Categories
редакцийн-нийтлэл

Ялагдсан МАН-ынхан яаж бужигнах вэ?

Орон нутгийн сонгуулийн дүн албан ёсоор гараагүй ч МАН ялагдсан гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ ялагдал ах намыг улс төрийн тавцан дээр бүрэн уналтад орсныг нь баталж өглөө. Орон нутгийн сон­гуульд АН, МАН гэсэн үндсэн хоёр том намын суудлын харьцаа 50:50 хувьтай бай­лаа гэхэд л МАН-ыг ялагдал хүлээсэн гэж үзэх бүрэн үндэстэй байсан юм. Учир нь МАН өмнөх дөрвөн жилд 21 аймгийн 18-д нь, есөн дүүр­гийн наймд нь засаглаж бай­лаа шүү дээ. Гэтэл энэ удаа­гийн сонгуулиар есөн дүүр­гээс ганцад гэхчлэн эсрэгээ­рээ болчих нь тэр. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд парламентад цөөнх байсан ганцхан тохиолдолдоо буюу 1996-2000 онд ч тэд үүн шиг ялагдал үзээгүй юм. 1996 оны УИХ-ын сонгуулиар ардчил­лын залууст итгэл хүлээл­гэсэн сонгогчид намар нь болсон орон нутгийн сонгуу­лиар тэнцвэржүүлж байгаа нь тэр гээд тухайн үеийн МАХН-д орон нутгийн эрх мэдлийг өгсөн. Тэгэхэд л сонгогчид хөл толгой нь өөр бол ямар хэцүүг ой тойндоо ортол мэдэрсэн байх. Өнөө жилийн хувьд ч МАН-ынхан тэр л аргаараа төрийг тэнц­вэр­жүүлэх нь зүйтэй, хяналт­тай байлгах нь чухал гэж сурталчилгаагаа хийсэн ч ард түмэн АН-д итгэсэндээ итгэх нь зөв хэмээн үзлээ. Олон түмний итгэл өөрсдөөс нь алсарч байгааг сүүлийн гурван удаагийн сонгуулиар МАН-ынхан мэдэрч, ойлгож байгаа бололтой. Энэ удаа­гийн орон нутгийн сонгуульд МАН-ынхан санаж байсныг бодвол гайгүй ялагдлаа хэмээн үзэж байгаа юм билээ. Эрх мэдэл, сүр хүч, мөнгө төгрөгөөр бял­хаж байх үедээ УИХ-ын сон­гуулиар ялагдаж цөөнх бол­сон тэд юу, юу ч үгүй энэ үедээ бас ч гэж хэдэн аймагт эрх мэдлээ хадгалж үлдсэнээ тэгж тооцож байгааг нь үгүйсгэх аргагүй.

Ямартай ч МАН-д томоо­хон өөрчлөлт, нэг тийм үлэмж хөдөлгөөн хэрэгтэй байгаа нь өнгөрсөн УИХ-ын сонгууль, энэ удаагийн орон нутгийн сонгуулиар батлагдаж байна. Бас нам дотроо ч нэгийг са­наж, хүлээж байсан хүмүү­сийн хувьд хүлээж байсан орон нутгийн сонгууль нь дууссан болохоор ярьж хийж эхлэх нь тодорхой. Ер нь ялагдаж байгаа, болохгүй байгаа улс төрийн хүчин л дотроо бужигнаж өөрчлөгд­дөг болохоос болоод байгаа бүтээд байгаа нь хөдлөөд байдаггүй. Тэр жишгээр өнгөр­сөн он жилүүдэд АН л бужигнаатай, МАН тулхтай мэт харагдаад байдаг байс­наас биш ялгаагүй билээ. Одоо эрх мэдлийг авсан АН-аас илүү гудамжинд байгаа МАН-д гол хөдөлгөөн ирж таарна. Энэ бол зайлшгүй ирэх зүй тогтол юм. Орон нутгийн сонгуулийн дүн албан ёсоор зарлагдсаны дараагаас энэ бүхэн эхэлж таарах болов уу. Тэгвэл МАН-ынхан хэрхэн хөдөлж бужиг­нах бол. Хамтдаа таамаглац­гаая.

Хувилбар нэг

Ер нь эртнээс яригдсаар ирсэн нэгэн зүйл бол энэ намыг татан буулгах явдал гэгддэг. Коммунист тогтолцоо нуран унасан тэр цагт дэл­хийн ихэнх оронд коммунист намуудыг татан буулгаж, суурин дээр нь либерал үзэл­тэй шинэ намууд төрөн гар­сан байдаг. Манайд ч энэ талаар яригдаж байсан ч тухайн үедээ “Цаг нь болоо­гүй” гээд татан буулгах ажил­лагаа орхигдож үлдсэн. Одоо­­гийн Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Цаг нь болоогүй” гээд үлдээсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл одоо энэ намыг татан буулгах цаг нь болсон байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв тэр үед татан буулгачихсан бай­сан бол одоогийнх шиг ийм навс уналтыг эд мэдрэхгүй байсан байж ч болох юм. Дал, ная, ерэн жилийн настай­гаа­раа дуудуулсаар энэ нам хэд хэдэн сонгуульд дараалан унаж байна. МАН дотор ч “Тухайн үед манайхыг татан буулгачих байсан юм. Тэгсэн бол 2012, 2016 оны сонгуу­лиар айхгүй явж болох бай­сан юм” гэж хэлэх хүмүүс олон жилийн өмнө ч байсан. Тэр байдлыг цайруулах гэж нэр солих ажиллагаа хийсэн ч засралыг олж амжаагүй. Тэгэ­хээр ерөөсөө энэ намыг татан буулгаад суурин дээр нь ши­нээр ном эмхлэх хувилбар байж болох юм. Хамаг хүмүүс нь намд хуваагдчихаад бай­гаа Монголын төрд ажиллах бо­лов­сон хүчин ч олдохгүй байна шүү дээ. Боловсон хүч­ний хямралд орчихоод бай­хад хорин намыг хоёр, хоёр намыг нэг болгож цааш­лаад намыг гишүүнчлэлгүй болох асуудлыг ч хөндмөөр санагд­даг юм.

Хувилбар хоёр

Унасан бөх ууртай. Олон унасан бол бүр ч ууртай жишгээр МАН-ынхан орон нутгийн сонгуульд ялагдал авчирсан удирдлагууддаа хариуцлага тооцох тухай ярьж таарна. УИХ-ын сонгуу­лиар ялагдал хүлээсэн дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх бас Удирдах зөвлөлийн ги­шүүд­дээ хариуцлага хүлээл­гэн өөрчилсөн уламжлалаа үүн дээр давтаж таарна. Ерөн­­хийлөгчийн сонгуулиас эхлэн унасан уналтаа Ерөн­хийлөг­чийн сонгууль дээр эргүүлж авахын тулд намын­хаа рейтин­гийг өсгөхөөр ажил­­лаж эхлэх нь энэ на­мынхны хамгийн эхний ажил. Намын рейтингийг өсгөхийн тулд намын удирд­лагуудаа солих нь зөв гэж бодогсод цөөнгүй байгаа гэсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд удахгүй шинэ жилийн хөөрөл эхлээд нэгдүгээр сар гарангуут их хур­лаа хийхгүй бол цагаан сар болчихно. Тэгээд хэдхэн сарын дараа­гаас Ерөнхий­лөг­чийн сон­гууль эхэлчих учраас шинэ дарга нарыг томиллоо ч үр дүн нь тодор­хойгүй.

Гэхдээ МАН энэ хувил­бараар явах гэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нэлээд эрт­нээс тодруулж таниулах үйл ажиллагаа хийх шаард­лага­тай. Боловсон хүчний хан­галт­тай нөөцтэй гэдэг МАН-ын хувьд энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сонгуульд өр­сөлд­чих хүн олох нь шүдний өвчин болоод байгаа гэнэ лээ.

Хувилбар гурав

Хэдийгээр шинэ удирдла­гууд нь Орон нутгийн сон­гуульд ялагдал авчирсан ч дөнгөж ажлаа аваад хэдхэн сар болж байгаа тэднийг ойл­гож итгэл үзүүлэхээр үлдээж магадгүй. Шинэ Удирдах зөв­лөлийнхөн ажлаа аваад юу юугаа мэдэлгүй бас дээрээс нь их ялагдлын шоктой бай­сан болохоороо дараагийн ялагдалд хүрсэн гээд уучилж үзэх талтай. Тэгээд ч нөгөө тулхтай зангарагтай гэдэг имижтэй ах нам чинь хэдхэн сар болоод л дарга нараа тонгорч унагаад байвал олон нийтэд харагдах ойлголтод ч муу байх талтай. Нөгөө талаас дараагийн дарга хэн болох вэ гэдэг хэцүү даал­гавар тулгарна. Энэ намд хүссэн хүсээгүй С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүхийн нөлөө алсарч амжаагүй бай­гаа. Бага хурлын гишүүд яг энэ гурвалжингаар бүрэлдсэн учраас Бага хурлыг бүрэн өөрчилж байж шинэ шинэ удирдлагуудын нөлөөлөл хүчтэй болж ирнэ. Тэгэхээр одоодоо МАН-ын улс төр тэднээс хамааралтай байгаа. Нам дотроо хөлтэй нөлөөтэй байгаа ч аль аль нь намын­хаа удирдлагад явж байгаад ямар нэг шалтгаанаар унасан учраас тэднийг дахиж гаргаж тавихыг гадна талд нь хүлээж авахгүй. Гишүүнээсээ тат­галз­сан У.Хүрэлсүхийг “Хүнд хэцүү үед намаа орхиж явсан” гээд нам дотроо олон хүн дургүй байгаа юм билээ.

Үнэндээ энэ намд дарга хийчих хүн асуудалтай бай­на. Одоогийн хоёр даргаа тааруу ажиллаж байна гэж үзэгсэд цөөнгүй байгаа. Гэхдээ  Ө.Энхтүвшинг хэвээр нь үлдээх нь зөв ху­вил­бар бөгөөд энэ тохиол­долд түүн­тэй хамтрах ген­секийг тавих нь дээр гэсэн нийтлэг уур амьсгал энэ намд байгаа юм. Хэдийгээр өнгөр­сөн хурлаар шинэхэн томи­логд­сон намын дарга одоогийн нарийн бич­гийн дарга Ж.Сүх­баа­тартай гар нийлж ажил­лахаа илэр­хийл­сэн ч Г.Зан­даншатар том­чуудын дэмж­лэгээр гараад ирснийг хэв­лэлийнхэн тухайн үедээ би­чиж байлаа. Гэхдээ гаднаас нь хараад ойлгогддог­гүй нам доторх ертөнцөөр бол Ж.Сүх­баатар намдаа дороос нь ажиллаж гарч ирээгүй учраас үл хүлээн зөвшөөрөг­дөх асуудал бай­даг шиг юм билээ.

Сүүлийн
үед энэ нам до­тор хүчтэй, залуу генсекийн тухай яригдах
болсон байна. Үүн дундаас
Ж.Энхбаяр, С.Бям­бацогт нарын нэр яригдаж байгаа аж. Гэхдээ тэд УИХ-ын гишүүд учраас орон тооны албан тушаал
болох ерөнхий нарийн бичгийн
даргын албан тушаал дээр очвол УИХ-ын гишүүнээсээ
татгалзах шаардлага гарч таарна. Харин гишүүнээ
өгөхгүй
гэвэл намын даргад үзэх хувилбар
байж болох бөгөөд далаад оны залуусын хувьд өөрсдийгөө эрт “булш­лах” эрсдэлтэй учраас ийм алхам хийхгүй болов уу.

Categories
редакцийн-нийтлэл

Хөшөөтийг төрд авсан нь сайн ч юм биш дээ

Сүүлийн үед нэг моод гэмээр хачин юм дэлгэрлээ. Төр шийдвэрээ гаргаж  уул уурхай,  томоохон орд газраа төр буцааж авна гэх болжээ. Эхнээсээ булаагаад авчих­лаа. Социализмын үеийн нийгэмчлэх, нэгдэлжих гэдэг шиг л нийтийн юм, ард түм­ний өмч гэж ирээд  анх шийд­вэр гаргаж өгчихөөд буцаа­гаад  шууд л дээрэмдэнэ.

Саяхан хэвлэлээр Хө­шөө­тийг төр авлаа хэмээн мэдэгдлээ. Үүнийгээ сайн мэдээ гэж онцолжээ. Угтаа бол  ингэж юм үзээгүй юм шиг  хөөрцөглөх нь буруу юм.  Хувийн өмчийг ингэж дээрэм­дэж байгааг муу мэдээ гэж хүлээж авах хэрэгтэй.

Хөшөөтийн уурхай төрд байснаас хувьд байсан нь хавьгүй дээр. Хувьд байсан юм төрд очоод ямар болдгийн бэлээхэн жишээ бол Таван толгой. Монголын толгой  баян арваад хүн Таван тол­гойг эзэмшиж байсан.     “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, АПУ-гийн Г.Батхүү, Батж.Батбаяр, Ц.Цэнгэл, Сү.Бат­болд, Ж.Оджаргал нарын хүмүүс эзэмшиж байс­наа улсад буцааж өгснийг санаж байгаа байх. С.Баяр Ерөнхий сайд байхдаа стра­тегийн ордод оруулна гэж айлгаж байгаад булааж ав­сан. Таван толгойг эзэмшиж явсан тэр хэдэн баячууд  зур­гаан сар тэссэн л бол тэр хэдэд үлдэх байлаа. Цаад С.Баяр нь зургаан сарын дараа л огцорсон. Ингээд нөгөө хэдэн баян маань Таван толгойгоо авч үлдэлгүй тавган дээр тавиад өгчихсөн дөө. Төр Таван толгойг аваад яаж гийгүүлсэн юм.

Өдийд хувьд байсан бол гадаадын нэг компанитай хамтраад нүүрсээ экспорт­лоод бид тэднээс үндсэн татвараас нь гадна роялтийн татвар аваад байж болох л байлаа.  Роялтийн  махчилж ойлговол хааны татвар гэж  болох юм. Монгол Улсын ашигт малтмалын нөөцийг ашигласныхаа төлөө төлж буй татвар. Бүр цаашилбал эзний татвар гэсэн үг. Таван толгойн эзэн Монголын ард түмэн. Энэ роялти татвараа өндөр тавиад сууж байхад одоогоос хамаагүй илүү ашиг­­тай байх байв. Ингэсэн бол өдийд долларын тэр­бумтан арваад хүнтэй бол­чихсон байхгүй юу. Манайх­ны нэг муухай зан байдаг. Баян хүнийг үзэн яддаг. Өөрс­дийнх нь ядуу байгаад тэр баян хүмүүс буруутай юм байх. Нэгэнт ардчилал зах зээлийн замаар орсон бол өөрөө ч гэсэн баян болохын төлөө л зүтгэх хэрэгтэй биз дээ.

Одоо төрийн булааж авсан Таван толгойг хар. Төрд очоод өрөндөө баригдаж өтөнд идэгдэнэ гэгч л болж байна. Төр Таван толгойг эзэмшигчдээс нь булааж аваад 2014 он хүртэл Чалько­той гэрээ байгуулж, өөр газар нүүрсээ өгөх эрхгүй болчих­сон. Яагаад ийм гэрээ бай­гуулсан гэхээр тухайн үед төр барьж байсан МАН ард тү­мэнд “Хүний хөгжлийн мөнгө”-ийг өгөх гэж зээл­сэн шүү дээ.

Таван толгойгоо барь­цаанд тавьж байгаад зээлсэн тэр мөнгө буюу 21 мянга нь  хүнээ хөгжүүлэх битгий хэл аманд ч үгүй, хамарт ч үгүй архины мөнгө болсон  шүү дээ. Чалькотой хийсэн гэрээ­гээр 250 сая ам.долларыг аваад гэрээн дээрээ “Энэ өрийг төлж дуустал ямар ч  улс орон, хувь хүн, пүүс ком­панитай гэрээ байгуулахыг  хориглоно” гэсэн заалтан дээр унаж, одоо Чалько эзэн нь юм шиг болж хувирсан. Юун мөнгө олох, юун хувь­цаа. Улсын хөрөнгө дэмий үрлэгдсэн шахааны бизне­сийн талбар л болсон. 

Иргэнээ дээрэмдэж авсан хэрнээ төр нь өөрөө Чалкод дээрэлхүүлж байгаа нь арчаагүй хэрэг биш гэж үү. 

Ард түмний өмч болголоо гэчихээд  ард түмнээсээ энэ тухай асуусан юмуу. Асуугаа­гүй л байхгүй юу. Төр барьж байгаа  нам л Монголын баялгийн эзэн юм шиг болдог.

Ухаа худагийг хар. Хувийн өмч. Тэд цахилгаан станц, хар зам, нисэх буудал, сургууль, цэцэрлэг, орон сууц ер нь юу юу ч босгов доо. Ядаж л  Монголоос долларын тэр­бум­­тан төрлөө. Хувьд очсо­ноор ингэж л ажиллаж байна ш дээ. Эзний татвар роялтийг  нэмлээ гэхэд монгол хүн энэ бүхнийг хаяад явж чадахгүй. Нэг ч гэсэн монгол хүн баян байна. Төрийн мэдэлд  эзэн­гүй байх, хувь хүний өмч болж,  эзэнтэй байхын ялгаа ийм л байна. Анхны эзэд болох арваад хүндээ Таван толгой байсан бол ийм л болох байлаа. Таван толгойг нь дагаад дэд бүтэц хөгжиж, ашиг орлогоо ахиухан аваад, ард түмэн тэрнээс нь хүртээд байж болох байлаа. Ажлын байр нэмэгдэх  байлаа. Манай­хан сая Хөшөөтийг төр авахад хувийн өмч төрд очлоо гээд ямар их баярлаж, алга ташив аа. Ачир дээрээ аминых уу, улсынх уу алин дээр вэ гэдгийг энэ хоёр жишээн дээр тогтож бодно уу. Энэ талаас нь харах юм бол Хөшөөтийг төр авлаа гээд баярлаад байх хэрэггүй.

Хувийн өмчийг олон бол­гох хэрэгтэй. Тэгээд татвараа л ахиухан авна биз. Түүнээс биш төр нь иргэдээсээ өмчийг нь булааж аваад байвал ямар зах зээлийн өрсөлдөөн байх билээ.  

Төр нь өөрөө  шийдвэрээ гаргаж иргэндээ өгчихөөд  Шивээ овоо,   Багануур, Адуун чулууны нүүрсний уурхайг бас л авна гэнэ. 1997 онд мөрдөгдөж байсан хуулиа­раа л хувьд очсон хэрэг. Гэтэл стратегийн орд гэсэн нэр томъёо бий болгож дээрэмдэх болов. 

Социализм руугаа ухарч, нийгэмчлэх сэтгэлгээг өөг­шүүлж байгаагаас ялгаа алга.  

Иргэн нь баян байхын тулд капитал бий болгож байж, зах зээлийн
нийгэмд амьдарна.

Categories
редакцийн-нийтлэл

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.БАТЦЭНГЭЛ: Яруу найраг бол хүмүүний сэтгэлийн ертөнц дэх баяр хөөр, уй гунигийн бичээс шүү дээ

Монголын зохиолч­дын эвлэлийн болон Ч.Лхам­­сүрэнгийн нэ­рэм­­жит шагналт яруу
най­рагч Лхагва­с
ү­рэн­гийн
Бат­цэнгэлтэй ярилц­лаа. Тэрээр “Ми­ний элсэн цаг” хэмээх яруу найргийн шинэлэг
б
үтээлээ саяхан
хэв­л
үү­лээд
байгаа юм. Уг номын баяр “Интер­ном” номын их дэл­г
үүрт өнөө­дөр болно. Д.Энх­болд­баатар, Нам­барын
П
ү­рэв, Эмүү­жин, Цэндийн Дорж­сэм­бэ, Д.Ган-Очир
нартай ерээд оны дунд
үеэс
Монголын утга зо­хиолд  х
өл тавьсан түү­­нийг Тангадын Гал­сан, Очирбатын
Даш­бал­бар нар тосч авсан байдаг ш
үү.
“Миний эл­сэн цаг” бол Л.Бат­цэнгэл найраг­чийн тав дахь б
үтээл юм. Өмнө нь “Бүсгүй цэнхэр сал­хи” (2004 он), “Сэтгэл
минь тэнгэрийн уяхан шат” (2006), “З
үрх сэтгэ­лээ нэгжнэм” (2008), “Өр зүрхний хавар” бүтээ­лүү­дээ хэвлүүлж байсан. Мөн яруу найргаас гадна сэтгүүл зүйн талбарт хүчээ сорьж аян замын тэмдэглэл,
олон арван ярилцлага, х
өрөг нийт­лэл, эсээ тэм­дэг­лэ­лийг
Өдрийн сонин”-доо
хэвл
үүлснийг
ун­шигч т
үмэн
мэдэх билээ.   

Яруу найргийн тань шинэхэн бүтээл олны хүр­­тээл бол­лоо. Уран бү­тээ­лийн ганзага дүү­рэн хал­гиж, цалгиж л явна уу?

-Яруу
найрагч уран бүтээлчдэд л олддог баяр хөөрийг мэдрээд сайхан л явна. “Миний элсэн цаг” уран бүтээлийн минь тав дахь ном. “Бадрангуй сэт­гэ­лийн бадагс”, “Нутгаа санахын өвчин”, “Итгэл, хайр, хүлээлт… Энэ: Ми­ний элсэн цаг”, “Ерээд оны нимгэн дэвтрүүдээс” тэргүүт зургаан бүлэгтэй. Эх орон, ус нутгийнхаа тухай омог бардам шүл­гүүд, мөн хайр, итгэл, орь ганцаардал, уй гунигийн бадгууд, ерээд оны ахуй үе анд нөхдөө үгүйлсэн санаашрал зэрэг цөм багт­сан ийм л ном бол­лоо. Монгол Улсын тө­рийн шагналт яруу най­рагч, зохиолч Пүрэв­жа­вын Пүрэвсүрэн ах номыг минь ариутган шүүж, анхны уншигч нь болсон. Өөрөө хэдий хэвтэрт бай­гаа ч “Ах нь шүлгүүдийг чинь нэг хармаар байна” хэмээн хэлж санаа оноо­гоо нэмэрлэн, “Нутгаа санахын өвчин” бүлэг туурвилыг нулимстай унш­санд нь ихэд баярлаж байна аа. 

Таны анхны номБүс­­гүй цэнхэр салхи“. Хоёр мянган оны эхээр хэв­лэг­дэж байсан. Уг но­мын өмнөтгөлийг Тан­гадын Галсан багш тань бичсэн бай­­даг. Ингэхэд их утга зо­хиолын ер­төн­цөд хөл тавьж, но­мын багш нар­тай­гаа хэрхэн учирснаа ярихгүй юу?

-Миний
бие ерэн хоёр онд Баянхонгор аймгийн Заг сумандаа арван жи­лийн сургуулиа дүүргээд хөдөө малчин болсон. “Дипломгүй, зангиагүй сэхээтэн болно оо” гээд хөдөө гарсан байдаг. Мөн өвчтэй амьтан шүү. Тэгтэл тухайн жил Баянхонгор аймаг зудлаад байдаггүй ээ, хэдэн малаа тавиад туучихсан. Ингээд зангиа­гүй сэхээтэн болно гэдэг өнгөрч байгаа юм. Тухайн үед Галсан багш руугаа хэдэн халтар шүл­гээ за­хид­лын хамт дай­сан түүх­тэй. Бас болоо­гүй ээ, тэд­гээр халтар “юм”-нуудын ихэнх нь хай­рын шүлэг гэж байгаа. Тэгтэл багш маань хөдөөх товари­щийн бүтээл гэж гололгүй өмнөтгөл үг би­чээд ту­хайн үеийн “Хөдөл­мөр” сонинд гаргачихсан байж билээ. Тэгээд ерэн дөр­вөн онд аймгийн ойгоор очихдоо намайг хүн амьт­наас сурч байж уулзаад өнөөх сониноо өглөө. Миний баярлах, гайхах, айх, эргэлзэх зэ­рэгц­сэн нь мэдээж. Ингэж л багш­тай­гаа учирсан. Багш бид хоёр чинь Заг, Байд­рагийн Хүрэн бэл­чирийн найрагчид шүү дээ.

С.Жамъянгаравын нэрэмжит Дорно да­хи­ны сургуулийг төг­сөгч­дийн нэг бол өөрөө. Уг сургуульд ирээд Очир­батын Даш­бал­бар багш­тай­гаа учирсан нь мэ­дээж. Оюутан ахуй ца­гийн дурсам­жаа­саа ху­ваал­цахгүй юу?

-Галсан
багшийн л буян. Мань хүн хөдөөний малчин эрийг хотод ав­чир­сан. “Утга зохиолын ямар нэгэн сургуульд ча­майг оруулмаар байна. Харин чи сургуулиа сон­го. Би оруулахыг нь ха­риу­­цъя” гэж билээ. Ингэж л би чинь Тангадын Гал­сан гэж аварга том уулын хормойноос зуурч их хотын бараа харж, ул­маар утга зохиолын гэ­рэлт ертөнцөд хөл алхсан азтай хүн дээ. Тэгээд л С.Жамъянгаравын нэ­рэм­жит Дорно дахины сургуулийн босго алхсан. Тэнд Очирбатын Даш­бал­бар багш минь ха­луун сэтгэлээр угтаж ав­сан. Шанжмятавын Гаа­дамба агсан, Шаравын Сүрэн­жав гуай, төвд хэл­ний Лхамсүрэнгийн Хү­рэл­­баа­тар багш, гавж Шаг­­­дар­сүрэнгийн Сонин­баяр гуай, доктор Чойсү­рэнгийн Дагвадорж гээд ханайсан амьтад, эрдэм оюуны нэвтэрхий толь, уулс тосч авсаан. Балбар багштайгаа эхний хоёр жил ойр дотно байгаагүй ээ. Уул нь бол ойр байгаа. Ухаандаа, бид баг­шийн­даа очно. Үймэлдэж шуу­гил­дана, шүлэг зохио­лоо уншина. Багшийн охин, манай нэртэй нийт­лэлч­дийн нэг Мөнгөндалай манай анги байсан ч бо­лоод тэр үү, багшийнхаар их очдог байж билээ. Гэх­дээ би гэдэг хүн баг­шаа­саа айна, сүрдэнэ. Оюут­ны эхний хоёр жилд ба­раг л зугтах нь холгүй явсан. Харин сургуулиа төгсөх жил багш маань миний дипломын ажлыг удирдаж, “Сэтгэлийн ариун сүмдээ залбирсан найрагч” хэмээн бичиж байлаа. Багш тэр үед Их хурлын гишүүн байсан.

Багшийн тань бич­сэнийгБүсгүй цэн­хэр салхиномноос тань уншиж байсан юм бай­на?

-“Орчлонгийн цэнхэр хавар шиг охидын тухай бичдэг энэ хөвгүүн өөрий­гөө “цагийн боол” хэмээн гүн ухааны үүднээс зөв ойлгож, амьдрахуйн үнэ­нийг эгэл боргил хоо­лой­гоор эр бор харцага шиг өгүүлж байна. Тансагхан бичлэгтэй хөдөөний эр “хувь заяа минь ариун тэнгэрийн эрхшээл” гэж ухааран, “хундага дарс­наас үнэгүй энэхэн амьд­ралаа бодохоор хув­хай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий дөө” гэж дуун алджээ. “Цэцгийн сүрчиг анхи­луул­сан хаврын салхи”-ны сайхныг мэдэрч, “Ил­бийн хоосон чамайгаа үнсэж чадахгүй минь хөөр­хий дөө” хэмээн гуниг­лаж, “живаа живаа жилийн ариун гунигийн тодруулж”, “уйлж үзээгүй хүн нулимсны амт мэд­дэггүй” тухай өгүүлж энэ найрагч хүүг төгсгөж буй­даа Жамьянгаравын нэ­рэм­жит утга зохиолын сургууль баярлах ёстой” хэмээн халуун дотноор бичсэнийг хааяа уншаад нулимс гардаг.

Балбар найрагчийг та бол эртнээс мэд­нэ биз дээ?

-Өө
мэдэлгүй яахав. Би чинь хөдөө малын захад Хонгор нутгийнхаа аараг толгодын дунд явах­даа тухайн үед хэв­лэгд­сэн бүхий л номыг элгийг нь элтэл уншиж байлаа. Шүлэг найргаар өвчилж явсан үе минь тэндээс эхтэй. Тийм ахуй цагтаа Балбар баг­шийн­хан “Оддын аялгуу”, “Зүүд­ний мөнгөн шувуу”, “Бурхны мэл­мий” гээд л номуудыг нь уншиж бус­дын адил би­ширч бай­лаа. Балбар багшийн шүл­гүүд Мон­голын утга зохиолыг наяад оны эхэн үед үнэн­дээ сэрээсэн шүү. За тэ­гээд “Мөнхийн бүтээл мөх­лийн ирмэгт”, “Номон дээр гишгэсэн алдас” гээд нийтлэлүүд нь байна. Нэг хөгтэй зүйлийн тухай хэ­лэ­хэд, багшийнхаа номыг өвөртөлчихсөн эмнэг үрээ­тэй шуугьж явлаа. Гэтэл өврөөс ном унаад өнөө үрээ чинь гэнэт бул­гиад шидчихэж билээ. Тэгэхээр миний бие эр­дэм номын өргөөнд ч, эмнэг хангалын нуруун дээр Дашбалбар баг­шийн­хаа номнуудыг ун­шиж явж дээ.   

Таны шүлгүүдээс бадрангуй өнгө аяс мэд­рэгддэг. “Манай Бат­цэнгэл бол ха­луун сэтгэлтэй омог бардам найрагч даахэмээн үзэг нэгт нө­хөд чинь үнэлдэг. “Тэнгэрт өргөх шү­лэгтэргүүт бүтээ­лүү­­дийг чинь унши­хуйд яалт ч үгүй тийм бодол төрөх нь бий. Мөн ган­цаар­дал ганихралын, уй гуни­гийн өнгө аяс ч мэд­рэгд­дэг. Тэгэхээр өөрийнхөө яруу найр­­гийн өнгийг то­дор­­хой­лооч?

-Яруу
найраг бол хү­мүү­ний сэтгэлийн ертөнц дэх баяр хөөр, догдлол, уй гунигийг багтаасан зүрхний бичээс шүү дээ. Тэгэхээр дотоод ахуй эд­гээр хувиралтын аль аль нь л миний шүлгэнд бий. Сүүлийн бүтээлд маань ч омог бардамнал хийгээд уй гуниг, ганцаардал зэ­рэг­цэж л байна. “Яруу найраг бол уйтгар гуни­гийн дурсамж” гэж Сергей Есенин нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгэхээр уйтгар гунигийн дурсамж хүнд сэтгэлийн гэгээ гэрлийг хайрладаг болов уу. Наа­наа шаналалтай, гуниг­тай юм шиг хэрнээ цаад мөн чанартаа хүмүүний орчлонгийн гэгээ гэрлийг л дуулж яваа хүмүүс шүү дээ, энэ найрагчид чинь. Түүнээс хэзээ ч үхэл хага­цал, өш хонзонгийн тухай бичдэггүй л байхгүй юу. Энэхэн амьдралын юунд ч болов ан цав үүсэхэд хамгийн түрүүнд яруу най­раг­чийн зүрхэн дун­дуур туучиж өнгөрдөг. Тиймийн учир л хөн­дүүр­хэн зүрхнийхээ уянгаар шүлгээ бичээд байдаг юм. Би тэдний л нэг. Цаг хуга­цааны хар цагааныг үнэн мөнөөр нь дэвтэрлэж л явна.

-“Сэтгэл минь тэнгэ­рийн уяхан шат“, “Өр зүрхний хаваряруу найргийн шилдэг бү­тээ­­лүү­дээрээ МЗЭийн шаг­нал, Буриа­дын УлаанҮдэд бол­­сон Нам­жил Ним­буе­вын нэ­рэм­жит олон ул­сын яруу найр­гийн наа­дамд дэд байрын шаг­­нал хүртсэн гээд ам­жил­туудыг тань мэдэх юм аа. ХаринМиний элсэн цагномын шүл­гүү­дээс со­нирх­моор бай­на л даа?

-Номоо
нэрлэсэн шүл­­­гийг минь хүмүүс со­нир­хоод байгаа. Түүнээ уншъя.

Итгэл, хайр, хүлээлт

Энэ гурван үг

Элгээ эгштэл санагалзсан

Энхрий түүнтэй минь учруулах

Элсэн цаг юм

Цаг хугацааны далавч

Цадиггүй бардмаар дэвсээр

Арав, хорь, зуун түмэн жил

Алсарч хулжлаа ч гэсэн

Элсэн цагаа эвдэлгүйгээр

Эндээс явна би“. Ийм нэг богино шүлэг юм.

-“Монголын мөнгөн үеийн яруу найрагбо­тид таны шүлгүүд ор­сон. “Ми­ний элсэн цагномноосМонголын мөн­гөн үеийн яруу най­раг ботийн хав­тас­наа ижийдээ бичсэн шү­лэг“-ийг тань олж унш­лаа. Эхний мөрүүдээс тань хараад л жинхэнэ яруу найрагч л ингэж бич­нэ дээ гэсэн бодол төрснөө нуух юун?

-“Гуч хүрээ ч үгүй байж

Гуниглаж юунд сурав даа

Орчлонг огоорно гэж зовлон үүрч

Од хийморио гундааж явна даа гэж

Эжий минь та санаж суугаа

Эвий муу хүү минь гэж шаналж суугаа

Ялгуун цагаан сарны дор

Яруу найрагч хүн гуниглаж суудаг

Яахын аргагүй эхийн цагаан сүүнээс

Яргаж ургасан үндэс учраас тэр дээ

Гуниглаж орчлонг хайрладаг энэ цөөхөн хүмүүс

Гундаж шанданхан, мандаж бадранхан

Эхнэртээ хаягдаж, элдвийг үзэвч

Ээж та нарыгаа л бурхан гэдгээ мартахгүй ээ…” гэж бий дээ. Ингэхэд хүүгийнхээ номын баярт оролцоор ижий минь Баян­хонгороос ирээд бай­гаа. Мөн хоёр охин минь ирнэ. Ах нь хоёр охиныхоо ээжид зориулж “Зүрх сэтгэлээ нэгжнэм” хэмээх яруу гунигийн дурсамж хэвлүүлсэн шүү дээ. За тэгээд номын баярт утга зохиолын хү­рээ­нийхэн мэдээж ирнэ. Мөн дизайнер Чойжил­сүрэнгийн Ууганбаяр, зу­раач Мягмарын Амархүү, “Мөнхийн үсэг” группын хамт олон ирнэ. Эдгээр эрхмүүд миний номыг бүтээлц­сэн хүмүүс ээ.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол туургатны шагнал бий болгоё

-МОНГОЛ ТУУРГАТНЫ БӨХИЙН НААДМААС ҮҮДСЭН ЭРГЭЦҮҮЛЭЛ-

Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос монгол туургатны бөхийн наадмыг өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулав даа. Элэг нэгтэн монгол ахан дүүс минь уулзан учирч, зүс царайгаа харалцан, бөхөө барилдуулж, уртын дуугаа шуранхайлуулсан шигээ хуу­чилж суулаа. Ямар бахтай байв аа. Алтайн хязгаар, Халимаг, Тува, Буриад, Өм­нөд Монголоос монгол туур­гатны наадамд зорьж ирсэн олноо хараад элэг бүлээсэх шиг болсон шүү. Он жилээр уулзаагүй садан төр­лүүд нэ­гэн дор цугласан юм шиг хөл хөөрцөг болохуйг харахад өөрийн эрхгүй бах­дал төрж омогшил бадраад ирж байгаа юм.

Манайхны хэлдгээр цээ­жээд нэг юм өгсөөд ирсэн. Ингэж л монголчуудыг огшоо­сон наадам болсон билээ. Үүгээрээ уг наадмын үнэ цэн, утга учир, мөн чанар нь мэд­рэгдэж байгаа юм. Монгол­чууд юуны түрүүнд бөхөө дагаж нэгдэнэ гэдгийг зо­хион байгуулагчид нь, Өмнөд Монголын Журамт эд нар маань ойлгосон байна. Зөв л дөө. Монгол туургатны бө­хийн барилдааныг зохион байгуулж, Монгол, Алтайн хязгаар, Буриад, Халимаг, Тува, Өмнөд Монголын идэр­мэг эрчүүд бөхийнхөө дэв­жээн дээр гар зөрнө гэдэг сайхан. Энэ бол товчхондоо, монгол хэмээх хийморь лун­даа нь багтаж ядсан, хүсэл тэмүүлэл нь бусдыгаа цаг үргэлж манлайлж байдаг тар­хиндаа, зүрхэндээ галтай бадарч явдаг үндэстний нэг­дэхийн илэрхийлэл билээ.

Тэгэхээр цаанаа ихээхэн утга учир агуулсан монгол туургатны бөхийн наадмыг бид дэмжих учиртай юм аа. Бүр бодлогоор дэмжих ёстой. Нэгдэхийн илэрхийлэл гэдэг утгаар нь шүү дээ. Түүхийн буурал улбаанд дэлхий да­хинд Монгол шиг олон за­дарч, бутарч, цацсан шагай шиг талаар нэг сарнисан улс үндэстэн байхгүй. Найман зууны тэртээх эзэн хааны өлгий гэж бид ярьдаг, бахад­даг. Гэвч долоон зуун жил задарсан улс гүрэн шүү дээ. Их өвгийг, шар сахалтай тэр өвгөнийг өнгөрснөөс хойш л монгол туургатан задарч эхэл­сэн юм. Эрхбиш өвгө­нөөс хойш инерциэрээ хоёр зуун жил болсон. Тэгээд л аргагүйн эрхэнд бутарсан байдаг. Өнөөдөр дэлхий да­хинд Монголиад ястан хүртэл байдгийн гол учир нь ийм юм. Тэгвэл одоо бид нэгдэх учир­тай. Нэгдэх цаг маань хэдийнэ болжээ гэдгийг монгол үн­дэстэн бүрийн сэтгэл зүрхний дуудлага хэлээд байна. Зад­ралын туйл гэж байдаг бол түүнд хүрчээ. Задралын туйлд хүрсэн улс гүрэн хүссэн ч, эс хүссэн ч эргээд нэгддэг нь ертөнцийн жам юм. Тэлэлт дуусахаар буцаад агшдаг байгалийн хууль бий шүү дээ. Тийм л жам, бичигдээгүй хуу­ль элэг нэгтэн монголчуудыг минь нэгтгэх хувь заяаны тохиол бүрджээ, янз нь.

Өнгөрөгч жил Эрх чө­лөө­ний хувьсгалын зуун жилийн ойгоор Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Элбэг­дорж дэлхийн өнцөг булан бүрт аж төрж, Монголынхоо хөх тэнгэр, хатан Туулынхаа усыг санагалзан, өвөг дээд­сийнхээ өлгий нутгийг чин зүрхнээсээ үгүйлэн байгаа монгол үндэстэн ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриал­сан. Монгол төрийн тэргүүний тэрхүү уриалга “Монгол эх орон минь” гэхээр л хоёр нүднийх нь нулимс сувдраад, харийн нутагт төрж өсч буй хөх нуруут үрсээ эцэг өвгөд элэнц хуланцынхаа нутагт дагуулан очихсон, тэгвэл амьд яваагийн хэрэг бүтнэ хэ­мээн сүсэлж суудаг олны голыг нь гогдох шиг, ирээдүйг нь гэрэлтүүлэн гийгүүлэх шиг болсон биз ээ. Үнэндээ мон­гол үндэстэн өнөөдөр хэл соёл, өв уламжлалаараа ба­хархдаг, монголоороо сэтгэж, монголоороо аж төрдөг бай­маар байна. Монгол туургат­ны гал голомт яахын аргагүй Монгол Улс билээ. Тулганд нь хөх галын дөл бадарсан туур­га тусгаар улс гүрэн нь байхад дэлхийн монголчууд минь юугаар дутах вэ дээ. Туулаад очих газаргүй, тү­шээд авах төргүй байгаа биш дээ. Үндсэндээ нэгдэн нийлж гал голомтоо бадраах улс гүрнийг шинээр байгуулах гэж байгаа биш. Монголын өргөн уудам нутаг энэхэн замбуу тивийн аль чиг бөөрөн дээр нь аж төрж буй бүхий л үн­дэст­нээ элбэгхэн багтаана. Дэл­хийн монголчуудыг бай­тугай дэлхий дахиныг тэжээж бай­на шүү дээ, энэ Монгол чинь.

Дэлхий хэмээх дэлгэсэн эсгий дээгүүр цацсан шагай шиг бутарсан үндэстэн одоо л  нэгдмээр байна аа. Үүний гол эхлэл нь Монгол үндэст­ний бөхийн барилдаан бол­лоо шүү дээ. Одоо бид цааш­даа яах вэ гэхээр Монгол үндэстний бөхийн наадам хийдэг шигээ морин хуурч­дын, уртын дуучдын, хөө­мийч­дийн, хөгжмийн зо­хиолч­­дын, яруу най­рагчдын наадмыг хиймээр байна. Мэ­дээж монгол туур­гатны гэсэн нэрийн дор шүү дээ. Ингэж соёл урлагаараа дагнан ганц хоёр жилийг ардаа үдэж, ухаандаа урлаг соёлоороо нэгдсэний дараа шинжлэх ухааны талбарт нэгэн цөм болох нь зүйн хэрэг. Нарийн мэр­гэжлийн, шинэ санаа, нээл­тийн томоохон тэмцээн урал­дааныг Мон­голдоо хийх ёс­той. Үндсэндээ шинжлэх ухаан, техник тех­нологи, на­рийн мэргэжил рүү бид гур­валсан морин тэрэг гэдэг шиг улс үндэстнээрээ орох хэрэг­тэй. Энэ маань юу вэ гэхээр, Монгол туургатны компью­терч­дын, програм­мистуудын, шатарчдын их наадам зэр­гийг зохион байгуулж, оюун ухааны талбарт мандаж дэлхийд гайхагдмаар байна шүү дээ. Жил бүр бөхийн наадам нэ­рээр хэдэн бөхчүүдээ барил­дуулаад түүндээ хамаг ан­хаарлаа, хүчээ тавиад байх биш. Бүхий л талбарт ингэж шат дараа­лалтай тэмцээн уралдаанууд элэг нэгтнүү­дийнхээ дунд хийж давалгаа үүсгэх цаг нь болжээ. 

Мөн Монгол туургатны шагнал гэж чанар чансаа, нэр хүнд бүхий л зүйлээрээ дана­гар том шагналыг бий бол­гохсон гэж бодох юм. Дэлхий дахинд урьд өмнө нь байгаа­гүй шинэ нээлт хийсэн, орчин цагийн шинжлэх ухаанд онц­гой гавьяа байгуулсан, авьяас билэг, алдар суугаараа то­войн тодорсон монгол хүн, монгол үндэстэнд олгодог тийм л шагнал. Нобелийн шагнал гэдэг шиг тийм өргөн цараатай, нэр хүндтэй шаг­налыг бий болгох нь зүйтэй болов уу. Яг ямар шалгуураар хэрхэн олгож байх талаар манай сэтгэгчид байр сууриа илэрхийлэхийг сэтгүүлч ми­ний бие хүсч буйгаа энэ даш­рамд дуулгая. Д.Урианхай, Баабар, Б.Цэнддоо, Дашийн Бямбасүрэн, Н.Жан­цан­но­ров, Лувсандамбын Дашням, Дашлхүмбийн Гал­баатар, Г.Аюурзана, Дара­мын Бат­баяр, Сорогдогийн Энхбаяр нарын сэтгэгчдэд дуулгаж байна аа. Уг шагнал болоод түүнийг тойрсон үйл явдалд дэлхийн бүх л монгол туур­гатан, улс үндэстэн хүссэн хүсээгүй анхаарлаа хан­дуулна шүү дээ.

Монголчуудыг хоорондоо эв түнжин муутай байхыг дэлхийн улс орнууд яагаад ч юм хүсээд байх шиг санагд­даг. Тэдний хүслийг биелүү­лэх мэт монголчууд бид хоо­рондоо дэндүү хагаралтай, хэн нэгнээ магтан мандуулж чаддаггүй, авьяастай нэг­нийхээ авьяас билгийг бах­даж, амжилт бүтээлээр нь бахархаж чаддаггүй. Сэтгэл­гээний хувьд дэндүү ядмаг. Улс үндэстэн, элэг нэгтнээ хүлээж авахдаа ч тиймхэн. Яагаав, хэзээний билээ дээ, цагаан сарын барилдаанд Тувагийн Мангуш ирж зо­доглоход юу боллоо доо. Бид тийм л жижиг хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо ийм зангаа болих хэрэгтэй. Үүнд нэг зүй­лийг тодотгож хэлэхэд, мон­гол хүмүүсийг хоорондоо хэ­рэлдэхийг хориглосон, мон­голчуудыг настнаа хүнд­лэ­хийг эрхэмлэсэн хууль гар­гамаар байна. Биесээ хүнд­лээ­гүй нэгнийг нь шийтгэдэг хуультай болмоор байна. Ахмад наст­нууд нь тухайн өндөрлөгт хүрсэн шигээ ха­найж байх хэрэгтэй. “Би Мон­голын оюун санаа, зан зан­шил, өв соё­лын нэгэн том илэрхийлэл шүү дээ” гэж боддог байх учиртай юм. Тэ­гэхгүй юмны түрүүнд л шөвөл­зөөд уурлаж уцаарлаад, улс төржиж нам­чирхаад, талцаж хэрэлдээд байвал юу болох вэ. Үүнийг л зохицуулдаг хуультай боло­хыг сануулаад байгаа хэрэг ээ. Монголчууд эв нэгдэлтэй, нэгэн цул болж байж хүндийн жингээ улам нэмнэ. Хүндийн жин нэмэгдэх тусам дэлхийн татах хүч нэмэгддэг. Энгий­нээр хэлэх юм бол монгол туургатан дэлхийн улс орнуу­дыг нэг л өдөр соронзон гүр адил татна шүү дээ. Оюун санаагаараа ч, эрдэм мэдлэг, авьяас билгээрээ ч байлдан дагуулна. Тэгэхээр бүгдээрээ Монгол Улсынхаа сүр хүчийг дээшлүүлье. Үүнийг дээш­лүүлэхийн тулд бид эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэж, нягт болох зайлшгүй шаардлага­тай байна л даа. Монгол туур­­гатны бөхийн наадмаас үүдээд энэ бүгдийг эргэцүүл­лээ. Сүүлд нэг зүйлийг нэмээд хэлэхэд монгол туургатны бүхий л наадам уралдаан зөвхөн Улаанбаатар хотод болох учиртай. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийс­лэл биш юм. Монгол туур­гатан олны, монгол үндэстэн угсаатны нийслэл юм.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Бэлэн мөнгөний амлалтад дарлуулаагүй төсөв

Өнгөрсөн пүрэв
гари­гийн орой УИХ-ын чуул­ганаар Монгол Улсын 2013  оны төсвийг
батал­лаа. Энэ нь ирэх оноос хэрэгжиж эхлэх Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн
тогтвортой байдлын ту­хай хуулийн шаардлагад нийцэж байгаагаараа онц­лог юм. Ирэх
жил ма­най улс мөнгөний авдар­таа долоон их наяд
88 тэрбум 300 сая (7.088.3 тэрбум) төгрөг төвлө­рүү­лэхээр төлөвлөв.
Ха­рин үрж зарах мөнгөө бага зэрэг танасан байна. Ингээд до­лоон их наяд
444 тэрбум 600 сая (7.444.6 тэрбум) төг­рөгийг зарлага­дахаар шийджээ. Эндээс
тоо­цоод үзэхээр төсвийн алдагдал 356.3 тэрбум төгрөг гарлаа. Энэ нь ДНБ-ий хоёр хувьтай тэн­цэж байгаа
учраас Төс­вийн тогтвортой
байд­лын тухай хуульд тусгасан шаард­лагыг хангасан. Үүнд  сэтгэл
өег яваагаа улсын төсвийг боловс­руулан батлуулсан
дарга нар хэлж байгаа. Мэдээж орлого, зарлагын зөрүүг багасгаж, алдагдлаа бага гаргасан
болохоор ирэх жил мон­голчууд бүсээ
чангална гэж айлтгүй цээж
тэнэгэр алхаж болох гэнэ.

Гэхдээ ингэж санаа амрах эрт байна. Төсвийн төсөлд дурдса­наар гадаад дотоод хүчин зүйлээс хамаарч манай эдийн засаг хямарч магадгүй. Тухайлбал, энэ оны эхээр бараг 17 хувьд хүрээд байсан эдийн засгийн өсөлт одоогийн байдлаар буурч 13.2 хувьтай бол­жээ. Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширч, Монголоос нүүрс экспортлохоо зогсоочихсон нь манай эдийн засагт шууд нөлөөгөө үзүүлж байгаа нь энэ. Үүнээс болоод нүүрсний компаниудын улсад оруулах орлого мэдээж буурна. Дээрээс нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан үзүүлэлттэй яваа. Тэгэхээр манай ганц саалийн үнээ болсон “Эр­дэнэт” үйлдвэрээс орж ирэх орлого багасах төлөвтэй байгаа юм бай­на. Түүнчлэн ажилгүйдлийн түв­шин өндөр хэвээрээ, экспорт огцом буурч, гадаад худалдааны алдаг­дал өссөөр байна. Ийм үед тат­варын хамрах хүрээ олигтой нэ­мэгдэхгүй, хөрөнгө оруулалтын үр өгөөж сайжрахгүйгээс төсвийн алдагдлыг нөхөх өөр ямар ч эх үүсвэр харагдахгүй  байгаа гэнэ. Энэ бүхэн нь энэ удаагийн төсвийг эмзэг гэж тодорхойлоход хүргэсэн тухай Сангийн сайд ярьсан байна лээ. Тиймээс төсвийн тогтвор­жуу­лалтын сангаа 500 тэрбум төгрөгт хүргэхээр зорьж байгаа юм байна. Хэрэв эрсдэл гарч төсвийн алдаг­дал ихээр нэмэгдвэл энэ сан­гаа­саа зарцуулж, төсвөө тогтвортой байлгах гэнэ. 

Үүнээс гадна инфляцийн түв­шин 14.9 хувьтай явна. Хүнс, ба­раа, бүтээгдэхүүний үнэ нэмэгд­сэнтэй холбоотойгоор инфляцийн түвшин ийм өндөр болсон хэрэг. Гэхдээ инфляцийг  ирэх онд най­ман хувьд барихаар төлөвлөжээ.  Эндээс яаж гэдэг асуулт урган гарч таараа. Өмнөх жилийн төсөвт цалин тэтгэвэр, бусад төрлийн тэтгэмж олгохоор тусгадаг байлаа. Энэ нь инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан болдог байв. Харин ирэх жилийн төсөвт ийм амлалт ороогүй­гээрээ онцлог болсон юм. Хүүхдийн мөнгийг эс тооцвол бэлэн мөнгө тараах асуудал  ирэх оны төсөвт байхгүй. Мах болоод шатахууны үнийг аль болох тогтвортой байл­гах бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ.  Ийм ийм үзүүлэлтийг үндэс болгож, инфляцийг нэг орон­той тоонд барина гэдэгтээ төсөв батлагчид итгэлтэй байгаа бо­лол­той. Гэхдээ энэ бол цаг ирэх цаг хугацаанаас хамаарч үр дүн нь гарах асуудал.

ОРЛОГО

Ирэх жил Оюу толгойн ордын үйлдвэрлэл эхэлнэ. Үүнийг дагаад уул уурхайн салбарт бодит өсөлт гарах байдал ажиглагдаж байгаа юм байна. Дээрээс нь Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагч компаниас роялтын тат­вар авахаар болж байгаа. Тэгвэл 2013 оны төсөвт 445.8 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ гэсэн үг. Нийтдээ уул уурхайн салбараас улсын  төсөвт 1702.8 тэрбум төгрө­гийн орлого оруулахаар байна.  Мөн Архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь төсөвт тэр хэрээрээ орлогыг арвижуулна. Үүний зэрэгцээ газрын тосны зориулалтаар оруулж ирэх им­портын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлдөг болсоор арван жил өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн төсвөөс эхлэн үүнийг хүчингүй болгож байна. Ингэвэл ирэх жилийн төсөв 10.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.  Мөн Атрын гуравдугаар аян нэгэнт үр өгөөжөө өгөөд, газар тариа­лан­гийн салбар хөл дээрээ босчихсон учраас энэ чиглэлийн төхник тоног төхөөрөмжийг татваргүй оруулж ирэхийг зогсоохоор шийдсэн. Ин­гэс­нээр улсын төсөв найман тэр­бум төгрөгөөр өснө. Оёмол сүлж­мэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой татварын чө­лөөл­тийг хүчингүй болгосноор төсвийн орлого 1.3 тэрбум төгрө­гөөр нэмэгдэхээр болж байна. Төс­вийн орлогыг нэмэгдүүлэх шийд­вэрүүдийг улсын төсөв бат­лахдаа ийн зохицуулжээ.

Ирэх 2013 онд зөвхөн Өмнөговь, Орхон аймаг болон Улаанбаатар хот улсын төсөвт орлого төвлөрүүлнэ. Бусад нь төсвөөс татаас авахаар болжээ.  Улсын төсөвт ирэх жил Өмнөговь аймаг гэхэд 23 тэрбум 612.5 сая төгрөг оруулахаар төлөвлөсөн байна. Харин нийслэл хот  гурван тэрбум 634.8 сая, Орхон аймаг хоёр тэрбум 698.4 сая төгрөгөөр улсын төсвөө арвижуулах аж.  Мөн өрөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирэх оны төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. УИХ-ын дарга 100 сая төгрөгийг орлого оруулахаар болсон байна.  Гүйцэт­гэх засаглалын тэргүүн долоон тэрбум 53.8 сая төгрөг, Шадар сайд 15.8 тэрбум төгрөгийн орлого олох гэнэ.  Тэднээс хамгийн их орлогыг төсөвт оруулах үүрэг авсан хүн нь Сангийн сайд Ч.Улаан. Тэрээр дөрвөн их наяд 646.9 тэрбум төгрөгийг улсынхаа мөнгөний ав­дарт хийх юм байна.

ЗАРЛАГА
 
Ирэх оны төсвийн урсгал зард­лын 70 гаруй хувь нь нийгмийн салбарт хуваарилагдаж байна. Ингээд төсвийн өрөнхийлөн захи­рагчдын багцад хуваарилсан мөн­гийг  тоймлон хүргэө. Ерөнхий­лөгчийн Тамгын газар ирэх жил 11 тэрбум 951,3  сая төгрөгийг зар­цуулахаар болжээ. Ерөн­хий­лөг­чийн мөрийн хөтөлбөрийг хэрэг­жүүлэх хүрээнд хоёр тэрбум 370 сая төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан байна. Тэгвэл УИХ-ын дарга 18 тэрбум 78.9 сая  төгрөгийг захиран зарцуулна. Ерөнхий сайд 165.1 тэрбум, Шадар сайд 128.7 тэрбум төгрөг зарах эрхийг авлаа. Сангийн сайд 1.5 их наяд төгрөг зарцуулна. Ерөнхий сайдын баг­цад багтсан мөнгөний 50 тэрбумыг шинэчлэлийн  хөтөлбөрийг  хэ­рэг­жүүлэхэд зарцуулахаар төлөв­лө­сөн нь задаргаагүй мөнгө оруулж ирлээ гэдэг шүүмжлэлд өртөөд байсан билээ. Гэвч энэ мөнгийг нийт 10 чиглэлийн үйл ажилла­гаанд зарцуулахаар сүүлд задар­гааг нь оруулж ирсэн билээ.  Үүний да­раагийн их зарлагатай салбар бол Боловсрол, шинжлэх ухааны яам.  Боловсрол, шинжлэх ухааны сай­дын багцад зарцуулах  ирэх оны зардлыг 1.1 их наяд төгрөгөөр баталлаа.  Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын сайд 402.5 тэр­бум, Зам тээврийн сайд 602.03 тэрбум төгрөгийг мэдэж зарцуулах нь ээ. Харин Уул уурхайн сайд 24.3 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн сайд 70.5 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилж авсан нь багад тооцог­дож байгаа юм. 

Эднээс гадна Засгийн газрын тусгай сангуудад төсвийн нэлээд хувийг “залгиж” байна.  Жишээ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэм­жих сан гэхэд 50.1 тэрбум,  Засгийн газрын нөөц санд 20.1 тэрбум, мал хамгаалах санд 27.4 тэрбум,  авто замын санд 862.7 сая төгрөг өгө­хөөр шийджээ. Шинжлэх ухаан төхнологийн санд өсөн тэрбум 254.7 сая төгрөг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн санд 16 тэрбум 682.4 сая төгрөг төсөвлөсөн нь өндөрт тооцогдож байгаа юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Ирэх оны нийт хөрөнгө оруу­лалтын дийлэнхийг  дэд бүтцийн салбарт, 20 гаруй хувийг нийгмийн салбарт, арав гаруй хувийг хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн сал­барт зориулахаар шийдсэн. Ирэх онд хийх нийт хөрөнгө оруулалтын ажлуудын талаас илүү хувь нь  өмнөх оноос дамжин хэрэгжих арга хэмжээнүүд юм байна.   Зөвхөн 20 хувь нь шинээр эхлэх төслүүд байгаа.  Тухайлбал, зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажилд 361.7 тэрбум, барилга бай­гууламжид 31.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.  Хөшгийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барина,  газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад 1,4 тэрбум төг­рөгийг улсын төсвөөс гаргахаар болоод байна. Гэх мэтчилэнгийн бүтээн байгуулалтын ажилд зар­цуулах төсвийг дурдаад байвал олон.
                                      
ОРОН НУТГИЙН ТӨСӨВ

Орон нутгийн төсвийн эрх мэдэл ирэх жилээс нэмэгдэж байгаа. Орон нутгийн төсөв нэг их наяд 813.6 тэрбум төгрөг болж байна.  Орон нутаг төсвийн хувьд биө дааж, захиран зарцуулах эрх нь ч тэдэнд очиж байгаа билээ. Аймгуудад олгох санхүүгийн дэмжлэгийн ял­гаа­тай байдал нь төсвийн хэлэл­цүүлгийн үөэр гишүүдийн дунд нэлээд маргаан дагуулж байлаа. Тухайлбал, сайдтай аймгуудад их мөнгө төсөвлөсөн байна гэдэг гомдол гарч байсан юм. Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймагт өгөх санхүүгийн дэмжлэг нь 11, 12 тэрбум гаруй төгрөг байна. Харин Хөвсгөл аймаг дангаараа 20 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар тусгагджээ. Тэгвэл Улаан­баатар, Орхон, Булган, Өмнөговь, Дорноговь аймагт санхүүгийн дэмж­­лэг үзүүлэхгүй гэнэ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2013 онд орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх орлогыг  аймаг тус бүрээр гаргавал Баянхонгор аймагт хамгийн их буюу 12 гаруй тэрбум төгрөг очихоор байна. Өмнөговь, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудад арваас дээш тэрбум төгрөгийн орлого шилжих аж. Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад бага орлого шилжихээр тусгагджээ.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Төрийг чөдөрлөх МАН-ын санаа хийгээд МАХН-МҮАН-ын зөрчлүүд

Орон нутгийн сонгуультай холбоотой намуудын улс төрийн амьдрал идэвхижжээ. Намуудын дотоодод юу болж буй талаар уншигчдадаа хүргэе.  

МАХНЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД Д.ТЭРБИШДАГВАА ДЭД ДАРГААС НЬ ОГЦРУУЛАХ ГЭЭД БҮТЭЛГҮЙТЭВ

МАХН-ын Бага чуулган нэлээд хэд хоногийн өмнө хуралдав. Д.Тэрбишдагвыг намын дэд даргаас нь огц­руулахаар намын хэсэг нө­хөд нь тохироод байсан ч чадаагүй байна. Намын дар­га нь хоригдож байх зуур дөнгөж бүрэлдэж бий болсон МАХН  дотооддоо зөрчилдөж эхэлжээ. МАХН-ыг байгуу­лахад анхнаасаа дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцож байсан хүмүүсээ биш МАН-аас ирсэн П.Хангал, О.Лхаг­ва­цэдэн, У.Барсболд нарыг   нарийн бичгийн даргаар шууд томилжээ. Ийнхүү томи­лох­доо шийдвэрээ эхлээд гаргасны дараа Бага чуул­ганд танил­цуулсан зэрэг нь МАХН-ын гишүүдэд таалаг­даа­гүй болол­той. Мөн өөрийн ах дүү, танил тал, найз нөхдийг ажил албанд томилж байхад анхнаасаа  хар бор ажлыг нь хийж, сайн, муу нэр сонсч явсан жирийн гишүүдээ таагүй хандаж бай­гаа аж. Тиймээс ч хоёр тал болон талцаж дотооддоо үймээн ихтэй байгаа гэнэ. Мөн тус бага чуулганаар за­рим нэг хүн Ц.Оюунбаатарын  УИХ-д суух ёстой суудлыг “Хэлмэгдэгсдийн суудал” гэж зарлан Н.Энхбаяр даргадаа авч үлдье гэсэн санал ч хэл­жээ. Гэхдээ энэ санал төдий­лөн дэмжлэг авсангүй. Ц.Оюун­баатарын хувьд  ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүн болно гэдгээ албан ёсоор хэлчихээд байгаа. Дотооддоо иймэрхүү байх зуур  УИХ-ын сонгуульд гар барилцан ор­сон МАХН-МҮАН-ын эвслийн удирдагчид түнжин тааруу байна. Тохирсон ёсоороо албан тушаалыг тэнцүү ху­ваа­рилж очих ёстой атал МАХН-ынхан хэлснээсээ буц­санаас болж МҮАН-ын дарга М.Энхсайхан хоосон хоцор­сон. Үүнд хорссон М.Энх­сай­хан Н.Энхбаярыгаа “Шүүх Энхбаярыг буруу шүүгээгүй байх” гэсэн утгатай үг хэлчих­сэн. Энэ үг Н.Энхбаярын уурыг барж, М.Энхсайханыг зайлуулаач гэж нэгэн томоо­хон албан тушаалтанд  хэл­сэн байгаа юм.   

МАНД ГАДНЫХАН ХИЧЭЭЛ ЗААЖЖИГҮҮР, ХОЛБООД НЭМЭГДЖЭЭ

МАХН, МҮАН иймэрхүү   зөрчилтэй байх зуур МАН, МАХН хоёрыг алсдаа дахин нийлүүлэх зорилготой яриа хөшигний цаана ярилцах болжээ. Олны гайхлыг төрүүл­сэн У.Хүрэлсүхийн шийдвэртэй хамт энэ яриа сөхөгдөх болсон нь мөн л анхаарал татаж буй юм. Дээр нь  боловсон  хүчин ихтэйгээ гайхуулдаг энэ нам  Ерөн­хий­лөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөх хүн олдохгүй байгаа аж. Мэдээж цаг нь ирэхээр хэн нэгэн өрсөлдөх л байх. Одоогоор  яриа хэлцлийн түвшинд  л яваа болохоос тодорхой товлосон нь үгүй байна.

УИХ-ын сонгуулийн ялагд­лын шоокноос гарч ча­даа­гүй хүндхэн байгаа Ардын нам “Жолоогүй төрд хазаар хэрэгтэй” гэсэн уриаг орон нутгийн сонгуульд дэвшүүл­жээ. Орон нутгийн сонгуу­лийн­хаа агуулгыг ойлгоогүй юм уу, эсвэл 1996 оных шиг улсын ажил явуулахгүй улс­төржиж суухаа зарласан юм уу, нэлээд ойлгомж муутай уриа аж. 

Орон нутагт гарч ирлээ гэхэд хууль баталж байгаа УИХ-д юм уу,  Засгийн газарт тээг болох юм байна гэж энэ урианаас нь ойлгогдож бай­гаа юм. Ямар ч байсан өөрс­дийнх нь явуулсан судалгаа­гаар бол нийслэлд  рейтинг тааруу байгаа учир хөдөөд илүү ажиллах ёстой хэмээн баг томилж тал бүр тийш илгээжээ. Нутгийн өөрөө удир­дах ёс гэдэг шиг л тухайн газар орноо өөд татах асуу­дал болохоос УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хазаарлаад ажил хийлгэхгүй байхыг хэлээгүй. Нэг үгээр хэлбэл төрийн ажлыг чөдөр­лөөд суух юм байх аа. МАН-ын хувьд гаднаас баахан хүмүүс авчирч сонгуульд хэр­хэн ажиллах талаараа Нүх­тэд сургалт явуулжээ.  Тэд нь чухам юу зөвлөснийг хэн мэдэхэв. 

Сонгинохайрханд гэхэд “Төрийн хяналтыг сонгино­хайр­ханчууд тогтооно” гэж яриад яваа.  Үүнээс нь хара­хад дүүрэг, нийслэл, аймаг, сумаа хөгжүүлэх биш төрийн ажил руу хошуу дүрээд ажил хийлгэхгүй санаатай болол­той. Мөн “Парламентчдын нээлттэй холбоо” гэж МАН-ын гишүүдээс голдуу бүрдсэн холбоо байгуулагдаж тамга тэмдгээ авчээ.  Энэ холбоо нь хуучин УИХ-ын гишүүн асан,   МАН-ын Бага хурлын гишүүн байсан хүмүүс багтаж байгаа аж. Өөрсдийнх нь хэлснээр өөр намын гишүүд ч энэ төрийн бус байгууллагад нь орж болох гэнэ. Одоогоор АН-ын Л.Гүндалай нэгдэхээ илэрхийлээд байгаа гэсэн. Тэд хууль зүйн зөвлөгөө өгөх,  лобби хийх, бүр цаашлаад улс төр хийхээ ч  нуусангүй.

Ардын намын хувьд “Ардын жигүүр”
хэмээх залуу­сын байгуулсан жигүүр
ур­галаа. Засаг барьж байх үед   албан тушаалгүй
хоосон хоцорсон хүмүүс  жигүүр
бай­гуулж шантаажилдаг байсан бол засаглалгүй  үед
чухам яах гэж байгуулагдав. Нэг­мөсөн томчуудаа унасан дээр нь нам
дарж авч, өд жигүүр ургуулж өөдөөс нь өрвөлзөж, өөрсдийн
байр сууриа бий болгох гэсэн хувил­бар байж болох. Ер нь ч тэгээд орон нутгийн сон­гуульд
унавал чиг унаг, тэрэн дээр нь дөрөөлж нэгмөсөн намаа шинэчилж авъя гэсэн санаа бодолтой залуус
ч МАН-д бас байдаг болсон байна лээ.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын зарим гишүүн хууль зөрчин төрийн сангийн зээлд хамрагджээ

Төрийн сангийн зээлээр гадаа­дын их, дээд сургуульд элсэн су­рал­цана гэдэг оюутан залуусын өмнө нэлээд өндөр шалгуур тавигд­даг. Тоо хязгаартай учраас хүссэн болгон нь аваад ч байдаггүй.  Улс  ч гадаадад чанартай боловсон хүчин бэлдэхийн тулд ийнхүү за­луу­саа харж үзэн төрийн сангаас зээл олгодог. Гэхдээ төрийн сан­гийн зээл олгохын тулд гадаадын 500 шилдэг их, дээд сургууль гэж заасан байгаа юм. Харамсалтай нь гадагшаа явсан болгон нь шилдэгт суралцдаггүй. Мөн гадаадад сурах нэрээр төрийн сангийн зээл авсан хэрнээ Монголд салбартай гадаа­дын их дээд сургуульд сураад байгаа нь анхаарал татна. Энэ нь шууд хууль зөрчиж байгаа хэрэг юм.  

Гэтэл жирийн иргэдийн  хүүх­дүү­дийн арай гэж  хамрагддаг төрийн сангийн зээлд МАН-ын гишүүдийн охид, хөвгүүд ямар ч шалгуургүйгээр багтдаг. Энэ та­лаар манай сонин өмнө нь ч бичиж байсан. Хэдийгээр сурлагын чанар, сургуулийн чанарыг нь харгалзан үзэж явуулдаг гэх ч үнэн хэрэгтээ тухайн үед эрх барьж байсан МАН-ын албан тушаалтнуудын хүүхдүүд л төрийн сангийн зээлд хамрагдах нь их байжээ. Нэг ёсондоо өөрийн­хөө хүүхдүүдийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн сангийн зээлд хамруулан явуулдаг байж. Тэр ч байтугай МАН-ын залуус, бүр УИХ-д суугаа гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар нар ч төрийн сан­гийн зээлээр сурсан байх юм. Үүнийг нотлох баримт байна. 1997-2011 онд төрийн сангийн зээлээр гадаа­дад суралцсан хүмүүсийн нэрс дунд МАН-ын гишүүдийн хүүхдүүд цөөнгүй харагдлаа. Су­рал­цагчдын судалгааг гадаадын дээд боловс­ролын сургалтын бай­гуул­лага гаргажээ. Дээрх хугацаанд нийтдээ 1342 хүн хилийн чанад дахь их, дээд сургуулиудад суралц­жээ. Нийт суралцагчдаас 111 нь төрийн сангийн зээлээс чөлөө­лөгдсөн байна. Гадаадад сурал­цагчдын 300 гаруй нь эх орондоо ирж, төсвийн байгууллагад ажил­лаж байгаа аж. Мөн долоон хүн гадаа­дад суралцах явцдаа золгүй байд­лаар нас барсан бол 16 хүн сур­гуулиа төгсч чадаагүй ажээ. Харин 202 хүн гадаадад  сургуулиа төгс­сөн боловч эх орондоо эргэж ирээ­гүй гэнэ.  

Манайхаас АНУ, Австрали, Япон, ХБНГУ, Солонгос, Энэтхэг, ОХУ, Шинэ Зеланд, Норвеги зэрэг дэлхийн 30 гаруй улс руу мэргэжил дээшлүүлэхээр суралцдаг юм бай­на. Гэхдээ нөгөө шаардлагад нийц­сэн шилдэг 500 сургууль руу явдаг нь цөөн. Харин хүслээрээ л яваад байж. Тэр шаардлага энэ тэрийг харгалзахгүйгээр. Австралид гэхэд Шийрэвдамбын Маргад, Пүрэв­доржийн Хулан, Раднаагийн Ариун­билэг, Эрдэ­нэсүрэнгийн Амга­лан нар суралц­жээ. Тэд худал­дааны эрх зүй, эдийн засаг, бай­галь орчны шин­жээч, боловсролын удирдлагын мэргэжлээр суралцаж төгсчээ. Харин Баделханы Галия, Цанжидын Дэлгэрмаа, Бэгзжавын Мөнхбаатар, Сандалханы Бакат­жан нар Англид суралцсан байх юм. Тэд олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.

Нидерландад Далайгийн Эрдэнэ-Отгон, Жадамбаагийн Энхбаяр, Зэнээмядарын Батбаяр, Пүрэвдоржийн Хангал, Гомбожавын Занданшатар нар Маастрихтын удирдлагын сур­гуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан гэнэ.  Угтаа энэ сургуулийн Монгол дахь сал­бар Улаанбаатарт бий шүү дээ. Нэгэнт салбар сургуульд нь Мон­голд сурчихаад үүнийгээ гадаадад сурсан гэж төрийн сангийн зээлд хамрагдсан нь бас  гайхал төрүүлж байгаа юм. 

Мөн АНУ-д МАН-ын гишүүдийн үр хүүхдүүд цөөнгүй суралцжээ. Хотын мэр байсан Т.Билэгтийн Лхагвасүрэн, Аудитын газрын дар­гын албыг хашиж байсан Жавзмаа­гийн Мөнхцэцэг тус улсад суралцсан байна. Тэднээс гадна МАН-ын гишүүн Лувсанжавын Жавхлан, М.Энхболдын Одмөнх, Рашийн Оргилмаа, Дэмбэрэлийн Одмягмар, Энхтүвшингийн Зол­боо, Дэмбэрэлийн Нямцэрэн, Насан­­жаргалын Отгонболд, Цолмон­гийн Нарангарав, Баярт­сайханы Хулан, Содномдоржийн Санасэр, Базархүүгийн Даажамба, Бателханы Арна, Гунгаадоржийн Тунгалаг, Лхагваагийн Ганбат нар төрийн захиргааны болон бизне­сийн удирдлага, хууль эрх зүйн мэргэжлээр суралцан төгсөгчид байх юм.

МАН-ын гишүүдийн, тэр тусмаа албан тушаалтны хүүхдүүд гадаа­дад сурч болохгүй гэсэн хууль байхгүй. Төрийн сангийн зээлд ч бас хамрагдаж болох талтай. Арын хаалга хэрэглэснийг нь эс тооцвол шүү. Гэхдээ тэрийгээ эргүүлэн төлсөн эсэх нь анхаарал татаж байгаа юм. Учир нь тэр мөнгө чинь өнөө л ард түмний халааснаас гарсан татварын мөнгө шүү дээ.  Гэвч ихэнх нь төлдөггүй, тэр байту­гай гадаадад сурчихаад эргэж ирэхгүй байгааг юу гэж тайлбарлах вэ. Улсын төсвийг үрлэгэн зарла­ган ашигласан дээрх хууль бус үйлдэлд холбогдох байгууллагууд анхаарал хандуулбал яасан юм.

Categories
редакцийн-нийтлэл

У.Хүрэлсүх ба түүний эргэн тойронд

Сүүлийн хэд хоногт улс төрийн үйл явдлын гол төв нь У.Хүрэлсүх байлаа. Чухам яагаад УИХ-ын гишүүнийхээ эрхээс тэрээр татгалзах болов.  Эхнэрийнхээ эрүүл мэндийн байдлаас болж  ийм  алхам хийсэн гэж тайлбарлаж байгаа  ч энэ бол шалтаг төдий  юм. Тэр ч байтуай Ардын на­мын­хан үүнийг “Эх­нэ­рийнх нь бие муудлаа гээд улс төрөөс тат­галз­даг хүн байдаггүй” гэж ирээд л бахтай нь аргагүй дотооддоо ярьж байна  лээ. Бидний олж мэд­сэ­нээр түүний эхнэрийн эрүүл мэнд асуудалтай байгаа юу гэвэл, тийм юм билээ. Хувь хүний нууц­тай холбоотой учраас энэ тухай дэлгэрэнгүй  мэдээ­лэх шаардлагагүй байх. Харин УИХ-ын гишүүнээ­сээ татгалзах болсон   цаад шалтгаан нь улс төртэй холбоотой.   Гэхдээ У.Хүрэлсүх шиг адар­маатай, анхаарлын төвд байдаг хүний хувьд одоо­гийн болон ирээдүйд хийх акцынх нь талаар намын түүхтэй холбож дурдъя гэж бодлоо.

МАН  гэдэг  нам хувьсгалт гэдэг үгийг анх авахдаа цэвэр гадны шахалтаар болсон. Энэ нэрийг авснаар   гадны шахалттайгаар  их хэлмэгдүүлэлт өрнөсөн  гэж  тайл­барладаг. МАН-ыг МАХН болоход лам нар  тухайн үед энэ бол бурх­ны шашинд маш том гарз авчирна гэж ярьж байсан гэцгээдэг. Тэр ч  үнэн болж толгой тоолон лам нарыг устгаж, сүм хийдийг олноор нь үгүй хийсэн түүхийг бид мэднэ. За энэ ч яахав. Одоогийн МАН-ынхны дунд сэм ярилцдаг, нэгэн хууч яриа шиг зүйлийг бас сөхье. Үнэндээ лам нарыг   аймшигтай­гаар хэлмэгдүүлэх үед тэд үүрээ эвдүүлсэн юм шиг  сандралдан  баахан мэргэ төлөг, зурхай зурж энэ намын ирээдүй, хойчийн та­лаар үзэж харсан юм байх. Энэ явдлын үнэн худлыг баталж мэдэх­гүй ч  нэгэнт МАН-ынхны дунд яригдсан сэдэв учраас  хөндөж  байгаа юм. Ингээд лам нар  МАН-ыг  хэд наслах вэ гэж үзэхэд буруу зөрүү харсан зургаагийн тоо га­раад байна гэж  мэргэ төлөгт буусан гэдэг. 6 буюу 666-г англичууд чөтгөрийн тоо гэдэг. Манайхан бол түүнийг нь муу ёр гэж хөрвүүлсэн байдаг. Хэрэв буруу харсан бол  9-ийн тоо ч байж болох талтай. Нөгөө 90 наслах тухай яриа үүнтэй давхцаж байгаа юм. Мөн Богд ч энэ намыг 90 наслана гэж хэлсэн тухай яриа  бий.  Тохиолдол гэмээр ч юм уу  намын  Онц их хурлаар  С.Бая­рыг намын дарга болгохоор санал өгсөн хүний тоо 666 байсан гэдэг. Тооллогын комиссын дарга нь У.Хүрэлсүх байсан. Гэвч нэг их удалгүй С.Баяр  Ерөнхий сайдын­хаа  ажлыг эрүүл мэндийн шалт­гаантай гэж өгч байсан. Одоо У.Хү­рэлсүх УИХ-ын гишүүнээсээ тат­галзлаа. Муу ёрын тооны нөлөө­лөл гэх нь хаашаа юм зүгээр давх­цал, тохиолдол ч байж болох л доо.

Лам нарын зурхайн зурлагын талаарх түрүүчийн яриандаа эр­гээд оръё. МАХН-ын (одоогийн МАН) талаар цааш зурлага хийхэд  морины сүүлэнд молцог занги­даг­даж, хэвтээ хонь хивж,  босоо бич модны орой дээр гарсан цаг  байх нь гэсэн гэдэг. Инээдэмтэй нь одоогийн Ардын намын логог харвал  цаашаа харсан сармагчны бөгс харагдаад байдаг шүү. Зүгээр давхцал ч байж болох. Мөн 2007 онд Ц.Хулан  УИХ-ын гишүүдийг амьтантай зүйрлэсэн нэгэн ёгт нийтлэлдээ   “Хүрэлсүх шиг овлиго­гүй бич улаан хошногоо улал­зуу­лан хамаг амьтныг сэрээж орхив” гэж бичсэн нь бас санаанд буулаа.

Тэгээд нөгөө лам нар цааш нь энэ намын ясыг барих хүн нь  данхар толгойтой, урт шар дээлтэй хүн байна гэж буусан гэдэг. Бүр нүдний өнгийг нь хүртэл хэлсэн гэж байгаа. 2004 онд УИХ-ын  чуулганд үг хэлэхдээ Н.Багабанди “урт шар дээлтэй хүний учруулж болох   гай, түйтгэр”-ийн тухай битүү утгатай үг хэлсэн нь  Н.Энхбаярын шар дээл өмсдөгийг дайруулснаас гадна энэхүү лам нарын зурлагын тухай давхар хэлсэн байж болох талтай.

У.Хүрэлсүхийг тойрсон үйл явдлыг ярихын өмнө тэдний на­мынхны дунд яригддаг зүйлээс ганц нэг иш татлаа. Мэдээж Хү­рэл­сүхийн дотор улс төрийн амьд­ра­лаа ингээд дуусгах хүсэл байхгүй нь тов тодорхой. Тэр бүү хэл тэрээр намын дарга,  Ерөнхий сайд, Ерөн­хийлөгч болохыг хүсдэг нь дам­жиг­гүй. Хэдийгээр савла­гаатай хачин гэмээр, биеэ барьж дий­лэхгүй үйлдлүүд гаргадаг ч улстөрчийнх нь хувьд хэн ч хүлээн зөв­шөө­рөхөөс аргагүй. Гэвч бас түүний УИХ-ын гишүүнээс нэрээ татахад нь жигтэйхэн хурдан шуурхай таатай хүлээж авсан нь намын дотоод асуудал хурцадмал,  түү­нийг зайлуулах сонирхолтой хүн олон байсныг бэлхэнээ ха­рууллаа.

У.ХҮРЭЛСҮХ УИХЫН ДАРГААС Г.БАЯРСАЙХАНЫГ ЦОХИСОН ХЭРГЭЭ АНХААРЧ ҮЗЭХИЙГ ХҮСЧЭЭ

“Намын
нэр сольсноор буруут­даг юм бол би хар толгойгоороо хариуцна. Хариуцлагаа үүрнэ”  гэж У.Хүрэлсүх хэлж байсан. Ингэж хэлснийг нь захын Должин эмээ ч мэдэх учраас тайлбар хэрэггүй биз. Яалт ч үгүй нэрээ сольсон нь,   хуучин нэрийг нь Н.Энхбаяр авсан зэрэг нь МАН-д гай авчирсан нь тодорхой.

Тиймээс эхний ээлжинд  У.Хү­рэлсүхийг УИХ-ын гишүүнээсээ татгалзахад хүргэснийг сайнаар  харъя гэвэл  хариуцлагаа үүрч байгаа нь энэ гэж ойлгоё.  Шударга, мундаг, улс төрийн соёлтойгоо харууллаа гэх мэтээр намдаа ашиг­тайгаар тайлбарлахаа МАН-ынхан бас мартахгүй байх. Уг нь Д.Бямбасүрэн, Улсын Бага хураас Дамдин, УИХ-аас Ц.Элбэгдорж нар тухайн үеийнхээ нөхцөл байдлаас болж гишүүнээсээ татгалзаж байсан тохиолдлууд бий. Тэгэхээр У.Хүрэлсүхийн үйлдэл анхных биш л дээ.

Эхнэрийнхээ эрүүл мэндийн төлөө санаа тавьсан сайн нөхөр У.Хүрэлсүх улс төрийг үүрд орхино гэвэл горьдсоны гарз. Түүнд айдас бий. УИХ-ын даргад нэрээ татахаар болсон тухай өргөдлөө өгөхдөө  “Прокурор дээр байгаа миний асуудлыг бодолцоно биз дээ” гэж хэлсэн байгаа юм. Г.Баярсайхан гишүүнийг заамдаж, шанаадаж  унагадаг  явдал бол үйлдэл  дээрээ баригдсан хэрэг. Тэгэхээр яалт ч үгүй асуудал үүсэх нь тодорхой. Тэрээр үүнийгээ амьхандаа гуйсан бололтой. Харин УИХ-ын дарга  энэ хүсэлтэд нь тодорхой хариу хэлээгүй  талаар  У.Хүрэлсүхийн ойрын эх сурвалж нь ярьсан байна лээ. Ер нь тэгээд УИХ-ын дарга тэр асуудлыг нь яаж зохицуулах билээ дээ. Хуулийн байгууллагынхны л шийдэх хэрэг шүү дээ.  Угаасаа У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн прокурорт дуудагдаж байцаалт  өгч байгаа юм билээ.

СҮ.БАТБОЛД ТЭГЭЭД ЯАХАВ?

Хүрэлсүх ингэж нэрээ тат­са­наар Сү.Батболдод дүүжлүүрийн олс бэлдчихэв үү гэлтэй. Өөрөөр хэлбэл Хүрэлсүхтэй хамт  намын нэрээ сольж,  намаа унагасан хариуцлагыг С.Батболд ч бас үүрэх нь дамжиггүй. Хамтран өөрчилсөн хүн нь яалт ч үгүй мөн. Түүнд  УИХ-ын гишүүнээс нэрээ татах, үгүй бол УИХ-ын халхавчинд улс төрийн амьд үхдэл болох хоёр зам  байна. Ийм байдалд орох замыг нь  У.Хүрэлсүх бэлдчихлээ л дээ. Дээр нь Сү.Батболдын асуудал саяхан хуралдсан Засгийн газрын ху­ралдааны үеэр хөндөгдөж.   Тэрээр Ерөнхий сайд байх үедээ MCS-ийн  захиалгаар   төмөр замыг Мон­голын эрх ашигт нийцэхгүйгээр шийдсэн  талаар ярьж, цааш нь шалгуулах хэрэгтэй гэсэн байна.      Тэрээр У.Хүрэлсүхийг дагаж гишүү­нээсээ татгалзлаа гэхэд шоронд явах магадлал өндөр болоод бай­на. Мөн Чингэс зочид буудлаа 65 сая доллараар зарсан, түүнийгээ аваад Монголоос зугтах  нь гэж нэг хэсэг нь хардаж байгаа бол  Ерөн­хийлөгчид өрсөлдөх сонирхолтой байгаа тухай зарим нь өгүүлэв. 

ТЭР ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТАЛЗСАН Ч УЛС ТӨРӨӨС ЯВАХГҮЙ

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс таталзсанаар улс төрөөс бүрмө­сөн ангижирчихаж байгаа хэрэг биш юм. Түүн шиг улаан хам­гаалагч хайрт намаа хөндлөнгөөс хараад зүгээр суухгүй. Тэрээр Төрийн ордонд биш байлаа гэхэд гудамжны улс төр хийнэ. Угаас МАН-д байгаа цорын ганц жагсагч шүү дээ. Араас нь дагах хүмүүсийн тухай энд дурдсангүй. Оройлон оролцогч гэдгээр нь хэлж байна. Түүнд Зүүний хүчний холбоо, НАМЗХ, намын дэргэдэх оюутны байгууллага, тэр бүү хэл мотоцикль унаж давхидаг  залуусын холбоог  тэргүүлдэг  гэж байгаа. У.Хүрэлсүх ингэж  шоу хийгээд зогсож байвал гайхах зүйлгүй. Энэ бол У.Хүрэлсүхээс элбэг гарах үйлдэл.  Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө биш хүн бэлтгэж гаргах зорилгоор ингэж шоудна. Үр дүнд нь өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болох гэж зүтгэх гэнэ.

У.ХҮРЭЛСҮХ ЯАГААД Н.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛТ ТАВИВ

Баахан дуулиан тарьж орхиод, утсаа салган намынхантайгаа ч холбогдохгүй чимээ алдарч орхи­сон У.Хүрэлсүх  Н.Энхбаяртай уулзах хүсэлтээ таван удаа тавьсан байна. Улс төрөө орхиж гэргийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих гэж буй хүн юунд Энхбаяртай уулзах гэж ийнхүү улайрав. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тэднийг уулзсан гэх мэдээ бий. Уулзсан байх магадлал бий. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, генерал  Ганхүү  У.Хүрэлсүх хоёр нэг нутаг усных, сайн яривал садан төрөл болохоор хүн учир энэ хүсэлтийг нь биелүүлсэн байх магадлалтай.

Улстөрчдийн нэг сонин чанар бол нэг өдөр дайсан байсан ч хэзээ нэгэн цагт анд нөхөд болж хувирах нь бий. Магадгүй дахин гар барьж Энхбаяраар туг хийж тохирох гэсэн байх магадлалтай. Мөн МАН, МАХН хоёрыг нэгтгэх тухай яриа байдаг. Энэ тухай ч тэд ярьсан байж болох юм. 

Эцэст нь хэлэхэд дээр дурдсан МАН-ынхны ярьдаг  түүхээр бол урт шар дээлт нь Н.Энхбаяр юм бол, модонд авирсан бич нь У.Хүрэлсүх ч юм билүү. Мэргэ төлөгт итгэсэндээ биш тэдний өөрсдийнх нь ярьдаг хачин яриа үйл явдалтай нь давхцаж байгааг сануулах гэж холбож  бичсэн юм шүү.  

Categories
редакцийн-нийтлэл

Орос нефтийн эзэн найтаахад, Оюунгэрэл авхай ч ханиад хүрчихлээ

Манайхан ч энд тэндгүй л нефтийн үнэ нэмэгдэх нь гэж ам амандаа шивэр авир гээд яриад эхэллээ. Оросууд неф­тийнхээ үнийг нэмж байгаа бололтой юм, дагаад манай импортлогч нөхөд ч нэмэхээр төлөвлөж. Үүнийгээ хэв­лэл мэдээллийн байгууллагуу­даар ил далд мэдэгдээд эхэл­чихлээ. Оросууд дээрэлхэж байна, үнээ нэмэхээс аргагүй  гээд л  пиар нь явж өгсөн. Хүмүүс ч шатахууны үнэ нэ­мэг­дэх нь гэдгийг тэндээс нь хэдийнэ ойлгочихоод өөр зуураа мэдээлэл солилцоод эхэлчихжээ.

Шатахууны үнэ нэмэгдэх нөх­цөл байдлыг харахаар оросууд ч нөлөөлж байгаа байх нөгөө талд нь үгсэн хуйвалдаж үнэ нэм­сний­хээ торгууль 17 тэрбумыг төлөх болсондоо шатахуун импорт­логч компаниуд шаралхаад нэмж бай­гаа юм шиг харагдаж байгаа юм. Өнгөрсөн нэг­дүгээр сард шатахуун им­порт­логч компаниуд хэрэг­лэгч­дээ годрой­тож унатал шатахуу­ныхаа үнийг нэмсэн билээ. Үүнийг нь Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянаж үзээд 17 тэрбум төгрөгийн торгууль тавьж харин удалгүй хоёр дарга нь ажлаасаа халагдсан байдаг. Үүний дараахан очсон дарга нь зөвлөлөө хуралдуулаад 17 тэрбум төг­рө­гийн торгуулийн мөнгийг импортлогч компаниудаас авах шаардлагагүй гэсэн шийд­вэр гаргаж бүх зүйл амар тайвандаа орсон билээ. Гэтэл “гайхал” О.Магнай очоод торгууль авах ёстой гэсэн шийдвэр гаргачих­сан. О.Магнайгийн хийсэн ажил бүр нь хэрэглэгчдэд таалаг­даж, бас тэр нөхөр хэнээс ч айхгүй гэдэг нь тодорхой учраас торгууль төлөх нь бодитой асуудал болж ирсэн гэж болно. Иймээс л шатахуун импорт­логч компаниуд шар­хаа нөхөхөөр үнээ нэмж байх шиг байна. Тор­гууль тавьж байгаад нь дургүйцсэндээ үнийн өөрчлөлтийг хөндсөн ч бай, оросууд нь үнээ нэмэх болсон ч бай эцсийн бүлэгт хэн нэгнээс хараат байгаа нь л өөрөө асуудал юм. Москва найтаахад Монголд ханиад хүрдэг гэдэг худлаа үг биш. Ерөөсөө л ийм хамааралтай явж ирлээ. Энэ нь Орос, Хятад­даа ч бус ерөөсөө бид өөрийн хийж чаддаг зүйлгүй ирж, хэн нэгнээс хараат бол­сонтой маань холбоотой. Хийж чадахгүйдээ биш хийх хүсэлгүй явж ирсний маань буруу.

Нэгэнт Монгол Улс ОХУ, БНХАУ гэдэг хоёр том гүрний дунд оршдог. Хөршөө том байна, хөршдөө дургүй бай­на гээд нүүгээд явж чадах­гүй­гээс хойш энэ хоёр хөрштэй­гөө зөв сэтгэлээр ойлголцож амьдрах нь зөв. Аялдан да­гал­дахгүй бас муудалцчихгүй алтан дунджаар бодлогоо тодорхойлж бас цаанаа са­наа­тай явах нь бидний хувьд ямар ч гуравдагч хөршийн бодлогоос чухал биз. Манай­хан яахав дээ, нефтийн үнэ нэмэгдэх сургаар оросуудад жигтэйхэн дургүй болж, тэд­нээс муу хүнгүй болдог нь гэм биш зан. Тэглээ гээд өөрсдөө юуг ч өөрчлөөгүй, юуг ч хийж амжаагүй. Нэг орноос, нэг колонкоос хамааралтай мөрт­лөө юу ч хийхгүй. Неф­тийн үнэ нэмэх сургаар нөөцийн савны тухай ярьж, олон газраас шатахуунаа авдаг болох тухай хөндөж, нефтийн үйлдвэр барих төс­лөө салхи оруулж, нүүрснээс шууд нефть нэрэх асуудлыг ярьж эхэлдэг. Таг хаясан асууд­лаа яг л энэ үед ярьж, оросуудаас муу хүнгүй мэт тодорхойлох болсоор удлаа. Одоо бас жүжгийн энэ үзэгдэл давтагдаж байна. Үнэндээ асуудал нь хүн чанаргүй оросууддаа биш, бидэнд бай­на. Тэгээд ч оросууд тэгтэл хүн чанаргүй улсууд биш гэдгийг ханилж нөхөрлөж ирснийхээ хувьд манайхан мэддэг. Харин манай үе, үеийн хэл­сэн­дээ хүрдэггүй, хулхи дарга нараас болж тэд ингэж ха­туурхдаг болсон. Манай том дарга нар Уралаас цаашаа явахаараа урваганаж шарва­ганаж гүйгээд юу хүссэнийг нь өгөхөөр болчихоод ирдэг, Сибириэс наашаа гараад ирэхээрээ сэрвээн дээрээ сүүлээ хаячихаад хэлж амлаж байснаа мартчихдаг. Ийм хоёр өөр зан гаргаад байхаар хэний ч дургүй хүрнэ ээ дээ. Өгнө өгнө гээд амла­чихсан байхад авна л гэх нь хэр шүү дээ. Авахын тулд чангалдаг ч байх. Урьд өмнөх дарга нар дандаа л ингэж ирлээ. Тэглээ гээд хийж бүтээ­сэн нь алга. Ямар нэгэн эрх ашиг, сонирхол зөрчил бай­даг л байлгүй. Одоо оросууд шинэ Засагт, шинэхэн дарга нарт ойлгуулах гээд ганцхан манайд шатахууны үнээ нэмж мэдрүүлж байна. Одоо­гоос сарын өмнө нэг тонн дизелийн түлшээ 90, А-92-ыг 44, А-80-ыг 32 ам.дол­лараар нэмнэ гэж байсныгаа төрөл бүр дээр 50 ам.дол­лараар нэмэхээр болсон гэх. Моно­поль газар монополь байхаас яахав. Тэд дөнгөж найтаах төдийд манайх хэ­дийнэ ха­ниад хүрчихээд үнээ нэмэхээс аргагүй гэж байна. Бас л монополь эрхтэй оруулж ирдэг газрууд тэрий­гээ ма­ниус­таа ойлгуулахаас яахав. Тэдэнд гомдож гонш­гонож суухын оронд нөөцийн саваа гагнаад эхэлмээр бай­на. Юу байна, хамгийн их байгаа нүүрснээс шатахуун нэрдэг технологио хэрэг­жүүлж, ийм ололттой техно­логи нэвт­рүүлж байгаа газ­руу­даа дэм­жээд өгмөөр бай­на. Ганц хойноос биш эндээс, тэндээс оруулж ирдэг бол­моор байна. Он жилээр салхи оруулаагүй нефтийн үйлд­вэрийн төс­лүү­дээ эргэж нэг хармаар байна. Ингэхийн тулд өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан асуудал гэж хойш хаялгүй, урьд хой­дынх гэж ялгалгүй ажил бол­гож эхлэх ёстой. Төрийн зал­гамж чанар гэж юм байх ёстой доо. Тэгэхгүй бол хамгийн эмзэг энэ асуудал маань хам­гийн топ сонгуу­лийн шоу бо­лоод удлаа. Оросууд үнээ өсгөөд ирэхээр нэг хөндөнө, сонгууль дөхөөд ирэхээр бас л ёс мэт чухал­чилна. Бусад үед нь жам ёсоороо хаягдана. Одоогийн Засгийн газар үүнийг л бүрэн эрхийнхээ хугацаанд ажил хэрэг бол­гохгүй бол мянга сайхныг хийгээд хэрэг алга. Бид зам­наж ирсэн шигээ ийм өөдгүй төр, ийм өөдгүй төр засагтай баймааргүй байна.

Categories
редакцийн-нийтлэл

Галзуучуудын эх орны тухай эргэцүүлэл

Эх орон минь галзуу хү­мүүсийн цугларалт шиг са­нагдах боллоо. Дэлхий дээр хачин хэргүүд гарч дуулиан тарьдаг ч тэр нь ихэвчлэн сэтгэцийн өвчтэй, эсвэл шаш­ны хэт мунхаг үзлээсээ болж үйлдсэн байх нь элбэг. Ма­найд бол өдөр тутам аймшигт хэргүүд гардаг. Эмнэлгийн дүгнэлтээр эрүүл гэх ч эрүүл хүнээс гарамгүй галзуу хү­мүүсийн аймшигт үйлдэл хийц­­гээх юм. Үүнээс гадна бүх л салбарт, бүх л шатан­даа, хөдөө хээр малчны хо­тонд ч, хотод Төрийн ордонд ч энэ галзуурал газар авлаа.   

Усны хөвөөнд хэдэн нө­хөр муудалцаж үхрээ усалж  байсан нэгийгээ зодож алаад уулан дээр аваачаад бензин асгаж шатаан, нүх ухаж булах гэж байснаа гэнэтхэн цагдаа дуудаад “Энэ нөхөр өөрийгөө шатаах гэж байсан байна” гэж  хэлээд өөрсдийгөө бариад өгчих жишээтэй. Иргэд нь галзуурчихсан хэрэг бус уу, энэ чинь. Ханилж суусан эхнэ­рээ хардаж, байшингийн буланд хутга барьж зогсож байгаад аймшигтайгаар там­лаж аллаа. Дараа нь өөрийн­хөө амийг егүүтгэх гэж үзнэ. Энэ галзуурал биш гэж үү.

Хүүхэлдэй, машинаараа тоглодог насан дээрээ хүүх­дүүд нь улс төр ярьж,  насны намбагүй эмгэд хөгшид нь садар самуун зүйл ярин саваа­­гүйтэж,  яруу найрагчид нь яруу сайхныг биш, ядмаг­хан мөрүүд хэлхэж, урлаг соёлынхон нь хүртэл улс­төржиж, бөө, удган болчихсон дөвчигнөнө. Тайзан дээр яруу найрагч хэмээх нэгэн “…Говь-Алтайн Бигэр суманд олон мянган нинжа нар газар шороо бусниулж байна”     “…Жан­­цанноровын хөгжмийг сонсоход тэр гуайн охины онгон биеэ алдсан нь са­наанд бууна” гэдэг юм ун­шаад “Болор цом”-ын эзэн гээд зогсож байх жишээтэй.   Дуучид нь алаан хядаан, цус, буу болсон аймшигт клип хийлгэж, эрээгүй хараал урс­гаж дураараа дургина. Хаа сайгүй галзуурал.

Бүх салбарт бөө төрж, бүгд эцэг өвгөдийн сүнстэй ярьдаг боллоо. “Би Чингэс хаан байна” гээд ороод ирдэг нэгэн ч байна. Дээр нь бас Чингэс хаан ирчихээд байхад итгэсэнгүй гэж загнахыг нь яана. Арван хэдтэй жаахан хүүхдүүд бөө болж архи уух нь энэ нийгмийн галзуурал.  Зарим нь дэлхий сөнөх тухай ярьж тэрэнд нь хөдөө,  хотгүй итгэж,  малчид нь галзуурсан мэт малаа хядаж байна.  Яа­гаад ингээд байдаг юм бол.

Улс төр нь бас хачин. УИХ-ын дарга байсан гурван нөхөр, Ерөнхий сайд байсан хоёр нөхөр, чуулганы тан­химын хаалгыг диванаар дараад хэвтчихнэ. Өөрсдийг нь эрх барьж байхад иргэд гадаа үзэл бодлоо илэр­хий­лээд жагсахаар баривчилж хориод сүйд болно. Хаалга дарж суудаг хэд нь “Ялагд­чихлаа, ялах байсийм” гээд хээвнэг бичиг бариад суух нь  хошин шогийн үзүүлбэр мэт. Энэ эрүүл үзэгдэл мөн үү. 

Клинтон эцэг, хүү Буш бүгдээрээ  Конгрессоо, Путин Медведевтэйгээ Думаа хурал­­дуулахгүй гэж хаалгыг нь дараад хэвтвэл ямар байхав.

Хот гэж байшин дотор байшин барьсан эмх зам­ба­раагүй, чанар муутай барил­гуудын бөөгнөрөл. Нэг сая 500 мянган хавтгай дөрвөл­жин километр газар нутагтай  хэрнээ хаа дуртай газраа бөөгнөрөлдөөд, газраа бу­лаа­­цалдаж биенээ ад үзнэ.  Эсвэл бөөрийг нь наалдуу­лаад хажуугийн барилгынхаа цонхыг таглаад байшин барьчихна. Агуу уудам тал нутагт  гурван сая хүрэхгүй хүн  нь багталцахгүй, таг битүү явах замгүй болтлоо шахцал­даад хэрүүл тэмцэл хийхийг нь яана. Хотыг ингэж бай­гуул­даг юм уу. Барилгын сал­барын олон жилийн далд   байсан идээ бээр нь сая ил гарч, өдөрт хичнээнээрээ барил­гын ослоос болж эрдэ­нэт хүн амиа алдаж байна. Энэ эрүүл үзэгдэл үү.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүн шүүх дуудахаар очдог­гүй. Аргаа бараад гурван зуун цагдаатай очиж байхав. Ганц хүнд гурван зуун цагдаа шүү.  Том дарга байсан учраас шүүхэд очихгүй гэсэн ёс хаа­на байна. Шүүх буруу хэрэг хийжээ гэж ял оноохоор аял­дан дагагчид нь шүүх рүү дайраад, шүүгчээ барьж чирээд сүйд болно.

Дэлхийд тэгвэл яадаг билээ. Италийн Берлускони гэж байнгын хэл ам таталж явдаг нэг улстөрч бий. Хүнд гарын нөхөр ч  шүүх дуудсан цагт очоод байгаа биз дээ. Харин  намайг хэлмэгдүүллээ гээд давж заалддаг. Дэлхийд алдартай одууд  ч хууль зөрч­сөн ял шийтгэлээ авч л бай­даг. Манайд бүгд эсрэгээр.

Тэртэй тэргүй зуд болж,  өвөлдөө -40 градус хүйтэрч, 50 см цас ордгийг мэдсээр атлаа малчид нь зунжин архи­­даж, пин дээрээ ганц өвс түүж тавьдаггүй.  Тэгээд  нэг ч өвс түүгээгүй хэрнээ 1000 малтай өвлийг өнтэй давна гэж байх уу. Сая гаруй хүнтэй  нийслэлдээ л гэхэд 50, 60 телевиз, хорь, гучин өдөр тутмын хэвлэл байна. Энэ олон хэвлэл мэдээллийн бай­гууллага нь бизнес явуулж байгаа хэдхэн компанийнхаа тамирыг тасартал шулна. Рекламаа өгөхгүй бол муулна шүү гэж айлгана. Энэ эрүүл ёс уу.

Гүүрэн дээр  эсрэг урсга­лаас орж ирээд хүн амиа алдаж л байдаг. Замын хө­дөл­гөөний дүрэм зөрчих бол хэвийн үзэгдэл. Халь­тир­гаа­тай зам дээр хурд хэтрүүлж яваад хэдэн арван машин гэмтэнэ.

Гадны хөрөнгө оруулалт орж ирээд юм хийе гэхээр бүгд ад үзнэ. Өөрсдөө тэгсэн мөртлөө юу ч хийж бүтээхгүй. Энэ бүхнийг та бүхэн эрүүл гэж бодож байна уу. Өөрий­гөө дэлхийн төв гээд ойлго­чихсон хүмүүс Монголоор нэг.

Бүгд өөрсдийгөө дэлхийн төв агуу ихийг бүтээгч гэж боддог учраас шагналын төлөө улайрдаг. Хийж байгаа ажлаасаа зүгээр л таашаал авна гэж үгүй. Үүргээ гүйцэт­гэж байна гэж бодохгүй. Араас нь заавал шагнал горь­доно. Бүгд агуу ихийн дэмий­рэлд автчихсан.  Ямар сайн­даа албан байгууллагуудыг шагналд битгий тодорхойлж бай гэсэн журам гарч байхав. Олон жил ажилласан хүмүүс нь бүгд л гавьяа шагнал авах гэж зүтгэдэг монгол сэтгэлгээ.  Энэ бүхнээс хараад дэлхийн бүх галзуучууд нэг дор цуг­лаад Монгол Улс бий болчих­сон юм шиг санагдах болов.

Бүх дэлхий
намайг тойрон эргэдэг, би дэлхийн төв
гэж боддог улс олон болсон та­лаар төрийн
шагналт, ардын жүжигчин Н.Сувд
гуай хэлсэн байна лээ. Яг үнэн
хэлжээ. Монголоор нэг өөрсдийгөө дэлхийн төв гэж боддог ул­сууд байна. Өөрөөсөө
бусдыг хайрладаггүй, өөрөөсөө
бус­дыг хүлээн зөвшөөрдөггүй, бүгдийг үзэн
ядаж бусниул­даг, зөвхөн би, би, би. Энэ бүхнээс үүдэн  эх орон
минь галзуучуудын цугларал  бол­чих­сон юм
уу гэж эмзэглэхэд хүрч, ийнхүү эргэцүүллээ.