Categories
редакцийн-нийтлэл

Сонгууль ийм л боллоо

Сонгуулийн үр дүн гарлаа. Ардчилсан
Ерөнхийлөгчийг сунгаж ажиллуулахаар бол­лоо. Ард түмний олонхи нь ийн шийдэж. Сонгуулийн
өмнө “Сант марал”-ын судал­гаа Ц.Элбэгдорж 54, 
Б.Бат-Эрдэнэ 37, Н.Удвал 9 хувьтай байгааг зарласан.  Мөн “МРО” судалгааны төв хэд хэдэн сонгуулийн
өмнө судалгаа хийхдээ ханатай гаргаж бай­сан. Тус  төвийн судалгаа олон  нийтэд хүрээгүй ч хэвлэ­лийнхэн бидний олж мэдсэ­нээр
сонгуулийн өмнө   тэд­ний судалгааны дүн
“Сант марал”-аас нэг их хол зөрөө­гүй гарч ирсэн. “МРО”  судал­гааны төвийн дүнгээс хара­хад Ц.Элбэгдоржийг
53.6,  Б.Бат-Эрдэнэ  38, Удвал 8.4 хувьтай байна гэсэн.  Судал­гаа багцаатай байгааг сон­гуулийн үр дүн
харуулсан. Ерөнхийдөө судалгааны  дүн  5 функтээр хэлбэлзэж болдог гэж үздэг.  Тэгэхээр сонгуу­лийн үр дүн Ц.Элбэгдорж   50.22 хувиар ялалт байгуулж, Б.Бат-Эрдэнэ
41.48, Н.Удвал  6.51 хувийн санал авлаа. Хэдийгээр  хувь нь бага зө­рүү­тэй харагдавч  Ц.Элбэг­доржид  100 гаруй мянган хүн илүү санал өгсөн байгаа юм.   Н.Удвалын авсан саналыг  Б.Бат-Эрдэнийнх дээр нэ­мээд ч Ц.Элбэгдоржийн
авсан са­налд хүрэхгүй байна. Энэ бүгдээс харахад сонгуулийн өмнөх судалгааны дүнгүүд   шинжлэх ухааны үндэстэйг нотолж байна. Ямартай
ч сонгууль дуусч, нэр дэвшиг­чид маань урьд хийдэг, хийд­гээ л үргэлжлүүлэхээр болов.
Энэ удаа ялагчаар  Ц.Эл­бэг­дорж тодорсон.
Одоо бол хэн ялав гэхээс биш хэдэн хувиар ялав гэдэг тийм ч чухал биш. 

Өмнөх сонгуулийн ирц 73.59  хувьтай байлаа. Харин энэ удаа ирц 63.89 болж,
арван хувиар буурчээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн
ирц жилээс жилд буурсаар байгаа нь ажиглагдав. 

Энэ сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аваргад
хувь хүнд  нь илүү санал өглөө.   Ард олны хайрлаж хүндэлдэг их аварга гэдгээрээ
чамгүй санал авчих шиг   боллоо. Энэ нь хувь
хүн талаас нь харж дэмжлээ гэсэн үг. Тэрээр чамгүй сайн өрсөл­дөгч байлаа. Түүнийг
ийм өндөр санал авахад  зүүн аймгийнхан их
нөлөөлсөн байх. Нутгархах үзэл үүнд хувь нэмрээ оруулж дээ гэж харагдлаа. Баруун
аймгаас дандаа Ерөнхийлөгч төрж байсан учир 
зүүн зүгээс  Ерөнхийлөгч төрүүлчихье
гэж бодсон байх талтай.    Б.Бат-Эрдэнэ аварга
хэрэв намын нэр хүнд нь сайн байсан бол яалаа ч билээ. Намын нэр хүнд унасан, өрсөлдөгч
гол нам АН  эрх барих хугацаан­даа тэдний
хорин жил хийгээ­гүйг хийж байгаа зэрэг олон хүчин зүйл түүний ялагдалд нөлөөлсөн
болов уу. Мөн намын томоохон лидерүүд аваргыг  
дэмжсэнгүй. Ёстой л бор зүрхээрээ яваад байсан. Хүссэн ч, эс хүссэн ч Ө.Энх­түвшин
намын даргын үүргээ биелүүлж түүнийг дагаж яв­сан байх.  Сонгуулийн өмнөх   фракцуудын дотоод зөрчил ч үүнд нөлөөлсөн болов
уу. Сонгуулиас хойш МАН-ын залуус намдаа шинэчлэл хэрэгтэй болсныг зарлаад эхэлснээс
энэ нь бүр ч тодор­хой болж байна. Ажиглагчид 
МАН-ынхныг аваргаар туг тахичихлаа гэсэн байр суурь илэрхийлж байгаа.

Манайхан сонгууль өгөөд сурчихаж.
Гэхдээ сонгогчийн боловсрол төдийлөн сайн биш байгаа нь бас л харагдаж байна. Хэн
улс орны төлөө юм хийж чадна гэдгээсээ илүү­тэй, олны танил хайрлаж хүндэлдэг хүн
гээд санал өгнө гэдэг бол  утгагүй юм. Яагаад
аваргыг дэмжиж байгааг нь асуухаар “Сайхан бөх, нү­дэнд дулаахан, гадныхан Монгол
Улсын Ерөнхийлөгч ямар сайхан хүн байдгийг харна” ч гэх шиг сонин тайл­бар хэлж
байгаа юм.  Ерөн­хий­лөгчид бөх хүн дэвшиж
болно л доо. Болохгүй юм огт байхгүй. Харин улс орныг удирдаж авч явж чадах уу,
гадаадад Монгол Улсаа тө­лөөлж чадах уу, авлигатай тэмцэж чадах уу гэдэг бол өөр
хэрэг  юм.   

Ерөнхийлөгчид нэр дэвш­сэн Н.Удвалын
хувьд Н.Энх­баярыг сонгуулийнхаа гол пиар болголоо. Нэг ёсондоо өрөвдүүлэх тактик
барилаа. “Намын дарга нь шоронд байгаа шүү” гэж өрөвдүүлээд л санал  авсан. Удвал энэ удаа анх удаа эмэгтэй хүн нэр
дэвшсэн гэдгээрээ онцлог байв.  Тэрээр ийм
том өрсөл­дөөнд эрчүүдтэй хүч үзсэн гэхэд үүргээ сайн биелүүлж оролцлоо. Улс орныг
удир­даж яваа хүчирхэг хүүхнүүд цөөнгүй ч манайхан ямартай ч энэ удаа эмэгтэй Ерөн­хий­лөг­чийг
сонгосонгүй.  Үнэндээ  олон хүний 
таамаглаж бай­санч­лан саналыг л Н.Уд­вал авлаа.

Ц.Элбэгдоржийн хувьд өмнө нь хийж
байсан ажлын үр дүн, АН-ын нэр хүнд зэрэг нөлөөлж   сонгогдлоо. 
Тэрээр дахин сонгогдсон нь ард тү­мэн өнгөрсөн дөрвөн жилд түүний хийсэн
ажилд сайн дүн тавьж, үргэлжлүүлэн ажиллуулах боллоо.  Мөн авлигатай хатуу тэмцэж эхэл­сэн нь нөлөөлсөн.
Нэр дэв­шүүл­сэн намын хүчин зүйл ч хүчтэй нөлөөллөө. Улс төр­чийн­хөө хувьд дэлхийд
Мон­голыг төлөөлж чадна гэдгээр нь харж сонгосон сонголт болов. Түүнд бүг­дээрээ
мэ­дээж дуртай байгаагүй. Тийм хүмүүс эсрэг намд нь санал өгсөн байх. Дээр нь авлигын
асуудлаас үнэндээ айж бай­сан. Б.Бат-Эрдэнийг дэм­жих хүсэлгүй ч Ц.Элбэгдоржийг
сонгохоос айж байсан хүн олон байх.  Зарим
хэсэг нь ч нэр дэвшигчдийн хувийн бо­ловс­ролыг харьцуулж, сон­гол­тоо хийсэн болов
уу.

Ерөнхийдөө сонгогчид хэнд саналаа
өгөхөө мэтгэл­цээ­ний өмнө ихэнх нь шийд­сэн гэдэгтэй эргэлзэх хүн байхгүй.  Харин эргэлзэж байсан хүмүүсийн хувьд мэт­гэл­цээн
баталгаажуулж өг­сөн. Анзаарч байхад Ц.Эл­бэг­дорж мэтгэлцээний үед нэ­лээд жолоогоо
татаж ярьж байсан.  Магадгүй  зөвлөгөөг сайн дагасан бололтой. Учир нь нөгөө
хоёр нь мэдээж яаж ч ярьсан түүний дайны ярихгүй, тиймээс хэт илүү харагдвал ард
түмний өрөвдөх сэтгэл эргэчихэж болзошгүй гэж үз­сэн байх.

Энэ удаа мэтгэлцээн дэн­дүү уйтгартай
байсан.   Олон жил явж ирсэн энэ арга хэл­бэр
нь мэтгэлцээн гэхээсээ илүүтэй асуултад ээлж да­раа­лан хариулсан  бай­дал­тай болов. Дунд нь нэг сэдэв өгөөд тэд
хоорондоо мэт­гэл­цэх ёстой байлаа. Гэ­тэл 
сэт­гүүл­чийн асуултад хариу­лаад л дууссан. 

Угтаа Б.Бат-Эрдэнэ авар­га авлигын
тухай  саналаа хэлэхэд Ц.Элбэгдорж “Би үүн­тэй
санал нийлэхгүй, энэ чинь ийм” гэж ярихад Н.Удвал бүр өөрөөр тэр хоёрыг үгүйс­гэж
ч юм уу, дэмжиж юм уу ярих хэрэгтэй байсан. Эсвэл Ц.Элбэгдорж өөрийн сана­лаа хэлэхэд
Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ хоёр дэмжих юм уу, үгүйсгэж гэх мэтээр жинхэнэ утгаараа мэтгэлцэх
хэрэгтэй байв. Хоорондоо маргаж мэт­гэл­цэхгүй, зүгээр л сэтгүүл­чийн асуултад хариулаад
байсан нь нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ, тэр асуудлыг хэрхэн шийдэх, хэн нь үнэ­хээр
улсынхаа төлөө ажил­лаж чадах зэргийг нь тод­руулж харуулахгүй  бай­лаа. Дараагийн сонгуульд мэтгэл­цээн гээчийнхээ
арга хэл­бэ­рийг өөрчлөхгүй бол сонгогч­дод төдийлөн нөлөөлөхөөр­гүй, ёс төдий зүйл
болж хуви­рах талтай.  Мөн сонгуулийн өмнө
ганцхан удаа биш, хэд хэдэн удаа мэтгэлцээн явуул­бал зохистой мэт.

Нэр дэвшигчид пиараар биш, мэтгэлцээнээр
хэн нь хэн бэ гэдгээ харуулчих ёстой юм. Пиарын хувьд МАН нөгөө нам руугаа хэт их
дайрсан, нэр дэвшигчээ сурталчла­хаас илүү нөгөө намынхаа нэр дэвшигчийг  өөлж,  гоо­чил­сон
нэвтрүүлэг,  мэдээ материалууд цацсан  нь тө­дий­лөн үр дүнд хүрсэнгүй. АН угаас бие
бие рүүгээ худал гүтгэлэг тараахгүй, аль болох шударга өрсөлдөх санал гар­гаж байсан
нь авууштай байв. Мэтгэлцээн болохын өмнө МҮОНРТ-ийнхнийг МАН, МАХН-аас нэр дэвшигчдийн
багийнхан нэлээдгүй сандар­гасан мэдээлэл байна. Тэд зохион байгуулагчдаас асуул­таа
өгөхийг шаардаж, тэр ч бүү хэл хөтөлж явуулах сэтгүүлчдийг нь ч голж шилсэн аж.

Сонгууль хэдийгээр гур­ван намаас
нэр дэвшигчийн хооронд болсон ч гол өрсөл­дөөн 
МАН, АН-ын нэр дэв­шигч­дийн дунд болсон. Гэх­дээ Н.Удвал үүргээ гүйцэт­гэсэн.
Өөрийн намтарт шинэ хуудас нэмсэн, улс төрийн туршлага суулаа. МАН хэдий­гээр Америк
стилиэр сонгуу­лиа хийх гэж оролдсон ч тэр нь монгол хөрсөнд буугаа­гүй­гээр барахгүй,
хэлбэрийг нь авснаас агуулга талдаа ал­даа гаргасан.  Мөн намын хуучинсаг  үзэл баримтлал нь сонгуулийн технологид нь муугаар
нөлөөлсөн. Харин АН маш шинэлэг, зөв такти­каар өрсөлдлөө.  

Ямар ч байсан сонгууль элдэв асуудал
дагуулсангүй, харьцангуй тайван сайхан болж өнгөрлөө.  Ялагдсан нам ялагдлаа хүлээн зөв­шөөрч, намын
залуу үе нь шинэчлэл хэрэгтэй болсныг албан ёсоор зарлалаа. Гэх­дээ зөвхөн хөгшчүүдээ
залуу­чуу­даар  сольсноор шинэч­лэл болохгүй.
Бодло­гын,  үзэл санааны шинэчлэл хийх хэрэгтэй
болжээ, МАН-д.  МАН бол том нам. Хэн ч үгүйс­гэхгүй.
“Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг бий. Хэдий хуучинсаг, хоц­рогд­сон
ч тэр том намын ноёрхол, өөрийн гэсэн дэм­жигчид байсаар байна.

Харин хэвлэлүүдийн хувьд  сонин, сайтуудыг Ерөн­хийлөгчийн сонгуулийн өмнөхөн
л  сурталчилгаа хийх хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээс
хасчихсан ч хуулинд хориглоогүй учраас үүргээ гүйцэтгэж ажиллалаа. Хаа очиж мэдээллийг
тэнцвэртэй хүргэж,  хар муухай мэдээлэл цацахгүй
байсан. Сонин хэв­лэлийн мэдээллийн нөлөө хүчтэй хэвээр байгааг  энэ сонгууль харуулж өгсөн шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Ц.МӨНХБАТ: Миний хоолойны чадал Ф.Киркоровын хэмжээнд хүрнэ

Дуучин Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Нэлээд хугацаанд уран бүтээл хийж харагд­сан­гүй. Одоо
юу хийж байна вэ?

-Хүний амьдралын жа­маар гэр бүлээ
бүтээх гэж тодорхой хугацаанд уран бүтээлээ хойш тавилаа. За­луу, тэгээд урлагийн
хүний ар гэр бат бөх байх хэрэгтэй гэж би боддог. Бат бөх гэр бүлийг бүтээх хамгийн
том хөшүүрэг бол санхүү. Мэдээж сэтгэл чухал л даа. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
гэж хувийн бизнес эрхлээд явж байна. Ямар ч байсан худлаа хэ­лэхгүй, хулгай хийхгүй,
эх орныхоо газар шороог худал­дахгүй амьдарч байна.

-Бүл нэмсэн үү. Та чинь хоёр хүүтэй байх аа. Гэр­гийгээ
танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Хоёр дүрсгүй залуутай. Гэр
бүлийн маань хүн МУИС-ийг гадаад харил­цаа­гаар төгсч дипломатч мэр­гэжил эзэмшсэн
сайхан бүс­гүй бий. МИАТ-д ажилладаг.

-Дуучин М.Үүрцайх та хоёрыг хөгжмийн зо­хиолч Л.Балхжавын
шоунаас төрсөн уран бүтээлчид гэдгээр нь манай уншигчид сайн мэднэ. Тэр ч утгаараа
та хоёрыг хамтдаа  уран бүтээл хийгээсэй гэсэн
хүлээлттэй хүн олон байх шиг санагддаг. Үүрээ юу хийж байгаа вэ?

-Тэгэлгүй яахав. Балхаа ахын шоунаас
төрсөн анхны дуэтууд шүү дээ. Үүрээ маань ээж болсон. Одоо  хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа.
Бид хоёрыг хүмүүс  Монголд болсон дууны анх­ны
уралдаанаас төрсөн дуу­чид гэж их ярьдаг. Тухайн үедээ шоунд орж зоригтой­гоор гарч
ирсэн болохоор хүмүүс сайн мэддэг байх. Ийм тэмцээнд ороод амжилттай дуулж болох
юм байна шүү гэсэн урмыг олон залууст өгсөн байх гэж боддог юм. Харин өнөөдөр  шоу, урал­даан, тэмцээн их болчихож.

-Та хоёр дахиад дуулах уу?

– Үүрээ бид хоёрын  хувьд урлагаас бүр хөндийрөөгүй. Өнгөрсөн хугацаанд
зүгээр суугаагүй.Саячын өвөл гэхэд  бид хоёр
“Хайр гэрэлтсэн харц” дуугаа сонсогчдодоо хүргэсэн байгаа. Одоо хоёр дахь цомгоо
гаргахаар бэлт­гэж байна. 

-Цомог чинь  хэзээ
бэлэн болох вэ. Өнгөрсөн на­мар цомог гаргана гэж ярьж байсан санагдах юм?

-Одоогийн байдлаар зуун хувь бэлэн
болчихсон тав, зургаан дуу байна. Энэ эр­чээрээ цомгийн ажилдаа шамдах юм бол ирэх
намар гэхэд бэлэн болчих байх. Бидний уран бүтээлийг дэм­жиж, сонсдог та бүхэндээ
шинэ цомогоо толилуулах болно гэдгээ амлаж байна. Тодорхой шалтгааны улмаас цомгийн
ажил  удааширсан нь үнэн.

-Ямар шалтгаанаар хой­шилсон юм бэ?

-Шинэ цомог маань анхны цомог шигээ
болох гээд бай­сан юм. Цомогт багтаж байгаа 
дуунууд маань өмнөхөөсөө ялгарахгүй адилхан болчих гээд болж өгдөггүй. Гэтэл
бидний уран бүтээлийг тэсч, ядан хүлээж байгаа 
сонсогч­додоо нөгөө л дуулдаг дуугаа хүргэвэл муухай биз дээ. Фэнүүдийнхээ
урмыг хугалж, нэгэн хэвийн уран бүтээлээр хуурах сэтгэл, хүмүүжил бид хоёрт  байхгүй. Тиймээс Үүрээ­тэйгээ ярилцаад хэсэг хугацаанд
цомгийн ажлаа ор тас барихгүй байхаар шийд­сэн. Арай өөр өнгө аястай цомог хийхээр
шийдсэн.  Уран бүтээлч хүний хувьд шинэ санаа
маш чухал. Дуу­гаа бүтээхдээ үг нь ямар байх уу, одооны залуус ямар үг хэрэглэж
байна гэдэг дээр нэлээд анхаарсан. Үгийн сонголтыг амьд бие гэж бод­вол цохилох
зүрх нь. Ялангуяа Үүрээ дууны үгэнд их ач холбогдол өгдөг. Сайн ч сонголт хийдэг.
Хамтарч уран бүтээл хийнэ гэдэг нэгэн санаанд дуу нэгтэй нэгдсэний үндсэн дээр бүтээл
туурвихыг хэлдэг гэж би боддог. Тэр дундаа дуэт дуучид нэг гэр бүл шиг байх ёстой.
Өөрөөр хэлбэл  би уран бүтээлийнхээ хувьд
ч гэсэн айл гэрийг авч явах ноён нуруу нь. Тийм болохоор шинэ санаа оло­хоос эхлээд
бүх зүйл дээр санаачлагатай ажиллахыг хичээдэг. Шинэ дууны үг ба­риад Үүрээ дээр
очихоор заримдаа  шүүмжилнэ. “Ямар панаалтай,
худлаа үг вэ” гэж ирээд хайр найргүй шүүм­жилнэ шүү дээ. Үүрээгийн нөлөө байсан
байх, аль бо­лох амьдралд нийцтэй, үнэн үгээр дуугаа амилуулахыг хүсдэг болсон.
Угаасаа уран бүтээлч хүмүүсийн нэг үүрэг бол хүмүүсийн  мэддэг хэрнээ анзаардаггүй зүйлийг  уран бүтээлээрээ илэрхийлэх гэж боддог.

-Тэгэхээр Үүрээ, Мөнх­бат хоёр  энэ удаа фе­нүүд­дээ  уянгын хайрын дуунаас арай зүйлээр бэлэг барина
гэж ойл­гож болох уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж хайрын дуугаа
дуулна. Гэхдээ хэдэн жилийн өмнө анх учирч буй залуусын хайр дурлал, үерхлийн тухай
дуулдаг бай­сан бол одоо арай өөр дуу дуулна. Дуундаа амьдрал шингээж дуулна. Бид
хоёр тус тусдаа өөрсдийн гэсэн амьд­ралтай аав, ээж болсон. Өөрөөр хэлбэл, намба
сууж, амьдралыг арай өөрөөр хар­даг боллоо шүү дээ. Тиймээс шинэ дуунууд маань хүртэл
гэр бүлийн утга учир юу байх ёстой, аз жаргалтай амьдрал гэж юу болох гээд илүү
өөр амьдралыг өгүүлнэ. “Нар атгасан амьдралын минь бэлэг, намайг дуурайсан хүү минь
хамгийн том бэлэг” гэж ирээд дуулна даа /инээв/.

-Саяхан та хоёрыг хамт­даа шинэ жүжгийн дуу дуулсан гэж
сонссон?

-Тийм ээ. Яруу найрагч, зохиолч Ш.Гүрбазар
ахын “Гэрээс” жүжгийн дууг дуулсан. Анх энэ жүжгийн дууг дуулаач гэсэн санал ирэхэд
нь зохиолыг нь уншиж үзсэн юм. Тэгсэн чинь маш их таалагдсан. Жүжиг маань бэлэн
нөгөөдрөөс үзэгчдийн хүртээл болж эхлэх байх. СУИС-ийн жүжигчний ангийг 2003 онд
төгссөн төгсөгчид энэ жүжигт  ангиараа тоглож
байгаа юм билээ. Арван дүр­тэй. Одоогоос арван жилийн өмнө яг арвуулаа төгссөн оюутнууд
олон жил уулзал­даагүй байж байгаад ойдоо зориулж жүжиг бүтээхээр шийдсэн юм билээ.
Хэдий цөөхөн хэд нь мэргэжлээрээ ажиллаж, бусад нь өөр өөрийн амьдралын зам мө­рөөр
явж байгаа ч оюутны ширээнд юу сурч мэдсэн, одоо болтол урлагтаа хайр­тай байгаа
гэсэн хүсэл тэмүүллээрээ уран бүтээл хийсэн. Олон жил уулзаагүй нэг ангийнхны уулзалтын
тухай өгүүлэх маш сайхан жүжиг. Дуу нь гэхэд л 
анд, нөхөрлөлийн утгатай гоё дуу.

-Та хоёроор дуугаа дуу­луулах ямар нэг шалт­гаан ч юм уу,
түүх бай­сан уу?

-Мэдэхгүй ээ. Бид хоёрын хоолойны
өнгө аяс жүжгийн зохиолтой зохицох байх гэж л бодсон байх. Үг нь хүртэл уянгын хэрнээ
энгийн аятай­хан. Жүжгийн зохиолтой танилцаад хэлэх гээд байгаа утга санаа нь таалагдсан.
Тэгээд шууд л бид хоёр дуу­лъя гэсэн. Удаан уулзаагүй нөхөд минь уярал асган
тэврэлдэхийн цагт хэлж амжаагүй бүхэн эзнээ хүлээн чимээлэх…
гэсэн үгтэй.  Үг нь үнэхээр таалагдсан. Яг л миний хэлэх гээд
байгаа бүх­нийг шүлгийн хэлээр хэлчих­сэн байсан. Би 14 жилийн өмнө арваа төгсч
байлаа.  Заримдаа ангийнхаа хүүх­дүүд­тэй
тааралдахаараа  “хэзээ ангиараа цугларах бол”
гэж ярьцгаагаад салдаг юм. Бид ч гэсэн уулзвал ийм гоё байх  болов уу гэж бодсон шүү. Дууг нь дуулахад л эрдмийн
өргөөнд шуугисан, гэнэн цайлган, дэггүй нас минь өөрийн эрхгүй нүдний өмнө урссан.
Тэгээд ч Гүрээ ахтай анх удаа драмын уран бүтээл дээр хамтарч ажил­лалаа. Энэ чиглэлээр
хэр хол явахаа мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодоод хамтарч ажилласан. Магадгүй хүмүүст
хүрээд хол явах ч юм билүү /инээв/. 

-Ингэхэд та СУИС төгс­сөөд хэдэн жил болж байна вэ?

-Найман жил болж байна. 2005 онд СУИС-ийн
дуулаа­чийн мэргэжлээр дүүргэж байлаа.

-Цаашдаа ганцаараа уран бүтээл хийе гэж боддог уу?

-Оросын дуучин Филипп Киркоровын уран
бүтээлийг голдуу сонсдог. Түүний өнгө аястай төстэй уран бүтээл хийхийг боддог.
Миний хоо­лойны чадал тэр чинээнд хүрнэ. Энэ утгаараа ганцаа­раа дуулсан нэлээд
хэдэн дуу бий. Гэхдээ  анхнаасаа дуэт дуулаад
олонд хүрсэн бо­лоод ч тэр үү хамтарч уран бүтээл хийхийг илүүд үздэг. Яагаад ч
юм нэг байхгүй болохоор айл эзгүйрдэг шиг санагддаг.

-Одоо уран бүтээлийн ажилдаа эрчтэй орсон юм чинь тоглолт
хийх үү. Манай урлагийнхан хэ­сэг нам гүм байж бай­гаад эргэн тайзнаа ирэхдээ тоглолт
хийдэг жишиг байдаг шүү дээ?

-Бие даасан тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр
хийдэг. Аяндаа хийх байх.

-Дуэт дуучдын хувьд хоорондоо нэр холбог­дох тохиолдол
гардаг. Энэ байдал та хоёрыг ч тойроогүй. Одоо тус тусдаа гэр бүл зохиосон ч хааяа
эхнэр тань хар­дах ч юм уу асуудал тулгардаг уу?

-Бид хоёрыг хамтарч уран бүтээл хийснээсээ
хойш гэр бүлээ зохиоцгоосон шүү дээ. Хэрвээ Үүрээ бид хоёрын хооронд ямар нэг харилцаа
байсан бол ингээд тус тусдаа амьдрал зохиогоод явахгүй байсан. Тийм болохоор бид
хоёрын гэр бүлийн зүгээс хардаж, сэрдэх ч юм уу ямар нэг  асуудал үүсгэдэггүй.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хятадын цэргүүд Бутаны хил рүү дайрчээ

Энэтхэгийн
“Times now” мэдээний сувгаар
Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд хил залгаа орших Бутаны вант улсын хил
рүү довтолсон талаар мэдээлжээ. Хятадын цэргүүд Энэтхэгийн гол үнэнч холбоотон
болох тус улсын хилийг нэвтрэнгүүтээ  өөрсдийн
гурван ч хуаранг байгуулан харуул хамгаалалтаа чангатгасан гэнэ. Сануулахад
өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Хятад Улс 
маргаантай нэг  нутаг руу дайрч
байсан удаатай. Тэр нь Энэтхэгийн Ладакх. Хоёр улсын хооронд орших цэрэггүй
зурвас  4057 км үргэлжилдэг юм. Тухайн
үед Энэтхэгийн тал хил дээр байрлуулсан бункерүүдээ холдуулсан нөхцөлд Хятадын
тал цэргүүдээ эргүүлэн татахаар ярилцаж 
тохиролцоонд хүрч байв.  Энэ үйл
явдал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Энэтхэг Улсад айлчлахаас
өмнө болсон юм. Уг довтолгоо  хоёр талын
харилцаанд сэв суулгасан хэрэг болж байв.

“Тimes
Now” телевиз дээрх мэдээг Энэтхэгийн
тагнуулын албаны эх сурвалжийн өгсөн мэдээлэл дээр  үндэслэн цацжээ.   Тус агентлагийн уламжилснаар Хятадын тал
өмнө нь буюу  өнгөрсөн тавдугаар сарын
28-нд довтлох газар руугаа 
урьдчилсан  тагнуулын ажиллагаа
явуулж байжээ. Одоогийн байдлаар Бутаны хүчний байгууллагын зүгээс бие даан
ямар нэг хариу арга хэмжээ авч чадаагүй байгаа аж. Учир нь хэдхэн мянган
цэргээс бүрдэх Бутаны армийн хувьд 
эсэргүүцэл үзүүлэх боломжгүйгээс гадна хангалттай  хэмжээний техник ч байхгүй билээ.

  “Times
Now”-д дурдсанаар Бутанд байлдааны
онгоц байдаггүй гэнэ.  Армийнх нь
хэмжээнд Орост үйлдвэрлэсэн “Ми-8” нисдэг тэрэг долоо, Германд үйлдвэрлэсэн
хуучны үеийн  “Dornier 228” хэмээх загварын нэг онгоц л байдаг аж.
Харин Энэтхэгийн цэргүүд тус улсад өөрсдийн цэргээ байрлуулж, батлан
хамгаалахын чиглэлээр сургуулилт явуулдаг байна. Мөн Энэтхэгийн  инженерийн цэргүүд тус улсад олон тооны зам,
гүүр, нисдэг тэрэг буух талбай байгуулж байжээ. Үүнээс гадна  “Паро” хэмээх нисэх онгоцны буудал ч барьж
өгсөн гэдэг. Хэрэв Бутаны тал Энэтхэгийн зэвсэгт хүчнээс дэмжлэг авахыг хүсвэл
туслахад бэлэн гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ  Энэтхэг улс дэмжлэг өгөх тал дээр эргэлзээтэй
байгаа гэх мэдээлэл ч байна.  Тус улс
Бутантай адил хилийн маргаантай асуудлаар Хятадтай саяхнаас тохиролцоонд хүрч
чадсан тул дээрх асуудалд хөндлөнгөөс оролцох гэж  яаравчлахгүй байгаа бололтой.  Хятадын тал хил залгаа орших Энэтхэг, Бутан
улсын хил рүү ийн ойр ойрхон дайран орсон  үйл явдлыг 
дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Хятад
Улс хилийн маргаантай асуудлаа Бутан Улсын тухайд яаж шийдэх нь цэнхэр гаригийн
анхаарлын төвд байна. Дэлхийн улсуудын сонирхлыг аль хэдийнэ татсан энэ асуудал
манай улсын хувьд ч анхаарахгүй орхиж болохгүй сэдэв билээ.  Манайтай хил залгаа оршдог урд хөрш хилийн
маргаантай асуудалд  хэрхэн хандах  бол?

Д.Цэрэндолгор

Categories
редакцийн-нийтлэл

Зэсийн үнэ он дуустал тасралтгүй өснө

-ХЯТАД, ЕВРОП, АМЕРИКИЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ ЗЭС ЭКСПОРТЛОГЧ
УЛСУУДАД АШИГ АВЧРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ-

Энэ оны нэгдүгээр сард 8048 ам.доллар байсан зэс
хоёрдугаар сард 8070, гуравдугаар сард 7662, дөрөвдүгээр сард 7202 бол тас­ралтгүй
уруудсан.  Харин тавдугаар сараас 7228 болж
аажмаар өсч эхэллээ. Манай улсын “Мандал ассет менежмент”-ээс гаргасан таамаглалаар
оны эцэс гэхэд нэг тонн зэс 7000-7950 ам.долларын хооронд байх нь. Дэлхийн санхүү­гийн
нэр хүндтэй байгууллагууд энэ жил зэсийн үнийг хэд гэж таамаг­ласныг сонирхуулъя.
J.P. Morgan  7825, Barclays 7925, BNP
Paribas  7825, “Reuters” агентлаг 8818,
Morgan Stanley  8755, UBS  7495.7, Credit Suisse 8113, Macquarie Private
Wealth 7459  ам.доллар байна гэж төсөөлснөөс
харахад өмнөх жилүүдийн өсөлт шиг огцом биш ч аажмаар нэмэгдэх нь тодорхой болж.
Нью-Йоркийн биржийн Сотех зах дээр ирэх долдугаар сард хүргэх гэрээтэй зэсийн тонн
тутмын үнэ нэг хувиар өсөхөөр болсон гэх таатай мэдээ байна.

Сүүлийн саруудад зэсийн үнэ тасралтгүй уруудсан
шалтгааныг  шинжээчид Лондон, Нью-Иоркийн
металлын бирж дэх зэсийн нөөц нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Нийлүүлэлт их
тохиолдолд  үнэ буурдаг нь зах зээлийн жам.
Зэсийн үнэ буурсан дараагийн шалтгааныг эдийн засагчид  Хятад гэдэг аварга зах зээлийн хэрэглээ буурсантай
холбож байлаа. Энэ оны хоёрдугаар сараас зэсийн баяжмалын үнэ буурч эхэлсэн нь нэг
талаасаа Хятадын цагаан сар­тай холбоотой. Хятадын хайлуулах үйлдвэрүүд баярынхаа
үеэр баяж­мал нөөцлөх ажлаа зогсоосон юм. Цагаан сар, Хятадын коммунист намын их
хурлын дараа бүтээн байгуулалт эхэлж зэсийн үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч
урд хөршийн Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ
зарласан билээ. Энэ мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж, зэсийн нөөцийн
хэмжээ гуравдугаар сарын сүүлчээр Шан­хайн бирж дээр гурван хувиар нэмэгдэж байв.
Тэр үед Лондон­гийн металлын биржийн нөөц 2875 тонноор нэмэгдэж  56530 тонн болж байлаа.

Энэ удаагийн үнийн өсөлтийг  шинжээчид 
дөрвөн  өнцгөөс харж байна. Эхнийх
нь  шалтгаан зэсийн томоохон нийлүүлэгч Индонезийн
уурхайн осол. Тус улсын Грасберг уурхайд өнгөрсөн сарын 14-нд хонгил нурж, 28 ажилтны
аминд хүрсэн юм. Уурхайг техникийн саатлын шалтгаанаар түр хуга­цаанд хаагаад байгаа.
Грэсберг бол дэлхийн зэсийн хамгийн том ил уурхайнуудын нэг. Хүчин чад­лаараа дэлхийд
хоёрт ордог энэ үйлдвэр  Хятадад бүтээгдэхүүнээ
борлуулдаг. Үүнээс болж Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хүнд байдалд ороод эхэлчихэж.
“Рой­терс”-ийн мэдээллээс харахад тус улсын зэс хайлуулах үйлдвэрүүд манай Оюу толгойд
нэлээд найд­лага тавьж байгаа бололтой. Хятад Улс цэвэр зэсийн хэрэглээ үйлд­вэрлэлээрээ
дэлхийд дээгүүрт ордог. Индонезийн уурхайгаас болж Хятадын хэд хэдэн үйлд­вэрийн
үйл ажиллагаа хэцүүхэн байдалд орж эхэлжээ. Зарим жижиг үйлдвэр нь хаалгаа барьсан
гэх мэдээ байна. Судлаачдын үзэж байгаагаар бол Грэсберг үйлдвэр гурван сарын хугацаанд
зогсч магадгүй байна. Үйлдвэр нь зогс­чихоор Индонезийн экспорт буурах нь тодорхой.
Тэгэхээр ойрын хэдэн сардаа нийлүүлэлт нь багасчихаар зэсийн үнэ өсөх нь ойлгомжтой
байна.Тодруулж хэлбэл он дуустал зэсийн үнэ өсөлттэй байх бодитой үндэслэл гараад
ирчихэж.

Зэсийн үнэ аажмаар өсч эхэлсэн дараагийн шалтгаанаар
Монголын Оюу толгойг нэрлэж байна. Оюу толгойн зэсийн баяж­малын экспорт хойшлоод
байгаа нь зэсийн нийлүүлэлтийн хомс­долд нөлөөлж байна гэж “Ройтерс” мэдээлжээ.
Commerzbank-ны шинжээчид Оюу толгойг дэлхийн зэсийн нийлүүлэлтэд том нөлөө үзүүлнэ
хэмээн онцолж байгаа. Энэ жилийн улсын төсөвт “Эрдэ­нэт”, “Оюу толгой”-гоос нийлээд
945 мянган тонн зэсийн баяжмал экспортолно гэж тооцоод буй. АМГ-ын тооцоогоор баяжмалыг
цэвэр зэсэд шилжүүлж тооцвол Эрдэнэт үйлдвэр энэ онд 122, Оюу толгой 111 мянган
тонныг гаргах юм.

Дараагийн нааштай хандлага нь Европын эдийн засаг.
Евро тивийн эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч эхэлснээс хойш зэсийн эрэлт ихэсч
магадгүй гэсэн өөдрөг таамгийг  шинжээчид
хэлэх болсон.

Өнгөт металлын ассоциациас зэсийн хамгийн том
хэрэглэгч Хятад Улсын зэсийн хэрэглээ энэ онд 8.3 саяд хүрч, өмнөх оныхоос өснө
гэсэн таамаг тооцоо гаргасан нь зэсийн үнэ өсөх дөрөв дэх шалтгаан болж байна.  БНХАУ, АНУ, Япон зэрэг орнуудын зэсийн хэрэглээ
сүүлийн үед мэдэгдэхүйц өсч байгаа.  Зэсийн
үнэд нөлөөлөх гол хүчин зүйл бол Хятадын макро эдийн засгийн үзүүлэлт гэж эдийн
засагчид он­цолж байна. Одоогоор энэ үзүүлэлт тийм өндөр биш байгаа. Гэхдээ наашлах
байх гэсэн таамаглал бий. Оны эхний хагасын байдлаар Хятадын зэсийн хүдэр, баяжмалын
импорт өмнөх оны өдий үетэй харьцуулахад 
30 гаруй хувиар өссөн гэх статистик байна. Эндээс харахад Хятадын эдийн засаг
сайн биш байгаа ч эрэлт багагүй үүсчээ. Эрэлт байна гэдэг манай хувьд олзуурхмаар
мэдээ.

Дэлхийд зэсийн эрэлтийн өсөлтөөс гадна зэсийн
үйлдвэрлэл өснө гэж  “BNP Paribas”  таамаглаж байна. Тэдний таамаглаж байгаа­гаар
энэ онд зэсийн үйлдвэрлэл 6.9 хувиар өсөх нь. CPM группын Судалгааны газрын захирал
Катерин Вирга “Оюу толгой зэрэг хэд хэдэн том зэсийн орд 2013 онд үйлдвэрлэлээ эхлүүлнэ.
Энэ онд зэсийн үнэ 8000 ам.доллараас буухгүй ” гэж онцолжээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

“УБЦТС” компанийн хүнд суртал дийлдэхээ байжээ

Хаана ч байхгүй хүнд суртал “Улаанбаатар ца­хилгаан түгээх сүлжээ”
ХК-д  байдаг гэж  иргэд шүүмжилдэг. Энэ бай­гуул­лагаар үйлчлүүлэх
гэсэн иргэд үгээ хэлж, аргаа бардаг гэнэ. Уг нь бүх албан байгууллага, аж ахуйн
нэгжүүд аль болох нээлттэй, түргэн шуурхай 
үйлчлэх зорил­го тавин “Нээлттэй хаал­ганы өдөрлөг”, “Нэг цонх­ны үйлчилгээ”
явуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулж шинэч­лэгдэж байгаа юм. Гэтэл өнөөдөр
социализмын сэтгэлгээнээсээ  салаа­гүй, даргаасаа
эх­лээд засварчид нь хүртэл хүнд суртал гаргаж, аж­лаа хийхгүй олон хүнийг бухимдуулж,
хохироож байгаа газар бол “Улаан­баатар цахилгаан түгээх сүлжээ компани” гэж байгаа.

Тус байгууллага иргэдэд хэрхэн үйлчилж, ажлаа
яаж хийдэг тухай сурвалжилсан юм. 

Иргэд “Улаанбаатар цахил­­гаан түгээх сүлжээ”
ХК-ийн Зүүн түгээх төв рүү зал­гаж дуудлага өгөх гээд чадах­гүй өдрийг бардаг гэнэ.
353580, 353570  дугаартай диспетчирийн утас
руу зал­гаж, цахилгаан тасарсан тухай дуудлага өгөхөөр хэлэ­хэд 70047004 гэсэн дугаа­рын
утсанд залга гэдэг. Хэл­сэн  дугаар руу нь
залгахаар утсаа авдаггүй. Нэг бол завгүй гэсэн дохио өгдөг. Хэрэглэгч цаг гаруй
залгаж,  хичнээн өөр утас дам­нуу­лан залгаж
байж холбогд­дог байна. Арай гэж холбог­доод дуудлага өгөхөд бүтэн өдөржин, долоо
найман цаг ямар нэг хариу өгөхгүй яасан нь мэдэгдэхгүй таг болдог аж. Ойрын жишээ
хэлэхэд, өглөө 10.00 цагт дуудлага өгөхөд оройн 19.00 цагт монтёр нь ирсэн. Энэ
хооронд байгууллагын ажил сүйд болж,  арав
хорин удаа дуудлагын утас руу  залгаж уураа
барна. Утсаар дуудла­га өгөөд нэмэргүй гэдгийг мэ­дээд өөрсдийн биеэр хүртэл очиж
уулздаг. Завсарчин, монтёрууд нь гадаа тамхи татаад нарлаад сууж байдаг гэнэ. “Манай
байгууллага энэ хажууханд байдаг юм. Очоод гялс гал хамгаалагч солиод өгөөч” гэж
тэднээс гуйхад “Гадуур ажил­ладаг групп гар­сан. Бид ажил­лахгүй” гээд халгаадаггүй.
Дарга нар нь ч хүлээж авахгүй учраас иргэд дэмий л хоосон хаалга мөр­гөөд буцдаг
бай­на. Бас дээр нь ажилчид нь соёлгүй, дээрэн­гүй. Ямар ч баримт өгөхгүйгээр мөнгө
нэхдэг. “Цахилгааныг чинь засчих­лаа. Төлбөрөө өг”  гэж нэхдэг. Албан байгууллага бүхэн баримтаар
л тооцоо хийдэг шүү дээ. Гэтэл баримт нэхсэн ажилтныг өнөөх засварчид нь “Бүх л
газар төлбө­рөө бэлэн мөнгөөр өгдөг. Та нар яагаад өгөхгүй гээд бай­гаа юм. Луй­вар
хийх гээд мөнгө төлөхгүй гэж байна уу. Ингэж хэлж байгаа нөхдүүд зугтаад алга болдог
юм. Одоо мөнгөө төл. Дараа нь өөрсдөө байгуул­лага дээр очоод ба­рим­таа ав” гэж
уурлаж, дайрна гээч. Энэ мэтээр тус байгуул­лагын үйл ажиллагаа иргэ­дийг маш их
чирэгдүүлсээр байгаа аж.    

Манай сурвалжлах хэсэг өчигдөр “Улаанбаатар ца­хил­гаан
түгээх сүлжээ” ХК-ийн Зүүн түгээх төвд ирсэн юм.  Компанийн үүдэнд  эрхэм зорилго гэсэн самбар дээр “Цахилгаан эрчим
хүчийг найдвартай түгээн борлуулж, хэрэглэгчийг дээдэлсэн соёл­той үйлчилгээ үзүүлнэ”
хэ­мээн бичжээ. Гадаа нь бай­гуул­лагын ажилтнууд бужиг­наж, сандал ширээ зөөж  байв. Тэднийх шинэ байр руугаа нүүж байгаа нь
энэ аж. Дээшээ дөрвөн давхарт гарч даргатай нь уулзлаа. Гэтэл тус төвийн дарга нь
“Ямар нэг мэдээлэл, ярилцлага өгөхгүй” гэв. Тэрбээр “Манай төв бай­ранд очиж хэвлэл
мэдээл­лийн ажилтнаас зөв­шөө­рөл ав. Дарга нар зөв­шөө­рөл­гүй­гээр ямар нэг мэ­дээ­лэл
өгө­хийг хориглосон” гэв. Түүний амнаас хоёр өгүүлбэр унагах гэж Хан-Уул дүүргийн
Цагаан хаалга руу яваад буцаж ирэх болж таарлаа.  “Та утсаар зөвшөөрлөө авчих. Тэгээд ярилцаж болохгүй
юу” гэж асуухад “мэдэхгүй” гээд цааш яваад өглөө. “Улаанбаатар цахилгаан түгээх
сүлжээ” ХК-ийн төв байр руу залгаад Хэвлэл мэдээллийн ажилтан­тай нь холбогдож ярилцлага
авах зөвшөөрөл хүсэхэд “Заавал ирж уулз” гэсэн юм. Зүүн түгээх төвийн даргатай нь
уулзах гээд хэдэн ч хүнээс зөвшөөрөл авах нь тодор­хой­гүй болов. Түгжрэлд явсаар
өдрийг барах нь тодор­хой юм.  Хэвлэл мэдээл­лийн
байгуул­ла­гад хаалттай хандаж бай­хад иргэд, бай­гуул­лагад яаж хандаж, хүнд суртал
гаргадаг нь тодорхой мэт санагдав. Манай сур­валж­лах хэсгийг тус байгуул­лагаас
гарах үед Зүүн түгээх төвийнхөн шинэ байрандаа нүүсээр л байв. Таван давхар шинэ
байран­даа нүүж орохоор ажилчид нь нааш, 
цааш юм зөөж гүйлдэж бай­сан. Уг нь энэ байгууллагын гол ажил  шинэ байрандаа нүүж орох биш, хаана цахил­гааны
саатал гарч, тоггүй байгаа газар шуур­хай очиж засч үйлчлэх ёстой баймаар.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Наадам айсуй

Ай даа, зун цагаа гэж. Уулсын оройгоор наран мандан, жаргах, хүүхэд
багачууд миний бага насыг санагдуулан солонго элдэж гүйх нь нэн төгөлдөр юм аа.
Хотоос гараад л айлууд гаднаа гүүгээ барьж зэлэндээ номхроогүй унага хойшоогоо
цахдан унаж, ааруул, хуруудхан гэр дээрээ тавин хатааж буй бүсгүйчүүд, өнгөрсөн
наадам болоод ирэх наадмын тухай ярих өвгөд хөгшид хөдөөний амьдралын сонгодог дүр
зураг мөнөөсөө мөн.

Өнөө жил хэн гэдэг уяачийн ямархан хүлэг магнайдаа тоосгүй ирэх бол. Хэний
аавын хүүгийн од нь гийж төрийн наадамдаа ес даван түрүүлэх бол. Хэн гэдэг
харваачийн эвшээлгэн тавьсан сум зурхай алдахгүй буух бол гээд түмэн асуулт
хөвөрч байгаа. Сумын наадам хурдан болоосой гэсэн жаалууд уралдан гүйлдэж
“Манай аав, ээж тийм хувцас авч өгнө гэсэн” гээд өөр хоорондоо ярилцаж байгаа.
Зарим нэг нь тэр хувцасаа бушуухан өмсөхсөн гэж яарч байгаа. Зарим нь бүтэн жил
хүлээсэн наадмынхаа хушуурыг идэхсэн гэхээс өдөр хоногийг хуруу даран хүлээж
буй гэдэгт итгэнэм.

Хүлгийн тоос, хүүхдийн гийнгоо, хүчтэний дэвээ шаваагаа бараг зүүдлэн
байна.

Тусгаар гүрэн Монголын түүх соёлыг бадраасан агуу
үндэстний сэтгэлийн угаас наадам гэрэлтэн байгаа биз ээ. Жилдээ хоёр болчихмоор
төрийн наадмаа хүлээсээр Монгол түүхийн буурал судар арвижин байна. Ноднингийн
наадмаас хойш Монголчууд Т.Батаараа эх орондоо авчсан. Олимпийн наадмаас мөнгө,
хүрэл медаль хүртсэн. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжин ажиллах ардчилсан
Ерөнхийлөгчаа ахин сонгосон гээд түүхийн хуудсаа арвижуулсан байна.

Үйл мэтгэх бүсгүйчүүд наад­мын гоёл
урлаж, үүрсэх морьдын төвөргөөн уяачдын сэтгэлийг догд­луулах өдөр айсуй. Газрын холоос ч наадмын дэвжээг зорин, зорин хоног тоолсоор
буй билээ. Эрхий
мэргэн харваачид нь онч цэцээ шалгаж, зодгондоо чангарсан эрс нь дэнж хотойтол
барилдаж, хурдан хүлгийн тоос Хүй долоон худгийг бүрхээд, хуушуур сурагласан
наадамчид Төв цэнгэлдэхээ гороолдог Монгол төрийн наадам айсуй.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

Улаанбаатар бол зөвхөн Монголынх биш

Томоохон хот бүр өөрийн онцлогийг илтгэсэн онц содон загвар,
хэв маягтай байшин барилгатай. Парис гэхээр Эйфелийн цамхаг нүдэнд харагдана. Москва
гэхээр Улаан талбай сэтгэлд бууна. Хэдий бидний ихэнх нь дэлхийн томоохон хот, хөгжилтэй
орнуудад очиж үзээгүй ч гэрэл зураг, мэдээллийн хэрэгслийн ач тусаар тэдгээртэй
хэдийнэ танилцаж, өөрийнхөө хэмжээнд мэдээлэл, төсөөлөлтэй болчихсон байдаг.

Улаанбаатар хот сая хол давсан хүн амтай, дэлхийн том хотуудын
нэг болоод удаж байна. Бид нийслэл хотынхоо аль л муу талыг ил гаргаж, хөндөж нийтэд
цацах дуртай. Хэдий шүүмжлэл, чичлэх асуудал байж гэмээнэ тухайн асуудал дэвжиж
дээшилдэг тал бий ч Улаанбаатар хотоо хэтэрхий доош хийцгээдэг. Хөгжил гэдэг зүйл
нэг л өглөө босоод ирэхэд газар дэлхийг хуччихсан байдаг цав цагаан цас шиг эсвэл
гэнэт асгардаг бороо биш. Их аажуу, нөр их хөдөлмөрийн үр шимээр зугуухан ирдэг
зүйл. Улаанбаатар хот маань яг л ийм зарчмаар явж байгаа.

Газрын элдэв маргаан нэгэн үеэ бодвол багасаад байтал замын
хөдөлгөөний ачаалал хэрээс хэтэрч, түүнтэй холбоотой элдэв асуудал сөхөгдсөн. Ингээд
зам өргөтгөж, шинэчилж, дугаарын хязгаарлалтыг хийж мандаад байсан хэрүүл маргааныг
намжаагаад авлаа. Утаагаа ч багасгах талаар өвөл, зунгүй ярьсаар л байна. Одоо ногоон
байгууламжаа нэмэгдүүлж, Туул голын усны түвшин, бохирдлыг нь анхаарч, цэвэрлэх
байгууламжаа сайжруулах асуудлаа хэлэлцдэг боллоо.

Ямартай ч нийслэлийн асуудал бага багаар ингэж шийдэгдсээр
л байгаа. Үүнийг хүн бүр л мэдэрч байгаа шүү дээ. Ийм байсаар байтал бид өнөөх л
шүүмжиллээ үргэлжлүүлсээр л. Шүүмжлэхээр л ажил урагшилдаг гэдэг хуучны арга барилаасаа
татгалзаж, хамтдаа гараа хөдөлгөж, сэтгэж Улаанбаатар хотынхоо өнгө төрх хөгжилд
сэтгэл зүрхээ зориулдаггүй юм аа гэхэд бусдынхаа хийснийг хүндэтгээд дуугүй явж
байх хэрэгтэй юм.

Хот маань одоогоор дэлхийд сайн танигдах өвөрмөц зүйлгүй ч
ирээдүйд Азийн төв, хөгжлийн цэг болно гэсэн таатай судалгаа, таамгууд явсаар л
байдаг. Ийм болохоор бид Улаанбаатарыг зөвхөн Монголынх гэдэг сэтгэхүйгээсээ салж,
задалж өгмөөр байна.

Яагаад гэвэл та биднийг хүссэн хүсээгүй гадныхан олон зуун
мянгаараа манай хотод ирж л таарна.

Нэг удаа ирээд буцсан гадны хүний сэтгэлд бид нийслэл хотоо
хоногшуулах юмыг сэтгэх хэрэгтэй юм. Тэр нь байшин барилга, гудамж, гүүр, ногоон
байгууламж байх уу, үгүй юу гэдгийг нийслэлийн иргэн та л шийднэ. Нийслэлийнхэн
маань гудамжаар явахдаа хөмсгөө зангиддаггүй, найрсаг, дотно соёлтой харьцаатай
байвал л тэр чинь ялгаагүй биднийг гадныханд илтгэх, сэтгэлд нь бууж үлдэх төрх
болно шүү дээ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Амьдралдаа хариуцлагатай хандахгүй бол авах байр чинь мөрөөдөл хэвээр үлдэнэ

Монгол Улсын Засгийн газраас ард иргэддээ
найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод эхэлчихсэнийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Уг шийдвэрийг л сүүлийн хэдэн жил битүүхэн хүлээн, шинээр төвхнөсөн засаг бүрээс
ца­райч­лан горьдож  байсан иргэд хэдийнэ
ажлаа эхэлж, байраа сонгон банкнаас зээ­л­ээ авчихсан санаа амар суугаа. “Ингэж
л нэг байртай болдог юм байжээ” гээд олон айл өрх аз жаргал, баяр хөөрт умбаж байгаа
нь мэ­дээж ээ. Энэхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хэнбугай ч хамрагдах
бүрэн эрхтэй юм. Иргэн та гэргийтэйгээ нийлээд сардаа нэг сая төгрөгийн цалин авдаг
бол тэгээд л болох нь тэр. Үндсэндээ танай өрхийн сарын орлого нэг сая төгрөг байхад
л та зээлд хамрагдан аль чиг арилжааны банкинд сонгосон байрныхаа үнийн дүнгийн
гучин хувийг тушаа­на. Тэгээд л ямар ч төвөг саадгүй байрандаа ороход бэлэн болж
байгаа хэрэг. Ийм л боломжийг шинэчлэлийн Засгийн газар бий болгочих­лоо. Үүнийгээ
Монголын эдийн засагт хийж буй ре­форм хэмээн зарласан. Тийм ч байх. Зээлийн бэлтгэлийг
эртнээс базаасан юм билээ. Тухайлбал, оны эхэнд най­ман зуун тэрбум төгрөгийг зээлийн
эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэрхүү мөнгөнөөс таван зуун тэр­бумыг нь
энэ жил иргэдийн зээлд гаргаж байгаа гэх ал­бан мэдээ ч байна.

Мөн уг хөнгөлөлттэй зээл­тэй холбогдуулж
орон сууцны үнэ өсөх, хөөрөг­дөлтөд автах зэргийг нарийн тооцоолжээ. Энэ нь Барилга,
хот бай­гуу­лал­тын сайд болон Мон­голбанкны ерөн­хийлөгчийн хэв­лэлд өгсөн ярилцлагаас
тодорхой хараг­даж байгаа. Ц.Баяр­сайхан сайд “Орон сууцны үнийг бууруулахын тулд
барилгын материалын үнийг тогтвортой байлгах нь чухал. Тиймээс барилгын материа­лын
үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол­банктай хамтран тодорхой санхүү­жилт хийсэн.
Импор­тын татвар дээр ч бодлого барим­талсан. Ба­рил­гын компа­ниуд­тай удаа дараа
уулзаж үнийн түвшинг судалсан” гэсэн байна лээ.

Улаанбаатар хотын гэр хороололд утаа
майн дунд түлээ нүүрстэйгээ зууралдан аж төрсөөр ирсэн иргэд, шинээр гэр бүл зохиож
буй залуучууд гээд орон байртай болохыг мөрөөдсөн бүхэнд найман хувийн зээл үнэндээ
мөрөөдлийнх нь биелэл болж байгаа. Өнөөдөр нийслэл хотод аж төрж буй нийт иргэдийн
дал орчим хувь буюу 316 мянган өрх айл гэр хороололд аж төрдөг гэсэн судалгаа бий.
Тэрхүү дундаж амьдралтай иргэдэд энэ удаагийн зээл  амьдралынх нь нэг хэсгийн чухал баталгаа гэж хэлж
болох юм. “Иргэд орон сууцтай болсноор дундаж давхаргын амьдралд төдий­гүй нийт
эдийн засагт эргэлдэх мөнгөний гучаас дөч хүртэлх хувь нь зүгээр нэг дэлгүүрийн
лангуунд бус нийг­мийн даатгалын санд төвлө­рөх”-ийг эдийн засагчид хэдийнэ тооцжээ.
Энэ нь үнийн өсөлтийг хямгадах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэг
түвшинд хадгалах сайн тал­тай нь дамжиггүй. Эдийн зас­гийн өсөлт талаасаа ч, ир­гэ­дийн
ахуй амьдралд үзүүлж буй хөрөнгө оруулалт 
талаа­саа ч найман хувийн зээл ашигтай гэдэг нь хэнд ч ойл­гомж­той. Захын
хороол­лын зарим иргэд “Манай гэр бүл орон байртай болно гэдэг ёстой үлгэр байлгүй”
гээд хувь заяатайгаа эвлэр­чихсэн то­хойн хэмжээний тортой нүүрс нэг гартаа бариад,
нөгөө гартаа сур­гууль, цэцэрлэгийн хүүхдээ хөтөлчихсөн идэр есийн жавар тачигнасан
орой гэр рүүгээ алхдаг. Тэгээд явж явж иртэл мөсөн хонгил болсон гэрт нь балга ус
ч байхгүй, худаг нь аль хэдийнэ хаалгаа барьчих­­сан байх нь хяс­лан­тай. Ийм л
дүр зураг байдаггүй билүү. Тэгвэл танд халуун дулаан сууцанд амар амга­лан аж төрөх
боломж хэдий­нэ бүрджээ.   

Харин энэхүү зээл болоод иргэдэд очиж
буй орон сууцны цаана нэг юм байгаа. Түүнийг олон түмэн цаг үр­гэлж санах учиртай.
Тэр нь юу вэ гэвэл иргэн таныг амьд­рал­даа хариуцлагатай хандахыг найман хувийн
хүүтэй зээл насан туршид чинь шаардах болно. Ерөөс монголчуудыг урьдын адил урсгалаараа,
байгаа байхгүй нь мэдэг­дэхгүй, идэвх санаачилгагүй амьдрахыг зөвшөөрөхгүй ээ. Иргэн
та зээлд хамрагдаад, орон байрандаа ороод л авах юм бол маргаашаас нь эхлээд амьдралд
туйлын хариуц­лагатай хандах учиртай шүү. Цаг хугацааны болоод ажил амьдралын үнэ
цэнийг мэдэрч эхэлж байгаа нь тэр.

Хуучин цагт ажилласан ч адилхан, ажиллаагүй
ч адилхан амьдраад болоод л байдаг байв. Аливаа албан байгууллагын босго алхаад
удаа ч үгүй даргатайгаа хэрэлдээд хаалга үүдийг нь тас саваад гарах энүүхэнд. Тэгээд
зогсохгүй ажлаасаа халагдсаны найр гэж хийдэг байсныг нь яана. Хэдэн найз нараа
гэртээ ёс юм шиг дуудаад л. Ширээн дээгүүр архи дарс сөгнөчихсөн, жаахан халамцахаараа
“тэр муу хулгайч намайг халдаг хэн юм” гээд л аархан явсан үе байдаг л байх. Одоо
бол байдал эсрэгээрээ болсон шүү нөхөд минь. Хэнэггүй толгойлж, тэнэглэж байгаад
ажлаасаа халагдвал юун найр наадам болох босгосон амьдрал чинь, босгоор нь алхсан
орон байр чинь үгүй болно.

Хөөгдсөндөө шаралхаж үгийн муугаар
хэлээд байсан дарга чинь өөрийн тань зээл авч, орон байртай болгосон банк руу ганцхан
удаа утас цохиод л бүх зүйл гүйцээ. Мэдээж “Тэр овогтой тэр ма­най компаниар цалингийн
баталгаа гаргуулж  танай банкнаас зээл авсан
байх аа. Тэгвэл наад нөхөр чинь ма­найд одоо ямар ч хамаа­рал­гүй болсон шүү” гээд
мэдэг­дэнэ биз дээ. Ингээд банк зээлээ татаж, тухайн орон сууцны компани байраа
буцаана. Таны гучин хувийн урьдчилгаа болгож өгсөн мөнгө ч тэгээд арилна. Тал хувийг
нь эргүүлж авч чадвал их юм. Ийм жишээ дурдсан нь амьдралд хариуцлагатай хандахыг
хэлээд байгаа юм аа. Үнэн л гэвэл энэ.

Амьдралд хариуцлагатай хандана гэдэг
үүрэгт ажлаа чин сэтгэлээсээ сайтар хийхээс л эхэлдэг. Хэрвээ тэгж чадваас танд
туурга тусгаар улс орондоо хүн шиг сэтгэл хангалуун амьдрах ирээдүй гарт чинь байна.
Навсархай гэрийн чинь үүдэнд, модон орны чинь өмнө дэлгээтэй байж л байна.

Хөдөөх сумын төв дээр залуучууд гудамж
метрлэн алхсан шигээ хий дэмий тэнүүчилдэг. Юу хийж байна даа гэхүйд “Ажилгүй ээ,
гэхдээ болоод л байна даа” хэмээн хээв нэг хариулаад архайж зогсдог. Тэгвэл Монгол
Улсын иргэн бүрт ажилгүй байна гэх ойлголт, тийм амьдрал энэ цаг мөчөөс эхлээд таслагдаж
байна. Хот, хөдөө амьдаараа гандан архи ууж, хог түүж, алхайж хэвтэн, ажил амьд­ралгүйгээ
гайхаж суугаа хэн бүхэн одооноос эхлэн хаана ч хамаагүй ажиллаж, гэргий­гээ аль
нэг газар зохих түвш­ний ажилтай болгож нийлээд сардаа нэг сая ба түүнээс дээш төгрөгийн
цалин авах юм бол танд бусдын адил сайхан амьдрах  боломж нээгдсэн шүү. Найман хувийн хүүтэй орон
сууцны зээлийг даган монголчуудын ажил­даа үнэнч байх, амьдралд хариуцлагатай хандах
зэрэг урьд өмнө байгаагүй шинэ үзэгдэл бий боллоо. Залхаг заваан, ажил хэрэгч бус,
ха­риуц­лага гэдгийг огтхон ч ухамсарлаж байгаагүй нүүд­лийн сэтгэхүйтэй бидний
мон­голчуудын аж төрөх хэв маяг ийнхүү эрс өөрчлөгдөх нь тэр ээ.

Дэлхийн жишиг болсон улс гүрнүүдийн
амьдралын хэв маяг, арга барилд Монгол Улс мань нэгдэж буйд залуу хүний хувьд баяртай
байна. Бид бүхэн өнөөдрөөс эхлээд орон сууцныхаа зээлийг заа­сан хугацаанд нь төлөхийн
тулд урсгалаараа, урьдын­хаа­раа амьдрахаа болино. Ажилдаа зүтгэхийн хэрэр амьдралын
үнэ цэнийг нь мэдэрнэ. Ажилгүй байна гэ­дэг, бор дарсанд толгойгоо мэдүүлэн сумын
төвийн гу­дамж хэрсэн шигээ амьдарна гэдэг ямар ч хүсэл мөрөө­дөлгүй, итгэл үнэмшилгүй,
баяр баясгалангүй явдал шүү дээ. Далавчаа тасдуулсан шувуу шиг л болж байгаа гэсэн
үг. Ард түмний ийм л ахуй амьдралыг өөрчилж эхэлснийг миний бие шинэ үзэгдэл гээд
байна л даа. Энэхүү найман хувийн хүүтэй зээлийг яг амьдрал дээр өргөн утгаар нь
аваад үзвэл зөвхөн үзэгдэл төдий бус бид бүхний амьдралд ч, өнөөгийн нийгэмд ч цаашлаад
хүмүү­сийн сэтгэл зүйд хувьсгал хийж байгаа хэрэг юм. Жин­хэнээсээ ажилчин Монголыг
бий болгож байна шүү дээ.

Эл бүгдийг өгүүлсний учир миний бие
өнөөгийн Засгийн газарт тал засаж, найман хувийн хүүтэй зээлийг нь магтан мандуулж
байгаа юм биш шүү. Ерөөсөө л болж буй үйл явдал, асуудлын мөн чанар ийм байгаа билээ.
Амьдралд хичнээн хайртай, аливаад хичнээн санаа­чил­гатай ч дэмжиж туслаад өгөх
хүнгүй, хий дэмий л дороо эргэцээд байсан иргэдэд найман хувийн хүүтэй зээл ирээдүйнх
нь үүд хаалгыг нь нээж итгэлийн гэрэл асаагаад өглөө. Түүнийхээ хэрээр амьдралд
хариуц­лагатай хандахыг шаардаад эхэллээ. Хэрвээ та амьдралдаа хариуц­лагагүй хандсаар  байх юм бол авах байр чинь мөрөөдөл хэвээр үлдэх
нь байна шүү гэдгийг л сануулъя даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

“Хар мөрөн”-ий урсгалаа нэмэгдүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

Энэ зунаас нүүрсний салбар амь орж магадгүй болжээ.
Өмнөговьд нүүрс­­ний экспортын чиг­лэ­лээр ажилладаг компа­ниуд сэргэх хандлагатай
болоод ирж. “Эрдэнэс  Таван толгой” уурхайгаа­саа
шууд тээвэрлэлт хийж, нүүрсний шинэ гарцууд нээг­дэж эхэллээ гэж ирээд яривал гэгээтэй
зүйлүүд ажиглагдаж байна. Нүүрс экспортлогч компаниуд  Шивээхүрэн, Гашуун­су­хайт боом­туу­дад найман  урсгалтай нүүрсний гар­цыг хяналт шалгалт явуу­лах
иж бүрэн цогцолбор­той нь барьчихсан. Мөн 
хатуу хучилттай авто зам, өндөр хүчдэлийн цахил­гааны шугамыг бүтээн байгуулж
байна. Боловс­руулах үйлдвэр, цахил­гаан станц, туузан тээвэр, төмөр замын төслүүд
хэрэг­жих шатандаа ор­сон. Гэгээ гэрэл, итгэл төрүүлсэн энэ ажлуудыг санаачилж,
санхүүжүүлж байгаа нь дандаа хувийн хэвшлийнхэн.

 Кокс­жих
нүүрсээ дотоо­доо­соо болоод Авст­­рали, Оросоос хан­га­чих бүрэн боломж­той гэгддэг
Хята­дын хувьд бид нөлөөлө­хөөр зах зээл­ биш. Дэлхийн нүүрс­ний жилийн хэрэглээний  50 хувийг 
Хятад улс дан­гаараа хэрэглэдэг.  Тоо­гоор
илэрхийлбэл урд хөрш   жилд 3,6 тэрбум тонн
нүүрсний хэрэглээ­тэй. Энэ хэрэглээний  нэг
тэрбум орчим тонн нь баяжуулаагүй коксжих нүүрс. Баяжуулсан кокс­жих нүүрсний хувьд
жилд 600 орчим сая тонныг хэрэглэдэг. Манайх чи­нээн­дээ тултал нүүрс гар­га­лаа
гэхэд энэ хэрэглээ­ний 20 сая орчим тонныг нь л дангаараа даана. Ингээд харьцуулахаар
үзүүлэх нөлөөний хувьд яах аргагүй жижиг зах зээл. Уг нь манай улс нийлүүлсэн нүүрснийхээ
хэмжээгээр өнгөрсөн жил Австра­лийн өмнө орж байсан. Харин энэ жил бидний өмнө Орос,
Австрали ороод ирчих­сэн байгаа.

 Гэхдээ
Таван толгойн коксжих нүүрсээр зах зээ­лээ төрөл­­жүүлэх сонир­хол­­той “Шинхуа”,
“Чалко” зэрэг том компа­ниуд  Зас­гийн газартаа
“Монголын нүүрс хэрэг­тэй” гэсэн дохиог өгсөөр байгаа. Эндээс харахад Монголд “хар
мөрөн”-ий урсгалаа нэмэгдүүлж, нүүрс­нээсээ их хэмжээ­ний мөнгө олох боломж бий
гээд дүгнэ­чихэж болохоор.

Уг нь Монгол Улс энэ жил 32 сая тонн нүүрс гаргана
гэж тооцсон. Гэтэл энэ оны эхний таван сарын байдлаар таван сая гаруй тонн нүүрс
л хил даваад бай­на. Төсвийн орлогоо 30 хувиар нэмэгдэнэ гэж төсөөл­сөн. Одоогийн
байд­­­­лаар зургаан хувь л өсч байгаа. Экспорт дээр төчнөөнийг гаргалаа гэсэн том
тоо сонсогддог ч экспорт, олборлолтыг хольж яриад байгаа. Наад захын жишээ гэхэд
“Таван толгой”, “Энержи ресурс” зэрэг компаниуд 
их хэмжээний олборлолт хийгээд Цагаан хадан дээр аваачаад овоолчих­сон гэж
бизнесмэнүүд ярьж байна. Цаашаа гарч мөнгө болоогүй учраас энэ хэмжээг экспортынх
гэхэд хэцүү. Гаргах хэм­жээ нь багассан, дээр нь үнэ нь буусан. Өөрөөр хэлбэл төсөв
тасарч магад­гүй янзтай болжээ. Төсвийн нүүрснээс ха­маа­рах хараат байдлыг уул
уурхайн экспортоос олох мөнгөний  40 хувийг
нүүрс, 20 хувийг зэс бүр­дүүлдэг гэсэн тоогоор 
тодорхойлж болохоор байна. Тэгвэл төсвөө аятай­хан шиг бүрдүүлж,  “Хар мөрөн”-ий урсгалаа нэмэгдүүлэхийн тулд  бид юу хийх ёстой вэ?

ТӨМӨР ЗАМ Л МОНГОЛ НҮҮРСИЙГ МООДОНД ОРУУЛНА

Өнөөдрийн байдлаар  бид  нүүрсээ
зардал их­тэй зарж байгаа. Автома­ши­наар уурхайгаас хи­лийн цаана аваачиж, тэн­дээс
нь Хятадын дундын худалдаачид эцсийн хэрэг­­лэгчдэд цааш нь нийлүүлэх зарчмаар явж
байна. Машинаар тээ­вэр­лэх зардал галт тэр­гээр тээхээс гурав дахин өндөр гэсэн
тооцоо бий. Машинаар тээ­хийн өөр нэг сөрөг тал нь тасралт­гүй нийлүүлэлт болж чаддаггүй.
Нүүрс­ний ний­лүү­лэлт яг л гин­жин хэл­хээ шиг тасралт­гүй явж байж аварга том
гангийн үйлдвэрийн эзэд манай нүүрс экспортлогч­дыг сонир­хож эхэлнэ. Өөрөөр хэлбэл
том хэрэг­лэгчид бидэн рүү харж, гэрээ байгуулахыг хүснэ. Нүүрсний нийлүү­лэл­тээ
таслахгүй байх ганц арга нь төмөр зам.

Манай улсын хувьд өргөн царигаар нүүрсээ тээнэ
гээд ажлаа эхэлчих­сэн. Гэхдээ барьсны дараа ямар асуудал үүсэх вэ гэдгээ бодох
учиртай  гэж судлаачид сануулж байна. Өргөн
царигаар нүүрсээ тээвэрлэвэл Хятадын талд сэлгэн ачилт хийх хэрэгтэй болно. Сэлгэн
ачилтын бүх эрх, асуудал цаад талд очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийлүү­лэл­тийн
бүх асуудал Хятадын мэдэлд  очих эрсдэл бий.  “Өнөөдөр вагон байхгүй, яг одоо буулгах боломж
алга” гэхэд л асуудал үүснэ.  Хэдээр авах
вэ гэдэг үнийн асуудал ч нөгөө талд шилжиж таарахаар байна.

Одоогийн 
байдлаар монгол  нүүрс Гашуун-сухайт,
Шивээ хүрэн гэсэн хоёр том боомтоор гарч байгаа. Мөн Эрээний боомтоор бага хэмжээ­гээр
гардаг. Хятадууд төмөр замаар Эрээнээр нүүрс хүлээж авдаг бай­сан ч тодорхойгүй
шалт­гаан заагаад 2008 оноос их хэмжээгээр ава­хаа больсон юм. Учрыг нь лавлахаар  “Төмөр зам маань техникийн бо­ломж­­гүй” гэх зэрэг
тойруу хариу өгөөд  өнгө­рөө­чихдөг гэж нүүрс
экс­порт­логчид ярьдаг. Магад­гүй манай талаас өргөн ца­ри­­гаар төмөр замаа ба­риад
яг тээвэрлэх дээрээ очтол ийм хариу хэлээд мөрөө хавчихыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр
эртнээс төмөр замын  хэлэл­­цээр энэ тэрдээ
анхаарал хан­дуулж бай­хад гэмгүй.

Цэвэр эдийн засаг та­лаа харвал нарийн цариг нь
бидэнд ашигтай гэж эдийн засагчид хэлдэг. Өргөн царигаар бариад Орос руу гаргана
гэсэн хувилбарт зарим шин­жээч “Хойд хөршид Сибир гэж хар алтны том нөөц бий. Мэдээж
эхлээд өөрс­дийнхөө нүүрсийг ашиг­тай борлуулах тал дээр л анхаарч таарна. Тэгээд
ч Орос руу тээвэрлэхэд зардал өндөр” гэсэн тайлбар хэлдэг.  Тэгэхээр хамгийн бо­ломж­той зах зээл нь урд хөрш
болж таараад бай­гаа юм.

Нүүрсээ гуравдагч зах зээл рүү гаргана гэсэн өөр
нэг хувилбар бий. Хамгийн боломжтой ор­нууд 
нь Япон, Солонгос гэж нүүрсний салбарын шинжээчид хэлдэг. Ингэ­хийн тулд
Хятадаар дам­жиж таарна. Тээвэрлэх зайгаа бодсон ч, худал­даа өрнөж байгаа гол шугамаа
харсан ч Хята­даар дамжуулж тран­зит хийх нь л хамгийн боди­той гарц гэдэг. Тран­зит
тээврийн хэлэлцээ­рийг Хятадын талтай сайн тохи­ролцож чадвал “ок”, чадаагүй тохиолдолд
“no”. Тэгэхээр яах аргагүй урд хөрштэй харилцан ашигтай тохиролцоонд хүрэх гарц
л бидэнд бай­на. Хятадын хувьд өөр нэг том эрсдэл бий. Тэд экс­порт, импортын татвар
дээрээ давтамж­тай тог­лолт хийж чаддаг улс. Сүүлийн үед экспор­тын­хоо кокс дээр
40 хувийн татвар тогтоож байсан ч нийлүүлэлт нь ихсээд ирэхээр саяхан  тэг болго­чих жишээтэй.  Татвар нь ийм өндөр хэлбэлзэлтэй улс гэдгийг анзаарахгүй
орхиж болохгүй.

ЗАХ ЗЭЭЛЭЭС ГАЖСАН ТАТВАР БУЮУ ЖИШИГ ҮНЭ

  Нэгэнт уначихаад бай­­гаа нүүрсний салба­рынх­наа
өөд нь татаж, “хар мөрөн”-ий урсгалаа нэмэгдүүлэх нэг арга бол татварын зөв бодлогыг
даруйхан явуулах. Өнөө­дөр нүүрсний салбарын­хан татварын ачаалалд дарагдчихаад
байгаа. Хамгийн том асуудал нь жишиг үнэ болоод байна. АМГ, УУЯ Хята­дын бүр цаад
талын боомтын өндөр үнийг урд хөршийн сайтаас аваад  жишиг үнэ гээд зарла­чихдаг. Жи­шээл­бэл Монголын  экс­порт­­­лог­чид нүүрсээ 50 ам.доллараар борлуул­лаа
гэж бодъё. Гэтэл яам жишиг үнэ гээд төлөх ёстойгоос нь хоёр дахин өндөр татвар нэхдэг.
Эн­гийнээр хэлбэл ол­бор­­лосон бүтээгдэ­хүү­нээ 50-иар зарчихаад бай­хад төр нь
“Та нар 100-гаар зарсан гэж бодоод татва­раа төлөх ёстой” гээд байгаа юм. Монголын
нүүрс экспорт­логчид өнөө­дөр энэ өндөр тат­ва­рыг төлж байгаа.

Засгийн газар саяхан нэг хэсэг жишиг үнээр тооцохгүй
бодит хан­шаар бодож татвар авч байсан ч нэг их удалгүй жишиг үнийг эргэж сэр­гээсэн.
Шинэчлэлийн Зас­­­­гийн газар зах зээ­лийн нөхцөл байдал хүнд­­рээд ирэнгүүт  буюу 2012 оны аравдугаар сарын 1-нээс энэ оны
дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нүүрсний жишиг үнийг  борлуулал­тын үнээс тооцохоор шийд­вэрлэж байв.
Энэ тогтоол хэрэгжих явцад зах зээл хэцүү байсан ч компаниудын экспорт өмнөх оноосоо
20 гаруй хувиар нэмэгдэж байсан юм. 

 Нүүрснийхнээс
гадна жонш төмрийнхөн ч жи­шиг үнэд таатай ханддаг­гүй. Учир нь жишиг үнэ тогтоодог
эх сурвалжид бизнесүүд итгэлтэй ханд­даггүй юм билээ. Засгийн газар яг одоо БНХАУ-ын
“China Coal Resource” цахим сэтгүүлийн үнийг үндэслэж жишиг үнээ тогтоож байна.

Тодруулж хэлбэл  www.en.sxcoal.com сай­тын мэдээллээр үнээ
тог­тоо­дог. Гэвч энэ сайт Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасан “олон улсын
худал­даанд хүлээн зөвшөөрөгдсөн” байх шаардлагыг хангаж чад­даг­гүй гэдгийг алба­ны­хан
ч хүлээн зөвшөөр­дөг юм билээ. Ямар ч баталгаагүй, нийтээр хүлээн зөвшөө­рөг­дөөгүй
цахим хуудас гэсэн үг.  Бүр цаашлуулж хэлбэл
БНХАУ-ын тө­рийн өмчит хуулийн этгээ­дийн гарга­даг гадаадын худалдаа­ны бодлогоос
шууд хамаа­ралтай эх сурвалж.

Нүүрсний хувьд өсөн нэмэгдэх татвар гэж бас нэг
асуудал бий. Нүүрс­ний үнэ өсөнгүүт  авах
татвар нь давхар өсөөд явчихдаг. Австралиас авсан санаа юм билээ. Төсөл санаачлагчид
нь хүртэл  Австралийн хуу­лиас санаа авснаа
хууль батлагдах үед хэлж бай­сан. Гэхдээ санаа авах­­­даа нэг зүйлийг орхиг­­дуулсан
байдаг юм билээ. Австралийн төр нүүрсний үнэ 
нь 100 ам.доллараас дээш  гар­чихвал
экспорт­логч­­доо­соо өсөн нэмэг­дэх татвар авдаг. Гэхдээ зөвхөн өс­сөн хэсгээс
нь. Ухаандаа 120 доллар болж өсвөл 20 доллараас нь өсөн нэмэгдэх татвар авдаг гэсэн
үг. Харин манай хувьд  25, 50, 75 ам.дол­ларт
өсөн нэмэг­дэх татва­рыг тодорхой хэмжээгээр өсгөж авч байгаад 110 ам.доллар болонгуут
нь нийт мөнгөн дүнгээс нь  шууд арван хувийн
татвар авдаг.

Яг өнөөдрийн байд­лаар унаж буй нүүрсний зах зээлд
татварын ийм бодлого үйлчилж байна. Өндөр татвар тавьж унаж яваа зах зээлээ улам
унагах биш, зах зээлийн хуулийг зөрчөөгүй бодит татварын бодлого мөр­дөж нүүрсний
урсгалаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж энэ салбарын учир мэдэх улс ярьдаг. 

Хятадын үнийн цик­лийг харахад ойрын хоёр жилдээ
нүүрсний үнэ огцом өсөлттэй байхгүй ч, гурван жилийн дараагаас илт  сэргэж магадгүй гэсэн өөдрөг таамаг бай­на.  Бас эрчим хүч­ний­хээ 70 хувийг нүүрснээс хан­га­даг
урд хөршийн зах дээр лав л ойрын хэдэн арван жилдээ Таван толгойнх шиг дээд зэр­гийн
чанар­тай коксжих нүүрс үнээ алдахгүй.

Хятад үйлдвэрлэ­лийн­­­хээ  төв болсон зүүн хойд бүс нутгийн хэрэг­лээ­нийхээ
нүүрсийг Оро­соос, зүүн өмнөд бүс нут­гийнхаа хэрэглээг далайн тээврээр Австралиас
хан­га­чихаж байна. Харин баруун хойд бүс нутагт нь бидний орон зай бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Увсын бөхчүүд өнөө жил ийм тактикаар барилдана

Сүүлийн гурван жилийн наадмын түрүүг дараалж хүртсэн Увс нут­гийн
бөхчүү­дийн тактик гэж нарийн зүйл байна аа даа, янз нь. Хэнийг хэрхэн яаж барилдуулах
вэ гэх төлөвлөгөө сценарыг одоо­доо гардан боловс­руулж буй хүн нь Балжаа аварга
юмдаг уу даа. Мэ­дээж Баянаа аварга зөв­лөж таарна. Залуу аварга С.Мөнхбат, Б.Ганбат
арс­лан нар төлөвлөгөө бо­ловс­руулахад санаа оноо­гоо нэмэрлэдэг нь ойлгомжтой.
Тэгээд л Увсын “хар дэвтэр”-ийн хамаг нууц Балжаа авар­гад хадгалагддаг байх нь.
Ийм л нарийн нягт, хий зайгүй төлөвлөгөө ёсоор тэд сүү­лийн гурван жи­лийн наадмын
түрүүг хүрт­чихээд байгаа. Гэвч “хар дэвтэр”-ийн нууцыг одоогоор хэн чиг тайлаа­гүй.
Аймгууд дор бүрнээ л наад­мын бэлтгэлд гарч ахмад цолтнуудаараа галаа ах­луулж,
амихан­даа сценар боловсруу­лаад наадмын урьд орой эцсийн байдлаар тохир­дог болов
уу. Гэвч Увсынх­ны төлөвлөгөөг аль ч нутгийн бөхчүүд барж дий­лэхгүй л байгаа юм
даа.

Өнгөрсөн жил гэхэд л Пүрэвийн Бүрэнтөгс
гэж улсын цолгүй залуу төрийн наадамд төвөггүйхэн ес давж байх жишээний. Мэдээж
ир бяр, арга мэх, авхаалж самбаа­гаараа учраа бөхчүүдээ унагасан байх л даа. Гэвч
түүнийг өнөө цагийн бөхийн магнай болсон идэрхэн аварга, арслан, гарьдууд тогтоож
чадахгүй байсны цаана нэг “юм” нуугдаж л байгаа. Бодо­ход, Балжаа багш нь дөрвийн
давааны нугалаанд чи тэрэнтэй таарна. Тавын даваанд яах вэ болох байх. Зургаагийн
даваанаас л чиний барилдаан эхэлнэ дээ гээд хэд хэдэн хүний нэр өгөөд бэл­дүүлчихсэн
байх. Тэр жишгээр аваад үзвэл долоо, найм, есийн даваанд хэн хэнтэй таарах нь бүр
чиг ойлгомжтой болоод ирнэ. Ин­гээд өндөр даваануудад барилдах бөхөө урьдчилан мэднэ
гэдэг ба­рилдааныхаа тавин хувийг ханга­чихлаа гэсэн үг шүү дээ. Мөн тухайн бөхчүүдэд
тааруулсан мэх, барил­дааны арга барил тактикаас гадна сэтгэл зүйгээр нь бэлдэнэ
гэж том зүйл бий. Ухаандаа, долоогийн даваанд чамайг Баяржавхлан гарьд амлана гээд
Балжаа аварга хэдийнэ хэлчихдэг. Бүрэнтөгс тэр дагуу нь бэлдээд байдаг. Наад­маар
яалт ч үгүй долоогийн даваанд Баяржавхлан амлаж байх жишээний. Ийм л нэг хийгүй
нягт бодлого Увсын бөхчүүдийн дунд яваад байгаа юм. Үүнийг наадмын дараа биш наадмын
өмнө задалж ярих нь чухал болоод байна. Ар­хангайн болоод “Алдар” спорт хорооны
бөхчүүдээ ахалж наад­мын бэлтгэлд гарсан Өсөхөө авар­га, Өвөрхангайн болоод “Хилчин”
спорт хорооны бөхчүүдээ ахалж Бугын сангийн аж ахуйгаа бараад­сан Д.Цэрэнтогтох
аварга, Б.Ган­баатар арслан нар, Говь-Алтайн “Хантайшир” дэвжээний бөхчүүдээ ахалж
буй Д.Бадрах начин, Хов­дын бөхчүүд болоод “Хүч” спорт хороогоо ахалж Сүүж уулынхаа
өвөрт бэлтгэлээ базааж байгаа Ц.Мягмарсүрэн заан, Завхан нут­гийн бөхчүүд болоод
Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороог тэргүүлж буй М.Баяржавхлан гарьд, Сэлэнгэ
нутгийн бөхчүүд болоод “Сүлд” спорт хороогоо ахалж Төр хурахын аманд байгаа Г.Эрхэмбаяр
арслан, Булган хан­гайн бөхчүүдээ түүчээлж яваа И.Доржсамбуу гарьд та бүхэн ойрын
хугацаанд уулзаж Увсын бөхчүүдийн тактикийн талаар ярилц­маар байна аа. Юуны учир
Увсын гэж тодотгоод буйг та бүхэн ойлгож байгаа биз ээ. Гол учир нь төрийн наадмын
гурван түрүүг дараалж хүртэн, олны анхаарлын төвд байгаа учир онцлоод байгаа хэрэг
шүү дээ. Өнөө цагийн бөхийн үүр уурхай тэнд чинь байгаа юм биш үү. Бөхийн барилдаан
гэдэг үнэн чанартаа шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн бодож бо­ловс­руулахгүй бол,
хүн хүн дээр нь авч үзэхгүй бол, даваа бүрээр нь ярихгүй бол болохгүй гэдгийг Ув­сынхан
харуулаад байгаа бус уу.

Ингээд монгол төрийн наадмын сүүлийн
гурван жилийн бөхийн барилдааныг авч үзье л дээ. 2010 он. Ардын хувьсгалын 89 жилийн
ой.  Залуу зургаан зааны төлөөлөл, ард түмний
хайртай бөхчүүдийн нэг Батжаргалын Ганбатын түрүүл­сэн наадам. Тэрээр Увс аймгийн
Баруунтуруун сумын бөх гэдгийг манайхан сайн мэднэ. Ганбатын хувьд тухайн жилийн
наадамд Балжаа багшийнхаа хэлсний дагуу амаа авч барилдсан болов уу. Мань хүнд
2008 оны наадамд түрүүлэх боломж байсан. Гэвч их шөвгийн дөрөвт Говь-Алтайн Ганбаатарыг
амлаад унаж байсан. Үндсэндээ буруу ам авсан. Тэрхүү сургамж Ганбатаас гадна Балжаа
багшийнх нь цээжинд ч хадаатай үлдсэн нь ойлгомжтой. Буруу ам авах гэдэг тийм л
хорлонтойг хэн хэн нь бие сэтгэлээрээ мэдэрсэн нь дам­жиг­гүй. Ганбат түрүүлдэг
жилийнхээ наадмын тавын даваанд Даваа­нямын Лхагвадорж начинг амла­сан юм. Чац ойролцоо,
барилдаан таарна гэж авсан нь мэдээж. Түү­нээс Лхагвадоржийг барагтай бөх амлахгүй
байсан үе шүү дээ. Тэ­рээр өмнөх даваанд Санжаа­дамбыг орхиж шуугиан дэгдээснийг
наадамчин олон мартаагүй байгаа. Зургаагийн даваанд мөн л чац өндөртэй Сэлэнгийн
Чотонгийн Баянмөнх начинг амлаж хаясан юм. Харин долоод Ганбат жудаг зааж нутгийн
дүү Мөнхбатаасаа ам асууж байсан гэдэг. “Чи Рагчаа, Өсөхбаяр хоёрын хэнтэй нь ба­рилдах
вэ” гэж. Залуу аварга Мөнхбат тэгэхэд улсын харцага цолтой байлаа. Нутгийн ах нь
тэгж асуухад, би Рагчаа заантай барил­дъя гэжээ. Ингээд Ганбат залуу заан Мөнхсайханы
Өсөхбаярыг амлан хүч бяраар илүүрхэн давж байсан. Найм, есийн даваанд Х.Мөнхбаатар
арслан, Г.Өсөхбаяр аварга нарыг орхиж төрийн наад­мын түрүү болж байсан. Эл бүгд
Балжаа багшийнх нь төлөвлөгөө байлаа. Түүний захиас даалгавар ёсоор Ганбат төрийн
наадмын түрүү бөхөөр тодорч байсан. 

2011 он. Ардын хувьсгалын түүхт ерэн
жилийн ой. Ардын төрийн тавь, жаран жилийн түүхт ойн наадмын түрүүг Увс аймгийн
Хяргас сумын харьяат Монгол Улсын дархан аварга, хорьдугаар зууны шилдэг бөх Хорлоогийн
Баянмөнх хүртэж байсан бол да­лан жилийн ойг мөн л Увс аймгийн Наранбулаг сумын
бөх Монгол Улсын аварга Одвоогийн Балжин­ням хүртэж байсан түүхтэй. Тэгэ­хээр ерэн
жилийн ойг Увсынхан авна гэж үзсэн нь аргагүй. Үнэхээр ч нарийн төлөвлөгөө боловсруу­лан
орж түүндээ хүрсэн дээ. Сүхбаатарын Мөнхбат гэж залуу улсын харцага цолноос монгол
бөхийн оргил цол болох аварга цолонд шууд хүрч байлаа.

Ерэн жилийн ойгоор Баянаа аварга,
Балжаа аварга хоёр хоёу­лаа зодоглосон. Баянаа аварга дал орчим насандаа ерэн жилийн
ойн наадмын 1024 бөхийг тэр­гүүлж, зүүний магнайд босч бай­лаа. Баянаа аваргад барилдах
хэд хэдэн шалтгаан байжээ. Нэгд, ерэн жилийн ойгоор гаръя, цолоо дуу­дуулж хийморь
лүндаагаа сэргээе гэж бодсон байх. Хоёрт гэвэл, Дундговь нутгийн залуу одоогийн
төрийн түшээ “Мон-Уран”-ы Б.На­ранхүү аваргад нутгийнхаа бөх­чүүдийг захиж ганган
хар жийп бэлэглэж байсан. Түүнийх нь хариу болгож Баянаа аварга далан насан­даа
зодоглон хоёр давж улмаар гурвын даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харь­яат
“Хур харцага” дэвжээний бөх аймгийн арслан А.Алтанхуягт тахи­маа өгч байсан удаатай.
Балжаа аварга болохоор төвөггүйхэн дөрөв даваад “Увс нуур” дэвжээний бөх С.Батсуурийгаа
начин болго­чихоод “ажлаа” эхэлсэн дээ. Мөнх­бат, Ганбат хоёртойгоо зууралдаж эхэлсэн
гэсэн үг. Мөнхбатыг түрүүлүүлэх л хатуу зорилготой байгаа. Наадмын өмнөх өдөр нь
билүү Баянаа аварга дээр Бумбаяр заан тэр хэд өнөө Мөнхбатыг чинь дагуулж очоод
шинжүүлсэн гэдэг. Төрийн наадамд арав түрүүлсэн аварга нэг юм хэлсэн нь тодорхой.
Тэр үг, өгүүлбэр л Мөнхбатыг арав давахад нөлөөлсөн гэцгээдэг юм билээ.  Мөнхбат Рагчаагаар долоо, Санжаадамбаар тунаж
найм, Говь-Алтайн Бат-Эрдэнээр тунаж ес, Сэлэнгийн Эрхэмбаяраар арав давж түрүүлэн
1024 бөхийг ман­лайлсан. Балжаа аваргын “хар дэвтэр”-ийн нууц тэгж Баруунту­рууны
бас нэг хөвгүүнийг төрийн наадмын манлай болгож, улсын аварга цолонд хүргэсэн. Өнгөрөгч
жил түрүүлдэг Бүрэнтөгсийг дээр өгүүлсэн билээ. Харин өнөө жил Увсынхан ямар тактик
барьж буй нь сонин байна. Сонсох нь ээ, Бүрэнтөгс арслан  дахин түрүүлэх бодолтой, аварга цол нүдэнд нь
үзэгдэж, чихэнд нь сонсогдооод зовлонтой байгаа юм уу даа. Наад­мын бэлтгэл дээр
хэнтэй ч дууга­рахгүй, бараг л таньж мэдэхгүй хүний өөдөөс эгцхэн ч харахгүй нүүрээ
нууж байгаа гэсэн. Дотроо нэгийг бодсоны илрэл л дээ. Бал­жаа багш нь мэдээж хатуухан
үг хэлсэн байж таараа. “Өнөө жилийн чиний өрсөлдөгч гол Өсөхбаяр, Санжаадамба хоёр
шүү” л гэж хэлсэн байх. За тэгээд Мөнхбат аварга, Эрхэмбаяр арслан хоёрыг хааш нь
хийх билээ. Балжаа баг­шийнх нь нэр цохож хэлсэн Өсөх­баяр (улсын заан Мөнхсайханы
Өсөхбаяр) “Өнөө жилийн наадамд би босоо түрүүлнэ” гээд “Өдрийн сонин”-оор бүх Монгол
даяар зарлачихсан байдаг.

Аварга цол бодож хөмхийгөө зууж суугаа
Бүрэнтөгсөд хамгийн их лай болох хүн нь Өсөхбаяр заан. Өнгөрөгч жилийн наадмын тавын
даваанд энэ хоёр таарсан. Таарах юу байхав, аймгийн цолтой Бүрэнтөгсийг начны даваанд
Өсөхбаяр заан амлаж барилдаад тахимаа өгсөн. Үндсэндээ түүнийг ес давж түрүүлэхийн
үүд хаалгыг нь Өсөхөө нээгээд өгчихсөн хэрэг. Энэ жил бол “битгий горьд” гээд л
сууж байгаа байх. Нэмээд хэлэхэд, Өсөхбаяр заан аварга цол горилж, өдрийн бодол
шөнийн зүүд нь болж яваа Эрхэмбаяр арслан тэргүүтнүүдэд хамгийн их хал­гаатай даа.
Тэд Бүрэгхангайн бү­дүүн гуяттай үзэх гэж бэлтгэлээ базааж буй нь нууцхан үнэн.
Бүрэнтөгсийн хувьд ийм байна. Мөнхбат аваргын хувьд дээшээ барилдана л гэж үзнэ.
Балжаа багш нь хар дэвтэртээ ямархан тактик боловсруулж байгааг тааш­гүй. Улсын
аварга цолонд хүрс­нийхээ дараа жил гурав даваад унасан залуу аварга Мөнхбатыг өнөө
жил лав өршөөхгүй болов уу. Аваргынхаа хэмжээнд барилдаа­рай л гэж хатуухан хэлж
байгаа. Мөнхбат аварга өнгөрсөн жил гурав даваад Бүрэнтөгсдөө тахи­маа өгсөн шүү
дээ. Энэ жил түүнд мөн л дөрвийн даваа “там”-тай санагдана даа. Аягүй л бол нэг
дэвжээний бөх цэргийн арслан Бадрахын Ганзориг юм уу, аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү
нар­тай оноолт таарч олныг шуугиулж магадгүй. Хэрвээ Баасанхүүтэй таарах юм бол
байдал эвгүйтнэ.

Өнөө Баасанхүү нь загнаад үг ч авахгүй.
Хоёр хөлд нь барьцгүй гүйх юм уу, ганцхан солгой тонгор­чихоод яваад өгч магадгүй
л хүн. Тэрээр “Нутгаа дуурсгана” нэртэй шилдэг хүчтэнүүдийн тулаанд хамгийн олон
давсан бөхөөр шал­гарч байсан. Бие жижиг жин бага­тай хэдий ч том цолтой, чац өндөртэй
бөхчүүдийг гозойтол тонгорч Бөхийн өргөөнд цугласан олныг баярлуулдаг аавын хүү
юм. Ер нь Увс нутгаас дараагийн өндөр цолонд хүрч мэдэх бөхчүүдийн нэг гэхэд хилсдэхгүй
байх. Мөнхбат, Бүрэнтөгсийн аль алинд нь дөр­вийн давааны нугалаа л хэцүү. Батсуурьтайгаа
таарахыг бас үгүйсгэхгүй. Намсрайжав харцагын хүү Батсуурийг хамгийн хатуу учраануудын
нэг гэхэд гайхах хүн гарахгүй. Түрүү жил Ганбат арс­лантайгаа яг тулчихаад яс үзсэн.
Ганбатыг зовоож, тамлаж байж тахимаа өгсөн. Тэгээд л Ганбат заан дараагийн даваанд  Санчирт ямар ч мэх хийж чадалгүй унаж байхав дээ.
Асашёорюү Дагвадорж аваргыг хоёр жилийн өмнө байна уу даа, улсын наадамд зодоглох
нь гээд л шуугисан даа. Үнэндээ ч барилдах санаа байсан юм билээ. Бөхийн бэлтгэл
дээр аймгийн арслан Батсуурьтай Аса­шёорюүг хэн нь ч юм бэ дээ гурав барилдуулж
л дээ. Тэгтэл өнөө Батсуурь чинь Дагваа аваргыг хоёр сунгачихсан байгаа юм. Тэгээд
Дагваа аваргын барилдах өнгөр­сөн дуулддаг.

Батсуурь бол тийм л эвгүй бөхчүүдийн
нэг юм. Улсын цолонд сүүлийн хэдэн жил зүтгээд дөрвийн даваанд унаад байгаа. Энэ
жил наадмын түрүү бодож буй нутгийн аварга, арслан хоёроо дөрвийн давааны нугалаан
дээр таарч хусчихаад Балжаа аваргынхаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй
дээ. Нутгийнх нь үймээн дэгдээгчдээс гадна Өвөрхангайн хоёр байна. Тодруулбал, аймгийн
арслан Ц.Чимэддорж, Б.Батдорж нар. Бугын сангийн аж ахуйд Цэрэнтогтох аварга, Ганбаатар
арслан нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа хоёр л доо. Тэр хоёртой Увсын
залуу аварга, арслан хоёр дөрөв дээр таарах магадлал тун өндөр. Тэгвэл наадам ч
гоё болно. Мөн л “хар дэвтэр”-ийн нарийн төлөвлөгөөнд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.
Өнгө­рөгч өвөл он солигдохын зааг дээр болсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын
100 жилийн ойн шилдэг 128 бөхийн барилдаанд “АСА” группын бөх Ц.Чимэддорж Мөнх­бат
аварга, Бүрэнтөгс арслан нарыг дараалуулаад хаяж байсан удаатай. Гэвч нэг л од нь
гийж, өнгөрсөн жилийнх шигээ дайрах аваас Бүрэнтөгсийг торгоох хүн ховор доо. Багшийнх
нь хэлснээр Өсөхөө, Санжаа хоёр л байгаа. Аймгийн цолтнуудад бас хамаагүй итгэж
болдоггүй. Бөхийн өргөөнд шуугиулаад л байдаг, яг наадмаар болохоор биеэ барьдаг
ч юм уу, санаанд хүрдэггүй тал бас бий шүү.

Увс аймгийн “Увс нуур” дэв­жээнийхний
энэ жил нэлээн итгэл найдвар төрүүлээд буй бөх нь улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших
юм. Түүнийг түрүүлүүлнэ гэж төлөвлөж байж ч магадгүй. Тийм яриа хөөрөө ч дуулдаад
байгаа. Хэрвээ тийм бол  Балжаа багш нь хар
дэвтэртээ Бат-Орши­хын нэрийг тодоос тод зоож өгөөд түүнтэй тулж харьцаж байгаа
нь лавтай. “Чамд тавын даваа л хэцүү. Санжаадамба, Содномдорж, Өсөх­баяр гурвын
нэгтэй л тунана. Магадгүй хэн нэг нь амлаж ч болох” гээд л өглөө оройгүй донгодож
байгаа. Бэлтгэлийг нь урьд урьд жилүүдийнхээс илүүтэй хийлгэж мориор бол цөмлөхийн
наагуур л болгоод, элдүүр нь ханасан сур шиг намируулаад өгнө дөө. Балжаа аваргын
бөхчүүдээ бэлдэх арга барил их өөр дуулдаад байдаг. Бэлтгэлийг үнэндээ шантармаар
хийлгэдэг гэсэн. Зарим нэг улсын цолтой бөхчүүд нь бэлтгэлээсээ шантарч зугтаах
ч үе гардаг гэж дуулдаад байдаг. Балжаа бол ерээд онд улсын шигшээ багийн дасгалжуулагч
байсан хүн. Тий­мээс бэлтгэлийг яг горимоор нь хийлгэж байгаа л даа. Сүүлд жүдо­гийн
шигшээ багийн ахлах дасгал­жуулагчаар ажиллаж Лондонгийн олимпоос Н.Түвшинбаярыгаа
мөн­гө, С.Ням-Очирыг хүрэл медальтай эх оронд нь авчирч байсан ийм л гавьяатан билээ.
Олимпийн ме­дальтнуудыг төрүүлсэн түүнд төрийн наадамд аварга, арслан төрүүлэх эрэмбэ
байлгүй хаачихав дээ. Бат-Орших харцагын хувьд сүүлийн жилүүдэд барилдаан нь эрс
сайжирч байгаа. Заал тан­химын барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж байгаа. Түүнийг
2009 онд улсын цолонд Б.Гантог­тох гарьд хүргэж байсан. Тэр жилээ шууд зургаа давж
харцага болж байв. Өнгөрсөн жилийн наадамд Хөвсгөлийн Ц.Содномдорж харца­гаар тунаж
тав, Завханы Б.Гон­чигдамба начингаар зургаа даван харцага цолоо баталж заан цолны
төлөө Д.Рагчаа гарьдтай хүч үзэн өвдөг шороодсон юм. Тэгэхээр Балжаа аварга өнөө
жил Мөнхбат, Бүрэнтөгс нараас гадна Бат-Ор­ши­хыг “нүдэж” байгаа нь үнэний хувьтай
л болов уу. Дээр нь өнөө Баасанхүү, Батсуурь, Ганзориг, Оюуны Гантулга гээд хэдэн
ши­жигнэсэн аймгийн арслангуудаа цолонд хүргэх бодолтой байгаа нь дамжиггүй. Өөрөө
зодоглож гурвын даваанд нэгийг нь авч тунаанаас гаргах байх. Ганбатын бэлтгэл ямар
байгаа юм бол, их дээшээ барилдахааргүй бол дэвжээнээсээ нэг начин төрүүлэх байх.
Бумбаяр заан, Бямбажав харцага гээд ул­сын цол горилж байгаа залуустаа гүүр болчихоор
хүмүүс бас бий. Тэр бүгдийг хашир аварга хэдийнэ тооцоолчихсон байгаа. Увсынхны
тактик одоохондоо иймэрхүү л байх шиг. Гэхдээ наадам дөхөх тусам улам нарийсна шүү
дээ.

Н.ГАНТУЛГА