Умард
Солонгосын эрх баригчид баллистик пуужингийн туршилт явуулахаар бэлтгэл ажлаа хангаад буй. Үүний хариуд Японы
тал хариу арга хэмжээ авч эхэлжээ. Тэд
тус улс баллистик пуужингийн
туршилт явуулбал пуужингаас
хамгаалах системээ бэлэн байдалд байлгахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан
Токио хотын эргэн тойронд пуужин эсэргүүцэх цогцолбор болох “Пэтриот-3” хэмээх
системийг байршуулжээ. Сануулахад, Японы
эрх баригчид урьд нь үүнтэй адил арга хэмжээг нэг бус удаа авч байжээ.
Тухайлбал, Умард Солонгосын эрх баригчид цөмийн гурав дахь туршилтаа явуулахад
мөн пуужингийн эсрэг хамгаалалтаа чангатгаж байсан удаатай аж. Гэхдээ дээрх
туршилтын үеэр Японы нутаг дэвсгэрт аюул занал учруулаагүй тул пуужингийн эсрэг
гал нээгээгүй юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн
долоо хоногт
Хойд Солонгосын эрх баригчид өөрсдийн бүтээсэн алсын тусгалтай пуужингаа өмнөд хил рүүгээ ойртуулан
зөөж буй талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлээр цацагдаж байв. 2.5-4
мянган км зайд тусах хүчин чадалтай тус пуужинг Өмнөд Солонгосын болон АНУ-ын
тагнуулын албанаас энэ сарын 10-нд туршиж болзошгүй хэмээн хардаж буй юм.
Үүнтэй зэрэгцэн Умард
Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгост амьдарч байгаа
гадаадын иргэдийг сэрэмжлүүлжээ. Тэд хоёр Солонгосын хооронд үүсэх цэргийн мөргөлдөөний аюулаас өөрсдийгөө
сэргийлэхийг анхааруулсан аж. Умард
Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр “Дайн боллоо гэхэд бид Өмнөд Солонгост
байгаа гадаадын иргэдэд аюул учруулмааргүй байна” хэмээн мэдэгдсэнийг Ройтерс
агентлаг уламжилсан байна.
Category: редакцийн-нийтлэл
Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын дарга Ч.сайханбилэг дөнгөж сая Төрийн ордонд ажилладаг
зарим хүмүүстэй утсаар ярьжээ. Тэрээр өөрийгөө Ерөнхий сайдтай хамт Бурхан
халдун ууланд явж байна гэж мэдэгдсэний зэрэгцээ осол эндэгдэлгүй уулнаас
буусан тухай ярьсан байна. Тодррулбал, тэднийг уулнаас бууж явахад нь нисдэг
тэргээр дээрээс нь харж эхний 23 хүнийг зөөж Үндсэн отго руу нь хүргэжээ. Эхний
23 хүн гэдэгт Ерөнхий сайд болоод төрийн том албан тушаалтнууд хамрагдаж байгаа
ажээ. Тэд удахгүй Улаанбаатар руу хөдлөхөөр зэхэж байгаа бөгөөд Ерөнхий сайд
нарын хүн нисдэг тэргээр хүрэлцэн ирэх гэнэ. Ерөнхий сайдтай хамт явж байгаа 70
хүний ихэнх нь улстөрч бөгөөд цөөн тооны эмэгтэй хүн ч байгаа бололтой.
Л.МӨНХ
Баянзүрх дүүргийн 4-р хорооны
14-р байр, хуучнаар Оросын гэгдэх байрны оршин суугчдын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ. Уг орон сууцанд 125 айл амьдардаг бөгөөд тэдний нэг хэсэг нь ОХУ-ын
худалдааны төлөөлөгчийн газарт, нөгөө хэсэг нь “Эдельвайс” ХХК-д, үлдэх хэсэг нь ОХУ-ын РЦНК(Шинжлэх
ухаан, соёлын төв )-д төлбөр төлдөг байна. Эдгээр гурван байгууллага оршин суугчдаас
авах төлбөрийн хэмжээ харилцан адилгүй, мөн төлбөрийг ам.доллараар тооцож авдаг
гэнэ. Ус, цахилгаан, дулааны төлбөр нь бусад байртай харьцуулахад 2-3 дахин
өндөр, монгол иргэдтэй түрээсийн гэрээ хийдэггүй учраас гадаад хүний нэрээр
оршин суудаг, тодорхой эзэн өмчлөгчгүй тул огт засвар үйлчилгээ хийдэггүй зэрэг
хэрэглэгчийн эрхийг олон хэлбэрээр зөрчиж байна гэлээ. Тиймээс оршин суугчид Нийслэлийн
захиргааны хэргийн шүүх болон ШӨХТГ-т гомдол гаргаад байгаа аж.
Уг байрыг ОХУ-ын өмч хэмээн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон өмнөх нийгмийн
баримт бичгийг өнөөг хүртэл хүчингүй болгоогүйн улмаас оршин суугчид ийнхүү олон
жил байраа өмчлөх, холбогдох үйлчилгээ авах зэрэг эрхээ эдэлж чадахгүй байгаагаа
мэдээллээ. Мөн тус байрны автомашины ил зогсоол байсан нийтийн эзэмшлийн талбай
дээр “Эдельвайс” ХХК 16 давхар 96 айлын орон сууц барьсан, хүүхдийн тоглоомын
талбай болон ногоон байгууламжийг сүйтгэж автомашины ил зогсоол барьснаас
хүүхэд багачууд тоглоомын талбайгүй болсон гэв.
Хуучин “Оросын мэргэжилтнүүдийн”
гэгдэж байсан 14-р байрны оршин суугчид зөрчигдөж буй хууль ёсны эрх ашгаа
хамгаалуулах, оршин суугчдаас олон жилийн турш хураан авч буй “Эделвайс” ХХК-ий
зүй бус давхар түрээсийг хүчингүй болгох, уг байрыг одоо оршин сууж байгаа
иргэдэд нь хувьчлах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хүсч Нийслэлийн Захиргааны
хэргийн шүүх, ШӨХТГ-т тус тус хандаад байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн бүсийн
аймгуудаар цасан болон шороон шуургатай өнжжээ. Тодруулбал, Сүхбаатар,
Дорнод,
Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар цасан шуургатай байсан аж. Хэнтий
аймагт бямба гаригаас эхлэн цасан шуурга шуурч эхэлсэн бөгөөд одоогоор
бага зэргийн салхитай байна. Цасан шуурганы улмаас Бурхан Халдун ууланд
явсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баг төөрсөн бөгөөд өөр ноцтой осол
аваар
гараагүй байна. Харин Дорнод аймагт ням гаригийн үдээс хойш хүчтэй цасан
шуурга
шуурч 40 гаруй хүнтэй зургаан автомашин нийслэл явах замд цасанд
боогдсон
байсныг аюулгүй болгожээ. Мөн уржигдар үдээс хойш Дархан,
Эрдэнэтэд цас их орсон бөгөөд Улаанбаатар-Дарханы
чиглэлийн замыг хаажээ. Тус замыг өнөө өглөө 07.00 цагт нээсэн байна.
Одоогийн байдлаар хаагдсан
зам байхгүй хэдий ч ойрын өдрүүдэд Хэнтий,
Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан болон
шороон
шуурга шуурах
төлөвтэй байгаа аж. Цасан шуурганы үеэр салхи 18-22
метр секунд хүртэл ширүүсэх
төлөвтэй гэж Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна.
Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар байгаад архаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш л ядардаг. Харин хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог. Өдрийн цайнд орсны дараа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төвлөрөхгүй, ажлын бүтээмж мууддаг шинж тэмдэг ихэнх хүмүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэсэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин нозоорлын байдалтайгаар ажилласаар ажлын цагаа дуусгаад гэртээ очиход бие сулбайж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар байвал танд ядаргаа хуримтлагдаад л байх болно.
Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарлаж байна. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.
Гэхдээ ядаргааг дардаг, тайлдаг шилэгдсэн цор ганц аргыг аль ч оронд олоогүй байгаа юм. Юунаас болж ядрав гэдгээсээ хамаарч ядаргааг дийлэх олон чиглэлийн янз бүрийн арга байдаг.
ТА ЯДАРГААНД ОРСОН УУ?
Ядаргааг ерөнхийд нь бие махбод, сэтгэл хөдлөлийн гэсэн хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж ангилдаг.
Оюуны хөдөлмөр эрхэлдэг, өдрийн турш бичиг, цаастай ноцолдож, компьютерийн ард удаан суудаг хүмүүс стресст орохдоо амархан. Тэд хөдөлгөөн, агаарын дутагдалд ажилладаг нь ядрах үндэс нь болдог. Энэ нь даамжирсаар хүзүү мөр нь хөших, толгой өвдөж, нүд чилэх, гар, хөлийн шөрмөс татах гэх эмгэгүүдтэй болж, тэр нь даамжирсаар архаг ядаргаанд хүргэдэг.
Та олон цагаар ажилладаг уу, хийж буй ажлаасаа уйдаж байна уу, тогтмол цагт хооллохгүй байна уу, жижиг гэлтгүй зүйлд уурлаж бухимдаж байна уу, сэтгэл гутрах, түгших мэдрэмж төрж, ирээдүйнхээ төлөө санаа зовдог болсон уу, нойрон дундаа эсвэл өглөө эрт сэрж байна уу, хар дарсан зүүд зүүдлэх тань ихэссэн үү, биеийнхээ аль нэг хэсгээр таргалж байна уу. Эдгээр шинж тэмдгээс илэрвэл та ядаргаанд орж эхэлжээ.
Харин архаг ядаргаанд орсон хүний нойр нь хулжиж, яльгүй зүйлд амархан уурлаж, уцаарлаж, дуу чимээ бүхэн яршигтай санагдаж, халуун хүйтнийг хэт мэдрэх болж, заримдаа шөрмөс нь татаж, толгой эргэж, огиудас хүрч, хоолны шингэц муудаж, ирээдүйг бүрхэг баргараар төсөөлж, бэлгийн дур хүсэл буурч, гэнэт бие засмаар санагддаг.
Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэрвэл яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.
ЯДАРГААГ ХЭРХЭН ТАЙЛДАГ ВЭ?
Компьютерийн ард 15-20 суучихаад хэдхэн минут босч, цонхоор алсыг харах, шингэн зүйл ууж, дасгал хөдөлгөөн хийж суниах, эсвэл гадагшаа гарч салхилах зэргээр ажлын байран дээр байхдаа ядрахаас сэргийлж болно. Хэрэв энэ мэт алхам тутамдаа ядаргаанаас салах, сэргийлэх арга хэрэглэхгүй бол нэг л өдөр архаг ядаргаанд орж мэднэ.
Ядаргаа тайлах дараахь хэдэн аргыг эмч нар зөвлөж байна.
Цөөхөн нэр төрлийн хоол идэхээс зайлсхийж, олон төрлийн янз бүрийн өнгө үзэмжтэй хоол хэрэглэж байх. Хангалттай унтаж амрах. Үргэлж гэгээн сайхан зүйл мөрөөдөж, инээмсэглэж, найзууд, хамт олонтойгоо хөгжилтэй байх. Өглөө босоод цонхоор ч болтугай мандаж буй нар руу харж, өөрийгөө нарны дуусашгүй эрчмээр цэнэглэгдлээ хэмээн төсөөлөх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалж, голын эргээр алхах, эрүүл хоололтыг сонгож, долоо эсвэл арав хоногт нэг өдөр нь махан бүтээгдэхүүнээс татгалзаж сурах, жимс жимсгэнэ, ногоо, дархлааг тэтгэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заавраар, долоо хоногт нэг удаа нийтийн бүжигт явах. Эдгээр энгийн аргаар ядаргааг хялбархан тайлж болно.
Эмч нар ядаргааг тайлах, түүнээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол спортоор хичээллэх юм гэж зөвлөлөө. Өөрийн дуртай спортод долоо хоногт ядаж хоёр удаа цаг гаргавал ядаргаанаас сэргийлнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаанд ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүс бол тамирчид гэжээ. Тэд бэлтгэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажиллуулж, дотоод сэтгэлдээ байгаа бухимдал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг аж. Иймээс тамирчид дунд амиа хорлох явдал барагтай бол гардаггүй гэнэ.
Гэр орон албан тасалгаандаа цэцэг тарих, зун хашаандаа ногоо тарьж, хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тордох нь ядаргаа тайлах, сатаарах сайхан боломж гэнэ. Хүн ямар нэгэн зүйлд сэтгэлээсээ татагдан, тэр зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулж, эцэст нь үр шимийг нь хүртэх нь хамгийн том аз жаргал, амжилт байдаг. Ийм болохоор цэцэг тарьж, ногоо ургуулах ядаргаанаас сэргийлэх ач холбогдолтой юм.
Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтахад хангалттай гэдэг. Зарим хүмүүс амарч байгаа нь энэ гээд үд хүртэл унтах нь бий. Олон хоног ингээд унтаад байвал амрах биш эсрэгээрээ ядаргаанд ордог байна. Японы судлаачид “Хүн их унтсанаараа биш, дуурь хэр их үзсэнээрээ ядаргаагаа тайлдаг” гэж үзжээ.
Ядаргаанаас гарах нэг арга зам бол урлаг. Уран зургийн үзэсгэлэн сонирхож, дуурь, бүжгэн жүжиг үзэх нь дээд зэргийн амралт болдог байна.
ЯДАРГАА ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД
Монголчууд хэт хотжиж байгаа нь уламжлалт ахуй, заншлаа гээхэд хүрээд байгаа билээ.
Зоогийн газрууд хийцтэй, банштай, борцтой цайгаар үйлчилдэг боловч уламжлалт аргаар хийгээгүй болохоор ийм цайнуудын ид шидийг өнөөгийн хотын залуус бараг мэддэггүй.
Бидний өвөг дээдэс ядаргаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар будаатай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг байсан. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утдаг.
Мөн таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлдаг. Шөл, цайг ядаргааг тайлахад ихээр хэрэглэдэг байсан. Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төрлийн цайгаар ядаргааг тайлна. Эдгээр цайг одоо ч хөдөөгүүр хаврын цагт чанаж уудаг хэвээрээ.
Уламжлалт аргаар ядаргааг хоол ундаар ийн тайлахдаа хамгийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой гэдэг.
Харин орчин үед ядаргаа тайлах, эрч хүч оруулж, толгой сэргээх зорилгоор янз бүрийн арга хэрэглэдэг. Тэдний заримаас сонирхуулъя.
-Унтахынхаа өмнө нэг халбага зөгийн бал идэх
-Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу
-Оюуны хөдөлмөр эрхэлж, амархан ядардаг хүмүүс фосфороор баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох хушга, газрын самар, буйлсын самар, вандуй, цурхай загас идэх
-Бие хөшөөгөөд нозоороод байвал зөгийн балтай бүлээн сүү уу.
-Ядаргаатай тэмцэх нэг сайн арга бол усан эмчилгээ. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шүрших. Толгой, цээж, чихээ хүйтэн усаар шавших. Унтахын өмнө тайвшруулах увдистай ургамлын хандтай ваннд орох. Эсвэл хөлөө 42 хэмийн халуун усанд дүрэх. Усан бассейнд хичээллэх.
-Ядаргаа тайлах бас нэг арга бол хөлөө халуун бүлээн, давстай усанд дүрэх юм.
-Мөн ядаргаа тайлах иллэг хийлгэх.
Бэлтгэсэн: Д.САРУУЛ
Сүүлийн үед энд тэндгүй зургаа, долоогоороо шатаж үхсэн мэдээ сонстох болов. Үр хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ, голомтоороо шатсан тухай сэтгэл шимшрэм мэдээ сонстож байна. Хайран хүний амь халуун галд урсан одож байна. Монголчуудын уламжлалт сайхан сууц болох монгол гэр хүн амьдарч болох орон гэр мөн үү гэж айх ч сэтгэл төрөх шиг. Нацистуудын Бухенвальдын шоронд бөөнөөр нь галдан шатаадаг байсан зуух шиг монгол хүн амьдаараа чандарлагдах пийшин шиг байх боллоо, монгол гэр. Нэг өглөө сэрэхэд л гэр бүлээрээ бөндийтлөө нүүрс болжээ гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдана. Цаана нь унтаа чигээрээ хорвоогоос одсон үй түмэн монгол хүний амь гол зурайлгана. Монгол гэрийн шатах нь дэндүү амархан юм. Ердөө 1.5 метр өндөртэй ханан дээр 27 градус орчим налуу конусыг тавьсан мэт хэлбэртэй бөмбөгөр энэ сууцны 60 гаруй хувь нь мод, үлдсэн нь даавуу, эсгий болон хялгас хөөвөр. Зуны цагт дан бүрээстэй гэр ердөө 3-5 минутад шатаж, өвлийн улиралд хэр давхарласнаасаа шалтгаалаад 8-10 минутад бүрэн шатдаг гэж байгаа. Хамгийн удаан тэслээ гэхэд 12 минут.
Ердөө сор залж байгаа мэт амьд хүнээ агаарт өргөчихдөг хэрэгсэл үндэсний уламжлалт сууц маань боллоо гэж үү. Хув хуурай мод, хялгас, эсгий. Ерөөсөө л амьд хүнээр зулын гол хийчих нь тэр. Ганцхан гарцтай нь үүд. Үүдэн хавьдаа зуух нь байдгаас тэндээсээ эхлээд шатчихна. Тэгэхээр цорын ганц авралын гарц нь шатчихаар амьд үлдэх хамаг боломжийг нь хаачихна, орь ганц цонх болох тооноор нь халуу төөнөсөн гал нь үсччихнэ. Африкийн сүрлэн урц биш болохоор өшиглөөд гарахын арга үгүй. Ядахад хуучин цагийн эсгийн үүд ч биш. Уламжлалт дэг жаягаараа биш суурьшин ядаж байгаа орчиндоо тохируулаад өөрчилчихсөн болохоор монгол гэр тэгж амархан мултрах боломжгүй, аймшигтай дөнгө, занга болчихоод байгаа юм. Уг нь уламжлалт ёс жаягаараа барьсан гэрийг ганц зангилаанаас татахад л хөврөөд бүрэн тайлагддаг гэдэг сэн. Тэгвэл өнөө цагт хаяагаа нойтон шавраар чигжиж хөлдөөгөөд бүр цементээр хүртэл шавчих болохоор аюул боллоо гэхэд хаяаг нь сөхөөд зугтахын аргагүй. Дээрээс нь дулаалгын янз бүрийн арга хэрэглэж хөөсөнцөр сэлтээр дулаалдаг болсон нь галыг жинхэнэ өрдөх болжээ. Шашны үйлэнд сор зална гэдэг нь муу зүгийн бүхий л муухайг нийлүүлж, өвчин зовлонгоо нэгтгэж балинд шингээгээд хоосон чанарын охь болсон галд өргөдөг ёсон хэмээдэг. Гэтэл сүүлийн үед бид хүнийхээ амиар сор залчихаад байдаг боллоо. Дугуйрсан монгол гэр дотор зулаад хэвтсэн тэр олон хүний амиар сор залчихаад байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 5289 гэр орон сууц шатаж, 146 том хүн, 78 хүүхэд галын аюулын улмаас амь насаа алджээ. Харин галд шатаж үхсэн малын тоо 4195 юм билээ. Дөчин сая малаас дөрвөн мянга гаруй нь шатжээ. Гурван сая хүрэхгүй хүнээс хоёр зуу гаруй хүн түлэгдэж үхэж. Нүүдлийн соёл иргэншилд хамгийн тохиромжтой гэр маань суурьшмал болсон монголчуудад хал дагуулах боллоо гэж үү. Орчин цагийн тохитой сууц нь цонхтой, хаалгатай бас тагтаараа гараад зугтах ослын шаттай. Дээрээс нь галын дохиололтой бүр цаашлаад гал нь нэмэгдвэл ус гоожоод унтраачих ч боломж бий. Орон сууцны байшинд галын аюул гарлаа гэхэд гал унтраах ангийнхан боломжоороо түргэн очиж чадна. Харин гэр сууцанд амьдарч байгаа газруудад галын тэрэг очих нь хамгийн түвэгтэй байдаг. Уулын орой дээрх шатсан гэр рүү, айлууд нь шигж суусан хашаануудыг нэвтэлж хүрэхэд хамгийн бэрхшээлтэй талаар гал ангийнхан ярьдаг. Хоёр хүүхдийг галын аюулаас аварсан аврагч залуу том машин нь жижигхэн гудамжаар багтахгүй байсан учраас хашаануудыг зад дайраад гарч чадсаных хүүхдүүдийн амийг аварлаа хэмээн ярилцлагадаа дурдсан байсан. Бас саяхан хүргэндээ гэр бүлээрээ шатаалгасан айл руу галын машин очих гээд тахир гудамжинд олж чадалгүй урдаас нь хүмүүс тосон гүйж дагуулж очсон гэж дуулдаж байсан.
Ядахад хэдхэн минутад шатаад дуусдаг гэр хэмээх орон сууцанд байдаг, дээрээс нь тусламж хүрэхийн аргагүй хол зайд байж байдаг. Энэ бүх эрсдэл хүний амийг улам бүр үнэгүйдүүлж, цөөхөн монголчуудыг цаг бусаар хороох нөхцөл болоод байна. Улаанбаатар хотод гэр сууцанд амьдарч буй 138 мянган өрх байна. Энэ олон өрхийн орон гэр, тэнд амьдарч байгаа хүмүүсийн амь нас дээсэн дээр л дэнжигнэж байна. Тэдний амь насыг хотын дарга, хорооны дарга, хэсгийн цагдаа ч хянаж чадахгүй. Шивээлсэн банзан хашаатай, шигж буусан олон гэрүүдэд шөнөжингөө гал өрдөж нүүрс хийж амьдарч байгаа нь галд шалзлагдах эрсдэл дунд л байна гэсэн үг. Дээрээс нь цахилгааны аюулгүй байдал ер баталгаагүй. Эвдэрсэн хамхарсан эсвэл цахилгааны тоолуураа аргалах гэж янзалсан цахилгаан халаагуурууд нь хэзээ мөдгүй дэлбэрэх минатай л адилхан. Нүүдэлчин монголчууд ил тулганд хуурай мод шажигнуулж түлэхээсээ аргал хомоолоор цогшуулан суудаг байсан хүмүүс. Гэтэл өнөө цагт шөнө оройжингүй гал өрдөх атлаа эрүүл ухаанаар галаа харж манаж байгаа хүмүүс цөөхөн байна.
Өөрсдөө буруугаа хүлээх дургүйдээ бурууг аль нэгэнд тохоодог зангаар монгол гэр л буруутай гэж баахан нуршлаа. Уг нь агаарын солилцоо сайн, тээвэрлэж зөөхөд хялбар, хаана ч очоод хатгаад суучихад болно гэж монголчууд бид уламжлалт сууцаа магтдаг. Бас монгол гэр шиг архитектурын төгс шийдэл ч үгүй гэдэг. Гэвч шүдэнзний мод шиг пирхийж асаад үнс болчихдог тэр гэрт хэнэггүй бас архичин монгол амьдарч байгаа тохиолдолд уламжлалт сууц маань уршигтай оромж болчихоод байна шүү дээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд амь насаа галын аюулын улмаас алдсан хоёр зуу гаруй хүний 84 нь архидан согтуурсны улмаас галд хуйхлагдсан гээд бодохоор аймаар байгаа биз.
Санамсар болгоомжгүйгээс галын аюулд өртсөн хүмүүсээс гадна найз нөхдөөрөө, ах дүү хамаатан саднаараа цугларч архидан согтуурч байгаад амиа алдагсад цөөнгүй байна. Тамхины галаа ч унтраахгүй зуух чиглүүлээд няслах айл гэрийн эзэн нь, эзэгтэй нь, зочин нь бүгд л ууж мансуурна. Гэрийн муур, нохой нь хүртэл согтуу бөөлжиснөөс нь хүртээд тасарч орхино. Ийм айл өрхийн согтуурлын золиосонд амьдралд хөл тавиагүй нялх үрс нь хүртэл хохирсоор ирлээ. Архины хоронд согтож, мансуурлын далайд шумбаж, амьдаараа галд идүүлсээр цөөхөн хэдийгээ алдсаар ирэв. Адаг сүүлдээ түргэн шатдаг болохоор нь уламжлалт гэрээсээ түргэн салъя гэж ярьж суухав дээ. Архинд толгойгоо мэдүүлсэн, хариуцлагагүй, зорилгогүй амьдралыг л өөрчилж чадах юм бол жил, жилийн өчнөөн олон амь галд залагдаж, үлдсэн бусад нь түүнийг сонсч шимширч суухгүй байгаа юм ш дээ.
Яагаад бид монгол гэртээ амьдарч сууж болохгүй вэ. Яагаад гэвэл монголчууд архичин байна, архинаасаа салж чадахгүй байгаа учраас арга ядахдаа гэрээсээ салъя гэж арга сүвэгчилж байна. Архи монгол хүнийг дотроос нь живүүлж бас гаднаас нь шатааж алж байна. Архиа уусаар бас амархан шатдаг дугуй гэртээ амьдраад байвал биднээс үлдэж хоцрохгүй нь ээ.
Монгол Улсын хүний гавьяат эмч, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмэгтэйчүүдийн клиникийн зөвлөх эмч Д.Сүхээтэй уулзаж ярилцлаа.
–Хүний гавьяат эмч цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Их
баярлалаа. Төрийн өндөр шагналыг хүлээж авсандаа үнэхээр их баяртай байна. Гэхдээ энэ шагнал зөвхөн миний гавьяа биш л дээ. Надтай хамт ажилладаг хамт олон, нэг баг болж ажилладаг эмч нар, миний олон шавь, надаар үйлчлүүлдэг эмэгтэйчүүдийн л буян гэж бодож байна. Би чинь Монголын эмэгтэйчүүдийн эмч нарын дийлэнхийнх нь багш гэгддэг болохоор олон шавьтай хүн л дээ. Тийм учраас энэ шагнал маань нэг талаас хамтын бүтээл юм.
–Таныг эмэгтэйчүүдийн эмч. Гэхдээ илүү нарийн мэргэшсэн гэж сонссон юм байна?
-Би
эмэгтэйчүүдийн эмч хүн. Эмэгтэй хүний өндгөвч даавар ялгаруулж байдаг. Жирэмслэлт, зан төрх, гадаад илрэл, сарын тэмдгийн мөчлөг, нөхөн үржихүй зэрэг энэ бүх үйл ажиллагааг зохицуулж байдаг гол дааврууд тэндээс ялгардаг юм. Өндгөвчний ажиллагаа жаахан хямрахад л даавруудын тэнцвэрт байдал алдагддаг. Үүнийг судалж, тодруулж, дааврын эмчилгээ хийхийг дотоод шүүрлийн судлал гэдэг. Би энэ чиглэлээр ажилладаг.
–Та аль аймгийнх вэ?
-Би
Завхан аймгийн Ургамал сумын хүн. Мэндэлсэн газар минь Ургамал сум.
–Эмчийн ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-1969 онд Анагаахын дээдийг төгсөөд Нийслэлийн II амаржих газар буюу одоогийн II төрөх эмнэлгээс л ажлын гараагаа эхэлсэн. Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хуваарилагдаж очсон.
Түүнээс хойш одоог хүртэл эмэгтэйчүүдийн эмч гэдэг ажлаасаа ганц ч удаа холдож үзсэнгүй. 44 дэх жилдээ ажиллаж байна.
–Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар байхад чухам яагаад эмэгтэйчүүдийн эмч болохоор шийдсэн юм бэ?
-Оюутан
байхад хичээл дээр төрөлтийн агшныг үзүүлнэ, жирэмсэн эмэгтэйчүүдийг харуулна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн даралт ихэсч хавагнаад хүндрэлүүд их гардаг. Архаг хууч өвчингүй жирэмсэн эмэгтэйчүүдэд хүртэл иймэрхүү хүндрэл гардгийг хараад тэр үед “Яахаараа эрүүл байсан ч ингээд хүндрээд байдаг юм бол. Эмэгтэйчүүдийг эрүүл байлгаж байж л эдгээр хүндрэлүүдийг багасгаж болох юм байна” гэж боддог байлаа.
Социализмын үед чинь дур зоргоороо “Би тийм, ийм ажил хийнэ” гэж шийдэж болохгүй. Очиж ажилла гэхээр нь II төрөхөд хуваарилагдсан нь тэр. Би тэнд их л баяртай очиж билээ. Очсон өдрөөсөө л жижүүрээ хийгээд, эх бариад ажлаа хийж эхэлсэн дээ.
–Та Москвад эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан билүү?
-Манайх
гэр бүлээрээ Москва руу явсан юм. Тэнд зургаан жил амьдарсан. Москвад очингуутаа Эрүүл мэндийн яаманд нь “Би нөхрөө дагаад удаан хугацаагаар амьдрахаар ирлээ. Мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна” гэж хүсэлт гаргасан чинь сарын дараа намайг тус хотын Эмэгтэйчүүдийн 51 дүгээр эмнэлэгт ажилд оруулсан.
Монголд ажиллаж байгаад Орост очиж ажиллахад манайд тийм ч юм нь дутуу юм байна, ийм юм нь ч болдоггүй байж гэдгийг сайн ойлгосон. Тэгээд эх орондоо буцаж ирээд Анагаах ухааны дээд сургуулийн Эх барихын тэнхимд багшилсан даа. 1991-1997 он хүртэл дандаа мэргэжил дээшлүүлэх эмч нарт багшилсан. Би хойноос ирээд Эх нялхсын төвийн Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн тасгийг анх байгуулалцаад тэндээ зөвлөх эмчээр ажилласан юм. Тэгэхээр багшаар ажиллахын зэрэгцээ эмчийн ажлаа орхиогүй гэсэн үг л дээ. Эмчийн ажлаасаа би ерөөсөө салаагүй байгаа юм.
–Орос бүсгүйчүүд өвлийн дүн хүйтнээр нимгэн трикотой л гүйж яваа харагддаг. Харин манайхан охид, бүсгүйчүүддээ доороосоо даарч болохгүй гэж захидаг шүү дээ?
-Орос,
монгол эмэгтэйчүүдийн өвчлөл төстэй. Гэхдээ үрэвсэлт өвчний тархалт орос эмэгтэйчүүдийн дунд бага байдаг юм. Харин манайд эмэгтэйчүүдэд үрэвсэлт өвчний тархалт арай их.
–Цаг ууртай холбоотой юу?
-Манай
эмэгтэйчүүдийн бөөрний үрэвсэл их шүү дээ, одоо ч гэсэн. Тэр нь цаг уурын байдалтай холбоотой. Бөөрний үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвсэл ойролцоо л яваад байдаг юм. Эрс тэс цаг уурын нөхцөл үүнд нөлөөтэй.
Эмэгтэйчүүдийг ерөнхийд нь авч үзвэл эрүүл байх дүр зураг нь манайд муу л даа. Одоо энэ тал руу нэлээд ажиллаж байгаа.
Намайг залуухан эмч байхад эмэгтэйчүүдээ сайн, хэвийн төрүүлэх, жирэмсний хяналтад л бүх анхаарлаа хандуулдаг байсан. Эмэгтэйчүүд судлал манайд нэлээд хоцрогдолтой байсан шүү. Үрэвслийн талын өвчнүүдийг судалж, энэ талаар хийж байсан ажлууд байдаг л юм. Үрэвслийн эмчилгээг л их хийдэг байж. Харин дотоод шүүрлийн судлалын салбар манайд байгаагүй. Угаасаа энэ салбар маш залуу салбар шинжлэх ухаан юм байхгүй юу.
–Эмэгтэйчүүд “Хүүхэд хүсээд байхаар хүүхэдтэй болохгүй байна. Тоохгүй орхичихоор жирэмсэлдэг” гэж ярьцгаадаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Сэтгэлзүйтэй холбоотой. Үргэлж л нэг юманд санаа зовж, тэр зүйл рүүгээ хэтэрхий хазайгаад байхаар стресс үүсгэдэг. Толгойдоо нэг л юмыг ажиллуулаад байхаар нөгөө нарийн удирдлага нь хоцорч үлдээд байдаг. Маш нарийн зохицуулгаар сарын тэмдгийн үйл ажиллагаа явагддаг юм шүү дээ. Энэ зохицуулга аль нэг түвшиндээ жаахан л алдагдахаар тэр үйл ажиллагаа хямардаг.
-II амаржих газарт очоод анхны хүүхдээ эх барьж авсан тэр мөч таны хувьд мартахын аргагүй дурсамж байдаг байх аа?
-Хүүхэд
ингэж төрдөг юм, анхны хүүхдээ ингэж эх барьж аваарай гэдгийг анх оюутан болж эхэлсэн цагаас минь л толгойд хийж өгдөг. Гардаад хийхгүй ч нүдээрээ харсаар байгаад дасчихдаг юм.
Би анхны хүүхдээ гардаж аваад нэг их сандраагүй. Мэс ажилбар хийх, эхэсийг гараар авах үед сандарна аа, сандарна.
Нэг удаа эх цус алдаад, эхэс нь салдаггүй. Эхэсийг гараараа авахдаа сандраад болдоггүй. Тэгэхээр нь жижүүрийн ахлах Эрдэнэжав эмчээ дуудсан чинь байдаггүй, гараад явчихаж. Ахлахаа байхгүй байна гээд өнөө хүнээ орхиод гараад явж болохгүй. Тэгээд л нэг юм бүхнийг ном ёсоор нь хийгээд дуусгачихаад байж байтал Эрдэнэжав гуай орж ирээд “Чи намайг байсан байгаагүй чадах л байсан юм байна ш дээ” гээд инээж билээ.
–Олон жил үр хүүхдийн хүслэн болсон гэр бүлүүдэд хүүхэдтэй болоход нь тусална гэдэг их буян юм?
-Үргүйдэлтэй гэх эмэгтэйчүүд миний үзлэгийн дийлэнхийг эзэлдэг. Хүүхэдтэй болохгүй байна, эхний хүүхдээ төрүүлээд арав гаруй жил боллоо, дахиад жирэмслэхгүй байна гэх бүсгүйчүүд их байдаг.
Бидэнд хандсан бүсгүйчүүдийн 63-64 хувь нь жирэмсэлж байгаа. Түүнээс цааш хувьд нь нарийн технологи шаарддаг.
–Одоо үед эмэгтэйчүүд эрүүл мэнд, нөхөн үржихүйн талдаа ихэд анхаардаг болсон шиг санагддаг?
-1970-аад оны үед чинь умайн хүзүүний улайлт, хавдар болчих эрсдэлтэй хэсгийг л барьж авч эмчилнэ. Түүнээс цаашхийг нь эмчилж чаддаггүй л байсан. Одооных шиг эмэгтэйчүүдийн эмнэлэг гэж байсангүй. Өдөржингөө жирэмсэн эмэгтэйчүүдээ үзээд, хяналтыг нь хийгээд үдээс хойш эмэгтэйчүүдийн үзлэг хийнэ. Шинжилгээ муутай л байлаа. Тэр үед хэцүү л байдаг байсан.
–Эх баригч эмч нар жирэмсэн эх, нярайтай хатуу ширүүн харьцахаас эхлүүлээд элдэв янзын л юм дуулдах болж. Та ахмад, гавьяат эмчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эмч
хүн юмны ирмэг дээр л явдаг. Жаахан анхаарал сэрэмж алдахад, нэг асуумжийг асуулгүй өнгөрөхөд л асуудал үүсдэг. Сүүлийн үед яригдаад байгаа эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй бол бидэнтэй холбоотой. Хүүхдийг халуун усанд түлэх, гэмтэл учруулна гэдэг чинь яах аргагүй хариуцлага суларсан хэрэг. Тэрийг эмч хүн, эмнэлгийн ажилтнууд ерөөсөө л ингэдэг юм даа гэж ойлгож хүлээн авч болохгүй.
–Эмэгтэйчүүд өндгөвчөө эрүүл байлгаж, хямраахгүйн тулд юунд хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?
-Сарын
тэмдэг гэж эмэгтэй хүмүүст өвөрмөц нэг юм бий. Сарын тэмдгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг эмэгтэйчүүд өөрсдөө мэддэг. Сарын тэмдэг тань тогтвортой байвал өндгөвч эхний ээлжинд харьцангуй гайгүй, ажиллаж байна гэж бодож болно.
Эмэгтэйчүүдийн үзлэгт жилдээ хоёр удаа ор гэдэг. Би хүүхнүүддээ “Эрүүл ч бай жилдээ ядаж нэг удаа үзлэгт орж бай” гэж зөвлөдөг. Одоо юм болгон хөгжчихсөн. Нэг удаа ороход бүхий л шинжилгээ авдаг болчихсон.
Өөрт эргэлзээтэй байвал эмчид ханд. Өөртөө анхааралтай бай гэж захидаг.
–Таныг эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын хамгийн том багш нь гэцгээдэг?
-Миний
багш нар гээд том мундаг улсууд байж л байна. Цэвэлмаа, Дамбадаржаа гээд л их эрдэм чадалтай хүмүүс.
Би өдий олон жил ажилласан ч надад мэдэх, сурах зүйл их байсаар л байдаг. Эмч хүн өдөр болгон хүнээс юм дуулж, ном үзэж өөрийгөө бэлтгэж байхгүй бол энэ шинжлэх ухаан чинь улам өсч хөгжөөд байна. Өдрөөр, цагаар хөгжиж байна.
Багш гээд хүнд л юм хэлж өгөхөөс биш би боловсорчихлоо гэж ерөөсөө бодож болохгүй. Би өдий настай болсон ч надад эргээд харах юм зөндөө л байдаг.
-“Д.Сүхээ эмчид эмч хүнд байх эелдэг сайхан харьцаа цөм бий” гэж ярьж байсан эмэгтэйчүүдтэй олон таарч байлаа?
-Баярлалаа.
–Танаар олон жил үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд байдаг байх. Тэд охид, ач зээ охидоо танд авчирч үзүүлдэг болов уу?
-Тэгэлгүй
яахав. Би энд ийм хувийн эмнэлэгтэй, ингэж үзлэг хийдэг гэж ганц ч удаа сурталчилгаа хийж үзээгүй л дээ. Манай эмнэлэг хүний хөлөөр тасрахгүй, үргэлж л ийм олон үйлчлүүлэгчтэй байдаг юм.
Үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь хөдөөнөөс ирдэг юм аа.
–Хайж сураглаад ирдэг байх нь?
-Ховд,
Завхан, Увсаас хүртэл ирдэг. Одоо чинь харилцаа холбоо сайхан хөгжчихлөө. Хөдөөнийхөнд ийм эмч байдгийг хэн хэлдэг юм бэ гэхээр надаар эмчлүүлсэн хүмүүс ойр зуурынхандаа дуулгана. Бас миний зарим шавь намайг зориорой гэж хэлдэг байх. Үүнээс гадна “Манай ээж танд үзүүлдэг байсан” гээд ороод ирдэг л юм. Гэхдээ би чинь хүн болгоноос яагаад нааш хүрээд ирэв гэж асуухгүй шүү дээ.
Над руу ирэхгүй газар, аймгийнхан гэж байхгүй. Хэнтийнхэн чинь утсаар яриад “Та өнөөдөр эмнэлэг дээр байх уу. Хэдэн цаг хүртэл байх вэ. Би одоо гарлаа” гээд л хэдхэн цагийн дараа хүрээд ирэх жишээтэй.
–Охид, бүсгүйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн эмч нь дотнын хүн нь байдаг. Яагаад гэвэл баргийн хүнтэй хуваалцахгүй нууцаа эмчдээ хэлж, зөвөлгөө авдаг шүү дээ?
-Тэр
бол мэдээжийн хэрэг. Ерөөсөө эмч хүн гэдэг бол өөрийг нь зорьж ирсэн хүнийхээ нууцыг бусдад хэлдэггүй онцлогтой. Анагаахын сургуульд орсон цагаас л бидэнд ийм ёс зүй тогтчихдог юм. Өөрийнхөө нууцыг хэлчихээд эмчдээ “Өөр хүнд битгий хэлээрэй” гэж хэлснийг бидэнд задлах эрх байхгүй.
–Таны үр хүүхэд ач зээ нараас мэргэжлийг тань өвлөсөн үү?
-Ач
зээ нар олон бий. Яг мэргэжлийн хувьд эмч болсон хүн байдаггүй ээ. АНУ-д сурч байгаа нэг ач маань хүний генетикийн чиглэлээр цааш сурах бодолтой гэж ярьдаг юм. Түүнийг эс тооцвол эмч болсон хүн байхгүй байна.
-44 жилийн турш эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан гэхээр урт хугацаа шүү. Шантрах, бэрхшээх зүйл тохиолддог л байх даа?
-Эмчийн
ажил хүнд. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эмчээр ажиллахад хүнд үе маш их байдаг. Эмчилчихээд л яваад өгдөггүй юм. Өнөө шөнө яаж хонох бол, дараа нь яах бол гээд л сэтгэл зовних хүнд үе гардаг. Хүндрэлтэй тийм нөхцөл, үеүд тохиолдож байсан ч ганц ч удаа “Яах гэж эмч болов доо. Больдог ч юм уу” гэсэн бодол төрөөгүй шүү. Эмэгтэйчүүдийн эмч байх хүнд хэцүү ч сайхан мэргэжил гэж боддог юм.
Д.ГАНСАРУУЛ
Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, яруу найрагч Т.Очирхүү, орчуулагч Х.Мэргэн нарын хамт. 1990он. Хөх хот
-ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ-
Монголын
зохиолчдын эвлэлийн шагналт шог зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай ярилцлаа.
Тэр бүр олны өмнө ил гарч бүтээл туурвил хийгээд өөрийнхөө тухай яриад байдаггүй
эл эрхэм Зохиолчдын байгууллагын гал тогоог дөч шахам жил түшихдээ Явуу, Эрдэнэ,
Гайтав, Чимидээс аваад үе үеийн бурхадтай ах дүү, багш шавийн барилдлагатай явсан
билээ. Тэрээр “Зохиолчдын гэгээн шог”,
“Зохиолчид инээлдсэн он жилүүд” зэрэг
шог хошин зохиол мөн “Янгирын цэнхэр
уулс”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй” зэрэг
яруу найргийн номуудтай.
-Таныг чинь Зохиолчдын хороонд далаад оны
эхээс аваад л зүүлттэй байсныг хүмүүс хэлдэг. Тэгэхээр хэдэн онд анх босгыг нь алхаж
байв. Тэрхүү дурсамжаасаа хуваалцвал сонин байх болов уу?
-Далан
дөрвөн оны долдугаар сарын найманд юм аа. Би гэдэг хүн Сономын Удвал даргын тушаалаар Зохиолчдын хороонд ирж байлаа
шүү дээ, базарваань. Хүмүүс намайг сүрхий том зохиолч л уригдаж ирсэн мэтээр ойлгож
байгаа байх. Гэвч би чинь нягтлан бодогч хүн. Хоринхоёругаар автобаазын ахлах нягтлан
сөөсгөр залууг Зохиолчдын хороо нягтлангаараа авч байсан түүхтэй.
-Ядмаа зохиолчийг бүхий л насаараа зохиолчдын
хорооны дансыг барьсныг уншигч олон гадарлана. Харин та бол данс барих нэрээр зохиолчдоо шоголж
суусан хүн дээ?
-Би чинь
Санхүүгийн техникумыг хорин настай залуу төгсөөд Өмнөговь
аймгийн захиргаанд хуваарилагдаж байлаа. Тухайн
үедээ бас л утга зохиолд зүрх сэтгэлээ өгч явсны илрэл биз дээ, өмнийн говийн Утга
зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгтэл жараад оны дундуур Зохиолчдын
хорооноос зохион байгуулсан утга зохиолын өдрүүд Өмнөговь аймагт зохиогдохоор болдог
юм аа. Хотоос С.Удвал дарга, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Б.Бааст, С.Дашдэндэв
гээд олон зохиолчид очлоо. Би бол яахав, эхлэн бичигч л байсан. Гэхдээ л Пүдо(Дэндэвийн
Пүрэвдорж агсныг хэлж байна) багшийнхаа хараанд
өртсөн шиг байгаа юм. Сүүлд мэдэх нь ээ,
22 дугаар автобааз руу Пүдо багш Удвал даргын гарын үсэгтэй албан тоот хэд
хэдэн удаа явуулж байж намайг зохиолч бурхадын
бөөрөнд авчирсан түүхтэй. Тухайн автобаазын дарга нь Баясах гэж хүн байлаа.
Ц.Лоохууз нарын хэрэгт холбогдож байсан хүн л дээ.
-Ахлах нягтлангаа тийм ч амар тавьчихаагүй
байна даа?
-Үгүй
яахав, дээ. Намайг Өмнөговиос ирээд байхад тэр хүн бааздаа авсан. Тиймээс явуулах
дургүй байж л дээ. Удвал гуайн нэрээр Пүрэвдорж гуай мундагдаж байж л авсан байгаа
юм. Зохиолчдын хороонд ирэхэд Хайдавданзангийн Цэвээн гэж сайхан буриад хөгшин санхүүг
нь хариуцаж байсан. Тухайн цагт Зохиолчдын хороо гэдэг чинь шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй, өрөө
бүрээр нь зохиолчид дүүрсэн ордон байлаа шүү дээ. Урьд өмнө нь би тийм газар орж
үзсэн биш. Наран тал руугаа харсан цацлын халбага шиг гурван давхар байшин байсан
даа. Удвал гуай дарга, Түдэв гуай орлогч, Тарваа гуай “Цог” сэтгүүлийг, Эрдэнэ гуай
“Утга зохиол” сонинг, Явуу яруу найргийн зөвлөлийг, Пүрэвдорж утга зохиолын фонд,
Ц.Мөнх гуай шүүмж судлал, Л.Чойжилсүрэн гуай үргэлжилсэн үг, Бааст гуай залуу зохиолчдыг
хариуцаж байхад нь би нягтлангаар орсон юм. Тэр том том зохиолчидтой нэг дор ажиллана
гэдэг бурханаас өгсөн шагнал юм даа. Анх ороход би хамгийн залуу нь байлаа. Хог
цэвэрлэж, туг хатгахаас аваад бүх зүйлд тохоон томилогдоно. Харин наяад оны дундуур О.Дашбалбар, Х.Мэргэн,
Н.Энхбаяр, Л.Нарангэрэл, Р.Нарантуяа, Ц.Энхбат нар ирж хойноос (Горькийн сургууль)
ирээд би гэдэг хүн өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн түүхтэй.
-Зохиолчдыг шоглодгоо та нэг л ярихгүй байна
даа. Илт тойроод байх чинь?
-Би ганцаараа
тэр бурхадыг чинь шоглоод байсан юм биш. Зарим нь нэгнээ хэргээр явуулчихаад яалт
ч үгүй баригдахдаа “Ядмаа л тэгж байна лээ” гээд намайгаа бариад өгчихдөг шиг байгаа
юм.
-“Буурал анчны домог” гэж хүн бүгдийг элэглэсэн
нэг найраглал бий дээ?
-Түүнийг
чинь Пүрэвдорж багш, Дооров хоёр гаргасан юм. Жаран есөн онд шүү дээ. Тэр жил Зохиолчдын хорооны 40 жилийн ой болсон. Өмнөговь аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн хувьд би гэдэг
хүн уригдлаа. Дуурийн театрт баярын хурал болсон санагдана. Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас
аваад бүх л аваргууд байсан үе. Архангайн
О.Цэнд бид хоёр “Улаанбаатар” зочид буудалд нэг өрөөнд хамт байлаа.
Тухайн
үеэр л “Буурал анчны домог” гарсан даа.
“Бямбын
Ринчен шиг буурал анчин
Жүгдэрийн
Дамдин шиг их буугаа үүрээд
Бабын
Ахтаан шиг бүргэд мөрөндөө суулгаж
Бөхийн
Бааст шиг хав нохойгоо дагуулаад…” гээд эхэлдэг шүү дээ.
–Ахмадуудын тухай дурсаач. Явуу,
Эрдэнэ,
Гайтав… өөр хэн ч байж болно?
-Дурсвал бүгдийг нь л дурсмаар байна. Тэр аваргуудыг
чинь мөнхийн юм шиг л бодож явж дээ. Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм даа.
Бид чинь хавар, зуны хэдэн сар ирээд буцаж буй шувууд юм уу даа. Далан дөрвөн онд Удвал гуай эмэгтэйчүүдийн байгууллагын
ажил руу яваад
өглөө. Түүний оронд Л.Түдэв
гуай дарга боллоо. Нэг өдөр Түдэв даргын үүдэнд Явуу сууж байх юм. “Та энд юу
хийж байгаа юм” гэхэд, дарга намайг дуудаад гэж байна. Уучихсан байгаа нь царайнаас нь илт ээ, улаа бутраад л. Гэвч сонин зажилчихсан сууна. Даргадаа
үнэртүүлэхгүй гэж тэр шүү дээ. Далаад он
чинь Явуугийн жинхэнэ мандаж байсан үе
биз
дээ. Энгэртээ
төрийн шагналын тэмдэг гялалзуулчихсан дорнын их найрагч тийм
л жудагтай байсан. Дарга нараа тэгж л хүндэтгэж байсан. Одоо бол манай зохиолчид ямар болсныг мэдэхгүй юм аа.
–Танаас Пүрэвдорж, Дооровын тухай асуулгүй өнгөрч боломгүй
л байх юм?
-Дооровыг өнгөрсний дараа Х.Зандраабайдытай хамтарч
“Дэлгэрхангай уулан дээрээс дэлхий харсан Дооров” гэсэн ном гаргаж байлаа. Миний
санаачилсан ном л доо. Хоёр гурван жил хөөцөлдөж байж гаргасан
юм даг. Дараа нь Пүрэвдорж гуайн тухай дурсамжийн ном хийсэн. “Тэнгэрлэг найрагч” гэсэн ном. Түүнээ гаргачихаад Төрбат,
Зандраабайды бид гурав аваачиж өгч байв. “Та нар
хэдийдээ ийм ном гаргачихав” гэж өвгөн багш минь ихэд баярлаж байсан. Ингэж л би багшийнхаа амьдад номон
суварга босгосон хүн юм. Үхсэн
хойно нь магтаад хэрэггүй, амьд дээр нь баярлуулах шиг сайхан юм үгүй
гэдгийг тэгэхэд бие сэтгэлээрээ ойлгож байлаа. Дооров өрөөндөө духайчихаад л пал пал хийтэл инээгээд, ганган трубээрээ тамхиа
нэрээд,
хөдөө гадааны
голдуу хүмүүс тойруулаад ихэд баясалтай хөхин сууж байдаг сан.
Мань хүн бусдыг явуулах, хошин яриа хөөрөө гаргахдаа цаанаа л нигууртай. Ямар сайндаа
Горький төгсөж ирсэн зохиолчдоос өөрийнхөө зохиосон изм-ын тухай асуугаад бантанг
нь хутгаж байхав дээ. “Цаана чинь “сунтагизм” гэж
нэг сүрхий нэр томъёо, утга зохиолын изм гарчээ” гээд өнөө хэдийгээ байдалд оруулчихна.
Нэг удаа Д.Пүрэвдорж гуайгаас асуудгийн даваан дээр
Эрдэнэ гуай “Чи битгий нохойтоод
бай л даа” гээд болиулсан гэдэг. Сүүлд багш энэ тухай “Дооров хэрвээ надаас тэгж асуусан бол би баараггүй худлаа ярина. Үзсэн юм шиг л гөрөх байсан”
гээд инээд алдаж байсныг санаж байна.
-Зохиолчдынхоо хөгжөөнтэй явдлуудаас ярихгүй
юу. Уншигч олон танаас тийм л зүйл хүсэх нь мэдээж?
-Жамсрангийн
Лодой гэж үг газар гээдэггүй, егзгөр буриад хөгшин байлаа. Лодой зохиолч нэг удаа
бууз хийхээр үхрийн толгой шулсан байгаа юм. Тэр нь өдөржингийн юм болж л дээ. Оройхон хэрд гэргий нь уурлаад
“Лодой минь дээ чи арай л удаж байгаа юм биш үү” гэхэд, идэж байгаа юм биш болохоор
болохгүй байна ш дэ гэж учирласан удаатай. Бас мань хүн нэг удаа Их дэлгүүрт оочерлож
байж. Тэгтэл халаасанд нь гар ороод ирж. Чанга гэгч нь атгаж аваад Лодой гуай “За
хүү минь чи байтугай өвгөн би өөрөө мөнгөө олохгү байна аа. Энэ золигийн халаас
нь цоорчихож ээ” гэж үнэнээ хэлсэн гэдэг. Одоо Пүрэвдорж багштай холбоотой түүх
ярья. Мань хүн Сэлэнгэ аймагт очиход Хасбазар
гэж дарга угтаж авсан байна. Тэр чинь жараад оны сүүл үе. Пүдо багш өнөө даргад
“Танай нутгийн тухай нэг аятайхан шүлэг байна. Та сонссон уу”гээд ингэж уншсан байгаа
юм.
“Мохоорын
үнэр ханхалсан
Модон
байшинд төрсөн би
Моодон
сүүлтэй гахайгаа
Морио
гэж хайрладаг
Модон
торхтой бараашигаа
Эхийнхээ
сүү шиг санадаг
Монхор
хамартай аавыгаа
Папа
гэж дууддаг” гэжээ. Сэлэнгийнхнийг олон зүйлээр дайруулж хэлсэн хэрэг шүү. Өнөө
дарга “Би огт сонсоогүй юм байна” гэснээ гэнэт
түсхийтэл инээсэн гэдэг шүү. Харин Пүрэвдорж багшийг Горькийн сургуульд явахад
Ламзавын Ванган гуай “За би чамд сайн сураарай,
олон сайхан шүлэг найраглал бичээрэй, утга зохиолын олон нөхөдтэй болоорой гэж хэлэхгүй.
Харин чи Москвад зам хөндлөн гарахдаа хоёр талдаа таван бүдүүн орос авгайтай л гардаг
юм шүү” гэж аминчлан захисан байдаг. Пунцагийн Бадарчаас “Болор цом” наадам хэн
хэн шүлгээ уншив гэж нэг нь асуужээ л дээ. Тэгэхэд нь буурал найрагч
“Өвгөн
Дооров халирч уншив
Өндөр
Цоодол хөлөрч уншив
Бавуугийн
Лхагвасүрэн шатаж уншив
Барнангийн
Доржпалам шартаж уншив
Шаравын
Сүрэнжав хөл хальтарч уншив
Шагдарын
Уянга хэл хальтирч уншив
Дарьгангын
Дашбалбар давшилж уншив
Дэрэнгийн
Чимэддорж дэвсэлж уншив
Баргын
Дулмаа шил гялалзуулж уншив
Бямбажавын
Энхтуяа гуя гялалзуулж уншив” хэмээн тэр дор нь хариулжээ. Энэ мэт зохиолчдын шогийг
ярьвал барахгүй ээ.
-П.Пүрэвсүрэн зохиолч угаалгын машинд бараашиг
эсгэсэн гэх яриаг бас л та гаргасан санагадана?
-Би гаргах
юу байхав, болсон явдал юм чинь. Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн, “Тоншуул”-ын
зураач Арнайн Гүрсэд хоёр нэг “юм” зохицуулъя гэтэл мөнгө нь дутжээ. Тэр даруй хоёул
нэг арга бодож олсон байгаа юм. Байгаа мөнгөөрөө түргэн эсгэгч, элсэн саахар аваад
Пүрэвсүрэнгийнд очжээ. Тэдний шинэхэн аваад байсан угаалгын машинд буцалсан ус хийгээд
саахар, исгэгчээ хийчихэж.Тэгээд цаг орчим нижигнүүлж байгаад гайгүйхэн шиг шуугиулж
аваад өнөөхөө ууж суусан түүхтэй. Ийм л золигийн хүмүүс дээ, манайхан чинь.
-Та бол Дундговийн Дэлгэрхангай
сумынх. Олон
зохиолч төрсөн нутаг даа?
-Өө тэгэлгүй яахав. Мань мэт шиг амьтад нь багтахгүй л дээ. С.Буяннэмэх, С.Дашдооров, за тэгээд
Дарамын Батбаяр гээд явна. “Ардын эрх”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн,
“Морьтой ч болоосой”-гийн Гончиг буюу гавьяат Батсүх, мөн алиалагч Батсүх, морины Нансалмаа гээд манайхаас чинь хичнээн ч гавьяат
төрсөн юм бэ дээ. Сүүлд нь миний бие зохиолч нөхдөө
дурсах гэсэн юм. Дэмбээгийн Мягмар гэж агуу хүн байлаа. Түүний “Найрын ширээний
ууц” гэдэг ганцхан жүжгээр л Улсын
драмын театр жилдээ сая төгрөг олсон гэдэг. Мөнгө хатуу цагийн сая төгрөг
гээд бодохгүй юу. Тэгтэл өнөөдөр гэргий хүүхэд
нь айлын царай харж, бараг
гудманд шахуу амьдарч байна. Мөн Жигжидийн Бямбааг дурсмаар байх юм
. “Үнэний хорвоо”, “Хорвоогий өнгө” гэх номуудтай хүн. Яг энүүхэндээ хэлэхэд өвгөн ахад нь уулзах зохиолчид өдөр ирэх тусам л ховордоод байх
юм аа. Зон-Пай-Жингийн Баттулга гэж
бас л сонин зохиолч байсныг манайхан мэднэ. “Хөх тэнгэр” романаас аваад тухайн үедээ
шуугиантай дедегтив зохиолууд бичиж байсан хүн шүү дээ. Түүнийг далаад оны эхээр
Түдэв дарга хороонд дуудаад номын санчаар ажиллуулж
байсан. Бид хоёр нэг өрөөнд суудаг байлаа. Орос авгайтай байсан
хүн. Дараа нь түүнээсээ салаад залуухан хүүхэнтэй суугаад Дархан явсан. Тэгээд бараа тасарсан
даа. Горький төгсч ирсэн хүн шүү дээ.
НАХЯ-нд ажиллаж байсан. Мөн Нанзадын Надмид гэж сайхан хөгшин байлаа. Түүнийг дурсах нь бүү
хэл мэддэг хүн өнөөдөр ховор болжээ. Тэрээр Зохиолчдын хороонд жижүүр хийж байхдаа “Хүлээс алдарсан
нь” зохиолоо бичсэн юм шүү дээ. Бид бурханы оронд
хэдийнэ одсон бурхадыгаа хаа нэг дурсаж, зохиол бүтээлийг энд тэнд ярьж, гэргий хүүхдүүдтэй нь уулзаж ойр дотно байх хэрэгтэй.
Ах нь ингэж л боддог оо.
Ярилцсан
Н.Гантулга
ОХУ,
БНХАУ-ыг холбосон олон улсын хурдны зам манайхаар дайран өнгөрнө. Хятадын Тянжиний
Тангу далайн боомтоос эхтэй энэ зам Бээжингээр дайраад шууд Улаанбаатар руу ирнэ.
Тэгээд манай нийслэлээс гараад Улаан-Үд хүрэх эл замын олон улсын албан ёсны нэршил
нь Asian highway-3 буюу АН-3. Нэг ёсондоо Монголоор дайран өнгөрөх Ази, Европ тивийг
холбосон чухал зам.
Жаахан
нарийвчилбал уг зам ОХУ-ын хил-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-БНХАУ-ын
хил гэсэн маршрутаар баригдана. Олон улсын өндөр зэрэглэлийн хурдны замын барилгын
ажил яаж эхэлж, хэзээ ашиглалтад орох талаар холбогдох газруудаас нь тодрууллаа.
Зам,
тээврийн яамныхан хурдны замын ажлыг барилгын салбарын үндэсний гэх тодотголтой
компаниуд нэгдээд хийхээр ярилцаж, Барилга, хот байгуулалтын сайд зөвлөлийн хуралдаанаараа
уг ажлын төслийн танилцуулгыг сонсч ихээхэн анхаарал хандуулаад буйд гайхаж байгаа
бололтой. Харьяа яам нь байсаар байтал яагаад хариуцсан ажлыг нь өмнөөс нь хийхээр
зүтгээд байгаагийн учрыг ойлгохгүй байгаа гэнэ. Тэгээд ч хоёр жил гаруй хугацааны
дотор 1000 км хурдны зам бариад дуусгана гэдэгт итгэхгүй байгаа аж. Учир нь ийм
зэрэглэлийн замыг олон жилийн өмнөөс нарийн тооцоо судалгаа, зураг төсөл гаргаж,
мэргэжлийн хүмүүс хийдэг ажил. Гэтэл барилгачид олон улсын хурдны зам тавих ийм
чухал ажлыг гүйцэтгэхээр сэм ярилцаж, харьяа яамныхнаас нь зөвлөгөө, мэдээлэл авч
хамтран ажиллахгүй байгааг учир битүүлэг гэцгээж байна.
Тэгтэл
Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд “Энэ талаар Зам, тээврийн яамнаас
тодруул. Яам андуураад байгаа юм биш үү. Хуучин нэг яаманд харьяатай байснаа салчихсан
ш дээ” хэмээцгээд “Манайх зам барьдаггүй. Зам, тээврийн яам манайхаар зам бариулъя
гээд байгаа бол хамаа алга бариад өгье” гэх.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд
чиглэлийн энэхүү хурдны замыг барихаар гүйцэтгэгчээр нь “Chinggis land
development” гэх групп шалгараад байгаа юм. “Цаст импекс”, “Магнай трейд”, “Жаст”,
“Монинжбар”, “Насны зам” зэрэг үндэсний арав гаруй компани нэгдээд ийм групп байгуулсан
юм байна. Тэд улсын төсвийн хөрөнгөөр бус концессын гэрээгээр энэ замыг барих бөгөөд
Итали, АНУ-ын хөрөнгө оруулалтын зөвлөх хоёр компанитай хамтраад эх орондоо
хоёр урсгалтай, хоёр эгнээ асфальт бетон хучилттай хурдны зам барихаар болжээ.
Группийнхэн
том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд холбогдох яамд, газрынхантай уулзалт
хийж, Засгийн газрын түвшинд энэ ажлыг хэлэлцүүлээгүй байгаа нь яамдын хооронд ийм
үл ойлголцол гаргаж байж болох юм. Өндөр зэрэглэлийн хурдны замыг хэдий концессын
гэрээгээр барихаар болж байгаа ч энэ бол Монгол Улсын хөгжил, аюулгүй байдал, нэр
хүнд, эдийн засагтай холбоотой чухал бүтээн байгуулалт. Ийм ажилд хувийн хэвшлийнхэн
нэгдээд хүчин зүтгэхээр болсон нь сайшаалтай ч яам, Засгийн газартайгаа зөвшилцөж,
хэлэлцэх нь зүйтэй юм.
Тус
групп хурдны замын барилгын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа
бөгөөд 2015 оны аравдугаар сард ашиглалтад өгөх гэнэ. Төслийн нийт өртөг 3.5 тэрбум
ам.доллар болох бөгөөд нэг км замыг 3.5 сая ам.доллараар барих юм байна.
Энэ
төслийг ойрын хугацаанд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх сураг байна.
Тэгэхээр чухам ямар яам нь энэ ажилд оройлох, зөвлөх, ямар нь хамжилцах нь тодорхой
болох биз.
Д.САРУУЛ
Монголбанк алтны нөөцөө 1.5 тонноор
нэмэгдүүллээ гэж Zolotonews.ru
сайт мэдээлжээ. Гурван сар дараалан
өссөнөөр төв банкны алтны нөөц 5.8 тонн
болж байгаа аж. Энэ нь 2008 оноос хойшхи хамгийн их хэмжээ гэж Блүүмберг
мэдээлж байна. Гэнэтийн ашгийг татварын
хууль гарахаас өмнө манай алт олборлогч
120 гаруй компани Монголдбанкинд жилдээ 15 мянган тонн алт тушааж байсан юм. Сонирхуулж
хэлэхэд Казахстаны алтны нөөц 4,9 тонн, Азербайжаны нөөц нэг тонн,
Украины алт 0,6 тонн-оор
нэмэгджээ. Өнгөрсөн онд унци алтны үнэ дунджаар
1669 ам.доллар байж, дэлхийн улс орнуудын алтны нөөц 534.6 тонноор
өссөн байна. Энэ нь 1964 оноос хойших
хамгийн өндөр үзүүлэлт аж.