УИХ–ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
–Засгийн газар сүүлийн үед сайтуудын сэтгэгдлийг хянана, кабелийн телевизийг хаана гэх мэтээр элдэв шийдвэр гаргах боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь аливаа эрх баригч хүчин олон нийтийн санаа бодол, хяналтаас ангид байхыг хүсдэг зүй тогтол байна уу даа гэж анзаарагддаг. Тэр жамын дагуу л үйл ажиллагаа болж байна. Гэхдээ нөгөө талаасаа хэвлэл мэдээлэл маань тодорхой хэм хэмжээгээ алдаж байгаа зүйл бас анзаарагддаг, бодит байдлыг хэлэхэд. Ялангуяа тэр коммент гэдэгтэй холбоотойгоор хүний хамгийн үнэт зүйл болсон эрх, нэр төр рүү халдах асуудал хэрээс хэтэрч байгаа. Гадна дотроос зохион байгуулалттайгаар Монголын нийгмийг хагаргах, бутаргах, яс үндэс, шашин шүтлэгээр нь хооронд нь хуваах, нийгмийг талцуулах том хэрэгсэл болоод байна шүү дээ, хэвлэл мэдээлэл маань өөрөө. Юу анзаарагдаж байна вэ гэхээр Монгол Улс маань асар хүчтэй бутрал, задралд орж байгаа нь гол аюул. Үндэсний аюулгүй байдал, монголчуудын язгуур эрх ашигтай энэ нь зөрчилдөнө. Нэг хувь хүний эрх чөлөөг дээдлээд нийтийн, нийгмийн эрх ашгийг хойш тавьж ирлээ. Энэ нь зөв байна уу гэдэгт миний хувьд эргэлздэг болсон. Эрх мэдэл, мөнгөтэй, хүчтэй хүний эрх ашиг нийгмийн эрх ашгаас илүү тавигдаад байгаа нь бас аюул. Өнгөрсөн хориод жилд бид хангалттай туйлширлаа шүү дээ. Тийм болохоор үүнийг зохицуулах шаардлага аль ч нам, Засгийн газрын үед гарч ирж байна л даа. Тэр зохицуулалтын үүднээс Ч.Сайханбилэгийг ийм юм хийлээ. Гэхдээ энэ шийдвэрийн үр дүн гараагүй байна. Сайн муу нь жилийн дараа л мэдэгдээд эхэлнэ дээ. Ардчиллыг би хуулийг дээд зэргээр сахин биелүүлэх гэж ойлгодог. Өөрийнхөө болон бусдын эрх үүргийн нэгдлийг л ардчилал гэж боддог. Энэ бол дур зоргын, анарх биш. Дээд зэргийн сахилга бат, хууль сахих ёс. Бид сүүлийн хорин жил нэлээд дур зоргоороо аашилцгаалаа даа. Ардчиллаа ч сайн ойлгож, таньж мэдсэнгүй. Нийгмээрээ л нэг иймэрхүү байдалд орсон. Тэрийгээ залруулах гэж оролдож буй нь энэ юм болов уу л гэж ойлгож байгаа. Би зөв талаас нь харж байгаа. Нөгөө талаас эрх баригчид дуу хоолой, хяналтаас хол байх гэдэг бас нэг санаа байгаа. Аль аль нь л байгаа юм.
–Муу хэлүүлэхгүй гэсэндээ ийм арга хэрэглэж байгаа байх?
-Дөрөв дэх засаглалын түвшинд өргөмжилж буй хэвлэл мэдээлэл маань хэн нэгэн эздээс хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүй, баталгаа нотолгоотой баримтад үндэслэсэн байх юм бол бидний гоё яриад байгаа ардчилсан нийгэм амьд явна. Тэгэхгүй бол өнөөдрийн ардчилал хулхи болоод байна. Нөгөө тэгш эрх гэдэг нь байхгүй. Монголын нийгэм асар хүчтэй ялгаралд орж байна. Хууль тэгш үйлчилж чадахгүй байна, нийгэм баян ядуугаараа хуваагдаж байна. Өнгөрсөн хорин жилийн үр дүн туйлын хангалтгүй харагдаж байна.
–Бүтээн байгуулалтын ажлууд урагштай өрнөх хандлага ажиглагдаж байна. Нийслэлд ч зоримог шинэчлэлүүд хийгдэж байна. Гэтэл энэ бүгдийг танай намынхан “Бидний эхлүүлсэн ажлын үр дүн одоо л гарч байгаа нь энэ” гэх юм?
-Үнэн, үнэн. Ардчилсан намын ажлын үр дүн жилийн дараа гарна. МАН-ын Засгийн газрын үед л хийгдсэн ажлууд сайнтай, муутайгаа хамт одоо төгсгөлөө базаад дуусгаж байна. Тэнд батлагдсан бодлого, төсөв, хэрэгжүүлсэн ажлууд өдийд үр дүнгээ өгч байгаа. Харин одоо АН бодлогоо гаргаж байна. Анхны төсвөө батлуулсан. Жилийн дараа эдний хийсэн ажлын эхний үр дүн гарна.
–Ардчилсан намыг зарим улстөрчид “Хэт шоу хийгээд байна” гэцгээж байна?
-За яахав дээ, үр дүнг нь харъя даа. Улсууд ярьж л байна. Ер нь сүүлийн үед улс төрийн шоу гэдэг маань хаана хаанаа хэтрээд л байх шиг байна. Хэтэрч болно л доо. Улс төр чинь өөрөө бас хэтэрхий жүжиг биш ээ. Бодит амьдралын тусгал байх ёстой болохоос биш жүжиг байж болохгүй. Өөр дүрд тоглочихоод гараад өөр хүн болох. Улс төрийн амьдрал сүүлийн үед хэт шоу, жүжиг тал руугаа ороод байна уу даа гэж анзаарагдаж байна.
–Хэд хоногийн өмнө аймгийн Засаг дарга нарыг Төрийн ордонд цуглах үеэр зарим аймгийн Засаг даргыг батламжлахтай холбогдсон асуудал хөндөгдсөн?
-Бас л нөгөө хийрхсэн улс төр. Монголын нийгэм дахин дахин хуваагдаж, задарч байна. Нийгмээ өнгө мөнгө, шашин шүтлэг, нутаг усаар нь хувааж байна. Яваандаа энэ хуваагдал өрх гэр бүлийн түвшинд хүрээд байна. Нийгэмд асар хүчтэй задрал явагдаж байна. Эрх барьж байгаа улс төрийн нам, улс төрийн хүчний удирдагчид, улстөрчид маань үүнд маш их анхаарал хандуулж бодох ёстой.
–Одоогийн нөхцөл байдалд нийгмийн задрал гэдэг чинь томдчихсон үг биш биз?
-Бүхий л түвшиндээ Монгол задарч байна. Бүгдийг өнгө мөнгөөр харж байна. Хайр дурлал, найз нөхөрлөл, улс төр гээд бүгдийг өнгө мөнгөөр харж байна. Бид хүн ёсны олон үнэт зүйлээ өнгө мөнгөнөөс худалдаж байна.
Өнөөдөр залуучууд гэр бүлтэй болоход асар хүнд байна. Гэр бүлээ аваад явахад хүнд байна. Нийгмийн суурь болсон гэр бүл бат бэх байж тухайн нийгэм тогтворждог. Гэр бүл дотор хүүхэд өсч бойжиж байж улс орны ирээдүй, боловсон хүчин, хүн бэлтгэгдэнэ.
Бүх түвшиндээ тийм алдагдлууд гараад байгаа юм.
–МАХН–ын дарга Н.Энхбаярын төлөө эмэгтэйчүүд өлсгөлөн зарлалаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Бас л нэг улс төрийн арга хэмжээнүүд ш дээ. Аливаа хүн итгэл үнэмшлээрээ өлсөнө уу, жагсана уу тэр бүхэн нээлттэй л байгаа. Үүнийг улстөрчид нь хэрхэн залуурдах юм байгаа юм, ямар зорилгодоо ашиглаж байгаа юм, цаг хугацаа л бүхнийг тодорхой болгоно. Энэ бүхнийг болохгүй, бүтэхгүй муу муухай гэж яриад хэрэггүй. Сайн сайхан гээд сайшаагаад хэрэггүй. Нийгмийн жам ёсны үйл явдал, үзэгдлүүд болоод л явж байна.
–Монголын өнөөдрийн улс төрийн өнгө аяс, хурдыг хэрхэн тодорхойлох вэ?
-Бид нийгмийн шинэ сонголт хийгээд хориод жил болчихлоо. Үндсэндээ шинэ Үндсэн хууль батлаад хорин жил болсон. Хорин жил гэдэг бол аливаа зүйлийг дүгнэхэд хангалттай хугацаа. Энэ удаагийн УИХ-ын онцлог юу гэвэл Монголын сүүлийн хорин жилийн улс төрийн амьдралд бий болсон иргэний хөдөлгөөн, үйлдвэрчний эвлэл, гудамжны жагсагч, улс төрийн намуудын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээр бүгд орж ирээд суучихсан УИХ. Хоёр, гуравхан сая монголчуудын дотроос гарах улс төрийн потенциалиа шавхчихсан. Хорин жилийн амьдралыг шавхсан ийм их хурал буюу бүх төлөөлөл ороод ирчихсэн. Одоо үүнээс цааш гудамжны жагсагч байхгүй. Үүнээс цааш улс төрийн нам байхгүй. Үүнийг ард түмэн харж байгаа. Ард түмэн тэнэг биш. “За бүгд ороод ирлээ. Нөгөө Ганбаатар юу ярьдаг юм. Батзандан яах нь уу, Уянга юу ярьдаг юм, улс төрийн намууд нь яадаг юм” гээд бүгд хараад сууж байгаа. Айхавтар шүү дээ, цаадуул чинь ажиглаад сууж байгаа.
Нэг талаасаа эцсийн сонголт, цөхрөл байсан. Өөр гарц байхгүй. Энэ нам нь дээр юм уу гэх гарц байхгүй. Энэ иргэний хөдөлгөөн нь зөв юм болов уу гэх гарц байхгүй. Бүгд л ороод ирлээ. Юм хийх бололцоог ард түмэн олгоод байна. Эндээс олигтой үр дүн гарахгүй бол төрд итгэх нийгмийн итгэл асар хүчтэй суларна. Үүний дараа юу болох вэ гэхээр үеийн шилжилт, солилт болох болов уу гэж бодож байна. Бид нар олигтой байвал урагшилна, олиггүй байвал Монголын түүхийн тавцангаас арчигдана. Өөр хувилбар байхгүй. Бие биеэ муулаад байх бололцоо байхгүй. Яагаад гэвэл бүгд төрийн эрх баригчид.
Монголын өнөөдрийн ардчилал, хорин жилийн нийгэм, бид дотроо хүчээ барж байна. Өөрчлөлтөө хийхгүй бол хүчээ барж эхэлж байна. Хаана хаанаа хүч нь суларч байна. Өндөр хаазтай баахан явсаар одоо урагшилж чадахаа болиод хоосон ээрээд байна. Шаварт суучихсан машин хоосон уухилаад л байдаг ш дээ. Бензин хийчихээд л шавар үсчүүлээд л гишгээд байдаг. Гишгэх тусам доош ухаад л суугаад байдаг. Яг л ийм байдалд байна. Ийм дүр зураг харагдаж байна. Эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал нь ч тэр. Тийм байгаа биз. Нэг л биш болчихлоо гэдэг мэдрэмж төрөөд байна. Эцсийн сонголтоо сая ард түмэн хийчихсэн. Бүгдийг авчраад эндээ учраа ол гээд хийчихсэн. Одоо учраа олох нь уу, яах нь уу. Тэгэхээр одоогийн энэ УИХ туйлын их хариуцлагатай байх ёстой. Нэг намыг сонгох асуудал биш, энэ хуралд байгаа 76-г бүгдийг нь улс төрийн тавцангаас арчиж хаях ийм жилүүд ирж магадгүй.
–Та чоно агнадаг гэдгээрээ алдаршиж байх шиг байна. Төрийн түшээ хүн ингэж амьтан алж болдог юм уу?
-Би ан хийсэн. Гахай, чоно буудсан. Яагаад гэвэл би монгол эр хүн. Монгол хүн морио унаад, буугаа үүрээд Монгол эх орондоо хаана ч явах эрхтэй.
–Гэхдээ таныг хулгайн ан хийсэн гээд байгаа шүү дээ?
-Бас л өрөөсгөл мэдээлэл. Гахай гэдэг амьтан Монголд өргөн дэлгэр байдаг. Сум, багийн түвшинд агнуур хийх квот нь хуваарилагддаг. Нэг бүрийнх нь үнэ 45 мянган төгрөг байснаа зуун жаран мянга болсон. Хаана ч явсан мөнгийг нь төлөөд буудах эрхтэй спорт агнуур. Гэтэл монголчуудын хамгийн идэх дуртай тарваганы мах байна. Тарвага бол хориотой. Та энэ зун тарваганы мах идсэн үү.
-Үгүй.
-Хэрэв та тарваганы мах идсэн бол хууль бус үйлдэл хийсэн болж таарч байгаа байхгүй юу. Харин гахай бол ямар нэгэн хорионд ороогүй. Улаанбаатар хотод паалантай жорлонд сууж, хананаасаа халуун ус авч байгаа хүүхдүүд ангийн талаар ойлгохгүй ш дээ. Ноднин баахан чоно аллаа гэж шуугьсан. Улаанбаатарт өдөрт хэдэн зуун нохой алдгийг мэдэх үү. Өнөөдөр та орц руугаа ороход золбин нохой зөрөөд өнгөрөхөд эвгүйцнэ биз дээ. Энэ нохойг алаад өгөөч гэж захиалга өгнө. Гэтэл эзгүй ууланд байгаа малчин гэрийг нь тойрон ульж, өмч хөрөнгө мал руу нь сүрэглэн дайрч байгаа чонын эсрэг гар мухар бол яах вэ. Хуучин цагт жил болгон зохион байгуулалттайгаар ан ав хийж тоо толгойг нь зохистой хэмжээнд барьдаг байлаа. Өнөөгийн нийгэмд энэ нь хаягдсан. Энэ бол амьдралд байх зайлшгүй зохицуулалт байхгүй юу. Тийм болохоор тэр чоно гэдэг амьтныг ажлаа өгчихсөн ямар нэгэн албан тушаалгүй Ж.Энхбаяр гэдэг хүн арилжааны төлбөрөө төлөөд л спорт агнуур хийсэн шүү дээ. Ийм л зүйл болсон. Гахай алсан байна гээд ийм асуудал ярихаар буриад залуу гайхаж байгаа юм. Цас орлоо бол сумын залуус бүгд л буугаа үүрээд хойд хөвч тайга руугаа мордож байгаа ш дээ. Бүр тэсэн ядан хүлээдэг байхгүй юу, монгол эр хүн. Тэр мэдрэмжийг хотын хүүхдүүд ойлгохгүй ээ.
Д.ГАНСАРУУЛ