Хөл тавих зайгүй атал хүн бүр л Ерөнхийлөгчөө олоод харчих санаатай түлхэлдэнэ
АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 25 жилийн өмнөөс эхлээд л улаан паспорт өвөртөлсөн монголчууд Америк тивийг зорих болсоор олон оныг үджээ. Одоо АНУ-д байдаг монголчуудын гурав дахь үеийнхэн очиж байна гэхээр үнэхээр л он цаг улиран одсоор. “Холын Америк ойртож байна” хэмээн парик Жагаа хэмээн үзэгч олондоо хүндлэгдсэн сэтгүүлч АНУ-ын тухай нэлээд олон цуврал нэвтрүүлэг хийснийг хүмүүс одоог хүртэл ярьдаг. Магадгүй Америкийн тухай анхны сэтгүүл зүйн дорвитой бүтээл тэр байсан байх. Тэр цагаас хойш дэлхийн хүмүүсийн очиж үзэхийг мөрөөддөг энэ улс руу манайхан ч олноороо очсон доо. Төрийн тэргүүн, Их хурлын дарга, Ерөнхий сайд нарын удаа дараагийн уулзалт айлчлалаар ч сэтгүүлчид явж олон сайхан нийтлэл сурвалжлага бэлдэж ирж байсаан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур АНУ-ын нийслэл Вашингтонд 14 сэтгүүлч очсон нь, очих очихдоо нэг сарын хугацаатай суралцахаар очсон нь урьд өмнө байгаагүй тохиолдол боллоо. Урьд нь сурвалжлах ажлаар, салхинд хөөгдсөн хамхуул мэт очдог байсан бол энэ удаад цаг тавиухан бас англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, сэтгүүл зүйн чиглэлээр туршлага судлах зорилготой мордсон хэрэг л дээ.
Бид Вашингтоныг зорихдоо жилийн биш ээ, дөрвөн жилд нэг удаа хамгийн их ачаалалтай байдаг үеэр нь очиж таарсан юм. Шууд Вашингтонд буух онгоцны тасалбар байхгүй, хэд хэдэн хотоор дамжих л рейс таараад байсан нь аргагүй байжээ. Ерөөсөө л дэлхий нийтээрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл явдлыг хараачилж, америкчууд үүнийг л сонирхдог учраас арга ч үгүй юм даа. Тэнд очоод анзаарч байхад америкчуудын хувьд олонхийн саналыг аваад гараад ирчихсэн Ерөнхийлөгчөө гойд хүндлэн үздэг юм байна, бас АНУ-ын Ерөнхийлөгч гэдэг энэ улсын дэлхийд өөрсдийгөө тунхаглах нэрийн хуудас нь болж байдаг учраас өөрсдөө ч өргөж байхаас аргагүй гэж ойлгодог юм байна гэж анзаарагдсан билээ. Бид тангараг өргөх ёслолын ажиллагаанаас зургаа хоногийн өмнө Вашингтонд очсон юм. Сургууль, оюутны байр хоёрынхоо хооронд зам жимээ ч бүрэн олж амжаагүй явах үед хамгийн их анзаарагдсан зүйл бол Вашингтоны хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн явдал байв. Энд тэндээс автобус автобусаар хүүхдүүдээ дагуулсан багш нар ирж, бас том том уут үүрсэн хар авгайчууд гудамж дэлгүүрээр хэсэх нь Вашингтонд шинэхэн “суурьшиж” байгаа миний нүдээр харахад л лав эндхийнх биш гэдэг нь илт. Капитол Хилл гэж нэрлэгддэг Конгрессийн ордон байрлах толгодоос холгүйхэн Вашингтоны дэд бүтцийн гол цэгүүдийн нэг болох Юнион Стейшн буюу манайхаар хуучны Тээврийн товчоо шиг авто болон төмөр замын төв сүлжээ оршдог. Тангараг өргөх ёслолыг үзчихээд өдөртөө буцах хэдэн зуун мянган хүн энэ өдрийн ачааллыг зүй ёсоор нэмж байлаа. Америкийн хамгийн том бахархлын нэг бол тэнд та ёстой хар байна уу, шар байна уу, Ази байна уу, Африк байна уу ялгалгүй ханддаг гэгчээр газрын зураг бариад явж байгаа надаас хүртэл Америкийн иргэн нь зам асуух юм даа. Онцлог нь би арай хэд хоногийн өмнө Вашингтонд ирж, харин АНУ-ын тэдгээр иргэд анх удаа улсынхаа нийслэлд төрийн тэргүүнийхээ тангараг өргөх ёслолд оролцохоор ирж. Тэгэхээр би зам зааж өгөх нь миний үүрэг ч юм болов уу гэж бодохоор. Тангараг өргөх ёслолын ажиллагаанаас хоёрхон хоногийн өмнө тэндхийн томоохон худалдааны төвийн нэг давхрын хоолны хэсэгт сууж байтал гурван сайхан хар авгай ирлээ дээ. Дүүрэн уут сав болчихсон бас энгэрээсээ манайхны мандат гэдэг дөрвөлжин цаасыг унжуулчихсан. Тэд дэлгүүрээр хэсээд нэлээд алжаасан нь илт. Улсынхаа нийслэлд ирсэн хүүхнүүд болсон хойно дэлгүүр хоршоо хэсэлгүй яахав, хаана аятайхан юм хямд байгааг ярилгүй яахав. Үнэнийг хэлэхэд тэр гурвын нэгийг нь би сүүл болтол эрэгтэй гэж ойлгоод байсан юм л даа. Дуу нь баргил, үс нь мярнуузлаад урт ургуулахын аргагүй учраас жижиглээд тайрчихсан. Гэхдээ бусадтайгаа хаана юу хямд байгааг ам булаалдаж яриад байгаа тэр төрх байдлаас нь эмэгтэй гэж ойлгогдсон л доо. Тэд Тенниси мужаас ирцгээжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр яг тэдэнтэй адил хар нөхөр сонгогдож, тангаргаа хоёронтоо өргөх гэж байгаа баярт үйл явдалд оролцохыг түүхэн үүргээ гэж үзсэн учраас тэд ийн хөл хөөрцөг болж яваа нь ярианаас илт. Тэгээд л “Обамагийн зурагтай футболик тэр дэлгүүрт 12 доллар гэж байна, өөр газарт 15 байсан ш дээ. Бүх Ерөнхийлөгч нарын зурагтай таваг тэндээс л авбал хямд. Хүүе надад Мишелийн зурагтайг хараарай” гээд ам хуурайгүй ярих нь баахан тэнэж ирээд хөлөө амраах гээд ирсэн яг тэр үеийнх нь яриа л даа. “Нарантуул” зах дээр сүүдэрт зогсонгоо тэр лангуунаас энийг хямд авлаа гээд нэг нэгэндээ хэлж өгч байгаа манайх хөдөөний хүүхнүүд мэт харагдана. Би ч тэднээс дутахгүй амьхандаа яриаг нь сонирхож, бас англи хэлний сонсголын хичээлээ хийж байгаа нэртэй хэрэгт дурлаж байв.
Багийн маань хоёр бүсгүй “Таныг яаж ажлаа хийдгийг харсан шүү” гээд намайг шоолоод байсан нь дээд давхраас цахилгаан шатаар бууж явахдаа хэрэгт дуртай мэргэжил нэгтэн нь хөдөөний хар хүүхнүүдийн аманд орчих шахаад сууж байсныг харсных бололтой.
Үнэндээ ч би нөгөө гурвын аманд нь орж болдогсон бол ороод, гардагсан бол гарахаар сууж байсан маань үнэн л дээ. Нөгөө хоёрыгоо бодвол хамаагүй гэгээтэй царайтай, гэхдээ эрүү ам нь тэднээсээ хамаагүй урт негр бүсгүй яалт ч үгүй Мишелийн улаан фэн бололтой. Тэр хоёртоо Мишельтэй холбоотой юмыг захиж байснаа энгэртээ байгаа мандатаа барьж аваад л “Би Мишельд хайртай” гээд үнсэх нь тэргүүн хатагтайн зурагтайнх аж. Үнэхээр л тэдний хувьд хар арьст Ерөнхийлөгч тангараг өргөхөөр болж, хар арьст эмэгтэй улсын тэргүүн хатагтай гэгдэж, хоёр жаахан хар охин бас л улсынхаа хамгийн чухал хүүхдүүд болж байгаа нь энэ насны нь бахархал бололтой. Ер нь Барак Обамагийн Ерөнхийлөгч болсон он цагуудад харууд нэлээд хамраа сөхсөн талаар америкчууд өөрсдөө ч хэлдэг. Обама ч цус, яс нэгтэн тэдэндээ ажлын байр гаргах тал дээр ихээхэн санаачилгатай ажиллаж, гудамж талбайн зохицуулагчаас эхлээд дундаж ажлын байруудыг олноор гаргасан гэдэг билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны талаар Вашингтонд байхдаа газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн болохоор олныг нуршилгүй товчлон дурдъя. Энэ гүрний хамгийн том баяр болсон АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд явагдсан. Уг нь арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа нэгдүгээр сарын 20-нд болдог. Гэхдээ ням гаригт таарсан тул нэгдүгээр сарын 21-нд буюу Мартин Лютер Кингийн өдрөөр хийхээр зарласан байсан юм. Мартин Лютер Кинг бол арьсны үзлийн эсрэг тууштай тэмцэж, хар, шар гэлтгүй адилхан нэг газар сурч, хооллох сайхан цагийн талаар “Надад мөрөөдөл байна” (I have a dream) хэмээн
тунхаглаж, бас сайн цаг иртэл бид тэсэх болно хэмээн “Бид даван гарах болно” (We\’ll shall
overcome) гэсэн алдарт ишлэлүүдээ хэлж байсан. Америкчууд хар арьстнуудаа боолчилдог байсан тэр зэрлэг үеийг халж Ерөнхийлөгч Авраам Линкольн “Эрх чөлөөний тунхаг”-ийг гаргаснаас яг зуун жилийн дараа Мартин Лютер нарын тэмцэгч хар арьстнуудын тэмцлийн үрээр хоёр дахь тунхаглал гарч харууд, цагаануудын хоолны газар гэж тусдаа байхаа больж, нэг ангид суралцаж, автобусанд хар нь цагаандаа суудал тавьж өгдөг байсан үе ард хоцорсон билээ. Гудамж талбайгаар Обама бас Мартин Лютерийн зургийг барьсан хар арьстан том том залуучууд хөөр болж орилж байгаа нь анхаарал татна. Тэдний байгаа байр байдлаас хар арьстан дахиад Ерөнхийлөгч болчихлоо ш дээ гэсэн бардамнал илт. Уг нь тэртэй тэргүй арьсны өнгө ямар байх нь хамаагүй тэр даяараа Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж сүйд болж байхад тэр нь илүү л санагдаж байлаа. Өнгөрсөн наадмаар П.Бүрэнтөгсийг түрүүлэхэд наадамчин олон шинэ арслантай боллоо гээд баярлаж байхад, Увс нуур бөхийн дэвжээнийхэн “Увс нуур” дуугаа дуулж, нэг тиймхэн сэтгэгдэл төрүүлж байсныг Вашингтоны гудман дахь хар залуу сануулаад авах шиг. Дөрвөн жилд нэг удаа болох энэ өдрүүдэд АНУ-ын метроны зарим шугамуудыг хааж, тусгай горимоор ажилладаг. Бас харуул хамгаалалт хачин чанга болдог юм билээ. Арга ч үгүй юм даа. Тангараг өргөх ёслол болох хэсэг рүү орохын тулд авч яваа цүнхнээсээ эхлээд бүгдийг нь нарийн шалгуулж байж босго давсан. Алим жүрж хүртэл оруулдаггүй нь шидчихнэ гэж байгаагийнх юм болов уу гэж таамаглаж байлаа. Шүхэр, шингэн зүйл гээд ерөөсөө цаашаа аваад орчихмоор зүйл бараг байхгүй дээ. Гэхдээ юу, юуг зөвшөөрөхгүйгээ нарийн бичээд урьдчилан тараасан байдаг болохоор аваад очсон бол таны хохь, хогийн сав руу л хийнэ гэж мэд. Гарч ирээд авахын зуургүй дүүрсэн хогийн савнуудыг цэвэрлэчихдэг юм байна лээ. Өмнөх удаагийн тангараг өргөх ёслол болох өдөр бороотой байсан, харин энэ удаа бороо, цасгүй гэж олон америк олзуурхаж байсан нь ч аргагүй байж. Хэрэв бороо орж байсан бол яана. Шүхэртэй орох эрхгүй хойно. Метронд хөнжлөө биеэрээ ороосон нөхөд яваад байсан нь хашир гарууд байжээ. Хэдийгээр дулаахан байх нь гэгдэж байсан ч тав зургаан цагаар гадаа болох арга хэмжээн дээр зогсоход хөнжилтэй хүмүүст атаархмаар байсан шүү. Яагаад ч юм эхлээд дандаа харууд нь энэ ёслолын ажиллагаанд ач холбогдол өгч ирэх юм биш биз гэсэн бодол төрж байсан нь очсон хойно дорхноо алга боллоо. Ёстой хар, цагаан, шаргүй, хөгшин хөвөөгүй, нялх хүүхдээ хүртэл дагуулаад яваад очжээ. Бас ухаан алдаад уначихсан байгаа хүн харагдана. Эргэн тойрны ганц хоёр хүн нь, эмнэлэг цагдаагийнхан анхаарал тавьж бусад нь Ерөнхийлөгчийнхөө хэлэх үгийг сонсох “үндсэн ажилд”-аа л анхаарна. Эгнүүлээд тавьсан жорлон дээр гарч, Обамагаа харах гээд хуванцар явуулын жорлонг түжигнүүлж өгөхөд дотор нь байгаа хүмүүс ч аргагүй дээ гэсэн шиг тоох ч үгүй юм. Энэ чинь л Америк юм даа гэж бодогдож байлаа. Тэнд байгаа хүмүүс Ерөнхийлөгч нь тангарагаа өргөж байгаа үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч, тэр хүнийгээ жигтэйхэн шүтэн биширч байгаа нь илт анзаарагдаж байсан. Манайхан бол ч зэрэгцэж зогсонгоо л өөлчих гээд байдаг улсууд шүү дээ. Тэнд нэгэнт та саналаа өгч дэмжсэн л бол, та дэмжээгүй ч дийлэнх олонхи дэмжсэн л бол тэр Ерөнхийлөгч гэсэн суурь ойлголт сүрхий гэгч нь суусан байдаг бололтой.
АНУ-д дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Вашингтон хот нэг иймэрхүү өнгө будгаар сүлэгддэг ажээ.
Үргэлжлэл бий.