Ж.Жигмэддорж начин гэргий охины хамт
Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Соёл–Эрдэнэ” нэгдлийн редактор, МЗЭ–ийн шагналт зохиолч, сэтгүүлч Жигмэддоржийн Сарантуяатай ярилцлаа.
–Аав тань “Ноёны бөх” хэмээн алдаршсан улсын цолтой хүн байсныг олонтаа сонсч байлаа. Аль нутгийн хүн байсан бэ?
-Завхан
аймгийн Алдархаан сумын хүн юм. Бүхий л насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан онц тээвэрчин байлаа. Намайг дөрөв, таван настай байхад шиг санагдана. Тавиад оны дундуур юм даа. Аав кинонд тоглоно гээд үсээ хусуулчихсан гэртээ ирлээ. Би айхдаа орон доогуур нуугдаж билээ. “Миний охин ааваасаа битгий ай. Удахгүй аав нь зурагтаар гарна” гэж чихрээр хуурч байж намайг орон доороос гаргаж авч билээ. Аавыг кинонд тоглосны дараа хүүхдүүд намайг “Ноёны бөхийн охин” гээд явуулдаггүй байсан. Тэгэхээр нь миний хор шар хөдлөөд “Би тэр ноёны бөхийн охин чинь мэдэв үү, Жигмэддоржийн охин” гээд гэртээ уйлж ирдэг байсан сан.
-“Ардын элч” кинон дээр ноёны бөх болж тоглодог бил үү?
-Тийм
ээ, Дэжидийн Жигжид гуайн найруулсан “Ардын элч” кино. Манай аав чинь өндөөр мантгар цагаан хүн байсан. Тухайн үедээ сайхан залуучуудын нэг л явж дээ. Жигжид гуай, ноёны бөх ийм л мантгар цагаан хүн байх ёстой гэж бодсон уу, яасан бүү мэд. Ямар ч байсан аавыг кинондоо тоглуулсан түүхтэй. Аав дахиж дэлгэцэнд дүр бүтээгээгүй. Хүмүүс янз бүрийн дүрд тоглуулахаар тухайн үед санал болгодог байсан гэдэг. Аав болохоор “Ах нь одоо болно доо. Дахиж кинонд тоглоод яахав. Тээвэртээ явж байвал л барав” гээд огтхон ч халгаадаггүй байж.
–Тавиад оны дундуур байна уу даа, улсын цолонд хүрсэн байдаг. Чухам ямар бөхчүүдийг давж цолонд хүрснийг нь мэдэх үү?
-Тавин
найман онд улсын цолонд хүрсэн байдаг. Хэн гэдэг алдартнуудыг давж начин болсныг нь мэдэхгүй юм. Бага байсан болохоор санадаггүй. Аав нас нэлээд явчихсан хойноо барилдсан. Тээврийн тэрэгнийхээ хийтэй дугуйг машиныхаа тэвшин дээгүүрээ хэд хэдэн удаа давуулаад шидэхийг нь нүдээр үзсэн авто баазын дарга нь анх аавыг бөхөд уруу татсан байдаг шүү. Түүнээс идэр залуу үедээ барилдсан бол начин цолоор тогтохооргүй бөх байсан гэж олон хүнээс сонсч байлаа. Аав ч өөрөө хэлдэг байсан. Биднийг багад манайхаар бөхчүүд их ирнэ ээ. “Хулгар” Дамдиндорж гэж өмсдөг дархан мэхээрээ зартай бөх аавтай тун дотно байсан. Д.Цэрэнтогтох аварга бөхийн ертөнцөд анх л тодорч байхдаа аавыг барааддаг, манайхаар ирж ээжийн гарын хоолыг иддэг байсныг санаж байна. Мөн Б.Батхуяг гэж начин байсан даа. Бүтэн өнчин, асрамжийн газрын хүүхэд байсныг бөх сонирхогчид мэдэх байх. Тэр бөх аав ээж хоёрын хүүхэд нь юм шиг л байдаг байсан. Их иднэ, цадна гэдгийг мэдэхгүй. Их иддэг хүнд аав дуртай гэж жигтэйхэн. “Энэ Батхуягийг өргөөд авчихдаг юм шүү” гэж ээжид хэлдэг байж билээ. Бид чинь эхээс зургуулаа. Бүгд охид. Эрэгтэй хүүхэдгүй болохоор ижий аав хоёр минь тэгж боддог байсан байх. Гэхдээ Батхуяг начин манай хүүхэд болоогүй л дээ.
–Жигмэддорж гуайн хувьд ийм байж. Одоо яриагаа өөр лүү тань хандуулъя. Та хэдэн настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Их
л багаасаа шүлэг зохиол сонирхдог байж дээ. Долдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа ханын сонинд хоёр шүлгээ анх гаргаж билээ. Харин түүний дараахан Соёлын гавьяат зүтгэлтэн, танай сонины сэтгүүлч Галсангийн Жамьян гуай миний хоёр шүлгийг тухайн үеийн “Улаанбаатарын мэдээ” сонинд гаргасан юм. Долдугаар ангийн хүүхэд төвийн томоохон хэвлэлд шүлгээ нийтлүүлнэ гэдэг хэр баргийн хүнд олдохгүй хувь заяа биз дээ. Баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гарч гүймээр ч юм шиг, хэн нэгэнд хэлмээр ч юм шиг санагдаад л. Сэтгэл тогтохгүй л байсан хэрэг. Тэгээд хоёр наймын хувин бариад зуслангийн худаг руу очиж билээ. Баахан хүмүүсийн ард зогсож байхдаа “Намайг сонинд гарсныг энэ хүмүүс мэдэж байгаа болов уу” гэж бодоод, хэрэндээ л онгирч байж дээ.
–Утга зохиолын томчуудад тоогдож эхэлсэн үе гэвэл хэдийнээс билээ?
-Арван
жилийн сургуулиа дүүргэсний дараахан Зохиолчдын хороог сурсаар очлоо. Яруу найргийн эрхлэгч нь Б.Явуухулан гуай байсан үе. Зохиолчдын хороог ёстой нөгөө лаврин шиг тансаг юм байдаг байх гэж бодтол өрөө бүрээс тамхины утаа суунагласан газар байж билээ. Явуугийн өрөөний үүдэнд очоод “орох уу” гэтэл чимээгүй байгаад байх юм. Арай дүлий хүн биш байгаа даа гэж бодлоо. Дахиад орох уу гэтэл сая нэг юм “Ор оо…” гэж хөндийдүүхэн дуугарч байна. Яваад орлоо. Ус нутаг, ижий аавын тухай асууж байна. “Хэддүгээр ангиасаа бичиж эхэлсэн бэ” гээд хэдэн шүлгийг минь уншиж үзсэнээ бас ч хоосонгүй юм аа гэв. Тэгээд “Цог сэтгүүлийн “Оч” булан гэж байдгийг мэдэх үү гэлээ. Би ч шуудхан толгой дохилоо. “Нацагдорж гэж сахалтай цагаан залуу бий. Түүнд зураг, шүлгээ өг” гэсэн юм. Ингээд л Зохиолчдын хороог зорьж очингуут Явуу гуай хүлээж аваад “Оч” буланд өмнөтгөл бичин хэдэн халтар шүлгийг минь гаргасан түүхтэй. Харин анхны номыг минь Сономын Удвал гуай эх барьж авсан юм.
–Өө тийм үү?
-“Учраагүй
яваа ханьдаа” нэртэй анхны шүлгийн ном маань шүү дээ. Төлөвлөгөөнд номоо өгчихөөд бөөн баяр явж байтал нэг өдөр миний ном батлагдсан гэх сураг дуулдав. Тэр үед гар утас гэж байсан биш. Автобус унаа дамжин Зохиолчдын хороо руу чавхдаж очлоо. С.Удвал дарга “Би энэ хүүхдийн номыг эх барьж авна шүү” гэж өөрөө хэлсэн гэдэг. Тухайн үед С.Удвал гуай эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байлаа. Намайг өрөөндөө дууджээ. Баахан айж сүрдэх нь мэдээж. Ямар сайндаа л эгчийнхээ тэрлэгийг гуйж өмсөн, үсээ буржийлгасан байснаа шулуун болгож хоёр салаа самнаж байхав дээ. Удвал даргын өрөө том гэдэг хэлэх юм биш. Алхаад л байхад газар хорж өгдөггүй. Тэгтэл “Чи наашаа хүрээд ир л дээ. Би чамайг бариад идчихгүй” гэж байна. Тэгээд хоёул нэг, хоёр үг солиход хөшсөн бие минь тавираад ээжтэйгээ, эсвэл эгчтэйгээ сууж байгаа мэт болов. Тэгтэл нарийн бичиг нь Оюун дарга ирлээ гэж байна. Удвал гуай оруул гэлээ. Орос цэргийн дарга шиг дэп дап хийсэн хүн орж ирээд нэг их том дипломат цүнх ширээн дээр нь шидчихлээ. Миний айсан гэж жигтэйхэн. Эхний айдсаасаа гарч ядаж байтал дахиад л нэг айдастай тулгарч билээ. Тэгж л Монголын аварга хоёр зохиолч эмэгтэйг нэг дор анх харж байв. Сүүлд нь би Удвал гуайн “Сэтгэлийн өргөл” яруу найргийн номыг нь редакторлож байсан юм. Тэр сайхан хүнтэй холбогдсон хувь заяандаа сүсэглэж явдаг даа.
–Та чинь Горькийн сургууль төгссөн цөөн хүүхнүүдийн нэг дээ?
-Би
чинь тэрхүү дэлхийд алдартай сургуульд хожуу явсан хүн юм. 1980-1986 онд суралцаж төгссөн. Сэлэнгийн Цэндийн Нямаа, Дамбын Төрбат бид гурав шалгалт өгч байлаа. Тэгтэл Төрөө маань унаж, Нямаа бид хоёр тэнцсэн. Бага сага орос хэлний мэдлэгтэй байсан минь нөлөөлсөн байх. Би чинь Горькийн сургуулийн үндсэн ангийг төгссөн шүү дээ. Намайг сурч байх үед Горькийн сургуулийн дэргэдэх дээд курст Жагдалын Лхагва, Дөнгөтийн Цоодол, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Санжжавын Оюун гээд аваргууд сурч байлаа. Надаас хойш яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын чиглэлээр Горькийн сургуулийг дүүргэсэн эмэгтэй зохиолч Монголоос алга. Миний бие Горький төгсч ирээд “Хүний хүн” гэж богино өгүүллийн түүвэр, зураач Байдытай хамтарч “Хошин хөрөг” нэртэй элэглэлийн ном гаргасан. Одоо бол хэд хэдэн ном байж л байна.
–Телевизийн буянаар Монголын үе үеийн бүхий л алдартнуудтай уулзаж, яриа хөөрөө авч явсан. Тэр бүгдийг дурсана гэвэл барагдахгүй байх?
-Өө
хэлэх юм биш. Монголын урлаг, соёл, утга зохиол, кино жүжгийн нэрт мастеруудтай өөрийн тань хэлснээр телевизийнхээ буянаар ойр явж иржээ.
Явуу, Дашдооров, Мөрдорж гээд бүгдийнх нь тухай хөрөг нэвтрүүлэг хийж амьд дуу хоолойг нь алтан фондод үлдээсэн байна. Ёстой халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэлтгүй зүтгэж явжээ. Нэг удаа шинэ жилийн нэвтрүүлгийн зураг авч яваад оргилуун дарсаа буудуулах гэтэл хөлдчихсөн байж билээ. Гачууртын наад талын аманд зураг авч байсан юм даг. Зураглаачийнхаа чихийг, техникчийнхээ хацрыг хайруулчихаад л ирж байсан удаатай. “Манайхан” гэж нэвтрүүлэг хийсэн юм. Ардын жүжигчин А.Очирбат, Ц.Гантөмөр, Ж.Лхамхүү, гавьяат жүжигчин З.Жарантав, Б.Магсаржав, Ч.Алтан-Өлзий, Л.Чаминчулуун гээд тайз дэлгэцийн одод оролцож байлаа. Тэд чинь хүйтэн гэхгүй. Энэ олон жил нэвтрүүлэгт явахад “Одоо больё, буцъя Сараа минь” гэж нэг ч уран бүтээлч хэрүүл зарга хийж байсангүй. Үнэхээр халуун сэтгэлтэй сайхан хүмүүс шүү. Тэдний энергиэр л тэтгэгдэж өдий хүрч явна. Ардын жүжигчин Б.Зангад гуай, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Хаврын шөнийн бодол”-ын Тунгалаг гавьяат, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр нарыг аваад сумдаар явж л байлаа. “Урлагийн бригад ба хаврын дуун” нэвтрүүлэг бэлдээд. Орой нь өнөө хэд чинь сумын төвийн улаан буланд ард иргэдтэй бүжиглээд, зураг хөргөө даруулаад бут авна. Биднийг хаа явсан газар хүмүүс дагадаг сан. Тэр бүхнээс Монголын ард түмэн утга зохиол, урлаг соёлынхондоо ямар их хайртай юм бэ гэдгийг мэдэрдэг дээ.
–Энэ аваргуудыг чинь нэг дор дэлгэцэнд мөнхөлж дээ гэж бахархах сэтгэгдэл төрнө биз?
-Төрөлгүй
яахав. Баярын цэнгүүнүүд байна. Урлаг соёлын аваргууд бүгд л оролцоно. Ёолктойгоо, Гүрээтэйгээ хөтлөн явуулж байсан нэвтрүүлэг алийг тэр гэх вэ. Манайхны хэлдгээр урлагийн бурхадыг чинь бичиг цаас энээ тэрээ харахгүй, цол гуншинг нь цээжээрээ л тууж орхино шүү дээ. Би зарлана, би зарлана гээд Ёолк, Гүрээ бид гурав булаацалдахыг нь яана. Нэвтрүүлэг эхлэхэд бие хаа аяндаа цэгцрээд, үг яриа задгай, маш оновчтой, ончтой, энгийн сайхан болоод эхэлдэг сэн. Харин өнөөгийн залуучуудаа хараад харамсах юм. Тухайн хүний албан тушаал, алдар цолыг буруу зөрүү хэлэх юу ч биш болж. Нэрийг нь буруу хэлээд байгаа юм чинь. Годгоносон, нэг их ганган охид хүүхнүүд л байна. Гэвч ерөнхий мэдлэг, уншсан барьсан, их утга зохиол, өв соёл, урлаг гоо зүйн боловсрол тун чиг дулимаг юм аа. Хамтлаг дуучид юм уу, сүүлийн үеийн зохиолын дуучдыг л эргэлдүүлээд байх юм. Тэдэнд ярих юм юу байхав дээ. Хатуухан хэлэхэд, хүнд хэрэгтэй нэг үг ч хэлэхгүй ш дээ.
–Ёолктойгоо, Гүрээтэйгээ гэснээс партнерууд чинь бүгд гавьяат болчихлоо. Өөрөө ер нь юу бодож байна аа. Хүмүүс таныг гавьяат гэж андуурах нь бий?
-Би
ер нь гавьяат хэмээх өндөр цолыг хүртэх ямар гавьяа байгуулсан хүн юм гэж хааяа боддог ш дээ. “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийг Монгол телевизээр явуулах болсноор хүмүүсээс дугтуйтай захиа авах болсон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Сарантуяа танд гээд хаяглачихсан, манайхан гавьяат аа гэж шоолоод л. Зарим нь бүр гавьяат жүжигчин, сэтгүүлч Сараа эгчдээ гээд биччихсэн байдаг. Би бол болоогүй дээ л гэж боддог. Гэхдээ амны бэлгээр гэж сайхан үг бий.
–Уран бүтээлийн тайлангаа хэдхэн хоногийн өмнө олны хүртээл болголоо. Тоглолтын тухай мэдээлэл манай сонинд өмнө нь гарсан л даа. Гэхдээ л асуулгүй өнгөрч болохгүй нь ээ?
-Монголын
үндэсний олон нийтийн телевизийн 45 жилийн ойд зориулаад уран бүтээлийн тайлангаа олны хүртээл болголоо. Ард түмэн минь бүр нэг чин сэтгэлээсээ хүлээж авлаа. Үүнд Сараа эгч нь их баяртай байна аа. Хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэг ая данг нь тааруулсан “Эрийн тэнгэр”, мөн ерээд оны сүүлээр гарс ан “Би эмээ болохгүй” киноны дуу хийгээд бүтээлүүд маань дуулагдлаа. Г.Равдан, Л.Чаминчулуун нар богино өгүүллэгүүдээс дээжлэн уншлаа. Сайхан болсоон.
–Мэдээж элэглэлүүдээсээ түүвэрлэж олонд хүргэсэн. “Болор цом” дээр элэглэлээ уншиж төрийн тэргүүнээсээ аваад бүгдийг нь “хийж” өгдөг дөө?
-Үгүй
ээ яахав, элэглэл маань хүмүүст хүрээд байдаг шүү. Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байх үеийн наадам санагдана. “Ерөнхийлөгч минь сахлаа түр зээлдэхгүй юү” гэсэн элэглэл унштал хүмүүс нирхийтэл инээлдээд, Багаа Ерөнхийлөгч сахлаа имэрч буй агшинг манай телевизийнхэн “Болор цом”-ын бичлэгтээ оруулчихсан байж билээ.
ЯРИЛЦСАН Н.ГАНТУЛГА