Categories
редакцийн-нийтлэл

Орон сууцны метр квадратын үнэ дунджаар 2.3 сая төгрөг байв

-АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦ БАЙСАНГҮЙ-

“Шинэ орон сууц экс­по-2013” үзэсгэлэн худал­даа өнгөрсөн баасан
га­ригт Мон­го­лын үйлдвэрч­ний соёлын төвд нээлтээ хийв. Засгийн газраас хэрэгжүүлж
буй ипо­те­кийн найман хувийн хүү­тэй зээ­лийг бүх банкуу­даар ол­гож эхэлснээс
хойш орон сууцны эрэлт эрс нэмэгд­сэн билээ. Тий­мээс шинэ орон сууцны үзэсгэлэн
хөл хөдөлгөөн их­тэй бай­лаа. Гурван өдөр зо­хион байгуулж буй энэ удаа­гийн нам­рын
төрөлжсөн үзэс­гэ­лэнд үл хөдлөх хө­рөнгө зуучлалын компа­ни, банк санхүүгийн бай­гууллага,
орон сууц барьж худал­дан бор­луулж буй нийт 50 орчим компани оролц­лоо. Зас­гийн
газ­раас хэ­рэг­жүүлж буй жи­лийн найман хувийн хүү­тэй зээлэнд зөвхөн ашиг­лал­тад
орсон бэлэн болсон орон сууц хамрагдах бо­ломжтой гэж заасан бай­гаа юм.

Тиймээс үзэсгэлэнд ирсэн иргэдийн
ихэнх нь ашиглалтад орсон байр хайж байв. Гэвч тус үзэсгэлэнгийн үеэр  ашиглалтад орсон нэг ч орон сууц байхгүй байлаа.
Хамгийн эхнийх нь энэ оны аравдугаар сард ашиглалтад орно хэмээж байсан бол цааш­лаад
ирэх оны хоёр, гурав, дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох орон сууц захиалга авч
байгаа аж. Нөгөө талаар орон сууцны метр квадрат тутмын үнэ дунд­жаар 1.9-.25 сая
төгрө­гийн үнэтэй байлаа. Хоёр өрөө байр дунджаар 90-160 сая төгрөгт хүрсэн бол
нэг өрөө байрны сонголт бараг байсангүй. Харин хотын төвөөс алслагдсан дүүргүү­дэд
бариг­даж буй орон сууц­ны үнэ  1.2-1.6 сая
төгрөгийн үнэтэй тавь­жээ. Тодруулбал, Налайх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны
үнэ арай хямд байсан тул зарим иргэд захиалга өгч байраа сонгож байгаа нь харагдсан.

Үзэсгэлэнгийн үеэр зарим иргэдийн
сэтгэгдлийг сонслоо.

Г.ДУЛАМСҮРЭН: СҮРЖИН НЭРТЭЙ ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
ҮЗЭХ ЮМ ЮУ Ч АЛГА

-Та байраа сонгосон уу?

-Үгүй ээ. Нэг л сүржин нэртэй үзэсгэлэн
юм. Үзэх юм юу ч алга. Орон сууцны үнэ дэндүү үнэтэй байна. Хоёр сарын өмнө метр
квадрат нь 1.8 сая гэж байсан орон сууц уг үзэсгэлэн дээр 2.5 сая төгрөг болж нэмэгдсэн
байна. Арай дэндүү байна. Ашиглал­тад орсон байр алга. Аравдугаар сард ашиг­лал­­тад
орох цөөн тооны байр бай­гаа ч хуга­цаан­даа орохгүй нь то­дор­хой. Оноос өмнө орвол
их юм.

-Та зээлээр байр авах гэж байна
уу, бэлэн мөн­гөөр авах уу?

-Найман хувийн хүүтэй зээлэнд хамрагдахаар
хөө­цөл­дөж байна. Сар гаруй хугацаанд боломжийн үнэтэй цэвэрхэн байр хайгаад олсон­гүй.
Засгийн газраас компа­ниудад тусалж, дэмжлэг үзүүлж байгаа гэсэн. Тэр компаниудын
нэрийг зарлах хэрэгтэй байна. Орон сууцны үнэ буурч нэг сая төгрөг болно гэсэн.
Харин ч улам өслөө. Умгар хоёр өрөө байр 120 сая төгрөг гэх юм даа. Найман хувийн
зээл иргэдийг дэмжиж орон сууцтай болгох ажил нэртэй боловч үнэн хэрэгтээ байрны
үнийг өсгөж, иргэдийг чөдөрлөсөн ажил болж байна.

А.ЭНХТАЙВАН: ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ 1.9 САЯ
ГЭЖ БАЙСАН БАЙР 2.3 САЯ ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЛЭЭ

-Үзэсгэлэн ямар санаг­дав?

-Монголчууд орон сууцны үнийг дийлж
авч чадахгүй юм бай­на. Эхнэр бид хоёр Солон­гост 3 жил ажиллаад 30 сая төгрөгтэй
ирсэн юм. Ээжийнхээ хашаа бай­шинг 30 сая төгрөгөөр зараад 60 сая төгрөгтэй болсон.
Бэлэн мөн­гөөр байр авах гэтэл 60 сая төг­рөгийн байр хайгаад олсонгүй. Хэдхэн хоногийн
өмнө 1.9 сая төгрөг гэж бай­сан орон сууц одоо 2.3 сая болж нэмэгдсэн байна. Цааш­даа
ч нэмэгдэх хандлагатай байна.

-Тэгвэл найман хувийн зээлэнд хамрагдах
уу?

-Бид одоогоор тогтсон ажил хийж эхлээгүй
болохоор банкнаас зээл өгөхгүй байна. Уг нь хөөцөл­дөж үзсэн. Одоо айлын хашаанд
гэр бариад сууж байгаа. Хурдан байр олохгүй бол хөөгдөнө шүү дээ. Залуучуудаа дэмжээд
хямд орон сууцаар хангах хэрэгтэй байна. Хүний нутагт идэх хоол, өмсөх хувцсаа хасч
цуглуулж ирсэн хэдэн төгрөгөөр орох оронтой болж чадахгүй байна.

-Таны бодлоор байрны үнэ хэдэн
төгрөг байвал болох вэ?

-Засгийн газраас метр квад­ратыг нь
нэг сая төгрөг болгоно гэсэн. Тэр нь ч юу юм. Ядаж 1.5 сая төгрөг байхад өнөөгийн
Монголын нөхцөлд болох гээд байна. Одоо байр­ны үнэ буурна гэж байхгүй байх. Тэгэхээр
газар олддог бол байшин л барьж амьдар­даг юм бил үү гэж бодож байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Содном: Эдийн засгаа эрсдүүлэхгүй байх аргаа олох хэрэгтэй

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн
дарга асан Д.Содномтой ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн одоогийн
байдлыг та юу гэж дүг­нэж байгаа бол? 

-Санаа зовж байна. Төлөвлөсөн экспорт тоо хэмжээ үнийн дүнгээр
тасалдаж,  гадаад худал­даа болон улсын төс­вийн
алдагдал ихсэж бай­на. Гадаадын хөрөнгө оруулагчдын талаас илүү нь Монголоос дайжсан
бололтой.  Юмны үнэ  өсч байна. Одоо цахилгаан дулааны үнээ өсгөхөөр
зарлаж байна. Доллар­тай харьцах төгрөгийн чадвар өнгөрсөн оны сүүл  үеийнхээс 30 
орчим хувиар муудаад байгаа нь импортоор орж ирж байгаа бүх зүйлийн до­тоодын
үнийг 30 орчим хувиар нэмэгдүүлэхэд хүргэж магадгүй. Энэ бү­хэн эдийн засаг нийг­мийн
хөгжлийг сааруулах, иргэдийн амьдралд муу нөлөө үзүүлэх аюултай учраас санаа зовохгүй
байхын  аргагүй.

-Ийм нөхцөлд  эрсд­лээс хамгаалах ямар арга байна вэ?

-Эдийн засаг нийг­мийн хөгжлийн цэгцтэй
ухаалаг бодлого бо­ловс­руулж хэрэгжүүлэх асууд­лыг, хэн нэгэн эрх мэдэлт­нийг дагаж
гүйхгүйгээр, бие даан хариуцан ажил­лаж чадах чадварлаг ухаа­лаг монопол нэгжийг
төрд бий болгох нь  чухал. Ухаалаг, цэгцтэй
нэгдсэн бодлогогүй байгаа учраас  Монгол Улс
хөгжихгүй гэж зарим нөхдийн хэлж бай­гаатай би санал нийлж байгаа. Нийт монгол­чуу­дын
боловсролыг дээш­лүүлж байж хөгжинө гэдэг ч бодитой биш. Эдийн засгийн хөгжлийн
яамыг чадвар туршлагатай бо­ловсон хүчнээр бэхжүү­лэх, түүний статусыг өр­гөж, ажлын
хариуцлагыг дээшлүүлэхээс энэ ажлыг эхлэх хэрэгтэй санагддаг.  

Юуны өмнө үндэсний үйлдвэрийг хөгжүүлж
га­даад дотоод зах зээлд нийлүүлэх барааны үйлд­вэрлэл нэмэгдүү­лэ­хэд хөрөнгө хүчээ
төвлө­рүүлэх бодлого хэрэг­жүүл­дэг болмоор, шинэч­лэл, бүтээн байгуулалтын ажлаа
түүнд чиглүүлмээр байна.

-Чингэс бондыг тойр­сон элдэв яриа
байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөв ашиглах юмсан. Экспорт
өсгөх, импорт орлох бүтээгдэхүүн гар­гах, улс орон нутгийн төсвийн орлогыг нэмэг­дүү­лэхэд
шууд нөлөөлж чадах, зураг төсөв нь бэлэн, орлого ашиг сайн төслүүдийг хэрэгжүүлэхэд  зориулж бондын мөнгө­ний 70-аас доошгүй хэс­гийг,
30 хүртэл хувийг авто зам зэрэг дэд бүт­цийн төсөлд ашиглах шийд­вэр гаргаж хэрэг­жүүлмээр
санагддаг.  

Үндэсний бизнес­ме­нүү­дэд өндөр үр
ашигтай нь ТЭЗҮ-ээр баталгааж­сан, барьж байгуулах ажил нь эхэлсэн үйлдвэр­лэлийн
төслүүд байгаа. Судалгаа хийх, төс­лүүд­тэй газар дээр нь очиж танилцах хэрэгтэй.
Сайн төсөлтэй компаниар нь гуйлгахыг хүлээх биш сан­­хүүжүүлэлтэд нь орол­цох санаачилга
гар­гаж ажиллавал бондын мөнгийг ашиглах өндөр үр ашигтай төслүүдийг олж болно.
Зээл аваад амлалтад тараасан урьд жилүүдийн алдаа бонд гаргаж зээл олоод үр ашиг­гүй
төслүүдэд тараа­сан алдаа болж давтаг­дахгүй байгаасай.

Чингэс бондын мөн­гийг ашиглах яам,
аймаг, аж ахуйн нэгж нэг бүртэй хүүгийн хамт тодорхой хугацаанд төлөх хатуу гэрээ
байгуулах, тийм гэрээ байгуулсан эзэнтэй төсөлд л санхүүжүүлэлт хийдэг баймаар.
Улсын төсвөөс төлөх нөхцөлөөр бондын мөнгийг зар­цуулж, төсвийн орлого нэмэгдүүлэх
ач холбог­долтой төслийг хэрэг­жүүлэхэд анхаарахгүй  бол ирээдүйд муу нө­лөөл­нө.

-Оюу толгойн асууд­лыг яаж шийдэх
нь зөв бол?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд,
ялангуяа хувь нийлүүлэгч­дийн гэх нууц гэрээнд зарим  өөрчлөлт оруулах шаардлагатай нь ойл­гомж­той.
Оюу толгойн бү­тээг­дэхүүний борлуулалт, шинэ хөрөнгө оруулал­тын асуудлыг шийдэхэд
бэрхшээл гараад байгаа нь Монголын тал хөрөнгө оруулагчид итгэхгүй бай­гаа, тухайлбал
бүтээг­дэ­хүүний өртгийг үндэслэл­гүй нэмэх, борлуулалтын орлогоо нуух замаар тат­вар
оногдох орлого, хуваах ашгаа багасгана гэж хардаж байгаатай холбоотой байх. Ингэж
хардах нь аргагүй. Оюу толгой төсөл наад зах нь 30 жил хэрэгжинэ. Ийм олон жил хардлага,
ха­рил­цан итгэлцэлгүй байд­лаар амьдарч бо­лохгүй. Ийм хардлагыг үгүй болгож, харилцан
итгэлцлийг бий болгож, төслийг саадгүй хэрэг­жүүлж байх  арга олохын тулд хөрөнгө оруулалтын гэрээнд ямар
өөрчлөлт оруулж болох саналыг би нэг биш удаа бичсэн ярь­сан. Миний санал бол Оюу
толгойн Техник, эдийн засгийн үндэс­лэ­лийн дагуу төслөөс гарах ашгийн 53 орчим
хувь нь Монгол Улсын хуулийн дагуу төлбөл зохих Нөөц ашигласны төлбөр, Ор­ло­­гын
татвар, Оногдол ашгаар Монгол Улсын төсөвт орж байх ёстой. ТЭЗҮ-ээр тооцсон тэр
53 хувийн төлбөрийн дүнг ТЭЗҮ-д тусгагдсан бор­луулалтын орлогод нь харьцуулах замаар
“Оюу толгойн борлуулалтын орлогоос Монгол Улсын төсөвт шууд төлж байх төлбөрийн
хувь хэмжээг тогтоон хэрэгжүүлэх” са­нал байгаа. Ийм өөрч­лөлтийг Гэрээнд тусгаж
хэрэгжүүлсэн нөхцөлд хөрөнгө оруулалт, өртөг зардал, менежмент, тат­вар оногдох
орлого аш­гийг тодорхойлох, татвар төлбөр бүрийн хэмжээг тогтоох зэрэгтэй холбогд­сон
хардлага, маргаан  алга болж үйлдвэрлэлийг
Хөрөнгө оруулагч тал саад­гүй авч явуулах нөх­цөл бий болно. Мон­голын тал зөвхөн
бор­луу­лалтад л хяналт тавьж байх болно.

-Та гэрээг муу бол­сон гэж үздэг
үү?

-Гэрээ муу болсон, засах хэрэгтэй
гэж их ярих боловч гэрээний ямар нөхцөлийг яаж сайж­руу­лах аргаа олохгүй байгаа
санагддаг учраас би энэ саналыг хэлдэг юм.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын 34
хувь нь Монгол Улсын Засгийн газрын өр болж байхыг, гэрээг сайжруулах шаард­лагатайг
мэдэж байх ёстой зарим эдийн засагч өдөр бүр сая ам.дол­лар орж ирж байх нэмэлт
хөрөнгө оруулалт орж ирэхгүй саатаж бай­на гэж харамсаж ярьж байгааг ойлгоход бэрх.
Оюу толгойн гэрээг сайж­руулах асуудлыг  шийдэх
хариуцлагыг Засгийн газар өөртөө авах нь зөв, шийдэх эрхгүй ТУЗ зэрэг бусдад найдах
хэрэггүй санагддаг.

-Тавантолгойн нүүрс­ний уурхайг
үр ашигтай ашиглахын тулд ямар асуудлыг шийдэх 
нь зөв юм бол
?

-Эрэлт хэрэгцээ бо­лон эдийн засгийн
хувьд ашигтай байх бодит зах зээл бол БНХАУ-ын зах зээл. Гурав дахь зах зээлд гарах
хамгийн дөт замыг урд хөршөөс оло­хын төлөө ажиллахаас өөр аргагүй. Юуны өмнө хоёр
асуудлыг шийдэх нь зөв. Тавантолгойгоос Га­шуунсухайтын чиглэлд нарийн царигийн
төмөр замыг эхний ээлжинд яа­ралтай барьж ашиг­лал­тад оруулах, Тавантол­гойн Баруун
цанхид БНХАУ, ОХУ, ЯПОН улсын компанийг тус бүр 10-15 хувиар буюу адил хувь хэмжээгээр
оролцуу­лах хэлэлцээр хийх.

Нүүрсний нөөц ихтэй улсуудын компаниуд
БНХАУ-ын зах зээлд нүүр­сээ борлуулж бай­хын төлөө өрсөлдөж  бай­на. Монголчууд бид улсынхаа газар нутгийн
байршлын болоод нүүрс­ний чанарын давуу байд­лаа ашиглах ухаалаг бод­лого хэрэгжүүлэх
шаард­лагатай. Бид нар 2008 онд төмөр замын талаар баримтлах бод­логоо оновчтой
гаргаж хэрэгжүүлж чадаагүйгээс одоо болтол нүүрсийг БНХАУ-д хямд өртгөөр тээвэрлэх
асуудлыг ший­дэж чадаагүй байгаа. Таван­толгойн ордын ашиг­лалтад гададын хө­рөнгө
оруулагчийг ашиг­тай нөхцөлөөр оролцуу­лах асуудлыг шийдэж ча­дах­гүй олон жил болж
байна. Нүүрсийг харь­цангуй хямд өртгөөр ол­бор­лох  ажлыг үндэсний компаниудад  хариу­цуу­лахаас цааргалж, зөвхөн гаднын компаниар
харь­цангуй өндөр өртгөөр гүйцэтгүүлж байсан, эс­вэл төрийн өмчийн ком­паниар гүйцэтгүүлж
бай­гаа шалтгаанаар өртөг өндөртэй нүүрсийг ашиг­тай борлуулах аргагүй  болоод байх шиг санагд­даг. Ингэж учраа олохгүй
мунгинаж байх хугацаанд БНХАУ-ын нүүрсний импортын хэрэгцээг ОХУ, Америк, Канад,
Австрали улс хангадаг болж байгаа бололтой. Танай сонины нэгдүгээр сарын 28-ны өдөр
“Олон улсын нэр хүндтэй IDEAS хэмээх байгууллагаас 196 улсыг эдийн засгийн шинж­лэх
ухааны судал­гааны түв­шингээр нь эрэм­бэлжээ. Манай улс энэ жагсаал­тын 184-д бичигдсэн
бай­на” гэсэн  мэдээлэл хэв­лэгдсэн. Энэ мэдээг
унш­сан манай улсын төр, засгийн шийд­вэр гарга­даг эрх мэдэлт­нүүдэд ханд­сан анхаа­руулга
болов уу гэж ойл­госон. Бодоосой билээ.

-Хөрөнгө оруу­лал­тын хууль тогтоомжийг
боловсронгуй болгох, үндэсний хөрөнгө оруу­лагчдыг дэмжиж хөг­жүү­лэх асуудлаар
та ямар бодолтой явдаг вэ?

-Ашигт малтмалын ту­хай хууль, Гадаадын
хө­рөнгө оруулагчдын тухай хуулийг өөрчлөх, үүний оронд Хөрөнгө оруу­лал­тын тухай
хууль гаргаж хөрөнгө оруу­лаг­чидтай холбогдсон асууд­луудыг цогцоор зохи­цуул­сан
нэг хуультай бо­лох санаа­чил­га гарсныг би зөв гэж боддог. Одоо боловс­руулж байгаа
хө­рөнгө оруулалтын тухай хуульд тусгагдаж зохи­цуулаг­даасай гэж боддог зүйл бий.

-Тухайлбал?

-Стратегийн ач хол­богдолтой ашигт
малт­малд ямар ашигт малт­малыг хамааруулах, түү­нийг ашиглахад ямар нөх­цөл тавихыг
сайн бо­дож хуульчлах нь зүйтэй. Миний бодлоор бол стра­тегийн ач холбогдолтой ашигт
малтмалд газрын тос, байгалийн хий, уран, газрын ховор элемент, коксжих нүүрс, алт
мөнгө  гэх  ашигт малтмалыг хамааруулах. Страте­гийн ач холбогдолтой
дээр дурдсан ашигт малт­малыг ашиглах үйл ажиллагаанд төр зохих хэмжээгээр оролцож
хяналт тавьдаг байх нь зөв. Стратегийн ач хол­бог­долтой гэж үзэх дурд­сан ашигт
малтмалын ашиглалтад гадаадын хөрөнгө оруулагчийг орол­цуулах.  Түүнд  Мон­голын
талын оролцоо заавал байх, тэгэхдээ манай орд баялаг, танай хөрөнгө оруулалт гэсэн
зарчмыг баримталж нийт хувьцааны нь 20 хүртэл хувийг үнэгүй эзэмших эрхтэй байх.
Харин Мон­голын үндэс­ний компа­нид ашиглал­тыг зөвшөө­рөх бол түүнд төр заавал
оролцохгүй, харин үйл ажиллагааг  нь улс орны
аюулгүй бай­дал, ашиг сонирхлын үүднээс хянаж, шалгадаг байх хэрэгтэй. Ашигт малт­ма­лын
аливаа ордыг ашиг­лах зөвшөөр­лийг Мон­голын үндэсний хувийн өмчийн турш­ла­га­тай,
бо­ловсон хүчинтэй, техник технологи эзэмш­сэн ком­панид тэргүүн ээл­жинд олгодог
болох, до­тоод гадаадын хөрөнгө оруу­лаг­чид орд ашиглах зөв­шөөрөл олгохдоо тат­варын
орчинг тогтвор­жуу­лах гэрээ байгуулдгийг болих ёстой.   Ашигт малт­малын ордын ашиглал­тад төр оролцохоор
Хө­рөнгө оруулагчтай тохи­ролцсон бол төслийн ТЭЗҮ-д тусгагдсан хөрөн­гө оруулалтын
дүнд оногд­­­сон хувь оролцоо­ны хөрөнгө оруулалтыг хариуцах бөгөөд хэрэг­жүү­лэлтийн
явцад хө­рөнгө оруулалт нэмэгдэх нөхцөлд төр нэмэлт хө­рөн­гө оруулалтыг хариу­цахгүйгээр
оролцооны­хоо хувийг хадгалж бай­хыг хуульчлах хэрэгтэй. Стратегийн ач холбог­долтойгоос
бусад  ашигт малтмалын ордыг ашиг­ла­хад төр
оролцохыг хяз­гаарлах, оролцсон ч хувь хэмжээ нь бага байх, ор­ло­го ашигт нь оногдуулах
татвар хураамжаа цаг тухайд нь бүрэн авдаг байх, татварын элдэв хөнгөлөлт чөлөөлөлт,
тогт­воржуулалтгүй байх нь зөв шударга санагд­даг. Манай улсад төрийн өмч давамгайлсан
аж ахуйн нэгж дампуурч бай­даг болжээ. Эрдэнэт, Тавантолгой гэсэн төрийн өмчийн
хоёр том аж ахуйн нэгж хоёул өрөнд баригдсан, үйлдвэрлэлээ хэвийн явуулах чадваргүй
болоод байгаа нь төрийн мэдэлд байгаагийн гай. Тийм учраас дурдсан хоёр аж ахуйн
нэгжийг хувьчлах нь зүйтэй байж болохыг анхаарах нь зүйтэй.

-Нүүрсний экспорт манай улсын гадаад
худалдааны ирээдүйд ач  холбогдолтой юу?

-Эрчим хүчний эх үүс­вэрийн хувьд
ойрын ирээ­дүйд нүүрс зайлшгүй эрэлттэй байх нь тодор­хой. Одоогоор нүүрсийг их
хэмжээгээр импортоор авч байгаа манай улстай хил залгаа улс бол БНХАУ. Тийм учраас
нүүрс­ний экспортыг эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого боловс­руулж хэрэгжүүлэх
нь манай улсын төр засгийн байгууллагын эрхэм зо­рилтын нэг байх ёстой. Энэ бодлогын
хүрээнд БНХАУ-ын чиглэлд экс­пор­тын нүүрсийг тээвэр­лэх төмөр замыг яарал­тай барих,
экспортод гар­гаж байгаа байгаа бүтээг­дэхүүн, үүний дотор нүүр­сэнд борлуулж байгаа
үнээс нь хэт өсгөсөн жишиг үнэ гэдгийг тогтоон бодит хэмжээнээс хэд дахин их  татвар оног­дуул­даг болсныг зогсоох зайлшгүй
шаардлагатай.  Нэг талаас худалдан авагч үнээ
бууруулж бай­гаа нөхцөлд жишиг үнэ гэгчийг 
үндэслэлгүй тог­тоон их татвар авдаг болж байгаа шударга бус байд­лаас болж
нүүрс экс­портолж байгаа үндэсний компаниуд дампуурч бо­лохыг анхаарахгүй байж болохгүй.
Одоо экспор­тод гаргаж байгаа  нүүр­сэнд орлогын
албан тат­вараас гадна 12 нэр төр­лийн татвар хураамжаар тонн тутамд долоон дол­ларын
төлбөр авч бай­гааг багасгах, ер нь татварын уян хатан бод­логотой байхад анхаарах
нь зүйтэй  юм.

-Өнгөрсөн пүрэв гаригт ҮАБЗ-ийн
гишүүн байсан хүмүүстэй уулз­сан. Энэ талаар танаас асуулгүй өнгөрч бо­лох­гүй байх?

-Дээрх асуудлуудын хүрээнд л ярьсан
даа. Миний хувьд энд ярь­сан­тайгаа адил саналыг л хэлсэн гээд ойлгочиход болно.
Хүмүүсийн ярьсан санаа ч ижил төстэй байсан даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн төрийн өндөрлөгүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж
өчиг­дөр Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн ги­шүүн байсан эрхмүүд­тэй уулзлаа.
Хаалттай бол­сон энэхүү уулзалт өглөө 11.00 цагт эхэлж, бараг өдрийн 15.00 цаг хүртэл
үргэлжлэв. Уг уул­залтад Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид, УИХ-ын дар­га нар,
Ерөн­хий сай­дууд ирсэн. Ту­хайл­­бал, Монгол Ул­сын анхны Ерөн­хийлөгч П.Очир­бат,
удаахь Ерөн­хийлөгч Н.Ба­­габанди хоёр ирсэн байлаа. Гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энх­баярын
хувьд уулзалтад ирээгүй байв. Түүнд урил­га өгсөн ч БНСУ руу эмч­лүүлэхээр явсан
тул ирж чадаагүй гэнэ.

УИХ-ын даргаар ажил­­­лаж явсан хүмүү­сийн хувьд өдгөөгийн УИХ-ын
дэд дарга Р.Гон­чигдорж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүн­дээ­жан­цан, Д.Дэмбэрэл
нар төрийн тэргүүний урил­гаар уулзалтад орсон байна. Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд
ирсэн нь мэдээж. Харин хуучин Ерөнхий сайдуудаас ард­­­­­­­­чилсан Монгол Ул­сын
анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, 14 дэх Ерөн­хий сайд Д.Содном, 15 дахь Ерөнхий
сайд Ш.Гунгаадорж, 18 дахь Ерөнхий сайд М.Энхсай­хан, 21 дэх Ерөнхий сайд  Р.Амаржаргал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 26
дахь Ерөнхий сайд Сү.Бат­­­­болд нарын эрх­мүүд ирэхээр болсон бай­лаа. Мэдээж одоогийн
Ерөнхий сайд Н.Ал­тан­хуяг энэ уулзалтад оролцсон.

Тэд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө
оруу­­лалт, санхүүгийн талаар мэдээлэл сонсч санал солилцжээ. Одоо үүсээд байгаа
нөхцөл байдлын талаар ярил­цаж, ямар арга хэмжээ авбал зохихыг ч хэлэлц­сэн бололтой
юм. Ямар­тай ч энэхүү уулзалтаас болж долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг 30
минутын уулзалтаа Ерөн­хий сайд хойшлуулав. Олон цаг үргэлжилсэн уулзалт тарах үед
Монгол Улсыг тухайн цаг үедээ удирдан жолоодож явсан үе үеийн сайд, дарга нараас
ярилцлага ава­хаар сэтгүүлчид отож байсан юм.

Ингээд уулзалт дуу­сахад хамгийн түрүүнд
Монгол Улсын анхны Ерөн­хийлөгч П.Очирбат гарч ирлээ. Гэвч тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл
өгө­хөөс эрс татгалзан яаран гарч одлоо. Түүний араас Ерөнхий сайд асан, УИХ-ын
гишүүн Р.Амаржаргал гарч ирсэн ч хуйлран дагах сэтгүүлчид рүү инээм­сэглэн тол­гой
сэгс­рээд яваад өглөө. Удалгүй Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном гарч ирсэн
юм. Түүний араас Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ш.Гунгаа­дорж, УИХ-ын дарга асан
Ц.Нямдорж нар цувар­лаа. Той­рон бүчих сэт­гүүлчдийн дунд түр саат­сан нь тэд л
байв.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй
хөө­рөлд­сөөр гарч ирсэн  Мон­гол Улсын хоёр
дахь Ерөнхийлөгч Н.Бага­бан­ди сэтгүүлчдийн барааг хараад л юмнаас үргэв үү гэлтэй
үг дуугүй хар хур­даараа гүйх шахам гарч одлоо. Ерөнхий сайд Н.Ал­танхуяг УИХ-ын
дэд дарга Р.Гончигдоржтой хамт гарч ирэв. 
Ерөнхий сайдын царай баргар, нэлээд бухимдсан шинж­тэй, хөмсөг зангидсан
харагдана. Царайнаас нь  харвал өнөөдрийн
уул­зал­тад багагүй шүүмжлэл сонсч, банга хүртсэн байж магадгүй гэж бодог­дохоор
ажээ. Харин Р.Гон­чигдорж гишүүний хувьд нүүрэндээ инээм­сэг­лэл тодруулан явж одов.
Араас нь УИХ-ын дарга З.Энхболд, Сан­гийн сайд Ч.Улаан нар сүүл мушгин гарч явлаа.
Уулзалт халуухан бай­сан бололтой улаа  бутар­сан
царайтай дарга нар ар араасаа яаран хэв­лэлийнхэнд баригдчихгүй гэсэн шиг  хурдан алхац­гаах аж. Тэр дунд Ерөнхий сайд асан
С.Баяр, Сү.Бат­болд, М.Энхсайхан, УИХ-ын дарга асан Д.Дэмбэ­рэл нарын царай харагд­сангүй.
Гэвч тэднийг сэт­гүүлчдээс зугтааж арын хаалгаар сэмхэн гараад явсан тухай мэдэх
хүмүүс нь хэлж байлаа. Ингээд сэтгүүлчдийн дунд хэсэг саатсан Ерөнхий сайд асан
Д.Бямбасүрэн, Д.Сод­ном, Ш.Гунгаадорж нараас авсан тодруулгыг хүргэе.

Д.БЯМБАСҮРЭН: ОЮУТОЛГОЙН АСУУДЛЫГ ШУУГИАН БОЛГОХГҮЙГЭЭР
ШИЙДЭЖ БОЛНО

-Сая болсон хурлаар юу ярьсан бэ.
Монгол Ул­сын нийгэм, эдийн зас­гийн өнөөгийн асууд­­лаар ямар сана­лууд гарсан
бол?

-Ер нь хариуцлагатай хандах цаг ирээд
байна. Үүнийг олон түмэн ч ойл­гож байна. Төр засгийн тэргүүнүүд ч үүнийг ойл­гож
байгаа учраас сая санаа бодлоо солилц­лоо.

-Энэ уулзалт дээр одоогийн дарга
нар ямар мэдээлэл өгч бай­на вэ. Ялангуяа Оюу толгойн асуудал нэ­лээд хөндөгдөөд
байна л даа?

-Яахав дээ. Оюу тол­гойн асуудлыг
шуугиан болгохгүйгээр улсын амьд­ралд байдаг хэвийн хэм хэмжээний хүрээнд шийдэж
болно шүү дээ. Нэг талдаа зүгээр яриад байдаг. Нөгөө талдаа асуу­дал түгжрээд байж
болохгүй.

-Эдийн засгийн нөх­цөл байдал ямар
байна гэж та дүгнэж байгаа вэ?

-Ер нь монголчуудын хувьд 90 оноос
хойш олон хүнд үеийг тууллаа. Манайхаас шалтгаалах, олон улсын нөхцөл байд­лаас
шалтгаалж эдийн засагт хүндрэл үүсэх тал бий. Үүнд бэлтгэлтэй л байх хэрэгтэй.

Д.СОДНОМ: САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР
МЭДЭЭЛЭЛ СОНСЧ, САНАЛ СОЛИЛЦЛОО

-Сайн байна уу та?

-Юу болоод байна аа.

-Сая болсон уулзал­таар юу яригдсан
та­лаар танаас тодруулах гэсэн юм?

-Эдийн засаг, сан­хүүгийн талаар мэдээлэл
сонсч санал солилцлоо.

-Та ямар санал хэлэв?

-Нэлээд олон санал хэлсэн шүү. Хамгийн
гол анхаарах зүйл бол үн­дэс­нийхээ үйлдвэрлэлийг дэмжих асуудал байна. Гол нь үүнийг
л ярьсан даа.

-Уул уурхайтай хол­боотой сэдвүүд
хэр хөн­дөгдсөн бэ. Оюу толгойн тухай ч юм уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг
ярь­сан. Тэр дагуу анхаа­рах ёстой саналууд нэлээд гарсан.
 
Ш.ГУНГААДОРЖ: БИД САНАЛАА ХЭЛЛЭЭ, АЮУЛГҮЙН
ЗӨВЛӨЛӨӨС ЗӨВЛӨМЖ ГАРАХ БАЙЛГҮЙ

-Өнөөдрийн уулзал­таар ямар нэг
шийдвэр юм уу, үр дүн гарсан юм болов уу?

-Эндээс шийдвэр гарах­­гүй шүү дээ.
Эдийн засгийн байдал хүнд­рэл­тэй байгаа учраас одоо яах вэ гэдгээ ярьж, санал зөвлөлдлөө.
Энэ нөх­цөлд ямар арга хэмжээ авах вэ гэдэг шийдвэрийг  УИХ, Засгийн газар гар­гана шүү дээ. Бид зүгээр
л саналаа хэллээ. Үүнийг цааш нь төвлөрүүлээд ойрын үед авч хэрэг­жүү­лэх бодлого
болгоод явах байх. Тийм учраас Аюул­гүйн зөвлөлөөс зөвлөмж гарах байх. Үүний дараа
цааш цаашдын асуудал яригдах болов уу.

-Таны хувьд өнөөд­рийн энэ хүндрэлтэй
байдлаас гарах ямар санал хэлсэн бэ. Өнөөд­рийн Засгийн газрын ажилд дүгнэлт өгөв
үү?

-Засгийн газрын ажилд дүгнэлт өгөх
асуу­дал биш шүү дээ. Монгол орны өнөөгийн эдийн засаг ямар байгааг л бүг­дээрээ
тойрч суугаад яри­лаа. Энэ бол зөв зүйл болсон. Бүгдээрээ хэ­лэлц­вэл буруугүй гэдэг
шүү дээ. Хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр ч ярьж байна. Эдийн засаг хүн­дэрч байгаа
тухай бичиж байна. Ер нь эдийн засаг хүндрэх тал ажиглагдаж байгаа. Дэлхий нийтэд
ч байдал тиймхэн байна. Үүнээс гарах арга зам, юуны түрүүнд Оюу тол­гойн асуудлыг
шийдэх хэрэгтэй байна. Цааш­лаад мөнгө зээлийн асуу­дал, ханшийг яаж барих вэ гэсэн
зүйлүүдийг яри­лаа. Хүн хүний бодлыг сонссон. Одоогийн нөх­цөл байдлыг сайжруулж,
хүндрэлтэй байдлаас га­рах хүмүүсийн санал нь ерөнхийдөө ижил бай­лаа. Хүн болгоны
ярьж байгаа хэлбэр өөр ч гэсэн санаа нь нэг л байлаа.

-Оюу толгойн асуу­дал дээр яригдсан
бо­дитой зүйл нь юу байв?

-Оюу толгойн асууд­лыг яаралтай шийдэх
нь зөв. Гэрээгээ эргэж харах, магадгүй гадаадын хө­рөнгө оруулалтыг үргээх нөхцөл
болоод байгаа хууль эрх зүйн орчин бий бол түүнийг  сайжруулах нь зүйтэй юу гэх мэтээр ярилаа. Оюу
толгой дээр төвлөрч ярьсан. Энэ чиг­лэл дээр Засгийн газар цаашдаа арга хэмжээ авах
байлгүй.

-Оюу толгой өнөөдөр 2000 гаруй
хүнийг аж­лаас нь халаад эхэллээ шүү дээ?

-Ийм байдалд хүргэх­гүйн тулд яаралтай
арга хэмжээ авах хэрэгтэй гэд­гийг Засгийн газар, УИХ-д бид санал болголоо. Ерөнхийлөгч
ч төгсгөлд нь хэллээ. Аюулгүйн зөв­лөлийн зөвлөмжид энэ санал тусгалаа олох байлгүй
дээ.

     Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар том орд Монголоос илэрчээ

“Арева Монгол” ХХК, “Кожеговь
“ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плэзанттай ярилцлаа.
 

-“Арева”-гийн охин компани “Коже
говь”-ийн   нээсэн хоёр ордын нөөц Монгол
Улсыг ураны нөөцөөр дэлхийн топ ар­ван улсын нэгд багтаа­лаа. Одоогоор илрүүлээд
байгаа ор­дуудын нөөцийн талаар сонирхуулаач? 

-“Арева” Монгол Ул­сад охин компани
“Коже говь”-оороо дамжуулж 15 жилийн хугацаанд гео­логийн үйл ажиллагаа явуулж ирлээ.
Манай гео­логичид энэ хугацаанд хоёр орд нээж илрүүлсэн.  Эхний нээсэн орд нь Дор­ноговийн Дулаан-Уулд бий.
Дулаан-Уулын ор­дын нөөцийг Эрдэс баял­гийн зөвлөлөөр 6000 ор­чим тонн ураны нөөцтэй
гэж баталсан. Хоёр дахь орд маань Зөөвч-Овоо. Дулаан-Уулын ордоос 30 орчим км зайд
оршдог. 57 мянган тонн ураны нөөцтэй гэж үзэж байгаа. Зөөвч-Овоо бол Монголын төдийгүй
дэлхийн сүүлийн 20 жи­лийн ураны нөөцийг хан­га­хаар томоохон хэмжээ­ний орд.

Энэ хоёр орд дээр томоохон ажлууд
явагдана гэсэн төлөв­лөгөө бий.  “Коже говь”
компа­нийн хайгуу­лын 27 тусгай зөв­шөөрлийн 
12 нь Дорноговь айм­гийн нутаг дэвсгэрт, 15 нь Сүхбаатар аймагт оршдог. Ду­лаан-Уул,
Зөөвч-Овоогийн нөөц цаашид өсөх байх гэж бодож бай­на. Ордын ха­марч байгаа хүрээ,
зах хяз­гаараар хайгуулын ажлыг үр­гэлж­лүүлж хийхэд дахиад нөөц илрүүлэх байх.
Энэ хоёр орд компанийн эзэмшилд байгаа гур­ван талбай дээр илэрсэн. Бусад талбай
дээр  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж бай­гаа.  Ду­лаан-Уул, Зөөвч-Овоо болон бусад хайгуулын
тал­байг нийлүүлээд тооцвол  100 орчим мянган
тонн ураны нөөц илрүү­лэх болов уу гэж тооцоолж байна.

-Сүхбаатар аймгийн хувьд хайгуулын
явц хэр байгаа бол?

-Сүхбаатар аймгийн хувьд Дорноговь
аймгийг бодвол хай­гуу­лын ажил урагшилсан гэж хэлэ­хээргүй байгаа. Учир нь энэ
айм­гийн хайгуулыг Дорноговиос  нэ­лээд хожуу
хугацаанд хийж эхэл­сэн. Сүхбаатар аймагт хайгуулын ажил явуулахад нааштай үр дүн
гарах­гүй байж байгаад сүүлийн нэг, хоёр жилд л гарч эхэлж байна.  Тэгэхээр энэ аймагт ураны төчнөөн тонн орчим нөөц
байна гэхэд хэцүү байна. Манай компанийн геологи хайгуулын ажил Дорноговь айм­гийн
Сайншандад төвлөрч байгаа. Сайншандын ураны нөөцийг дэл­хийн түвшинд томоохонд тооцог­дохоор
бүс болох болов уу гэж харж байна.  Бид дахиад  ийм маягаар орд илрүүлээд байвал  Монгол Улс дэлхийн хэмжээнд томоохонд тоо­цог­дох
ураны нөөц­тэй орон болно. “Арева”-гаас гадна хэд хэдэн  ком­пани хайгуулаа эрчимжүүлээд ирвэл Монгол ураны
нөөцөөрөө дэлхийд тун дэээгүүрт орох бо­ломж бий.

-Хамтын ажиллагаагаа эх­лүү­лээд
15 жил болно гэдэг бол чамгүй  урт хугацаа.
Энэ хуга­цаанд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?

-Анх ажиллаж эхэлснээс хойш  2013 оныг дуустал  зарцуулагдах өртгийг тооцоод үзэхээр  компа­ниас 140 гаруй сая ам.доллар зарцуулчихаад
байна. Энэ мөн­гөний ихэнх нь геологи хайгуулын ажилд зарцуулагдаж байгаа. Ура­ны
орд бусад ордыг бодвол хялбар биш тогтоцтой учраас хөрөнгө мөнгө их хэмжээгээр зарах
шаард­лага гардаг юм. Бид одоо нарийв­чилсан судалгаа хийх ша­тан­даа явж байна.

-“Коже говь”-ийн ураны хай­гуул
малын зүй бус хорогдлын шалтгаан болж байна гэж нэг хэсэг шуугисан. Энэ асуудал
юу болсон бэ?

-Геологи хайгуулын  ажил яваг­даж байхад, жилийн өмнө  малын зүй бус хорогдол их гарч байна гэсэн мэдээлэл
цацагдаж  эхэлсэн л дээ. 2012 оны арванхоёрдугаар
сар, 2013 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн малчин Нор­сүрэнгийн тугал хордлоо
гэсэн мэдээлэл анх гарсан юм. Мэргэж­лийн хяналт, Мал эмнэлэг, Цөмийн энергийн газар,
Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд шалгаад дүгнэлтээ гаргасан. Тугалын зүй
бус хорогдол урантай ямар ч хол­боо­гүй гэж дүгнэсэн. Энэ  байгуул­лагуудын шалгалтын нэгдсэн дүн хараахан
гараагүй байхад Монгол Улсын Ерөнхий сайд 
Дорноговь аймагт ажиллаж байхдаа Мэргэж­лийн хяналтын газраас голомтын шинжилгээ
хийх томоохон ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар бол­сон юм. Ажлын хэсэг  богино хуга­цаанд үр дүнтэй ажиллаж дүгнэл­тээ
гаргасан. Гаргасан дүгнэлтээ 2013 оны тавдугаар сард Ерөнхий сай­дад тайлагнасан
байдаг юм. Тэр тайланд  нутгийн малчин Нор­сүрэнгийн
тугалын үхлийн шалт­гаан урантай холбоогүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс холбогдох
газрууд нь манай компанид хай­гуулын ажлаа үргэлжлүүлэн явуу­лахыг зөвшөөрсөн. Тэгээд
энэ оны зургадугаар сараас ажлаа эхлүүл­сэн юм.

-Танай компанийг долдугаар сарын
сүүлээр нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын шаардлага, сүрдүүлгээс болж ажлаа
зогсоосон гэсэн мэдээ­лэл сонссон. Засгийн газраас томилсон ажлын хэсэг дүгнэл­тээ
гаргачихаад байхад яагаад эсэргүүцээд байгаа юм бол?

-Нутгийн иргэдэд тавдугаар сард дүгнэлтийг
танилцуулсан ч сэтгэл хангалуун хүлээж аваагүй. Нэг талаас тэр хүмүүсийг буруутгах
аргагүй. Тэдэнд мал нь юунаас болоод зүй бусаар хорогдсон талаар эцсийн мэдээллийг
гаргаж өгөөгүй. Тиймээс өнгөрсөн сарын 22-нд 
орон нутгийн иргэд манай хээрийн хайгуул хийж байгаа газар Төрийн бус байгууллагын
хоёр хүнээр толгойлуулж ирсэн юм. Толгойлж ирсэн хүмүүс нь бидэнд гурван хоногийн
хугацаа өгөөд манай ажилчдын амь насанд хал­дана, ажиллуулж байгаа өрмийн машинуудыг
эвдэнэ гэж байсан учраас Парис дахь төвтэйгөө холбогдохоос аргагүй болсон. Учир
нь тэр хүмүүс өмнө нь багагүй хүчирхийлэл хийж байсан гэх мэ­дээ­лэл бидэнд ирсэн
байсан юм. Тэгээд төвтэйгөө холбогдож хээ­рийн ангийн үйл ажиллагаагаа зогсоосон.
Гадаад ажилчдаа тэн­дээс татсан. Цөөн тооны ажилтан үлдээхдээ харуул хамгаалалтыг
нь хэд дахин нэмэгдүүлсэн байгаа. Гэхдээ бид малын зүй бус хорогд­лоос болж үйл
ажиллагаагаа зог­соо­­гоогүй. Ажилчдынхаа аюулгүй байд­лыг хангах зорилгоор л ажлаа
зогсоосон юм.

-Толгойлсон хоёр хүн нь ямар төрийн
бус байгууллагынх бай­сан бэ?

-“Гал үндэстэн” холбооныхон гэж байсан.

-Та сая малын зүй бус хорогд­лын
шалтгааныг эцсийн байд­лаар малчдад тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж ярилаа. Энэ чиглэ­лээр
ямар нэг зүйл хийгдэж байгаа болов уу?

-Дахиад хэлэхэд мэргэжлийн байгууллагуудын
дүгнэлтээр ма­лын зүй бус хорогдол уранаас болоогүй ч орон нутгийн иргэд малаа яагаад
тэгж ихээр хорогд­соныг мэдээгүй байгаа. Бид энэ талаар Ерөнхий сайдад хүсэлт  гаргасан. Үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаахын
тулд эцсийн хариу, дүгнэлт  хэрэгтэй байна
гэж хүсэлтдээ бичсэн. Шаардлагатай гэж үзвэл тэр талын судалгаан дээр хөрөнгө санхүүгийн
дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ ч илэр­хийлсэн. Франц улсын зүгээс ма­лын эрүүл мэндийн
чиг­лэ­лээр мэргэшсэн хүмүүсийг урьж хамтран ажиллаж болох юм гэсэн санал тавиад
байна. Малын зүй бусын хорогдлын шалтгааныг эцсийн байдлаар тогтоох шаард­лагатай
байгаа.

-Таны ярианаас анзаарахад төрийн
бус байгууллагынхан нутгийн иргэдийг турхираад бай­гаа юм болов уу гэсэн бодол төрж
байна. Ер нь нутгийн иргэ­дээс илүү төрийн бус байгуул­лагынхан хүчтэй эсэргүүцээд
байгаа юм биш үү?

-Бид энэ тал дээр анхаарал тавьсангүй.
Бидний хувьд  нутгийн иргэдтэй төдийгөөс өдий
хүртэл сайн харилцаатай явж ирсэн. Тэр харилцаагаа хадгалж  хэл амаа ололцоод явахыг хүсч байна. Цааш­­даа
олон жил ажиллах уч­раас хамгийн түрүүнд малын зүй бус хорогдлын шалтгааныг  эцэс­лэн тогтоох шаардлагатай байна.

-“Коже говь”-ийн үйл ажил­лагаа
өнгөрсөн сарын хорьдоос хойш зогссон. Тэр хугацаанаас хойш компани хэчнээн ам.дол­ларыг
сул зогсолтод урсгаад байна вэ?

-Өрмийн үйл ажиллагаа зогс­сон нь
хамгийн их алдагдал болж байна. Долдугаар сарын сүүлээр үйл ажиллагаа зогссоноос
хойш  шууд алдагдал 200 мянган ам.дол­лар
болоод байна. Гэхдээ энэ зөвхөн өрмийн ажил зогссонтой холбоотой, өрмийн компаниудын
сул зогсолтод өгч байгаа мөнгө. Ажилчдын цалин хөлс зэрэг бусад зардлуудаа тооцоогүй
тоо гэдгийг онцолж хэлмээр байна.

-Танайтай Монголын өрмийн гурван
компани хамтран ажил­лаж байгаа гэл үү?

-Тиймээ, манай компанитай өрмийн гурван
ч компани гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тэд маш сайн ажилладаг. Дээжний гарц нь
их сайн байгаа. Аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаа­лах тал дээр үүргээ их
сайн бие­лүүлдэг. “Арева”-гийн хувьд тэдэн­тэй зөвхөн гэрээлэгчид гэдэг та­лаас
нь биш хамтрагчаа гэж бодож ажилладаг. Өнөөдөр үүсээд байгаа хүнд нөхцөлийг бид
аль алиндаа алдагдал багатайгаар туулахын тулд өрмийн компанитайгаа хамт­ран ажиллаж
байна. Нэг зүйлийг онцлоход  Монголын өрмийн
ком­паниуд бусад оронд тэр бүр таа­раад байдаггүй сайн гүйцэтгэлтэй ажилладаг. Ийм
компаниудтай хамтарч ажилладагтаа  баяртай
байдаг.

-Шар нунтгийг олборлоход эрсдэлтэй
гэсэн шүүмжлэлийг  иргэний хөдөлгөөнийхөн
хэлдэг. Хайгуулын ажил дууссаны да­раа  олборлох
шар нунтаг хүнд ямар ч хор хөнөөлгүй гэсэн тайлбар бас бий. Энэ тал  дээр тодорхой тайлбар хэлээч?

-Энэ талаар тайлбарлахын өмнө нэг
зүйлийг онцлох ёстой байх.  Бид өнгөрсөн хугацаанд
зөвхөн геологи хайгуулын ажил хийж ирсэн. 
Геологи хайгуулын ажил гэдэг бол бусад ашигт малт­малын хайгуулын процесстой
яг адилхан. Өрөм тавиад л явдаг. Бид өрөмдлөг хийхдээ ураны хүдэр байж болох гүн
рүү  өрмөө тавьж байгаа. Ямар орд байна вэ
гэдгийг нь тогтоох гэж тэр л дээ. “Арева” компани өнөөдрийг хүртэл  шар нунтагийг боловсруулаагүй. Шар нунтгийг боловсруулах
явц руу олон шат дамжиж байж хүрнэ. Өнөөдөр зөвхөн хайгуулын ажил хийгдэж байна.
Уул уурхайн олбор­лолт руу шилжихдээ алт, зэс, гээд бие биенээсээ ялгагдах онцлог
байж болох ч бусад бүх л зүйл нь адилхан шүү дээ. Уран л ганцаа­раа тэс ондоо гэж
ойлгож болохгүй.

Манай компани   хайгуулын 
үе шатнаасаа олборлолт, ашиглалт руу 
шилжлээ гэхэд байгалийн уран л олборлоно. Байгалийн  уран дээр бага зэрэг боловсруулалт хийлээ гэхэд
химийн айхтар хор­той процесс байхгүй. Байгалийн ураны эцсийн бүтээгдэхүүнийг шар
нунтаг  гэж нэрлэдэг юм. Монгол Улсын хувьд
байгалийн ураныг  олборлож  боловсруулж сав баг­лаа боодол хийгээд экспортолно.
Шар нунтаг бол байгалийн ураны эцсийн бүтээгдэхүүн.

Монгол Ул­сын нутаг дэвсгэрээс гарч
байгаа шар нунтгийг   химийн боловс­руулалтанд
оруулж бая­жуу­лаад цөмийн томоохон түн­шүүд рүүгээ гаргах юм.  Энэ шатанд уул уурхайн бусад үйлдвэрлэлийн адил
аюул­гүй ажиллагааг дээд  зэргээр хан­гаж
ажилладаг учраас хүн малд хортой гэдэг асуудал байхгүй. Тэгээд ч цөмийн салбар өөр
бусад салбартай харьцуу­лахад их чанга дүрэм, норм стан­дарттай. Бидэнд алхам  ту­там­даа чандлан баримталдаг дүрэм гэж бий.
Айхтар хуульч­лагдсан салбар.  Тэр дундаа
уран баяжуулалтын шатанд илүү на­рийн чанд стан­дарт   шаарддаг. Монголчууд маань нэг л зүйлийг ойлгох
хэрэг­тэй.  Монголд хэзээ ч уран баяжуу­лалт
хийгдэхгүй. Тийм төлөвлөгөө ч байхгүй. Уран 
бая­жуулалтыг цөөн тооны тодорхой оронд л хийдэг. Баяжуулалтыг хүс­сэн орон
бүр хийдэггүй юм.

-Тэгвэл олборлолтын  үед хамгийн эрсдэлтэй зүйл нь юу байж болох вэ?

-Тээвэрлэж байхад тээврээс шалтгаалсан
цаг бусын осол аваар гарвал л эрсдэлтэй. Мэдээж энэ талын аюулгүй байдлыг “Арева”
чанд мөрдөж ажиллах болно.  Үүнээс өөр ямар
ч тохиолдолд эрсдэлгүй.

-Иргэний хөдөлгөөнүүдийн мэдээллийг
харж байхад  цө­мийн хаягдлыг нааш нь оруулаад
ирж магадгүй гэсэн бол­гоомж­лол анзаарагддаг. Манайхаас шар нунтаг экспортлоод  эхлэ­хээр хаягдлыг нь наашаа оруулж ирнэ гэдэг
хэр бодитой мэдээлэл вэ?

-Байгалийн уран олборлож байгаа тэр
газраас гарч буй ураныг өөр улс руу экспортолдог. Үйлд­вэрлэл явуулдаг газарт аваачаад
цөмийн түлш болгодог. Цөмийн түлш болгож байгаа үйлдвэрийг цөмийн компани гэдэг.
Цөмийн түлш үйлдвэрлээд   цахилгаан станцад
нийлүүлдэг. Цөмийн ца­хил­гаан станцаас гарч байгаа хог хаягдлыг цөмийн түлш үйлд­вэр­лэсэн
компани нь буцааж авах үүрэг­тэй. Цөмийг олборлосон ком­па­ни хаягдлыг нь эргүүлж
авах ямар ч үндэслэл байхгүй. Мон­голын хувьд цөмийн үйлдвэр ба­рих­гүй, цөмийн
компани байгуу­лахгүй. Тийм боло­хоор хог хаягд­лыг  буцааж авах ямар  ч үндэслэл байхгүй.  Ер нь цөмийн болон ураны асуудал олон улсын  гэрээ  конвенцоор
хатуу чанга зохи­цуулагддаг.  Цөмийн хог хаягдал
хэзээ ч Монголд эргэж ирэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэг­дье. “Арева” Монгол
Улсын хүн амд  хортой байх ямар нэг эрсдлийг  хэзээ ч учруулахгүй.

-“Арева” компани ураны чиг­лэ­лээр
дагнан үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ ижил төр­лийн үйл ажиллагаа явуулдаг бусад
компаниудаасаа ялгардаг. Монголчуудын хувьд “Арева”-тай тийм ч сайн танилцаж ам­жаагүй.
“Арева” гэж хэн бэ гэдэг асуултад товчхон хариулаач?

-Монголд ураны салбарт үйл ажиллагаагаа
явуулж байгаа  хай­гуу­лын компианиудын  хамгийн том 
нь “Арева” юм. Монголд одоо­гийн байдлаар Франц улсын Зас­гийн газрын 90
хувийн оролцоотой “Арева”-гаас гадна  Хятад,
Оросын компани ураны салбарт хайгуул хийж байна.  Одоогоор Оросын хайгуулын ажил түр  зогссон бай­гаа. Дэлхийд  ураны салбарт таван том компани байдаг. Тэдгээрийн  дотор мэдээж 
“Арева” орно. Хам­гийн том нь “Казатомпром” гэж Казахстаны  Засгийн газрын ком­пани. Учир нь уран гаргаж байгаа
орнуудын ураны  бүтээгдэхүүний 30 хувийг Казахстан
улс үйлдвэр­лэдэг. “Арева” компани Казахстан, Нигер, Канад зэрэг улсаас уран  олборлож байна.  “Казатомпром”-ын дараа Кемико, Арева, Рио Тинто
гээд жагсдаг. 

-Ордоо нээчихсэн болохоор одоо
дараагийн шат  руугаа орох уу?

-Тэгнэ. Нэгэнт ордоо илрүүлсэн учраас
Монгол Улсын Засгийн газартай стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаар  төлөвлөж байна. Цаашдаа Монгол Улс “Аре­ва” компанийн
үйл ажиллагаа шинэ шатанд гарахад бэлэн бол­сон. 

-Арева цөмийн техно­ло­гио­роо
дэлхийд тэргүүлдэг Японтой түншилж байгаа. “Мицүбиши”-тэй хамтрах асуудал юу  болж байгаа вэ?

-Японы “Мицүбиши”-тэй  2009 онд хамтран ажиллах гэрээ бай­гуул­сан. Үүний
үндсэн дээр тус компаниас хайгуулын ажлын то­дор­хой хувийг санхүүжүүлэхээр болсон.
2011 оны 11 дүгээр сард “Арева”, “Мицүбиши” 
хоёр  “Аре­ва”-гийн  Монгол дахь 
салбарын 34 хувийг “Мицүбиши”-д  шил­жүүлэн
өгөхөөр гэрээ байгуулсан.  Гэхдээ  хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Цөмийн энергийн
комисс албан ёсоор зөвшөөрсний дараа бидний хамтын ажилла­гааны гэрээ хэрэгжиж эхлэх
юм.  Одоогийн байдлаар  Цөмийн энер­гийн комисст хүсэлт тавьсан.  Зөв­шөөр­нө гэдэгт итгэж байна. “Аре­ва”, “Мицү­биши”
хоёр Австралид хамтарч ажилладаг. Австралийн хайгуулын салбарт хамтран ажил­ладаг
сайн хамтрагчид байгаа юм.

-Танай компани Монгол Улс болон
хайгуул явуулж байгаа орон нутаг руугаа чиглэсэн нийг­мийн хариуцлагын төсөл хэрэг­жүүлж
байгаа юу?

-Манай компани   Монголд нийгмийн төсөл хэрэгжүүлж бай­гаа. Монгол
Улсад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийгмийн  үйл ажиллагаанд зар­цуу­лаад байна. 2013 оны байд­лаар
500 сая төгрөг зарцуулна гэж төсөвлөсөн.

Ц.БААСАНСҮРЭН
Б.АНХТУЯА

Categories
редакцийн-нийтлэл

Р.Санжид: Хайран залуу насаа хүйтэн хананы дунд барсандаа харамсдаг

Саяхан Шүүхийн
шийд­вэр гүйцэтгэх газрын харь­­яа “Мааньт” дахь 415 дугаар анги нээлттэй хаал­­ганы
өдөр зохион бай­гуул­сан билээ. Өдөрлөгт оролцсон ялтнууд амьдра­лын­хаа ихэнх хугацааг
шоронд элээж буйдаа ихэд харамсах аж.  Харамсал,
гуниг тээсэн ялт­нууд цөөн­­гүй. Тэдний нэг бол 
ялтан Р.Санжид уг хорих ангийн хамгийн өндөр нас­тан. Түүнтэй ийн ярилцлаа.

-Та хич­нээн жил
ял эдэлж байгаа юм бэ?

-Ах нь эрх чөлөөт
амьдрал гээчийг үзэлгүй 38 жилийн нүүр үзлээ. Авдрантын гян­дан, “Тахир соёот”,
“Ганц худаг” гээд Монголын ихэнх шоронд ял эдэлж байсан. Залуу сайхан насаа энэ
хүй­тэн, хөндий хананы дунд барсандаа одоо харамсаад барахгүй нь.

-Яаж яваад аавын
хаалга татчихав аа?

-Яахав бага залуу
насны томоо­гүй үйлдлээс болоод л тэр. 1973 онд анх ял сонссон нь өнөөд­рийг хүртэл
замна­сан хар мөртэй амьдралын минь эхлэл байсан юм. Аав, ээж маань Говь-Алтай айм­гийн
уугуул иргэд. Манайх бусдын л адил мал маллаж сайхан амьдарч байсан. Би 20 нас хүрлээ.
Гэтэл цэргийн зарлан ирдэг юм байна. Мэдээж эцэг, эх  маань “Эх орон чинь чамайг дуудаж байна. Цэр­гийн
алба хаана гэдэг эр хүн бүрт тохиох хувь заяа биш” хэмээн их л баяр­лаж билээ. Харин
би дотроо тийм ч дуртай байгаагүй ч аав, ээжийнхээ баяр хөөрийг хараад дургүйцлээ
гадагш­луу­лаагүй. Ингээд цэргийн алба хаахаар болж, ах дүүс, хамаатан садан бүгд
л сай­хан гаргаж өгсөн. Харин цэр­гийн армид ирэхэд байдал огт өөр санагдсан.

-Юу нь өөр санагдсан
гэж?

-Яахав, буу үүрээд,
үеийн­хэн­тэй­гээ цэргийн боловсрол эзэмшиж нэг л мундаг залуу болчихсон юм шиг
санагдаж байсан. Гэтэл хал цэргүүдийн зодуурын амт, даран­гуй­лал гээд зөндөө асуудал
гарч ирсэн нь одоо бодоход над шиг эрх танхи хүнд зовлон мэт санагдсан юм байлгүй.
Тэрнээс болсон уу нэг л өдөр оргох бодол толгойд ороод ирсэн.

-Тэгээд яасан?

-Нэг өдөр бусдын нүдийг
хариулж байгаад цэргийн ангийн УАЗ-469 машин унаж, ганцаараа зугтсан. Тухайн үед
хэн ч анзаа­раа­гүй. Би ч хаазаа тултал гишгэж, цэр­гийн ангиас хурдхан холдо­хын
тулд аль болох хурдан давхисан. Гэвч нэг их холдоо­гүй баригдсан даа. Ангийн захирагч,
албан хааг­чид тэр дор нь мэдсэн юм билээ. Миний араас буу ший­дэм болсон хүмүүс
ирсэн. Ингээд л гурван жил алба хаагаад халагдах эрх чөлөөт амьдра­лаа хоёр жилийн
нар­сан дахь амьдралаар соль­сон доо хөөрхий.

-Зугтаж амжаагүй
ч гэсэн хоёр жилийн ял оноож байгаа хэрэг үү?

-1970 оны үед чинь
ямар­ваа нэг байдлаар цэргийн ангид хэрэгт орооцолдох юм бол төрийн эсэргүү гэгддэг
байсан үе. Цэргийн гэмт хэрэг­­тэн гэдэг нь хүнд зүйл ангиар шийтгэгддэг тийм л
цаг үе байж дээ.

-Уг нь хоёр жил
ял эдлээд гарсан юм байна шүү дээ. Яагаад эргээд орчихсон юм бэ?

-Би Авдрантын гянданд
хоёр жил ял эдлээд 1975 онд гарсан юм. Шоронгоос гараад дөрвөн жил болж байтал үйлийн
лай нь дуудах­гүй юу. Тэгэхэд манайх хотод амь­дар­­даг болсон байсан. Хуу­чин бол
Төмөр замын Соё­лын ордон гэж байлаа. Тэнд хэдэн нөхдүүдтэй ам зөрж, зодоон хийгээд
цагдаад баригд­чихдаг байгаа.

-Та оргож баригдсанаа­саа
хойш нэг суллагдсан байх аа?

-1994 онд хулгайн
хэргээр эргээд орсон. Наранд гараад жил ч хүрээгүй хулгайн хэрэгт холбог­доод орчихсон.
Тэр­нээс хойш өдийг хүртэл сууж байгаа.

-Гарчихаад гэр
бүлтэй­гээ сайхан амьдарч болдог­гүй юм уу?

-Яахав дээ. Хүний
амьд­рал гэдэг их ярвигтай юм. Одоо бодох нь ээ насаараа энэ аймшигт амьдра­лыг
туул­сан­­даа харамсдаг. Миний хувь тавилангийн зам ийм л байх байсан юм байлгүй.
Шорон­гоос гарчихаад мэргэ­жилгүй, ажилгүй болохоор гэр бүлээ тэжээхийн тулд хүн
чинь аль болох амар хялбар арга хайдаг. Тэгээд л айлын мал, машин тэрэг хулгайлдаг.
Ял эдэлж байгаа хүмүүс чинь зарим нь хэлмэгдсэн, нөгөө хэсэг нь үнэхээр хүний аминд
санаатайгаар хүрчих­сэн сэт­гэл зүрхгүй гээд янз бүрийн араншингийн талбар. Эндээс
ихэнх­дээ бид муу зүйлийг сурдаг. Түүнийгээ гараад хэрэг­жүүлдэг. Тийм л муухай
зүйлд хөтөлдөг. Манайхан шорон санаа гэж яриад бай­даг. Яг шорон санаа гээч юм байдаг
л байхгүй юу.

-Таны хувьд хийсэн
хэр­гийн­хээ төлөө зохих ялаа эдэлж байна гэж боддог уу?

-Тэгж яривал энд байгаа
бүх хүн л би буруугүй гэж бусдад нялзаана. Гэхдээ үнэн­­дээ би энэ олон жилийн хугацаанд
улсад нийт 13 сая төгрө­гийн хохирол учруулсан байдаг. Гэтэл өнөөдөр зураг­таар
харж байхад улсын хөрөн­­гийг завшсан, идсэн уусан гээд байгаа хүмүүс хамгийн дээд
тал нь 5-6 жилийн ял сонсоод л бараг хоёр жил ял эдлээд гарч байх жишээтэй. Ингээд
бодохоор би өөрийгөө дэндүү хэлмэгд­сэн юм шиг санагддаг. Уг нь ардчилсан цаг үе
ирлээ. Одоо л би нар үзэх нь дээ гэж бодож байсан үе надад цөөн­гүй. Одоо яахав
дээ миний үйлийн үр л юм байлгүй. Суллагдах хугацаа ч дөхөж байна.

-Хэзээ суллагдах
вэ?

-Ирэх арванхоёрдугаар
сард ялын хугацаа дуусна. Ямар ч байсан насны бөгсөнд наранд ясаа амрааж байгаад
үхнэ гэж бодохоор баяртай байгаа шүү. 

-Таныг гарахад
угтаад авах гэр бүл, хамаатан садан бий юу?

-Эхнэр дээрээ л очих
байх даа. Ах нь нэг хүүтэй. Хүү маань 1978 оных. Одоо га­даа­­дад амьдарч байгаа.
Сай­хан залуу болсон байл­гүй.

-Өнгөрсөн хугацаанд
гэрийн­­хэн чинь эргэж ирж байсан биз дээ?

-Хааяа хүү ирдэг байсан.
Эцэг, эх маань намайг шоронд байх үеэр бүгд өөд болсон. Ганц охин дүү ч мөн адил.
Харин эхнэр, хүүгээ би энэ муухай энергитэй газар битгий ир гэдэг байсан. Яагаад
гэхээр шорон сайхан газар биш. Тиймээс өөрийн лайгаа ганцаараа л үүрэх ёстой гэж
боддог. Харин өнөө­­гийн залуучууд наранд зовж явснаас Налайхын шоронд орж жаргасан
нь дээр гэдэг болж.

-Яагаад?

-Одоо би 60 хүрч яваа
хөгшин. Тэгээд бодоход миний үед шорон­гийн орчин огт өөр. Жинхэнэ утгаа­раа яргалал,
шоронгийн “овгор” гэдэг зүйл ч байлаа. Нэг орсон хүн дахиад зүглэхээргүй санагддаг
байсан. Харин өнөөдөр цаг үе сайхан тай­ван амгалан болчихсон. Тий­мээс залуучууд
эндээс ухаа­жиж гарах бус амралтанд ирсэн юм шиг мяраалаад, өнгө зүс ороод гарч
байх жишээтэй. Уг нь бол шорон хүмүү­сийг хүмүүжүүлж, төлөв­­шүүлж нийгэмд гаргах
нь зүйтэй гэж боддог.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Сайдын үгэнд ийм алдаанууд байна

Эдийн засаг хэцүүхэн гэхэд ч багадахаар
тун таагүй байна. Олдог мөн­гөөрөө зэсийг давдаг бай­сан нүүрснээс орж ирэх мөнгө
эрс багасчихсан. Зарим нь бүр таг зогссон ч гэж ярьж байгаа. Оюу толгойн далд уурхай
зогсчихлоо. 1700  орчим хүн шууд ажилгүй болж
байна. Энэ бол сургаар хэлж байгаа тоо биш баттай баримт. Дээр нь ханган нийлүүлэлт  хийж байсан өчнөөн компани  хаалгаа барьж эхэллээ. Тэр компаниудын ард хэчнээн
хүн амьдралаа залгуулж байгааг тооцвол чамгүй өндөр тоо гарч ирнэ.

Эдийн засаг хэ­цүүд­сэн шалтгааныг Уул уур­хайн сайд нь ингэж
тайл­барлаж байх юм. “Нийт эдийн засаг хямарч бай­на гэж хий сандрах хэрэг­гүй.
Эдийн засаг хэт халс­наас болж аажмаар хөрч, өсөлтийн хэвийн тогт­вортой түвшиндээ
эргэн ирж байгаа бодит байд­лыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж. Учир мэдэх хэн ч уншаад
ёжлон му­шийхаар хэтэрхий гэнэн өгүүлбэр. Хятад шиг том гүрэн л “Эдийн засаг маань
халчихлаа, одоо жаахан хөргөе” гээд  түр хугацаанд
тодорхой бод­логоор эдийн засгаа цар­цаадаг болохоос манайх шиг дөнгөж хөгжиж эхлэх
гэж байгаа улс халлаа энэ тэр гэхээр онигоо шиг сонсогдоно. Тэгээд бүр эдийн засгийг
авч яваа голлох яамны, тодруулж хэлбэл Уул уурхайн сайд нь тэгж хэлэхээр яах вэ.
Эдийн засгийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж
байгаа салбарын сайд нь ийм хандлагатай байхаар цаашдаа бид яах билээ.

Эрхэм сайд эдийн засгийн өсөлтийн
хурд саарсныг нүүрсний үнийн уналт болон Хятадын эрэлт буурсантай холбон тайлбарлажээ.
Өнгөц харахад тийм л дээ. Гэхдээ Хятад шиг том зах  зээлд манайхаас гаргахаар төлөв­лө­сөн, бидний
их гэж бодоод байгаа 20 сая тонн нүүрс бол далайд дусал төдий л зүйл. Хэрвээ бид
төмөр замаа барьж, нүүрсний салбарынх­наа татвараар дарамтлал­гүй­гээр ажиллах бололцоо­гоор
хангачихсан бол нүүрсээ дориу­хан үнээр зараад байж болох байсан. Гэтэл өнөөд­рийг
хүртэл төмөр замаа бариа­­гүй. Ааш нь хөдлө­хөө­рөө нүүрс экспортолдог аж ахуйн
нэгжүүдээ татвараар дарамталсан хэвээр аж төрц­гөөж байна. Тэгэхээр нүүрс­нээс олох
орлого буурсан шалтгаан нь Хятадын эдийн засаг огтоосоо ч биш, эрхэм сайдын салбараа
унагаж байгаа бодлогын нэг том илрэл гэчихэд болохгүй юм­гүй. Жишиг үнэ гэж хэтийдсэн
тоо гаргаж тавьчихаад угаа­саа үнэ нь хоёр дахин унасан нүүр­сээ алдагдалтай гаргаж
бай­гаа нүүрсний салбарынх­наа татвараар дарамтлаад бай­хаар экспортын орлого буу­рах
нь тодорхой. “Нүүрс­ний хувьд татварын орлогын төлөв­лөгөө тасраад байгаа нь экспорт
буурсантай хол­боо­той. Үүнд нүүрсний ний­лүү­лэгчдийн өрсөлдөөн ширүүс­­сэн, үнэ
уналттай байгаа зэрэг нөлөөлжээ” гэсэн үг сайдын амнаас уна­сан. Хэрвээ “Бид буруу
бод­ло­го бариад байгаа учраас нүүрсний салбараа унага­чихлаа” гэсэн бол манай сайд
эдийн засгаа мэддэг, мэдэр­дэг гэж харагдахаар байлаа.

Сайд бас ингэж хэлжээ. “Ирэх саруудад
эдийн засаг өснө” гэж. Оюу толгой энэ жил 300 
мянган тонн баяжмал борлуулчихаар бид нэг тэр­бум ам.доллар олох юм гэнэ.
Бас Чингис бондын санхүү­жил­тээр хийгдэх ажлууд эдийн засгийг тэтгээд эхлэх юм
байх. Чингис бондын өгөөж хэзээ яаж ирэхийг одоо­гоор  хэн ч хэлж мэдэх­гүй. Харин Оюу толгой бол өөр
хэрэг. Оюу толгойгоос тэрбум ам.доллар олно гэсэн сайдын өөдрөг тооцооны араас өөр
нэг бяцхан тооцоо хийе. Оюу толгойд ажиллаж байгаад ажилгүй болсон 1700 иргэний
дундаж  цалинг сая гээд бодчихъё. Саяас илүү
авч байгаа хүн ч бий.  Тэднийг нэг сар ажилгүй
байл­галаа гэхэд Монгол Улсын иргэнд  сар
тутам орж ирдэг байсан мөнгө нэг тэр­бум 700 сая төгрөгөөр хорог­доно. Нэг жил гэж
тооц­вол монголчуудын халаасанд орж амьдралыг нь өөд татах байсан 20 тэрбум 400
сая төгрөг салхинд хийсчихэж байгаа юм. Энэ хэмжээний мөнгө эдийн  засагт орж ирэх­гүй гэсэн үг. Дахиад нэг тоо­цоо
хийе. Хэрвээ тэд нэг жилээр ажилгүй сул зогсвол тэдний төсөвт оруулдаг бай­сан татварын
мөнгө байхгүй болно. Тодруулж хэлбэл энэ хүмүүс жилд нийгмийн даат­гал, хүн амын
орлогын албан татвар гэж 3,7 тэрбум төгрөг төлдөг байсан юм. За тэгээд эдэнд ханган
нийлүүлэлт хийж байгаа жижиг дунд үйлд­вэрийнхний олдог байсан мөнгийг оруулж тооцвол
тол­гой эргэхээр том тоо гарна.

Зүй нь Уул уурхайн сайд өнөөдөр Оюу
толгой яагаад ийм байдалд хүрэв ээ гэдгийг яриад сууж байх учиртай хүн. Сайдын их
мөнгө олно гэж догдлон хүлээгээд байгаа ил уурхайгаас Оюу толгой гэдэг үнэ цэнтэй
ордын ердөө хорь­­хон хувийн өгөөжийг л бид хүртэнэ. Илүү их ашиг тээр доор газрын
гүнд нь байгаа. Далд уурхайгаа ашиг­лалтад оруулж байж жинхэнэ баялаг руугаа орно.
Гэтэл өнөөдөр тэр далд уурхайн ажил таг зогсчихлоо. Оюу толгойн хувьцаа дэлхийн
хөрөнгийн зах зээл дээр дээд талдаа 30 ам.доллар хүрч байсан. Сая Засгийн газрыг
төлөөлөхүйц нэг эрхэм “Асууд­­­лыг чинь УИХ-аар шийд­нэ” гээд айл­гаа­тахсан чинь
“Рио” далд уурхайгаа зогсооно гэж мэдэгд­сэн дээ.  Яг тэр үед түүхэндээ бай­гаа­гүйгээр хувь­цаа
нь унаж гурван ам.дол­лар болсон. Одоо эргэж өсөөд тав дээрээ хүр­чих­сэн. Далд
уурхай бүр таг зогсчихоор дэлхийн хөрөн­гийн зах зээл дээрх Оюу толгойн хувьцааны
үнэ цэнэ мөддөө өсөхгүй гэсэн үг.

Оюу толгой яагаад ийм байдалд хүрсэн
бэ? Гаргал­гаа, хариу нь тун энгийн. Хоёрдугаар шатныхаа сан­хүү­жилтийг босгох
гэхээр Засгийн газрын нэг эрхэм  “Үгүй ээ,
бодож байж болно, УИХ л шийдэхгүй бол бид мэдэхгүй” гээд гэдийчихсэн. Хэдхэн сайдтай
нь учраа олохгүй байгаа юм чинь 76 нөхөртэй учраа олж, асууд­лаа цэгцэлнэ гэж хэн
итгэх вэ дээ.  Энэ өнцгөөс нь харвал далд
уурхайн ажлаа зогсоо­сон хөрөнгө оруулагчдыг буруут­гах аргагүй. Ингээд зогссон
бол ч яая гэхэв. Зас­гийн төлөөлсөн “Эрдэнэс Оюу толгой”-н даргынхаа хөрөнгө оруулагчдыг
“айлга­сан” захидлын дараа  Уул уурхайн сайд
нь “Наад үгэн­дээ битгий итгээрэй. Ерөөсөө тэгж ойлгож  болохгүй шүү” гэчихэж байгаа юм. Мөн удалгүй Ерөнхий
сайд нь “Бидэнд хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Наадах чинь УИХ-аар яригдах
асуудал огтоосоо биш” гэчихсэн. Эргэл­зээн дээр эргэлзээ нэм­сэн ийм үгс эрхэм сайд
нарын амнаас унасаар байна.

Валютын ханшийн савла­гаа, нүүрсний
экспортын  уналт ирэх хагас жилд төсөвт дарамт
учруулахаар байгааг сайд харин хүлээн зөвшөөр­чээ. Гэхдээ араас нь хэлсэн үгсийг
уншихаар дахиад л эргэлзээнд орчихож байгаа юм. Сайдын хэлснээр бол уул уурхайн
бус салбарууд эдийн засгийг өсгөх юм гэнэ. Ирээ­дүйд энэ салбаруудаа уул уурхайгаас
олсон мөнгөөрөө хөгжүүлээд эдийн засгийнхаа том багана болгоно гэсэн бол хэн ч итгэнэ.
Харин өнөөдөр “Зам тээвэр, барилгын салба­рын бүтээн байгуулалт эрчим­жиж, үйлчилгээний
сал­бар улам бүр томорч, ноолуу­рын экспортын орлого эрс өсч байгаа гэх зэрэг хүчин
зүйлүү­дийн эерэг нөлөөгөөр төс­вийн эрсдлийг хүндрэл бага­тай туулах бүрэн боломжтой.
Мөн цаг агаар таатай байвал газар тариалан болон МАА-д багагүй хэмжээний өсөлт гарах
болно” гэчихээр хэн итгэхэв.

Дараагийн ярих асуудал бол хөрөнгө
оруулалт. Хөрөн­­гө оруулалт эрчимтэй орж ирж байсан үеэ бодвол бараг зогсчихсон.
Оюу тол­гой­той яаж харилцана, хөрөн­гө оруулагчид тэр хэрээр Монголд хөрөнгөө оруулах
эсэхээ шийднэ. Одоогоор бол Оюу толгойд Засгийн газрын хандаж байгаа  хандлагыг тэг хувь гэж үнэлэхээр байгаа. Хувь
нийлүүлэгчдийн хур­лаар ярьж байсан арваад асуудалд цэг тавиагүй. Хоёр дахь шатны
санхүүжилт яах нь бүр бантан бол­чих­сон. Хэзээ яаж шийдэлд хүрэх нь тодорхойгүй
хэвээ­рээ. Үүнийг нь хөрөнгө оруу­лагчдын сүүлийн үед хийж байгаа шийд­вэр­тэй алхмуудаас
харчихаж болно.

Эрхэм сайд хөрөнгө оруу­лал­тын талаар
өөдрөг үг хэлсэн байна лээ. “Газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой болон
бусад уурхай даган босох цахилгаан стан­цууд, нүүрс баяжуулах, мөн боловсруулах
үйлдвэрийн төслүүд, занар болон нүүрс­ний давхаргын метан хийн хайгуулын ажилтай
холбоо­тойгоор шинээр хөрөнгө оруу­лалт орж ирэх ханд­лага­тай байна” гэж. Тийм
л дээ, газар дороо баялагтай учраас хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байгаа.
Сайдын хэлснээр  зүүн бүсэд нөөц өндөр байх
магадлал­тай газрын тосны илрэл бүхий хураагуур шинээр ол­дож, хайгуулын ажлыг үргэлж­лүүлэхээр
болж байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруу­лал­тын орчин сайжрахгүй бол сайдын яриад
байгаа бүхэн ажил болно гэдэгт хэн ч итгэхгүй. Жамаараа бол хөрөнгө оруулалтын орчноо
сайжруулчихаад, хөрөнгө оруулалтыг дэмжих хуулиа батлуулчихаад, Оюу толгойн хоёр
дахь санхүүжилтийг татчихаад, нүүрсний экспор­тоо сэргээчихээд ингэж ярь­сан бол
сайд маань их зөв, жинхэнэ төрийн түшээ, сал­ба­раа авч яваа сайд  шиг харагдаж, үг нь даацтай, жинтэй, үнэмшилтэй
сонсог­дох байлаа.

Сайдын хэлсэн үгнээс дахиад иш татъя.
“ЭЗХЯ болон Монголбанкны мэдээ­лэлд тулгуурлан зарим нэг шинжилгээ хийж үзлээ. Мон­гол
Улсад 2013 оны эхний хагасын байдлаар нийт 961 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт
бүртгэгд­сэн байгаа нь өмнөх оныхоос 43 хувиар буурсан дүн байна. Олборлох салба­рын
хувьд хөрөнгө оруулалт 32 хувиар буурчээ. Гэтэл бусад салба­руу­дад орсон шууд хөрөнгө
оруулалт хэд дахин буурсан байна. Эндээс үзэхэд хөрөн­гө оруулалт буурч буй нь зөвхөн
уул уур­хайн салбарын хүндрэл биш, нийт эдийн засгийг хамарсан үзэгдэл болох нь
тодорхой байна” гэж эрхэм сайд хэл­жээ. Уул уур­хайн хөрөнгө оруулалт буур­сан учраас
дагалдах салба­рын хөрөнгө оруулалт уна­сан гэдгийг, уул уурхайн том төслийг дагаад
бусад салба­рын хөрөнгө оруулалт нэмэгд­­дэг учрыг мэдэхгүйдээ ингэж хэлээгүй болов
уу. Уул уурхайн салбар хөгжих хэрээр ханган нийлүү­лэгч­дийнх нь олох мөнгө ихэс­дэгийг
Оюу толгойд ажлын хувцас нийлүүлдэг Өмнө­говийн жирийн нэг залуу тодорхой гэгч нь
хэлээд өгнө. Уул уурхайн компаниуд  ашиг­­тай
ажиллаад эхлэнгүүт  ус, ундаа, ажлын хувцас,
бензин, шатахуун, оо, сойз, нойлын цаас, гурил, будаа нийлүүлдэг хүмүүсийн бизнес
томроод ирдэг, тэгээд л нийт үйлдвэрлэл, үйлчилгээ тэлдэг гэдгийг салбарынх нь сайд
мэддэггүй байна гэж бай­маар­гүй юм. Харин ч манай сал­бар ингэж унаж байгаа болохоор
бусад салбарт  нөлөө­гөө үзүүлчихлээ гэвэл
сайдын үг ултай, утгатай сонсогдох байлаа.

Гэхдээ сайд нэг зүйлийг ойлго­сон
байна лээ. Тэр “Оюу  толгойн үйлдвэрлэл, экспор­тыг
төлөв­лөс­ний дагуу явуулж, дараа­гийн ээлжийн санхүүжилт болон бусад асуудлыг хурдан
шийдэх, хөрөнгө оруулалт ялангуяа гадаадын хөрөнгө оруулал­тыг нэмэгдүүлэхийн төлөө
ажиллана”  гэж хэлсэн. Харин энэ асуудлуудыг  яаж шийдэх гарцаа хэлээгүй. Зас­гийн газар, “Рио”-той
хэлэл­цээ­рийн ширээний ард суугаад бараг долоон сар болж бай­гаа хэр нь өнөө хэр
шийдэлд хүрээгүй. Цагаан сарын дараа­хан эхэлсэн хувь ний­лүү­лэгчдийн хурал дуусаагүй
байгаа. Хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. 
Дахиад ийм хугацаанд бодоод суучихвал эдийн засаг Засгийн газрын шийдийг
хүлээгээд “Та нарыг эцсийн хариугаа гаргатал унахгүй зогсч байя даа, ард түмнийхээ
амьдралд санаа зовох хэрэггүй” гэж хэлэхгүйг л мэдэж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

С.Дэмбэрэл: Эцсийн эцэст бид өөрсдөө эдийн засгийн алуурчид болоод байна

УИХ-ын гишүүн С.Дэм­бэрэлтэй
ярилцлаа.

      
-Монгол Улсын эдийн засаг муудлаа.
Төсвийн данс улайж бай­на. Зас­гийн газрыг огцруулах хэмжээнд асуудал хүн­дэрч байна
гэх зэргээр Ардын на­мынхан яриад эхэллээ. Эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар
байгаа юм бэ?

-Асуудлыг тийм хурц өнгөөр будах шаардла­гагүй.
Өөрөөр хэлбэл үх­лээ, хатлаа, сөнөлөө, буурлаа гэж ярих хэ­рэг­гүй. Монголын эдийн
за­саг бол олон жилийн уж­гирсан өрөөсгөл бүтэц­тэй, цөөн хэдэн бүтээг­дэхүүн дээр
тулгуурласан  учраас гадаад хүчин зүйлд автамтгай
эмзэг байдаг. Тоо талаас нь харахад 17 хувийн өсөлт­тэй байсан эдийн засаг өнөөдөр
уначихсан бай­гаа нь сайн зүйл биш л дээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид эдийн засгийн
өсөлтийг л яриад шүтээд байснаас биш  чанар  нь ямар байгааг хараагүй.  Өсөлт гэдэг зүйлд суу­рилж бүх ажлаа төлөвлөж
ирсэн учраас одоо гор нь илэрч байна. Гэлээ гээд сандралдаж, тэвдэх хэрэг биш шүү
дээ.  Эдийн зас­гийн хагас жилийн ста­тистик
үзүүлэлтийг хара­хад нэлээд олон салбар өсөлттэй байна. Төсвийн орлого тодорхой
хэмжээ­гээр дутаж байгаа. ДНБ-ий өсөлт буурсан. Гэвч эдийн засгийн идэвхжил буурчихаагүй
байна. Валютын ханшийн хэт хэлбэлзэл байгаа.

-Валютын ханш өсч байгаа шалтгаан
нь юунд байна?

-Энэ тал дээр тусдаа яриатай. Харин
эдийн засагт тодорхой хэмжээ­ний доголдол гарсан нь үнэн. Гэхдээ энэ нь бо­ди­той,
бодит бус гэсэн хоёр шалтгаантай. Бодитой шалтгааныг нь түрүүнд хэлчихлээ. Үүнийг
хүн бүхэн л ярьж байна.

-Тэгвэл бодит бус шалтгаан нь юу
юм бэ?

-Манай засаглалын хэлбэр аливаа шийдвэр  гаргахад тус болж өгөхгүй байна. Асуудлыг улстөр­жүүлж,
ажлыг удааш­руулж байна.  Жишээл­бэл, тендерийг
нэрлэж болно. Тиймээс Тен­дерийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Засаглалын
бусад гажиг, мэргэжлийн бус байдал нь шийдвэр гаргалтын хурд, чанар хоёрт сөргөөр
нөлөөлж байна. Нийт хувийн хэвш­лийнхнийг харъя. Тэдний тодорхой салбаруудыг төрөөс
дэмжээд бүтээн байгуулалт өрнөж байна. Тухайлбал, барилга, уул уурхай, экспортын
сал­барт ажил явагдаж бай­гаа. Гэсэн хэдий ч бү­хэлдээ санхүүгийн орчин нь сайжирч
өгөөгүй уч­раас компаниудын үйл ажиллагаа суларч байна.

Сүүлийн
үед шинэчлэлийн алх­мууд хийж байна. Гэвч 
бизнесийн орчин тааруу байна. Дотоодын хөрөнгө оруулагч, жижиг, дунд болон
бичил бизнес эрхлэгчээс эхлээд томоохон компаниуд, гадаа­дын хөрөнгө оруулагчдад
биз­не­сийн тогтвортой бөгөөд тунгалаг ор­чин хэрэгтэй. Энэ нь манайд дутаг­даж
байна. Түргэн зуурын тохиолд­лоос болж шийдвэр гаргаг­чид ха­риуц­лагагүй мэдэгдлүүд
хийж бай­гаа нь гадаадын хөрөнгө оруулал­тыг сааруулах хандлагатай болж бай­на.
Мөн хуулийн орчин нь өөрөө гадаадын хөрөнгө оруулал­тыг үр­гээх нөхцөл болж байх
жи­шээ­тэй. Дээрээс нь валютын ханш­ийн нө­лөөллийг хүмүүс ярьж бай­гаа. Валютын
ханшийн энэ хэл­бэл­зэл экспортод ашигтай гэх мэтээр тайл­барлаж байна. Энэ бол
онол. Сурах бичиг дээр л байдаг юм.

-Манайд
тохирохгүй онол гэж үү?

-Валютын
ханшийн хэлбэлзэл Монголд тодорхой хэмжээнд хэрэг­тэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ
манай экспорт түүхий эд дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй. Гадагшаа гар­гах бүтээгдэхүүнийх
нь тоо цөөн, нийт эдийн засгийн идэвхжлийг бүхэлд нь тодорхойлж чаддаггүй учраас
валютын ханшийн хэт огцом хэл­бэл­зэл нь өргөн хэрэг­лээний бараа­ны үнэд нөлөөлж,  инфляцийн дарамт үүсгэж, хүлээлт бий болго­дог.
Энэ дарамт хэдий­нээс үүссэн гээч.  2013 оноос
биш. 2012 оноос ч биш. 2008 оноос эхтэй. Тэр жилийн сонгуулиар улс төрийн хоёр нам
ямар ч тооцоо­гүйгээр бэлэн мөн­гөний амлалт өгсөн. Энэ нь сүүлийн жилүүдэд Монголын
эдийн засгийг идэж байна. Тиймээс өнөөдрийн эдийн засгийн уналтыг улс төрийн шалт­гаанаас
хайх хэрэгтэй.

Нөгөө талаар
валютын хан­шийн хэлбэлзэлд дамын хүчин зүйл нөлөөлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ
гэхээр дамын наймаачид гэж ярьдаг даа. Түүнтэй л адил. Ма­найх шиг эдийн засагтай
улс орнуудад хэрэглэгч, бизнесийнх­ний хүлээлт нь дандаа сөрөг бай­даг. Юмны үнэ
өсөх нь. Инфляци хөөрөгдөх юм байна. Санхүүгийн орчин тааруу болох нь. Төр засагт
итгэх итгэл алга гэж үздэг орчинд валютын ханшаар тоглолт хийдэг тоглогчид байдаг.
Би хувь хүмүү­сийг хэлээгүй. Институ­циудын тухай ярьж байна. Ханшийн өөрч­лөлт
хэнд ашигтай юм. Экспор­тод, дамын наймаачдад ашигтай байхгүй юу. Өөрөөр хэлбэл,
чих­нээс чих дамжин яригдсан цуу яриа ханшийг хэлбэлзэлд оруулж бай­гаа юм. Одоо
хар л даа. Хүмүүс “юмны үнэ өснө” гээд аль хэдийнэ яриад эхэлчихсэн байгаа биз дээ.  Тиймээс төр хувийн хэвшилтэй ойрхон ажил­лаж,
шийдвэр гаргах үйл явцдаа бодитойгоор хандах хэрэгтэй.

-Гэтэл
Ардын намыг засаг барьж байх үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, ядуурал буураад
сайхан байсан. АН гарч ирээд ийм болгоод хаячихлаа гээд байна л даа?

-Манай
намын үед тийм бай­сан. Тэдний намын үед ийм бол­чихлоо гэж ярих асуудал биш шүү
дээ. Гадаад нөхцөл байдал муу­даж, нүүрсний зах зээл тааруу байгаа­гаас ч эдийн
засаг сулраа­гүй. Бид эдийн засгаа тогтвортой байлгах, түүнийгээ солонгоруулах тал
дээр дорвитой ажил хийгээгүй шүү дээ.

-МАН-ынхны
яриад байгаа 17 хувийн өсөлт нь чанаргүй байжээ гэж ойлгож болох нь ээ?

-Эдийн
засгийн бүтэц нь ужгир­чихсан улсад аль нэг нам засгийн эрх авахаараа хамгийн түрүүнд
хардаг ганц  хэрэгсэл нь ДНБ-ий өсөлт байдаг.
Гэтэл  бурхны авра­лаар тухайн үед Монголын
эдийн засаг гадаад хүчин зүйл, дэлхийн эдийн засгийн тааламжтай нөлөөл­лөөр өссөн.
Түүнээс биш тухайн үед засгийн эрх барьж байсан нам эдийн засгийн өсгөчихсөн гэвэл
өрөөсгөл. Хэрэв тэгж ойлгож бай­гаа бол хэлэхэд энгийнээр хэлэхэд гэнэн байна.

Одоо бид
нэг зүйлийг бодох хэрэгтэй. эдийн засгийн өсөлтийн тоо чухал биш. Энэ өсөлт бүх
салбарыг хамарч чадсан байна уу. Айл өрх бүрийн үүдээр орсон уу. Өсөлтийн үр дүнд
бусад эдийн засгийн сектор болох эрүүл мэнд, боловсролын салбар дээшилж байна уу.
Байгаль орчинд ээлтэй өсөлт болж чадав уу. Улс хот маань ногоорч эхэлсэн үү гэдгээр
нь харах ёстой. Бид 2015 онд мян­ганы хөгжлийн зорилтуудаа дүг­нээд дараагийн зорилтоо
тодор­хойл­но. Энэ үед ДНБ-ий өсөлт гэдэг юмаа л яриад байх уу. Эсвэл амьдралын
чанар хэр дээшилсэн тухай бодит зүйл ярих уу гэдгээ бодох ёстой. Одоо аль ч нам
амьд­ралын бодит өсөлтийн чанарыг л ярих хэрэгтэй болчихоод байна. Хийсвэр тоо яриа
хэрэггүй.

-Валютын
ханшийн өсөлтийг барьж тогтоохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ, таныхаар?

-Монголбанк
интервенце хийх хэрэгтэй. Одоо бид үүнийг л хүлээж байгаа. Гэхдээ интервенце хийх
нь цорын ганц хангалттай арга мөн үү гэдгийг бодох ёстой. Банк хоо­рондын зах зээл
өөрөө бодитой бөгөөд эрэлт, нийлүүлэлтийг ха­марч чадаж байна уу. Валютыг чөлөөтэй
өгөх дэглэм зах зээлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадаж байна уу гэх зэргийн зүйлүүдийг
анхаарах хэрэгтэй. Дээрээс нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл бодитой ажиллаж
чадаж байна уу гэдэгт шүүмжлэлтэй хандах цаг болсон.

Энэ зөвлөлд
Сангийн яам, Мон­голбанк, Санхүүгийн зохицуулах хороо багтдаг. Эдийн засгийн хөгжлийн
яам гэдэг нэг тоглогч манайд гарч ирээд энэ 
гуравтайгаа уялдаатай байж чадахгүй бол сан­хүү­гийн тогтвортой байдал бий
бо­­ло­ход бүрхэг. Тиймээс энэ зөв­лө­лийг өргөтгөж, нөлөөллийг нь сайжруулж, асуудлыг
авч хэлэлц­дэг ажлынх нь хугацааг тогтмол болгох хэрэгтэй байна. Ер нь хэдхэн том
компани нүүрс гаргахыг бодит секторын идэвхжил гэж ойлгож болохгүй. Жижиг, дунд
бизнес эрхлэгчдээс гадна өөрөө өөрийн­хөө амьдралыг дээшлүү­лэхээр бичил бизнес
хийж байгаа хүмүүст туслах ямар арга байна гэдгийг боддог баймаар байна.

-Эдийн
засаг муудсанаас бо­лоод банкууд эхнээсээ дампуурч байна. Араас нь хэдэн банк дам­пуурах
бол гэдэг үг  туршлагатай эдийн засагчдын
амнаас ч гарч байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тийм зүйл
яагаад ч болохгүй. Ингэж ярьснаас чинь болж нийгэмд  дам хүлээлт бий болгож байна. Яагаад ч ийм бодол
хүний толгойд орж ирэх ёсгүй. Сая хоёр банкийг нийлүүлсэн явдал бол Монголын банкны
секторын өчүүхэн хэсэг. Энэ нь банк санхүүгийн том гинжин хэлхээнд ямар ч нөлөө
үзүүлэхгүй. Муу ч гэсэн төв банк байна. Тэд 
арилжааны банкуудаа хянаж, бие­тээр 
байдлыг нь шалгаад явдаг шүү дээ.

-Тэгвэл
Хадгаламж банкийг яагаад өөр банктай нэгтгэсэн юм?

-Ерөөсөө
хариуцлагагүй байд­лаас үүдэлтэй. Банкны сектор улстөржөөд ирдгийн гор нь тэр. Ийм
байдлаас зайлсхийх талаар УИХ, Засгийн газар, Төв банк ан­хаа­рах хэрэгтэй. Банкуудын
хувь­цаа эзэмшигчдийг зарлах нь ийм мэтийн зүйл гаргахгүй байх батал­гаа болно шүү
дээ. Ер нь банк­нуудын өрсөл­дөөн хэр шударга явж байгааг О.Магнай гуай очоод шалгах
хэрэгтэй.               

-Бондын
мөнгө тойрсон шүүмж­лэлүүд өнөөдөр ч явж байна. Үр ашигтай төсөлд зар­цуулсангүй.
Дахиад бонд гаргая гэхээр дэлхийд манай нэр хүнд уначихсан гэх мэтээр ярьж байна…

-Хөрөнгө
оруулалтын орчин тогтвортой биш бол Монголын нэр хүнд унана. Тиймээс Монголын шийдвэр
гаргах түвшний хүмүүс болчимгүй үг унагахгүй байх хэрэг­тэй.  Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тууштай тогтвортой
байлгах тухай эерэг дохиог олон улсад өгөх ёстой. Ийм тохиолдолд бонд цаашдаа үр
ашигтай үргэлжилнэ. Бондын мөнгөний ашиглалтын тухайд бол гацаа бий.

Энэ нь
манай засаглалаас болж байгаа юм. Засаглал удаан байна. Бондын мөнгийг юунд зар­цуу­лах
шийдвэрийг гаргадаг зөв­лөлийг татан буулгах хэрэгтэй. Бондын мөнгөөр ямар асуудлыг
санхүүжүү­лэх вэ гэдгийг Засгийн газар оруулж ирдэг. Түүнийг нь УИХ хянадаг зарчмаар
явах хэрэгтэй. Бондын мөнгөөр юу хийх вэ гэдэг шийдвэр гаргадаг зөвлөлд УИХ-ын хоёр
гишүүн, баахан сайд багтдаг. Тэр дундаа нэг сайд нь голлон оролцдог байдал нь өөрөө
сонин механизм. Бондын мөнгийг юунд зарцуулах шийдвэрийг гаргахад  хувийн хэвш­лийнхний оролцоо байх ёстой. Яагаад
гэвэл хувийн хэвшил тэр төслүүдийг чинь гүйцэт­гэдэг юм. Өнөөдөр хувийн хэвш­лийнхэн
жи­жиг, дунд бизнест яа­гаад бондоос мөнгө өгөхгүй байгаа юм. Мэдээл­лийн технологийн
сал­барт яагаад мөнгө өгөхгүй байгаа юм. Энэ бизнес биш юм уу. Аялал жуулчлал, үйлчилгээний
салбарт мөнгө өгөх­гүй байгаа нь ямар учиртай юм гэх мэтээр ярьж байна. Энэ нь зөв
шүү дээ.  Гэхдээ яая гэхэв эхний удаад авч
байгаа бондын мөнгийг дэд бүтэц, зам талбай, тодорхой үйлд­вэрлэлд зар­цуул­лаа.
Дараагийн бондын мөнгийг зарцуулах шийд­вэр гаргах зөвлөлд хувийн хэвш­лийнхнийг
оруулж, илүү үр бүтээл­тэй төслүүдийг сонгох хэрэгтэй.

-Төрийн
оролцоог бизнесээс холдуулах нь чухал гэж үзээд байна уу?

-Бонд гаргаж
байгаа улсын төр бизнест хэтэрхий оролцох хэрэг­гүй. Савраа татах хэрэгтэй. Ийм
цадиг­гүй үйл ажиллагаанаасаа татгалз. Төр ганцаараа ухаантай юм шиг байдгаа болих
хэрэгтэй. Төрийн хэт их оролцоотой эдийн засагт байх нь баялгийн хараалд хүргэнэ.
Ийм нөхцөлд авлигатай тэмцэнэ гэж яриад ч нэмэргүй л дээ.

-Оюу
толгойн далд уурхайг хаачихсан нь эдийн засгийг бүр сөхрүүлнэ гээд байх юм. Энэ
тал дээр таны байр суурь?

-Энэ тал
дээр тайван байна. Оюу толгой гэдэг нэг компанийн тухай ярьж байгаа биз дээ. Энд
дэлхийн үндэстэн дамнасан Рио Тинто гэдэг том компани оролцож байгаа. Хө­рөн­гө
оруулалтгүй юм чинь олбор­лолт нь зогсохоос өөр яахав. Тэглээ гээд сандрах хэрэг­гүй.
Манайхны гадаадад өгч байгаа сигнал гадаа­дын хөрөнгө оруу­лагчдыг эргэлзэ­хэд хүргэж
байгаа юм чинь. Гадны­хан Монголд Оюу толгой гэж нэг юм байгаа. Тэрийг нь мөлжинө
дөө гэсэн байдлаар хандахгүй байгаа нь мэдээж шүү дээ. Манайхны үндсэр­хэг үзэл
сүүлийн үед хэтрэх гээд байна. Бид шулуулж байна гэдэг яриа хэтэр­лээ.  Оюу толгойн хэлэл­цээр алдаа­тай байсан байж болно.
Гэхдээ Оюу толгой манайхаас нүүгээд явахгүй. Баялаг нь хараг­дахгүй алга болчихгүй.
Тэнд хөрөн­гө оруулах л хэрэгтэй. Үүний тулд мөнгө босгох хэрэгтэй. Анхнаасаа бид
34 хувь гэхийн оронд тэднээс бүх татвараа авах байсан. Тэгээд Монголын болоод гадны
компаниуд ажил­лаад явах хэрэгтэй байлаа. Харин Монголын төр өөрийн ком­па­ниу­даа­раа
дамжуулан хар хайр­цагны бодлогоо явуулах ёстой байсан. Одоо яахав. Монголын сайд
нар болчимгүй мэдэгдэл хийл­гүй ил тод тунгалаг эрх зүйн орчин бий болгож өг.  Оюу толгойг ашиг­лаад явах юм бол дотоодын ком­паниуд
ажилтай болно. Монголчууд ч ажлын байртай болно.

-Монгол
Улс  Хятадын нүүрс­ний зах зээл дээр гол тоглогч
байж чадахаа болилоо гэж ярьж байна. Энэ тал дээр?

-Хэзээ
Монгол Улс  Хятадын зах зээл дээр гол тоглогч
байсан юм. Хоёр хөршийнхөө асар том зах зээлийг маажиж малтдаг ганцхан замтай улс
шүү дээ. Бид үнэ тог­тоогч, тулган хүлээлгэгч биш л дээ. Зах зээлийн хуулийг л дагадаг
улс. Хоёр хөрштэйгээ харилцааны хам­гийн сайн механизм тогтоож чадаа­гүй л байна.
Энэ тал дээр манайхны санаачилга үнэхээр дутагдаж байгаа.

-Эцэст
нь одоо ээлжит бус чуулган хуралдуулах шаард­лага бий гэж үзэж байна уу?

-Байгаа.
Гэхдээ бид эдийн засаг уначихлаа, үхлээ хатлаа гэж санд­раагүй шүү. Эдийн засаг
муудах шинж тэмдгүүд мэдрэгдээд эхэллээ. Угаасаа эмзэг эдийн засагтай улс орны эрх
баригчид ийм олон сар амрах ёсгүй. Тэгэхээр одоо ажил­даа оръё. Учирч болох хямралт
байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя. 
Монголын эдийн засгийн гадаад болон дотоод орчны чиглэлээр том ажлын хэсэг
байгуулахаар УИХ-ын дарга захи­рамж гаргасан байдаг. Энэ ажлын хэсгийн дүгнэлт гарсан
байгаа. Үүнийгээ УИХ-ын ээлжит бус чуул­ганаар хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгье.
Валютын ханш, эдийн засгийн гадаад, дотоод орчин, бонд, экспортынхоо тухай ярья.  Хөрөнгө оруулалтын тухай хууль бараг бэлэн болчихсон
байна. Өөр олон хууль хэлэлцэхэд бэлэн болчи­хож. Төсвийн тодотголын асуудал яригдах
шаардлагатай байна. Цаг үеийн шаардлага бай­гаа учраас  чуулганаа хуралдуулах хэрэгтэй. Тэрнээс биш Монголын
эдийн засаг хэцүү болчихоод, улс орон удирд­ла­гагүй болчихоод ээлжит бус чуул­ганаа
хийе гээд байгаа юм биш.  Ажил хэрэгч байх
үүднээс ярьж байна.

-Таныг
яагаад ХАҮТ-ын дар­гын ажлаа өгдөггүй юм гэж их ярьдаг тал бий. Та өөрөө юу хэлэх
вэ?

-Төгсгөлд
нь ямар өчүүхэн асуулт тавьж байх юм. Тэгж ярьж л байг. Энэ хүн ажлаа олигтой хийж
чадаж байна уу, үгүй гэдэг нь чухал шүү дээ. Тэгээд ч УИХ-ын тухай хуульд УИХ-ын  гишүүн төрийн бус байгууллага удирдаж болно гээд
заачихсан байгаа. С.Ганбаатарын хувьд тодорхой асуудал,  хэл ам гарсан учраас өөрийн хүсэлтээр  ажлаа өгсөн гэж ойлгосон.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Энхцэнгэл: Ботаникийн хүрээлэнгийн газарт хэн ч хувийн сонирхлоор хандаагүй

Нийслэлийн Засаг даргын нийгмийн
хөгжлийн асуудал ха­риуцсан орлогч Ц.Энх­цэнгэл­тэй ярилцлаа.

-Нийслэл Ботани­кийн цэцэр­лэгт
хүрээ­лэн­гийн газрыг булаах гээд байна, тэр дундаа Ц.Энх­цэнгэл гэж нөхөр энэ газрыг
хувьдаа авах бодолтой байна гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр их гарах боллоо.
Ботаникийн цэцэрлэгт  хүрээлэн­гийн газрын
тодорхой хэсгийг ава­хаар болсон шалтгаа­ныг дахин сонирхмоор байна?

-Ботаникийн цэцэр­лэгт хүрээ­лэнгийн
тодор­хой хэсэг газарт Их сур­гуулийн эмнэлэг босох юм. Японы буцалтгүй тус­ламжийн
хам­гийн сүүл­чийн хэсэг нь эмнэлэгт зориулагдана гэж анх­наасаа шийд­сэн байсан.

Гэтэл тийм том эмнэлэг барих газар
Улаанбаатар хотод үнэндээ байгаагүй. Өмнөх хотын удирдлага нийтийн эзэмш­лийн зам
талбай­гаас гадна дууд­лага худалдаа, сонгон шалга­руу­лалтаар өгөх ёстой, барилга
бай­гууламж барих боломжтой гэсэн газруудыг бүгдийг нь хууль бусаар олгочихсон.
Тийм учраас үйлдвэр үйлчилгээний газрынхан япончуу­дад дөрвөн газрыг санал болгосон
байдаг юм. Гэхдээ тэр шатанд нь миний орол­цоо байгаагүй. 

-Ботаникийн цэцэрлэгт хү­рээ­лэнгээс
өөр газруудад нь барих боломжгүй байсан хэрэг үү?

-Үйлдвэр үйлчилгээний газрын­хан Ботаникийн
цэцэрлэгт хүрээ­лэнгээс гадна Сонгинохайрхан дүүрэгт  хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг газар санал болгосон
юм билээ. Япончууд эдгээр газруудыг судалж байгаад хамгийн боломж­той байршил нь
Ботаникийн цэ­цэр­­лэгт хүрээлэн гэж үзсэн гэсэн. Сүхбаатар дүүргийн хувьд Эрүүл
мэндийн шинжлэх ухааны их сур­гуулийн хашаан доторх газрыг  санал болгосон байдаг юм. Япон­чууд энэ газрыг
тохирохгүй гэж үзсэн байдаг. Сонгинохайрхан дүүрэгт санал болгосон хоёр газ­рыг
ч тохиромжгүй гэж үзсэн юм билээ. Өөр нэг зүйл онцлоход Сонгинохайрхан дүүрэгт Азийн
хөгжлийн банкны санхүүжилтээр нэгдсэн эмнэлэг барихаар төлөв­лөчихсөн байгаа. Хотын
нэг захад хоёр том эмнэлэг төвлөрснөөс, хоёр талд нь том эмнэлгүүд бари­вал зүгээр
гэсэн санаа ч байсан болов уу. Тэгээд ч Баянзүрх дүүрэг эмнэлгийн асуудал хүндхэн
газрын нэг. Япончуудыг Ботаникийн хүрээ­лэн орчмыг сонгоход манайхан боломжтой гэсэн
хариу өгчихсөн юм байна. Бүр Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд нар нь бичгээ
өгчихсөн. Төдийгөөс өдий хүртэл өрнөсөн процессыг нь яривал ийм л юм болсон. Би
ч гэсэн албан үүргийнхээ дагуу л ажиллаж бай­гаа. Миний үүрэг бол хотын нийг­мийн
хөгжил, эрүүл мэнд, боловс­ролын асуудлыг хариуцах. Тэр үүднээсээ албан үүргийн
хуваа­риар шийдвэрлэх асуудал болоод над дээр ирчихээд байгаа нь энэ. Ийм учраас
л манай ерөнхий төлөвлөгөөний хэлтсийнхэн над руу хандаж бичиг ирүүлсэн.

-Их сургуулийн эмнэлэг гэ­хээр
яг ямар эмнэлэг баригдана гэсэн үг вэ?

-Дэлхий дээр АНУ-ын Тэн­гисийн цэргийн
эмнэлэг, Японы их сургуулийн эмнэлэг хоёр их алдар­тай байдаг. Энэ хоёр эмнэлэгт  л  бүх шинжилгээг
хийж, бүх төрлийн судалгаа явуулдаг. Эмчилгээгээ ч хийгээд явдаг. Сургалт гэхэд
л өргөн хүрээнд явагдана. Манайд баригдах их сургуулийн эмнэлэг дэлхийд гайхагдсан
Японы их сургуулиудын эмнэлэг шиг жишиг эмнэлэг болох юм. Тоног төхөө­рөмж гээд
бүх зүйл нь Японоос ирнэ. Тэр тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нараа ч эндээ сур­гана.
Яг япон стандартаар сургалт нь явагдана гээд ойлгочихож бол­но. Монголд сүүлийн
хэдэн жил ийм том төсөл хэрэгжээгүй. Манай нийт эмнэлгүүдийн 90 хувь нь зориулалтын
бус барилгад байдаг гэсэн статистик бий. Сүүлд баригд­сан хувийн ганц, хоёр эмнэлгийг
л зориулалтын байртай гэдэг юм билээ.

Нэмж хэлэхэд эмнэлгийн газар тойрсон
асуудал наанаа Бота­никийн цэцэрлэгт хүрээлэн, нийс­лэлийн хооронд өрнөөд байгаа
мэт боловч цаанаа хоёр улсын хоо­рондын харилцааны асуудал болчихож байгаа юм.

-Тэгэхээр энэ эмнэлэг ЭМШУИС-ийн
гэж явах уу, эсвэл анагаахын чиглэлийн сургуу­лиу­дын гэж явах юм уу. Таны ярианаас
Баянзүрх дүүргийнхэн үйлчлүүлэх боломжтой гэж ойлголоо?

-ЭМШУИС-ийн эмнэлэг гэхээс гадна Баянзүрх
дүүргийн нэгдсэн жишиг эмнэлэг гэж явах юм. 
Дүүр­гийн хэмжээнд үйлчилгээгээ явуул­на. Мөн  ЭМШУИС-ийн сургалтын бааз эмнэлэг болно.

-Эмнэлэг хэр хэмжээний тал­байд
баригдах вэ. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тал­байн хэчнээн хувийг эзлэх бол?

-Эмнэлэг барих нийт газрыг тооцож
үзэхээр Ботаникийн хүрээ­лэнгийн газрын гуравны нэгийг л эзэлж байгаа. Их сургуулийн
эмнэлэг барихад 8-10 га газар шаардлагатай, зөвхөн барилгажих талбай нь гэхэд таван
га газар байх юм. Ингээд бодохоор асар том эмнэлэг байгаа биз.

-Үлдсэн газрыг нь Ботани­кийн цэцэрлэгт
хүрээлэнд үл­дээж байгаа гэж ойлгож болох уу?

-Бид үлдсэн газрыг нь буюу одоо байгаа
газрын гуравны  хоёрыг Ботаникийн цэцэрлэгт
хүрээлэнд үлдээж байгаа. Бас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс газар нэмж өгье, бүх
талаас нь дэмжиж ажиллая гэсэн санал тавьсан. Ингээд байхад л уг мухар­гүй эсэргүүцэж,
элдвээр гүтгэж байгаад гайхаад л сууж байна.

-Ботаникийн цэцэрлэгт  хүрээ­лэнд өмнө нь барихаар төлөвлөсөн ямар нэг
обьект байсан уу, эсвэл анх удаа л ийм эмнэлгийн асуудал яригдаж байна уу?

-Ботаникийн хүрээлэнгийнхэн барилга
байшин бариулахгүй гээд эсэргүүцээд байгаа мөртлөө өөрс­дөө Байгалийн ургамлын генопарк
барина гээд 18х43 хэмжээний барилгын архитектур төлөвлөл­тийн даалгавар батлуулчихсан
байгаа. Г хэлбэрийн асар том, хоёр давхар төмөр каракасан барилга. Зөвхөн барилгажих
талбай нь гэхэд л 1482 га. Ботаникийн хүрээлэн­гийн эрхлэгчээр ажиллаж байгаа Жамъянсүрэн
гэхэд өмнө нь Н.Энх­баярт 500 сая төгрөгийн хахууль өгье гээд явж байсан компанитай
холбоотой хүн. САПУ-гийн гэдгээр  нь олон
хүн мэднэ. Өөр нэг анхаа­рал татсан асуудал бий. “Жаст” шатахуун түгээх станцад
гэхэд л Ботаникийнхан  газраасаа 2700 ам метрийг
өгчихсөн байгаа юм. Тэг­сэн хэрнээ өнөөдрийг хүртэл хэн нь ч энэ талаар яриагүй.
Уг нь нарийн яривал шатахуун түгээх станц ургамалд эмнэлгээс илүү хортой шүү дээ.

-Эмнэлэг барина гэх нэрийд­лээр
худалдааны төв, орон сууц барих гэж байна гэсэн яриа сонсогдож байсан?

-Огт тийм юм байхгүй. Эмнэлэг л барина.
Харин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн энэ газар дээр өмнө нь ШУА-ийн ажилчдын
байр барина гэсэн асуудал тавьж байсан юм билээ. Төв зам дагуу байршилтай, дороо
том худал­дааны төвтэй барилга барихаар төлөвлөсөн байдаг юм.

-Сая та Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн
байгалийн ургам­лын генобанк барихаар төлөвлөсөн гэж ярилаа. Зүй ёсоороо барих ёстой
байгууламж юм биш үү, ер нь гадаадын улс орнууд генобанкаа хаана байгуулсан байдаг
юм бол?

– Дэлхийн улс орнуудыг хараад байхад
үржил селекцийн зориу­лалт­тай учраас генобанкаа хэзээ ч хотод барьдаггүй. Норвегид
гэхэд Хойд мөсөн далайн дунд байдаг  арал
дээр генобанкаа байгуулсан байх жишээтэй. Энэ мэтээр технологи яривал их зүйл бий.

-Ботаникийн цэцэрлэгт хүрээ­лэнд
26 га газар үлдэж байгаа юм байна. Ер нь дэлхийн алдартай ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгүүд
хэр хэмжээний талбайтай байдаг вэ, тэр талаар судалж үзсэн үү?

-Ганцхан жишээ хэлье. Английн хатан
хааны дэлхийд нэлээд нэртэй Ботаникийн хүрээлэн гэхэд  л  20 га
газартай. Дээрээс нь бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэмж талбай зааж өгье гэж
байгаа.

-Ботаникийн ойр хавийн айлуудтай
тохироо хийх боломж байгаагүй юу?

-Бид энэ тал дээр нэлээд ажилласан.
Ойр хавийн айлуудынх нь газрыг чөлөөлж барья гэсэн хувилбар гаргасан л даа. Бота­никийн
ойр хавьд 160 гаруй ба­рилга байгууламж, эдэлбэр газар байдаг юм билээ. Тэр хавийн
зам дагуух газрууд дандаа үйлчил­гээний том обьектууд байдаг шүү дээ. Тэднийг алгасаад
цаад талынх нь айлуудтай ярихад л газраа маш өндөр үнэлж байсан. Хорь, гучаад­хан
айлаар ороход л хэдэн тэрбум төгрөгийн зардал гараад явчих жишээтэй. Тэгээд тэр
айлуудыг нүүлгэх, хөрөнгийг нь шийдэх, газрыг чөлөөлөх гээд яривал наанадаж хоёр
жил болохоор юм  билээ. Ингэж хугацаа алдахаар
эмнэлгийн асуудал тэр хэрээр хойшилно. Бүр бүтэхээ болихыг ч үгүйсгэх аргагүй.

-Хэрвээ эсэргүүцсэн хэвээр байгаад
байвал яах вэ?

-Энэ асуудлын хувьд улсын байгууллагууд
шийдээ гаргаад зохих хууль тогтоомжийн дагуу шийдэгдээд явах зүйл. Өмнө нь энэ газрыг
өөр зориулалтаар ашиглах зорилгоор төлөвлөж байсан хүмүү­сийн эрх ашигт нийтийн
эрх ашгийн үүднээс халдчихав уу даа гэж л харж байна. Энэ асуудлаас болж өмнө нь
ил гараагүй байсан их олон зүйл  ил боллоо.
Шатахуун түгээх станцад газраасаа өгчихсөн баримт ил болж байна. Олон жил төсвөөс
цалин авч  ажиллаж ирсэн Ботаникийн хүрээлэнгийнхний
ажлын үр дүн муу байгаа нь харагд­лаа. 40 гаруй жил цалин аваад ажил хийгээд явсан
гэхэд итгэмээргүй дүр төрхийг хүмүүс өнөөдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс харж
байна. Хатуухан хэлэхэд шарилжиндаа бариулсан хэдхэн модтой хашаа л тэнд байна.
Улсаас 500 сая төгрөгийн санхүү­жилт авч цөөхөн мод тариад, хашаа­гаа хийсэн байгаа
юм. Услалтын систем гээд байгаа зүйл нь зэвэрч, шороонд булагдаад ажиллахаа больчихсон.
Гэтэл  тэт­гэвэртээ гараад таван жил болсон
эмгэн 3000 суулгац тарьж, бүхэл бүтэн төгөл байгуулчихаад сууж байна шүү дээ. Улсаас
санхүүждэг бүхэл бүтэн хүрээлэн, ямар ч цалин хөлсгүйгээр төгөл үүсгэсэн энгийн
нэг иргэний ялгааг жишээд хара­хаар их сонин дүр зураг харагдаад байгаа юм.

-Ботаникийн хүрээлэнгийн газрын
талаар НИТХ дээр шийд­вэр гаргахад эсэргүүцсэн нам бий юу?

-НИТХ-д аль аль намын төлөө­лөл  бий. Бүгдээрээ л санал нэгтэй­гээр ингэж шийдсэн.
Ямар ч байсан хүн амаа эрүүл байлгая, эмнэлгийн ажилтнуудаа дэлхийн түвшинд бэлтгэе,
олон улсын стандартад нийцсэн эмнэлэгтэй болъё 
гэсэн санааг бүгд л дэмжсэн. Тийм шаард­лага байна гэж үзсэн. 161 айлын хашааг
чөлөөлнө гээд Бота­никийн цэцэрлэгийн эргэн тойрны айлуудтай наймаалцаж 20 30 тэрбум
төгрөг зарж, хоёр, гурван жилээ алдах уу, эсвэл эмнэлгээ барих газарт нь түргэн
барьчихаад, айл чөлөөлөхөд гаргах гэж байсан зардлаа жил бүр ногоон байгуу­ламжаа
нэмэхэд зарцуулах уу гэдэг хоёр замын нэгийг сонгохоос өөр арга байгаагүй. Тэгээд
л улс орон, нийт иргэдэд хэрэгтэй хувилбарыг нь сонгосон юм. Нийслэлийн хувьд  ногоон байгууламжаа нэмэх чиг­лэлээр онцгой анхаарч
ажиллаж байгаа.

-БОНХЯ-ныхан арай өөр байр суурьтай
байх шиг санагдсан. Тэдэнтэй уулсан уу?

-Бид БОНХЯ-ныхантай уулз­сан. Судалж
үзье гэсэн хариу өгсөн. Ботаникийн цэцэрлэг гэж байхаа болилоо гэсэн асуудал яригдахгүй
шүү гэж тохиролцсон. Ботаникийн цэцэрлэгийн гуравны хоёр орчмыг яг одоогийн зориулал­таар
нь үлдээж байгаа гэдгээ бидний зүгээс хэлсэн.

Ц.БААСАНСҮРЭН

Э.СОЛОНГО

Categories
редакцийн-нийтлэл

Сургалтын төлбөр 25 хувиас дээш нэмэгдвэл ШӨХТГ-т хандаж болно

Хичээл эхлэхэд хэд­хэн хоног үлдлээ.
Гэтэл их дээд, сургуулиудын сургалтын төлбөр нэ­мэг­дэнэ гэсэн яриа гараад байна.
Энэ нь эцэг, эх­чүү­дийн бухимдлыг ихэд тө­рүүлэх болжээ. Ингээд бид сургалтын төлбөрийг
ямар шалтгаа­наар нэмэх гэж байгааг тодруулж өд­рийн сур­валж­лага бэлт­гэ­хээр
нэн тү­рүүн Боловс­рол, шинж­лэх ухааны яамыг зорилоо. Тус яам­ны дав­хар, өрөө
бүрийн үүдэнд бичиг баримт, хав­тас су­гавчилсан хүмүүс дараа­ллан зогсоно. За­рим
нь улсын тэтгэлгийн талаар хаанаас лав­лахаа мэдэх­гүй төөрч яваа бол нөгөө хэсэг
нь сургалтын төлбөр, дотуур байрны асуудлаар яваа бололтой дараалалд зог­сонгоо
нэг нэгнээсээ яах нь зүйтэй вэ гэдэг талаар ярил­цаж урдуур, хойгуур нь гарсан тэндхийн
ажилт­­нууд руу горьдлого тээж харна. Ямартай ч их сургуулиудын сур­галтын төлбөрийн
үнэ эцсийн байдлаар яаманд ирээ­гүй гэнэ.

Төрийн болон хувийн хэвш­лийн сургуулиудын
Удирдах зөв­лөл хуралдаж байгаа юм байна. Эц­сийн шийдээ яаманд хүргүүлж яам ерөнхийдөө
хяналт тавьдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж бай­гаа­гаар бол яам сургалтынхаа төлбөрийг
нэмэх ёсгүй гэсэн хатуу хяналт тавьдаггүй гэнэ. Хэдий төрийн өмчийн гэсэн нэр зүүх
боловч багахан төсвийг төрөөс гаргаж өгөөд үлдсэн хөрөнгийг тухайн сургууль оюутнуудынхаа
халааснаас бүрдүүлдэг гэж хэлж болох аж. Тэгэхээр оюутнуудынхаа хөрөнгө оруу­лалтыг
юунд, хэрхэн зарлагадах нь уг сургуулийн эрх мэдэл болж таарах нь. Яамнаас ганцхан
тухайн үеийн инфляцийн түвшингээс хэт­рүүлж төлбөрийг нэмэхгүй байх ёстой гэсэн
шаард­лагыг бүх их, дээд сургуулиудад тавьдаг юм байна.

Ямартай ч сургуулиуд сургал­тын төлбөрөө
ингэж нэмнэ гэсэн тодорхой үнэ ирэхээр нэмэх үндэс­лэл байгаа эсэхэд шалгалт хийж
хэт нэмсэн тохиолдолд төлбөрийг төрөөс барих арга хэмжээ авахаа яамныхан хэллээ.
Одоогийн байд­лаар манайд 100-аад төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль
бий бөгөөд ихэнх нь сургалтынхаа төлбөрийг 15-25 хувь нэмэгдүүлэхээр болжээ. Гэх­дээ
эцсийн шийд гараагүй байгаа. Уг нь өнгөрсөн хавар бүх их, дээд сургуулиудыг төлбөрийнхөө
асууд­лыг цэгцэлж яаманд мэдэг­дэхийг үүрэг болгосон юм байна. Гэвч иймэрхүү байдалтай
өнөөдрийг хүрээд байгаа аж.

ЗАРИМ СУРГУУЛЬ СУРГАЛТЫНХАА ТӨЛБӨРИЙГ
50 ХУВИАР НЭМНЭ ГЭВ ҮҮ

Өнгөрсөн жил мөн л өдийд их, дээд
сургуулиуд сургалтын төл­бөрөө нэмж, хэсэгтээ л хэл ам болсон. 10 хувиас дээш нэмэгдүү­лэхгүй
гэж байсан сургуулиуд 15 орчим хувиар нэмээд авсан. Энэ жил дахин ийм байдал давтаг­дахгүй
гэсэн баталгаа алга. МУИС гэхэд хамгийн түрүүнд төлбөрөө нэмэх талаараа яаманд мэдэгджээ.
Ингэхдээ бүр 50 орчим хувь нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гол шалтгаан нь сургуулийнхаа
дотоод болон гадаад орчин нөхцөлийг сайжруулах аж. Мөн хэд хэдэн хувийн сургууль
төлбөрөө нэг саяас хол давуулах сурагтай. Ер нь энэ жил сургалтын төлбөрөө нэг сая
төгрөгөөс доош тогтоох сур­гууль ховор бололтой. Дунджаар их сургуулиудын төлбөр
сургууль, мэргэжил, салбараасаа хамаа­раад 100-300 мянган төгрөгөөр нэ­мэг­дэх төлөвтэй
байна. Гэхдээ урьдчилсан байдлаар иймэрхүү тоо гаргаад байгаа юм байна. Энэ бол
эцсийн шийд биш гэнэ. Түүнч­лэн МУИС-ийн дээрх саналыг Боловс­рол, шинжлэх ухааны
яам зөв­шөөрөөгүй байгаа ажээ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ НЭМЭХГҮЙ БАЙЖ
БОЛДОГГҮЙН ЗОВЛОН

МУИС, ЭМШУИС, ШУТИС, СУИС, МУБИС,
ХААИС гээд төрийн өмчийн нэртэй хэдий ч төрөөс шаардагдах зардлын 10 хүрэхгүй хувийг
гаргадаг бусдыг өөрсдөө зохицуулдаг хэмээн дээрх сургуулиудын Удирдах зөвлөлийн­хөн
ярьж байна. Багш, ажилтнуу­дын цалин, сургалтад шаардлага­тай сурах бичиг, техник
технологи, байрны засвар зэрэг зардлыг оюутнуудын сургалтын төлбөрөөс гаргадаг гэнэ.
Зарим сургуулийн инженер, эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд гадны их, дээд сургуулиудтай
холбогдож өөрс­дийн чадлаараа ганц, нэг төсөл, хөтөлбөр оруулж санхүүжилт зал­гуулдаг
ч гэж ярих хүмүүс байв. Үнэндээ ямар ч шалтгаан байсан төлбөрөө нэмэх үндэслэлээ
зөв, нарийн тоо­цоо­тойгоор гаргаасай гэж бидэнтэй уулзсан оюутнууд ярьж байсан.
МУБИС-ийн гурав­дугаар курсийн оюутан А.Анхтуяа “Намайг энэ сургуульд ордог жил
сургалтын төлбөр 800 мянган төгрөг байсан. Курс дээшлэх тусам төлбөр тодор­хой хэмжээгээр
буур­на гэсэн. Гэвч жил бүр нэмэгдэж байна. Ядаж гурван жил өнжөөд нэмж болдоггүй
юм уу” хэмээн ярив. Манайд 190 орчим мянган оюутан бий гэсэн судалгаа бий. Дээрх
оюутнуудын ихэнх хувь нь сур­галтын төлбөрөө хийхийн тулд хичээлийнхээ хажуу­гаар
ажил хийж, ээж аав, ах дүүс нь банкнаас зээл авдаг гэсэн судалгаа ч байдаг юм байна.

Ингээд МУИС-ийн гурав­дугаар
курсийн оюутан Л.Болд­той цөөн хором ярилцлаа. Тэ­рээр Завхан аймгийнх бөгөөд хичээл
эхлэхээс өмнө дотуур байрны асуудлаа шийдэхээр ээжтэйгээ иржээ.

 

-Сургалтын төлбөр нэмэг­дэнэ гэсэн
мэдсэн үү. Танай сургууль хэд болно гэж байна?

-Төлбөр нэмэгдэх талаар дуул­сан.
Өнгөрсөн жил нэг сая 300 мянга орчим төгрөг төлсөн. Креди­тээ­сээ шалтгаалдаг. Одоо
хэд болохыг мэдэхгүй. Сургалтын мене­жерээс асуухаар тодорхой хариу гараагүй байна
гэсэн.

-Оюутны байрандаа орж чадав уу?

-Хараахан ороогүй байна. Арай бүртгээгүй
байгаа юм шиг байна лээ.

-Танай байр хэд вэ?

-Яг нарийн мэдэхгүй байна. Анх удаа
л байранд орох гэж байна. Бас төлбөр нь нэмэгдэнэ гэсэн.

Харин түүний ээж Ч.Цэцэгмаа “Манайх
хоёр оюутны төлбөр төлнө. Энэ хүүгийн маань дүү нэгдүгээр дамжааны оюутан болж байгаа.
Хувийн сургуульд эдийн засгийн чиглэлээр сурах юм. Хөг­шин бид хоёр цөөн хэдэн малтай,
тэтгэв­рийн хэдэн төгрөгөөс өөр орлогогүй болохоор барьц алдаж байна. Уг нь хоёр
адуу, арав гаруй бог муулсан юм. Гэтэл төлбөр нь нэмэгдэнэ гэнэ. Хэрвээ авчирсан
хэдэн төгрөг хүрэхгүй бол бага хүүгээ малын зах бараадуулахаас өөр замгүй болно”
гэв.

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ
ҮҮ

Сургалтын төлбөр нэмэгдэхтэй холбоотойгоор
оюутны байрны төлбөр мөн л нэмэгддэг бичигдээ­гүй дүрэм манайд үйлчилдэг. Өн­гөр­­сөн
жил улсын тодотголтой сургуулиудын дотуур байр дунд­жаар 320-480 мянган төгрөгийн
үнэтэй байсан. Энэ нь нэг оюутны 10 сарын турш дотуур байранд амьдрах хөлс юм. Нэг
өрөөнд  дөрвөн оюу­тан гээд бодоход бо­лом­жийн
үнэ юм шиг. Харин дотуур байртай хувийн хэвшлийн сургуу­лиуд нэг өрөөнд дунджаар
зургаан оюутан авах жишээтэй. Энэ сарын 1-нээс цахилгаан, дулааны үнэ нэмсэн нь
дээрх сургуулиудад далим болсон бололтой. “Ямар өндөр үнэтэй юм бэ” гэсэн асуултад
“аргагүй ш дээ цахилгаан, дулаан нэмэгдсэн” гэсэн тайлбарыг зарим сургуулиуд өгөөд
эхэлчихсэн сураг­тай. Их засаг, Идэр, Сэрүүлэг зэрэг хэд хэдэн хувийн хэвшлийн сур­гуу­лиуд
өмнөх жилээсээ 70-160 хүр­тэлх мянган төгрөг нэмээд байгаа аж. Дээрх сургуулиудыг
байрны­хаа үнийг нэмлээ гэсэн ямар нэг сануулгыг яамнаас өгөөгүй гэнэ.

ЭЦСИЙН АРГА НЬ О.МАГНАЙ ДАРГАД
ХАНДАХ

Хэрвээ төрийн болон төрийн өмчийн
бус гээд бүх л их, дээд сургуулиуд сургалтынхаа төл­бөрийг эрс нэмэгдүүлж, оюутны
байрны үнийг хэт хөөрөгдвөл оюутнууд, эцэг, эхчүүд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн
төлөө газарт хандаж болох юм байна. Холбогдох хяналт, шалгалтын байгууллагаас хамгийн
оновчтой нь О.Магнай даргын газар гэнэ. Тэд үнэхээр хуулийн дагуу юу, хууль бус
уу гэдгийг тогтоох аж. Түүнчлэн сургалтын төлбөр нэмэгдэх сур­гаар Монголын оюутны
холбоо болон сургуулиудын холбоод эсэргүүцэл зарлахаар хамтран ажиллаж байгаа сурагтай.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Тунгалагшин мэлтрэх Өгий нуурын хөвөөнд

Түрүүч нь ¹ 
193 (4520), 194  (4521) дугаарт

Нуурын эргээр сав ганзагалсан мотоцикль­той
хүмүүс нааш цааш хөл­хөлдөнө. Нэг нь “Сүү авах уу” гэсээр ирэх бол нөгөөх нь “Шинэ­хэн
сүү­ний тараг байна шүү” гэх юм. Ер нь Өгий нуурт амра­хаар ирсэн хэн бүхэнд малчид
өөрснөө айраг цагаан идээгээ хүр­гээд өгчих­дөг бололтой. Ихэнх амрагчид ганц хоёр­хон
хонож саатаад явахаасаа илүү дор хаяж долоо хо­но­гоор амра­хаар ирдэг тул малчид
тэр хугацаанд байнгын “ху­далдан авагч”-тай бол­чих­дог бай­на. Тийм ч учраас хүмүүс
сүү цагаан идээгээ гараа гарган боловсруулдаг байна. Тэд “Хэн ч гэсэн гурил амтагд­сан
ааруул, хахар­сан тараг, хатуурсан айр­гийг амсалгүй мэдэлгүй авчих­лаа гэхэд дараа­гийн
удаа авахгүй. Тэ­гээд ч манай эндхийнхэн өрөөлд зарах ч бай, өөрс­дөө хэрэглэх ч
бай цагаан идээгээ уламж­лалт аргаа­раа хийдэг” гэж ам бардам хэлцгээж байв.

Айл болгоны хашаа хороонд төлөг, борлон,
шүдлэн, хязаалан, нас бие гүйцсэн хонь, ямаа зэрэг нас насны бог мал уяатай байх
юм. Шинэ шөл уух гэсэн амрагчид тэд­нээс үнэ тохиролцож ху­далдаж авдаг аж. Ихэнх
тохиолдолд мал­чид нь өөрсдөө амрагчдын ху­дал­­даж авсан малыг муулж, гэдэс дотрыг
нь арьс шир, өлөнтэй нь авч үлддэг байна.

МОРИНД  “ГАРАМГАЙ” ЭР
Үдээс хойхно бараан зүсмийн хөтөлгөө
морь­той цэнхэр тэрлэ­гтэй хүү отоглон буусан амрагч болгонд дээр очно. Бид­ний
хажуу­ханд буудал­ла­сан амрагч дээр ирүүт өнөөх дээрэнгүй өндөр бор залуу хөтөлж
явсан зээрд халзан мориных нь цулбуурыг булааж аван­гуутаа мордоод зүүн урагш давхичихлаа.
Үлд­сэн хэд нь өнөөх хүүгийн унаж ирсэн цавьдар мори­­ны дэргэд зургаа татуулцгаана.
Хэсэг уд­саны эцэст зээрд халзанг унан гүвээ даван хурдлан алга болсон залуу ташуу­раа
газар чирсээр явган ирж яваа харагдав. Цэн­хэр дээлт хүү ч яаравчлан ухасхийн, түүн
дээр очсо­ноо цааш давхичихав. “Гайгүй юу”, “Зүгээр үү” гээд сүйд майд болох олны
дун­даас “Муу адса­га чинь хамар да­ваад булгидаг гэж байна ш дээ. Эмээлийнх нь
бэхэлгээ сул байсныг та нар анзаардаггүй юм уу.

Бэхэлгээ нь сайн байсан бол ч би ч
хичнээн булгисан ч тогтох л бай­сан. Зүүн гар л эвгүй болчих­лоо” гэх түүний дуу
чангаас чанга, тодоос тод сонстож байлаа. Муу хүний дуу чанга аа гэж. Цэнхэр дээлт
хүү өнөөх “алдарт догшин” зээрд халзан морио хөтөлсөөр тэдэн дээр буцаж ирэв. Гурван
залуу түүнийг тойрч зогссоноо нэг хүүгийн өвөр лүү нь нэг юм хий­чихэв. Хүү ч илт
дургүйцэж байгаа бололтой түүнийг нь буцааж өгс­нөө, морио давирсаар тэднээс холдов.
Цэнхэр дээлт хүүг хүмүүст морь унуулдаг байх гэсэн бидний таамаглал үнэн болж хүү
бидэн дээр ирж, морь унахыг санал болголоо. Тэрээр майхны гадаа ирснээ “Морь унах
уу. Нэг цаг нь 20 мянга” гэж байна. Зээрд халзан морь нь улаан галзуу давхиж ирсэн
янзтай хамар ам нь сарталзана. Дарайн хатсан арьс нь усан хулга­на болтлоо хөлөрсөн
гэдгийг нь гэрчилнэ. Хөлс нь хатсан хэдий ч амьсгаа нь дарагдаагүй аж.

Зээрд халзанг унаад шогших гэтэл баруун
урд хөл нь догол­чихож. Цэнхэр дээлт хүү “Өө хөлд нь цус хурчихаж. Түрүүний унасан
ах цатгалан байхад нь хамаагүй хурдан давхиснаас ингэчихлээ. Аавдаа мэдэгдэхгүй
л эдгээчих юмсан. Мэдвэл ч их уурлана даа. Хурдхан харьж хар цайгаар шав­шъя. Хичээлийн
хэрэглэлийнхээ мөнгийг олно гэдэг ч худлаа боллоо доо” гэсээр гэр рүүгээ уруу царайлан
мориндоо мордлоо. Хүүд мөнгө өгвөл их л гайхан “Та нар морь унаагүй ш дээ” гээд
авсангүй. “Зүгээр ээ. Дараа жил ирэхдээ зээрд халзан морийг чинь үнэгүй унана шүү”
гэвэл “Тэгээрэй” гээд толгой дохиод мишээв. Хөөрхий зээрд халзан эзэндээ хөтлүүлэн
гэрийн зүг алхахдаа өмнөхөөсөө улам ч дойдгонож, доголсон хөл нь гишгэхэд улам ч
хөндүүр болжээ. Зээрд халзангаар нь улаан галзуу давхиж доглуулсан залуу мөнгө өгөөгүй
гэнэ. Харин ч “Наад догшин мориноос чинь унаад гараа эвгүй болгочихлоо. Чи надаас
биш би чамаас мөнгө нэхэх ёстой юм биш үү” гэсэн гэнэ. Тэр бүү хэл гурван залуугийн
түүний өвөр рүү нь хийгээд байсан зүйл нь лаазтай пиво байсан гэнэ. Халамцуу залуус
“Ах нар нь үүгээр мориных нь төлбө­рийг хийчихье” гэснээ хоёр гурван ч лаазтай пиво
өвөрт нь хийж өгсөн ч хүү дургүйцээд аваагүй тухайгаа бидэнд цухас дуулгасан юм.

Эрэг дагуух бидний буу­дал­ласан газрын
ойролцоо хоёр гур­ван ч хадтай эгц довцог байх. Тус бүр дээр нь жижигхэн чулуун
овоо босгожээ. Нууран дээр очсон хүн болгон овоон дээр ёс мэт гарч нар зөв гурав
тойронгоо алгаа хавсран сүслэх. Өгий нуурт жилд хоёроос гурван хүн живж амиа алддагаас
ихэнх нь эрчүүд байдаг гэнэ. Тийм ч учраас Өгий нуурыг эм лус савдаг­тай хэмээн
нутгийнхан хэлэлцдэг бөгөөд амрахаар ирсэн хүн бүр лус савдгийг нь аргадаж, аврал
эрж байг гэсэндээ тэдгээр овоог босго­жээ. 

АХ ДҮҮ ХОЁР “АНЧИН”
Нуурын эрэг дээр төмөр хувин барьсан
хоёр хүү ирлээ. Гэртээ ус авах гэсэн ажилсаг хүүхдүүд гэж бодсон чинь нэг л биш
ээ. Хоёул нуурны уснаас хувиндаа дүүргэн дамналдаж эрэг дээр гаргангуутаа нуруугаар
арай нам сөөсгөр хүү “Ах аа, энэ нүх рүү усаа хийе. Сая ийшээ хоёр том хулгана орчихсон”
гэвэл ах нь ч хувинтай усаа дааж ядан дүүгийнхээ дэргэд очуутаа усаа хулганы нүх
рүү юүлж гарлаа. Хувинтай усаа дуустал хийсэн ч хулгана гарч ирсэнгүй. Ах нь “Чи
одоо ус хутгаад ир. Агаа нь нүхээ манаж байя” гэснээ гартаа модоо барьсан хэвээр
доош бөхийн цохи­ход бэлдлээ. Дүү нь ч “За” гэсээр нуур руу гүйв. Хувингаа дүүртэл
шахуу ус хутгасан дүү нь “Агаа би даахгүй байна” гэвэл “Мангар юм уу. Наадахаасаа
асгаач. Тэг дун­дуур нь байхад л болно” гэвэл дүү нь ч ёсоор болгов. Хоёр дахь хувин
усаа хийсэн ч гарч ирсэнгүй. Ах нь “За би усанд яваад ирье. Энийг хийгээд л яг гарч
ирнэ. Харин чи анхааралтай зогсоорой. Гараад ирж магадгүй шүү” хэмээн аминч­лан
захиад хойш эргэснээ “Нөгөө хулгана чинь энэ нүхнээс гараад явчихлаа” гээд хажуугийн
нүх рүү заав. Дүү нь “Яг мөн үү” гэж лавлан асуувал “Чи сайн хар л даа. Энэ замаар
энд тэндгүй ус дуссан байгаа биз дээ. Энэ хулганын чинь гэр нэг биш хоёр “хаалгатай”
юм байна. Мэдсэн бол нэгийг нь чулуу­гаар тагладаг байж. Нэг хулгана нь гараад явсан
ч нөгөө нь үлдсэн” гэснээ ойр хавийн нүхнүүдийг чулуугаар бөглөж гарав. Тэгснээ
дахин ус хутган ирж нүх рүү цутга­тал өнөөх отсон нүхнээс нь хул­гана гарч гүйтэл
ах дүү хоёр сурмаг гэгч нь цохиод алчихав. Ах нь сүүлнээс нь дээш өргөснөө “Энэ
хулгануудын толгойлогч нь байна. Толгойлогчийг нь устгачихсан юм чинь хоёулаа ялчихсан
гэсэн үг” гэвэл дүү нь “Хоёулаа хулганын армийг ялчихсан юм чинь маргааш лусын хаантай
тулалдана аа” гэсээр гэрийн зүг пээдгэрхэн алхац­гаав. Муур, нохой л нуурын эрэг,
айлын гадуур хаа нэг харагдах үхсэн загасыг бариад ирчихдэг юм байх гэж бодсон тийм
биш юм. Тэдэн шиг шилбүүр унасан улаан хацартай жаалууд загасны жин­хэнэ “эрлэг”
аж. Хурга ишгээ хариу­лах, тугалаа услахдаа л загас­нуудыг “ид бад” хийж зугаагаа
гаргадаг юм байна. Эцэг эх нь “Лус хилэгнүүлнэ. Боль битгий. Амаар чинь дүүрэн яр
гарна даа” гээд ч дийлдэггүй аж.

ДАРАА ЖИЛ ДАХИЖ ИРНЭ ЭЭ
Нар нуурын усан дээгүүр гэр­лэн зам
татуулсаар баруун уулын толгойд хүрч, оройн сэрүүн нэгэнт оржээ. Ногооны униараар
биеэ ороосон уул, тал зүүрмэглээд эхлэх шиг нам гүмхэн. Нуурын мандал дээр загасчлах
ганц хоёр­хон завинаас өөр нүдэнд торох зүйлгүй. Нуурын ус руу чулуу шидэх мэт цүл
хийх чимээ гарган энд тэндгүй жижиг загаснууд дээш цовхчино. Эрэг дагуух дэрсэрхэг
газраар тогоруун сүрэг бусад зүйл төрлийн усны шувууд чуулж, намрын сэрүү оржээ.

Бид ч үдшийн бүрий тасрахаас өмнө
хөдлөхөөр майхан саваа хурааж, гадуур хөглөрсөн элдэв хог сэлтээ цэвэрлэв. Төдхөн
хөдлөхөд бэлэн боллоо. Найзууд маань бүгд “Энэ сайхан хангайд дараа жил дахиж ирнэ
ээ” гэсээр гэрийн зүг жолоо залсан юм.  

М.УУГАН-ЭРДЭНЭ