Categories
редакцийн-нийтлэл

К.Сайран Монгол төрийн дайсан уу?

Монгол Улс сүүлийн өдрүүдэд К.Сайран гэдэг нэг дайсантай болж байх шиг. Монгол төрийн нууцыг гадаадад задалж, эх ор­ноосоо урвасан ял үйлдсэнийг нь шалгаж байгаа гэж дуулдах юм. Шалгах гэхэд нь эмчилгээ хийлгэх хүсэлт тавьж, тэгээд Германд эмч­лүүлээд буцаж ирэхэд нь байцааж эхэлсэн гэж зарим мэдээллийн хэрэгсэлд дурдсан байсан. Үнэ­хээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Монгол Улсыг төлөөлж гадаад улс орнуудад сууж байсан энэ эрхэм Монголын эсрэг ямар хэрэг өдүүлсэн юм бол гэсэн бодол хэн бүхний толгойд хамгийн түрүүнд орж ирэх болов уу. Болсон үйл явдлын мэдээллийг сөхөж харвал Казахстаны нэгэн сайтад тус улсын хүчний байгууллагад ажиллаж байсан нэгэн офицер гадаад улс орнууд дахь өөрийн тагнуулуудаа нэрлэснээс үүдэн K.Сайраныг шалгаж байгаа юм билээ. Уг сайтад тагнуулын мэдээ өгч байсан хүмүүс дунд “К.Сайран буюу нууц нэр нь Алтай. Монгол Улсаас Египетэд суугаа Элчин сайд” гэж бичсэн байснаас шалгах ажиллагаа өрнөсөн сурагтай.

Тэрбээр Египет болон Кувейт улсад Бүрэн эрхт сайдаар томи­логдон ажиллаж байсан хүн. Мон­гол Улсаа төлөөлөн хилийн чина­дад суух хариуцлагатай үүрэг хүлээсэн атлаа улсынхаа нууцад хамаарагдах мэдээллийг казахуу­дад өгч байсан хүн юм болов уу. Ер нь бид түүний тухай юу мэдэх билээ.

Кадырын Сайран гэдэг энэ хүн ардчилсан үзэл бодолтой, гадаа­дад өндөр боловсрол олж, эргээд Монголын гадаад харилцааны салбарт хүчин зүтгэж, бас Баян-Өлгий аймгийнхнаа төлөөлж УИХ-д сууж төр түшилцэж байсан казах гэж дийлэнх олонхи нь мэдэх болов уу. Бас Булангийн орнуудад буюу Арабын ертөнцөд ихээхэн нэр хүндтэй гэж манайхан ярилцдаг. Арабын ертөнц бол дэлхийн ихэнх улс орнуудад ойлгомжгүй газар байсаар ирсэн. Тийм ч учраас адармаатай тэр ертөнцөд нэвтэрч чадах гарц нь, гүүр нь энэ хүн болж байсан гэж учир мэдэх хүмүүс ч ярьдаг билээ. Магадгүй, тухайн улс орныг төлөөлөн Элчин сайдаар сууж буй хүн энэ бүхнийг хийх ёстой хэмээн мэтгэх хүмүүс ч гарч болох юм. Гэвч улс орны харилцаа гэдэг тухайлсан улс орны нэрнээ­сээ гадна хувь хүмүүсийн харилцаа байдаг гэдэг нь маргашгүй үнэн. Хойд Солонгосын хамгийн том дайсан бол АНУ. Хэдэн жилийн өмнө Америкийн хоёр сэтгүүлч эмэгтэй гэрэл зураг авч яваад умардуудад баривчлагдахад тэднийг нэг бол цаазаар авна үгүй бол бүх насаар нь хорино гэгдэж байсан билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон БНАСАУ руу өөрийн биеэр очоод өнөө хоёрыг аваад ирж байсан нь үнэхээр гайхаш төрүүлж байсан. Энэ бол улс орнуудын харилцаа гэхээсээ цэвэр хувь хүмүүсийн харилцааны асуудал байсан юм. Билл Клинтон АНУ-ыг тэргүүлж байхдаа хоёр Солонгосын нэгд­лийг байнга ярьж, хоёр Солонгосыг нэгтгэх Ким Дэ Жуны “Нарны илч” бодлогыг дэмждэг байсан. 2000 оны Сиднейн олимпод хоёр Солонгос анх удаа нэгэн тугийн дор жагсч байсан түүхт үе бий. Тэгэхээр өөрсдийг нь улсынхаа номер нэг дайснаар зарлаж байсан Ж.Бу­шийн өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтонд талархалтай хандах учир жанцан умард солонгосчуу­дад байгаа биз. Америк гэсэн улсаар нь бодох юм бол Билл Клинтонд баривчилсан хүүхнүүдээ өгөөд явуулах биш Ерөнхийлөгч асныг нь баривчилж аваад бөөн зүйл болмоор байгаа биз дээ.

Монголчууд өмнөд, хойд хоёр Солонгостой аль алинтай нь ойр дотно байдаг дэлхийн цөөхөн орны нэг. Н.Багабанди Ерөнхий­лөгч БНСУ-тай ойр байгаагаа хэд хэдэн удаа үг хэл, үйлдлээрээ илэрхийлснээс болоод БНАСАУ-ын зүгээс гомдож, 1998 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жуныг Монголд айлчлахын өмнөхөн Улаан­баатар хот дахь Элчин сай­дын яамаа татан буулгаж байсан билээ. Гэхдээ эдийн засгийн байдлаас болж хааж байгаа гэсэн тайлбар өгч байсан санагдаж байна. Харин түүний дараагийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ байдлыг эерүүлэх оролдлого гаргаж байсан бол түүний дараа­гийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНАСАУ-ын удирдагч нь улсдаа айлчлахыг урьсан байх жишээтэй. Улс орны харилцаа гэж томоор ойлгогддог ч үнэндээ хувь хүмүү­сийн харилцаатай шууд холбогд­дог юм.

К.Сайраны олон жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагаас  хара­хад Москвагийн гадаад харилцаа­ны сургуульд түүнтэй хамт сурал­цаж байсан хэдэн араб нөхөд амьдрал дээр  угсаа залгамжлах хунтайж нар байж. Язгууртан га­рал­гүй нь мэдлэг боловсролоороо өндөр албан тушаалд хүрсэн юм уу даа. Ямартай ч К.Сайраны оюутан цагийн нөхөд нь шах болох нь болж, сайдаар дэвших нь дэвш­сэн байжээ. Египетэд түүнийг Элчин сайдаар очиход нь Монго­лын элч төлөөлөгч гэдгээсээ гадна залуу цагийн ээнэгшсэн нөхдийн ёсоор харилцаа нь улам бүр гүнз­гийрсэн гэж ойлгогддог. Мэдээж Булангийн орнуудтай ойртох харилцаа жам ёсоороо явж байсан хэдий ч К.Сайран гэдэг хүний оролцоо байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх л ёстой. Тэрбээр Египетэд Элчин сайдаар сууж байхдаа Арабын олон сангуудын боломж бололцоог судалж үзээд монголчуудыг сургаж суралцуулах цөөнгүй хөтөлбөрт хамруулж байсныг хүмүүс одоо ч хэлдэг. Бас 2004-2008 онд УИХ-д сууж  байх­даа Парламентын ордон барих мөнгийг Арабаас олоод л ирсэн. Парламентын ордноо барих мөн­гийг зүгээр л бэлэглэе гэж байхад нь манайх барих газраа олж чадахгүй өнөөг хүргэсэн нь түүхэнд бичигдэх шилдэг онигоо л доо. Арван хоёр сая ам.доллар тухайн үедээ бага мөнгө биш байсан юм шүү. Сүү өгье гэхэд нь сав алга гээд авахгүй  гүйгээд байгаатай л адил­хан. Харин өнөөдөр тэр хүн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох дээрээ тулчихаад явж байна. Нарийн ширийнийг нь мэдэхгүй юм. Гэхдээ захын нэг сайт дээр гарсан мэдээллээс болж ардын дайсан болтлоо хэрэг өдөөгдсөн гэвэл харамсалтай. Дэлхий даяар шуугиан тарьсан “Викиликс”-ийн мэдээлэл дээр дэлхийн томоохон гүрний хариуц­ла­гатай албан ту­шаал­тантай хол­боотой мэдээл­лүүд түм бумаараа байсан. Гэхдээ тэр сайт дээр гар­сан мэдээллээс болж, баривчлаг­даж ял хүлээсэн хүний тухай сонстоогүй л байна. Тэгээд ч гадаад харилцааны ажилтнуудад “Бага чулуугаар их чулуу түнших” арга энэ тэр байдаг л гэсэн. Тийм байсныг ч хэн үгүйсгэх билээ.

Яагаад ч юм болж буй үйл явдлын өрнөлийг харахад “Монго­лын төр зүтгэсэн хүндээ халгаа­тай” хэмээсэн энэ Монголын төлөө зүтгэж зүтгэчихээд эргээд улсын дайсан болж алагдсан Ерөнхий сайдын үг санаанд бууна. Одоо ямар 1937 он биш дээ. К.Сайран бол казах үндэстэй Монголын иргэн. “Гар хугаравч ханцуйдаа” гэгчээр цөөхөн монголчууд бид нэг нэгэндээ яс, үндсээр нь ялгаварлан хандамгүй байгаа юм. К.Сайран казахуудынхаа төлөө ч олон зүйл хийж ирсэн нэгэн. Ардчилсан Монгол Улсын хуулиар хүн бүрийн шашин шүтэх эрх нь нээлттэй гэж казахуудаа сэнхрүүлж, нэг намын дарамтаас гарсан манайхан лам хар, христ, бөө мөргөл гэж чөлөөтэй сонголтоороо явсан шиг үндэс угсаа нэг тэдэндээ ч боломж олгосон байдаг. Бас олон залууст Турк, Арабын орнуудад суралцах замыг тавьж өгсөн гэдэг. Тэд өнөөдөр төгсч ирээд Монголд л ажиллаж байна. Баян-Өлгийнхөн өдгөө ингэж ярь­даг юм билээ. “Тэр УИХ-ын гишүүнээр ажил­лаж байх­даа тойргийн сонгогч­додоо бусад шиг гурил будаа, нүүрс тараагаа­гүй. Бид тухайн үедээ түүний би­дэнд нээж өгсөн том боломжийг ойл­гож чадаагүй юм билээ. Зүгээр л өнөө­дөр хэн юу өгч байгааг бодсоноос бүхэлдээ хэн илүү том боломжийг нээж өгснийг ойл­гоогүй” гэж.

2008 оны сонгуульд АН нэр дэвшигчдээ тодруулахдаа ардчил­лын мөн чанарыг мөрдлөг болго­но гэдгээ зарласан бөгөөд намын­хаа анхан шатны байгууллагаас хэн дэмжлэг авч чадна түүнийг нэр дэвшүүлнэ хэмээж байсан билээ. Тэр үед АН-аас УИХ-д байсан хуучин гишүүдээс нь хоёрхон хүн аймгийнхаа намын хорооны хур­лаас гарч чадаагүй нь Дундговьд P.Эрдэнэбүрэн, Баян-Өлгийд К.Сай­ран байсан юм. Одоо баян-өлгийчүүдийн харамсч буйгаар  казахууд К.Сайраныхаа хийж чад­са­ныг үнэлж чадаагүй, өнөөдрийн ганц хоёр уут будаанд хууртсан бололтой байдаг.

Түүн шиг бид өнөөдөр К.Сай­ран хэмээх хүний Монголдоо хий­сэн гавьяаг нь үнэлэхээсээ урьтан буруушааж яллах гээд байх шиг байна. Тэр хүн яг ямар алдаа гаргаад улс орныхоо эсрэг ажилла­сан юм бэ. Гадны сайтын үнэн худал нь батлагдахгүй мэдээллээр сэжүүр болгож байгаа бол харам­салтай л байна. Үнэхээр буруутай байсан бол эмчлүүлэх нэрийн дор зугтчих боломж нь байсан л байл­гүй. Буцаад ирж байхыг нь бодвол нэрээ цэвэрлээд авъя гэж бодсо­ных юм болов уу гэж санагдана. Монгол төрийн төлөө, Монгол Улсын төлөө зүтгэж байсан хүмүү­сийн хийсэн бүтээснийг цэнэ­лэж жин­лэж үзмээр. “Монголын төр зүт­гэ­сэн хүндээ халтай” байх түү­хийг энэ казах эр дээр давтмааргүй байна.

Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар зөвшөөрвөл Оюу толгойд дөрвөн тэрбум ам.доллар орж ирэх нь

Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 1.5  тэрбум ам.доллар Financial times-ын хараанд өртөж байсан бол Монгол Улс тун удахгүй уул уурхайн салбарт хамгийн том хэм­жээний төслийн санхүүжилт бос­госон дэлхийн номер нэг улсаар тодорч мэдэхээр байна. Сар хүрэх­гүй хугацааны дараа зэсээ экс­портлоход бэлэн болсон Оюу тол­гой төсөл дөрвөн тэрбум ам.дол­ларыг дэлхийн банк сан­хүүгийн байгууллагаас босгох нь тодорхой болчихож.  Хэрвээ Монголын Зас­гийн газар толгой дохивол энэ мөнгө хоёр сарын дотор ороод ирэх нь. Өмнө нь дэлхийн уул уурхайн салбарт хоёр тэрбум ам.дол­ларын төслийн санхүүжил­тийг босгосон тохиол­дол л гарсан юм байна. 

ЯАГААД ЗААВАЛ ДАЛД УУРХАЙ ГЭЖ?

Оюу толгой ил уурхайгаа ба­рьж, баяжуулах үйлдвэрээ ашиг­лалтад оруулсан хэрнээ далд уурхайн бүтээн байгуулалтад их мөнгө хэрэгтэй гээд байгаа нь цаанаа шалтгаантай. Учир нь Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь  далд уурхайд бий. 1300 метрийн гүнтэй далд уурхайг бүрэн ашиглахын тулд 250 гаруй километр хөндлөн малталт бүхий барилга туннелийн ажил гүйцэтгэх юм. Үүнд их мөнгө хэрэгтэй учраас “Рио” олон улсын банк, санхүүгийн байгууллагаас мөнгө босгохоор ажиллаж эхэлсэн. Төслийн нэгдүгээр үе шатанд 6.49 тэрбум ам.доллар зарцуул­сан, одоо яригдаж байгаа нь хоёр­дугаар шатны санхүүжилт. Оюу толгойн ихэнх ашгийг өгөх далд уурхайг гүйцээж барих гэдэг ут­гаараа багагүй мөнгө хэрэгтэй.

Өнөөдрийг хүртэл Оюу толгойд зарсан мөнгө “Рио Тинто”, “Айвен­хоу майнз” буюу “Туркойз Хилл”-ээс гарч байв. Тэдний зүгээс бүтээн байгуулалтыг үргэлжлүү­лэхийн тулд төслийн санхүүжил­тийн хэл­бэрийг сонгосон юм. Бизне­сийн байгууллага бизнесийн үйл ажил­лагаа явуулахын тулд олон улсын банк, санхүүгийн бай­гууллагаас мөнгө зээлж, орлогоо­соо эргүүлж төлөхийг л төслийн санхүүжилт гээд ойлгочихож болно.

РИО“-Г ГОЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛСНООС ХОЙШ БАНКУУД НААШТАЙ ХАНДАЖ ЭХЭЛЖЭЭ

“Рио”-г Оюу толгойн гол хувьцаа эзэмшигч болохоос өмнө одоо нэрээ”Туркойз Хилл” болгож өөр­чилсөн “Айвен­хоу майнз” компани олон улсын банк, санхүүгийн бай­гууллагуу­даас мөнгө босгох гэж өчнөөн жил ажилласан ч бүтэлтэй юм болоо­гүй. Дэлхийн банк сан­хүүгийнхэн “Айвенхоу”-г жижиг компани гээд итгэж өгөхгүй байсан хэрэг. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний том төслийг хэрэгжүүлж дуусгана гэдэгт “Айвенхоу”-д эр­гэлзээд байж. “Рио” гол хувьцаа эзэмшигч болон­гуутаа зээлийг үргэлжлүүлэн  хөө­цөлдөж эхэлжээ. “Рио”-г энэ ажлыг гардаж авах үед Олон улсын сан­хүүгийн корпораци, Европын сэр­гээн босголт хөгжлийн банк, Авст­рали, Канад, Америкийн экспортын зээлийн банкууд эхний саналаа өгчихсөн байж.  Өөрөөр хэлбэл эдгээр банктай зээлийн хэлэл­цээгээ хийгээд явж байсан гэсэн үг. Өнгөрсөн оны тавдугаар сараас “Рио” эдгээр банкуудтай зээлийн нөхцөлийг үргэлжлүүлэн ярьж эхэл­жээ. “Оюу толгой”, “Рио тинто”, “TRQ”, “Эрдэнэс Оюу тол­гой”-н төлөөллүүд эдгээр банкууд­тай тогтмол уулзалтуудыг зохион бай­гуулсаар ирсэн аж. Ингэсний хү­чээр энэ оны нэгдүгээр сард бан­куудтай  төслийн санхүүжилтийн бүтэц ямархуу хэлбэртэй байх, зээлийн хүүгийн нөхцөл, хугацаа ямар байх талаар урьдчилсан тохиролцоонд хүрчээ.

ДӨРВӨН ТИВИЙН 15 АРИЛЖААНЫ БАНК ЗЭЭЛ ӨГӨХ САНАЛ ИРҮҮЛЭЭД БАЙНА

“Рио”-гийн хийсэн бас нэг алхам гэвэл дэлхийн томоохон арил­жааны банкуудад хэр хэмжээний мөнгө зээлүүлэх боломжтойг нь сонирхсон хүсэлт явуулжээ. Авст­рали, Ази, Европ, Хойд Америкийн 15 арилжааны банк санхүүжилтэнд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Зээлэх боломжтой мөнгөн дүнгээ ч явуулж. Сонирхлоо илэрхийлсэн олон талт санхүүгийн байгуул­лагууд, экспортын санхүүжилтийн агентлаг, арилжааны банкуудын санал болгосон мөн­гөний хэмжээ дөрвөн тэрбум  орчим ам.доллар. Тодруулж хэлбэл Мон­гол Улс руу дөрвөн тэрбум ам.доллар орж ирэх ажлын 80-90 хувь нь нугалагдсан гэсэн үг.  Энэ банкуудтай цаашид хамтрахын тулд дээр хэлсэнчлэн Засгийн газрын зөвшөөрөл хэрэг­тэй. Төс­лийн зүгээс банкуудын ирүүлсэн саналыг Засгийн газрын холбогдох яам болон “Эрдэнэс Оюу толгой”-н удирдлагуудад та­нилцуулж, ойл­гуулах ажлыг хэрэг­жүүлж байгаа аж. Засгийн газар зөвшөөрвөл хувь нийлүүлэгчид хуралдана. Хувь нийлүүлэгчид хуралдсаныхаа да­раа Оюу толгой компанийн ТУЗ-д зөвшөөрөл өгнө. ТУЗ хурлаараа санал ху­раалт явуулж төслийн санхүүжил­тийг дэмжье гэсэн шийд­вэр гарга­сан тохиолдолд банкууд­тай гэрээ байгуулж, мөнгө шил­жүүлж авах ажлууд хийгдэнэ. Ерөнхий проце­дурыг нь зурвал нэг иймэрхүү. Мөнгө орж ирэх дундаж хугацаа нь хоёр сар аж. Төслийн зүгээс бан­куудын санал болгосон мөнгийг тэр чигээр нь зээлэх сонир­холтой байгаа юм билээ. Авст­ралиас гэхэд “ANZ”, “NAB” зэрэг арилжааны банк Оюутолгой тө­сөлд  хөрөнгө оруу­лах сонирхлоо илэрхийлжээ.

ӨӨР НӨХЦӨЛ ШААРДСАН НЭГ ГАЗАР НЬ АМЕРИКИЙНЭКСПОРТИМПОРТБАНК

Зээл өгөх хүсэлтээ ирүүлсэн банкуудын нэг нь л өөр нөхцөл шаарджээ. Тэр нь Америкийн “Экс­порт-импорт” банк. Тус банкны зүгээс зээлэх мөнгөн дүнтэй тэн­цэхээр хэмжээний бараа, үйлчил­гээг Америкаас авсан байх ёстой гэсэн нөхцөл тавьжээ. Энэ банк­наас 500 сая ам.доллар зээлүүлэх хүсэлт илэрхийлсэн гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Оюу толгой төс­лийн хувьд энэ нөхцөлийг нь бараг л хангажээ. Төслийн сайт дээр ажиллаж буй “Комацү”-гийн 290 тоннын даацтай 28 ширхэг  самос­валыг гэхэд л Америкт үйлдвэрлэж, тээвэрлэсний дараа Монголд угсар­чээ. Японы брэнд ч гэлээ Америкт үйлдвэрлэж, тээвэрлэсэн гэдэг утгаараа Америкаас авсан бараанд тоо­цогдох нь то­дор­хой. Төслийн Аме­рик дахь зарим ажил үйлчилгээ, Америкийн компаниу­дын Монгол дахь сал­бартай хий­сэн худалдаа, үйлчил­гээг оруула­хаар 500 сая ам.дол­лартай тэнцэх хэмжээний бараа үйлчилгээг Аме­рикаас аль хэдийнэ авчээ. Тэгэхээр  Америкийн “Экс­порт-импорт” банк­ны санал болгоод буй 500 сая ам.доллар Монголын эдийн засагт шууд орж ирнэ гээд ойлгочихож болно.

  ХЭР САЙН ЗЭЭЛ ВЭ?

Мэдээж ямар ч зээлийн хувьд хүү, нөхцөл талаасаа хэр сайн чанартай зээл вэ гэдэг асуулт гарч ирнэ. Удаан хугацааны яриа хэлэл­цээний үр дүнд дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр хамгийн сайн нөхцө­лөөр зээл авах гэж байгаа гэсэн яриа дуулдаж байна. Гэхдээ эцсийн шийд гараагүй, тодруулж хэлбэл, Засгийн газар толгой дохиогүй учраас хүү, нөхцөлийн талаар илүү нарийн мэдээлэл одоогоор тодор­хой биш байна.

ОЮУ ТОЛГОЙД  УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛ Л БАЙЖ МАГАДГҮЙ

Сайн зээл олоход төслийн чанар, байршил, менежмэнт, эрсдлийн үнэлгээ чухал. Чанарын хувьд яриад байх зүйл үгүй. Хятад гэдэг том зах зээлтэй хиллэдэг учраас байршил дээр асуудалгүй. Менежмэнтийн хувьд ч дэлхийн уул уурхайн салбарын том компанийн менежмэнт ороод ирчихсэн учраас дутуу оноо авахгүй. Эрсдэл дээр л нэг асуудал гарч мэдэх юм. Ер нь  олон улсын аль ч банк, санхүүгийн байгууллага ямар ч орны бизне­сийн төсөлд зээл өгөхдөө хэд хэдэн эрсдлийг онцолж хардаг. Уул уур­хайн төслийн хувьд гэхэд л гео­логийн, бүтээн байгуулалт болон барилга байгууламжийн, хэрэг­жүүлж байгаа компанийн, улс төрийн гэсэн эрсдлүүдийг хардаг. Оюу толгойн хувьд геологийн нөө­цийн хувьд толгой өвдөх юм байх­гүй. Оюу толгойн орд зэс, алтны хангалттай хэмжээний  нөөцтэй. Барилга байгууламж, дэд бүтэц талаасаа ч эрсдэлгүй. Ил уурхай, баяжуулах үйлдвэр, замаа барьж, цахилгааны асуудлаа шийдчихсэн. Хэрэгжүүлэгчтэй нь бол яриад байх юмгүй. “Рио”-г дэлхий мэднэ. Оюу толгойн хувьд улс төрийн бага зэргийн эрсдэл л байж магадгүй. Оюу толгойн хувь нийлүүлэгчид болох Монголын Засгийн газар, “Рио”-гийн төлөөлөл цагаан сарын дараахнаас эхлүүлсэн хурлаа өнөөдрийг хүртэл дуусгаж ча­даагүй байгаа билээ. Засгийн газар Оюу толгой төслийн хувьд ямар байр суурьтай байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

РИОЯМАР ЭРСДЭЛ ХҮЛЭЭХ ВЭ?

Улстөрөөс бусад бүх эрсдлийг  “Рио”  өөр дээрээ авчээ. Үүнээс бусад бүх баталгааг банкуудад гаргаж өгсөн гэсэн үг. Далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж, Оюу толгой ашгаа  өгч эхлэх хүртэл банкуудын хүлээх гол  эрсдэл нь улс төрийн эрсдэл болж таарч байна. Харин уурхай баригдахгүй, ашиглалтад орохгүй, бүх зүйл эсрэгээр эргэлээ  гэж муугаар бодоход “Рио” зээлсэн мөнгөний­хөө  эрсдлийг хүлээнэ. Дэлхийн хэмжээнийн том компани эрсдлээ даана гэчихээр мөнгө зээлэх нь  банк, санхүүгийн байгууллагуудын хувьд асуудал биш болсон хэрэг. “Рио”  2020 он хүртэл төсөлтэй холбогдолтой бүх эрсдлийг өөртөө үүрнэ.

ДӨРВӨН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ МОНГОЛД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Мэдээж эдийн засагт энэ хэрийн их мөнгө ирэхэд  урсгал нь саараад буй гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ. Эдийн засагт шууд өгөөжөө үзүүлж эхэлнэ гэсэн үг. Засгийн газрыг 1,5 тэрбум ам.доллар босгоход Азидаа анх удаа гэж үнэлсэн “Financial times”-аас
эхлээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эерэг үнэлэлт өгч эхэлнэ. “Уул уурхайн салбарын хамгийн том төслийн санхүүжилтийг нөгөө Мон­гол чинь авчихлаа…” гэж ирээд шаагиж өгөх нь тодорхой. Ингэс­нээр Монгол Улс энэ хэмжээнд хүртэл хөрөнгө босгох бололцоо­той гэсэн эерэг имижийг олон улсын санхүүгийн зах зээл дээр бүрдүүлчихнэ. Бас нэг ашиг бий. Зээл өгөхөөр саналаа ирүүлсэн банкуудаас хоёр нь л манай улсад үйл ажиллагаа явуулж байсан. Үлдсэн нь “Оюу толгой”-гоор дам­жин Монголтой танилцаж байгаа. Тэд Монголтой анх харилцахдаа нэ­лээд том санхүүжилт дээр хамт­рах гэж байна.

Тэгэхээр Монголын том компаниудад олон улсын банк, санхүүгийн байгууллагаас төслийн санхүүжилт босгох боломж гарч ирж байна гэсэн үг. Тэр боломжийн эхний шатыг нь Оюу толгой тавиад эхэлчихсэн. Зүгээр ч нэг шат биш, бүр дэлхийд гэж яригдахаар мөнгөн дүнтэй үнэ цэнэ ихтэй шат.

РИО“-ГИЙН АВАХ ЗЭЭЛ БИДНИЙ АВАХ НОГДОЛ АШИГТ НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

Огт нөлөөлөхгүй гэж дэлхийн хэвлэлээр мэдээлж байна. Энэ бол “Рио”-д л хамаатай асуудал аж. Зас­гийн газар анхнаасаа хөрөнгө оруулалтад мөнгө оруулаагүй, энэ зээл бүтсэнээр нэмэлт хөрөнгө оруулалтыг төсвөөс гаргах шаард­лагагүй болж байгаа юм. Учир нь “Оюу толгой”-н босгож  буй мөнгө төс­лийг үргэлжлүүлэхэд хангалт­тай.

Саналаа ирүүлсэн банкуудын хувьд нэлээд хатуу шаардлага тавьжээ. Тэр дундаа олон улсын санхүүгийн байгууллагууд нэлээд нарийвчилсан заалттай шаард­лагууд явуулсан аж. Онцолж тавь­сан шаардлага нь байгаль орчинд аль болох хор хөнөөл багатай үйл ажиллагаа байж. Байгаль орчин гэхэд л усыг яаж зөв зохистой ашиглах, эсвэл говийн унаган ан амьтдыг хайрлаж хамгаалах, ямар сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гээд дотроо маш олон задраад явчих­даг бололтой. Дараагийн онцол­сон шаардлага нь нийгмийн асуу­дал. Монголын иргэдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээс эхлээд багагүй шаардлагуудыг тавьжээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монгол брэндийг дэлхийн тайз хүлээж байна

ДБЭТ тавин жилийн ойгоо өн­гөр­сөн өдрүүдэд тэмдэглэн өн­гөрүү­лэв. Дуулиан шуугиангүй тун даруухан болж өнгөрлөө. Ой тэм­дэг­лэх нэрээр сүр дуулиан, хөл хөдөлгөөн, найр наадам болдог жиш­гийг нэхэх мэт ядуу даржнаар  гоочлох зарим нь байхад зарим нь жин­хэнэ сонгодог ур­лагийн амт шимтийг хүр­тэж, энэ урлаг чухам яагаад дээд зиндааных болохыг дахин мэдэрсэн өдрүүд болж өн­гөр­лөө.

Энэ сарын 14-өөс эхэл­­сэн ойн хүндэтгэлийн тоглолтууд Мон­го­лын театр дэлхийн сонгодгийг бүтээж эхэлснийг зарла­сан, урын сангийнх нь анхны сонгодог бүтээл П.И.Чайковскийн “Евге­ний Онегин” дууриар эхэлж, Х.Билигжаргалын “Ламбугайн нулимс” дуурь, Н.Рымс­кий Кор­саковын “Шехеразада”, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”, П.И.Чай­ковс­кийн “Хунт нуур” ба­ле­туудаар үргэлж­лэн Гала концертоор өнгөр­сөн 19-ний өдөр өндөр­лө­сөн юм.

Эцсийн бүлэгт энэ бүх­ний үнэ цэн чухам юу вэ? Зөвхөн нэг бай­гуул­лагын
ойн баяр уу гэвэл үгүй. Бидний оюуны соёлын түвшин, монгол хүний чадвар, Азийн ний­гэмд
бусдаасаа ялгарах онцгой дүр төрхийг харуулж байна. Дуурь балетыг хүн төрөлхтөн
300-400 жилийн турш бүтээж, урлагийн оргил цэг нь болтол хөгжүүлсэн  бол манай улс үндэстэн тавьхан жилийн дотор өөрийн
болгож яг тэр хэмжээнд нь шинээр бос­гож чад­са­наар ийнхүү онцгой үнэ цэнээ мэдэрч
буй нь энэ.

Театрын хувьд, жараад оноос өнөөг хүртэлх он жилүүдийн хам­гийн хүнд хэцүү үе нь сонгодогт хөл тавьсан эхний жараад он, улс орны эдийн засгийн их хямралын 90-ээд он байсныг хэн хүнгүй гадарлах биз ээ. Энэ нь сорилтын он жилүүд байж. Эхнийх нь хөл дээрээ босох эсэхийг, хоёр дахь нь сөнөх үү, сэхэх үү гэдгийг шийдэх сорилтын жилүүд байжээ. Магтаал, зэм­лэ­лийн дундуур, жаргал, зовлонгийн алинд ч хэрхэн зогсолтгүй ураг­шилж болдгийг балетын бүжигчид, дуурийн дуучид, симфони оркест­рын хөгжимчид эдгээр он жилүүдэд хангалттай харуулсан гэж болно. Сэргэн мандсан дал наяад оныхон харин сонгодог статустай театрын урын сан ямар байдаг вэ тэр хэм­жээнд босгосон байх аж. Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Ж.Чу­луун, Э.Чойдог, Б.Жамьяндагва, Г.Хайдав нараас эхлээд агуу дуу­чин Ц.Пүрэвдорж, Д.Жаргал­сай­хан, зууны манлай Х.Уртнасан, Ю.Оюун, О.Ганбаатарыг хүртэл, ардын жү­жиг­­чин Б.Жавзандулам, Ж.Ган­төмөр, Ч.Мөнхшүр, Б.Цэцгээ, А.Даш­пэл­жээ, Д.Баясгалан, Б.Дам­дин­сүрэн, П.Ганбат, М.Болд нараас Ч.Түмэндэмбэрэл, Э.Амар­түвшин, Ш.Наранчимэг, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, А.Сайнбаяр, Ч.Энх­тайван зэрэг өнөө цагийн оддыг хүртэл, найруулагч Л.Эр­дэнэ­бул­ганаас Г.Эрдэнэбаатарыг хүртэл, маэстро Ч.Жамсранжав, Ц.Баатаржав нараас Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүүг хүр­тэл ДБЭТ-ын аль ч цаг үеийнхэнд нэг нь нөгөөдөө тохоох аргагүй өөр өөрийн үүргийг үүрч иржээ. Энэ зууртаа гайхамшигтай олон хүмүүс цаг үеийнхээ бахархал нь бөгөөд нэгэн зэрэг золиос нь ч болж явсан байх юм. Хамгийн энгийн, ганц жишээ хэлэхэд, Зууны манлай Х.Уртнасанг нэг удаа Европын улсуудад тоглолтоор явж байх үед, тэндэхийн нэг уран бүтээлч “Та буруу газар төрсөн юм шиг санаг­ддаг уу” гэж асуусан гэдэг. Тэр наяад оны европ хүн Уртнасан гуайг дэлхийн зиндааны сопрано гэдгийг, Монголыг дэлхий мэддэг­гүй, тоодоггүй байсан үеийг ганц­хан асуултаараа хэлчихсэн байдаг. Бас нэг гадаад нөхөр “Монголд жараад онд очиж байсан. Таг харанхуй, их олон нохойтой газар байсан. Та тэндээс ирсэн гэж үү” хэмээн гайхаж байсан гэдэг.

Ерээд он бүхэлдээ их урлагт их золиос гаргасныг наад зах нь фэнүүд нь харсан. Хүүхэд залуу­чуу­дын театр сөнөж, Хүүхэлдэйн театр хаалгаа барьж, Драмын эрдмийн театр аар саархан хуу­шуу­рын жүжгээр амиа зогоож, нийгмийн оюуны доройтолтой хамт уруудаж байх үед ДБЭТ ганцаараа сөрөн зогч тэсч үлдэж билээ. Тэр үед гуравхан үзэгчийн өмнө дуурь тоглож байсан гэвэл өнөөдөр үнэм­шихгүй хүн байж болох. Гэвч цагийн шуургатай хамт уруудан шуур­чи­хаа­гүй цөөн үзэгчид л санаж бай­гаа болов уу. Арваадхан үзэгчийн өмнө “Ламбугайн нулимс”-ыг тог­лож л байсан юм даг. Тэр нугарш­гүй уран бүтээлчдээс тухайн үед цөөн хүн театрыг орхин гадаадад гарсан. Үлдсэн нь хямралын үеийг нуруундаа үүрсэн шиг үүрээд өнөө­гийн залуу оддод байраа тавьж өгөн тэтгэвэртээ, өөр ажилд гэх мэтээр экс захирал Б.Сэр­гэлэн­гийн үед гарцгаасан билээ.  Ардын жүжигчин Б. Жавзандуламыг дуу­ла­хад ёстой л бүх биеийн үс босох шиг болдог байв. Тэрбээр гадаад ертөнцөд дуу хоолойгоо гайхуулах боломжгүй цаг үеийн золиос бол­сон гэж үнэнч фэнүүд нь үзэж харамсаж явдаг. Түүний алтан портнёр Баясгалан шиг тенор өнөө ч сонсдохгүй л байна. Энэ хоёр хүн театрын сопрано, тенор хоолойны бүх жүжгийг түүхэндээ хамгийн хүнд үед нь хорин жил тасралтгүй дуулсан даа. Гэтэл Баясгалан гуайд ядаж “гавьяат” ч өгөлгүй тэтгэвэрт нь гаргаж билээ. Сүүлд СУИС-д багшилж байгаад өөд болсон доо, тэр агуу тенор. Мөн П.Ганбат агсныг дуулахад хоолойд нэг юм тулчихдаг байж билээ. Тэр нэг хэсэгхэн дуулаад л Орос руу явчихсан юм. Мөн Ж.Гантөмөр, Б.Дамдинсүрэн агсан, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, балетын Ж.Намнан­баяр, Х.Гэрэл­чи­мэг, гээд эдний наяад оны сүүл ерээд оныхон бол үнэндээ цагийн салхийг сөрж зог­сон, сон­годог театрын дэгийг гай­хал­тай хадгалж үлдээсэн баат­руу­д байв.

Харин өнөөдөр залуу оддын өмнө огт өөр үүрэг хариуцлага байгааг хэн бүхэн харж буй. Монго­лын дуурийн дуучид, балетчдад дэлхийн тайз нээлттэй байгаа. Энэ театрт одоо хэн юу л байна мундаг дуучид, хөгжимчид л байна. Э.Амар­түвшин, Ч.Энх­тайван, А.Сайн­баяр гээд бахархмаар сай­хан баритонууд байна, Одоохон­доо тэд зөвхөн Орост болдог тэмцээ­нүүдэд оролцож байна. Жишээ нь, Гоцлол дуучин Э.Анхбаяр 2007 онд ОХУ-ын Владивостокт болсон дуурийн залуу дуучдын уралдаанаас 2 дугаар байр, 2011 онд ОХУ-ын Улаан-Үдэд болсон “Байкал” олон улсын уралдаанаас тусгай байр, ОХУ-ын Улан-Үүд болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэмжит уралдаанаас Гран-при, 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глин­кийн нэрэмжит уралдаа­наас 2 дугаар байр авчирсан байх жишээ­тэй. С.Мөнгөнцэцэг, Сайн­баяр, Энхтайван гээд мөн л Орост бол­сон олон улсын тэмцээнд оролцож дэлхийн дуучид гэдгээ харуулсан. Хамгийн олон тэмцээнд монгол нэрээ дуудуулсан нь Э.Амар­түв­шин. Тэрбээр 2011 онд ОХУ-ын Буриадад болсон “Байкал” олон улсын уралдааны тэргүүн байр, 2011 онд Норвегийн Осло хотод болсон Норвегийн хатан хааны нэрэмжит олон улсын уралдааны дэлхийн шилдэг 15  дуучинд, 2011 онд Германы Дрездений “Competizione dell opera” урал­даанд дэлхийн шилдэг 12 дуучинд шалгарсан, 2011 онд ОХУ-ын Санкт-Петербургт болсон П.И.Чай­ковскийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр, мөнгөн медаль хүртсэн. 2012 онд БНХАУ-д болсон Плачидо Домингогийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын уралдааны Гран При шагнал хүртсэн. 2012 онд Испани улсад болсон Франсиско Виньясын нэрэм­жит ОУ-ын дуурийн дуулаач­дын тэмцээний мөнгөн медаль хүртсэн байх аж.  Дэлхийн энд хүрч яваа эдгээр дуучдад ганцхан ха­рамс­маар саад бэрхшээл байдаг. Тэднийг хэн ч дэмждэггүй. Энд тэндхийн сайтаас хайж олсон мэдээллээрээ анкет бөглөөд бүтээ­лээ явуулаад тэнцчихдэг. Бор зүр­хээ­рээ явцгаадаг. Яваад гранпри, тэргүүн, хоёрдугаар байрыг нь түүгээд ирдэг.  Тэдэнд зөвхөн мэргэжлийн багшийнх нь итгэл, концертмейстр нь, симфони ор­кест­­рын нөхөд нь дэмжлэг болж  байдаг. Харин ганц нэг хувийн компани танил талын нүүрээр зардлыг нь даадгийг эс тооцвол улс орноо төлөөлөөд явж байгаа жин­хэнэ одуудаа хэн ч тоодоггүй. Засгийн газар, нийгэм бүхэлдээ үл тоомсорлодог. Шагнал аваад, Монго­лоо дуудуулаад ирэхээр нь сая тоож харах жишээний. Эд нар бол орчин үеийн дэлхий ертөнц дээрх жинхэнэ монгол брэндүүд юм. Монгол брэндтэй болно хэмээн байхгүй үйлдвэрээс “брэнд” хайц­гааж суугаа бидний монголчууд хажуудаа бэлээхэн байгаа жинхэнэ өндөр зэрэглэлийн брэндүүдээ өдөр бүр сонсоод, муу сайн хэлээд, мөр зэрэгцээд алхаж байна. Тэднийг Орос, Хятадаас цааш нь бусад олон улсад болдог олон арван тэмцээн уралдаанууд, том том тайзууд хүлээж байгаа.   

Балетынхан ч ялгаагүй. Г.Цолмон, А.Саруул зэрэг балетын хүүхнүүдээ харцгаая. Заавал арав хориороо эгнэж байж сайн болдоггүй. Сонгодог юм цөөхөн байдаг. Өнгөрсөн жил Америкаас Холливудын од Саша Радецкийг, Их Британиас Тамара Рохо-г ирэхэд балетын хэдэн хүүхнүүд тэднээс ялгаагүй чадал чан­саа­тай­гаа харуулж байв. Үнэ­нийг хэлэхэд манайхан өөрсдөө гадныхныг шү­тээд шуугилдаад байснаас биш Г.Цолмонгийн мастерствог ер онц­лох­гүй өнгөрсөн нь инээдтэй шүү. Саша Радецкий балетчи­ныхаа хувьд лав л манай Д.Алтанхуягаас илүү гарахгүй л юм билээ. Гэтэл монголчууд бид яаж хөөрч хашгирч үзлээ. Дараа нь оросууд ирэхэд харин жинхэнэ балет гэдгийг үзсэн дээ. Оросын академи үнэндээ тасархайгаа тэгэхэд харуулж байв.

Европын олон зуун жилийн туршлага бүхий тэргүүлэх академийн дэг, соёлыг талын монголчууд хэдхэн жилийн дотор эзэмшиж, өөрийн юм шиг бүтээн босгосны нууцыг уртын дуутай холбоотой болов уу гэж заримдаа боддог. Дуурь, балет, уртын дууг яагаад эн зэрэгцүүлэв гэж үү?

Үнэн хэрэгтээ байгалиас заяасан хүчирхэг оюун санаа, онцгой мэдрэмжээрээ бүтээсэн агуу сонгодог урлаг уртын дуу бидэнд буйн хүчинд өнөөдөр дуурь, балетыг сонгодог акаде­мийнх нь хэмжээнд хийх оюун сэтгэл­гээний чадамжтай байгаа хэрэг ээ.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Д.Ганхуяг: “Монгол 93” бензин гарснаар нэг тонн шатахууны экспортын үнэ 250 ам.доллараар буурсан

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

Тамсагийн нефтьМонгол 93″ бензин болж худалдаанд гар­лаа. Ямар гэрээ хэ­лэл­цээ, тохиролцооны үнд­сэн дээр уг асуудлыг зохицуулав?

-Нэгдүгээр
сард бол­сон Монгол-Хятадын Зас­гийн газар хоорон­дын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хурал­дааны үеэр энэ асуудлыг шийдсэн. Тодруулбал, манайхаас урд хөршид экспортолж буй газрын тосыг Хөх хотод нэрдэг. Матадын талаас олбор­лож буй газрын тосныхоо тодорхой хувийг нь бен­зин болгоод эргүүлж авах хүсэлт тавьсан гэсэн үг. Энэ саналыг Хятадын тал зөвшөөрсөн. Газрын тос нийлүүлэх гэрээнд ч энэ асуудлыг тусгаж өгсөн байсан. Монгол  Улсад олборлон экс­порт­логдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөн­гийн бирж дээр Дачин-33 нэрээр үнэлэгддэг. Манай газрын тосны энэ үнэд суурилан “МГЛ-93” шата­хууны үнэ тогтоогдож бай­гаа. Түүхий тосны бир­жийн үнээс бүтээг­дэхүүний үнийг тооц­дог нь олон улсын жишиг бий.

Сард хэдэн тоннМон­гол 93″ бензин ний­лүүлэгдэх юм бол. Тод­руулбал, Монгол Улсын шатахууны сарын хэ­рэг­цээний хэдэн хувийг хангана гэсэн үг вэ?

-Урд
хөршөөс сард 10 мянган тонн хүртэл хэмжээтэй шатахуун ний­лүү­лэгдэнэ. Одоогоор “Мон­гол 93” бензин нь АИ-92 бензиний нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлэхээр байна. Түүнчлэн сард дунджаар 40 орчим мянган тонн түүхий тос экспортлон гаргаж байдаг. Үүнийхээ 25 орчим хувийг бензин болгон авч байна гэсэн үг. Цаашид бид газ­рын тосоо өөрсдөө бо­ловс­руулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шат­даг занараа ашиглан шата­хуун гаргаж авах төлөвлөгөөтэй байна. Хэр­вээ төлөвлөгөөгөө биелүүлж чадвал эх орны­хоо хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг. Улмаар шатахуун экспортлох хэм­жээнд хүрэх ч магад­лал бий.

Одоо ОХУаас авч байгаа шатахуунаас чанар нь муу гэсэн яриа гарчээ. Энэ үнэн үү. Яг ямар чанарын бензин бэ?

-“MGL-93” гэх бен­зинийг нэрж буй Хөх хо­тын үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоног­логдсон, орчин үеийн шаардлагад нийцсэн бү­тээг­дэхүүн гаргах хүчин чадалтай юм билээ. Тий­мээс “MGL-93” бензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээг­дэхүүн гэдэг дүгнэлттэй хамт орж ирсэн. Түүнчлэн манай улсын холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Шууд хэлбэл олон улсын хэмжигдэхүүнээр бол евро-2 стандартын бү­тээг­дэхүүн байгаа. Хойд хөршөөс авч байгаа бү­тээг­дэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агуу­ламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу ша­тал­таас үүсэх хорт хийг бага ялгаруулна гэсэн үг. Мөн давирхай, хар тугал­ганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага байгаа.

Солонгосоос бен­зин худалдаж авах тухай ярьж байгаа гэсэн үү. Хэдий хэмжээний ямар бензин авах гээд байгаа юм бэ?

-Импортлогч аж ахуйн нэгжүүд Солонгос улсын зарим компаниудтай гэ­рээ хийж дизелийн түлш авч байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 23000 тонн дизель түлш им­порт­олсон байна. Цаа­шид энэ байдал хэвийн үргэлжилнэ.

Манай орон нэг ул­сын шатахууны хараат байдлаас гарах арга замыг хайж байна. Удах­гүй нефть нэрэх үйлд­вэр барина. Энэ асуу­дал юу болж байгаа вэ?

-Саяхан Засгийн газ­рын хурлаар “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр”-т төрийн эзэмш­лийн хувь хэмжээг 51, түүнээс дээш байх шийд­вэрийг гаргасан. Мөн “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” компанид газрын тос бо­ловс­руулах зөвшөө­рөл олгохоор боллоо. Энэ үйлдвэрийг 2016 онд баг­таан ашиглалтад оруулах зорилготой ажиллаж бай­на. Дархан газрын тос боловсруулах үйлд­вэрийн техникийн зураг төсөл хийх гэрээг Японы талтай энэ сарын 16-ны өдөр байгуулсан. Энэ зураг төсөл зургаан сар гаруйн дотор бэлэн болно гэж үзэж байгаа.

Газрын тосны үйлд­вэр баригдвал дотоо­дын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй гэсэн мэдээлэл бас га­раад байгаа?

-Бидний
тооцоогоор хоногт 44 мянган бар­рель буюу жилд сая тонн газрын тос боловсруулна. Ингэхдээ нийт долоон төрлийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж гаргахаас евро-5 стандартын шаард­­лагыг хангасан 95, 98, дизель түлш, он­гоц­ны шатахуун, мазут, замын битуми зэргийг үйлдвэрлэх юм. Урьдчил­сан тооцоогоор бензин болон дизель түлшний жилийн хэрэглээний 75 орчим хувийг хангахаар байгаа.

Нефтийн үйлд­вэ­рийн түүхий эдийг хаа­наас хангах гэж бай­на. Оросууд бидэнд түүхий нефть нийлүүлнэ гэсэн баталгаа байгаа юу. Энэ тал дээр ямар яриа хэл­цэл хийгдэж байгаа бол?

-Дотоодын
эх үүсвэрт тулгуурлах зорилго тавьж байна. Гэхдээ одоогийн байдлаар манай улсын олборлолт жилд нэг сая тонноос хэтрэхгүй байгаа учраас нэг хэсэгтээ гад­наас авах нь дамжиггүй. Тиймээс олон хувил­ба­рыг барьж аван судалж эхэлсэн. Хаанаас, хэнээс авбал үнэ хямд, ний­лүү­лэлт их байх вэ гээд. Эдгээ­рийн нэг нь Монгол Улсад олборлож БНХАУ-д экспортолж байгаа түүхий тосыг ОХУ-тай “своп” хийж шийдвэрлэх тухай асуудал. Үүнийг боломжтой гэж үзэн хол­богдох талуудтай яриа хэлцэл хийж байна. ОХУ-тай “своп” хийснээр до­тоо­дод олборлож буй тосыг тээвэрлэх зардлыг хэмнэх  ач холбогдолтой. “Своп” гэдэг нь Хятад ул­сад экспортолсон газрын тосны хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш хэм­жээтэй газрын тосыг хойд хөршөөс авах нөхцөлийг тохирно гэсэн үг.

-“MGL-93” бензин ху­­дал­даалагдаж эхэлс­­нээр Роснефтиэс авч байгаа шатахууны үнэ буурсан уу?

-Түүхий 
газрын тос­ны худалдааны тухайд олон улсын эрх зүйн орчин маш ойлгомжтой байдаг. Манай хоёр хөрш Дэлхийн худалдааны бай­гууллагын гишүүн ор­нууд. Дээр ярьсан түүхий газрын тос нийлүүлэх, худалдан авах своп нөх­цөлөө гэрээ, хэлэлцээр болгож шийдэх юм. Рос­нефтиэс тавдугаар сард нийлүүлэгдэх шатахууны үнэ төрөл бүр дээрээ 150-260 орчим ам.долла­раар буурахаар болсон. Ингэж үнэ буурсан шата­хуун тавдугаар сарын дундаас хойш манайд нийлүүлэгдэж эхэлж бай­на. Ингээд ирэх зурга­дугаар сар гэхэд шата­хууны үнэ тус бүртээ 50 төгрөгөөр буурах бо­ломж­той. Үүний төлөө Газрын тосны газар ажил­лаж байгаа.

Шатахууны асууд­лыг ингэж шийдэхээр болж. Харин уул уур­хайн салбарт хоёр тол­гойн асуудал маргаан дагуулсаар байна. Та­вантолгой л гэхэд үйл ажиллагаагаа эхлүү­лээ­гүй байж их өрөнд унасан байгаа?

-Өнгөрсөн
онд Зас­гийн газар байгуулагда­хад урд хөршийн эдийн засаг савлаж нүүрсний үнэ 20 орчим хувиар буур­сан байсан. Нүүрс­ний үнэ унаснаас гадна олборлосон нүүрсээ ав­то­­машинаар тээвэр­лэж байгаа нь өртөг, зар­длыг улам нэмж байна. Түүнч­лэн “Эрдэнэс Тавантол­гой” компанийн  зээл авах гэрээнд бүтээгдэхүү­ний үнийг тооцох аргач­лал нь манай талд ашиг­гүйгээр тусч байгаа. Үүний зэрэгцээ ганц ком­па­нид нүүрсээ нийлүүлэх нөхцөлийг заасан нь өрсөл­дөөнгүй болгож нэг компани Монголын нүүр­сэнд монополь эрх тогтоох боломжийг бий болгосон. Үүнээс гарах арга зам нь дэд бүтэц тавих. Ингэж л Тавантол­гойн нүүрсний үнэ цэнэ өсч, зардал ба­гас­на.

Төмөр зам та­вигд­санаар бү­тээг­дэхүүний борлуулалтын зар­дал гурав дахин буурах тоо­цоо гарч байна. Мөн Япон, БНСУ зэрэг орны компаниудад бүтээг­дэ­хүүн нийлүүлэх боломж бүрдэж, худал­дан авал­тад бодит өрсөлдөөн үүснэ. Өмнөх Засгийн газар “Эрдэ­нэс Тавантол­гой” ХК-ийн авсан зээ­лийн 70 орчим хувийг Хүний хөгжил санд татаж аваад тараасан. Энэ нь компанийг санхүүгийн хувьд хүнд байдалд оро­ход хам­гийн их нө­лөөл­­сөн. Тиймээс Хөгж­лийн банк­наас зээл олгож асууд­лыг шийдэ­хээр бол­сон. “Чалко”-той хийсэн гэрээнд манай тал л буруу­тай.

Ер нь гэрээний нөхцөл муу­гаас Тавантолгойн ажил зогссон юм биш. Еренхий сайд Н.Алтан­хуягийн оролцоотой үйл ажилла­гаа нь зогссон гэх яриа гарах боллоо?

-Тухайн
үед нүүрсийг нийлүүл­сэн бол ихээхэн алдагдал хүлээ­хээр байсан. Үүнийг ажлын хэсэг, Засгийн газар, сонин хэвлэлээр ч хангалттай ярилаа. Харин одоо “Эрдэнэс Тавантолгой” компани Чалко компанитай хамгийн сүүлд хийсэн хэлэлцээрийн дагуу хоёр тал тээврийн зардлыг хэмнэх шийд­вэр гаргасан. Үүний дагуу нүүрс экспортлогдож байгаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр, Н.Алтанхуяг сайдын дүү Уянгын компани 17 тэрбум төг­рөгийн шаардлагагүй гэрээ хий­сэн гэх мэтээр асуудал ундраад байна л даа?

-Уг
нь Ерөнхий сайд энэ асууд­лаар УИХ дахь цөөнхийн бүлгийг асуухад хангалттай тайлбар өгөх шиг болсон. Ер нь ямар ч улстөр­чийн ах дүү ,төрөл төрөгсөд эсвэл албан ёсоор хувь эзэмшдэг ком­пани  нь бизнес хийж, тендерт оролцож болохгүй гэж үү. Хэрвээ энэ боломжуудыг нь хаачихвал тэд яаж амьдрах юм. Асуудлыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй, Улстөрч­дийн компаниудын үйл ажиллагаа нь олон нийтэд ил байх нь чухал. УИХ дээр сонссоноор Цагаан хад­ны орчим газартай компаниуд нүүрсийг шилжүүлэн ачих, тээвэр­лэх бизнес эрхэлдэг юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө энэ бизнесийг эрхлэх шаард­­­лагагүй учир уралдаант шалгаруулалт явуулсан юм байна гэж ойлгосон. Гэхдээ тэр уралдаант шалгаруулалт өнөөдөр утгаа алд­сан байх. Учир нь “Эрдэнэс Таван­толгой” компанийн удирд­лага дө­рөв­­дүгээр сарын сүүлчээр “Чалко” компанитай хэлэлцээр хийж тээв­рийн зардал хэмнэх зорилгоор шилжүүлэн ачилт хийх­гүй уурхай дээрээс ачсан нүүрсээ шууд хил гаргаж  байхаар болсон байна лээ.

Тавантолгойн хувьцааг эзэм­­шихээр үндэсний үйлдвэр­лэг­чид 29 тэрбум төгрөг улсад төлсөн. Гэвч ойрын хуга­цаанд IPO хийгдэхгүй учраас мөнгөө буцааж авч болно гэж Засгийн газраас мэдэгдсэн гэж үнэн үү?

-2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувь­цааны 0.21 хувь буюу 28.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 30.9 сая ширхэг хувьцааг нийт 1523 аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж байсан. Харин саяхан Засгийн газар тогтоол гаргаж хүсэлт гарга­сан аж ахуйн нэгжийн хувьцааг нь эргүүлэн худалдаж авахаар шийд­вэрлэсэн. Энэ нь бас л бэлэн мөнгөний амлалт, сонгуультай холбоотой шийдвэрээс болсон юм билээ. Өмнөх Засгийн газар 2012 оны УИХ-ын сонгуулийн үед Эрдэ­нэс Тавантолгой компанийн IPO-г гаргах болоогүй байхад компаниу­дыг хувьцааг хүсэлтэй бол мөнгөө тодорхой хугацаанд багтааж хий гэсэн шийдвэр гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгчид 28.8 тэрбум төг­рөгийг Сангийн яаманд төвлөрүүл­сэн байсан. 

Хэрвээ үндэсний үйлдвэр­лэгч­дийн 28.8 тэрбум төгрөг нь өөрсдөд нь байсан бол эргэлтэд оруулж багагүй ашиг хүртсэн байх нь ойлгомжтой. Ийм гомдол ч байгаа гэж сонсон?

-Багадаа
л хадгаламжийн хүүгээр хохирсон нь тодорхой л доо. Эдгээр компаниуд одоо мөн­гөө буцааж авсан ч “Эрдэнэс Та­ван­­толгой” ХК IPO хийх үед нэр­лэсэн үнээр хувьцаа авах болом­жийг дахин олгох нь зүйтэй байх.

Бас Оюутолгойн гэрээг өөрч­лөх асуудал юу болж бай­гаа бол. Гэрээг өөрчлөх хэлэл­цээр нууц байдалд явагдаж олигтой мэ­дээ­лэл өгөлгүйгээр асуудал намжлаа?

-Уг
нь хувь нийлүүлэгчдийн хурал бүрийн дараа олон нийтэд мэдээлэл өгч байгаа. Хоёр тал хэлэлцээр хийх зарчмаа тохир­сон. Зарчимдаа маргаантай зүйлээ нууцалж, санал нийлсэн асуудлаа олон нийтэд мэдээлж байхаар оруулсан байгаа.

Удахгүй Оюутолгойн хувь ний­лүүлэгчдийн хурал дахиад бол­но. Одоогоор төслийн анхны хө­рөн­гө оруулалт нь хоёр тэрбум гаруй ам.доллараар буюу 40 га­руй хувиар хэтэрсэн шалтгаа­ныг ТЭЗҮ-д заасны дагуу гүйцэт­гэлийн санхүүгийн баримтад үндэс­лэн шалган тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Энэ барим­тын шалгалтыг хийх нь зо­хис­той гэдэг дээр Хувь нийлүүлэг­чид тохир­сон ахиц гарахын дохио гэж ойлгож байгаа. Гэхдээ ажлын хэсэг хэтэрхий удаан ажиллаж байна. Энэ нь ч бас л шалтгаантай болол­той юм. Тодруулбал, шаард­лага­тай баримт материалуудыг Оюу­толгой компанийн зүгээс гаргаж өгөхдөө хугацаа алдаж байгаа гэсэн. Эхлээд энэ ажлыг дуусгаж байж дараагийн асуудлыг ярил­цахаар тохирчихоод л хүлээж байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Өөрсдөө үйлдвэрлэчих цементээ хятадуудаар хийлгэх хэрэг байна уу?

Хятадын төрийн өм­чийн оролцоотой компа­ни Төв аймгийн Сэргэлэн
суманд жилдээ сая тонн цемент гаргах үйлд­вэ­рийн ажлаа эхлүүлэхээр зэхэж байна.
Энэ үйлд­вэрийн шавыг 2009 онд тавьж байсан ч 
тэгсгээд таг болсон юм. Харин сүүлийн нэг сарын хуга­цаанд ажлаа эрчим­жүүлж
эхэлжээ. Өмнө нь Монголын тал 51 хувийг эзэмших ёстой гэсэн сана­лыг манай зүгээс
тавьснаас болж асуудал сунжирсан гэсэн яриа бий. Хувь эзэмшилтэй холбоотой өөр мэдээл­лүүд
ч сонсогддог.

Хам­гийн сүүлийн мэдээ гэвэл төслийн анхны хэрэгжүүлэгч ком­пани  өөрчлөгдөж Хятадын төрийн өмчийн компани дангаараа хөрөн­гө оруулахаар болж. Өөрөөр хэл­бэл Төв аймагт баригдах цемен­тийн үйлдвэр цэвэр урд хөршийн хөрөнгөөр босох гэж байна.

Уг нь газар хөдлөлтийн идэв­х­тэй бүсэд нийслэлээ байгуулсан  улсын барилга, байгууламжуудын бат бөхийн гол үзүүлэлт болдог цемент чанартай байх ёстой. Тодруулж хэлбэл, Улаанбаатар газар хөдлөлтийн долоон баллд оршдог. Одон орон судлалын хүрээлэнгийн гаргасан тооцоогоор нийслэлд 700 гаруй газар хөдлөл­тийн доргилт мэдрэгдсэн гэдэг. Ийм нөхцөлд цементийн үйлдвэрлэл­дээ анхаарал хандуулах нь үндэс­ний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж таарч байна.  Це­мент гэдэг бүтээгдэхүүн ганц барил­га ч биш, зам тээвэр, цахилгаан, эрчим хүч гээд голлох бүх л  сал­барт хэрэглэгддэг. Бусад улсын хувьд  цементийг энэ утгаар нь стра­тегийн гэж онцолдог. Улс орнуудын  эдийн засаг, үйлдвэрлэ­лийн  чадавхийг цементийн үйлдвэ­рээр нь хэмждэг жишиг ч дэлхийд бий. 

БАРИЛГЫНХАН ИХЭНХ ЦЕМЕНТЭЭ ЭРЭЭНИЙ ЖИЖИГ ТЭЭРМҮҮДЭЭС АВДАГ

Монгол Улс жилд хэрэглэдэг цементийнхээ дөрөвний нэгийг Хөтөлөөс эхлээд цементийн бусад жижиг үйлдвэрүүдээсээ хангадаг. Харин дөрөвний гурвыг Хятадаас авдаг. Цементийн одоогийн хэрэг­лээг сая гаруй тонн гэрхээр 750 гаруй мянган тонн цементээ урд хөршөөс авдаг гэсэн үг. Үүний  130 гаруй мянган тонн нь Хятадын том үйлдвэрийн чанартай цемент. Бусад нь Эрээнд ажилладаг тээрмээс гардаг цемент. Тээрэм гэдэг нь энгийнээр бол цементийн том үйлдвэрүүдээс үрэл маягийн зүйл авчраад, дээр нь  бага зэргийн химийн нэмэлт хийж тээрэмдэн  нунтагладаг газрыг хэлж байгаа аж. Эрээний тээрэмд ямар нэмэлт хийж тээрэмддэгийг хэн ч мэдэхгүй гэж барилгын  салбарынхан хэлж байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бол найдвартай биш, стандартын бус юм холих магадлал өндөр гэнэ. Тэгэхээр Улаанбаатарын барилгуудад хэрэглэж байгаа ихэнх цемент хэр чанартай нь тодорхойгүй болж таарч байна.  Барилгын салбарын­хан лав л сүүлийн дөрөв, таван жил Эрээний тээрмүүдээс цементээ хангаж байгаа юм билээ.

САЯ  ТОННЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЕМЕНТИЙН ДӨРВӨН ҮЙЛДВЭР  АШИГЛАЛТАД ОРНО

Дараа жилийн өдийд гэхэд бид цементээ урдаас авахаа болино. Жилдээ 300 мянга гаруй тонн цемент үйлдвэрлэдэг Хөтөлийн цементийн үйлдвэр энэ намраас  хүчин чадлаа сая тонноор өргөтгөн ажиллаж эхлэх гэж байна.

“Мон
полимет”-ийн охин компа­ни болох “Сэнж сант” компани Дорноговийн Өргөн суманд мөн л нэг сая тоннын цементийн үйлдвэр барихаар зэхэж байна. Бүр Евро­пын сэргээн босголт хөгжлийн банкнаас үйлдвэр барихад зо­риулж 20 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон. Үүнээс гадна 130 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудал ч яригдаж байгаа. Сэнж Сантын цементийн үйлдвэр Улаанбаатараас урагш 450 км зайд байрлах юм.  Өмнөд хэсэгт хэрэгжих уул уурхайн том төслүү­дэд цемент нийлүүлэхэд болом­жийн байрлал.  Цемент үйлдвэрлэх технологи нь хуурай аргынх. Барил­гын материал үйлдвэрлэ­лээ­рээ дэлхийд алдартай  Францын Lafarge компанийн цемент үйлд­вэр­лэлийн технологийг нэвтрүүлэх гэж байгаа аж. Одоогоор Сэнжит худагийн шохойн чулууны ордын нөөцийн үнэлгээг Австралийн “Майк­ромайн кансалтинг сер­висиз” компаниар олон улсын жорк стандартын дагуу хийлгэжээ. Дани улсын FLSmidth, Францын Lafarge, Солонгосын Samsung, е-Тек, DKT, Швейцарийн инженер геологийн GeoTest, Австралийн Майкромайн Кансалтинг Сервисиз зэрэг цемен­тийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, инженер геологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч  компаниуд  “Монцемент” төслийн талбай дээр ажиллаад буцсан байна.

 Жилдээ сая тоннын цемент гаргах үйлдвэр барихаар ажиллаж буй өөр нэг газар  бол “Монголын алт” компани.  Тус компани Дорно­говь аймгийн Даланжаргалан суманд “Хөх цавын цементийн төсөл” хэрэгжүүлж байгаа юм. Цементээ зах зээлд нийлүүлэх  хугацаа нь ирэх оны нэгдүгээр улирал юм байна. МАК мөн хуу­рай аргаар цементээ үйлдвэрлэнэ. Одоогоор үйлдвэрийн бутлах хэсэг, түүхий эд материалын бэлтгэх хэсэг, зуух, урьдчилан халаах хэсэг, цемент нунтаглах хэсэг, цемент хадгалах силос, савлах шугамын хэсгийн барилгын ажлууд хийгдэж байгаа аж. Дэд бүтцийн хувьд цахилгаан дамжуулах шугамаа ашиглалтад оруулж, 25 дугаар өртөөнөөс үйлдвэр хүртэлх төмөр замын ажлыг дуусгажээ.  Францын FLSmidth компаниас  тоног төхөөрөмжөө авч байгаа гэнэ.  Тоног төхөөрөмжийнх нь жар гаруй хувь төслийн талбайд ирсэн гэхээр үйлдвэр ажиллаж эхлэхэд бараг бэлэн болсон гэсэн үг.

“Ремикон”  компани Дорноговьд сая тоннын цемент гаргах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ. “Ялгуун интернэшнл”  компани “Монгол цемент” гэсэн нэртэй төсөл эхэлж, ТЭЗҮ-ийг нь  хийгээд явж байгаа аж.  “Гермес гахиур” компани 200 мянган тонн, “Налгар түшиг” компани 120 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлээд эхэлжээ. Баруун аймгийнхан нэгдээд Ховд аймагт цементийн том үйлдвэр барихаар хөөцөлдөж байгаа юм билээ. “МИЗҮ” ХХК “Клинкер нунтаглах ба цементийн үйлдвэр” төсөл, Баян-Өлгий аймгийн “Даваа” ХХК “Це­мен­тийн үйлдвэр” төсөл хэрэгжүү­лэхээр төлөвлөж байгаа гэнэ. Эндээс харахад  ойрын гурав, дөрвөн жилийн дотор монголчууд өөрсдөө  4-5 сая тонн цементийг ядах юмгүй  үйлдвэрлэх нь тодор­хой болчихож. Технологи нь дан­даа барууны, ус бага хэрэглэдэг хуурай аргынх. Өнгөрсөн зууны жараад оноос  цементээ үйлдвэр­лэж эхэлсэн монголчуудын хувьд цементийн үйлдвэр барина гэдэг шинэ зүйл биш учраас үйлдвэр барих төсөл Барилга хот байгуу­лалтын яаманд олноороо ирж байгаа аж.

Томоохон цементийн үйлдвэ­рүү­дийн хийсэн үрлийг хөдөө  орон нутагт тээрэм байгуулан нунтаг­лаж, орон нутгийг цементээр хангах бодлогыг  Барилга хот, байгуулал­тын  яамны зүгээс барьж байгаа юм билээ. Эрээнийх шиг тээрмүүд ажиллуулна гэсэн үг. Одоогоор  Ховд, Хөвсгөл, Архан­гай, Өмнөговь, Хэнтий зэрэг аймгуудад тээрэм байгуулахаар төлөвлөжээ.

ЦЕМЕНТИЙН ХЭРЭГЛЭЭ ОГЦОМ  ӨССӨН Ч ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

Ойрын хэдэн  жилийн дөрөв, таван сая тонн цементийн хэрэг­лээгээ өөрсдөө хангадаг юмаа гэхэд ирээдүйд хэрэглээ огцом нэмэгдэж дөч тавин сая тоннд хүрвэл яах вэ, гадны хөрөнгө оруулалттай үйлдвэр баригдсан нь дээр юм биш үү гэсэн хандлага байдаг. Метро, цахилгаан стан­ц, хурдны зам, барилга байгуу­ламж гээд бүтээн байгуулалтын ажил ирэх жилүүдэд эрс өсөхөөр байгаа.   Хэрэглээ өсөх хэрээр барьсан үйлд­вэрүүдээ хэдэн сая тоннын хүчин чадлаар өргөтгөх боломжтой гэж үндэсний компаниуд хэлж байна. Төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхэлсэн компаниудыг нэмж тооцвол хэрэглээ огцом дээшиллээ ч асуудалгүй харагдаж байна. Тэгэхээр өөрсдөө өлхөн үйлдвэр­лэ­чих цементээ заавал хятадуу­даар хийлгэх хэрэг байна уу гэсэн асуулт гарч ирж байна. Хэрвээ Сэргэлэн суманд баригдах Хята­дын 100 хувийн хөрөнгө оруулалт­тай цементийн үйлдвэр ашиглал­тад орвол удахгүй ажиллаж эхлэх Хөтөлийн болон “МАК”, “Сэнж сант” компаниудын тус бүрдээ сая тон­нын хүчин чадалтай үйлдвэрүү­дийн зах зээлийг булаах магадлал өндөр байна.

Уг нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай гэсэн урт нэртэй хуулинд эрдэс баялгийн салбарыг стратегийн  ангилалд багтаасан байдаг. Эрдэс баялгийн салбарт  шохой, гөлтгөнө зэрэг цементийн гол түүхий эдүүд багтсан байдаг ч цементийн үйлдвэрлэлийг тусгай­лан зааж оруулаагүй аж. Хятадын 100 хувийн төрийн өмчит компани хуулийн энэ цоорхойг ашиглаж Монголд үйлдвэр барихаар болоод байгаа юм байна. Өчигдөр гэхэд Монголын үндэсний үйлдвэр­лэгчдийн холбооноос цементийг үйлдвэрлэлийг стратегийн салбарт багтаах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэд Ерөнхийлөгч, Засгийн газарт хандахаар болжээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Сонины хувьд сонгууль өнөөдрөөр дуусч байна

Ерөнхийлөгчийн сон­гууль зургадугаар сарын 26-нд болно. Сонгууль
хаяанд ирсэн учраас иргэ­дэд мэдээлэл өгөх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай
хуу­лийн талаар УИХ-ын ги­шүүн Р.Бурмаагаас ярилц­лага авсан юм. Энэ ярилцлага
“Өдрийн со­нин”-ы тавдугаар сарын 21-ний мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн би­лээ.
Р.Бурмаа гишүүн ярихдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг­чийн талаар сонинд ямар
ч сурталчилгаа хийж бо­лох­гүй гэж хэллээ.

Өөрөөр хэлбэл, Ерөн­хий­лөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэв­шигчийн сурталчилгааг сонинд тавих талаар тус­гаагүй юм байна. Хэрэв сони­нууд нэр дэвшиг­чийн та­лаар ямар нэг материал нийтэлбэл гүт­гэ­сэн гэдэг шалтгаанаар хууль зөрч­сөнд тооцог­дож, үйл ажил­лагаа явуу­лах тусгай зөвшөөрлийн лицензээ хураалгана. Тийм учраас сонгуульд нэр дэвшигч өөрөө л сур­талчилгааны хэвлэмэл сонин хийж, түүнийгээ сонгогчдод тараах эрхтэй. Харин сонин хэвлэлүүд нэр дэв­шигчийн талаар ганц үг ган хийх эрхгүй юм байна. Гэрээ хийж, мөнгө төл­бөр­тэй сурталчилгаа явуулах нь ч хаалттай гэнэ.  Бид­ний хувьд зур­га­дугаар сарын 26-нд сонгуулийн эцсийн дүнг л мэдээ­лэ­хээс өөр эрх алга. Ер нь сүүлийн үед манай эрх баригчид хэв­лэл мэ­дээл­лийг хяхаж хавчих нь ихэс­сэн. Шу­дар­гаар мөн­гө олж бай­гаа сонин, хэв­лэлийн эз­дийг төрөөс төрсөн тэр­бумтан оли­гар­хиудтай зүйрлэж, муу­гийн жишээ болгон ярьдаг болсон байна. Үүний нэг тод ил­рэл нь сонинуудын суртал­чилгаа хийх эрхийг хязгаарласан энэ хууль болж байна. “Өдрийн со­нин” эртнээс энэ талаар сэрэмжлүүлж бичдэг бай­сан. Ингэхдээ нэг алдар­тай ишлэлийг байн байн дурдаж сануулдаг бай­лаа. “..Фашистууд үйлд­вэрч­ний эвлэлийн гишүү­дийг баривчлаад явлаа. Би үйлдвэрчний эвлэ­лийн гишүүн биш учраас тоосонгүй. Фашистууд еврейчүүдийг баривч­лаад явчихлаа. Би еврей биш учраас мөн л тоо­сонгүй. Коммунистуудыг баривчлаад явахад нь ч тоосонгүй. Адаг сүүлд нь намайг баривчлахаар ирлээ. Намайг өмөөрөх хэн ч үлдсэнгүй” гэх дэл­хийн түүхэнд тод үсгээр бичигдэн үлдсэн энэ ал­дартай ишлэлийг та бүхэн санаж байгаа байх.  Тэр жил соёл, ур­ла­гийнх­ныг сонгуулиар далим­дуулж, нэр дэв­шигч­дийн сурталчилгаанд явж их мөнгө олж байна. Тэд­нийг сонгуульд орол­цуу­лахгүй гээд хажиглахад нь “Өдрийн сонин” “Ингэж болохгүй” гэж бичиж бай­лаа. Ихэнх сонин энэ шийдвэрийг “Зөв байна. Муу сайн урлаг, соёлын­хон сонгуульд оролцож, мөнгөжөөд байсан юм” хэмээн ад үзэв. 

Тэгтэл одоо сонин хэв­лэлийнхний ээлж ирсэн бололтой. Сонинуудыг  сонгуульд оролцуулахаа болилоо. Харин телевиз, радиогийнхон “Больж. Бидэнд ирэх мөнгөнөөс хумслаад байсан юм” гэж бах нь ханаж суугаа биз. Гэвч дараагийн сонгуу­лиар тэднийг ч хасаад хаях вий. Тэр цагт хэвлэл мэдээллийн салбарыг өмөөрч хамгаалах хэн ч үлдэхгүй нь дээ. Уг нь аль ч сонгууль урлаг соёлын­хон, хэвлэл мэдээллийн­хэнтэй хамт явсны буруу гэж байхгүй. Хүмүүс та­нин мэдэхүй, урлаг соё­лын асар их мэдээллийг тэр үеэр л авдаг байсан. Хэвлэл мэдээлэл нэр дэв­шигчдийг бүх талаар нь сурталчилснаар ард түмэн хэн нь итгэл үзүүлж болох хүн юм. Хэн нь ард түмэн, улс орны төлөө сэтгэлээсээ зүтгэж чадах­гүй юм гэдгийг ялгаж, сал­гаж ойлгож, таньдаг давуу талтай. Үүнээс  гадна хэвлэл мэдээллээр нэр дэвшигчдийн сурталчил­гаа явах нь хэтдээ улс орныг залаад явах ирээ­дүйн залуу лидерүүдийг нийгэмд гаргаж ирэхэд ач холбогдолтой байсан юм. Гэвч төрд зөвхөн өөрсдөө мөнх сууж, парламентад үргэлж сонгогдох гэсэн одоогийн улстөрчдийн атгаг санаанаас болж сонгууль үр жимсээ өгдөг­гүй хатсан мод шиг өгөөжгүй боллоо.

Үнэндээ сониноор сонгуулийн сурталчилгаа хийлгэхгүй гэсэн Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчиж бай­на. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэв­лэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж тунхаг­ласан хүний эрхийг энэ хууль хөсөр хаяж байна. Сонин хэвлэлд иргэн Дорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг­чийг дэмжиж үг хэлэх эрхгүй боллоо. Иргэн Дорж хэн нэгэн нэр дэв­шигчийг дэмжин хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө үүнийг нь хэвлэсэн сонин сонгуулийн хууль зөрч­сөнд тооцогдож, үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулах нь. Ийм л хуу­лийг энэ парламент гар­га­сан юм байна. Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийн сурталчил­гаа  албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Харин энэ өдрөөр сонинуудын хувьд сонгууль дуусч байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Бөхөн шарын тэмдэглэл

Тэрхийн цагаан нуур мөсөн баринтгаа бүрэн задалж гүйцээгүй байв

Аяны хөсгийг түүчээлэх арал тэнхээ нь гүйцсэн ат уртаас урт цувааны түрүүнд сэвэлзтэл жонжуулсаар ирэх шиг Дөнгөтийн Цоодол най­рагч явуулын машинаас га­найтал буугаад ирэх нь тэр. Ингээд л “Бөхөн шар” ба­гийнхны экипаж бүрдэж бай­гаа хэрэг. Цоодол найрагч хавар намрын пальтотой, тод улаан өнгийн ноолууран ороолт­той, шанхнаасаа буу­ралт­сан уртавтар халимгаа хажуу тийш налуулчихсан, өөрийнх нь хэлдгээр бол “аймаар л юм” бууж ирлээ дээ. Далан насны даваан дээр ирж байгаа гэж хэлэхийн ч арга алга. Царай зүс гэрэлт­чихсэн, маасайтал инээгээд дайралдсан нэгнийг яаж­шуу­хан явуулъя даа байз гэсэн шиг хоёр нүд нь цаанаа л жоготой.

Ардын уран зохиолчийг багийн ахлагч Лхамсүрэнгийн Төрбаяр угтан авч мэндлээд аяны хүлэгтээ дөрөөлөхийг урилаа. Найрагч найрагч­дын­хаа унаанд суув. Бүр тодруулбал, Урианхайнхаа унаанд суулаа. Миний бие тэрхүү хар фордонд мөн багтаж байгаа. Урд талын буюу даргын суудал дээр буурал үст Д.Урианхай най­рагч заларна. Эрэмбээрээ гэдэг шиг л. Дунд суудалд Цоодол найрагч, түүнтэй утга зохиол судлаач доктор, про­фес­сор, Монгол Улсын гавьяат багш Дашлхүмбийн Галбаатар мөр зэрэгцэв. Мөн л эрэмбээрээ шүү дээ. Арын суудалд “Хүмүүн бичиг” сони­ны эрхлэгч, босоо бичгийнхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа өнөө цагийн нэр­тэй нийтлэлчдийн нэг Базар­са­дын Элбэгзаяа. Баян­хон­горын Шинэжинст, Сэгс ца­гаан Богдын хүүтэй би гэдэг хүн халуун бөөрөө ний­лүүлж суугаад хангайн уулсыг зори­лоо. Хаврын сүүл сарыг ха­шиж хангайн тэлэмгэр нуруу Бөхөн шар руугаа тэмүүлсэн бидний цувааг Богд Дүн­жин­гарав хайрхан будантаад л гаргаж өгсөн дөө. Цасан шам­рага тавьсан жигтэйхэн сал­хи­тай өдөр байв. Үймэр­сэн үүлс Богд уулын орой дээр нэвсийлдээд нэг бодлын таа­тай, нөгөө бодлын зэврүүхэн санагдахаар тийм л өглөө­гүүр Идэрийн голоо зорин хөдөлж буй минь энэ ээ.

Цоодол найрагч сурснаа­раа Урианхайгаа л “идэж” байна. Ерөөс замын турш л өнөө муугаа идэж явсан л даа. Хойлог оо, миний өвгөөн гэнэ. Тийн дуудахад нь үсэн буу­рал Урианхай “Өөв өө, миний өвгөөн, яасан бэ” гэнэ. Ардын зохиолчоос “Урианхай най­раг­чийг та “Хойлог оо” л гэх юм. Хойлог шувуутай зүйрлэн ийн авгайлаад байгаа хэрэг үү” гэж асуухад, юун хойлог шувуу байхав. Мэлин хойл­гийг нь л хэлээд байгаа юм гэж шуудхан хариулав. Түүнд нь Урианхай найрагч жиг­тэй­хэн баясалтай, манайхны хэлдгээр тийм нэг кайфтай нь аргагүй инээж сууна. Амьд бурхад гэж эднийг л хэлдэг болов уу.

“…Будда, Христос, Аллах

Бууж ирээд та нартай уулзатлаа хол оо

Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо

Будаг, үнэн хоёрыг ялгуулъя гэвэл

Бусад нь нэмэргүй ээ

Наад хэдэн навсгарыгаа хайрла

Миний муусайн найз нарыг хайрлагэж ардын зохиолч маань аль тэртээ ерээд онд бичсэн нь бий. Бавуугийн Лхагвасүрэн гуай “Боржгины бор тал”-даа хэлсэнчлэн “хө­рөө­ний ир шиг алсын нам­хан…” уулсынх нь оройгоор будантай л байлаа. Уулын энгэр дагуу, судаг жалгын бэлээр адуун сүрэг салхи нөмөрлөөд зогсчихсоныг бо­до­ход үрээнхэн морин дээ­рээс хуу татаад хаячихаар хүчтэй шуурч л байгаа юм байна. Үе үехэн алсын бараа тод­рохуйд, будант үүлс хүг­лийл­дэн аадрын өмнөх бай­дал шиг уулсын оройд нам суучихсан харагдана. Бай­га­лийн ийм л өнгө, ая данд би нэг л дуртай байдаг. Хүүхэд ахуй цагийн дурсамж дур­датгалыг минь энэ байдал зүрхний ховдлоос утсан дэгээ адил гогдоод гоё байдаг юм. Унаа машинд буурал най­рагч­дын яриа хөөрөө зад­гай­раад л байгаа. Ер нь тэгээд зохиолчид явсан га­зар, даа ялангуяа Цоодол найрагчийн явсан газар бүрт инээд хөөр, хөл хөгжөөн тасарна гэж байх­гүй. Бүлээн дулаан уур амьсгал, хүмүүний амьд­ра­лын гэгээн сайхныг намрын борооны үүл шиг тунаруулж явдаг нэгэн билээ. Заалыг бүрэн эзэмдэх шиг олныг нэг л зүг рүү хошууруулж чаддаг ид шид Бүрэнгийн Талын булгаас ундарсан монгол найрагчид байдаг юм аа. Бас л Урианхайгаа явуулж байна.

“Хойлог
оо, би чамд яагаад дургүй болсныг чи мэдэх үү” гэлээ. Урд талын суудлаас Урианхай найрагч бараг л бүтэн биеэрээ эргээд харчихсан, сарлагийн саваг шиг сэглийлдсэн буурал үсэнд нь тун чиг зохидог дугуй хар малгайгаа гартаа базаад атгачихсан, өнөө л өрөвч зөөлөн нүдээрээ Цоо­долыгоо ширтлээ. “Яагаав, далан гурван он шүү дээ. Очир бид гурав хойшоо ваго­ноор явсныг чи сайн мэдэж байгаа даа” гэв. Ардын зо­хиолч тийнхүү нэгэн  нандин дурсамж сөхөх нь тэр. Далан гурван онд Цоодол, Уриан­хай, Тоомойн Очирхүү гурав Орос руу явж л дээ. Тэгтэл өнөө гуравтай чинь Таш­кен­тын алаг нүдэн охин купенд хамт сууж таарахгүй юу. Ин­гээд замд “юм” болж л дээ. Өнөө охиноо ээлж ээлжээр тэгэхдээ таван минутын хуга­цаа­тай тэврэх санаачилгыг хэн нэг нь гаргасан байна. Монголын гурван найрагч залуугийн хүсэлтийг Таш­кен­тын алаг нүдэн охин эсэр­гүүц­сэнгүй, харин ч дуртай хүлээж авсан шиг байгаа юм. Тэр гурав эхлээд “онхолдтол” нь шүлэг уншиж, сэтгэлийг нь уясгасан нь мэдээж л дээ. Охины буух газар ойртоод ирэхийг мэдсэн учир таван минутын хугацаагаа гурван минут болгон нааш нь татсан гэдэг. Тийн явах үед л Уриан­хай найрагч Цоодолынхоо сэтгэлд жаахан зүйл хавчуул­чих­сан хэрэг. Ухаандаа, охиныг яг буух мөчид Цоодол найрагчийн тэврэх ээлж ир­жээ. Гэвч Урианхай нь түүнд шилжүүлэлгүй гүрийчихэж. Шүүрс алдмаар сайхан алаг нүдэнг шүлэг асгаруулдаг цээжиндээ харамлан харам­лан энхрийлээд наачихаж. Ийм л дурсамж. Галаа багш, Элбэгээ ах бид гурав жолооч (аймгийн арслан Данзангийн Батжаргал)-ийнхоо хамтаар уг дурдатгалыг бүр нэг хөхин баясалтайгаар, шавайгаа ханатал сонслоо.       

Урианхай найрагчтай ижил бас л нэг ганган хар фордын урд талын суудалд төрийн соёрхолт яруу най­рагч Цогдоржийн Бавуудорж ханайна. Эх хэлний боловс­рол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн гүйцэтгэх захирал эл эрхмийн машинд Монголын зохиолчдын эвлэ­лийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шаг­налт яруу найрагч Хайдавын Чилаажав, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од, “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх, Монголын зохиолчдын эвлэлийн шаг­налт зохиолч Баастын Зол­баяр нарын аваргууд яваа. Уран бүтээлийн идэрхэн ан­дууд тийнхүү нэгэн машинд суудал таарсан нь санам­сар­гүйн тохиол биш юм. “Шинэ Ази” группын ерөн­хийлөгч, “Үлэмж эгшиглэн” сангийн тэргүүн Л.Төрбаяр хэн хэнийг ямар машинд хуваарилах вэ гэдгийг сайтар мэднэ. Нам­рын унага зэлээрээ ижилсдэг шиг сэтгэл сэтгэлээр нь ний­лүүл­нэ дээ. Өнөө “Сэтгэл мэддэг хорвоо” гэдэг шиг л. Бавуу найрагч төрийн соёрх­лын алтан соёмбо энгэртээ гялалзуулаад төрсөн нутаг­таа очиж буй. Аливаа юмны учир тохиол, наад цаад гэдэг сонин байдаг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж эх хэлнийхээ яруу сайхныг ба­хад­сан бүтээлүүдээрээ идэр залуухан насандаа төрдөө үнсүүлсэн тэрээр эх хэлний боловсрол, соёлыг дэмжих сангийн хариуцлагатай ал­быг аваад элгэн түмэндээ, уул усандаа очиж байгаа юм. 

Дээр миний бие хэдэн ах нараа уран бүтээлийн андууд гэсэн дээ. Үүнд багахаан тайлбар хийх нь зөв байх. Ухаандаа, Бавуу, Золоо нар дэвэн дэлхийгээр хэрэн тэ­нүү­чилсэн уран бүтээлчид. Яагаав, дэлхийн яруу най­рагч­дын их хуралд жил бүр л яваад байдаггүй юу. Тэгээд Золбаяр сэтгүүлчийн хувьд “Уйтан дорнын талст”, “Үлэмж өрнийн титэм”, “Давалгаа болорших дайд” хэмээх тан­саг­хан тэмдэглэлүүдээ “Өд­рийн сонин”-доо цув­ралаар нийтлүүлснийг уншигч олон санаж байгаа. “Өдрийн со­нин”-доо гэж тодотгосны учир тэрээр манай сонины бүтээг­дэ­хүүн билээ. Урлаг, спортын албыг даргалж байсан нэгэн. Бавуу, Чилаа хоёр мөн л уран бүтээлийн шадар андууд. Монголын радиод мөр зэрэг­цэн ажиллаж ахуйдаа эх ор­ноо бараг л нар зөв тойрсон байх шүү. Тэрхүү аян замынх нь дурдатгал болсон Дарьган­га, Отгонтэнгэр, Су­тай ханы тэмдэглэлүүд бий. Харин Бавуу, Сэрээ хоёрын уран бүтээлийг бол ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Хэдхээн жилийн өмнө “Бөхөн шарын нуруу” хэмээх аварга дуу хийж “Морин хуур” наадамд магнайлсан. Уг дуу­ны суварга хөшөө долоон хошууны нутаг харагддаг хан­­гайн сунайсан шаргал нуруу Бөхөн шарын тэргүүн дээр гэрэлтэн байдаг. Тэрхүү дуун суварга эл хоёр уран бүтээлчийн хийморь лундааг тэтгэж, авьяас билгийнх нь эх ундарга болдгийг хэн мэдлээ. Хамба гэгээний ариун сүншиг оршиж, халхын заяа түшдэг л биз ээ.

Мөөеө аваргын нутаг Эр­дэнэ­сантаар дайраад Бул­ганы Рашаант сум дөнгөж өнгөрөөд түр амсхийв. Ха­заар даран галигуулах “хүлэг морьд”-ынхоо жолоог татас­хий­лээ. “Тэнгэрийн муухай арилдаг”-ийн үлгэрээр морин үүлс тэртээд цавцайх уулсыг эмжээрлээд өмнө зүг рүү шуур­­галан, хаврын сүүл сарын ухаа хонгор нар сүүн туяагаар булхан байв аа. Унаа машинаас буунгуут л агь гангын үнэр хамар цоргиж, дэнж бэлийн цэцэгсийг хор­мойдон хөх ногооны униар татах нь зуны эхэн сарын зураг мөн дөө. Замын ба­руун­тайд Хөгнөхаан уул сүр бараатайхан дүнхийж, өмнө минь хонгортох Элсэн тасар­хайг дагуулан хараачлахуйд Батхаан уулын салхи савир энгэр заамаар шургална. Хөшөөтийн минь гол энүүхэн хойхно цэлэлзэж байгаа даа гэж бодохуйд зэлнээс ал­дуур­­сан унага шиг цахил­чих­маар. Ус нутаг, адуу малаа санасан сэтгэлийн минь ааз­гайг хөдөлгөх гэсэн мэт замын зүүхэн талд хонгор голдуу адуу үүлэн чөлөөний наран дотор идээшлэн шинэхэн тавигдсан азарган үрээ хаа нэгтээ үүрсэхийг нь яана. Түр амсхийж, уул толгодын сэр­вээг харуулдан хэн нэгнээ баахан явуулж, инээдэм нар­гиан дундаа хөдлөх үест на­ран дотор хонгортон бай­сан адуун сүрэг өмнүүр зам хөнд­лөн гарч өвөр зүг рүү ордог байгаа. Хэнзхэн уна­ганууд нь цардмал замаар цүүцэг цүү­цэг гишгэлэн, өнөө муу нялх­хаан туурайгаараа өлмий­дөөд л гарч явлаа. Тэр даруйд нэг л сайхан бодол төрөөд, хийморь лундаа бадраад явчихав. Идэр их мөрөн, Бө­хөн шарын нуруугаа зориход ийм л тэнгэртэй байдаг даа.

Завханы Идэр ургаа уул­сыг нь үзэж, ус мөрнөөс нь амсаад явсан хэн хүнийг соронзон гүр адил татдаг ариун дагшин нутаг юм. Тэр жил Их Явуугийнхаа ерэн насны ойгоор утга зохиолын өнөө цагийн луугаруудтай анх Идэрийн голд очиж, идэр­мэг­хэн түмэнтэй нь золгож билээ. Цагийн цагт мөнгөлөг тэр­гүү­нээ титэмлэн талс­туулж, От­гон­тэнгэртэйгээ орой орой­гоо харалцан бараа бараандаа таширладаг Сэвжидбалбар хайрхан, аршаан бумбат Но­гоон нуурын эрэг дээр хо­ног­лохуйд зургадугаар сарын хорьдоор дөрвөн улирлын өн­гийг нэгэн дор үзүүлсэн. Тэр л цагаас хойш Идэрийн го­лыг зүүдлэх болсон доо, би. Гэвч хувь заяагаар хаврын ха­варт Хангайн нурууны ноё­лог оргил Солонготын давааг давж Идэрийнхээ хөвөөнд нялх ангир шиг очих болсоон. “Ямар­хан хувь заяаны ерөөл буян байдаг юм бол оо” гэж өм­нөх хаврын тэмдэглэлдээ дуун алдсан минь ийм учир­тай.

Хоёр хангайн нутаг минь хүрэнтэнхэн харагдана

Хошууны олон та нар минь санагдах л янзтай гэдэг шиг нэг л мэдэх нь ээ Хархорины “Мөнх тэнгэр”-тээ үдийн зоог барьчихаад Хотонтоор дам­жаад арын хангай руу ороод ирлээ. Бидний хоноглох га­зар Гичгэнийн голын хөвөөн дээр гэрэлтэж байдаг “Бад­маа­раг”. Тариат сумын нутаг, сумынх нь төвөөс баруун урдхан байх “Бадмаараг”-ийг “Бөхөн шар” багийнхан “Бат­хүү­гийн кэмп” гэх нь бий. Батхүү гэдэг нь “Цэцэн сар­туу­лын дууч” Бороохойн Батхүү найрагч л даа. Утга зохио­лын наяад оны морьдын нэг тэ­рээр “Шинэ Ази” группын хэв­лэлийн төлөөлөгч гээд лут эрх мэдэлтэй. Хэний ч өөдөөс үгээ хэлнэ. Урианхай, Цоо­дол, Галбаатарыг загнах дар­хан эрх түүнд л бий. Батхүү найрагч Идэрийн голын хө­вөөн дээр тэр нутгийн унага Алтангэрэлийн Мягмар­жа­ваас ч илүү эрх мэдэлтэй, толгой дээгүүр байдаг даа. Харин мань хүний Бадмаараг кэмптэй холбогдсон түүх үнэн­­дээ нигуртай. Тэрээр Гичгэнийн голын хөвөөнд сөхөрч суугаад алтан загас­наас “Оюунхүү докторыг ор хөнжилтэй нь өгөөч” хэмээн гуйсан удаатай. Ийм л яриа хөөрөө “Бадмаараг”-т хоног­лох бүрт улам баяжиж, сүүл­дээ аман зохиол шиг болж байгаа юм. Харин Батхүү найрагч энэ удаа өөрийнхөө кэмпт хоноглож чадаагүй. Төрийн соёрхолт Ц.Бавуу­дор­жийн­хоо нэрэмжит “Цагаан-Үүл” наадмын ерөн­хий шүүгчээр уригдаад нэр­тэй орчуулагч Л.Амар­батын хамт аймгийнхаа Донойн хөн­дийд онгоцоор буусан гэж байгаа. Сайд шиг л очсон нь мэдээж. “Өөрөө төрийн соёр­хол аваад очиж байгаа юм шиг Улиастайн гудмаар мөн чиг хөндлөн алхаж байгаа даа” гэж зохиолч нөхөд нь түүний байр байдлыг нүдээр харсан мэт өгүүлж явлаа. Хоргын тогооны “хайлмаг” чулууд, адуу малын дундуур туучих цувааг түүчээлэн Мэн­дээ захирлын ганган хар жийп “Бадмаараг”-ийн зүг хошуу өлгөлөө. Гичгэнийн гол баринтгаа задалж мөсөн жин­гэл­гүүд нь болортон хөв­нө. Аян замын улс нүүдлийн шувууд шиг дайраад өнгөрдөг Тариатын хэдэн байшин зэрэг­­лээнд дайвалзаж, галт уулсын чулууд шигээ хонх ёнх үзэгднэм.

Н.ГАНТУЛГА

 

Categories
редакцийн-нийтлэл

Сонины хувьд сонгууль өнөөдрөөр дуусч байна

Ерөнхийлөгчийн сон­гууль зургадугаар сарын 26-нд болно. Сонгууль хаяанд ирсэн учраас иргэ­дэд мэдээлэл өгөх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуу­лийн талаар УИХ-ын ги­шүүн Р.Бурмаагаас ярилц­лага авсан юм. Энэ ярилцлага “Өдрийн со­нин”-ы тавдугаар сарын 21-ний мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн би­лээ. Р.Бурмаа гишүүн ярихдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг­чийн талаар сонинд ямар ч сурталчилгаа хийж бо­лох­гүй гэж хэллээ.

Өөрөөр хэлбэл, Ерөн­хий­лөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэв­шигчийн сурталчилгааг сонинд тавих талаар тус­гаагүй юм байна. Хэрэв сони­нууд нэр дэвшиг­чийн та­лаар ямар нэг материал нийтэлбэл гүт­гэ­сэн гэдэг шалтгаанаар хууль зөрч­сөнд тооцог­дож, үйл ажил­лагаа явуу­лах тусгай зөвшөөрлийн лицензээ хураалгана. Тийм учраас сонгуульд нэр дэвшигч өөрөө л сур­талчилгааны хэвлэмэл сонин хийж, түүнийгээ сонгогчдод тараах эрхтэй. Харин сонин хэвлэлүүд нэр дэв­шигчийн талаар ганц үг ган хийх эрхгүй юм байна. Гэрээ хийж, мөнгө төл­бөр­тэй сурталчилгаа явуулах нь ч хаалттай гэнэ.  Бид­ний хувьд зур­га­дугаар сарын 26-нд сонгуулийн эцсийн дүнг л мэдээ­лэ­хээс өөр эрх алга. Ер нь сүүлийн үед манай эрх баригчид хэв­лэл мэ­дээл­лийг хяхаж хавчих нь ихэс­сэн. Шу­дар­гаар мөн­гө олж бай­гаа сонин, хэв­лэлийн эз­дийг төрөөс төрсөн тэр­бумтан оли­гар­хиудтай зүйрлэж, муу­гийн жишээ болгон ярьдаг болсон байна. Үүний нэг тод ил­рэл нь сонинуудын суртал­чилгаа хийх эрхийг хязгаарласан энэ хууль болж байна. “Өдрийн со­нин” эртнээс энэ талаар сэрэмжлүүлж бичдэг бай­сан. Ингэхдээ нэг алдар­тай ишлэлийг байн байн дурдаж сануулдаг бай­лаа. “..Фашистууд үйлд­вэрч­ний эвлэлийн гишүү­дийг баривчлаад явлаа. Би үйлдвэрчний эвлэ­лийн гишүүн биш учраас тоосонгүй. Фашистууд еврейчүүдийг баривч­лаад явчихлаа. Би еврей биш учраас мөн л тоо­сонгүй. Коммунистуудыг баривчлаад явахад нь ч тоосонгүй. Адаг сүүлд нь намайг баривчлахаар ирлээ. Намайг өмөөрөх хэн ч үлдсэнгүй” гэх дэл­хийн түүхэнд тод үсгээр бичигдэн үлдсэн энэ ал­дартай ишлэлийг та бүхэн санаж байгаа байх.  Тэр жил соёл, ур­ла­гийнх­ныг сонгуулиар далим­дуулж, нэр дэв­шигч­дийн сурталчилгаанд явж их мөнгө олж байна. Тэд­нийг сонгуульд орол­цуу­лахгүй гээд хажиглахад нь “Өдрийн сонин” “Ингэж болохгүй” гэж бичиж бай­лаа. Ихэнх сонин энэ шийдвэрийг “Зөв байна. Муу сайн урлаг, соёлын­хон сонгуульд оролцож, мөнгөжөөд байсан юм” хэмээн ад үзэв. 

Тэгтэл одоо сонин хэв­лэлийнхний ээлж ирсэн бололтой. Сонинуудыг  сонгуульд оролцуулахаа болилоо. Харин телевиз, радиогийнхон “Больж. Бидэнд ирэх мөнгөнөөс хумслаад байсан юм” гэж бах нь ханаж суугаа биз. Гэвч дараагийн сонгуу­лиар тэднийг ч хасаад хаях вий. Тэр цагт хэвлэл мэдээллийн салбарыг өмөөрч хамгаалах хэн ч үлдэхгүй нь дээ. Уг нь аль ч сонгууль урлаг соёлын­хон, хэвлэл мэдээллийн­хэнтэй хамт явсны буруу гэж байхгүй. Хүмүүс та­нин мэдэхүй, урлаг соё­лын асар их мэдээллийг тэр үеэр л авдаг байсан. Хэвлэл мэдээлэл нэр дэв­шигчдийг бүх талаар нь сурталчилснаар ард түмэн хэн нь итгэл үзүүлж болох хүн юм. Хэн нь ард түмэн, улс орны төлөө сэтгэлээсээ зүтгэж чадах­гүй юм гэдгийг ялгаж, сал­гаж ойлгож, таньдаг давуу талтай. Үүнээс  гадна хэвлэл мэдээллээр нэр дэвшигчдийн сурталчил­гаа явах нь хэтдээ улс орныг залаад явах ирээ­дүйн залуу лидерүүдийг нийгэмд гаргаж ирэхэд ач холбогдолтой байсан юм. Гэвч төрд зөвхөн өөрсдөө мөнх сууж, парламентад үргэлж сонгогдох гэсэн одоогийн улстөрчдийн атгаг санаанаас болж сонгууль үр жимсээ өгдөг­гүй хатсан мод шиг өгөөжгүй боллоо.

Үнэндээ сониноор сонгуулийн сурталчилгаа хийлгэхгүй гэсэн Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчиж бай­на. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэв­лэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж тунхаг­ласан хүний эрхийг энэ хууль хөсөр хаяж байна. Сонин хэвлэлд иргэн Дорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг­чийг дэмжиж үг хэлэх эрхгүй боллоо. Иргэн Дорж хэн нэгэн нэр дэв­шигчийг дэмжин хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө үүнийг нь хэвлэсэн сонин сонгуулийн хууль зөрч­сөнд тооцогдож, үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулах нь. Ийм л хуу­лийг энэ парламент гар­га­сан юм байна. Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийн сурталчил­гаа  албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Харин энэ өдрөөр сонинуудын хувьд сонгууль дуусч байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Е.Төгстөмөр: Би хожигдох үнэхээр дургүй

Грекийн Порто Каррос хотноо болсон шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд өнгөрсөн онд Шриланка улсад болсон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс түрүүлж, алтан медаль хүртэж байсан. Шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Е.Төгстөмөр өнгөрөгч бямба гаригт эх орондоо ирсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд түрүүлсэнд баяр хүр­гэе. Тэмцээнийхээ тухай ярих­гүй юу?

-Тэмцээн
гоё болсон. Шатрын Сурагчдын дэлхийн аварга шалга­руулах тэмцээнд анх удаа орол­цоод алтан медаль хүртсэндээ баяртай байна.

Миний дүү одоо хэдэн нас­тай, аль сургуульд сурдаг вэ?

-Би
долоон настай. Нийслэ­лийн 33 дугаар сургуулийн нэг­дүгээр ангид сурдаг. Би матема­тикийнхаа хичээлд хамгийн дуртай.

Хэдэн настайгаасаа анх шатар тоглосон бэ?

-Би
анх хоёр настайгаасаа анх шатар тоглож сурсан. Анх шатар тоглож сурч эхлэхэд жаахан хэцүү л байсан. Дөрвөн настайгаасаа анх тэмцээнд орж эхэлсэн дээ. Шатар тоглохыг өвөө маань надад зааж өгч байлаа. Одоо харин Леонид Роговой багшийн удирд­лага дор тоглож байгаа. Багш маань Германд байдаг. Бид интер­нэтээр харьцдаг.

Грекийн сурагчдын дэлхийн аваргаас гадна хичнээн оронд очиж тэмцээнд орж байсан бол?

-Хоёр
тэмцээнд орсон. Нэг нь Шри-Ланкад болсон Азийн аварга. Нөгөөх нь шатрын дэлхийн аварга байсан.

Саяын оролцдог дэлхийн аварга өмнө оролцсон Азийн аваргаас юугаараа өөр бай­сан бэ?

-Азийн
аваргад цөөхөн шатар­чид оролцсон. Харин Сурагчдын дэлхийн аваргад 41 орны 600 гаруй тамирчин орсон. Цар хү­рээний хувьд хамаагүй том санагд­сан. Мөн надтай хамт Азийн авар­гад орж байсан Киргизийн Ч.Артур орсон.

Долоон насны ангилалд хичнээн хүүхэд тоглосон бэ. Чи хэд хожиж дэлхийн аварга болов?

-Миний
насанд 47 хүүхэд тог­лосон. Миний хувьд нийт есөн өрөг тоглохдоо долоон хожил, хоёр тэнцээтэйгээр алтан медаль хүрт­сэн. Хоёр тэнцсэн өргийн тоглол­тын нэгийг нь хожих боломж бай­гаагүй. Нөгөөг нь харин хожчихоор байсан. Багш харин тэнцчих гэхээр нь тэнцсэн юм. Би уртын төрөлд тоглосон. Уртын төрөл гэдэг нэг цаг 30 минут үргэлжилдэг тоглолт байдаг. Уртын тоглолтод би нэг цаг 30 минут нөгөө хүний цаг нийлээд гурван цаг тоглодог гэсэн үг.

Гурван цаг шатар тоглохоор их ядардаг биз?

-Ядардаггүй юм аа. Хүмүүс удаан суухаар залхуу хүрдэг гэж боддог байх. Миний хувьд ядарч, залхуурч байгаагүй. Хааяа яд­рахаараа босч чилээгээ гаргадаг юм.

Дэлхийн аваргын алтан медаль цомоо гардан авч байхад хамгийн түрүүн юу бодогдсон бэ?

-Аав,
ээж, хоёр дүүгээ л хамгийн их санаж байлаа. Алтан медаль авч байхад үнэхээр сайхан байсан шүү.

Грек орон Монголоос юу­гаараа өөр санагдав?

-Том
далайтай юм билээ. Мөн олон гоё бассейнтай байсан.

Чи сэлж чаддаг хэрэг үү?

-Чадна.

Чөлөөт цагаараа шатраас өөр юу хийх дуртай вэ?

-Би
Сорхугтани гээд гурван настай, Хотулан гээд ой таван сартай хоёр дүүтэй. Энэ хоёр­тойгоо л тоглож өнгөрөөдөг. Том дүүдээ би шатар зааж өгч байгаа.

Дүү нь ямар сурч байна?

-Дүү
бодоод суучихдаг юм. Гэхдээ хоёр шалаа байхад энэ нь зөв үү нөгөөх нь зөв үү гэхэд зөвийг нь заадаг.

Дэлхийн аваргад оролцож байхад хамгийн хүчтэй ша­тарчин аль улсын тоглогч байв?

-Перугийн
хүүхэд байсан.

Дэлхийн аваргаас алтан ме­даль хүртсэн гээд ангийнхан, хамаатнууд нь баяр хүргэ­сэн үү?

-Зөндөө
хүн баяр хүргэсэн. Ангийн маань багш улам сайн шатар тоглоорой гэж хэлсэн.

Шатрын их мастер Т.Бат­чимэг танай нагац эгч гэв үү. Хамт шатар тоглож байв уу?

-Тийм.
Манай ээжийн дүү бай­гаа юм. Ажаа  Монгол руу нэг онго­цонд хамт ирсэн. Ажаа дэлхийн аварга Хятадын шатарчин Хоу Ифаныг хожсон. Намайг дэлхийн аварга болчихсон гэдгийг мэдээд ажаа намайг “Сайн байна” гэсэн. Эгчтэй би шатар тоглодоггүй. Хоёр удаа л тоглож байсан. Харам­салтай нь хожиж чадаагүй ээ.

Миний дүүгийн мөрөөдөл юу вэ?

-Би
Гарри Каспаров шиг шатар­чин болох юмсан гэж мөрөөддөг. Сайн бэлтгэлээ хийгээд байхад болох байх аа.

Чамд олон шатар байдаг уу?

-Зөндөө
л шатар байдаг.

Чи өмнө нь ямар ямар ам­жилт гаргаж байсан бэ?

-Анх
дөрвөн настай “Цодгор хүү” тэмцээнд ороод хожигдож байсан. Анх цэцэрлэгт байхдаа мөнгөн медаль хүртсэн. Надад 10 гаруй медаль бий. Ноднин Азийн аваргын блиц, рапид, уртын тоглолтоос гурван алтан медаль хүртэж байсан. Одоо надад есөн алтан медаль байгаа. Би алтан медаль авах дуртай. Хожигдох дургүй.

Түрүүн (өчигдөр) Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдтай уулзсан гэсэн. Сайд юу гэж захиж байна?

-Надад
гурван зүйлийг захисан. Эхлээд аав, ээжийнхээ үгэнд сайн ор. Дараа нь сайн шатар тогло. Гуравт нь эх орныхоо нэрийг дэл­хийд гаргаарай гэсэн.

Аав, ээжийнхээ үгэнд ордог биз дээ?

-Гайгүй
ээ. Хааяа би ээждээ тусалдаг.

Хэр зэрэг сахилгагүйтдэг вэ?

-Хааяа
сахилгагүй. Хааяа гай­гүй. Зарим үед галзуу үймүүлмээр санагддаг. Хоёр дүүтэйгээ зарим­даа галзуу чанга орилох дуртай.

Багш тань чамайг тоглох гэж байхад юу гэж захиж байв?

-Ийм
гараагаар нүүгээрэй гэсэн. Миний гараа шиг гараагаар нүүсэн хүүхэд байгаагүй.

Дэлхийн аваргад явахдаа сургуулиасаа чөлөө аваад явсан уу?

-Аав
тэрийг мэдэж байгаа.

-14 хоногийн хичээл хоцор­чихсон, хичээлээ нөхөх хэ­цүү байх даа. Эсхүл дэлхийн аварга болчихсон юм чинь гайгүй юм болов уу?

-Аанхаан.
Гайгүй байх аа гэж бодож байна.

Хүмүүс медаль авахаараа гурав хоног хүзүүнээсээ сал­гадаггүй юм байна лээ. Чи алтан медалиа хэд хоног хүзүүндээ зүүсэн бэ?

-Тийм
үү. Би мэддэггүй ш дээ. Хоёр гурван цаг л зүүж байсан. Унтахдаа би медалиа зүүж унтаж үзээгүй.

Чамайг дэлхийн аваргаас ирэхэд ямар ямар хүмүүс тоссон бэ?

-Зөндөө
л хүмүүс байсан. Манай хамаатан садангууд гээд бүгд тоссон.

Дэлхийн аварга болсон гээд хүмүүс зөндөө бэлэг өгсөн үү?

-Олон
бэлэг өгсөөн. Зөндөө цэцэг байсан. Аав цэцэгнүүдийг нь усанд хийчихсэн.

Дэлхийн аварга болчихсон юм чинь сургуулийнхан чинь чамайг таньдаг болоод гоё байна уу?

-Угаасаа
намайг бүгд таньдаг ш дээ.

Хамгийн удаандаа хэдэн цаг шатар тоглож байна вэ?

-3-4 цаг тоглодог. Хамгийн хурдандаа 3-4 минут. Аавтай хааяа блиц тоглолт буюу таван минутын тоглолт хийдэг.

Аавыгаа хожиж үзсэн үү?

-Аавыг
хождог. Би гэхдээ аавыг зальдаж хождог. Аав дүүг авах гээд явахдаа цагаа зогсоочих гэдэг юм. Харин би цагаа зогсоолгүй хэдэн секунд явуулчихдаг. Харин би ээжтэйгээ гурван удаа шатар тог­лохдоо нэг хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсон.

Ямар үгийг хэлэх дуртай вэ?

-“Нүүдэл
болгон хариуцлага тоглолт болгон хожил” гэж манай аав надад зааж өгсөн.

Өвөө нь мундаг ша­тар­чин уу?

-Мундаг
байлгүй яахав. Манай өвөөг шатрын спортын мастер Н.Түвшинтөгс гэдэг. Өвөө л намайг анх шатарчин болгоно гэдэг бай­сан. Сая шатрын Сурагчдын дэл­хийн аварга болоход аав хэлсэн амандаа хүрсэн.

Яаж хэлсэн амандаа хүрсэн юм бэ?

-Намайг
Грек рүү явахад “Миний хүү Сурагчдын дэлхийн аварга болох юм бол аав нь том гар утас авч өгнө” гэсэн юм. Би дэлхийн аварга болсон болохоор аав хэлсэн амандаа хүрч “Sony” гээд том гар утас авч өгсөн. Энэ утсан дээрээ би олон тоглоом татсан байгаа.

Компьютер хэр тоглож байна?

-Аав,
ээжийг ажилдаа явсан хойгуур нь би хааяа компьютер дээр тоглодог. Тэгэхгүй бол аав, ээж хоёр тэр болгон компьютер тоглуул­даггүй. Компьютерийн шатрыг харин тоглодог шүү.

Компьютерийг хождог уу?

-Хождог.
Манай аав аягүй зальтай.

Яаж байна?

-Миний
нүүсэн нүүдлийг аав компьютер дээр дагаж нүүдэг. Хариуд нь компьютер яаж нүүхийг харж байгаад надтай тоглохдоо тэгж нүүдэг юм.

Аав чинь компьютер дагаж нүүгээд байна уу?

-Харин
тийм. Гэхдээ би хож­чихдог. Нэг удаа л харин тэнцсэн.

Бидний дунд ийм нэгэн энгийн яриа өрнөсөн юм. Түүний хувьд алтан медаль хүртсэн гээд хөөр­цөглөөд байхгүй хоёр дүүтэйгээ хамт тоглох дуртайгаа хэдэнтээ дурсаад авсан. Төгстөмөрийн аав, ээж нь хүүгээ сайн шатарчин болгох гэж сарын 3000 еврогоор Герман дасгалжуулагч Леонид Роговей багшийг хөлсөлдөг аж. Төгстөмөр багштайгаа уулзаад байдаггүй ч цахим ертөнцөөр нүүр нүүрээ харан нүүдлийнхээ тухай ярилцдаг гэсэн. Түүний аав Есөн­төмөр одоо ивээн тэтгэгч хайх хэрэгтэй байна гэж байсан. Мон­голчууд улсын цол авсан хөлстэй хэдэн бөхөө аймаг сум дамнуулан шагнаж урамшуулдаг. Гэтэл Мон­голын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж явна. Тэдэнд туслах компани тэр бүр олдоод байдаггүй бололтой юм билээ. Сүүлийн жилүүдэд ой тогтоолтын дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн хүүхдүүд, 500 гаруй хүүхэд оролцсон математикийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн Э.Төрбатаас эхлээд Монголын сор болсон олон сайхан хүүхдүүд оюуны төрөлд өндөр амжилт гар­гасан. Тэднийг хэн ч тоож байгаа­гүй. Монголчууд адгуус, хөлстэй бөхчүүдийг дэмждэг шигээ оюуны хүмүүстээ ч гэсэн анхаарал хандуулмаар санагдаж байлаа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар төсвийн мөнгө баруун солгойгүй цацсаныг нотлох аудитын дүгнэлт гарчээ

ГовьАлтай аймгийн АНынхан УИХын ги­шүүн Ж.Энхбаяр, Ц.Даш­дорж нарыг АТГт өгчээ. Энэ та­лаар тус аймгийн АНын дар­га О.Амгаланбаа­тараас дараахь тод­руул­гыг авав.

УИХын гишүүн Ж.Энх­баяр, Ц.Дашдорж нарыг яагаад АТГт өгөхөөр болсон юм бэ?

-2008-2012 оны пар­ламентад УИХ-ын гишүү­дэд тухайн сонгогдсон тойрогтоо зарцуул, бү­тээн байгуулалт хий гэдэг үүднээс төсвөөс мөнгө хуваарилдаг байлаа даа. 

Тэр мөнгийг хүмүүс “гишүү­ний” мөнгө ч гэж нэрлэдэг байсан. Гэтэл манай аймгаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүн энэ мөнгийг юунд зар­цуул­сан нь тодорхойгүй байсаар ирсэн. Гэтэл энэ хоёр улсын төс­вөөс жил бүр хуваарилсан мөнгийг юунд зарцуулсныг аудит шалгаад дүгнэлт гаргасан юм. Энэ дүгнэлт бидэнд ирсэн учраас дээрх ги­шүүдийн хууль зөрчсөн баримтууд ил болж бай­на. Тийм учраас энэ асууд­­лыг шалгаж өгөөч гэж АТГ-т өргөдөл гарга­сан юм.

Тэд нийт хичнээн тө­грөг үрэн таран хийсэн байна вэ?

-Аудитын
дүгнэлтээс харахад 10 саяас 200 сая төгрөгийг МАН-ын ги­шүүд, тойрон хүрээ­лэгч­дэдээ ямар ч сонгон шал­гаруулалтгүйгээр та­рааж өгсөн байгаа юм. Энэ мөн­гийг ямар нэгэн тендер хэлбэрээр олгосон тухай ямар ч баримт бичиг архивт алга. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 73 иргэнд 893,8 сая төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 16 иргэнд 231,5 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр олгожээ. Ийм маягаар 2009-2011 онд л гэхэд нэг тэрбум 700 сая төгрөгийг хууль бусаар иргэдэд тараасан аудитын дүгнэлт гарчээ. 2009 онд Говь-Алтай аймгийн хүнсний битүү захын барилгыг барихад зориулж,  200 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Энэ мөн­гийг авсан газар нь энэ мөнгөө эргүүлж төлөөгүй байна. Энэ нь аудитын шалгалтаар нотлогдсон. Энэ мэтчилэн олон баримт ауди­тын дүгнэлтэд бий. Нийтдээ 40 гаруй хуудас дүгнэлт шүү дээ. Ямар ч тендер, сонгон шалгаруу­лал­гүй­гээр төсвийн мөнгийг ингэж тараа­сан нь сонгуульд ялахын тулд иргэдэд бэлэн мөнгө тараасантай адил биз дээ. Тэд ингэж мөнгө тараасныхаа дараа 2012 оны сонгуульд орж, УИХ-д сонгогдсон байхгүй юу.

Тэд яг ямар хүмүүст төсвийн мөнгийг ийм маягаар тараагаад өгчихсөн юм бэ?

-Энэ
гишүүд төсвийн мөнгийг сонгуулийн менежер, шадар тус­лахууд, сумдын МАН-ын дарга нарт урамшуулал болгон өгч, тэд­ний бизнесийг дэмжих зорилгоор цац­даг байж. Сонгуулийн үр дүнд нөлөөлж, өөрсдийгөө парламен­тад дахин сонгуулахын төлөө иймэр­­хүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь аудитын дүгнэл­тээр ил болж байна. Тэгтэл Говь-Алтай аймаг хөгжлөөс хол хаягд­сан, ядуурал хавтгайрсан аймаг хэвээрээ байсаар байна. Уг нь төсвөөс тойрогтоо зарцуул гэж өгсөн мөнгийг зориулалтынх нь журмаар зарцуулсан бол өнөөдөр манай аймаг өнгөтэй өөдтэй болох байлаа. Ер нь төсвийн мөнгийг өөрсдийнхөө танил тал нөхдүүдэд тарааж өгчихөөд, тэрнийгээ гэрч­лэх баримт бичиг үйлдээгүй нь тодорхой болж байна. Тийм учраас өнөөдөр төсвөөс тойрогт зарцуул гээд өгсөн мөнгөнөөс Говь-Алтай аймагт тэр гээд заачих зүйл гарсангүй.

Дээрх хоёр гишүүнд энэ талаар мэдэгдсэн үү?

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж болон аймгийн Засаг дарга нарт анхааруулж зөвлөмж хүргүүлсэн байгаа. Тэдний хууль зөрчиж, дураараа загнасан явдал газар авчихсан байна. Төсвийн ийм их мөнгөөр сонгуульдсан хүмүүс өнгөрсөн 2012 оны сон­гуульд ялахаас өөр арга байгаагүй юм байна гэдэг нь эндээс тодорхой болж байна. Тиймээс манай айм­гийн АН, гишүүд дэмжигчид үүнийг зүгээр өнгөрөөхгүй, тэмцэнэ. Хуулийг уландаа гишгэсэн энэ байдлыг зогсоож, хууль хяналтын байгууллага авах арга хэмжээг нь авна гэж бодож байна.

Я.МӨНГӨН