлын нэг болох Н.Энхбаярын ба­рив­чилгааны үеэр л гэхэд энэ талын мэдээллүүд дэлхийн нэр бүхий хэв­лэлд ямар эх сурвалжаар дамжин ямархуу байд­лаар гарч байсныг эргэн санацгаая. Хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг Мон­голд хувийн мэдээллийн хэрэгслүүд олширсон ч тэдгээр нь тодорхой бү­лэг­лэлийн эрх ашгийг илэрхийлэх байдлаар хөгжиж буй. Н.Энх­бая­рын баривчилгааг тойр­сон мэдээллийг л гэхэд явцуу эрх ашиг бүхий эх сурвалжууд өөрсдийн өнцгөөр дамжуулснаас болоод  бодит байдлыг бүрэн илэрхийлж чадах­гүй нийтлэл, мэдээ мэ­дээллүүд  дэлхийн хэв­лэ­лээр цацагдаж байлаа. Энэ үйл явдал Монголын улс төр, эдийн засгийн талаар бодитой, мэр­гэж­лийн түвшний, олон эх сурвалжид түшиглэсэн албан ёсны мэдээлэл гадаад ертөнцөд ямархуу эрэлт, шаардлагатай бай­гааг бидэнд нотолж өгсөн юм. Урд өмнө Мон­гол бол уудам өргөн ну­таг­тай, нүүдэлчин уламж­лал­тай, үлэг гүрвэлийн өлгий нутаг гэх зэргийн жуулчдад л зориулагдсан та­нилцуулга дайны мэ­дээ­лэл гадаад ертөнцөд цацагддаг байсан бол өнөөдөр үүнээс илүү на­рийн ширийн, мэр­гэж­лийн төвшинд бэлт­гэгд­сэн мэдээллийг гадаад зах зээл шаардаж байна. Учир нь Монгол Улс улс төр, эдийн засаг, тэр дун­даа ашигт малтмалын арвин нөөц, асар их ирээ­дүй бүхий уул уурхайн салбарын асуудлаараа дэлхий дахины анхаар­лыг татах хэмжээнд хүр­чих­лээ. Олон улсын түү­хий эдийн зах зээлд нө­лөө бүхий тоглогч болон гарч ирж буй Монголын талаарх бодитой, то­дор­хой мэдээлэлд үндэс­лэ­сэн үнэлгээ дүгнэлтийг хамтрагчид үгүйлж эхэл­лээ. Мэдээлэл, судалгаа дулимаг харанхуй таам­гаар аз сорин нүүдэл хийх нь эрсдэлтэй учир шаард­лагатай мэдээллээ олж авахын тулд дэлхийд нэр хүнд бүхий томоохон ком­пани, корпораци, судал­гаа, шинжилгээний бай­гуул­лагууд ихэнхдээ ху­вийн шугамаар “мэдээ­лэгч” хөлслөн ажил­луул­даг жишиг өнөөдөр Мон­голд хэдийнэ тогтжээ. Энэ бүх байдал чухам юуг илэрхийлж байгааг ан­заарч, төрийн бодлогын түвшинд асуудал дэв­шүү­лэн тавьсан улс төрийн нам хүчин, улстөрчид өнөө­дөр Монголд байх­гүй.

Дээрх бодит байдал Монгол Улс дэлхийн хэм­жээнд мэдээллийн кон­тент нийлүүлэх мэдээл­лийн томоохон агент­лаг­тай болох шаардлага бий болсныг сануулж буй юм. Уг нь нэрнээсээ эх­лээд домог болох шахсан МОНЦАМЭ хэмээх бай­гууллага Монголд бий. Монголын цахилгаан мэ­дээ хэмээх үгийн товч­ло­лоороо нэрийдсэн уг бай­гууллага нь сэтгүүл зүйн салбартаа анхдаг­чид орох, бас цорын ганц гэхэд болохоор мэдээл­лийн агентлаг юм. Гэхдээ өнөөгийн ертөнц дахины хурд, шаардлагад хөл нийлэх хэмжээнд хүрч чадалгүй өлгийндөө өтөлж буй байгууллага гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

Энэхүү агентлагийг хөгжүүлэх талаар төрийн бодлогын хүрээнд ч, мэр­гэжлийн байгууллагын зүгээс ч тэр анхаарал тавьж, үзэл ба­римт­лалыг нь өөрчлөн шинэчлэх та­лаар санаачлага гар­гаж, хангалт­тай ажил­лаа­гүй учраас өнөөдөр ийм хэмжээнд хүрсэн биз ээ. 

Уг нь МОНЦАМЭ агент­­лаг нь өв уламжлал, хүн хүчний нөөц, гадаад ертөнцөд бас ч танил болсон брэнд нэр гээд олон талаараа Монголын сэтгүүл зүйн салбарт үнэтэй капитал юм.

Харин үүнийг өнөөгийн шаард­лагад нийцүүлэн хөг­жүү­лэх бод­лого, концепциэр дутагдаж ирсэн. Өнөөд­рийн байдлаар дотоод­доо ч мэдээллийн эх сур­валж байж ча­дахаа бай­сан тус агентлагийг Зас­гийн газар бодлогынхоо хүрээнд анхаарч ажил­лах цаг болсон байх аа. Мэдээлэл технологийн хөгж­лийг дагаж бий бол­сон хэвлэл, мэдээллийн маш олон хэрэгсэл до­тоо­дод ажиллаж байна. Мэдээл­лийн эх сурвал­жаар цангахын зовлон монголчуудад өнөөдөр нэгэнт үгүй болсон. Энэ их мэ­дээллийн хэрэгсэл, бөмбөгдөлт дундаас МОНЦАМЭ ялгарах ёс­той.

Дэлхийн хэмжээнд ажил­ладаг Ройтерс, ВВС, CNN-тэй эн зэрэгцэх мэдээллийн агентлаг бо­лохгүй юм гэхэд ядаж тэдгээр сувгуудад Мон­голын талаарх эх сур­валж болж чадах мэргэж­лийн байгууллага Мон­голд үгүйлэгдэж байна. Чухам энэ орон зайд ажил­лах ёстой албан ёсны статус бүхий агент­лаг нь МОНЦАМЭ. Гэтэл энэ бай­гууллагын хөг­жил, бодлого хаана явна вэ?!

Ерээд оны үед
Мон­голыг га­даадад сурталч­лах зорилгоор тус агент­лагийн төсвийг нэмэг­дүүлж байсан санагдана. Хэрвээ Мон­го­лыг
гадаад ертөнцөд сурталчлан та­ниулах, бодит мэдээл­лийг
дам­жуулах албан ёсны эх сурвалж байх утгаар нь тус агентлагийг хөгжүүлье гэвэл Гадаад харил­цаа­ны яамны дэр­гэд татан
авчрах ёстой болов уу. 1998 онд Хэв­лэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төрийн мэдлийн хэвлэл мэ­дээл­­лийн
хэрэгсэл байх ёсгүй гэж тунхагласан
ч тус агент­лаг өнөөд­рийг хүр­тэл Ерөнхий сайдын мэ­дэлд ажиллаж, монгол
хэл дээр сонин гаргаад явж байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг нь ч бас өөрчлөх ёстой бололтой. Юутай ч үе үеийн эрх баригчдын бодлогын гадна орхигдсоор ирсэн
энэ байгууллагыг өнөө­дөр бүрдэж
байгаа  Зас­гийн газар шинэчлэн өөр­чилж, дэлхий дахинд Мон­голын
талаарх бодит мэдээлэл, сурталчилгааг дамжуулах сонгодог утгаар нь хөгжүүлнэ гэж найдаж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Орон нутгийн сонгуульд бэлдэж, МАН-ын фракцууд нэгджээ

Өөрөөр хэлбэл М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх гэсэн Ардын намын голлох  фракцын тэргүүнүүд нийслэлийн намын хороондоо өөр өөрийн төлөөллөө эв найртайгаар шургуулжээ.

Хэрэв МАН орон нутгийн сонгуульд ялах юм бол АНын хувьд 1996-2000 оных шиг дороо хөлгүй хүндхэн байдалд орно. Тиймээс УИХ, нийслэлийн сон­гуулиар ялчихлаа гэж тайвшралгүй орон нутгийн сонгуульдаа анхаа­рал хандуулна бизээ. Угаас орон нутагт байнга ялагдал хүлээж ирсэн Ардчилсан намд өмнөх ялагдлуудын гашуун түүх нь ч, гол өрсөлдөгч  намынх нь улайрал  ч  нэгийг сануулж байгаа биз ээ

Ардын нам  сонгуульд ялагдал хүлээснээр гэнэтийн цохилтонд орсон. Тэднийг шокноосоо гарч ч амжаагүй байхад ялалт байгуул­сан Ардчилсан нам эрх мэдлийг тэдэнтэй хуваалцахыг хүсээгүй нь байдлыг улам ч хүндрүүллээ. Албан ёсны бүлэг ч үгүй үлдсэн МАН Ардчилсан намынхныг  бялуу­гаа хуваалцах гэж уймарч байх зуур хаяанд ирчихээд байгаа орон нутгийн сонгуульд анхаарлаа хан­дуулж эхэлжээ. Тэд холимог сис­темээр явсан сонгуульд нэгэнт ялагдал хүлээсэн учраас орон нутгийн сонгуулийг можаритар системээр явуулах сонирхолтой байгаа аж. Үүнийгээ ч УИХ-аар хэлэлцүүлж, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлах бололтой. Тэдний энэ саналыг харин бусад нь дэм­жих эсэх нь эргэлзээтэй. 

Ардын намын хувьд хэзээ­нээ­сээ хотын фракц хүчтэй явж ирсэн. Аль л өнгөтэй өөдтэй албан тушаал тэдэнд л очдог байсан. Харин одоо хотын фракцын дан­гаараа шахам ноёрхол бусад­тайгаа гар нийлж, өрсөлдөгч намуудаа орон нутгийн сонгуульд ялахад чиглэжээ.

Өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-д ч, нийслэлд ч тэр тахимаа өгчихлөө. Орон нутагт өөрсдийн ноёрхлоо алдвал Ардын намын хувьд сүйрлээ л гэсэн үг.  Тиймээс орон нутгийн сонгууль тэдний хувьд гол онилгоо болоод байна. Үүнд зориулж фракцууд хүчээ зузаат­гасан нь Нийслэлийн намын хороо­ны удирдлагуудын томилгоо­ноос нь илхэнээ харагдаж байгаа. Ер нь дороо хөл, гаргүй, өөрийн гэсэн  фракцгүй Ө.Энхтүвшин Тус­гаар тогтнолын ордондоо намын­хаа улс төрийг явуулж байна гэхээс илүүтэйгээр Ардын намын улс төр нийслэлийн намын хороон дээрээ төвлөрчээ. Энэ нь фракцуудын хуваарилалт нийслэлийн намд хэрхэн очсоноос тодорхой байгаа юм. 

Одоогоор Г.Мөнхбаяр нийс­лэлд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээж ажлаа өгсөн ч нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сундуй түүний оронд МАН-ын нийслэлийн удирдлагыг гартаа авсан. Бараг л өрсөлдөгчгүйгээр энэ албанд очсон гэж хэлж болох юм. Тэрээр М.Энхболдын фракцын хүн. Т.Бадамжунайтай ч их ойр гэгддэг. МАН-ын Нийслэлийн намын хороо хүчээ зузаатган  дөр­вөн ч дэд даргатай болсон. Тэд­ний нэг Д.Энхтөр нь С.Баярын фракцад  багтдаг.  Эндээс харахад нийслэлд ч С.Баяр нөлөөгөө тавиагүй болол­той. Ардын намынхан Г.Мөнх­баярыг Нийслэлийн намын хороо­ны дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан учраас улиран сонгогдсон гэж хэлж болно. Гэхдээ тэрээр Нийслэлд намын нэрээр сонгуульд өрсөлдөөд унасан хүмүүсийн нэг.

Мөн Б.Амарбаясгалан хэмээх залуу төв намаасаа нийслэлийн намдаа  ажиллахаар  иржээ.     Ардын намын ирээдүйтэй залуу­чуудын нэг гэгддэг. МАН-ын   залуу­чуудын байгууллага болох НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн. Нийслэлийн намын хорооны дэд даргаар ирэхээсээ өмнө намынхаа хэвлэл олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан. У.Хүрэлсүхийн фракцын хүн.

Нийслэлийн МАН-ын дэд дар­гын албыг хашиж эхэлсэн гурав дахь хүн нь “Эсэргүү төлөөлөгч” номынхоо нэрээр дуудагдах  бол­сон М.Ганбаатар. Түүний хувьд дүүргийн ИТХ-д хэдэнтээ сон­гогдсон туршлагатай нэгэн.    М.Энх­болдын фракцад хамаарна. 

Харин УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хамаа намаагүй өөрийнхөөрөө санасан бодсоноо шулуухан хэлчихдэг нөхөр. Тиймээс ч намын бодлогоос тэс өөр юм  ярьж, зарим үед намаа ч шүүмжилчихдгийнхээ гороор УИХ-д нэр дэвших эрхээ  олж авч чадаа­гүй. Аль нэг фракцад шууд хамаа­ралтай байдаггүй нь ч үүнтэй холбоотой биз ээ. Хэдийгээр УИХ-д нэр дэвших виз олгоогүй ч МАН түүнийг зүгээр үлдээсэнгүй. Нийс­лэлд хүчийг нь үзэхээр шийджээ.

Ямар ч байсан  МАН-ын гол хүч нийслэл дээрээ төвлөрч, фракцууд орон нутагт анхаарлаа хандуу­лахаар гар нийлсэн нь нийслэлийн намын удирдлагуудын томилгоо­ноос аяндаа тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх гэсэн Ардын намын голлох  фракцын тэргүүнүүд нийслэлийн намын хороондоо өөр өөрийн төлөөллөө эв найртайгаар шургуулжээ.

Хэрэв МАН орон нутгийн сонгуульд ялах юм бол АН-ын хувьд 1996-2000 оных шиг дороо хөлгүй хүндхэн байдалд орно. Тиймээс УИХ, нийслэлийн сон­гуулиар ялчихлаа гэж тайвшралгүй орон нутгийн сонгуульдаа анхаа­рал хандуулна бизээ. Угаас орон нутагт байнга ялагдал хүлээж ирсэн Ардчилсан намд өмнөх ялагдлуудын гашуун түүх нь ч, гол өрсөлдөгч  намынх нь улайрал  ч  нэгийг сануулж байгаа биз ээ. 

Намын дарга Ө.Энхтүвшингийн хувьд дороо хөлгүй, өөрийн
гэсэн фракцгүй. Өмнө нь  намаа,
шүүм­жилж жигүүр байгуулж явсан тэрээр  хувь заяаны эрхээр Ардын намыг ялагдал хүлээх үед толгойлох болсон. Гэхдээ Ө.Энхтүвшин хэв­лэлд өгсөн ярилцлагадаа ч өөрий­гөө “Фракцыг шүтдэггүй, бүлэглэн хуйвалдахын эсрэг байдаг” гэсэн утгатай үг  хэлсэн байна лээ. Харамсалтай нь улс төрд ган­цаарчилсан тоглолтоос илүү багийн тоглолт хүчтэй байдаг нь олонтаа харагддаг.
Ямар ч байсан нийслэлийн намын хороо нь түүний
оролцоогүйгээр бусад фрак­цуудын
багийн тоглолтоор явах нь тодорхой болжээ.

Categories
редакцийн-нийтлэл

“Ганнам стиль”

Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны “Ганнам стиль” дуу дэлхийд хит болоод байна. Энэ дууны клипийг өнгөрсөн долдугаар сарын 15-нд youtube сайтад байрлуулснаас хойш 34 сая хүн үзээд байгаа юм. Алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ энэ клип дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмээд байна. БНСУ-ын Ганнам дүүрэгт голдуу баячууд амьдардаг бөгөөд цэвэр цэмцгэр, тансаг гэдгээрээ энэ дүүрэг бусдаас ялгардаг аж.

Парк Жае Сан “Ганнам стиль” дуугаараа Ганнам дүүрэг, бая­чуудыг битүүхэндээ шүүмжилж, өөрсдийгөө нийгмээс дөвийлгөж, өөр харагдуулахыг хичээх хэрэггүй гэдгийг Лэди Гагагийн зарим дууны клипт гардаг бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд, дүрслэлүүдийг ашиг­лаж харуулсан юм. Ингэхдээ Гагагийн морь шиг шогшдог бүж­гийн хөдөлгөөнийг голчлон авчээ. Үүгээр нь энэ дууг “Морин бүжиг”-тэй дуу ч гэх болсон юм.

“Ганнам стиль” дуу сүүлийн дөрвөн долоо хоногт БНСУ-ын хөгжмийн бүх чатуудыг тэргүүлээд зогсохгүй, Ази тив, АНУ, Канад, Финланд, Шинэ Зеланд, Данид түгээд байгаа юм. Барууны хөгж­мийн ажиглагчид “Ганнам стиль” дууг энэ эрчээрээ youtube болон бусад хөгжмийн сайт, чатуудад дээгүүр байр эзлээд байвал “2012 оны дууны шилдэг клип”-ээр шал­гарч магадгүй гэж байна.

Дуучин Парк Жае Сан нь 1981 онд төрсөн. 183 см өндөр, 75 кг жинтэй. Тэрээр өөрийгөө “Би бү­жиг­лэх, сөжү, пиво, ундаа, жүүс ер нь шингэн юм уух дуртай. Бас аяллаар явах сонирхолтой. Кла­ринет, бөмбөр тоглодог” гэж танил­цуулжээ. Түүнийг солонгосчууд Psy гэх тайзны нэрээр нь илүүтэй мэддэг юм байна. Psy Бостоны их сургууль, “Berklee” хөгжмийн кол­ле­жийг тус тус төгсчээ.

2000 оноос урлагт хөл тавьсан бөгөөд нийтдээ арав гаруй цомог гаргаад байгаа аж. Түүний 2001, 2002 онд гаргасан цомгууд нь хөгжим сонирхогчид, залуусын зүгээс өндөр үнэлгээ авсан ч “Этгээд дуучин” гэгдэх болжээ. Биеэ авч яваа байдлаас нь гадна дуу­нуудынх үг этгээд учир ингэж нэрлэгдэхэд хүргэсэн юм.

Psy эхний хоёр цомгоо гаргас­ны дараа 2003 онд цэргийн албанд татагджээ. 2005 онд цэргээс ха­лагдаж ирснийхээ дараа тайзнаа дахин гарахад сонсогчид түүнийг өмнөх шигээ шагшин хүлээж аваа­гүй. Гэсэн ч дуучин маань хип хоп урсгалаар хэд хэдэн цомог гаргаад байсан юм.

Харин түүний амьдралыг энэ “Ганнам стиль” дуу бүр мөсөн өөрчилчихөөд байна. Тэрээр өөрийнх нь дуулсан дуу дэлхийд түгэж, клипийг нь сарын дотор 34 сая гаруй хүн үзчихээд байгаад маш их гайхаж байгаа гэнэ.

Парк Жае Сан “Яг үнэндээ их гайхсан шүү. Ийм том амжилтад хүрнэ чинээ төсөөлөөгүй. Энэ бүхэн миний амьдралыг бүхлээр нь өөрчилж эхэлж байна” гэжээ.

Тэрээр өнгөрсөн нэг сарын хугацаанд хөгжмийн фестиваль, олон улсын наадам, шоу тоглолт, шууд нэвтрүүлэг гээд томоохон арга хэмжээний тайзан дээр зөвхөн энэ дуугаа дуулах гэж олонтаа уригдаж, Япон, АНУ руу нэг бус удаа “айлчилчихаад” байна. Psy-г хаана ч явсан мэдээллийн хэ­рэгслүүд дагаж, түүнтэй хол­боотой шинэ мэдээллийг хүмүүс ихээр сонирхсоор.

Богино хугацаанд дэлхийд танигдаж солонгосын к-поп, техно, электро, транс хөгжмийн урсгалын шинэ үеийн төлөөлөл гэгдэх бол­сон тэрээр ирэх сард Япон улсад анхныхаа бие даасан бүрэн хэм­жээ­ний тоглолт хийхээр болсон байна.

Одоо Солонгост хаана л шоу цэнгээн, хөгжмийн наадам болно, тэнд “Ганнам стиль” дуу цангинаж байгаа аж. Солонгосын залуус энэ дууны клипэн дээр гардаг моринд мордох, бугуйл эргүүлэх, морьтой шогшуулж, хатируулж байгаатэй төстэй хөдөлгөөнийг ихээр таа­шааж ингэж бүжиглэж байгаа гэнэ. Үүнийг америкийн хөгжим судлаа­чид “Солонгосын эгэл жирийн нэг реппер залуу Лэди Гагагийн хөдөл­гөө­нийг, солонгос поптой хос­луу­лаад шинэ өнгө, санаа гаргаж ирлээ. Сөүлийн ер бусын дуучин залуу олны анхаарлыг соронз мэт татаж байна. Түүний дууны клип­ний хөдөлгөөнд шинэ нэр өг гэвэл “Мордох стиль” гэж нэрлэе” гэсэн бол гадны зарим мэдээллийн хэ­рэгс­лээр Парк Жае Саныг “Хоёр дахь Макарена” гэж байна.

Хэдий шууд харахад Лэди Гагаг элэглээд байгаа мэт боловч цаад санаа нь хэн нэгэн хүн баян хараг­дах гэж хичээх нь инээдэмтэй, яг л морьгүй хэрнээ морин дээр яваа юм шиг хайш яйш хөдөлж байгаа адил бүдүүлэг харагдана гэдгийг өгүүлж байгаа аж. 

Psy “Энэ дууны шүүмжлэлийн өнгө аясыг Лэди Гагагийн морины бүжгээр жаахан эерүүлтэл хөгжил­тэй болоод ирсэн. Миний клип хөгжилтэй, хөнгөн, хэн нэгэн рүү дайраагүй. Зүгээр нэг хөгжил баясал, инээд бэлэглэсэн уран бүтээл юм” гэсэн байна.

ПАРК ЖАЕ САНГаннам стиль

Тэр охин өдрийн турш халуу­хан бас эелдэг

Тэр үзэсгэлэнт охин аяга ко­феноос эрх чөлөөг мэдэрдэг

Тэр охины зүрх нь шөнө бо­лохоор догдолдог

Тэр овжин охин

Би бол

Өдрийн турш чам шиг эелдэг байдаг тийм л залуу

Кофе хөрөхөөс өмнө ганц амьсгаагаар уудаг залуу

Шөнө болмогц зүрх минь тэсэрдэг залуу

Би тийм л залуу

Үзэсгэлэнтэй, хайр булаам

Тийм ээ, чи

Нey!

Тийм ээ, тэр бол чи

Нey!

Үзэсгэлэнтэй, хайр булаам

Тийм ээ, чи

Нey!

Тийм ээ, тэр бол чи

Нey!

Одооноос эцсээ хүртэл

Ах нь Ганнам стильтэй

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ардын нам бүлэгтэй юу, бүлэггүй юу?

Ардчилсан
нам тэр
үед бүлэгтэй болохын төлөө их тэмцсэн. Гэвч тэр үед одоо­гийн МАН-ын эрхмүүд хуулийн заалт бариад л зүтгэ­сэн. “УИХ нь хуулиа зөрчвөл хэн хууль биелүүлдэг болох юм” гэж ирээд л бүлэгтэй бол­гоогүй санагдаж бай­на. Тэр үед МАН-ынхан хуулиа мөн ч сайн мэдэж тайлбарлаж бай­сан санагдана.
Т
үүх тодор­хой хугацаа­ны дараа дав­тагддагийн
жишээ­гээр АН-ыг б
үлэгтэй болгохгүй гэж бай­сан МАН өөрсдөө бүлэггүй болдог юм байж.

Хуулиараа бол энэ на­маас УИХ-д суугаа гишүүд бүлэггүй, хорин хэдэн хувь гишүүн л болсон. Намаас нэр дэвшсэнийг  нь эс тооцвол бие даагчдаас нэг их ялгаагүй.  Хэн нэгэн тэднийг бүлэг бай­гуулж болохгүй гэсэнгүй. Хэн нэгэн тэднийг ийм байдал руу шахсангүй. Олон жил эрх барьж, УИХ-д олонхи байсан МАН-ынхан өөрсдөө энэ замыг сонгосон. Тэд УИХ-ын тухай хуулийн 26.5 буюу УИХ-ын дарга сонгогдсоны дараа 24 цагийн дотор бүлэг байгуулах тухайгаа өргөн мэдүүлнэ гэсэн заалтыг зөрч­чихөөд байгаа. Тэд олонхи байхдаа энэ хуулийн санаа­­чилгыг гаргаж, УИХ-ын дарга Ц.Нямдорж хурлыг даргалан баталж байлаа.

УИХ-д хууль тогтоолго­хоор ард түмний сонгосон Ардын намын гишүүд ийнхүү өөрсдийн баталсан хуулиа уландаа гишгэлээ. Хуулиар бол Ардын нам бүлэггүй болж таарлаа.

УИХ-ын даргыг сонгох үед тэд төрийн ажлыг үл тоож,  хурал хаясан нэрээр Тусгаар тогтнолын­хоо ордонд тус­гай­лан хуралдаж суусан билээ. Тэд эхнээсээ ард түмний сон­голтыг хүндэтгээгүй. Цөөнх болох тохиолдол бүрт  үргэлж л ингэж гоншигонодог бай­сан. Уг нь бол тэдэн шиг олон удаа Засгийн эрх барьсан нам Монголд өнөөдөртөө алга байна. Гэсэн ч үргэлж л ялж байх ёстой, үргэлж л луйвраа амжилттай болох ёстой гэж бодсоор ирсэн нь өнөөдрийн гаргаж байгаа араншингаас нь харагдлаа. Ингээд эрх хүүхэд шиг дураа­раа авирласныхаа гороор  бүлэггүй болсон. Уг нь тэд мэдээж хугацаандаа бүлэг байгуулах саналаа өргөн мэдүүлэхгүй бол болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан.

УИХ-д бүлэггүй нам бай­сан түүх бий. “Эх орон-Ард­чилал” эвсэл 2004-2008 онд эвслийн удирд­лагууд болох  Д.Эрдэнэбат, М.Энх­сайхан нарын хувийн тоглолтоос болж задарч, сүүлдээ АН бүлэггүй  болж үлдсэн. Гол учир нь тэд хүсч байсан албан тушаалдаа очиж ча­даа­гүйгээс эвслийг тэр тусмаа Ардчилсан намыг хүнд бай­далд оруулсан юм. Бүлгээ авч үлдэхийг хичээсэн ч Эх орон намаас Цэцэд хандсанаар Ардчилсан нам хүнд байдалд орсон юм. Ингээд Ардын намын бүлэгт орж, 62-ын бүлэг буюу “Бүдүүн бүлэг” гэсэн нэртэй явж, Засгийн газраа хамтран бай­гуулж явсан ч нэг л орой одоогийн Ардын намынхан  нэг шөнө нууцаар хуралдаж, маргааш нь засгаас гарах өргөдлөө өгснөөр Ц.Элбэгдоржийн зас­гийн газрыг унагаж бай­сан түүх бий. Энэ үед АН-аас  олон хүн урваж, сонгуульд хамтарч орсон эвсэл нэгэнт задарснаар Ардчилсан нам тэр үед  бүлэггүй болж үлдэж байсан. Ингээд АН-аас гар­сан зарим хүн өөр өөр нам байгуулж, Ардын намтай хам­тарч, Ард түмний нам, ҮШН, ИЗН, Эх орон намын төлөөл­лөөс бүрдсэн Засгийн газар байгуулагдаж байлаа. Ийн­хүү  Ардчилсан нам зөвлөл нэртэй тэр парламентын сүүлийн жилүүдийг үдсэн дээ. 

Ардчилсан нам тэр үед бүлэгтэй болохын төлөө их тэмцсэн. Гэвч тэр үед одоо­гийн МАН-ын эрхмүүд хуулийн заалт бариад л зүтгэ­сэн. “УИХ нь хуулиа зөрчвөл   хэн хууль биелүүлдэг болох юм” гэж ирээд л бүлэгтэй бол­гоогүй санагдаж бай­на. Тэр үед МАН-ынхан хуулиа мөн ч сайн мэдэж тайлбарлаж бай­сан санагдана. Түүх тодор­хой хугацаа­ны дараа дав­тагддагийн жишээ­гээр АН-ыг бүлэгтэй болгохгүй гэж бай­сан МАН өөрсдөө бүлэггүй болдог юм байж. 2004-2008 оны нөхцөл байдал өнөөдөр үүсчихээд байна. Одоо МАН бүлэг биш, зөв­лөл ч биш, хорин таван хувь гишүүн­тэй байна. Тэгэхээр тэд сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэх эрх ч үгүй боллоо. Тиймээс энэ парламент бол сөрөг хүчингүй.  МАН-ынхан Ард­чил­сан намыг “Засагт хамт­раач” гэж гуйна гэж бодож байсан нь талаар болж, мөн­хөд албан тушаалын бялуу хүртэж ирсэн хувь заяа нь өөрөөр эргэсэнтэй тэд эвлэрч чадахгүй, чуулганы анхны хуралдаанаас л шантаажлах гэж оролдож эхэлс­нийг уншиг­чид санаж буй биз ээ.  Гэвч төрийн ажил тэдэн­гүй­гээр явдгаараа явсан нь уур унтууг нь улам хүргэж, сурсан зангаараа ихэрхэх гэж үзээд ийм байдалд хүрлээ. 

АН, МАН-ын бүлэггүй бол­сон хувь заяа адил ч  ялгаатай нь АН мэдсээр байж бүлэггүй болоогүй юм. Удирдлагын хувийн амбицаас үүдэж ийм явдал болж байсан. МАН харин мэдсээр байж төрийн ажлыг явуулахгүй гэж зүтгэж бай­гаад ийм байдалд уналаа. Эрхбиш олон жил төр барьж явсан хүмүүс батал­сан хуулиа мэдэж л байсан нь тодорхой. Хуулийг үл хүндэт­гэдгээ, дур зоргоо­роо авирлаж сурснаа л илтгэж байгаа хэрэг. МАН-аас УИХ-д орж ирсэн гишүүд нь хувь хүний л шийдвэрээ ярина уу гэхээс албан ёсны бүлгийн шийдвэр гаргахааргүй болчи­хоод байна. Өөрөөр хэлбэл УИХ дахь ямар нэг субьект биш болчихлоо. Тэд бөөг­нөрч суугаад ямар нэг шийд гаргавал тэр нь хууль зүйн үндэсгүй. Зөвхөн хувь гишүү­дийн л санал болж таарна.

Энэ байдлаас гарахын тулд МАН хууль өргөн барих тухай яриад эхэлсэн. Хэн нэгэн, эсвэл аль нэг нам, бүлэг хууль зөрчихөөр араас нь залруулга болгож хуульд өөрчлөлт оруулна гэдэг өөрөө утгагүй юм. Хууль тогтоогчид нь өөрсдөө өөрс­дийнхөө нөхцөл бай­далд тааруулж, алдаагаа зал­руу­лах гэж хууль баталдаггүй гэж найдна. Тийм жишиг ч дэл­хийд байхгүй. Иймэрхүү бай­далтай хуулийг үл тоом­сор­лон, өөрсдөдөө зориулж хуулийг өөрчилвөл нийгэм тэр чигээрээ хямарна. Хууль тог­тоог­чид нь ингээд байвал хуулийг хэн хэрэгжүүлэх юм.

Хууль урагшаа хэрэгждэг боло­хоос ухарч арагшаа хэрэгждэггүй. Хэдэн жилийн өмнө хэн нэгэн Дорж, Дондог  хууль зөрчиж
төрийн өмч шамшигдууллаа гэж бодъё.  Түүний
хууль зөрчсөнийг зөр­чөөгүй болгох гэж хуулинд өөрчлөлт оруул­даг­гүй
биз дээ. МАН-ынхны одоо яриад байгаа зүйл
ч гэсэн үүнтэй утга адил.  Жирийн иргэн, нам хоёрт хууль өөрөөр үйлчилнэ
гэж заагаа­гүй бол шүү дээ.   Ер нь хуулийг тэнэгүүд баталсан байлаа ч ухаантнууд ч дагах ёстой болдог.
Нэгэнт ард түмэн виз дараад
хууль батлах эрхийг нь өгсөн бол хэн баталсан нь хамаагүй дагах л үүрэгтэй. Үгүй бол хариуцлагаа үүрэх
ёстой юм.  Мөн хууль хүчин
төгөлдөр үйлчилж
байгаа нөхцөлд нам эвсэл, эрхтэн дархтан хэн
ч байсан аль ч цаг үед дагаж
мөрдөх ёстой. Түүнээс биш хууль зөрчсөн нэг намын гишүүдэд
зориулж хуулиа өөрчлөх ёсон үгүй.

Categories
редакцийн-нийтлэл

Дасгалжуулагчийн сэтгэл дутлаа даа, манай тамирчдад

-ОРОСУУД МОНГОЛЫН БОКСЫН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН АРГА БАРИЛЫГ

ГУЧИН ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ ГЭЖ ШҮҮМЖИЛЛЭЭ-

Лондонгийн олимпод Монгол Улсыг төлөөлж 29 тамирчин спор­тын долоон төрөлд хүч үзэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүрт­лээ. Манай улс медалийн чана­раар 204 орноос 56 дугаар байрт шал­гарсан юм.

Энэ удаагийн олим­под 10820 тамирчин 26 спортын 302 төрөлд хүч сорьсон. АНУ, БНХАУ олимпийн наадмын эхний өдрөөс л түрүү байрны төлөө ширүүн өрсөлдсөн билээ. БНХАУ өмнөх олимпод үзүүлсэн амжилтаа дав­таж алтан медалийнхаа тоог ахиулна хэмээж бай­сан ч энэ удаад аман хүзүүдлээ. Америкчууд   “Лондон 2012” биднийх болно хэ­мээн наадмын эхнээс л ярьцгааж байсан нь биелж 46 алт, 29 мөнгө, 29 хүрэл нийт 104 медальтайгаар тэргүү­лэв.

ОХУ энэ удаагийн олим­под эхний гурван байрт баараггүй орно гэсэн зорилт тавьсан ч зохион байгуулагч орны багт байраа алд­лаа. Оросуудын хувьд дөрөв­дүгээр байрт шалгарсан нь хүсэн хүлээсэн амжилт нь биш гэцгээж байна. Тус улсын спортын мэргэ­жилт­нүүд “Үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж байсан” гэжээ.

Германчууд 11 алт, 19 мөнгө, 14 хүрэл медаль, нийт 44 медаль хүртэж зургадугаар байрт шал­гар­сан
бол тэдний өмнө БНСУ-ын баг 13 алт, найман мөнгө, долоон хүрэл,
нийт 28 ме­даль­тайгаар тавдугаарт орлоо. БНСУ-ын ам­жилт бол медалийн тоо чухал
биш, хамгийн гол нь чанар гэдгийг ха­руулав.

Харин манай спортынхны ху­вьд аль болох л олон медаль хүрт­вэл амжилт гэж ташаарч байна. Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хорооныхон энэ удаагийн олимпод монголчууд өмнө нь байгаагүй амжилт гаргаж тавын таван медаль хүртлээ гэх юм.

Гэтэл үнэндээ Лондонгийн олим­под манайхан 2008 оны Бээ­жин­гийн олимпод үзүүлсэн улсын­хаа чансааг бууруулчихлаа. 2008 оны олимпод манай улс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 31 дүгээр байрт шалгарч байв. Харамсалтай нь Лондонгийн олимпод энэ сайхан амжилтаа хорь гаруй байраар ухраачихав.

“Лондон-2012”-т манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Б.Наран­баатар (55 кг), О.Үйтүмэн (84 кг), П.Өнөрбат (74 кг), Ж.Чулуунбат (120 кг), Д.Отгонцэцэг (48 кг), С.Бямбацэрэн (55 кг), С.Батцэцэг (63 кг), О.Бурмаа (72 кг), жүдод Д.Төмөрхүлэг (60 кг), Х.Цагаан­баатар (66 кг), С.Ням-Очир (73 кг), Н.Түвшинбаяр (-100 кг), М.Уран­цэцэг (48 кг), М.Бундмаа (52 кг), Д.Сумьяа (57 кг), Ц.Мөнхзаяа (63 кг), П.Лхамдэгд (-78 кг) нар тус тус төлөөлөн барилдсан. Мөн усанд сэлэлтээр А.Тамир, Г.Оюунгэрэл, хөнгөн атлетикийн марафоны төрлөөр Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, буудлагаар Н.Баяраа, О.Гүн­дэг­маа, байт харваагаар Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, боксоор П.Сэр­дамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат нар тус тус эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Эднээс таван тамирчин нь медалийн тавцанд гарч, эх орныхоо далбааг Лон­дон­гийн тэнгэрт мандуулав.

Спорт сонирхогч, спортын мэр­гэ­жил­тэн, ажиглагчдын үзэж бай­гаа­гаар энэ удаагийн олимпоос манайх хоёроос гурван алт, дөр­вөөс таван мөнгөн медальтай байх байжээ. Манай тамирчдын нэг нийтлэг алдаа нь сэтгэлзүй. Жишээ нь, Ц.Мөнхзаяагийн хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялалт байгуулчихлаа хэмээн баярлатал шүүгч оноог нь цуцалчихсан. Ин­гээд л Ц.Мөнхзаяагийн хөл, гар нь хөдлөхөө байж, сэтгэлээр илт унасан нь хэнд ч мэдэгдэхээр, царайнаас нь анзаарагдсан. Ин­гээд тэрээр хүрэл медалийн төлөө барилдахаар гарч ирэхдээ аль хэдийнэ “Би ялагдах байх аа” гэсэн дүртэй, өөртөө итгэлгүй татамид гарсан. Барилдаан ч түүний бод­соноор болсон. Манай тамирчид ингэж л сэтгэл зүйгээр өөртөө ялагдлыг дууддаг. Ийм жишээг олимпод оролцсон манай бусад тамирчид ч гаргасан. С.Батцэцэгт аварга болох боломж байсан ч Японы бөх Ичо Каоритай барил­дахдаа нэг л бэргээд ер хөдлөөгүй. Зүгээр л шахуу ялалтаа өгчихсөн. Японы тамирчны олимпийн хошой, дэлхийн долоон удаагийн аварга, жиндээ дархлагдсан гэдэг нь өн­гөр­сөнд болсон явдал л даа, уг нь. Тухайн агшинд л хэн нь түрүүлж сэтгэж чадсанд нь л ялалт ирдэг. Манай тамирчид ингэж өр­сөл­дөг­чийнхөө цол гуншинтай “барил­даад” зүрх алддагийг сая та бид олимпийн үеэр харлаа.

Бас ялж яваад цагийн төгсгөлд оноо алдаад ялагдчихаж байгаа юм. Эсвэл хэт өөртөө бардсан байдлаар өрсөлдөгчтэйгээ хан­даад дийлдсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд л оролцож байгаа юм шиг ринг, дэвжээнд гүйж гараад л ялагдчихна. Олимп чинь улсын аварга шалгаруулах тэмцээн биш. Олимпийн наа­дамд шилэгд­сэн, эх ор­ноосоо шал­гар­сан Майкл Фелпс, Усайн Болт шиг та­мирчид ирж ан мана үзэлцдэг тал­бар гэд­гийг ма­найхан ухаа­рахгүй юм байх даа. Олим­пийн дэв­жээнд П.Сэр­дамба мон­­­­го­лын хөдөл­мө­рийн баатар байна уу, М.Бунд­­маа гавьяат та­мир­­чин байна уу, Х.Ца­­­­­­гаан­баатар дэл­­­­хийд чан­саа­гаараа тэр­гүүл­дэг бай­на уу, ер ха­маа­гүй.

Энэ бүхнийг ан­­­заа­рахад та­мир­­чид л ал­даа гар­гаад бай­­гаа юм шиг ха­рагдах ч  цаа­на нь ажиллаж бай­гаа багш, дас­гал­жуу­лагч, эмч, илээч, хол­боо­ныхон нь гээд маш олон хүнтэй шууд хамааралтай.

Лондонгийн олим­­пийн үеэр ма­най­ханд дас­гал­жуу­лагчийн ур чад­вар, сэт­гэл илт ду­тагд­сан төрөл бол бокс байв. Энэ ту­хай ОХУ-ын спор­тын мэр­­гэ­жилт­нүүд, бок­сын ах­мад дас­гал­жуу­лагч, тамирчид хүр­­­тэл шүүм­ж­лэ­л­тэй хандаж байна.

Тэд “Монголын боксчдод ур чад­вар, авьяас, хурд байна. Харин зөв тактик гэхээр юм ер алга. Энэ бол дас­гал­жуу­лаг­чидтай шууд ха­маа­тай. Ринг дээр ажиллаж байгаа Монголын боксчиноос эрч хүч ханхалж буй ч, ямар ч бокс хараг­дах­гүй байна. Монголын дас­гал­жуулагчдын ажил­лаж байгаа бай­дал гучин жилийн өмнөхөөс өөрчлөгдсөнгүй” гэсэн байна.

Оросууд
манайд атаархсандаа ч юм уу, Н.Төгсцогтод Мишагаа “зодуулчихаад” ингэж ярьсан хэрэг биш л дээ. Өөрийнх нь улсын тамирчин Миша Алояныг мөнгөн медалийн төлөөх өрсөлдөөнд 15:11 харьцаагаар ялсан Мон­голын боксчин Н.Төгсцогт тийм сүрхий юм бол аваргын төлөө яаж тоглохыг нь харъя гээд сууж байтал яалтгүй ч тамирчин нь ажиллаад байдаг, дасгалжуулагчийн нөлөө огт харагдахгүй байхад ингэж шүүмж­лэх нь зөв юм. Тамирчин нь эхний үед ялагдчихаад дас­гал­жуу­лагч дээрээ очоод буцаж тоглоход тог­лолт нь арай өөр болчихсон байдаг, өрсөлдөгчөөсөө оноо сал­гах хэмжээний дориун болчихдог.

Аваргын төлөө тоглосон Н.Төгс­цогт, мөнгөн медалийн төлөө тог­ло­сон У.Мөнх-Эрдэнэ нар дээр дасгалжуулагчид нь алдаа гар­га­сан. Тамирчид зөвхөн өөрсдийн сурсан дадал, туршлагаараа л   медаль зүүлээ. Үе дуусаад тамирчин бу­ланд очоод суухад дас­гал­жуу­лаг­чид тоглолтын өмнөх үеүдэд ана­лиз хийчихсэн, хамгийн хэрэгтэй зөв­лө­гөөгөө өгч амждаг. Завсарла­гаа­наар тамирчин руугаа ус ца­цаад, ал­чуу­раар сайн сэвснээрээ дас­гал­жуулагч болчихгүй. 

Хэрэв боксынхны дасгал­жуу­лалт арай өөр байсан бол манай дөрвөн боксчин дөрвүүлээ меда­лийн эзэд болох боломжтой байс­ныг боксын спорт сонирхогчид ярьж байна. Монголын боксын спортын ахмад дасгалжуулагчид “Манай боксчид чадалтай байсан ч тактик дутлаа. Тактик гэдэг чинь бөхөөр бол мэх шүү дээ. Боксчдод маань дасгалжуулагчид ер мэх зааж өгөхгүй юм. Завсарлагааны нэг минутад л дасгалжуулагч хүн тамирчнаа дасгалжуулдаг. Дас­гал­жуулагч тэрхэн агшинд л бүх юмаа хийдэг” гэж шүүмжилж байгаа юм.

Манайхан дасгалжуулагч бо­лон сэтгэлзүйн асуудлаас үүдэн медалийн төлөөх өрсөлдөөнөөсөө буусан ч энэ удаад таван тамирчин маань медаль хүртсээн. Н.Түв­шин­баяр тамирчны жинхэнэ араншинг гайхалтай харуулсаар аваргын төлөө барилдсан. Гэсэн ч бэртэл гэдэг бол ямар ч хүнийг мохоодог ч манай тамирчин гэмтлээ өрсөл­дөг­чөөсөө нууж “Эцсээ хүртэл үзнэ” гээд татамид гараад ялагдсан. Түүнтэй өрсөлдсөн ОХУ-ын тамир­чин Т.Хайбулаев дараа нь “Би монголын жүдочийн хөл нь гэмт­сэ­нийг медалийн тавцанд гарах үедээ л мэдсэн” гэж хэлж байхав.

Хорьхон насандаа олимпийн рингээс мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, гурав дахь олимпдоо хүч үзэж хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ нар хоёул аварга болох магадлалтай тамирчдын жагсаалтад байсан юм шүү.

Лондонгийн олимпод найман тамирчнаа оролцуулсан чөлөөт бөхийнхөн ганцхан хүрэл медаль хүртлээ. Түүнийг нь Москвагийн ДАШТ-д улсынхаа нүүрийг тахалж, чөлөөт бөхийнхнийг “аварч” бай­сан С.Батцэцэг авсан. Харин чө­лөөт бөхийн эрэгтэй тамирчид хан­галтгүй барилдсаныг хэн хүнгүй хэлж байна.

Ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны ХХХ олимпийн наадмыг Монголын баг тамирчид алдаа, оноотой, сургамжтай, оросуудын шүүмж­лэл­тэйгээр өндөрлүүллээ.

Спортын байгууллагын удир­д­лагууд “Бид энэ удаад таван ме­даль авч монголын түүхэнд гар­гаа­гүй амжилт гаргалаа” хэмээн тоон үзүүлэлт ярьж ард түмнийг хуу­рахын­хаа оронд шигшээ багийнх­ны дасгалжуулагчидтай тулж ажил­лаж, спортын сэтгэлзүйчдийн орон тоог гаргавал яасан юм гэж үзэгч түмэн үзэж байна. Харин манай тамирчид дасгалжуулагчгүйгээр бор зүрхээрээ өрсөлдвөл ямар ч байсан медаль авчихтайгаа болс­ныг та бид “Лондон-2012”-оос харлаа. Дасгалжуулагчийн сэтгэл дутлаа даа, манай тамирчдад.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Өргөдлийн байнгын хороог байгууллаа

О.БААСАНХҮҮ, Ц.ЦОЛМОН НАР ТАНГАРГАА ӨРГӨВ

УИХ-ын чуулган өчиг­дөр өглөө хуралдах зар гарсан байлаа. Өглөө хурал болсонгүй үдээс хойш 15.00 цаг хүртэл хойшлов. Ингээд үдээс хойш товлосон цагтаа хуралдсан чуулганд Ардын намынхны суудал эзэнгүй байлаа. Гэсэн ч энэхүү хурлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-д сонгогдож буй О.Баасанхүү, Ц.Цолмон нар тангаргаа өргөсөн юм. 

А.БАКЕЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА БОЛЛОО

Чуулганы нэгдсэн ху­ралдаанаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дар­гаа­раа УИХ-ын гишүүн А.Бакейг нэр дэвшүүлсэн. Тиймээс хоёр гишүүнийг тангараг өргөсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дар­гаар УИХ-ын гишүүн А.Ба­кейг сонгох эсэх асууд­лыг хэлэлцэж дэмж­сэнээр чуулган өндөрлөв.

Энэ өдөр Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын ги­шүүд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байлаа.  Ингэснээр УИХ-д Өр­гөд­лийн байнгын хороог ши­нээр байгуулж, УИХ-ын гишүүн гурваас дээшгүй байнгын хороонд харь­яа­лагдах тухай өөрчлөлтийг энэхүү хуульд оруулж байгаа юм байна.  Хуу­лийн дагуу тооцвол нэг байнгын хороо 10-19 ги­шүүнтэй байх аж. Тэгэ­хээр Ардын намынхан хуралдаа суухгүй байсан ч пар­ламентад олонхийг бүр­дүүлж байгаа бусад ги­шүүд байнгын хороод­доо хуваагдаж, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явах бололцоотой болох юм.  УИХ-д өргөн барьсан энэхүү хуулийн төслийг шинэ даргатай болсон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэл­цэхээр шийдэж, чуулганы танхимаас гарсан юм. Байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг дэмж­сэнээр эргээд чуулганы хуралдаанд оров.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Баяр­сайхан “УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчлөх үү” гэж асуув. Тэрээр “УИХ-аар аливаа хуулийг хэ­лэл­цэх хугацаа богино байна. Тиймээс Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа хуулийн төслийг өргөн баригдсан эхний долоо хоногт нь дан байнгын хороогоор хэлэлцэж, дараагийн до­лоо хоногт нь чуулганаар хэлэлцдэг байвал зүгээр байна.  Ингэвэл чанартай хууль гаргана” гэсэн са­наагаар энэхүү асуултыг тавьж байлаа. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд ха­риулахдаа “Дэгийн хуульд өөрчлөлт оруулж, засч залруулах зүйлүүд нэлээд бий. Энэ бол хэ­тэрхий модон хууль” гэв.  Чуулганы үеэр гишүүд ихэвчлэн УИХ-ын даргад асуултаа тавьж байсан юм. Тэгэхэд нь “Дэгээрээ бол гишүүд УИХ-ын дар­гаас асуулт асуух ёсгүй. Гэхдээ би байр сууриа илэрхийлж байгаа юм шүү” гэсэн тайлбартай хариулт өгч байв.

“УИХ-д Өргөдөл, гомдлын дэд хороо угаа­саа байдаг. Өргөдлийн байнгын хороо бай­гуул­бал энэ хороог яах вэ. УИХ-ын гишүүдэд иргэ­дийн зүгээс хувийн ча­нартай санал, хүсэлт их ирдэг юм билээ. Тангар­гаа өргөсний маргааш л ширээн дээр орон сууц, гэр гуйсан өргөдлүүд ир­чихсэн байх жишээтэй. Үүнийг Өргөдлийн байн­гын хороогоор хэлэлцэх юм уу. Засгийн газрын сайд хүн УИХ-ын гишүүн­тэй адил гурван байнгын хороонд харьяалагдаж болох уу” гэсэн Г.Уянга гишүүний асуултад Х.Тэ­мүүжин гишүүн хариулав. Тэрээр “Өргөдөл, гомд­лын дэд хороонд ажлын алба, төсөв хөрөнгө, турш­­лага байхгүйгээс бай­­гуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа хурал­даагүй.  Үнэндээ УИХ-д хаяглагдан ирсэн иргэ­дийн санал, гомдол, өр­гөд­лийн хариуг Тамгын газар явуулдаг. Гэтэл УИХ иргэдийн төлөөллийн бай­гууллага учраас ир­сэн гомдол, саналыг су­далж шаардлагатайг нь хэлэлцэж, иргэдийнхээ юу хүсээд байгааг мэдэх боломжтой болно гэсэн үг. Зарим иргэдийнхээ асуудлыг УИХ-аар хэ­лэлцүүлж, түүнд буруутай албан тушаалтан, тө­рийн албан хаагчид ха­риуцлага тооцох тухай хэлэлцэж болно. Ингэс­нээр манай УИХ жинхэнэ ардчилсан хэлбэрт шил­жих юм. Зарим хүний өр­гөдлийг судлаад тэр асуудлынх нь дагуу нээлт­тэй хэлэлцүүлэг явуулж болно” гэлээ. Зас­гийн газрын сайд УИХ-ын гишүүнтэй адил байнгын хороонд харьяа­лаг­да­хаар хуулийн тө­сөлд тус­гасан гэнэ. Ин­гээд чуул­ганы төгсгөлд уг хуулийн төслийг анхны хэлэл­цүүл­­гээр нь батлав.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Монголын төр том юм уу, МАН том юм уу?

УИХ дахь МАН-ын бү­лэг албан ёсоор бай­гуу­лаг­даагүй ч өчигдөр ху­рал­дав. Гэхдээ тус намын цөөн хэдэн гишүүн хурал­даа суув бололтой. Ямар ч байсан албан бус бүл­гийн даргаар сонгогдоод бай­гаа УИХ-ын гишүүн Н.Энх­болд, Батлан хам­гаа­­лахын сайд Ж.Энх­баяр, Хууль зүй дотоод хэр­гийн сайд Ц.Нямдорж нарын хэдхэн хүн хурлын тан­­химд сууж ха­рагдсан юм.

Тэд нэлээд хэдэн цаг хуралдсаны эцэст бүл­гийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх нэрээр цөөн хэдэн үг унагав. Тэрээр “УИХ-д үүсээд байгаа гацааг арил­­гахын
тулд манай намынхан Ардчилсан нам­­тай хоёр удаа уулз­сан. Ингэхдээ бид төрийн ажлыг цаашид гацаахгүй байх үүднээс УИХ-ын дар­гыг сонгосон ажлаа эргэж харах шаард­ла­гатайг
хэлсэн.  Мөн
Өвөр­хангайн маргаантай тойр­­гийн асуудлыг шүү­хээр шийдвэрлэхдээ  шүүгч
оролцогч, хариу­цагч талыг байл­цуу­лал­гүйгээр
богино хугацаанд гомдлыг хэлэлцсэн нь буруу. 

Тиймээс энэ хү­рээний асуудлын явцыг сая бүл­гийн хур­лаараа сонслоо. Ингээд бүлгийн гишүү­дийн олон­хийн хүсэлтээр “Ард­чил­сан намын­хан­тай МАН-ын бүлэг дахин ярилцаж,  зөвшилцлөө үргэлж­лүү­лэх ёстой гэж үзлээ. МАН-ын хувьд УИХ-д гурван ч бүлэг бай­гуулах дайны суудалтай  учраас Ард­чилсан нам асуудалд хүндэтгэлтэй хандана хэ­мээн найдаж байгаа” гэ­лээ. Ардчилсан нам цөөн­хөө нугачин да­рахгүй, тэдний тавьж бай­гаа шаардлагад хүн­дэт­гэлтэй хандана хэмээн итгэж байгаа юм байх. Гэвч Ард­чилсан нам өн­гөр­сөн да­ваа гаригийн бүлгийн ху­ралдаанаараа Ардын намын шаард­ла­гыг хү­лээж авах бо­ломж­гүй гэ­сэн шийдвэр гар­гачихаад байгаа. Гэтэл Ардын на­мынхан АН-ыг зөв­шил­цөхөөс нааш УИХ-ын чуул­ганд орохгүй хэмээн гэдийв. Энэ байд­лаараа төрийн ажил цэгц­рэх яа­гаа ч үгүй болж байх шиг байна.

Сонгуульд ялагдсан Ардын намын гомдол, тунирхал, гашуудал тай­лагдтал УИХ-ын чуулган хэвийн үргэлжлэхгүй, тө­рийн ажил явахгүй нь бололтой. Ардын на­мын­хан “УИХ-д бүрэлдсэн олонхи бидэнгүйгээр дар­гаа сонголоо. Манай нам түүхэндээ анх удаа ийм ичгүүртэй байдалд орж үзлээ. Төрийн тол­гойд үеийн үед сан­дайлж ирсэн ийм том намынх­ныг үл тоос­ны чинь ха­риуд төрийн ажлыг явуу­лахгүй. Ард түмний амьд­рал бидэнд пад­лий­гүй” гэдэг байр сууриар асуу­далд хан­даж байгаа юм. Үнэндээ Ардын намын арга эвийг олж, ааш аягт нь таа­руулахгүй бол Мон­гол Улс урагшаа гиш­гэх­гүй шүү гэдэг сануулгыг тэд өгөөд байна. Ингэхэд Монголын төр том юм уу, МАН том юм уу. УИХ-ын дар­гыг сонгох асуудлаар АН тэдэнтэй зөвшилцөх­гүй гэсэн юм биш. Тэд хуулийн дагуу зөвшилцөх бичгээ өгсөн. Даанч бич­гээ авчирч өгсөн байдлыг нь Ардын намынхан до­ромж хэлбэрийнх гэж үз­сэн учраас буруу харж суусан билээ.

Тэгээд “Төрийн ажлыг явуулж, ард түмэндээ амласан мөрийн хөтөл­бөрөө эхлүүлэхийн тулд УИХ-ын даргаа сонгох гэж байгаа бол манай намыг хүлээ. Бидэнд түү­нээс чинь чухал ажил их, завгүй байна. Эхлээд нам дотроо сандал суудлаа хуваарилаад авъя. Үүний дараа тэр төрийн ажилд чинь оръё” хэмээн томор­лоо. Ингээд улсын ажил зуун задгай байхад Ардын намынхан  Бага хурлаа хийж, бүтэн гур­ван өдөр төрийн ажлыг гацаасан. Өөрсдийг нь сонгож, олонхи болгоогүй  ард түмнээс хариугаа авч,  нэг ёсондоо хохи­роож байгаа нь энэ. Ар­дын нам хэзээний ийм хүнд сурталтай. Тэд намын эрх ашгаа хэзээд төр, ард түмний эрх аш­гаас дээ­гүүр тавьж ирсэн зантай. Ардын нам энэ цаг үеийг хүртэл ямагт ажлын өдөр намын хур­лаа хийж, тэр өдрийн төрийн ажлыг зогсоож, чуулган, байн­гын хороо­ны хурлыг та­сал­дуул­саар ирсэн. Энэ удаад ч тэр жишгээрээ явсан юм.

Намайг хэн тоохов, нохойг хэн саахав гэгчээр тэд олонхи байсан учраас тэгж дураараа загнадаг байсан биз. Харин одоо бол өөр. Цөөнх болсноо ухаарахгүй алтан загас­ны эмгэн шиг болж, бү­тэхгүй шаардлагуудыг АН-аас нэхэж, төрийн ажлыг гацааж байна.   Гэвч Монголд Ардын на­маас өөр нам байхгүй биш. Монголоо, төрөө, ард түмнээ гэх сэтгэлтэй бусад намууд нэгдэж тө­рийн ажлаа явууллаа.Төр засгаа эмхэлье, улс ор­ныхоо ажлыг урагш­луулъя гэсэн тэдний энэ үйлдлийг буруутгаж, Ар­дын нам байхгүй цагт төр оршихгүй хэмээн орилол­дож байна. 

Хууль дүрмийнхээ дагуу УИХ дахь бүлгээ байгуулаагүй байж “Өөрс­дийгөө хууль зөрч­сөн гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл бид Цэцэд хандчихсан. Тиймээс хэ­зээ ч бүлгээ байгуулж болно” хэмээн хуулийг намдаа тохируулан хээвнэг тайлбарласан нь  зөвхөн Ардын намд хууль үйлчилдэггүй, Монголд МАН-аас бусад нь хууль зөрчдөг  гэснээс ялгаагүй сонсогдож байгаа юм. Ард түмний сонголтоор гарч ирсэн нам улс орны эрх ашгийн эсрэг  зогсч, ард түмний толгой дээр гарах эрх байхгүй. Нэгэнт Ардын нам ийм зан гар­гаж байгаа учраас төрийн ажлыг гацаахгүйн тулд Ардын намаас төрд сон­гогдсон  гишүүдийг эргүү­лэн татаж, дахин сон­гууль явуулахаас өөр арга­гүй болжээ.

Я.МӨНГӨН 

Categories
редакцийн-нийтлэл

Есөн бүсгүйдээ захих үг

УИХ-ын 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэг­дүүлэх тал дээр манайхан хаа хаанаа л хичээв. Сонгуулийн тухай хуулиндаа квотын асуудлыг ший­дэж, олон улсын байгууллагуудаас эхлээд төрийн бус байгууллагаа хүртлээ нийгэмдээ хандсан ухуулга сурталчилгаа багагүй явуулсан билээ. Төрийн тэргүүн хүртэл “Би үнэхээр эмэгтэйчүүдийг улс төрд орж ирвэл итгэнэ. Эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь харж байдаг. Эмэгтэй хүн олдсон эрх мэдлээ хуваадаг, олдсон баялгаа хуваадаг юм. Эмэгтэй авлигач гэж сонссон уу, эмэгтэй дарангуйлагч гэж сонс­сон уу. Эмэгтэйчүүдийг Монголын төр бүх шатанд дэмжих ёстой” гэж нийслэлийн иргэдтэй уулзах уул­зал­тын үеэр байр сууриа илэр­хийлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч улс төр дэх эмэг­тэй­чүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд нийтлэлийн бодлогоо чиг­лүүлж, өдөр тутмын сонины эмэг­тэй эрхлэгч нар нэгдэн улстөрч эмэгтэйчүүдээ дэмжин сонины зай талбайнаас эхлээд бүхий л боломжоороо дэмжиж байсан. Сэтгүүлч миний бие “Гурвыг гуч болгоё” хэмээн бичиж байсандаа өнөөдөр баяртай байна. Гуч болоо­гүй ч гурав дахин олуулаа болсонд. Ер нь Монголын нийгэм хэр хэрээрээ л дэмжсэн юм.  Хэдий­гээр 2008-2012 онд парламентанд сууж байсан гурван эмэгтэй гишүү­ний тоо гурван гурвын ес болж үржсэнд олон хүн сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ заавал эмэгтэй хууль тогтоогчийг өсгөх тоон ялгаан­даа бус харин Монголын нийгмийн тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл шийд­вэр гаргах түвшиндээ харь­цаа, дүн бараа нь ойролцоо байх ёстой гэсэн шударга зарчмын төлөө шүү дээ.

Ямартай ч УИХ маань дөрвөн нам эвслийн бүр задалбал таван ч намын (АН, МАН, МҮАН, МАХН, ИЗНН) есөн эмэгтэй гишүүнтэй боллоо. Энэ бүсгүйчүүд маань төр түшилцэх түүхэн үүрэг хүлээснээ­сээ гадна Монголын төр дэх хүйсийн тэгш байдлыг тогтоох, эмэгтэйчүүд улс төрд орсноор юуг эрүүлжүүлж, юуг өөрчилж чадах вэ гэдгийг батлах давхар үүрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ парламентын эрчүүдээс илүү үүрэг, хатуу хариуцлага та нарт ногдож байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Үнэхээр энэ төрд бүсгүй хүний хатан ухаан дутаж байжээ, аав эжий хоёрын арга билгийн ухаанаар айл гэр явдаг шиг энэ төрд эрэгтэй, эмэгтэй түшээдийн уралдуулсан ухаанаар улс хөгжих нь гэдгийг баталж өгөх үүрэг та хэдэд байна. Магадгүй үүнээс өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүдэд ийм шаардлага ч байгаагүй, дараа дараагийн бүсгүйчүүдэд ч ийм хэрэг гарахгүй байх. Харин та бүхэнд л ийм торгон ир дээр төр түших хувь ногджээ.

АН-ын Ц.Оюунгэрэл, М.Бат­чимэг, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, МАН-ын Д.Оюун­хорол, ИЗНН-ын С.Оюун, “Шударга ёс” эвслийн Г.Уянга, З.Баянсэлэнгэ та есөн гишүүнд шүү дээ. Хэрэв БЗД-ийн дахин санал хураалтаар экс гишүүн Д.Арвин ороод ирвэл арав болно.

Саяхан УИХ-д сонгогдсон эмэг­тэйчүүд маань нэгдэж эмэгтэй­чүүдийн бүлэг байгуулсан, сайхан л харагдаж байна лээ. Гэхдээ бүлэг байгуулж нийгэмд сайхан харагдах нэг хэрэг. Харин үйл хэргээрээ зөв харагдаж, батлах л чухал шүү дээ.  Одоо Монголын нийгэм тэр чигээрээ та хэдийг ажиж байна. “Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж өөлөн суугаа эрчүүд, эмэгтэй­чүү­дэд санал өгөхдөө хамгийн хойрго эмэгтэй сонгогч нар, Монголын төр эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж төрийн тэргүүн юунд хэлэв хэмээн толгой гашилган суугаа улс төрийн идэвхтнүүд бүгд л та нарыг ажиж шинжин суугаа. Эмэгтэй түшээд бодлого ярьж ухаан уралдуулах нь уу, хов ярьж хөгөө чирэх нь үү гэсэн мянга мянган нүдний хурц хараан дор ирэх дөрвөн жилд та бүхэн маань ажиллах нь.

Шинэ цагийн Монголын улс төрийн үүх түүхийг ажиглаад бай­хад эмэгтэй улстөрчдийг нохойд барьдаг мод шигээ хандах гээд байдаг тал их. Барьж байгаа улсууд нь нөгөө эрчүүд л дээ. Аль ч улс төрийн хүчинд энэ байдал ажиг­лагддаг. Эмэгтэйчүүдээ хооронд нь өрсөлдүүлж, улс төрийн тэмцэл хорондоо хамгийн түрүүнд нөгөө хэдээ л барьдаг. Харин сүүлд нь “Хүүхнүүд та нар л өөрсдөө ингэдэг шүү дээ” гэж даапаалах нь бий. Нам дагаж улс төр хийх гэж байгаа хүүхнүүд ч хоорондоо өр­сөл­­дөж, эрчүүдийн ховын хутгуур, гар хөл болж ирсэн эмгэнэлт түүх бий. Ай даа, одоо та хэд ухаантай­хан ажиллах цаг энэ шүү.

Өнгөрсөн хэдэн хоногийн хугацаанд болж буй үйл явдлууд дээр бүсгүйчүүд байр сууриа сүрхий яарангуй илэрхийлсэн харагдана лээ. Илэрхийлэх ч ёстой биз. Зарим нь зарганд яараад ч байх шиг.

Ингэхдээ жин дааж, ухаан зарж байр сууриа илэрхийлээсэй билээ гэж хамгийн түрүүнд бодогдож байлаа. Эмэгтэй хүн хичнээн мундаг байлаа ч эрчүүдэд заавал давуу тал нь оччих гээд байдаг шударга бусын ялгаа энд тэндгүй байдаг. УИХ-ын чуулганы танхимд Д.Тэрбишдагва гишүүн С.Оюун гишүүн рүү, Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж гишүүн Б.Мөнхтуяа гишүүн рүү дайрч давшилж байхад сурвалжлага хийгээд сууж байлаа. Тэгэхээр төрийн түшээдээсээ эхлээд үзэл бодол нь эмэгтэй улстөрчдийг хүлээн зөвшөөрөхдөө маруухан хөрсөн дээр бид амьдарч байна. Эрэгтэй улстөрчдөөс давж үг хэлсэн ч тэнцүүлж хүлээж авдаг уламжлал дээр бид зогсч байгаа. Зөв мэдэгдэл, алхам хийсэн ч сөргөөр нь хүлээн авах нь элбэг нөхцөлд байна. Тиймээс хэлж буй үг, мэдэгдэж буй байр сууриа илэр­хийлэхдээ далд давхрыг сайтар бодоосой гэж хүснэ. Бас өөр хооронд яс хаях нь элбэг эрэгтэй улстөрчдийн тоглолтод аль болох орохгүй бол сайн юмсан.

Саяхан болсон МАН-ын Бага хурал гэхэд эмэгтэйчүүдийн асууд­лаа­саа болж хоёр өдөр саатсан гэлцэнэ. Удирдах Зөвлөлд багтаах эмэгтэйчүүдийн нэр дээрээс болж багагүй маргажээ. Дам дуу­лахнээ экс дарга нь буюу эрэгтэй улстөрч өөрийн гар хөлийн хүнээ шургуу­лах гээд хүүхнүүдээ хооронд нь үзэлцүүлсэн бололтой юм. Үүний тулд олонхийн санал аваад явж байгаа хүнээ хараахан олныг авч чадаагүй хүнээр солихын тулд заалнаас бас нэг эмэгтэй хүнээр санал гаргуулжээ.

Ядахад өнөөх эмэгтэй нь МАН-ын Бага хурал болгон дээр эцсийн мөчид босч санал гаргаж, хор найруулгын гар хөл болдог эмэгтэй гэж ирээд МАН-ын Бага хурлын гишүүд нь бөөн уур унтуу. М.Энхболдыг намын даргаас нь унагаж С.Баярыг болгоё гэдэг санал гаргадаг шигээ л бөөн юм болсон юм даг уу даа. Хамгийн гол нь эмэгтэйчүүд маань эрчүүдийн улс төрийн тоглолтын гар хөл болж, түүнийг нь олон нийт хүлээж авах­даа “Эмэгтэйчүүд ингэнэ дээ” гэж сөрөг ойлголтоо лавшруулаад байх нь нийт бүсгүйчүүдэд хөнөөлтэй юм аа.

Шар будаатай цай шиг бужиг­насан он жилүүд бидний өмнө байна. Ирэх дөрвөн жилийн улс төрийн дэргэд өнгөрсөн
жилүү­дийнх хүүхдийн наадгай шиг байх биз. Үзэл бодлоо илэрхийлж, улс төрөө хийлгүй
яахав. Гэхдээ 2012-2016 оны парламентад суух нэр бүхий та есөн
гишүүн түүхэн үүрэг хариуцлагыг хүлээж
байгаа гэдгээ бүү мартаарай.
Тэтгэврийн насны ахмадууд, ид насны бүсгүйчүүд, оюутан охин, сургуулийн сурагч, цэцэрлэгийн жаахан
охидын өмнө та бүхний хүлээх
хариуцлага саналаа дугуйлж танд саналаа өгсөн хүмүүсийн
эрхтэй зэрэгцэн оршихыг бүү
мартаарай.

Categories
редакцийн-нийтлэл

МОНГОЛ АРДЫН НАМД хариуцлага тооцох цаг болжээ

Хуучин Ху-гийн хүнд жин­гийн коммунистууд төрийн ажлыг гацаадгаараа гацааж, хойш нь улдан чангааж бай­на. Ардчилсан намд ялагд­сандаа бүр нэг хорсон зэвүү­цэж Их хурлын чуулганд ч суухаа болилоо. Хууль бу­саар төрийн түшээд болцгоо­сон юм аа гэдгээ хүлээн зөв­шөөрч байгаа мэт чуулганы танхим руу шагайхаа ч бай­лаа. Ард түмнийхээ өгсөн саналыг ийн үл хүндэтгээд зогсохгүй, биднийг яах гэж цөөнх болгосон юм хэмээн тавлан ихэрхэж байх шиг. 

Ер нь ч ингэсээр ирсэн дээ. Тэд хэзээ ч эгэл жирийн иргэдийнхээ төлөө байгаагүй. Төрийн ажил цалгардан, улс орон эдийн засгийн хувьд элгээрээ хэвтэж байхад Ар­дын намынхан амин хувиа л хичээдэг байсан. Тэр нь олон зүйлээр нотлогддог.   Ардчил­лын туг барьж, өөрчлөлт ши­нэчлэлтийг өөрсдөөсөө эхэ­лье гэсэн залуус малыг малчдад нь хувьчлахаар, нэгдэл нийгмийн ялтай ма­лаас ард түмнээ салгахаар, өрх гэрийнх нь өмч болгохоор манаргаж байсан цагийг хүн бүхэн мэдэж байгаа. Мал буяныхаа ашиг шимийг хүр­тэж, өнчин ганц ишигний мэдэлгүй байсан олон нуруу тэнийгээд зогсохгүй өнөөгийн нийгэмд баялаг бүтээгч, нэг үгээр хэлбэл баячууд болсон. Тэд бол бүр ч сайн мэдэж байгаа. Улсын аварга малч­дыг анзаараад байхад нэг­дэл нийгмийн хувьчлалын үеэр өөрт оногдсон хувьцаа­гаа авч хөдөө гарсан хүмүүс л байдаг.

Гэтэл тэр үйл явцыг хуучин Ху-гийнхан хэрхэн хүлээн авч, малыг хувьчлахгүй гэж дээр дооргүй зүтгэцгээн, суртал ухуулга хийж байлаа даа.  Ардчиллынхан малыг малч­дад нь хувьчилсан шигээ хот хүрээнийхэнд орон байрыг нь үнэгүй өгсөн. Засгийн бай­ранд сууж байгаадаа гэж бодохоор л гол нь харлан бүтэн нойртой хонож чадахаа байж, хэдэн хүүхдийнхээ ирээ­дүйн төлөө шаналж суу­сан иргэдэд Монголын ард­чилал, өнөөгийн ардчиллын лидерүүд нэг л өглөө байрыг нь өгсөн дөө. Хүн бүхний нуруу тэнийн аз жаргал хөөр баярт умбаж төрийнхөө ал­тан соёмбонд залбирч суу­сан нь мэдээж. Гэтэл мөн ялгаагүй, уг үйл хэрэгт өнөө коммунистууд чинь гай болж бас л төр засгийн ажлыг га­цааж хурал хаяж авирлад­гаараа авирлаж байлаа. Зөв­хөн дээрх хоёр жишээн дээр ч биш. Ерөөс олон түмний баталгаат амьдрал, сайн сайхны төлөө хийсэн бүх үйлдэлд тэд тээг саад бол­соор ирсэн. Газрыг хувьч­лахад яалаа, гадаад паспорт­той болоход “энэ ардчилал гэж огт хэрэггүй зүйл. Ард олныг мунхруулж гүйцлээ” гэцгээж байсан. Өнөөдөр нүү­дэлчин Монголын ард түмэн, ардчиллын буянаар дэлхийн соёлт улс орнуудад хэнбугай­гаас ч хараат бусаар зорчиж, ажиллаж амьдарч байна. Тэ­гэхээр ардчиллынхны санаж сэдэж, хуучин коммунис­туудтай тулалдан байж гүй­цэтгэсэн ажил ард түмэнд хэрхэн өгөөжөө өгснийг, улс орны хөгжил дэвшил цэцэг­лэлтэд ямар гавьяа байгуулс­ныг бид харж байна. Өнгөр­сөн хорь гаруй жилийн цаг хугацаа үнэн мөнөөр нь харуулаад өглөө шүү дээ.

Хуучин Ху-гийнхан улс эх оронд тустай, ард түмний ахуй амьдралд шууд хамаа­ралтай бүтээн байгуулалт болоод бүхий л үйл явцад саад тээг болохоос гадна улс төрийн хүрээнд дандаа хо­рон санаа агуулсаар ирсэн. Засаг төрийг гацаах тэдэнд юу ч биш. Төр засгийг өөрс­дийнхөө дураар өөрчлөх гэж тусгай төлөвлөгөө боловс­руулан хэргээс сарниаж, бу­таргаж, хагалж, нам эвслүү­дийн дунд чулуу, мод шидэж ирсэн хүмүүс. Түүндээ бүр нарийн гаршсан гэж байгаа. Эвслийн Засгийн газрын үед Их хуралд нөхөн сонгуулиар орж ирсэн Намбарын Энх­баяр УИХ дахь Ху намын бүлгийн ахлагч болонгуутаа Засгийн газрыг унагах асууд­лыг хамгийн түрүүнд сөхөж байсан түүхтэй. Төрийн шаг­налт нэрт нийтлэлч, эдийн засагч Баабарын гардан хий­сэн санхүү банкны шинэч­лэлийг тухайн үеийн сөрөг хүчний егзгөрүүд мөн л хү­лээж авахгүй хэчнээн ч өдөр хурал хаяв, түүнээс улбаалан Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч байсан удаатай. Тэд ингэж л засаг төрийн ажлыг өөрсдийнхөө санаа бодолд нийцүүлэх гэж сурс­наараа хурал хаядаг байсан даа. Түүнийхээ хүчинд ч дөр­вөн жилийн хугацаанд дөр­вөн Засгийн нүүр ард түмэнд харуулан алдаа мадгаа ард­чиллынхан руу аймшиггүй­гээр тохож өөрсдөө нэр цэвэр үлдэж байлаа.  

Хоёр мянган оны сонгуу­лиар Их хурлын 76 суудлын 72-ыг эзэлж засаг төрийг бүрэн өөрийн хяналтдаа авсан. Тэр цагаас хойш Мон­гол Улсад хууль шүүх гэсэн байгууллага байхаа больж, Ху намын гишүүн л бол гэ­рийн нохой сүүл өөдөө гэдэг шиг дураараа авирладаг бай­­лаа. Улс орон нэг намын систем рүү бүрэн шилжсэн байлаа. Ард түмэн ардчилсан хүчинд саналаа өгөхөд авто­матаар Хувьсгалт намынх болж байлаа. Авлига хээл хахууль хэрээс хэтэрч, зөвхөн намын дарга, Ерөнхий сайд нь хаан шиг байгаад зогсох­гүй эхнэр хүүхдийнх нь эрх мэдэл ч дийлдэхээ байсан. Улс төр судлаач, нийгмийн сэхээтнүүдийн хэлдгээр 2000 оноос Монгол Улс бүрэн ялз­ралд автсан билээ.

Тэрхүү төрийн ялзралыг байхгүй болгох гэж, даран­гуйлагч намын системээс улс орноо гаргах гэж Ардчилсан намынхан байдгаараа л зүт­гэж байна. Тэдэнд ард түмэн итгэж байна. Ер нь ч итгэсээр л ирсэн. Тэрхүү итгэл өнөө жилийн сонгуулиар харин бага ч болов баталгаажих шиг боллоо. Тэгтэл байдаггүй ээ, өнөө коммунистууд чинь сур­сан занг сураар боож бол­доггүйн адил төрийн ажлыг гацааж орхив.  Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн дагуу шинэ парламентын анхны чуулганыг даргалаад 2012 оны Их хурлын ээлжит сон­гуулиар төрийн түшээгээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөсөн цагаас хойш ямар хугацаа өнгөрч байгаа билээ. Их хурлын даргыг сонгоход Ар­дын намынхан төр засгийн ажил бидэнд падгүй гээд на­мынхаа Бага хурлыг хийсэн. Өнөөдөр хүмүүс яанаа  ийнээ “Ардын намынхан чинь арай дэндүү олон хоног төрийн ажлыг гацааж байна шүү” гэцгээн улс орныхоо хувь заяа, өөрсдийнхөө амьдралд санаа зовсон байдалтай  өөр хоорондоо ярилцаж байна. Энэ хэдхээн хоног бол Ардын намынханд юу ч биш ээ. Дахиад хэдэн сар жил төрийн ажлыг гацаахыг таашгүй. Уг нь одоо 1996-2000 оных шиг төрийн ажлыг гацаадаг нөх­цөл байдал ч өөрчлөгдсөн, ард түмэн ч ялгадаг болсон гэдгийг ойлгомоор юм. Гэвч тэдний байдлыг харвал төсөв батлахгүй, шинэ ший­дэмгий ажлуудад гар бие оролцох­гүй. Харин чуулганд хаа нэг орж ирэхээрээ дахин сон­гууль явуулна гэж л үзэх нь. Өөрсдөө л дарга сайд болж, эрх мэдэл албан тушаалд очихгүй л бол ард түмний амьдрал, улс орны хувь заяа энэ нөхдөд үнэндээ падлий­гүйг Монголын ард түмэн эрх биш ухаарч байгаа байлгүй дээ. Уг нь одоо хад­лан, өв­лийн бэлтгэл гээд хийх зүйл их байна. Төрийн залгамж бодлого ямар ч үед явж л байх ёстойсон.

Энэ бүхнийг эргэцүүлж бодохоор Ардын намынханд хариуцлага тоо­цохоос өөр аргагүй байгаа юм. Зөвхөн хариуцлага тоо­цоод зогсох­гүй улс төрийн тавцангаас бүрмөсөн арч­маар байна л гэж үзэх учир­тай. 

Соц нийгмийн үед хуучин Ху-гийнхантай ижил үзэл бодолтой байсан улс орнууд ардчиллын зам мөрөөр зам­нахдаа өнөө үзэл сурталж­сан намаа яаж үгүй хийсэн билээ. Улс төрийн тавцан­гаас бүрмөсөн арчиж, нийг­мээ тэр чигээрээ нь цэвэр­лээд хөгж­лийн зам руугаа орсныг хүн бүхэн мэдэж бай­гаа. Тэдгээр улс орнууд л өнөөдөр дэл­хийн хөгжлийг тодорхойлж явна. Гэтэл Мон­гол Улс өнөө л хатуу харгис коммунис­туудтайгаа зуурал­даж ураг­шилдаг ч үгүй. Урагш­лахаар барахгүй  улам л хойш суу­саар байна. Гол нь энэ намыг татан буулгаа­гүйгээс ийм байдалд хүрлээ. Улс орны­хоо хөгжил цэцэг­лэл­тэд гар бие оролцож урагшлуул­даг­гүй юмаа гэхэд хойш нь улдан чангаадаггүй нам хүчинтэй болох цаг Мон­голын улс төрд хэдийнэ ир­жээ. Цаг үе ч шаар­даж байна. “Хуучин Ху намынхныг татан буулгаа­гүйгээс бид асар ихийг алд­санаа өдөр ирэх тусам ухаа­рах юм” гэж ардчи­лагчдын ярьдаг гарцаагүй үнэн бо­лолтой.

Н.ГАНТУЛГА