“Өдрийн сонин”
Дорноговь аймаг руу сэтгүүлчээ томилолтоор илгээж Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн
шинээр тодроод байгаа есдүгээр дүр О.Угтахбаярын талаар
цуврал сурвалжлага уншигчдадаа хүргэсэн билээ. Эдгээр сурвалжлагыг бүрэн эхээр
нь хүргэж байна.
тэмдэглэл-1
Сайншандын галт тэрэгний буудал дээр шөнийн 01 цаг гучин таван минутад ирлээ. Гар цүнхээ бариад хамт ирсэн нэгний ачаа бараанаас үүрэлцээд буугаад иртэл Лхагваа маань (яруу найрагч Бямбаагийн Лхагвадорж) “А” зэрэглэлийн суудалд суусныг хэдийнэ мэдчихсэн, хаалганы өмнө тосоод зогсож байна. Олон таван үггүй тун даруу тэрээр “Гэнэт наашаа явах ажил гарав уу. Найз нь унаа тэрэг зохицуулчихсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Галт тэрэгний зогсоолын ёлтойсон гэрэлд анд минь адуун цагаан шүдээрээ инээмсэглэх нь нэг л сайхан. Өнөө л дотнын төрх, цаанаа л эрхэмсэг байдаг найрагчийн царай мөн дөө.
Өдгөөгөөс арваад жилийн тэртээд Арлааны Эрдэнэ-Очир найрагч Равжаа хутагтын нутгаа үзүүлэх гэж хотоос оюутан намайг дуудаж яг л энэ буудал дээр, яг л энэ цагт сэгсийтэл зогсоод хүлээж байлаа. Тэгэхэд намар оройн туналзсан ягаан салхитай үдэш байсан сан. Энэ удаа бол хаврын дунд сар дөнгөж цухуйж буй урин цаг юмсанж. Төмөр замын цардмал цагаан шатны урдхан талд хар ногоон “ланд” өмнө зүг рүү хараад зогсож байна. Лхагваагийн бэлдсэн унаа морь ажээ. Жолооч нь Баяраа гэж үе тэнгийн даруухан залуу байна. Ингээд Сайншандын зүүрмэглэж ядаж буй нойрмог шөнөөр эрхэм нөхрийндөө хүрч очлоо. Гуч гарч буй ганц бие, тэгээд найрагч залуугийн гэр орон гэдэг ямар л олигтой байхав дээ. Уул нь мань эр нягт нямбай хүн л дээ. Гэхдээ ундуй сундуй л харагдана. Дутуу уншаад орхисон номынх нь хуудас дэлгээтэй хэвээр халбага, сэрээ энэ тэртэй нөхөрлөөд гал тогоо хавиар байх жишээний. “Найз нь цуйван хийгээд ээ” гэж байна. -Чи чинь хө, нэг “юм”-тай болсон гээд байсан, яасан билээ гэж би гэдэг хүн ямар ч эв хавгүй, хээ шаагүйхэн асуугаад авлаа. -Нэг бүсгүй бий. Өнөөдөр тэднийхээс урвачихлаа. Найз минь хотоос ирэх гэж байна гэж гараад буцаж очсонгүй. Унаа тэрэг гэж захаар баахан давхиад, Хөвсгөл сум руу явдаг машин гэж алга. Хатанбулагийн нэг жаран есийг хөлсөлчих санаатай ярьсан чинь хэд гурван зорчигч авчихсан байж. Тэд нь уурлаад хавьтуулдаггүй. Тэгтэл харин Баяраа маань яваад өгье гэдэг юм. Энэ чинь саяхан хот хүрээ орж, энэ “Ланд 80”-ыг авч ирээд байгаа хүн л дээ хэмээн баахан учирлалаа. Найз бүсгүйнхээсээ оргоод, гэртээ ирж адууны мах чанаад, цуйван хийгээд гээд хөөний л юм яриад байна. Гэхдээ уг яриа хөөрөөний завсар тийм нэг чин сэтгэлийн, анд нөхөрлөлийн эдүгээ цагт бол тунчиг ховордсон бараа сэлт хавчуулаастай байгаа нь илт шүү.
Ингээд гурвуул хар ногоон ландтайгаа гарч өглөө. Шөнийн хоёр цаг өнгөрч байгаа. Замаараа Эрдэнэбаяр гэж залууг авлаа. Шөнө дөлөөр явах учир зам сайн мэддэг хүн хэрэгтэйг Лхагваа юу эс андах билээ. Эрдэнэбаяр бол ээжийн талаараа Хөвсгөл сумынх ажээ. Өөрийнх нь төрсөн нутаг Алтанширээ сум юм байна. Төрийн шагналт Балжирын Догмид, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэнгийн Гүрбазар гээд олон авьяастны, адармаатай нөхдийн өлгий нутаг даа, Алтанширээ гэдэг чинь. Бид дөрвийн говийн тунгалаг шөнөөр зорьж яваа Хөвсгөл сум Сайншандаас нэг зуун дал гаруй километрийн алсхан бий. Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн төрж өссөн газар Шувуун шанд, Дулаан харын уул Хөвсгөл сумын нутаг тал руу байдгийг миний бие өмнө нь хэд хэдэн удаа дөрөө мулталсных мэдэх билээ. Тэгтэл догшин хутагтын тэр л ус нутгаас хойд дүр нь тодорсон мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон. Нарийвчилбаас, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Отгон-Амжилтын арван хүүхдийн нэг Угтахбаяр гэж залууг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодруулж, Дээрхийн гэгээнтэн ёсчлон баталж, түүнийг нь Хамарын хийдийн тахилч Зундуйн Алтангэрэл тэргүүтнүүд олонд зарласан билээ. Дорнын говиос, Хөвсгөл сумаас тодорсон гэгээнтнийг сурвалжлахаар Сайншанд-Замын-Үүдийн галт тэргэнд санд мэндхэн суусан минь энэ буюу. Гэхдээ есдүгээр хутагтынхаа эрдэм чадлыг, номын авшиг буяныг нь сурвалжлах гэж зорьсонгүй. Зүгээр л энгийн борог амьдралыг нь олонд бага ч болов үзүүлэхийг эрмэлзсэн хэрэг ээ. Гэгээнтний ижий аав нь чухамдаа ямар хүмүүс байх, нутгийн зон олон ямархан санаа бодолтой баяр хөөртэй байхыг, ах дүү амраг садангаар нь нэг буугаад мордъё, тэд юу ярих нь уу, багын нөхөд хийгээд багш нартай нь нэг уулзъя, сургууль соёлоор нь оръё гэж гэнэтхэн шийдээд найз бүсгүйнхээ өвөрт нялуурч хэвтсэн Лхагваагаа хөөж босгон, Баяраагаар морин жолоочоо хийлгэж, Эркаг хар шөнөөр мөн л халуун хэвтрээс нь аваад гарч явна. Монгол орны хаана ямар л үйл явдал болно аймшгийн хэрэг төвөг, уул уурхайн дэлбэрэлт, нинжа нарын тулгаралт, энгийн гэмгүй иргэд амиа алдаж, эрх чөлөөгөө эдэлж чадахгүйд хүрэх, өмнийн говь Нэмэгтийн хөндийгөөс өнөө алдарт Батаарын яс алга болсон хийгээд Завханы Тэс-Монголын хойд хил дээр буун дуу гарсан зэрэг бүхий л зүйлд “Өдрийн сонин” очиж уншигч олондоо үнэн зөвийг хүргэсээр ирсэн. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг Монголынхоо зүүн хязгаарт угтаж, манай Т.Цогт-Эрдэнэ сэтгүүлч шуудангийн тэрэг бүү хэл, шувуу ч үзэгдэхгүй зүүн хязгаарын заставт хэдэн бор цэрэгтэй зургаа татуулж “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэн дээр гарч байсныг уншигч олон мэдэж буй. Энэ л уламжлалыг хадгалж намайг ийнхүү хутагтын нутаг руу “шидсэн” бөлгөө.
Яралзтал газрын цээжинд морьд гараад ирдэг шиг яах ийхийн зуургүй Дулаан харын ууланд хүрээд ирлээ. “Дулааны харын ууланд Саран хөхөө донгодно л…” гэх нь бий. Равжаа хутагт Саран хөхөөний намтраа энэ газар усанд задгай хээрт тоглуулж байсан түүх бий. Зүүнбаянгаар дайраад өнгөрөх зуурт Догмид ахыг ярьж бүгдээрээ баахан инээлдлээ. Санхүүгийн техникумын нэгдүгээр ангийн оюутан Шар хадны архины тасагт хэвтэж байгаад Чойжилын Чимид гуайд хөөгдсөнийг нь, Сайншандаас Зүүнбаян орох тавиадхан километрийн хооронд гар өргөөд суусан цагаан паарчигтай охиныг гэргийгээ болгоод авсныг нь, Дорноговьд нэр дэвшихээр лут амьтан ирж Жагдалын Лхагваагаа менежер болгоод буруудсан хөгийг нь ярьж явсан юм. Шөнийн харанхуйд лүглийсэн ат шиг амьтад Дулаан харын овоог нар зөв тойрч чулуу нэмэрлээд, дуу дуугаа авч яриглан чоно шиг сунайлдав. Говийн шөнийн оддын туяа овооны зах бэлийн чулуунд талстана. Гуравдугаар сарын хөхөмдөг салхи энгэр заамаар шургалан, хацар нүүрийг илбэх нь цаанаа л уясуу. Дөрвүүл нэгэнтээ бие сэргэж аваад машиндаа сууж адуун махнаасаа гулгуулан умс, хятай зэргийг баахан амтархан идээд цааш хөдөллөө. Замын хажуугаар бударгана багсайлдаж, заг, хайлаас тэргүүтэн сүглийлдэнэ. Цагаан зээр гэрэлд хаа нэгтээ үзэгдэж, туулай хоёр чихээ сортолзуулаад зам хөндлөн давхина.
“Шувуун
шандад үүр хаяарахыг харах гэж л найз нь шөнө дөлөөр гарахын хүслэн болсон” хэмээн Лхагва маань үнэнээ хэлж байна. Бидний яриа есдүгээр хутаг хийгээд зорьж яваа газар усны тухай үе үехэн үргэлжлээд л байгаа. “Хутагтыг Хамарын хийдэд нь залчихаад буцаж явахад би яг таарч билээ. Алтангэрэл тахилчийн хар жийптэй ижил хар машин, номер дугаар нь ч их адилхан машинд шар хадаг яндар болсон залуухан лам дэргэдүүр өнгөрсөн нь хутагт маань байж шүү дээ” гэж Баяраа өгүүлж байна. Үүнийг залгуулаад нэг нь “Хутагтын хөлөглөж яваа хар “хоёр зуу”-г хаанаас өгсөн гэлээ дээ” хэмээн үгийн хачир болгоод авлаа.
“Шувуун
шандаас баруухнатай нэгэн суварга босч байгаа. Хэдүүлээ замаараа дайрна. Уг суварганы цаахна хутагтын ижий аавынх нутаглаж байгаа” хэмээн Эрка энэ л газар устай эхийнхээ хүйгээр холбоотойн учир нэгд нэгэнгүй ярьж байна аа. Тэрээр аавынхаа нутаг Алтанширээгийн засаг ноёноор дөрвөн жил ханайгаад халаагаа өгчээ. Одоо аймгийн төвд хувиараа ажил эрхэлж байгаа гэсэн. Манайхны хэлдгээр “чөлөөт уран бүтээлч” гэдэг шиг л юм даг уу даа.
Нээрээ чиг үүр хаяарахын алдад Шувуун шандад хүрээд ирлээ шүү. Зам бараг л гажсангүй. Төөрч будилсангүй туушхан л давхиад ирлээ. Үүр хаяарахын өмнө болоод тэр юм сан уу, салхи гэдэг чинь ёстой салхи байна. Өнөө хавирга нэвт үлээнэ гэдэг шиг хаа хүү байна. Өвлийн зузаан курткээ гар цүнхэндээ чихээд хийчихсэн, дан ноосон цамцан дээр торгон савхитай гангараад байсан чинь бишдээд явчихлаа. Шувуун шандын салхинд өөрийн эрхгүй чичирдэг байна шүү. Гэвч ажирсангүй ээ. Анд нөхдийнхөө халуун сэтгэлд нөмөрлөсөн шигээ Равжаа хутагтынхаа гэрэлт суварганы өмнө мэхийн зогссон. Бүрэг барагхан төдийд элсээр шуурсан хаврын хавсаргыг сөрж, Шувуун шандын нарийн шаргал элсэнд гутал зоогдонгуй байсан ч нэг л мэдэх нь ээ уулсын хөтөл дээр гэрэлтэн сацрах ариун шүншигт хөшөөнийх нь дэргэд ирсэн байв. Энэхэн цаг мөчид Лхагваа минь яруу найрагчийн сэтгэлээр хүүхэд шиг баясан “Найзынх нь хорин жилийн мөрөөдөл биеллээ” гэж дал мөрийг минь алгадав. Тэрхүү баяр хөөрийг нь улмаа бадраах гэсэн мэт дорнын талаас үүрийн цагаан гэгээ алд алдаар туяарч байлаа. Ийнхүү догшин хутагтын нутагт дорноос мандах наранд залбирч, гэрэлт суварганых нь өмнө гэгээ татуулж зогсох цаг мөч ирдэг л юм байна. Өнөө цагт толгойтой бүхэн л энергийн тухай ярьж, Равжаагийн Хамарын хийдийг бөөн бөөнөөрөө зорих болсон. Сүм суваргад нь мөргөж, Хар ууланд нь сүсэлж, зуун найман агуйд нь бараг л гэгээрч аваад буцдаг гэж байгаа. Тэгвэл Хамарын хийдээс гадна төрсөн бууц Шувуун шандад нь үүрийн гэгээнээр ирж, наран мандах цаг дор Дорнын говь нэлдээ алтран шаргалтахыг харахуйд нүдний манан арилах шиг болдог юм билээ гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.
Эрдэнэбаярын хэлээд байсанчлан Шувуун шандын цаахнатай суваргаар дайраад гарлаа. Цэцэг-Өлгий гэж залуу уг бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байна. Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Монгол төрийн нэгэн түшээ Ч.Сүрэн гэж байсныг манайхан мэднэ дээ. Тэр хүн Хөвсгөл сумын унаган иргэн байжээ. Аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд нь тэрхүү суваргыг бүтээлгэж байгаа юм байна. Догшин хутагтын төрсөн бууцан дээрээс өглөөний наранд оройн ганжир нь алтраад байгаа нь тодхон үзэгдсэн суварга үнэхээрийн сүрдмээр юм аа. Төр түмнийхээ төлөө зүтгэж ирсэн аавынхаа дурсгалд үр хүүхэд нь байгаа бүхнээ зориулж буй нь илт. Суваргын өндөр дөчин таван метр гэсэн байх шүү. Тойргийн хэмжээ хэчнээн ч найман ханатай гэрийн буурьтай тэнцэх юм бэ дээ, бүү мэд.
Цэцэг-Өлзий биднийг “Багшийн гэрээр нэг ороод гар даа” гэв. Ёотон шиг дөрвөлжин олон цагаан байшингийн дээхнэ талд нэгэн гэр байсан нь багшийнх нь өргөө ажээ. Багш нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат гэнэ. Хэд хоноод л нисдэг тэргээр ирж өргөөндөө морилж, суварганы бүтээн байгуулалттай танилцдаг гэж байгаа. Гэрийнх нь хойморт шар хадгаар баринтагласан олон судар ном давхарлаастай байна. Тэнд өглөөний цай цүй барьчихаад цааш хөдөллөө. Шинэхэн тодроод буй есдүгээр хутагтын аав ээжийнх Цувираагийн хийдийн дээхнэ, Улаан хошуунд хаваржиж буй. “Отгон-Амжилт ах, Өргөнцагаан эгч хоёртой бараг л ах дүүгийн барилдлагатай явдаг. Гэрээр нь орж гарна, хооллож ундална. Цагаан сарын дараа золгох гэтэл эзгүй байгаа дуулдана. Дараахан нь сураад байтал бүр байдаггүй. Гадагшаа явсан ч гэх шиг. Саяхан л хүүхдээс нь мэдлээ шүү дээ” гэж суварганы Цэцэг-Өлзий хэлж байсан. Тэгэхээр ойр хавийнх нь хүмүүс нарийн учрыг сайн мэдээгүй л байгаа бололтой. Ямар хүүхэд нь гэнэтхэн гэгээнтэн болоод улс даяар шуугиад явчихав гэдгийг зарим нэг нь ухаж төвдөөгүй нь нутгийн захаас л мэдрэгдэж байсан.
Цувираагийн хийдийг чанх урдуур нь эмжээрлэн өгсөж, Хөвсгөл сум руу хөтлөн туушиндах төв замаас баруун хойшоо салж давхиулсаар хот айлд ирлээ. Хотоос зорьж ирсэн айл маань энэ шүү дээ. Хоёр гэрийн гадаа нэг нэг хужаа мотоцикль ёс юм шиг л байж байна. Баруун гэрийн хатавчийг шар “жаран ес” налаад “хэвтчихэж”. Гэрийн урдхан дөнгөж саяхан гарсан бололтой нойтон ботго унаж босон чүүчигнэж, хажууханд нь хүрэн улаан ингэ хавь ойрыг сүрхий чигч ширтэнгүй зогсоно. Хоёр гэрийн зүүн талынхад нь орлоо. Есдүгээр хутагтаар тодорсон Угтахбаярын ах Эрдэнэбатынх ажээ. Эрдэнэбат гэргий хүүхэд болоод өөрийн төрсөн дүү Мэндээгийн хамт байж байна. Аав ээж нь хараахан ирээгүй гэнэ. “Манай хоёр чинь яваад удаж байна. Одоо аймгийн төвд байгаа сурагтай. Түрүүнд Мэндээг хажуу талын толгой дээр гаргаж утсаар яриуллаа. Үдээс хойшдоо гарах гэнэ” гэж гэрийн эзэн өгүүлэв. Гэгээнтний ах Эрдэнэбатад ч тэр, төрсөн дүү Мэндээд ч тэр ерөөс энэ айл гэрээс хутагт төрсөн шинж алга шүү. Байдаг л амьдрал байгаагаараа л байж байна. Өөр яах ч билээ дээ, гэхдээ гэрийн эзний яриа хөөрөөнөөс дүүгийнх нь тухай тодруулбал, хутагтын талаар ганц ч үг гарсангүй. Тэрээр хаваржилтын байдал, ингэ ойр ойрхон ботголж байгаа зэрэг хөдөөнийхөө л өдөр тутмын сониноос дуулгаж байлаа. “Танай гэрээс Говийн ноён хутагтын хойд дүр тодорлоо доо. Энэ мэдээг хэзээ дуулав” гэхүйд, Эрдэнэбат “Тийм гэсээн. Утсаар нэг ярьтал аав ээж хэлсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Мэндээ дүү нь зүүн орон дээрээ тэрийж хэвтчихээд ер чимээ аниргүй шүү. Баруун талын гэр нь мэдээж аав ээжийнх нь гэж байгаа. “Аав ээж хоёрыг ирвэл нүүх санаатай байна. Шар өтөгнөөсөө ядахдаа салъя даа” гэх санаагаа шуудхан хэлээд авсан. Есдүгээр хутагтын төрсөн гэр, ах дүү нар нь нэг иймэрхүү огтоос ажиг сэжиггүй байж байлаа.
тэмдэглэл-2
Шинээр тодроод буй есдүгээр хутагтын төрсөн гэр болоод Эрдэнэбат ахынх нь сумын төвөөс зүүнтээ дөчин таван километрийн тэртээд нутаглаж байв. Улаан хошуу гэдэг газрыг нь хэлээд байна л даа. Сүүлийн жилүүдэд Цувираагийн хөндий, Бор нуруу тэр хавиар л буурь сэлгэх болжээ. 150 гаруй тэмээтэй, түүнээс дөч орчим нь ботголно гэж байсан. Ингэн тэмээд хонь, ямаа шиг шөнө оройгүй “асгаад” байдаггүй ч өдөр бүр л торомгор нүдэн ботгонууд нэмэгдэж, гадсаа тойрон буйлдаг бололтой. Өвөлжөөний шар өтөгнөөс нэлээдгүй зайтай эр хөрсөн дээр томоо гэгч хүрэн ат авдарлаад хэвтэж байгаа нь сүртэй харагдана. Ойр зуурын ажилд сөөг сөөг хөтлүүлээд, энэ л хот айлын ус түлээг нь дөхүүлж хар бор ажлыг нь нугалдаг ганц нь болов уу. Эрдэнэбатын гэргий яриа хөөрөөний завсарт тавгийн идээгээ дахин сэргээж ингэний зөөлөн хурууд тавиллаа. Түрүүнд, суварганаас наахна Цувираагийн хийдийн доод руу нэгэн айлын гадаа түр зогсоход гэрийн эзэгтэй, сааж байсан ингээ орхиод санд мэндхэн ирж шинэхэн хурууд бид дөрөвт атга атгыг өгсөн билээ. Торомтой ингэнүүдээ гаднаа аргамжиж шувтраад аливаа зүйл ховордоод ирдэг хаврын энэ л хахирган сард ааруул хуруудтай, айраг цагаа хоормогтой дэлхий дэлгэнүүлээд сууж байдаг байна шүү, дорнын говийнхон. Ахынх нь хоймрын жаазанд шинэхэн хутагтын ганц нэг зураг байгааг олж харлаа. Энэтхэгт шавилж байх үеийн зурагнууд байна. Орон дээр тэрийлдэн хэвтэж, босч ухасхийн ингэний ааруул шүүрч бал бурам мэт амтлах Мэндээ хүү ахтайгаа хамт Энэтхэгт шавилж байсан гэнэ. Тэр тухай өөрөөс нь асуухад чихгүй юм шиг л сууна. Өөдөөс нүдээрээ инээчихээд өөр хариулт өгсөнгүй. Хар хөх ноосон малгай дарж өмсөн бор шаргал дээл эгэлдэргэлж, энгэрийг задгайлсан Эрдэнэбат ах нь шар дурдан бүсэндээ ганц нүдний дуран зангиджээ. Түүнтэй л тав гурван үг сольж, гэгээнтэн дүүгийнх нь тухайд энэ тэрхнийг сонирхоод Хөвсгөл сум руу хөдөллөө. Аараг толгодын бэлээр явгалах салхи савирт ганц нэгхэн хамхуул хийсч, сайрын мөргөцөгт тарлантах хайлаасны үзүүр үл ялигхан сэвэлзээтэй. Говийн дуниартсан, хаврын тийм нэг зэгэл саарал өдөр мөнөөс мөн дөг өө. Харин Хөвсгөл сум руу шуугиад ороход өөр дүр зураг угтсан. Сумын төвд наадам болж байна аа. Наадмын талбайн гол дахь мандалд төрийн далбаа өндөрт намирч, биднийг очих үест соёолон морьд барианд орж байлаа.
Хаврын дунд сарын энэ цагт чинь юун наадам найр билээ, ижий аав, гэр бүлийнхэнд нь дуулгалгүй ус нутгийн олон хутагтынхаа наадмыг хийгээд хөөрч суугаа юм биш байгаа гэх хар төрөөд явчихав. Гэвч үгүй юм аа. Хөвсгөл сумынхан жилийн жилд, хаврын хаварт наадам хийдэг байна. Жилд нэг баг нь зохион байгуулж, бай шагналыг нь дааж сүр жавхлантай нааддаг ажээ. Өнөө жил гуравдугаар баг буюу Элстэйн багийнхан зохион байгуулж азарга, соёолон уралдуулан хэдэн харцуулаа ноцолдуулсан нь тэр.
Говийн хэлхгэр өвгөд, ханагар хүрэн эрчүүд цагаан сараар гоёсон дээлээ өмсөж, өнгө өнгөөр алаглаад наадмын талбайдаа жийптэй нь жийптэйгээ, “жаран ес”-тэй нь “жаран ес”-тэйгээ, портертэй нь портертойгоо, мотоцикльтой нь мотоцикльтойгоо оччихсон байна. Магнайгаараа дүүрэн медальтай цоохор морин соёолонгийн уяач дээр яваад очлоо. Хадаг зүүснийг бодоход айрагджээ гэтэл түрүү соёолон нь юм байна. Хөвсгөл сумын Б.Анхбаярын шар цоохор үрээ гуч гаруй соёолонгоос тийнхүү магнайдаа тоосгүй иржээ. Морь шинждэг хүн бол үгийг гамналгүй хэлж, хэдэнтээ тойрч харахаар сайхан үрээ байна лээ. Мань мэт нь ямар морь мэдэх биш. Зэргэлдээ сумдууд болох Хатанбулаг, Улаанбадрахаас морьд ирсэн гэнэ. Ганц нэг нь айраг амссан ч дуулдана. Унаа болоод уяа морьд нь өнгө зүс сайтай, хүдэр эрчүүд нь хаврын салхинд алгадуулж гандаж хөхөрсөн ч цаанаа л нэг жавхаатай байгааг харахуйд сүүлийн жилүүдэд Хөвсгөл суманд өнтэй өвөл, хавтай сайхан хавар болсны шинж ээ. Хөдөө нутагт цагийн байдал сайхан цас зудгүй, ган гачиггүй л бол хүнтэй малтайгаа тавираад ирдэг хойно доо.
Уг наадам дээр хурдан удмын үрээ морьд сурч байгаа мэт нэг хүнийг сураглалаа. Тэр нь есдүгээр хутагтын багын найз Эрдэнэболд юм. Мань нөхрийг ёстой ганц ч алхуулалгүй бариад авав шүү. Европ маягаар хувцасласан тэрээр бас шаггүй уяач гэнэ. Тухайн өдрийн наадамд соёолон үрээгээ аман хүзүүнд давхиулжээ. Жинсэн өмднийхөө тэлээний завсар хусуур сойзоо бүслэх нь холгүй нөхөр машинд суулаа. Ингээд Эрдэнэболдтой хөлс нь хатаагүй хүлэг морьд эргэцэж, хусуур сойз шаргисан наадмын талбай дээр хутагтын тухай яриа хөөрөө үүсгэлээ. “Бид хоёр ерэн нэгэн онд Хөвсгөл сумын сургуулийн 1А ангид хамт орж байлаа. Анхны монгол бичиг үзсэн хүүхдүүд шүү дээ. Ангийн маань багш Ж.Юмрэн гэж хүн бий. Одоо Эрдэнэ суманд байгаа. Манай найз чинь багын л үг дуу цөөтэй, гэрээс гарах дургүй тийм л хүүхэд байсан. Нэгдүгээр ангид хамт орсон хүүхдүүдээс бид хоёр л өнөөг хүртэл нөхөрлөж яваа байх шүү” гэж гэгээнтэн андынхаа тухай дурсаж байна. Тэрхүү цөөхөн хоромд Эрдэнэболд инээдтэй гэмээр хэд хэдэн зүйл ярьсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хамт сууж байсан найзыгаа хэдэн жил хараагүй байж байгаад Өлгий хийдийн лам болсных нь дараа лам хувцастай харжээ. Түнжийсэн толгойтой найз нь нэг өдөр гэрт нь сан тавихаар ирж л дээ. Эрдэнэболд мэнд ус ч үгүй түсхийтэл инээгээд авч. Маани мэгзэм уншихад нь бүр инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөөд ээждээ загнуулж гэрээсээ хөөгдөж гарсан удаатай. Түүнээс хойш найзаараа дандаа сан тавиулж, засал номоо хийлгэх болсон байна. Харин хутагт Эрдэнэболдод хандан “Чи намайг ямар тоох биш дээ. Маани уншихаар шоолж даапаалаад байдаг биз дээ” гэж тоглоом шоглоомоор үгийн завсар хэлж байсан гэдэг. “Морь уяж эхэлснээсээ хойш найзыгаа уяан дээрээ байнга авчирч сан тавиулах болсон. Уяа морьдоо барьчихаад л Угтахаа руу явна шүү дээ. Хамарын хийдийн лам байхад нь хүртэл гэртээ авчирч байлаа” гэж өгүүлэв. Үе насны залуучууд хужаа мотоцикль дээр сундалдаад л ирдэг байсан биз ээ. Тэгтэл тэрхүү найз нь нэг л өдөр Говийн хутагтын хойд дүрээр тодорч байдаг. Эгэл амьдрал гэдэг ийм л байдаг хойно доо. Энэтхэг рүү сурахаар явахад нь Замын-Үүд хүртэл гаргаж өгснөө, амралтаараа ирээд байхад нь хотод хоёр найзынхаа хамт уулзаж ресторанд сууснаа сонирхуулав. Хутагтын багын найзтай ийнхүү уулзаж багагүй хуучилсны дараа Хөвсгөл сумын төвд байх эгчийнд нь хүрч очлоо. Хоёр гурван том өрөөтэй цагаан байшинд ээжийнх нь төрсөн дүү Отгонтогтохынх аж төрж сууна. Тэрээр сургуулийн нярвын ажилтай. Гэр бүлийнх нь хүн мөн л сургуульд галчаар ажилладаг гэсэн.
Амьтан хүн орж гарсан хөл хөс болсон л айл байна. Бид хэрэг зоригоо дуулгатал уриалгахан хүлээн авч цай цүй болоод тэрүүхэн тэндээ сандралдаад авлаа. Гэрийн эзэгтэй охиноо наадмын хуушуур зарж буй айл руу гүйлгэлээ. Тэр хооронд тогоо тавин шинээр цай үйв. “Эгч маань (хутагтын ээжийг хэлж байна) дүү нар бидэндээ ээжийн оронд ээж болсон буянтан. Бараг л жил дараалан арван хүүхэд төрүүлсэн хүн дээ. Засгийн их малтай, олон нялх үртэй хэцүүхэн байсан үе бий. Арван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж үйл тамаа идсэн нь ч бий байх. Өрөвдмөөр л харагддаг байлаа. Тэгтэл насны сүүлд жаргадаг юм байна аа. Бурхан тэнгэр хүнийг бас хардаг юм байна шүү” гэж Отгонтогтох эгч хуучилж байв. Ингэхэд тухайн гэрийн эзэн Даваасүрэн шиг хэрэгтэй хүн Хөвсгөл суманд байдаг болов уу гэж бодогдохоор. Сургуульд галч хийхийн зэрэгцээ гэрээрээ гагнуур хийдэг аж. Цай дэврэх хооронд хоёр гурван ч хүн ирж уулзсан. “За Даваа минь чиний хэрэг л гарлаа шүү дээ” гээд ороод ирнэ. Хөдөө гадааныхан ундааны саванд хийсэн сүүтэй ирнэ. Түүнийгээ хэлэх ч үгүй, зүгээр л гал тогоо хавиар тавьчихна. Хөлс нь тэр. “Манай хүн хорь гаруй жил амьтны эвдэрсэн хэмхэрснийг засч явна. Сүүлдээ царай зүс ч байхгүй болох юм. Нүүр нь нэлэнхүйдээ түлэгдчихсэн” гэж гэргий нь хэлэв. Түүнийг нь Даваасүрэн ах тоож байгаа ч юм алга. Нар салхинд зуу зуун жил алгадуулсан хүн чулуу шиг нөхөр муухан инээвхийлж л сууна. Гэхдээ болоогүй ээ цаад чинь, шар “жаран ес” гаднаа сойчихсон додьгор эр. Машины, засварын газар болох амбаарын, өөр юу юуны ч юм бэ дээ баахан том хар түлхүүр баруун гартаа эргүүлсэн шигээ гэр дотуураа алхаад л.
Отгонтогтох бүсгүйтэй ахиад л хутагтын тухай ярилцлаа. О.Угтахбаяр ламтан нэгдүгээр ангид байхдаа дотуур байранд сууж байжээ. Нэлээдгүй зөрүүд нөхөр байсан бололтой. Хүн юм асуухаар дуугарахгүй. Жаахан дургүйг нь хүргэчихвэл бүр гөжчихнө. Олны яриагаар бол түнжийсэн шар нөхөр л Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд таваргаж явсан хэрэг. Гэгээнтний ээжийн мөн л төрсөн дүү, аймгийн алдарт уяач Бат-Өлзийн Болдыг хэн нь ч юм бэ “чихдээд” аваад ирлээ. Мань хүн азарга, соёолон хоёр сойж хаврын баяртаа уралдуулаад нэг айраг авчихсан, хэлхийсэн эр ороод ирлээ. Ингээд алдарт уяачаас Даваасүрэн ахын гал тогооны өрөөнд “байцаалт” авлаа. Багагүй урт ургаж, хоёр чихийг нь дарсан халимгаа арагш илбэн, жаахан духайсхийгээд ийн ярьсан юм. “Ахынх (хутагтын аавыг хэлж байна) сумын төвөөс баруунтаа Өлзийт, Баян модоор нутаглана. Наяад оны дундуур, тэр чинь наян дөрвөн оны намар юм аа. Манайх Өлзийтийн наахнатай Сухайт, Улаан худагаар нутаглаж байлаа. Би гэдэг хүн засгийн их тэмээтэй, хэдэн тэмээ салхидуулаад алдчихсан эрэлд явж байхдаа ахынхаар буусан юм. “Эгч нь амаржаад дөнгөж саяхан гарч ирээд байна” гэж ах хэлж байсан. Тэрхүү улаан цурав үр өнөөдрийн есдүгээр хутагтаар тодроод байгаа Угтахбаяр даа” гэв. Ёстой л нэг нэмэр хачиргүй сайхан дурсамж.
Тэрээр цааш ярьсан нь “Өлгий хийдийн Дамбарэнцэн тэргүүтэй лут лам нар байлаа. Ихэвчлэн гавж, хамбууд байсан байх. Тэд л Угтахааг ихэд тоож шашны маш том зүтгэлтэн болно гэж хэлдэг байсан юм билээ. Би ч бас тэдний амнаас ийм үг сонсч л байлаа. Ерээд оны эхээр шиг санагдана. Намар оройхон хэрд ахынд давхиад очтол “Хүү минь Өлгийн хийдэд шавилж байгаа. Түнжгэр үрийг минь ирээдүйд нэртэй лам, шашны зүтгэлтэн хувраг гэгээнтэн болно гэж хийдийн лам нар хэлж байна. Түүнийг сонсоод ихэд баяртай байна аа” гээд Отгон-Амжилт ах бөөн хөөр, нүдэндээ нулимстай сууж байсан. Одоо бодох нь луугарууд мэддэг л юм байна”. Бас л гоё дурсамж.
Болд ахтай наадмын хуушуур гулгуулсан шигээ баахан хууч хөөрөөд гэрээс гарлаа. Отгонтогтох эгчээр хөтөч хийгээд гарсан юм. Тэрээр алдарт уяачтай гал тогоог нь эзэгнэж байх зуурт бага ангийн багш Наранбаяртай яриад, гэгээнтэн дүүгийнхээ сурч байсан ангиар намайг оруулах программыг хэдийнэ зохион байгуулжээ. Сумын төвд үдээс хойшдоо элсээр шуурч, хүйтэн ч юм шиг, халуун ч юм шиг салхи хацар алгадаж байлаа. Хөвсгөл сумын сургууль Монголын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Жагдалын Лхагва агсны нэрэмжит гэдгийг миний бие гадарлах юм. “Толгодын цаана ингэ буйлна”, “Анхны хайрын зурвас” тэргүүт сонгомол бүтээлүүдээр нь Жагдалын Лхагва агсныг олон түмэн мэдэх билээ.
Хутагтынхаа ангиар орлоо, Г.Наранбаяр багштай уулзлаа. Ерэн нэгэн онд Угтахаа ламыг нэгдүгээр ангид ороход Наранбаяр багш нөгөө ангийг нь дааж авсан түүхтэй. Тийм хэрнээ хутагтаа мэдээд байгаа нь сайхан юм. “Мантгар шар банди” байсан даа гэж байна. Наранбаяр багш 32 жил тасралтгүй бага анги дааж, зүггүй шувуухайнуудтай зууралджээ. Үг яриа нь хүүхэд шиг, дуу хоолой нь ч тийм нэг намуухан, хөдөө сумын багын багш нар ийм л байдаг аа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр. Хутагтын сурч байсан ангид Наранбаяр багшийн ангийнхан хичээл хийж байна. Долоо, найман настай балчрууд сүрхий гэгч нь тоо бодоод “номхон команд”-тай сууж байв. “Равжаа хутагт чинь манай Хөвсгөлийнх шүү дээ. Улаанбадрахынхан манайх гэж булаацалддаг. Гэтэл ямар ч маргах зүйлгүйгээр манай нутгаас хойд дүр нь тодорлоо” хэмээн ардын багш баяр хөөртэй сууна. Багшийн ярианаас бас нэг зүйл анзаарагдсан юм. Хутагт тодорлоо гэнгүүт л сургууль даяараа хэний шавь бэ, хэн хэн ойр байсан бэ, байрны багш нь тэгэхэд хэн байв, ямар айлаар орж гарч байв гээд л баахан эрэл сурал болсон шиг байгаа юм. Тэгтэл нэгдүгээр агийнх нь багш өөр суманд байдаг, байрны багш нь бурхны оронд явчихсан байдаг, орж гарч байсан айл гэхээр бүдэг байдаг, ер нь л базаахгүй дүр зураг гарч. Сургуулиас гараад сумын төвөөр нааш цааш холхиж дэлгүүр хоршоо орсон шигээ бага сага саатлаа. Энгийн иргэдээс хутагтын тухай асууж, ямархан хариулт өгөхийг нь сонирхов. Ихэнхдээ л мэдээж баяртай байна. Манай Хөвсгөл сум ерөөлтэй, номын авшигтай нутаг гэж байна. Ер нь хүмүүсийн ярианаас анзаарахуйд “Түнжийсэн толгойтой шар юм” гэхээс өөр зүйл дуулдсангүй. Есдүгээр хутагт маань тавдугаар ноён хутагт “галзуу” Равжаагаасаа эрс өөр бололтой. Архи дарс, авгай хүүхэн, шүлэг найраг гээд олоон зүйлээр “дутуу” буюу.
тэмдэглэл-3
Говийн ноён хутагтын есдүгээр дүрээр тодорсон О.Угтахбаярын тухай цуврал тэмдэглэлийнхээ сүүлчийнхийг хүргэж байна. Эхний хоёр цувралд гэгээнтний ах дүү, амраг садан, найз нөхөд, багшийнх нь яриа хөөрөөг түлхүүхэн багтааж хутагтын гучин нас хүртэлх туулж ирсэн зам мөр, хувь хүнийх нь зан чанарыг бага ч болов тодотгохыг эрмэлзсэн юм.
Эл удаа гэгээнтнийг төрүүлсэн аав ээжийнх нь яриа болоод бусад зүйлийг уншигч олондоо хүргэж байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрээр тодорно гэдэг тухайн хүнээс машид эрдэм чадал, авьяас билгийг шаардах билээ. Равжаа хутагт бол Монгол Улс хийгээд монгол үндэстэн олонд нэр алдраа цуурайтуулсан хосгүй авьяас билэгтэн, ер бусын ид шидтэн байсныг түүх гэрчилнэ.
Гэхдээ энэхүү сурвалжлага, тэмдэглэлийн гол зорилго шинэхэн тодорсон хутагтыг хувь хүн талаас нь нээж уншигч олонд хүргэхэд оршиж байгаа. Манайхан хутагт хувилгаад төрлөө гэхэд тухайн хүнээ дээд тэнгэрээс тэр чигээрээ буугаад ирсэн мэтээр ойлгоод байдаг. Ерөөсөө л лам хувцастай завилсан төрхтэй, муу муухай нэг ч зүйлгүй амьд Будда л гэнэт гараад ирсээн гэж сүсэглэх нь бий. Гэвч үнэн чанартаа өнөө хутагт маань тодрохоосоо өмнө эгэл жирийн иргэн, борог амьдрал дунд өссөн хүү байгаа шүү дээ. О.Угтахбаяр гэгээнтэн олон хүүхэдтэй эгэл даруухан айлд төрж, ах дүү арвуулаа бужигнаж өссөнийг өмнөх тэмдэглэлдээ дурдсан.
Харин гэгээнтний охид бүсгүйчүүдэд дурлаж бас ч үгүй хорин хэдтэй залуугийн хонгорхон явдлыг найз нөхдөөс нь дам сонслоо. Угтахаа Энэтхэгээс ирчихээд, Монголд Шашны сургуульд сурч байх үедээ дотны найзуудтайгаа хаа нэг уулзалддаг байсан байна. Тэгээд ганц нэг бүсгүйд сэтгэлтэй болсноо аминчлан хэлдэг л байж. “Одоохондоо найз нь сонголтоо хийж чадахгүй байна” гэж үнэнээ л хэлж байж. Харин найз нар нь сүүлийн үед уулзаагүй, иймэрхүү аминчхан яриа өрнүүлээгүйгээ хэлж байсан. Есдүгээр хутагт Улаанбаатарт байхдаа Яармагт хашаа байшинд амьдарч байжээ. Орой үдэш худгаас ус зөөх, найзуудтайгаа түлээ мод хөрөөдөх, дүн өвөлдөө нүүрс бэлдэх гээд гэр хорооллынхны л хар бор амьдралаа залгуулж явсан аж. “Энгийн хувцас өмсөнө биз дээ. Үргэлж дандаа лам дээлтэй явахгүй нь мэдээж байх” гэж Эрка найзаас нь асуухуйд, өө энгийн хувцас өмсөлгүй яахав. Их наргианч шооч хүн дээ. Биднийг чинь үргэлж л явуулна, хөгжөөнө. Хамт байхад инээдтэй юм яриад хөгжилтэй гоё байдаг. Манай найзууд нэг удаа Тэрэлжид очиж амарсан юм. Тэгэхэд Угтахаа жинсэн өмд, цамцтай ганган залуу явж байлаа шүү дээ гэв. Найзуудынх нь нэмэр хачиргүй яриа энэ.
Есдүгээр хутагт ерэн нэгэн онд Хөвсгөл сумынхаа нэгдүгээр ангид орж хичээл заалгаад бараг л нэгдүгээр ангиа төгсгөлгүй сургуулиа орхисон байна. Гол шалтгаан нь лам болох. Хаврын амралтаар төлийн цагаар гэртээ ирэхдээ аавдаа “Би хичээлдээ суухгүй. Лам болно” гэж л хэлжээ. Аав ээж нь “Чи сургуульдаа сур. Ийм эрт ингээд хичээлээ орхих гэж…” хэмээн аашилсангүй. Багш нар болоод сургуулийн захиргаанаас нь хичээлд суухыг тушааж наануу цаануу гэсэнгүй өнгөрсөн гэнэ лээ.
Ингэж л Угтахаа хүү хувь заяаны дуудлагаар сургуулиасаа гарч хонь хурга хариулсан шигээ байж байгаад Өлгийн хийдийг зорьсон байна. Өлгийн хийдийг зорихын өмнө аймгийнхаа хийдэд шавилахаар аавтайгаа Сайншандад ирж байсан түүх бий гэнэ. Гэвч аймгийнх нь Гандан хийд их гэгээнтнээ хүлээж аваагүй удаатай. Үндсэндээ нас нь бага байна гэх шалтгаанаар буцаасан гэдэг. Лам болно гэх далдын мөрөөдөл, зөн совиндоо хөтлөгдсөн Угтахаа хүү аавынхаа моринд сундалсаар урам муутайхан нутаг руугаа буцсан байдаг. Энэ бол Равжаагийн хойд дүрээр тодорсон гэгээнтний арваад настай байх үеийн явдал билээ л.
Сумын төвд өдөржин ажил болж ойр зуурхан хүмүүстэй уулзан манаргасаар үдэш боллоо. Нар жаргаж үдшийн цагаан гэгээ нөмрөх ахуйд хутагтын ижий аавынхыг зорин сумын төвөөс хөдөлсөн. Хутагтын аав ээжийнхээр эхлээд очиход байхгүй байсан юм. Үдээс хойшдоо аймгийн төвөөс ирснийг Угтахаа гэгээнтний төрсөн эгч Зул сумын төвд байхад дуулгасан билээ. Отгон-Амжилт гуай болоод том хүүгийнх нь нутаглаж байгаа Улаан хошууг зорих замдаа Хөвсгөл сумын уугуул иргэн улсын аварга малчин Сэрээгийн Банди гуайнхаар дайрлаа.
Хэний ч өмнөөс үгээ хэлж, хэлэх хэлэхдээ тун айхтар сөргүүлэн хэлж ирсэн өвгөн буурлаас нутгийн олон нэг л жийрхдэг юм билээ. Тэр нь хүндэтгэж буйн илрэл. “Саяхан манай сумын Засаг дарга манайхаар ирлээ. Жаахан хүү байна аа. Бид гурван үг хэллээ, санаа оноо өглөө. Гэхдээ загнасангүй ээ” гэв. “Загнасангүй ээ” гэдэг бол үг байгаа биз. Банди гуайгаас гарах үг л дээ. Түүнээс шинээр тодорсон хутагтын тухай асуулаа. “Ус нутгаас минь хутагт тодорсныг дуулаад өвгөн би их баярлалаа. Отгон-Амжилттай сүүлийн үед нэг их уулзсангүй. Түүнээс бид хоёр чинь тэмээ малынхаа бэлчээрээр уулздаг л хоёр доо. Хутагт хүүг нь би сайн мэдэхгүй юм. Олны яриагаар бол их л багаасаа шашны ном мөр хөөсөн, зөв хүүхэд шиг дуулдаад байгаа юм” гэж байна. Ооч сахалтай, цэц билэг гэж жигтэйхэн аварга малчных Адуун чулуундаа сүүлийн жилүүдэд нутаглаж байгаа гэнэ. Малынх нь хашаа хороонд шинэхэн төл болох зуугаад хурга ишиг майлалдаад нэг л сайхан найрал хөгжим мөн дөө. Банди гуай засаг захиргааны адуу хорь шахам жил хариулсан, ёстой чиг адууны хийморь дунд явсан буурал юм аа. Тэднийхээс хөдлөөд л Отгон-Амжилт гуайн гадаа дөрөө мулталлаа даа. Хутагтын аав Борын Отгон-Амжилт гуай хотолж буй хүрэн улаан тэмээдийнхээ наахна гүйж явна. Зэрвэс харсан нэгэнд бол арван хэдтэй банди уу гэж харагдахаар. Тийм л хөнгөн шингэн, зүс царай тунгалаг хүн байна. Тэрээр хар хөх гонжоомтой, цагаан ягаан цамцтай, ганган ботинктой дэгжин гэж жигтэйхэн малчин шороо тоос манарсан өтөг бууцан дундаа цохиж явна. Аймгийн төвөөс ирээд удаагүй, ёслолын хувцсаа солиогүй байгаа нь тэр ажээ. Хутагтын ижий Өргөнцагаан гуай гэгээнтнийг төрүүлсэн хүн дээ гэсэн шиг буянтай буурал ханайж сууна. Нэрэндээ чиг таарсан сайхан хүн юм аа.
Ингээд есдүгээр хутагтын төрсөн гэрт тулганд аргалын гал дүрэлзэн, тэмээ мал нь хотолж байх цагаар ингэний хоормог уусан шигээ хоёр хөгшинтэй хөөрөлдлөө. Отгон-Амжилт гуай эхлээд хүүгийнхээ тухай ийн ярьсан юм. “Манай хүү чинь 1984 оны наймдугаар сарын 15-ны өдөр төрсөн. Анх төрөхөд нь ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй харин багаасаа л лам болно гэж зүтгэсэн хүн. Өлгийн хийдэд гурван жил орчим шавилаад 12 настай хүүхэд Хамарын хийдэд шавилсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, гэгээнтэн хүүг мэндэлж байх үед манай дунд сургуулийн ангийнхан уулзсан. Далаад оны дундуур Хөвсгөлийн долоон жилийн сургуулийг төгссөн бид наян дөрвөн оны наймдугаар сард арваад жилийн дараа уулзалдсан хэрэг шүү дээ. Тэгтэл хүү минь төрдөг юм. Манай долоо дахь хүүхэд. Ангийн олон бэлгэшээж уулзалтыг минь угтаж ирсэн хүү байна гээд Угтахбаяр нэр өгсөн түүхтэй. Хүүгээ Энэтхэгт шавилж байхад их санана аа. Сумын төв орж утсаар ярина. Энэтхэгт сурч байгаад Монголдоо ирж Шашны дээд сургууль төгссөн. Тэгээд өнгөрөгч оны тавдугаар сараас Хамарын хийдэд албан ёсоор суусан даа. Гэтэл удаа ч үгүй ийм сайхан зүйл тохиолоо. Аймгийн төв орчихоод хөдөө рүүгээ маргааш нь буцна гээд байж байтал том хүү маань ярьдаг юм. Аав та гараад ирэх боломж байна уу, уулзах яаралтай ажил байна гэлээ. Би ч гайхаад явчихлаа. Гутлаа хальт мульт өмсөөд гараад очтол том хүү “Алтангэрэл дарга Энэтхэгээс ярьж байна. Гэгээнтнийг тодруулжээ. Далай лам зарласан гэнэ. Манай Угтахаа ноён хутагтын хойд дүр есдүгээр хутагтаар тодорсон байна. Хүн амьтанд энэ тухай дуулгаж болохгүй. Маш нууцын зэрэглэлтэй гэсэн шүү” гэдэг юм. Ингэж л энэ сайхан мэдээг том хүүгээсээ анх сонссон л доо. Өглөө эрт хүүтэйгээ гэртээ ирээд хөгшиндөө хэллээ. Тоймтой юм хэлээгүй. “Аймаг явах боллоо хөгшөөн, маш яаралтай явах хэрэгтэй байна” л гэлээ. Хөгшин маань нарийн учрыг мэдэхгүй яаралтай аймаг орох боллоо гэснийг сонсоод, бид хоёр ч тоймтой юм хэлэхгүй байхыг хараад муу л юм болсон гэж дотор нь палхийгээд л явчихсан гэдэг”. Хутагтын аавыг ийн өгүүлэхүйд Өргөнцагаан гуай, хүн чинь эхлээд муу юм л боддог юм билээ гээд галынхаа өмнө инээмсэглэж суусан.
Хутагт анх төрөхдөө хэдэн килограмм гарсан эсэхийг тодруулаад авлаа. “Гурван килограмм, найман зуун грамм төрсөн. Өглөө ес өнгөрч байхад гарсан хүүхэд шүү дээ” гэж ээж нь товч бөгөөд тодорхой хариулав. Хүүгээ энэ том хутагт болно гэж яаж мэдэх билээ. Багад нь бусадтай ижил гар хүрч, таван салаа боовны амт үзүүлж байсан уу гэх асуултад “Учир зүггүй гар хүрч байгаагүй юм. Мэдээж загнаж зандрах зүйл гаралгүй яахав. Гэхдээ гэгээнтэн маань их өхөөрдөм, барагтай уур хүргээд байдаггүй байсан. Аливаа юманд дургүй нь хүрэх юм бол хол очоод суучихна. Дуудахаар цаашаа зугтаана. Дуудахгүй, огт тоосон шинжгүй орхичихвол хүрээд ирдэг сэн. Тийм л хүүхэд байлаа” хэмээх хариултыг аав нь өгснөө “Хүүгээ нэртэй лам болно гэдгийг эцэг хүний хувьд мэддэг байсан. Харин Монголыг байтугай дэлхийг шуугиулсан гэгээнтнээр тодорно гэж бодоогүй” хэмээн чин үнэнээ хэлж байлаа.
Аавынх нь гэрт хутагтын зураг хөрөг гэж алга. Отгон-Амжилт гуайн хэлснээр багынх нь нэг зураг байдаг гэсэн. Гэхдээ түүнийг ил гаргахгүй гэж байгаа. “Бид гэгээнтнээ сэтгэлдээ л сүслэн дээдлэх ёстой” гэсэн байр суурьтай байна лээ. Зураг гэсн