Categories
редакцийн-нийтлэл

Алдагдалтай ажилласан төрийн өмчит компанийн захирлуудыг халъя

Төрийн өмчийн хорооноос саяхан алдагдалтай
ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэрсийг жагсаагаад олон нийтэд зарлачихлаа.
Нэгэнт зарлачихсан юм чинь одоо ажлаас нь халъя, Д.Цогтбаатар дарга аа.

Өмнө нь төр өмчлөлдөө байгаа компаниудынхаа
захирлуудын нүүрийг  улалзтал ингэж  зарлаж байсангүй. Компаниуд нь  л төр биднийг дарамтлаад нүүрсний үнэ нэмүүлэхгүй
байна гэдэг ч юм уу, төрийн өмчид байгаа компани огтоосоо ч ашигтай ажилладаггүй
юм байна гэж өндөр дуугарцгаадаг байсан. Нүүрс нь ч үнэн байх, бусдынх нь хувьд
үнэхээр асуудал­тай, зовлонтой гэж өрөвдөхөд хэцүү.  Төрийн өмчийн захирлууд компаниудаа дампууруулаад
байна гэсэн мэдээллийг хөнгөхөн нотолчих 
нэг зүйл бий. Төр нь өмчийнхөө компаниудыг шүүм­жилж эхэлсэн энэ үед төрийн
гэсэн тодотголтой компаниудын захир­лууд шил дараалан баривчлагдаад эхлэв. Хамгийн
сүүлийн жишээ гэхэд л “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн дарга А.Шоовдор байна. Хамгийн
сонгодог жишээ гэвэл МИАТ-ийн дарга нарын идсэн уусан өчнөөн  тэрбумууд. 

Төрийн өмчийн компаниудын үе үеийн
дарга нарын халаас зузаарч олдог хэд нь нэмэгдэж байж суудлаасаа буудаг жишиг нэгэнт
тогтчихсон.  Адаглаад л компанидаа илүү мөнгөөр
бүтээг­дэхүүн авч, дундаас нь мөнгө унагадгийг дээр дооргүй л хүлээн зөвшөөрчихсөн.
Угаасаа иддэг гээд олонх нь тоодоггүй. Зүй нь эрхэм даргын хувьдаа халааслаад байгаа
мөнгө бидний авдаг хэдээс татвар гэж авсан мөнгө шүү дээ гэж ирээд шүүмжлэл өрнүүлэх
учир­тай. Энгийн жишээ гэхэд дэлгүүрт 500-1000 төгрөгөөр зарагддаг ОО-ын цаасыг
гэхэд л 2000-3000 төгрө­гөөр компанидаа авч, илүү мөнгийг нь цаас нийлүүлсэн нөхөртэйгөө
хуваагаад туучихдаг. Компанидаа эзний биш хүний сэтгэлээр ханд­сан ийм жишээ дурдъя
гэвэл захаас аваад л байгаа. Гэтэл хувийн компанийн захирал ингэх үү. Тэгэхээр өнөөдрөөс
төрийн өмчит компанид бүтээгдэхүүн ний­лүүлж байгаа хүмүүсийг ил тод зарлаж байя.
Тэгээд хэдэн төгрө­гөөр хичнээн бүтээгдэхүүн яаж зарж байгааг нь нээлттэй мэдээлдэг
жишиг тогтоочихъё. Тэгвэл төрийн халааснаас тодруулж хэлбэл тат­вар төлөгчдийн мөнгөнөөс
хум­салж, компаниа албаар алдагдалд оруулдаг захирлуудын тоо илт багасаад ирнэ.

 ТӨХ төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдийн сүүлийн
гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шал­галт хийж, юунаас болж жил дараа­лан
алдагдал хүлээгээд байгаа­гийн шалтгааныг тогтоожээ. Алдаг­дал­тай ажилласан 37
төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэрсийг жагсааж байгаад хэвлэлийнхэнд дуулгасан. Хэр
алдагдалтай ажил­лав гээд сонирхоодохсон чинь алдагдал нь тэрбумаар яригдсан компани
хэдэн арваараа жагсч байх юм.

 Нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажилласан
компани гэхэд  14 байна. Өнгөрсөн оны байдлаар
энэ 14 компани нийтдээ 50 гаруй тэрбум төгрөгийн алдаг­дал хүлээсэн гэсэн дүн гарсан
байх юм. Төсөв нимгэн байгаа энэ үед асар их тоо. Өчнөөн асуудлыг шийдчихээр хөрөн­гө.
Жагсаалт ингээд дуусах­гүй.  Зуун саяас нэг
тэрбум төгрөг хүртэлх алдагдалтай ажилласан 13 компанийн нэрийг ТӨХ нь дурайтал
гаргаад ирчих­лээ. 100 сая төгрөг хүртэлх алдаг­дал­тай ажилласан 10 компанийн нэрийг
олон нийт мэдчихлээ. Энэ олон тэрбум төгрөг улсын төсөвт орсон бол маш олон сургууль,
цэцэрлэг, эмнэлэг барих байлаа гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ярина
лээ. Цагийг нь олоод хэлчихсэн үнэн үг. Цэцэр­лэгүүд үүдээ нээх гэж байгаа энэ үед
цэцэрлэгийн насны хүүхдийн бараг 40 хувь нь гэртээ байж, аав, ээжийнх нь аль нэг
ажлаасаа гарахаас аргагүй болж байгаа. Төрөх 
эмнэлгийн ачааллыг хэд дахин нэмж сандаргасан алтан гахай жилд  төрсөн балчрууд энэ жил сургуульд орох гэж байдаг.
Сургуулийн захирлууд алтан гахай жилтнүүдэд ямар ангиа суллаж өгөхөө мэдэхгүй толгойгоо
сэгсэрц­гээж байхад манай дарга нар хэдэн тэрбумаар нь идчихээд хүүхдээ гадаадын
мундаг сургуулиуд руу явуулчихсан сууцгааж байна.

 Энэ компаниудын алдагдалтай ажилласан шалтгааныг
нь компа­нийн дотоод ажлын төлөвлөлт, хөрөнгийн менежмент, санхүүгийн удирдлагын
тал дээр зөв бодлого бариагүйтэй холбоотой гэж онцол­жээ. Төрийн өмчтэй компаниудын
захирлууд өмнө нь “Бид чадахаа­раа л ажиллаж байна. Төрийнх болохоор л явж  өгөхгүй 
байна. Уг нь би аймаар сайн ажилласан” 
гэж бардам дуугардаг байсан бол өнөөдөр төр нь компаниудынхаа “но”-г дэлгээд,
нөгөө мундаг захир­лууд нь эхнээсээ дээлээ нөмрөх нь тодорхой болчихлоо. Товчхондоо
төрийн өмчит компаниуд өөрсдөө санхүүгийн замбараагүй зарцуу­лалт хийж байснаас
болж алдаг­далтай ажилласан нь ил болж байна.

Төрийн өмчийн хорооны мэдээлс­­нээр
алдагдалтай ажил­лаж байгаа компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл хийхээ мэдэгдээд
буй. Шинэ арга бари­лаар ажиллана гэдгээ ТӨХ-ны дарга нь амлачихсан.

 Гэхдээ компаниа алдагдалтай ажиллуулж улсыг хохироосон
дарга нарт хариуцлага тооцох асуудал яригдахгүй өнгөрч магад­гүй нь байна. Хувийн
хэвшилд ажиллаж байгаа хүн муу ажилла­вал ажлаасаа халагдаж, хариуц­лага хүлээдэг.
Тэгвэл, төр нь муу ажилласан албан тушаалтандаа бас хариуцлага тооцох ёстой. Учир
нь төрийн өмчит компанийн алдаг­дал татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа. Татвар
төлөгчдийн мөнгөөр төрийн компани санхүү­жиж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тэрбум
тэрбумаар нь алдагдал хүлээлгэсэн төрийн өмчийн компанийн дарга нарыг ажлаас нь
халъя. Алдагдлаараа жагсаалтыг тэргүүлсэн МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан,
“ДЦС-3”-ын гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн, “ДЦС-4” гүйцэтгэх захирал Б.Цэвээн,
Багануурын уурхайн захирал Ш.Баянмөнх, Налайхын дулааны цахилгаан станц ХК-ийн гүйцэтгэх
захирал Т.Энхтөр, Шарын голын уурхайн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх­цэцэг, Даланзадгадын
дулаа­ны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ж.Дорж, “Эрдэнэт”-ийн дулааны цахилгаан
станцын гүй­цэт­гэх захирал О.Ганбаатар, Дар­ха­ны дулааны цахилгаан стан­цын захирал
Б.Алтанцэцэг, гээд нийт­дээ 37 төрийн өмчийн компа­нийн захирлууд бий. Энэ хүмүүсийг
муу ажиллаж, алдагдал хүлээлгэ­сэнд нь хариуцлага тооцож ажлаас нь халбал ТӨХ-ны
даргын шүүмж­лэл жинхэнэ ажил болно гэж бодож байна.

Дахиад хэлэхэд  тогтолцоогоо өөрчилж, аргаа шинэчлэхээс  өмнө компаниа өрөнд унагасан энэ хэдэн дарга нарыг
ямар ч байсан ажлаас нь чөлөөлж, төр өмчдөө яаж ханддагаа харуулъя.

 Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Үндэстэн дамнасан корпорациудтай “төсөөллийн гэрээ” байгуулах хэрэгтэй

Үндэстэн дамнасан корпора­циу­дад
татвар оногдуулах асуудлыг сүү­лийн үед эрчимтэй су­далж байгаа доктор Илан Бэншаломтой
ярилцлаа. Тэрээр ма­най улсад урил­гаар ирээд байна. Америкийн Иелийн их сургуульд
татварын чиг­лэлээр доктор хамгаал­сан энэ эрхэм дэлхийн том  кор­порациудтай яаж харилцан ашигтай хамт­­рах
талаар со­нирхолтой илтгэлийг өчигдөр тавь­сан юм.

-Манай улс уул уур­хайн салбартаа
үндэс­тэн дамнасан корпо­ра­циудтай хамтран ажил­лаж эхэлж байна. Тат­варын хууль
шинэчлэг­дэх гэж байгаа үед дэл­хийг сүлжсэн энэ том корпорациудтай яаж хамтрах
вэ гэдэг бол сонирхол татсан асуу­дал. Таныхаар бид хө­рөнгө оруулалтыг дэмж­­сэн
татварын ор­чин бүрдүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Монгол Улс бай­га­лийн баялгаар ерөөгдсөн
орон. Гэхдээ энэ баялгаа яаж ашиглах, үндэстэн дамнасан корпорациуд­тай хэрхэн хамтрах,
тэд­ний санхүүжилтийг ганц хоёр жилээр биш урт удаан хугацаанд яаж авах вэ гэдэг
асуудалд анхааралтай хандах хэ­рэг­тэй. Уул уурхайн ком­паниуд тав, арван жилээр
биш 50, 100  жилээр сэт­гэ­дэг. Энэ хугацаанд
өөрс­­дөдөө хэрхэн ашиг­тай, тухайн улсдаа ямар өгөөжтэй байх вэ гэдэгт л гол анхаарлаа
хандуул­даг. Зөвхөн уул уурхайн чиглэлийн татварыг су­дал­­на гэдэг өөрөө их чу­хал
зүйл. Өнөөдрийн хувьд  энгийн компаниу­дад
тодорхой хувиар тат­вар оногдуулах асуудлыг ярьж болно. Харин уул уурхайн хувьд
арай өөрөөр харах хэрэгтэй. Зөвхөн өнөө, маргааш­даа Оюу толгой болон бусад компаниас
хэр их мөнгө олох вэ гэдэг нь чухал биш. Ирэх тав, арав, тавь, зуун жилийн хугацаанд
одоо байгаа асар их нөөц баялгаа хэрхэн ашиглаж, ямар бодлого гаргаж ирэх вэ гэдгээ
бодох учиртай.  Дахин хэлэхэд энэ бол тоо
хэмжээний биш бод­логын түвшний асуудал. 
Уул уурхайгаас татвар тооцох бодлого, меха­низ­мыг хэрхэн бий болгох вэ гэдэг
асуудал байгаа юм.

Үндэстэн дамнасан корпорациудаас татвар авахдаа тодорхой
хувь дурдах нь з
өв хандлага биш гэсэн
агуулгатай
үгийг та илтгэлдээ
он­цоллоо. Яагаад ингэж хэлэх болов?

-Олон улсын үндэстэн дам­на­сан корпора­циу­дын хувьд тухайн
оронд хөрөн­гө оруулалт хийх­дээ татварын орчныг нь маш сайн судалдаг. Тэд  татварын орчноороо  өр­сөл­дөх чадвартай оронд хөрөнгөө оруулдаг.
Тод­руулж хэлбэл хам­гийн бага татвартай ор­чин руу явж байна. Зарим ком­пани тэг
хувийн татвар төлөх нь ч бий.

 

 

Үндэстэн дамнасан кор­по­рациу­дын
хувьд улс ор­нуу­дад ажилладаг салбар нэг­жүүдээрээ дамжуулаад тат­вар бага оногдуулах
нөх­цөлийг нь эхлээд хардаг. Жишээ нь “Женерал элект­рик” компани АНУ-д 2011 онд  хасах 20 хувийн татвар төл­сөн байдаг. Үйл ажилла­гаа­ныхаа
зарлагаас шалтгаа­лаад Засгийн газраас 20 хувийн татаас авсан гэсэн үг. Дахин хэлэхэд
үндэстэн дам­насан корпорациуд ганц нэг­хэн улсад төвлөрч ажилла­даг­гүй, дэлхий
даяар байгаа улс орнуудыг харж байдаг учраас хамгийн таатай орч­ныг бүрдүүлсэн газар
руу л явдаг. Засгийн газрынх нь  зүгээс татварын
тал дээр ганцхан хувь яриад байгаа улс руу том компаниуд явдаг­гүй. Харин бодлого
нь ойл­гомжтой, татварыг яаж тооцох механизм нь тодорхой улсуу­дыг сонгодог. Тийм
механиз­мыг   бүрдүүлнэ  гэдэг нэг хоёр өдрийн ажил биш, таваас арван жилийн
ажил. Энэ ажлаа аль болох эрт эхлүү­лээ­сэй гэсэн бодлоор би танай улсад илтгэлээ
тави­лаа. Цөөхөн улстөрчдөд биш нийт эдийн засагт ашигтай  татварын орчныг бүрдүү­лэ­хийн тулд олон улсын
жиш­гийг судлах хэрэгтэй. Из­райльд гэхэд өндөр техноло­гийн компаниуд нь  татвар тун бага төлдөг. Өндөр техно­ло­гийн компаниуд
сүлжээгээрээ дамжуулаад бага татвар тө­лөөд эхлэхээр уул уурхайн компаниуд ч маш
олон арга хэрэглэх болсон. Татвар оног­дуулах журмаар олон улсын компаниудтай ажилла­хад
хэцүү болсон  гэж хэлэх гээд байна л даа.

-Гэхдээ уул уурхай “Интелл” шиг
тат­варын ийм хөн­гөлөлт үзүүлэх талаар ярих боломжгүй сал­бар. Үндэстэн дамна­сан
корпо­рациуд ийм арга хэрэглэдэг гэвэл бид тат­варын хувьд илүү хяналт­тай байх
хэрэг­тэй гэсэн үг үү, эсвэл Зас­гийн газар, корпорацийн аль алинд нь  ашигтай байх өөр хувилбар бий юу?

-Татварыг ерөнхий бөгөөд зөвхөн уул
уурхайтай холбоо­той татвар гэж хоёр ангилж үзэх ёстой. Жишээ нь өндөр технологийн
“Интелл” компа­ни Израйльд ажилладаг. Гэ­тэл тэр компани Ирландад бүртгэлтэй. Тэгснээрээ
Из­райльд маш бага татвар төл­дөг. Тэрийг нь Израйль хүлээн зөвшөөрдөг. Учир нь
Из­райльд “Интелл”-ийн мэдлэг чадвар, хүний нөөц, ноу хау нь хэрэгтэй байгаа юм.
Тэр бүхнийг нь авч үлдэхийн тулд,  бага татварт
нь толгой дохи­дог. Мэдээж уул уурхайн хувьд тийм биш л дээ. Жишээ нь Монголд “Интелл”
орж ирж ажиллах гэж байвал  тэг ху­вийн татварыг
нь зөвшөөрч болно. Харин уул уурхайн тухайд тэгж болохгүй. Тэгэ­хээр зөвхөн үндэстэн
дам­на­сан уул уурхайн компанийн хөрөнгө оруулалт, түүнтэй холбоотой асуудал бусад
салбарынхаас тусдаа болчи­хож байгаа юм. Бодлого, механизм нь тусдаа байх учиртай
гэсэн үг. Бусад төр­лийн хөрөнгө оруулалтын тухайд  дэвшилтэт технологи, ноу хау байвал хорих шаард­лага
байхгүй.

-Тэгвэл бид уул уурхайн үндэстэн
дамнасан корпо­ра­циудаас өөртөө ашигтай татвар авахын тулд яах ёстой вэ. Давхар
татварын асуудал  дээр та ямар бо­дол­той
байна?

-Монголын Засгийн газар уул уурхайн
татварыг хам­гийн ашигтай, өгөөжтэй байл­гахын тулд бодлогын түвшинд механизмыг
нь зөв гаргаж ирэх ёстой. Механизмыг нь зөв гаргаад аль аль талдаа хожоотой, тодорхой
болгож чадвал давхар татварын асууд­лыг шийдэж болно. Гэх­дээ дэлхийн жишигт хүрсэн
практик одоогоор алга байна. Харин нөхцөлт гэрээ маягаар хамтарч ажиллавал их зүгээр.

-Нөхцөлт гэрээ гэдгээ тодруулаач?

-Монголоор бол төсөө­лөлд тулгуурласан
гэрээ гэсэн үг. Танай компанитай ийм маягаар ажилламаар байна, нөхцөл нэг, нөхцөл
хоёр, нөхцөл  гурав гэдэг ч юм уу. Хэрвээ
дэлхийн эдийн засаг хямарч уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний эрэлт  багас­вал бид гэрээгээ ингэж өөр­чилнө, хувь хэмжээн
дээр нь ийм тоо тавина гэх маягаар гэрээ байгуулж болно. Эрэлт өндөр бол ингэнэ
гэдгээ ч гэ­рээн­дээ тусгачих хэрэгтэй. Ийм гэрээ байгуулсан то­хиол­долд компаниуд
илүү сайн ажиллаж байгаа. Гэтэл хөгжиж байгаа орнууд 10, 20, 30 хувийн татвар авна
гэх мэтээр тооны араас хөөцөл­дөөд байдаг. Хөгж­сөн орнуу­дын хувьд өөр л дөө. Ялан­гуяа
Австрали Улс энэ тал дээрээ маш том бодлого­той болсон. Хамгийн том жи­шээ гэвэл
Норвеги байна. Тэд тоо ярьдаггүй. Татварыг яаж 
тоо­цож авах аргачлалаа гар­гаад өгчихдөг. Тухайн аргач­ла­лынхаа дагуу компаниуд­тай
гэрээ хийдэг юм.

-Манай улсын хувьд   то­моо­хон хөрөнгө оруулаг­чидтайгаа тогтвортой
байд­лын гэрээ байгуулж, хөрөн­гийг нь эрсдлээс хамгаалах бодлого барьдаг. Хэрвээ
таны яриад байгаа нөхцөлт гэрээгээр явъя гэсэн сон­голт хийвэл тогтвортой байд­лын
гэрээнээсээ тат­галзах ёстой юу?

-Нөхцөлт гэрээний тухай ярьдаг нь
тогтвортой байд­лын гэрээнээс татгалз гэсэн үг биш. Нэгэнт хийсэн гэрээг хүндэтгэж
үзэх учиртай. Ха­рин саяын миний ярьсан гар­цыг ирээдүйд Монголын Зас­гийн газар
юу хийвэл зүгээр вэ, улс орны эдийн засгийн хэтийн зөв хөгжлийн төлөө ямар алхам
хийвэл бидэнд ашигтай вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Хамгийн гол нь аль аль
талдаа ашигтай байх хэрэгтэй. Уул уурхайн компаниудтай тогтвортой байд­лын гэрээ
хийх нь  зарим нэг тохиолдолд таатай бус байх
шалтгаан болох нь бий. Магадгүй дэлхийн хэмжээнд тав, арван жилийн дараа уул уурхайн
бүтээгдэхүүний үнэ тухайн үед  төсөөлж байснаас
хэт уруудвал хөрөнгө оруу­лалтаа зайлшгүй зогсоох шаардлага гарч алдагдалтай ажиллах
нөхцөл үүснэ. Зас­гийн газар, үндэстэн дамна­сан корпорациудын хоорон­дын хамтын
ажиллагаа маш тодорхой байх ёстой гэдэг үүднээс л нөхцөлт гэрээг яриад байгаа юм.
Татварын хуулийг эргэж харах шаард­лагатай бол эхлээд бодлогыг нь то­дор­хой болгох
хэрэгтэй.

-Бодлогыг нь тодорхой болгоно гэхээр
яана гэсэн үг вэ?

-Таван жил тутамд бид татварын хуулиа
эргэж харна гэдэг ч юм уу хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт
ямар тохиолдолд татварын хуулиа эргэж харах 
вэ гэдгээ ойл­гомж­той томъёолж өгөх учир­тай. Дэлхийн эдийн засаг ийм байгаа
учраас ч  гэдэг юм уу. Ийм тохиолдолд их хэмжээ­ний
хөрөнгө оруулалт хийх гэж байгаа үндэстэн дамна­сан корпорациудад тоо бо­дох боломж
гарч ирнэ. Мэдээж ярьж хэлж байгаа үндэслэл нь авч хэлэлцэж болохуйц байх учиртай.
Авч хэлэлцэж болохооргүй, утга учиргүй зүйл яриад байгаа Засгийн газартай  үндэстэн дамнасан корпорациуд хамтарч ажил­лах
бололцоогүй байдаг. Зас­­гийн газар тодорхой байс­наа­раа авах ёстой татвараа тогтвортой
авч чадна. Уул уурхайн компанийн хувьд ч гэсэн бүх зүйл нь тодорхой учраас ашигтай
үедээ ашиг­тай, алдагдалтай үедээ ал­даг­далтай ажиллаад явна. Тухайн уурхай ашигтай
бай­вал Засгийн газар ч өндөр татвар авдаг, уурхайн ком­пани ч гэсэн өндөр ашгаа
хүртдэг байвал зүгээр. Түү­нээс биш ашигтай, алдагдал­тай аль ч нөхцөлд уул уур­хайн
компани Засгийн газарт татвар өгдөг нөхцөлөөр бүх­нийг шийдвэл хөрөнгөө оруул­сан
компани хэзээ ч хаяад явах эрсдэлтэй. Хэрвээ дээр хэлсэн шиг гэрээгээ аль аль талдаа
ашигтай байгуул­вал гадаадын хөрөнгө оруу­лалттай компаниуд гараад явчих вий гэсэн
болгоомжлол байхгүй болно. 

-Манай улс алт, зэсийн үнэ эрс
өсөх үед гэнэтийн ашгийн татварын хууль гар­гаж байсан. Сүүлдээ ийм хууль өгөөжөө
өгөхгүй  гэд­гийг ойлгосон ч цаашдаа зэсийн
ханш огцом өсвөл алдаагаа дав­тахгүй гэх аргагүй. Тат­варын ийм гэнэ­тийн өөрч­лөлтүүд
эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Татварын алба том байх шаардлагагүй,
бүтцийн хувьд жижиг байхад болно гэдэг утгаар нь харвал гэнэтийн ашгийн татвар зүгээр.
Гэвч гэнэтийн ашгийн татвар бай­гаа нөх­цөлд гэнэтийн алдагд­лын татвар буюу хасах
татвар ч байх ёстой. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн тухайн бү­тээг­дэхүүний үнэ
гэнэт өсвөл өндөр татвар авч бол­но. Гэх­дээ тэр бүтээгдэхүүний үнэ унавал алдагдлынх
нь төлөө ч татаас өгөх учиртай.

-Тэгвэл дэлхийд ийм бодлого хэрэгжүүлж
байгаа улс бий юу?

-Дэлхийн жишгийг хараад байхад тийм
ч амар хэрэг­жээд байдаг практик биш л дээ. Монгол Улс хөгжлийнхөө эхэнд яваа, уул
уурхайн сал­бар нь дөнгөж босч байгаа. Тийм учраас алдаж оноод явах нь  тодорхой. Тэр үүд­нээ­сээ хийсэн алхам байх гэж
харж байна. Юутай ч цаашид аль аль талдаа хожоотой тодорхой байх тал дээр ан­хаа­рах
хэрэгтэй. Түүнээс биш хөрөнгө оруулагчид дангаа­раа асар их хэмжээний ал­даг­дал
хүлээдэг байж болох­гүй. Засгийн газар гэнэтийн ашгийн татвараас нэг удаа хожоод
өнгөрөх чухал биш. Харин урт удаан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт­тай компаниудтай
хамтарч, урт хугацаанд тогтвортойгоор  татвар
авах тал дээрээ ан­хаарах ёстой.

-Уул уурхайн татварын тал дээр
жишиг болохоор орон гэвэл та аль улсыг онцлох вэ?

-Австралийг онцолно. Гэх­дээ уул уур­хайн
хамгийн сайн хуультай орон гэдгээр нь биш. Уул уурхайн хуультай холбоотой хамгийн
их мэдээ­лэл олох боломжтой улс бай­гаа юм. 2009 оноос өнөөд­рийг хүртэл Австралид
уул уурхайн чигийн татвартай холбоотой мэдээллийн тэс­рэлт болсон. Мэдээлэл олох
бололцоогоороо  яах аргагүй Австрали тэргүүлнэ.
Гэхдээ улс бүр өөр өөр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнтэй. За­рим нь говьдоо зэстэй
байхад  зарим нь далайнхаа дороос газрын тос
олбордодог. Тэгэ­хээр орон бүрийн барьж буй бодлого, баталж байгаа хууль, бүтээгдэхүүнээсээ
хамаараад ондоо байдаг. Орон бүрийн улстөрийн нөх­цөл, тогт­вор­той байдал  энэ тэр ч ялгаатай шүү дээ. Тэр утгаараа улс болгон
өөрийн гэсэн давуу, бас сул талууд­тай. Тийм учраас хамгийн төгс, жишиг болсон гэж
хэлэ­хээр  орон гэж байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН     

Categories
редакцийн-нийтлэл

Их хэмжээний бугын эвэр ачиж хил давсан монгол жолооч Хятадад шалгагдаж байна

Энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын Эрээн
хотын боомтоор Монго­лын харьяат жолооч 713 ширхэг бугын эвэр оруу­лах гэж байгаад
саатуу­лагд­жээ. Бугын эвэр дунд­жаар 1,5 тоннд хүрч бай­сан бөгөөд тус улсын  гаалийн ажилтнууд хянал­тын камераар ажиг­лаж
байгаад олж мэдсэн байна.

Энэ тухайгаа олон ний­тэд мэдээлж, хэв­лэлийн бага хурал хийсэн
бөгөөд Хятадын хэв­лэлүүд энэ тухай Гаалийн хяналтын дарга Ли Сян Минийн ярьснаар
онц­лох­­доо “Энэ сарын 10-ны өдрийн үдээс хойш 16 цагийн орчим, Монгол Улсын хилээс
Хятадын хилийн зурвас дахь Эрээ­ний кон­тейнерийн хянал­­тын бүсэд хоосон машины
дунд хэсэгт жигд бус хэлбэртэй объектын зураг илэрсэн.

Тиймээс тухайн машины үзлэг хяналтыг
зогсоон тусгаар­ласан. Үүний дараа Биеийн үзлэг шалгалт болон Хууль бус барааг хилээр
нэвтрүүлэх хэлтэст мэдэгд­сэн. Ингээд шалгалт явуулахад ачааны автомашины тэвшний
шалан дээгүүр 10 гаруй см-ийн өндөрт дахин шал хийж хууль бус бараа ачих зориулалттай
болгож өгсөн байсан. Түүндээ 713 эвэр хийсэн байсан” гэжээ.

Сэжигтэн жолооч “Монгол Ул­сын хил,
гаалийг нэвтрэхдээ ажилт­нуудыг нь хуурсан” гэж мэ­дүүлж буй бөгөөд Хятадын цагдаа­гийн
бай­гуул­лага бугын эврийн жинхэнэ эз­нийг олохоор ажиллаж байгаа аж.

Энэ тухай Замын-Үүдийн цаг­даа­гийн
газартай холбогдон тодруулахад, “Манай дээр ийм хэрэг тэмдэглэгдээгүй байгаа. Юу
болсныг Хятадын төв хэвлэлүү­дээр бичээд эхэлсэн байна гэсэн. Бид зохих бүх шалгалтыг
эхлүүл­сэн. Их хэмжээний бугын эврийг хууль бусаар хил давуулсан жолооч урд саатуулагдаж
байгаа” гэсэн хариултыг өглөө.

Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах
ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн газар дээрх хэргийг манай талаас
хэн гаргасныг шалгаж эхэлжээ. Ингэх­дээ тухайн өдөр хил нэвтрүүлэхэд ажиллаж байсан
албан хаагчид холбоотой байж магадгүй гэж үзэн шалгаж байгаа аж. Мөн цагдаагийн
албан хаагчдын үзэж буйгаар Эмээлт түүхий эдийн захын ченж нарын бүлэглэл энэ хэрэгт
холбоотой байж болзошгүй учраас шалгаж эхэлжээ. Цагдаагийнхны олж авсан мэдэллээр
713 бугын эврийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хөвсгөл аймгаас бэлтгэсэн байх магадлалтай
гэнэ. Үүнээс 20 гаруй эвэр нь дагзтай байгаа юм байна. Энэ нь бугыг агнасан гэдгийн
баталгаа аж.

Т.МӨНХӨӨ
С.ХАСБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Г.Ганхүү: Амазонкийн ширэнгэн ой, Непалийн өндөр уулс онцгой сэтгэгдэл төрүүлсэн

“Үүргэвчтэй аялал”-ын, “Шар
айраг”-ийн гэдгээрээ олонд танигдсан Г.Ган­хүү­тэй ярилцлаа. Тэ­рээр одоо НИТХ-ын
тө­лөөлөгчийн албыг хашиж байгаа юм.

-Та хичнээн орноор аялаад байна
вэ?

-Хүмүүс ингэж асуу­гаад байхаар нь
нэг удаа хэрэг гаргаж тоолж үзсэн чинь гаргасан тоондоо итгээгүй. Давтагдаагүй тоогоор
зургаан тивийн 106 орноор аялсан байна лээ. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн багт
гишүүн болсны ачаар Антарк­тидад хүртэл очиж бай­лаа. Оюутан үеэсээ л  гадагшаа дотогшоо явах хоббитой байсан боло­хоор
ингэж их явсан байх. Улс бүр өөрийн гэсэн онцлогтой учраас яг тэр нь таалагдсан
гэхэд хэцүү хүндрэлтэй. Гэхдээ сэт­гэлд хүрсэн, дахиж оч­моор санагдсан газрууд
бол бий.

-Таны сонирхлыг ямар улсууд илүү
их татсан бэ?

-Мэдээж хэн ч эхлээд өндөр хөгжилтэй,
олны бахдан ярьдаг улсууд руу аялахсан гэж хүсдэг. Тэр жишгээр Америк, Канад, Австрали,
хөгшин Европ, Парисын Эйфелийн цам­­­хаг, Нью-Йоркийн  санж­­даг хоёр цамхаг (ихэр цамхаг)-ийг үзэх юмсан
гэж хүссэн. Сүүлдээ олон орноор яваад ирэхээр Бра­зи­лийн Амазонкийн ширэн­гэн ой
ч юм уу,  Непалийн өндөр уулс, Хималай сонирхол
татаж эхэлсэн. 

-Та Бутаныг их тэн­гэрлэг улс гэсэн
бай­сан…?

-Бутан бол миний  онцлох
дуртай улс. Тэр чигтээ буддист. Хаант засагтай. Далайн түвш­нээс 3000 метрээс дээш
түвшинд амьдардаг уч­раас би тэднийг тэнгэ­рийн хүмүүс гэж нэрлэсэн. Цөмөөрөө үндэснийхээ
хувцсыг өмсдөг. Тэрийгээ гоо гэж нэрлэнэ. Мон­голын үндэсний хувцас­тай их адилхан
юм байна лээ.

-Хоол
ундных нь хувьд ямар онцлогтой байсан бэ?

-Ер нь бол Түвд, Непал, Хималайн нурууны
өндөрлөг газар амьдарч байгаа хүмүүс монголчуудтай их төстэй. Мал аж ахуй, газар
тариалан зохилсон. Монголчуудтай адил махсаг. Бас манайхтай адил сүүтэй цайтай.
Сүүтэй цайгаа их гоё технологиор чанадаг. 
Увс, Ховд хавиар их гоё шар сүүтэй, давсархаг дотор нь мах, борц хийсэн цайнууд
байдаг даа. Яг тиймэрхүү.

-Та
шаггүй уулчдын нэг. Ямар оргилуудад Монголынхоо далбааг мандуулж байв?

-Килиманжарод Монго­лын­хоо төрийн
далбайг ман­дуулж байлаа. Антарктид тивийн Мон Тизи гээд 5000 метр өндөр ууланд
Монголын далбааг мандуулаад спортын мастер цол авч байсан. Англиар challenge гэж
ярьдаг даа. Илүү их сорилт, хүч шаардсан аяллууддаа дуртай. 

-Явсан
газруудаар чинь монголчууд хэр таарсан бэ?

-Ер нь сонин
шүү. Монгол­чууд дэлхийгээр
нэг тарсан байдаг. Мексикийг жуулчдад хэцүү, Колумбыг  мафи ихтэй, хар
тамхины борлуулалт их хийгддэг
гэдэг. Жуулчдыг барьцаалдаг  аюултай газ­рууд
олон  байдаг. Тийм газар хүртэл монголчууд
байж л байна. Танзани, Кэни, Сомалид ч таарсан. Сомали бол хамгийн ядуу
улсуудын
нэг. Бас  хамгийн аюултайд ордог. Байнга далайн
дээрэм­чид нь  усан онгоц дээрэмдлээ гэж мэдээлээд
байдаг улс шүү дээ. Тэнд гэхэд л  нэг монгол
хүүхэн НҮБ-ын төлөөлөгч болоод байж байх жишээтэй. Монголчууд
нүү­дэлч­ний соёлтой
болохоороо тэгдэг үү, хаана ч зохицох чадвар сайтай санагддаг. Бүр
мундаг албан
тушаал хаш­чих­сан амьдарч байдаг. Манилад очиход л Азийн хөгжлийн санд
нь нэг монгол
залуу Дундад Азийн зах зээлийг хариуцаад ажиллаж байсан. Сиэтлд
“Боинг”-ийн үйлдвэрт
хоёр ч монгол залуу том захирлууд болчихсон байх жишээний.  Францын
“Рено” гээд  машины том концерний 10 дизайнерийн нэг нь монгол
залуу. Ийм хүмүүстэй уулзахаар бахар­халтай санагддаг.

-“Шар
айраг” хамт­лаг дандаа хүний дуу дуулаад байдаг, “Гэр” олон ангит киноны дуу нь
арай өөр гэж ярьдаг…?

-Ерөнхийдөө бол үнэн.
Хамтлагаараа
нэрд гараад нээх айхтар одонцор болох  зорилго
бидэнд байгаагүй. Зүгээр л хөгжимд  дуртай,
багаасаа орцонд гитар тог­лоод өссөн хэдэн найзын хамтраад байгуулсан
хамтлаг ш
дээ. Ерөнхийдөө “On and Off”-ын Ононбат, Өөжгий бид хэдийн нийлээд
байгуулсан хамтлаг.
Ганц бахархууштай нь үеийн үед хамтлагийн шил­дэг хөгжимчид манай
хамтла­гаар дамжсан.
“Никитон”-ы Цогоо, Золбоо, дуучин Буянаа бид дөрөв байж байх жишээтэй.
Миний хувьд
олон жил урлаг хэмээх гайхамшиг­тай салбарт хүчин зүтгэж байна. Гэсэн
хэрнээ  үр хүүх­дэ­дээ  “аав нь, өвөө нь дуулж байсан юм шүү” гээд
үзүүлчих
баталгаа  байгаагүй. Тиймээс нэг CD хийсэн
юм. Тэгсэн тэр маань чиний хэлсэн “Гэр” сериалын  “Он цагийн урсгал”
дуу.  Хүмүүст нэлээн таалаг­даж хит болсон. Тэрэндээ
урамшаад хоёр дахь CD-гээ өлгийдөж авсан. Одоо клип­жүү­лээд ард
түмэндээ танил­цуулна
даа. Fanfloyd гэж хамтлагт зориулан  “Шар
айраг” хамтлаг Чинбаатай­гаа, “Emotion” хамлагтай, “Fire”-ын Билгээтэй,
Мөнх-Оргил
гитарчинтай нийлээд концерт хийх гэж байна. Энэ есдүгээр сарын 25-нд
СТӨ-нд болно.
“On and Off”-ын Ононбат маань найруулсан. 
Очиж үзсэн хүмүүст Fanfloyd яг яаж дуугардгийг мэдрүүл­нэ.

-Бэлтгэлдээ
орчих­сон уу?

-Дөнгөж бэлтгэлдээ ороод байна. Өнөөдөр
Чинбаа, “Emotion” хамлагтай уулзсан. Манай “Emotion”-ыхон  долоон жил Америкт байцгаасан, сайхан англи хэлтэй
болсон. Барууны урлагийг яс махандаа тултал ойлгосон. Энэ төслийг маань их дэмжиж
байгаа.  Гоё яг жинхэнэ утгаар нь дуугаргая
гэж байгаа. Цаашдаа  ганц Fanfloyd биш Би
Жис, Сабба гээд монголчуудын дуртай хамтлагуудаар яг ийм  трэбүйд ковер концерт хийе гэж тохирцгоосон.

-Аялагч,
дуучин, НИТХ-ын төлөөлөгч, өөр ямар алба хашиж байна?

-Би олон албан тушаал­тай хүн шүү.
Сая НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо. Унаган хотын хүүхдийн хувьд нийслэлийнхээ хөгжил
дэв­шилд хувь нэмрээ оруулаад, бүтээн байгуулалтад гар бие оролцож, мэддэг чаддагаа
хуваалцаад  явж байгаадаа маш их баяртай байдаг.
Миний ганц мөрөөдөл бол метро.  Улаанбаатарыг
метро­той болгох төсөл дээр шаргуу ажиллаж байна. Төсөл маань амжилттай явж байгаа.
Нийслэлд сая сон­гогд­сон 45 залуу бүгдээрээ дэмжсэн. Нийслэлийн шинэ  удирдлагууд, Ардчилсан намын удирдлагууд, Э.Бат-Үүл,
Баттулга, Гэрэлчулуун ах нар маань их дэмжиж байна. Одоо намрын чуулганыг хүлээж
байна. Чуулганаар батлуулчихвал мөнгө төгрөг босгох ажил  руугаа 
орно доо.   

-Таныг  “Шар айр­гийн” Ганхүүгээр үү, эсвэл “Үүргэвчтэй
аял­лын” Ганхүүгээр илүү  таньж байна уу?

-Аль алинаар нь. Улс төрийн­хөн маань
намайг Иргэний зоригийн Ганхүү гэж байна. Хотынхон болохоор төлөөлөгч Ганхүү гэнэ.
Найз нөхдийн хувьд “Шар айраг”-ын Ганхүү, хөлбөмбөгийн хорхойтнуудын  хувьд “Арсенал”-ийн Ганхүү, бизне­сийн хувьд
“Irish” Ганхүү гээд л  хөвөрнө.   Уг нь би Гэндэн­дарамын Ганхүү. Цаг хуга­цааны
явцад олон овогтой болсон байна (инээв).

-Та
ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

-Биднийг бага байхад мэргэжил сонголт
сонин бай­лаа. Би 1984 оны үед төгссөн. Бүгд гадаад явах сонирхол­той байлаа.  Тэр үеийн хүмүүс гадаадад явахыг хүсч, гадаадад
ямар бол гэж төсөөлцгөөдөг байсан.  Би Орост
сургууль төгссөн учир барууны орон луу явах хүсэлтэй байсан. Мэргэжил сонгохоосоо
түрүүлээд явах орноо сонгож байсан үе. Герман явах гээд чадсангүй. Тэгэхээр нь Германтай
ойр­хон орон хайсан.  Гэтэл Чех гээд гараад
ирсэн. Дараа нь мэргэжлээ харсан чинь хув­цас загвар зохион бүтээгч гэдэг мэргэжил
байлаа. Тэгээд ямар ч эргэлзээгүйгээр явчихсан. Дараа нь зах зээлээ дагаж наймаа
хийгээд мэргэжлээрээ ажиллаагүй.

-Гэр
бүлийнхээ талаар яриач?

-“МСМ” компанид маши­ны борлуулалт
эрхэлдэг менежер бүсгүй бий. Манай найзууд шоглоод Mersedes Benz-ыг хамгийн сайн
мэддэг эмэгтэй гэдэг юм. Хоёр хүүхэдтэй, том охин маань Америкт сурдаг. Хүү маань
Орос гуравдугаар сургуульд гуравдугаар ангид орж байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Орон сууцны үнэ унах юм байна

“Найман хувийн хүү­тэй зээл удахгүй
зогсо­но”, “Уг зээл хэрэгжихээ болино” гэсэн цуу яриа гарч иргэд орон сууцны зээлд
хамрагдахаар ур­таас урт дараалал үүсгэж яарч байгаа нь орон сууц­ны үнийг хөөрөгдүүлээд
байна.

Гэтэл бодит байдал дээр ийм зүйл огт болох­гүйг албаны хүмүүс
ярьц­гааж, орон сууц олноор ашиглалтад орж үнэ нь буурна гэдгийг тайлбар­ласаар.
Улсын хэмжээнд 60 гаруй мянган айлын орон сууцны барилга бариг­даж байгаа. Үүнээс
ойрын хугацаанд буюу 2013-2014 онд 33 мянга нь ашиглалтад орох юм. Ингэснээр орон
сууцны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ нь тодорхой хувиар буу­рах тооцоо гараад бай­гааг
мэргэжилтнүүд он­цолж байна. Энэ талаар Барилга, хот байгуулал­тын сайд Ц.Баярсайхан
“Орон сууцны үнийн хөө­рөгдлийг бууруулахын тулд салбарын яам, Мон­голбанкны хамтарсан
үнэ тогтворжуулах хөтөл­бөрийг хэрэгжүүлж байна. Барилга угсралтын аж­лууд эрчимтэй
явагдаж байгаа учир орон сууцны нийлүүлэлт энэ намраас нэмэгдэнэ. Сүүлийн үед иргэдийн
дунд найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилт дуусч байгаа гэх яриа гарах боллоо.
Энэ хөтөлбөр урт удаан хугацаанд хэрэгжих учир иргэд цуу үгэнд итгэж, яаруу сандруу
сонголт хийхгүй байх хэрэгтэй байна” хэмээн зөвлөсөн.

Иргэдийг үнийн төөрөгдлөөс гаргахын
тулд нарийвчилсан су­дал­гаа хийж, ямар барилга, аль дүүрэгт, ямар хийц загвараар,
аль компани барьж байгаа талаар иж бүрэн мэдээллийг нийтэд хүргэ­чихвэл ийм төөрөгдөл
гарахгүй юм.

Өнөө жил бүтээн байгуулалтын ажлын
хүрээнд Баянгол дүүрэгт таван давхар 10 барилга, “Үндэс­ний бүтээн байгуулалт” корпора­цийн
хүрээнд 700 айлын орон сууц ашиглалтад орох аж. Нисэх, Яар­магийн чиглэлд баригдаж
буй орон сууцнуудын инженерийн барилга байгууламжийг улсаас шийдвэр­лэсэн бөгөөд
цэвэрлэх байгуулам­жийн хувьд өмнө нь ашиглаж байснаа өргөтгөн шинэчлэх замаар асуудлыг
шийдвэрлэжээ.

XIV хорооллын 920 айлын орон сууц
ч энэ жилдээ багтан ашиглалтад орох юм байна. Энэ мэтээр нийслэлд олон газар ши­нээр
орон сууц ашиглалтад орох бол Өвөрхангай аймагт 500, Баянхонгор аймагт 400, Говь-Алтай
аймагт 300 айлын орон сууц тус тус ашиглалтад орох юм байна.

Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны
зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 110 мянга, хөдөө орон нутагт
22 мянган айлын орон сууц барихаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр батлагдсан.

2010 онд 9800, 2011 онд 11 мянга,
2012 онд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орсон бол 2013-2014 онд 34 мянга гаруй
айлын орон сууц ашиглал­тад орох төлөвлөгөөтэй байна.

Иргэдийн дунд нийслэл хотод баригдаж
буй орон сууцны талаарх мэдээлэл хомс байдгаас ашиглал­тад орсон барилга дээр олноороо
очиж үнийг нь өсгөж байгаа үзэгдэл гарч байгаа гэнэ. Энэ байдлыг цэгцлэхийн тулд
холбогдох газрууд нь хамтраад нийслэлд баригдаж буй орон сууцны тооллого явуулж,
мэдээллийн нэгдсэн сан бүрдүү­лэхээр болжээ.

Мөн мөнгө төгрөгтэй зарим хүмүүс баригдаж
байгаа орон сууцыг бөөнөөр нь худалдан аваад үнийг нь өсгөж зардаг бизнес цэцэглээд
байгаа аж. Барилгын компаниуд үнээ нэмэхээс илүү үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч­дийн
дундуур орж үнэ хөөрөгдөж байгаа гэнэ.

Түүнчлэн томоохон хөрөнгө оруулагчид
барилгын салбар руу хошуурч, мөнгөө өсгөхийн тулд “найман хувийн хүүтэй орон сууц­ны
зээлийн санхүүжилт дуусч байна”, “орон сууцны үнэ цаашид өснө”, “ипотекийн тогтолцоо
удаан үргэлжлэхгүй” гэх мэт худал мэ­дээ­лэл зориуд тарааж байгааг хол­богдох яамныхан
нь ярьж байна.

Засгийн газар, Монголбанктай хамтран
хэрэгжүүлсэн хөтөлбөрүү­дийн үр дүнд орон сууцны ний­лүүлэлт ирэх намраас нэмэгдээд
ирэхээр энэ зохиомол өсөлт буу­рах нь дамжиггүй. Энэ өсөлт бол түр зуурынх гэж эдийн
засагчид үзэж байгаа.

2013 оны сүүлийн улиралд орон сууц
худалдан авах иргэдийн тоо 15 мянгад хүрэх магадлалтай гэсэн тооцоог мэргэжлийн
хүмүүс гаргажээ. Ямартай ч эдгээр иргэдийн эрэлтийг удахгүй 33 мянган орон сууц
хангаад явчих боломж харагдаж байна.

Шинээр ашиглалтад орж үүд хаалгаа
нээх 33 мянган орон сууцны үнэ нь одоогийнхоос 30-40 хувийн хямд байх аж. Тэгэхээр
манай барил­га, орон сууцны зах зээлд ийм хэмжээний хөөс байна гэсэн үг. Нийлүүлэлт
бага байгааг далим­дуулж ийм бизнес хийж байгаа нөхөд байрны нийлүүлэлт нэмэг­дэхээр
аяндаа зах зээлийн хуу­лийн дагуу шахагдана.

Ингэхээр ард иргэдийн дунд байгаа
“Байрны үнэ өссөөр байна”, “Зээл зогсох нь” гэх ярианууд түр зуурынх, зохиомол гэдэг
нь ойлгомжтой байна. Барилга хот байгуулалтын яам болон бусад холбогдох газруудаас
цуу үгэнд итгэж яарч сандрахгүй байхыг иргэдэд зөвлөөд 33 мянган орон сууц ирэх
намраас ашиглалтад орж эхлэх учир тэр хүртэл хүлээх нь хаана хаанаа зүйтэй хэмээж
байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Эрдэнэбат: Ээлжит бус чуулган хуралдуулах асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонсох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн
дарга Д.Эр­дэнэбаттай ярилцлаа.

-УИХ-ын чуулган зав­сарласан хэдий
ч засаг төрийн ажил их байх шиг байна. Таны хувьд ажилдаа оров уу.  Завсар­лагааны хуга­цаанд юу хийв?

-Ирэх аравдугаар сарын 1-нээс УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Энэ
хооронд амарч, ажил­лахын аль алиныг хослууллаа. Тэгээд ажил­даа орж байна.  Энэ нам­рын чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн
төслүү­дийн ажлын хэсэг завсар­лагааны үеэр хуралдаж байна. Миний хувьд зохих байгууллагуудтай
уулзаж, өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн 
нөхцөл, улс орны байд­лын талаар мэдээлэл ав­лаа. Улс орны тулгамдаж байгаа
асуудал юу байна, валют, экспортын талаар Засгийн газар ямар байр суурьтай, юу хийж
бай­гааг сонслоо.

-Эдийн засаг хүнд­хэн байгаа учраас
УИХ-ын  ээлжит бус чуулга­ныг ирэх сарын
2-6-ны өдрүүдэд хуралдахаар болж байх шиг байна. Гишүүдийн ирц бүр­дэхээр байна
уу?

-Ээлжит бус чуулган хуралдуулах тухай
асууд­лаар эхлээд Засгийн га­зар ямар байр суурьтай байгааг сонсох хэрэгтэй байх.
Яагаад гэвэл дол­дугаар сард үүссэн эдийн засгийн байдлыг бодитой дүгнэх, учир шалтгааныг
нь сонсох хэрэгтэй болов уу.       

-Засгийн газар хүс­вэл УИХ ажилдаа
орно, Засгийн газар хүсэхгүй бол хуралдахгүй гэсэн үг үү?

-Хүсэхгүй бол хурал­дахгүй гэж хэлээгүй
шүү дээ. Эдийн засгийн эрс­дэлтэй байдлаас гарах замыг УИХ-аар шийдвэр­лүү­лэх,
хууль тогтоол шийд­вэр батлуулах шаард­лага байна гэж Зас­гийн газар УИХ-аас хүсэх
юм бол чуулган хуралдахад бэлэн. Хэрэв Засгийн газар одоо үүсээд байгаа эдийн зас­гийн
нөхцөл байдлыг бид өөрсдөө зохицуулаад гар­цаа олчихно гэвэл заавал чуулган хуралдах
шаардлага байна уу, үгүй гэдэг зүйл яригдана.

-УИХ-ын дарга шийд­вэр гаргаад
ээлжит бус чуулган хуралдуулах нь тодорхой болчихсон гэж ойлгоод байгаа шүү дээ?

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг
хурал­дуу­лахаар  төлөвлөчихсөн зүйл байгаа
болов уу. Хэн ямар үндэслэлээр ээлжит бус чуулганыг хуралдуу­лах санаачилга гаргав
гэдэг нь тодорхой байсан тохиолдолд шийдвэр гар­гана. Гэвч одоогоор тийм зүйл алга.

-Ардын намынхан ээлжит бус чуулганыг
хуралдуулах шаард­ла­га тавьсны дагуу шийд­вэр гаргасан юм биш гэж үү. Ерөнхийлөгч
ч энэ шаардлагын дараа ҮАБЗ-ийн гишүүн бай­сан хүмүүстэй уулзсан байх аа. Нийгэмд
ингэж л ойлгогдсон?

-Валютын ханшийн хэт хэлбэлзэл яагаад
үүсэв, экспорт яагаад буурав, Оюу толгой, Та­ван тол­гойн ажил яагаад явахгүй байна
гэдэгт Ерөнхийлөгч санаа зовох нь зөв. Энэ бүхэн манайд үүссэн бо­дит нөхцөл байдал
мөн. Ардын нам УИХ-ын дар­гад шаард­лага хүргүүл­сэн байна лээ. Тэр нь асуудлыг
эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн өнцгөөс нь харсан шаард­лага. Хэтрүүлэгтэй
болохоос буруу ч юм биш л дээ. Энд нэг л зүйлийг хэлье. Өнөө­­дөр Мон­голын эдийн
засаг бодит хөрсөн дээрээ буучихаад байгаа нь энэ. Бид олон жил эдийн засгаар улс­төржлөө
шүү дээ. Харин одоо эдийн засгийг дахин хөөсрүүлж, улстөржүүлэх шаардлага байхгүй
гэд­гийг ойлгох ёстой. Өнөө­дөр Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орчих­лоо гэж
хувьдаа үзэхгүй байгаа. Хямрал гэдэг өөрөө ноцтой асуу­дал. Жишээ нь ДНБ-ний хувь
унаад, ажилгүйдэл нэмэгдээд, мөнгөний урс­гал татраад ирвэл асуу­дал байна гэж үзэхээс
өөр арга байхгүй. Одоо  тийм зүйл тохиолдоогүй
байна. Тиймээс эдийн засгийн тухай санаанаа­саа зохиож улстөржсөн байдлаар яриад
хэрэггүй. Бодит тоон утгаар нь ярих хэрэгтэй.

Эдийн засаг өндөр эрсдэл хүлээгдэж
байгаа юу гэвэл тийм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Шаард­лагатай гэвэл  чуул­ган хуралдаж  болно. Гэхдээ ямар нэг улс­төрж­сөн байдлаар Засгийн
газрыг шүүнэ  гэвэл буруу.  Энэ асуудлыг хөндөх нөх­цөл ч үүсээгүй. Экс­пор­тын
орлого буурч, ханшийн хэт хэлбэлзэл үүссэн нь эдийн засаг хүндэрч болзошгүй анх­ны
дохио гэж ойлгох хэрэгтэй. Үүгээр далим­дуулж аливаа улс төрийн ашиг хонжоо хайх
эрх хэнд ч байхгүй. Тиймээс  бүгдийг тайван
орхи.

-Ардын нам Засгийн газрыг тогтворгүй
байл­гахын тулд эдийн зас­гаар тоглож байна гэж үү?

-Анхнаасаа тогтвор­гүй байлгах тухай
тэд ярьж гарч ирсэн шүү дээ. Тэдэнд эх орны эрх ашиг хамаатай юм уу. Юм бол­гоныг
тогтворгүй болгох чиглэл рүү явдаг. Ний­гэмд айдас төрүүлсэн юм л хийж байна. Энэ
нь хэнд хэрэгтэй юм. Эдийн зас­гийн зовлонгоор тоглолт хийдэг улс төр өнөөдөр хоцрогдчихоод
байна. Хөдөлмөрлөхийг эрмэлз­сэн хүмүүст таатай биз­несийн орчин бүрдүүлэх шаардлага
бидэнд тул­гарчихаад байна шүү дээ. Оюу толгой, Таван толгой мэтийн маргаантай асууд­лаас
болж засаг руу дайрдгаа боль. Засгийн газарт тайван ажиллах нөхцөл бололцоог нь
олгох ёстой. Харин засаг нь өөрөө бизнесийг эр­чим­тэй ажиллуулах нөх­цөлийг хангах
хэрэгтэй.

-Бодит байдлаараа манай эдийн засгийн
нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

-Улс оронд хүндэрчи­хээд байгаа юм
ч байхгүй. Засгийн газрын холбог­дох хүмүүс, Монгол­банк­ны мэдээллийг сонсоход
ДНБ 11 хувиар өсчихсөн байна. Ажлын байр нэмэгд­сэн байна. Бүтээн байгуулалтад тулгуурла­сан
дотоодын зах зээ­лийн орчин хэвийн байна. Харин 
экспортын орлого татраад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруу­лалт 46 хувийн
бууралт­тай байна. Хоёрдугаарт мөнгөний ханш сав­ла­лаа. Үүнд дүгнэлт хийж, цаашдын
арга хэмжээгээ авах хэрэгтэй болохоос эдийн засаг уначихлаа, Монгол Улс элгээрээ
хэвт­лээ гэдэг улс төр хэрэггүй. Валютын нөөц багассан тухай яагаад яриад бай­на.
Үнэхээр багассан юм уу. Валютын нөөц багас­сан гэдэг цуу яриагаар хүмүүс валют худалдаж
аваад гадагш нь гаргая гээд байгаа юм биш биз. Ийм үйлдэл рүү хариуц­лагагүй улс
төр түлхдэг шүү гэдгийг ойлгох хэрэг­тэй. Монголбанк өнөөдөр 2.7 тэрбум ам.долларын
валютын нөөцтэй байна. 800 сая доллартай тэнцэх юанийн нөөцтэй. Чингэс бондын үлдэгдэл
1.2 тэр­бум ам.доллар байна. ийм байхад валютын ханш яагаад савлав гэдэг дээр дүгнэлт
хийж, арга хэмжээ авах ёстой юм. Бүтээн байгуулалт бид­ний их ажлыг нугалж байна.
Зам, барилга гээд урьд хожид байгаагүй ажлууд явж  байна.

-Гадаад хөрөнгө оруу­­лалт яагаад
буу­раад байна вэ?

-Оюу толгой гүний уур­хайгаа ашиглах
хөрөнгө оруулалтаа шийдээ­гүй­гээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалтын асуу­дал
хүндэрч байна. Оюу толгой бол Монголд орж ирж байгаа бусад хөрөнгө оруулалтын инди­катор
болчихсон. Яагаад гэхээр Монголд орж ирсэн 
гадаадын хөрөн­гө оруулалтын 60 хувийг Оюу толгой эзэлж байгаа юм. Үүнийг
зохи­цуулж, хүндрэлээс гарах гарцыг олох нь Засгийн газрын яаралтай шийдэх зүйл
мөн. Дараа нь Таван­толгойн асуудал байна. Анх ажиллахдаа 300 гаруй сая ам.дол­ларын
өр тавиад түүний­гээ сонгуулийн өмнө иргэ­дэд бэлнээр нь тараа­чихсан. Таван толгойн
гаргаж байгаа нүүрсний хэмжээ өнгөрсөн жилүү­дийнхээс буураагүй хэр­нээ Монголд
орж ирэх  орлого алга.

Таван толгойн нүүр­сээ бүгдийг нь
өрөнд өгч байна. Одоо үлдсэн 170 сая ам.долларын өрийг  дарахын тулд Таван тол­гойг хоосон машин болгон
хувиргаж байна шүү дээ. Үүний хажуугаар яавал нүүрсээ давхар борлуу­лах вэ гэдэг
арга замыг Засгийн газар олох ёстой. “Чалко”-той хийсэн мар­гаантай гэрээгээ биз­не­сийн
шугамаар шийдэх ёстой. Энд улс төр орох хэрэггүй. Ер нь Оюу тол­гой, Таван толгой
бол  улс төрийн компани биш шүү. Бизнесийн
компани учраас энэ чиглэлээрээ ажиллах нөхцөлийг нь хангах хэрэгтэй. “Ухаа худаг”
зогсч байхад зас­гийн газраас туслалцаа үзүүлэх ёстой.  “Эрдэнэт” үйлдвэр мөн ялгаагүй. Баахан өр тавьчихсан.
“Эрдэнэт-ийн зэс биет байдлаар гарч байгаа хэрнээ орлого нь үзэг­дэх­гүй байна.
Бас  л өрөө төлж байгаа. Бид ийм л хэмжээнд
амьдарч бай­гаа­гаа хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Ардын намынхны яриад
байгаа шиг ганцхан жилийн дотор Монголын эдийн засаг хямарчихаад байгаа юм биш.

-Эдийн засгаа сайж­руулахын тулд
таны­хаар ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Одоо бид эдийн зас­гаа сайжруулахын
тулд бизнесийн орчноо зөв болгох ёстой. Аливаа компаниудыг төр элдэв, татвар хууль
хяналтаар дарамталж байна гэдэг шүүмжлэл бий. Монгол Улс эдийн засгийн бодит хөрсөн
дээр байгаа нь үнэн юм бол эдийн зас­гийн орчныг тайван байл­гах хэрэгтэй. Өөрөөр
хэл­бэл татвар хууль хянал­таар дарамталдаг зүй­лийг багасгах тухай асуу­дал юм.  Монголчууд урьд урьдын жилүүдэд ажил хийдэггүй,
үйлдвэр бай­гуулсангүй шүү дээ. Төр бүгдийг нь даадаг бэ­лэнчлэх сэтгэлгээтэй явж
ирлээ. Тэгвэл өнөөдөр хүн болгон эрвийх дэр­вий­хээрээ, чаддаг чадда­гаа­раа ажиллаж,
хөдөл­мөрлөж байж амьдардаг болсон байна. Бэлэн мөн­гө нэхэхээ байж. Тий­мээс бид
энэ хүмүүсийг чөлөөтэй хөдөлмөрлөх нөхцөлөөр нь хангаж өгөх хэрэгтэй.  Нэг цагдаа очоод байгууллагуудыг хаалгыг цоожлоод
явдаг дураараа орчин байх ёсгүй.

-Оюу толгойг өнөө­дөр ийм байдалд
хүргэ­сэн шалтгаан нь юу юм бэ. “Эрдэнэс Таван тол­гой” компанийн захирал  Ц.Сэдванчигийг соль­сон шалтгаан нь үүнтэй холбоотой
юу?

-Оюу толгойн гэрээ­ний маргааны асуудал
зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Далд уурхайн хөрөнгө оруу­лал­тын асуудлаар
хоёр тал хамтарч шийдвэр гар­гах учиртай. Энд 
зөр­чил үүссэн нь үнэн. Үүнээс болж хөрөнгө оруу­лалт зогссон нь ч үнэн.
Ц.Сэдванчиг захир­лыг муу ажилласан гэж бодохгүй байна. Гэхдээ Оюу толгой бол улс
төрийн компани биш шүү дээ. Бизнесийн компани учраас гэрээнд заагдса­ны дагуу, Компанийн
тухай хуулийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй. Үүнийг нь хэн нэгэн удирд­лага зөрчих
ёсгүй.

Гэхдээ бид Оюу тол­гойгүйгээр хэсэг
хуга­цаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс.  Харин бид бүх асуудлыг эрх зүйн хү­рээнд нь цэгцлэхээр  орол­дож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу
гэж үзэхгүй байна. Мэ­дээж “Рио Тинто” 7.5 тэр­бум ам.долларыг Мон­голын хөрсөнд
хийчихээд зүгээр хаяад явчихна гэж бодохгүй байна. Тиймээс хэн хэнээ зөв ойлгож,
зөвшилцөх нь чухал байна.

-Ц.Сэдванчиг захи­рал ямар алдаа
гарга­сан юм бэ?

-Өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд
улс төрийн өнцгөөр хандса­наа­раа алдаа хийсэн байх. Магадгүй үүгээр шалтаглаж Оюу
толгой уурхайгаа хаахад хүрсэн байж магадгүй. Тиймээс арай өөр аргаар ажиллах шаардлага
гарчээ гэж Засгийн газар шийдсэн гээд ойлгочих.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Л.Одончимэд: “Ухна муудахад ишиг болгон ямаа харайлдаг” шиг юм болж байна

МАН-ын гишүүн Л.Одон­чимэдтэй ярилц­­лаа.

-Танай намын Бага хурал болж өнгөрлөө. Хурлын
үеэр таныг нэ­лээд бухимдаж, хатуу үг хэлсэн гэж сонссон.  Шинэчлэлийн тухай оновч­той шийдвэр гар­гаж чадсан
уу?

-Шинэчлэл гэдэг хэ­лэхэд амар, хийхэд хэцүү, малгайгаа
солихтой адил­гүй. Харин бид тол­гой­доо малгайгаа таа­руу­лах ёстой атал, мал­гайдаа
толгойгоо тааруу­лах гэсээр өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл намын толгойд гарсан хэдэн
хү­нийг улс төрд удаан байл­гахын төлөө тооцож хайр­цагласан бодлогод намын ажил,
улс орны­хоо хөгжлийг болон бу­сад зорилтоо тааруулах гэсээр хорин жилийг ав­лаа.
Энэ хооронд улс орон санасанд хүртэл хөгжсөнгүй, ард түмний аж амьдрал дээшилсэн­гүй.
Сонгогчид улам бүр алсран зайлсан. Гишүүд, дэмжигчид, ард иргэдээ сонсдоггүй шал
дүлий, харалган бас тэгээд авли­гачдын гэсэн нэртэй төрийг бий болгосон. Мон­гол
Улсыг удирдан жолоодох хүчин гэдэг итгэлийг дахин олохын тулд энэ бүх гашуун үнэнийг
нүүр тулж ярил­цаад, үйл ажиллагаан­даа бодитой дүгнэлт хийж, гарцаа тодор­хой­лох
нь шинэчлэлийн эх­лэл юм. Залуучууд маань хурдхан хэдэн дарга на­раа сольчихвол
шинэч­лэл болмоор юм шиг са­на­­даг бололтой. Ярьж байгаа, явж байгаа хоёр нь зөрүүтэй
харагддаг. Ард нь мөнгөтэй хуучин­саг хүчин байгааг мэдэ­хэд хэцүү биш. Тиймээс
би, яарах хэрэггүй, төр засаг ажлаа хийж л байг хэдүүлээ энэ чөлөөнд юуны өмнө улс
төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд онош тавиад эмчлэх арга болсон хөгж­лийн
гарцыг тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө бо­ловсруулъя. Тэгээд шинэ мөрийн хөтөлбөрөө
хэ­рэг­жүүлэх шилдэг арга хэлбэр олъё. Дараа нь ямар замаар, ямар хүчээр шийдвэрлэх
вэ гэдэг дээ­рээ намынхаа шинэч­лэлийг авч үзье. Үзэл баримтлал, дүрмээ ч шинэчилье
гэж хэлсэн юм. Энэ бүхнийг ганц хоёр сард багтаах бо­ломж­гүй. Манай улс төр, эдийн
засаг, нийгмийн хүрээнд асар том гажуу­дал гарсан. Ер нь Үндсэн хуулиа дагах уу,
гаргасан гажуу­дал­даа тохируулж эх хуу­лиа засах уу гэдэгтээ л туллаа. Ард түмэн
үүнд дургүйцээд саналаа ч өгөхөө больж байгаа юм. Бүхнийг шинэ нүдээр ха­рах хэрэгтэй.
Залууст шинэ нүд нь байж болно. Туршлага дутна. Гурван цагийн хэл­хээсэнд авч үзье.
Дээрээс нь оны эцэст эдийн засаг ямар болох нь вэ, намрын ажил ургац хураалт, өв­лийн
бэлтгэл туллаа. Намуу­дын тухай хууль яаж га­рах нь уу. Гадаад, дотоод нөхцөл яаж
хуви­рах нь уу. Энэ бүхнийг харзнаж хү­лээж, сайн бэлтгээд 2014 оны эхээр Их хурлаа
хийе гэсэн юм. Намуудын тухай хууль гарсны дараа дахиад их хурал хийж магадгүй л
байх. Бас их хурлын тө­лөө­лөгчдийн тоог 720-оор оруулж ирс­нийг зөв­шөөрөөгүй.
Ан­хан шатны 1800 үүртэй юм бол үүр бүрээс нэг төлөөлөгч орол­цуулъя гэсэн. Эдгээр
асуудлаар санал хураал­гаад хур­лын тов аравду­гаар сарын 27-нд хийхээр бол­­сон.
Манай дээд удирд­лага анхан шат­наа­саа тасраад удсан. Сонгуулийн үед л тэд­ний­гээ
санадаг. Орон нут­гийнхан хуралд ирж үгээ хэлэг л дээ.

-Одоогийн дарга нараа өөрчлөхийн түүс болж байгаа
юм биш үү?

-Одоогийн хоёр дар­гаараа Их хуралд бэлтгэх ажлыг
удирдуулъя гэсэн байр суурьт нэгдсэн. Намаа сонгуульд ялаг­дуул­сан гэдэг үг өөрөө
их маапаантай үг.  Нам сон­гуульд ялагдах
олон шалт­гаантай. Гол буруу­тан нь гишүүд бид өөрс­дөө. Манай нам 260  мян­ган гишүүнтэй гэвэл нэг гишүүн хоёр дэмжигчийг
санал өгүүлэхэд л бид ялна биз дээ. Гэтэл өөрс­дөө тийм итгэл үнэм­шил­тэй, идэвх
зүтгэлтэй ажил­лаагүй мөртлөө, “зуд ирвэл хуц уханд” гэгчийн үлгэрээр хөдөлж таарах­гүй.
Гишүүд “Үнэн” сони­ноо захиалдаггүй, ханди­ваа өгдөггүй. Тэгээд нам мөнгөгүй гэж
яриад мөн­гөтэй хүний халаасанд ороход бэлэн болоод байна.

Татварт жилдээ 5000 төгрөгийн хандив өгөөд, ядаж
10 мянган гишүүн сониноо захиала­хад сан­хүү босно шүү дээ. Манай нам хэнийг ч албаар
эл­сүүлдэггүй. Өөрөө итгэл үнэмшлээ­рээ элсчихээд, хүлээсэн үүргээ биелүүл­дэггүй
хү­мүү­сээс болж нам ялагд­сан гэж хэлбэл үнэнд нийц­нэ. Энэ байд­лыг өөр­чилж,
идэвхтэй гишүү­дийнхээ тоог на­рийвчлан гаргах нь ши­нэчлэлийн нэг гол ажил мөн.
Дарга нараа солих тухай асууд­лыг жирийн гишүүд биш, дарга бол­чихвол илүү амттай
бялуу хүртэнэ гэж хорхойссон хүмүүс, тэгээд манай намыг бужигнаа­сай гэж бодсон
сөрөг хүч­ний зү­гээс гаргаж байгаа өдөөлт юм. Манай нам кадр сай­тай гэлээ ч хүнээр
тоглож таарахгүй. Бүр 1930-аад оноос эхэлж шилдэг сэ­хээтнүүдээрээ хангалттай тоглосон.
УИХ-д олон удаа сонгогд­сон ч юм бүтээж гавиагүй, тойрог­тоо адлагдагсад, жаг­саал­таар
орж ирсэн, сон­гуульд өрсөлдөөд хүн­дэтгэн үзэх шалт­гаан­гүйгээр ялагдсан, журмын
нөхрөө жийсэн, намын нэрээр олон жил алба хашсан ч муу ажиллаж нэр төр нь доройтсон,
авлига өглөгөд өртсөн, аймаг, хот, дүүргийн намын байгууллагыг тол­гойлж байхдаа
намаа хагаргаж бутаргасан нөх­дүүд өөрсдөө дүгнэлт хийж байгаа биз дээ. Тэгж чадвал
шинэчлэл болно. Шинэ дүрмээрээ энэ бүх­нийг эцэс болговол бас л нэг шинэчлэл болно.
Ерөө­сөө намд шургалан орж, эрх тушаал олж аваад, түүнийгээ дө­рөөлж төрийн түшээ,
сайд дарга болж, юм хийж бүтээх чадваргүй мөрт­лөө насаараа зөөлөн суу­далд шигдэж,
бас мө­рөө­рөө байхгүй, хэдэн тийшээ холбирон хутган үймүүлж, хөрөнгө мөнгө хумсалж
байх гэсэн өр­сөл­дөөн, энэ бохир яв­далд орооцолдсон нэр бүхий тоотой хүмүүс ма­най
намыг муухай хараг­дуулж байгаа юм. Тэд­нийг бол харин намаа ялагдуулсан буруутнууд
гэж хэлж болно. Одоо болох их хуралд төлөө­лөгч сонгохоос эхлээд цэвэрших замдаа
орвол шинэчлэл болно. Гэхдээ манай намыг ашиглаж амьдралаа сайжруулсан хүмүүс нэлээд
нь аль хэдийнээ зугтсан нь Ерөн­­хийлөгчийн сон­гууль болон бага хурлын байдлаас
ажиглагдсан.  Манай намын цаашдын хувь заяаг
шийдэх сүүл­чийн их хурал ч байж магадгүй шүү дээ.

-Тэгвэл аравдугаар сард Их хурлаа хийж, намын
даргаа солих юм байна гэж ойлгож болох уу. С.Баяр, У.Хүрэлсүх, М.Энхболд, Б.Бат-Эр­дэнэ,
Сү.Батболд гээд л баахан хүний нэр ярих юм. Та туршлагатай хү­ний хувиар хэнийг
нь дарга болно гэж бодож явна  вэ?

-Намын даргаа солих­гүй ч байж магадгүй. Яа­гаад
гэвэл одоо орон даяар намын дарга болох хүнийг тодруулах асуулга явуулна. Тэр олон
хүний нэрийг бичээд байдаг нь тэднийг дарга болчихвий гэсэн хүмүүсийн зүгээс явуулсан,
урьдчилан “гэрэл цохиулах” арга юм. Тэднийг хүн тус бүрээр авч яривал, намдаа хий­сэн
юмтай, алдсан ч юм­тай. Манайхан ер нь хү­нийг нэг бол “манай тал” эсвэл “дайсны
тал” бол­гох гээд байдаг сонин зантай. Хүн бүрт сайн болоод сул тал бий шүү дээ.
Бас нэг гажуудал нь дарга байсан хүний нүү­рэнд хаана ч гэсэн та­ниг­даж байх хар
бараан тэм­дэг тавьж, нэрний нь ард “сүүл” зүүж салдаг. Хувьс­галын эхэн үед бол
цаа­залж хороодог байсан. Тэгээд сүүлд нь “үгүй мөн мундаг хүн” байсныг мэд­сэнгүй
гэж мөөрөлддөг. Одоо эргээд бодоцгоовол нэг ч сайн хүн байгаагүй мэт харагдана.
Гэхдээ сүүлийн үеийн Монголын лидерүүдээс улс орон ард түмнийхээ төлөө өөрий­гөө
зольж ажилла­сан эх оронч сэхээтнийг нэрлэе гэвэл онож хариу­лахад тун бэрх. Энэ
бол хамгийн гол үнэлэмж бо­лох ёстой. Дээр үед тийм байсангүй. “Майдарын өндөр”
гэдэг шиг заавал юм хийж үлдээдэг, дарга харин ядуу хэвээрээ сал­даг байсан. Одоо
бол дарга болохдоо огт хө­рөн­гөгүй байсан хүмүүс чухам хаанаас, юунаас гэдэг нь
үл ойлгогдох за­маар хагартлаа баяжаад ажлаа өгдөг болсон. Ун­шигч та, аль нэг даргын
бариулсан үйлдвэр гэж мэдэх үү. Жасрайгийн үед Дарханы төмөр­лө­гийн үйлдвэр боссон
шиг, Буянгийн Жагаагийн “Говь” гэдэг шиг, Үндэсний үйлдвэрлэлийн гол түүхий эд арьс
шир, ноос, ноолуураа боловсруул­даг орчин үеийн үйлдвэр барьсан билүү. Нөгөө дэлхийд
брэнд болох үйлд­вэрүүдийг хэн хэзээ босгох вэ. Бид урьд нь хийсэн юмтай, өндөр
мэд­лэгтэй шалгарсан хү­мүүсээ намын даргад сон­годог байсан юм. Ачаа даах тэнхээг
нь шалгаагүй атан тэмээг алсын аянд жингийн цувааны хажууд сул хөтөлж, яваандаа
бага багаар ачаалдаг мон­гол арга байсан шиг. Ингэж байгаагүй маань алдаа болж,
боловсон хүчний тоо нь олон бай­хаас биш бодлогоор бэлт­гэсэн лидергүй бо­лоод байна.
Тэгээд хүний эрэлд гарч, фракцууд өр­сөлдөж, хэн дийлсэн нь чадалгүй ч хамаагүй
нэг­нийг дэвшүүлдэг, түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бу­сад нь суудлыг нь мэрдэг болоод
байна. Эцэстээ “ухна муудахад ишиг бол­гон ямаа харайлдаг” шиг юм болж байна. Баг,
хороо, сумын даргаар ажиллах хүн ч олдохгүй болж байна. Гэхдээ “мо­гой гурав тасравч
гүр­вэлийн чинээ” гэж МАН хоёр тасарсан ч АН-аас зуун мянгаар давсан ги­шүүдтэй
байгаа юм. Аавын хөвгүүд, ээжийн охид дотор ард түмнээ аваад явах лидер нь байж
л байгаа. Манай хуучин лидерүүдийг олон нийт хүлээн зөвшөөрөхөөсөө өнгөрсөн гэдгийг
тэд өөрс­­дөө бас мэдэж, мэ­дэрч яваа биз ээ.

-Эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа тухай их
ярьж бичих боллоо. Энэ талаар таны бодол?

-Эдийн засаг гэдгийг шууд утгаар нь авч үзвэл
үйлдвэрлэл гэж ойлгодог. Монгол Улс бол түрүү­чийн тогтолцооны үед ч, шинэ нийгмийн
үед ч дэл­хийд өрсөлдөх хэмжээ­ний бүтээгдэхүүн гарга­даг орчин үеийн үйлдвэр байгуулж
чадаагүй, дан­даа гадны хараат эдийн засагтай явж ирлээ. Нэг талаас түргэн хөгжихөө
бодож, тааруухан хэлбэл амарчлан бэлэнчлэх сэт­гэлдээ автаад газрын баялгаараа дэнчин
тавь­сан уул уурхайн үйлд­вэр­лэлийг түлхүү хөгжүүлэх гэж оролдсон. Хамгийн гол
нь дээдэс, хувь хүн гэнэт баяждаг салбар юм. Улс төрийн бүх нам хүч­нүүд үүнийг
л чухал­чил­сан биз дээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж ярьцгаасан ч хөрөн­гийн
хуримтлал байгаа­гүй.  Тэгээд л эдийн засаг
хүндэрч, дээрээс нь валютын ханш чангарч, юмны үнэ өсч, төлөвлө­сөн хөрөнгө оруулалтын
ажил удаашрах байдалд орж байна. Гадныханд ашигтай ийм хүнд бай­далд орж байхад
“еэ гялай” эдийн засаг дам­пуу­рах нь гэж ярьж бичээд байгааг би ойлгохгүй бай­гаа
юм. Улс орныхоо эдийн засгийг доройто­ход баярладаг монгол хүн гэж байж таарахгүй.
Эрх барьж байгаа нам алдаж болно. Алдаагаа хурдан засч арилгаж бол­но. Зөв зам руу
нь зала­хын төлөө сөрөг хүчнүүд ончтой үгээ хэлж, зөвшил­цөх нь нийт Монголын эрх
ашиг. “Бясаагаа уст­гах гээд байшингаа ша­таав” гэдэг шиг нэг тэв­шинд сууж яваагаа
мар­таад завиа хөмрүүлбэл хэн хожих юм бэ. Аль нэг нам хождог юмаа гэхэд ард түмэн
хохирно гэд­гийг ямагт санаж ажиллах ёстой. Тэгээд ч бид нийг­мийн амьдралын завины
залуурчийг сольсон бо­ло­хоос биш завиа солио­гүй. Ёроол нь цоорвол хамтарч нөхөх
ёстой. Мон­гол гэдэг нь нэг л цул нэгдмэл юм. Тиймээс Ерөн­хийлөгч санаачил­гыг
гартаа авч, улс төрийн намуудын зөвшилцөл хийж, улс орны эдийн засгийн тулгамдсан
асууд­лыг шийдвэрлэх гар­­цыг тодорхойлох ёстой гэж бодож явна.

-Та энэ тухайгаа
өөрийн­хөө намын Бага хурал дээр ярьсан уу?

-Ардчиллын хорь гаруй жилд алдсан, оно­сон­доо
дүгнэлт хийж, “Монгол Улсын эрчимтэй хөгжлийн бодлого” бо­ловс­руулъя гэсэн санал
хэлсэн. Биднийг улс төр ярьж гэдсэндээ хөлөө жийлцэж байх хооронд ижил гараанаас
гарсан улс гүрнүүд хөгжлийн уулынхаа оргилд гарч байна. Бид зөв зүг рүүгээ буруу
замаар яваад бай­гаа юм. Аль аль нам нь санал татах гэж бэлэн бүхнийг амласаар одоо
амлах ч юмгүй болсон. Амлалаа ч ард түмэн итгэхээ больсон. Тиймээс намуудтай зөвшилцөж,
гарцаа олъё. Эрдэмтэн мэргэд, онол улс төрийн ухаантнуудтайгаа ярил­цъя, тэднийгээ
сонсъё. Аль аль нам нь айж бэр­гээд өдий болтол шийд­вэр­лэж чадаагүй олон асуудлыг
зоригтой шийд­вэрлэх тухай мөрийн хө­төл­бөрөө гаргая. Дай­раад ирсэн аюулыг той­роод
гарах боломжгүй гэдэг санааг хэлж байгаа.

-Тухайлбал ямар, ямар асуудлыг шийд­вэр­лэх ёстой
гэж та боддог вэ?

-Юуны өмнө төсвийн үрэлгэн байдлыг авч үзье. Засаг
захиргааны нэг­жийг цөөлье. ХАА-н сал­бар бол манай хөгжлийн гол үндэс. Хэдэн малчид
л биднийг тэжээж зуу зуун жил боллоо шүү дээ. Орчин үеийн газар тариа­лан, эрчимжсэн
мал аж ахуй, олон жил ярьсан аймаг, сум дундын бо­ловсруулах чиглэлийн үйлдвэрлэлээ
хөгжүүлэ­хэд хөрөнгө хүч хаях ёс­той гэж боддог. Засгийн газрын олон сангууд нь
төсвийн мөнгийг цув­чуулж, хувьдаа ашиглах боломж олгосноос хэт­рээгүй. Ямар сангаар,
юу босгож, хэдэн хэдэн айд ядуурлаас гарсан бэ гэ­вэл хариулах хүн олдох­гүй. Гадны
сайхан нэртэй сангууд ч адилхан. Ард түмэнд тусч байгаа юм алга. Арга зальтай хүнд
үйлчилдэг, улстөрчдөд ашигтай зүйл болоод үлгэр төгсөж байна.

Үндсэн хуульд өөрч­лөлт оруулахгүйгээр дээр хэлсний
нэлээд нь ший­дэгдэхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдье. Намуу­дын тухай хуулиа гаргая.
Манай нөхцөлд тэр нам гэдэг нь ямар шүү “амьтан” байхыг шийдье. Одоогийн намууд
цөм адилхан үзэл баримт­лалын мухардалд орж нэг юмыг л олон янзаар хэлдэг, баруун,
зүүний ялгаа нь арилсан. 2016 он гэхэд хоёрхон том нам болох төлөвтэй. Тэгвэл түүний
нэг нь МАН бай­гаасай гэж л залбирах юм.

-Тэгэхээр та 
энэ Зас­гийн газрыг  муулах дургүй
байгаа юм уу даа?

-Нэгийгээ мууллаа гээд улс орон хөгждөгсөн бол
Монгол өдийд “Азийн бар” болчихсон байх учир­тай. Ялсан намын мөрийн хөтөл­бөрийг
ард түмний зөв­шөөрч дэмж­сэн мөрийн хөтөлбөр гэж үзэж болно. Ард түмэн нийлээд
сон­госон юм чинь ажлаа хийх боломж олгох ёстой гэж үздэг. Одоогийн Засгийн газарт
хэд хэдэн дутагдал бай­гааг цөмөөрөө харж бай­на. Өмнөх үеийнхээ хийж бүтээснийг
үгүйсгэх, бүр татан буулгах, ху­раах, нураах байдал гар­гаж байна. Санаж сэдэх нь
сайн хэрэг боловч хэт яарч түргэдэн, сүүлдээ худлаа амалсан болох аюулыг дуудаж
байна. Ам нь түр­гэ­дэж, ажил нь хоцроод байх шиг.

Эдийн засгийн бус  улс төрийн аргаар гоё сайхан харагдах гэж өр­сөлддөг
дутагдлыг давтах гээд байх шиг. Зоригтой өөрчлөх юм руу орохгүй, автобусны нэгдүгээр
эгнээ, “монгол бензин”, цэцэг тарих, сурагчийн дүрэмт хувцас, 8 хувийн хүүтэй орон
сууц гэх мэтийн эдийн засгийн үр өгөөжгүй зүйлээр шоудах тал нь давамгайлж байна.
Найман хувийн хүүтэй зээлээр чухам хэний байрыг, хэнд зарж, хэн хожиж байгааг судлавал
нэг дүгнэлт гарна даа.

“Чингэс” бонд нэг л биш ээ. Эргэж хурдан ашгаа
өгч, түүнээсээ хүү­гээ төлөх салбарт зара­хын оронд, тэр чигээрээ сураг тасрах юманд
үрэн таран хийж байгаа юм шиг харагдаж байна. Хорин жилийн давтамж гэж улс төрд
нэг юм бий. “МАН-1996” гэдэг шиг, “АН-2016” гэж болох вий. Ма­най нам ч гэсэн сөрөг
хүчний үгээ их сайн тоо­цоо судалгаан дээр тул­гуурлан хэлэх учиртай. Одоогийн цөөнхийн
бү­рэл­дэхүүнээр хүчтэй сө­рөг хүчин болж ажилла­хад хэцүү дээ, хэцүү.

-Таныг бас Н.Энх­баяр  чөлөөлөгдсөн үеийн МАХН-тай хэрхэн харьцах асуудлыг
Бага хурал дээр хөндсөн гэж сонссон…

-Н.Энхбаяр даргын үед төрд гарч ирсэн, түүний
нөмөр нөөлгөнд нь ажил амьдрал нь дээ­шилж, алдар хүндийг ол­сон, бас түүнийг сон­гуульд
ялагдуулж, цааш нь түлхэж, шоронд орох нөхцөлийг бүрдүүлж өг­сөн хүмүүс хурлын заалд
олон байсан боловч улс төрийн илтгэлд ч бусад баримт бичиг яриа хэл­цээнд түүнийг
ертөнцөөс хальсан мэт хандахаар нь үнэндээ дотрын жоо­вон хөдөлсөн. Нэгэн цагт
“бөгсийг нь долоогоогүй” юмаа гэхэд “гарыг нь үнсэж” явсан нөхөд ингэж хандаж болох
уу. Надад тэр хүнийг өмөөрөх шаард­лага байхгүй. Ма­най нам хагараад, тийм бодитой
улс төрийн хү­чин үүссэнээс сүүлийн хоёр сонгуульд ялагдсан бай­хад, тийм байдалд
оруул­сан хүмүүс нь юу ч болоо­гүй юм шиг, хэн ч мэдээгүй юм шиг хандаж болох уу.
Энэ бол манай нам дээд түвшиндээ ингэт­лээ доройтсоноо харуулж, жирийн гишүү­дээ
амьгүй робот мэт үзэж байгаа­гийн шинж юм. МАХН-тай нэгдэх нийлэх асуудал бол цаг
үеийн ивээлээр шийдэгдэнэ. Албадаж бо­лох­гүй, бас анзааралгүй орхиж бо­лох­гүй,
нааш татах зо­рилго тавих л ёстой асуу­дал. Энхбаяр даргын ту­хайд бол биеийг нь
асууж, тэр ч байтугай уучлал хүсч, эмчилгээнд нь тусалсан ч илүүдэхгүй.  Хүн чанар жудгийн асуу­дал.

Н.Удвалд 80 мянган сонсогч санал өгсөн. Тэр бол
тэдний намын үнэ­лэмж. Тэр тоо манай талд байсан бол бид Ерөн­хий­лөгчийн сонгуульд
ялах байсан нь тодорхой шүү дээ. Тэгээд сонгуулийн ялагдлын дүнг ярихдаа энэ тухай
дуугүй өнгөрч болно гэж үү. Ер нь Мон­голд албан тушаал, нэр төрийн төлөө нэгнийгээ
алахаас ч буцахгүй үе ирснийг бид харж байна. Үнэхээр улс орны хөгж­лийн төлөө
(Сүхбаатар, Данзан хоёр шиг) санал зөрөөд хэрэлдэж байгаа юм алга. Хэдүүлхнээ байж
хэн нэгнийгээ чад­лаа гээд юу хожих билээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Улсын цэцэрлэгүүд харьяаллын бус хүүхэд бүртгэхгүй

Улсын хэмжээнд цэ­цэр­лэгийн насны хүүхэд бүртгэх ажил өчигдөр
ал­бан ёсоор эхэллээ. Нийс­лэлийн хэмжээнд ч мөн адил бүртгэл эхэлсэн бө­гөөд үүнтэй
холбоотой­гоор нэлээд хөл хөдөл­гөөнтэй байлаа. Тиймээс бид цэцэрлэгийн бүртгэл
хэрхэн явагдаж бай­гааг сурвалжлахаар хэд хэдэн цэцэрлэгээр орлоо. Баян­гол дүүргийн
162 дугаар цэцэрлэг өглөө 09.00 цагийн үед хүүхдүү­дээ бүртгэж эхэлжээ. Тус цэцэрлэг
үүдэндээ энэ жил хэдэн бүлэгт хичнээн хүүхэд бүртгэх, эцэг, эх­чүүд хүүхдээ бүртгүүлэх­дээ
ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг мэдээл­лийг наажээ. Үдээс хойш биднийг очих үед
100 гаруй хүүхэд бүртгэсэн байлаа. 0-5 насны хүүх­дүүдээ дагуулсан аав, ээжүүд үүдний
сандал дээр дараалан суужээ. Зарим нь эмээ, өвөөтэй­гөө ирсэн байв.

Дараалалд сууж байсан 30 орчим насны нэг эмэгтэй
утсаар ярьж байгаа харагдав. Тэрээр “Бүтчихсэн. Санаа зоволтгүй” гэх нь сонсогдов.
Түүнийг Н.Сараа гэдэг бөгөөд 2-4 насны хоёр хүүтэйгээ хамт явж байсан юм.  Н.Сараа 
“Манай хоёр хүү өнгөрсөн жил энэ цэцэрлэгт сурч байсан юм. Харьяа биш бол
өмнөх цэцэрлэгт нь дахиж бүртгэхгүй гэж сонсоод айж байлаа. Энэ жилийн хувьд тийм
асуудал байхгүй гэнэ, ашгүй” гэв. Зарим эцэг, эхчүүд цайны цагаараа хүүхдээ бүртгүүлэхээр
ирсэн байв. Тус цэцэрлэг өнөө жил нийт 500 орчим 0-5 насныхныг бүртгэх аж. Ингэхдээ
шинээр 100 орчим хүүхэд хүлээж авах гэнэ. Харин үлдсэн нь өнгөрсөн жил тус цэцэрлэгээр
хүмүүжиж байсан багачуудаа авах юм байна. Уг цэцэрлэг нийт 12 бүлэгтэй бөгөөд аль
болох анги дүүргэлтийг хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа гэв. Харин өнөө жил
тус дүүргийн харьяа бус бол бүртгэх­гүй гэдгийг бүртгэлийн ажилтан Б.Энхтуяа эцэг,
эхчүүдэд анхаа­руулж байсан. Энэхүү харьяа бус хүүхэд бүртгэхгүй гэсэн журам бүх
дүүрэгт мөрдөгдөх юм байна. Төрийн болон хувийн цэцэрлэг гэлтгүй өмнө нь хүмүүжиж
байсан хүүхдүүдээ эхний ээлжинд бүртгэх бөгөөд тус бүртгэл  энэ сарын 23 хүртэл үргэлжлэх аж. Харин наймдугаар
сарын 26-28-ны хоо­ронд шинээр элсэх хүүхдээ бүртгэх юм байна. Гурав, дөрөвдү­гээр
хорооллын 88, 86 бо­лон 57 дугаар цэцэрлэгүүдээр ороход бүртгэл харьцангуй ачаа­лал
багатай байв. Хувийн хэвш­лийн цэцэрлэгүүд ихэнхдээ 100 орчим хүүхэд бүртгэх орон
тоотой юм байна. Хороололд байрлах “Лусын дагина” цэцэрлэг 0-5 насныхныг бүртгэх
ажлаа өнөө­дөр эхэлсэн байна. Бүрт­гэлийг 08.00-21.00 цагийн хооронд хийх юм байна.
Өчигдрийн байд­лаар 10 гаруй хүүхэд бүртгэсэн байсан. Мөн өмнө нь сурч байсан
10-аад хүүхдийг эргэн бүртгэх бол үлдсэн нь дандаа шинэ хүүхэд бүртгэх орон тоо
гэнэ. Аль ч цэцэрлэгт хүүхдээ бүртгүү­­лэх эцэг, эхчүүд иргэний үнэмлэх­ний­хээ
хуулбар, хүүхдийнхээ төрс­ний гэрчилгээ, эрүүл мэндийн шинжил­гээнд хам­руулсан
бичгийн хамт авч очих юм байна. Хотын төвийн цэцэрлэгүү­дийн бүртгэ­лийн явц харьцангуй
тайван явагдаж байгаа бол хотын зах буюу гэр хороололд байрлах цэцэрлэ­гүүд ачаалал
ихтэй байгаа талаар нийслэлийн Боловсролын газрын мэргэжилт­нүүд хэлж байсан. Учир
нь Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүрэг хүн амын нягтаршил ихтэй болохоор
цэцэрлэгт орох насны олон хүүхэд бий гэнэ. Хотын захын айлууд хүүхдүүдээ хүргэж
өгөх, авахад ойрхон гээд гэрийнхээ ойр орчим дахь цэцэрлэгт ханддаг байна. Гэвч
ихэнхдээ хөдөө орон нутгаас нүүж ирсэн хараахан нийс­лэлийн харьяалалтай болоогүй
иргэд байдаг учир асуудал их гардаг ажээ. Тиймээс үүнийг тө­рөөс зохицуулж өгөхийг
эцэг, эхчүүд хүсч байгаа аж. Жил бүр тэд ийм асуудалтай тулгардаг гэдгээ ярив. Сонгинохайрхан
дүүргийн оршин суугч Д.Цэвэгсүрэн “Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн бага нь охин.
Ой зургаан сар хүрч байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн харьяа бус хөдөө орон нутгийн
харьяат гээд хүүхдийг маань бүрт­гэхгүй гэсэн. Өнгөрсөн жил Өвөр­хангай аймгаас
гэр бүлээрээ нүүж ирсэн юм. Дунд хүүгээ ноднин бас л ийм шалтгаанаар цэцэрлэгт суулгаж
чадаагүй” хэмээн ярив. Иймэрхүү тохиолдол их байгаа аж. Ямартай ч энэ жил улсын
хэмжээнд цэцэрлэгийн буюу 2-5 насны 240 мянга гаруй хүүхэд байна гэсэн судалгаа
гарчээ. Шинэ хичээ­лийн жилд дээрх хүүхдүүдийн 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдах
боломж­той юм байна. Зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд л цэцэрлэгийн насны 14 мянга гаруй
хүүхэд байгаа аж. Тус дүүрэгт төрийн өмчийн 30, төрийн өмчийн бус 28 цэцэрлэг байгаа
бөгөөд 380 бүлэгт нийт 12 мянга орчим хүүхэд бүртгэх боломжтой аж. Ямартай ч нийслэ­лийн
Боловсролын газраас цэцэр­лэгүүдэд ирэх жил сургуульд орох таван настнуудыг заавал
хам­руулах шаардлагатайг үүрэг бол­гоод байгаа юм байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд Филлипин рүү 30 хоног визгүй зорчих эрхтэй болжээ

Бүгд найрамдах Фили­ппин Улсаас Монгол Улсад суугаа
Өргөмжит консул Л.Сэлэнгэтэй ярилцлаа.

-Манай улсын ажиллах хүч авч байгаа орны  нэг бол Филиппин. Филиппинээс манайд хэчнээн хүн
ажил­лаж байгаа вэ?

-Монголын эдийн засаг өсч, хөгжиж байгаа энэ үед
гаднаас ажиллах хүч авах шаардлага аяндаа гарч ирж байна. Хамгийн сүүлийн ал­бан
ёсны судалгаагаар 300 гаруй ажиллах хүч Филиппи­нээс ирж ажиллаж бай­гаа. Ихэнх
нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Мон­голд ажиллахдаа хууль дүрмийн­хээ дагуу
гэрээ хийсэн тохиол­долд тухайн хүний цалин хөлснөөс эхлээд бусад бүх асуудал хуулийн­хаа
дагуу шийдэгдээд явна.

-Монгол иргэд Филип­пинээс гэрийн үйлчлэгч их
авдаг болсон. Гэтэл сүү­лийн үед цахилгаан зуух ч ажиллуулж чадахгүй хүмүүс их ирж
байна гэсэн гомдол гарч байгаа гэж дуулдсан. Манайхан сайн үйлчлэгч сонгож чадахгүй
байна уу, эсвэл цаанаасаа тийм хүн ирүүлээд байна уу?

-Таны ярьж байгаа асуу­дал хоёр талтай. Нэг талаас
манай зарим иргэд энэ асуу­дал дээр хариуцлагагүй хан­даж байна. Монгол Улс бол
филиппинчүүдэд хөдөл­мө­рийн шинэ зах зээл учраас зайлшгүй мэдэх шаардлага­тай зүйлс
аль аль талдаа бий. Хууль журмын дагуу баримт бичгээ бүрдүүлээд Филлипин улсын албан
ёсны зуучлах агентлагт хандах хэрэгтэй. Тэгээгүйгээс болж хүний эрх зөрчихөөс эхлээд
хоёр улсын харилцааны асуудал ч болох магадлалтай. Тэгэхээр бүх зүйлийг хуулийн
дагуу хийх учиртай. Энд нэг алдаа бол манайхан гэрийн үйлч­лэгч авахдаа их яардаг.
Аль болох хурдан, богино хуга­цаанд үйлчлэгч авах гэдгээс болж аль аль талдаа хохирох
асуудал гардаг. Албан ёсны байгууллагад хандалгүй шууд л хувиараа хүн олж авчрах
тохиолдол байна. Хувиараа гэдэг нь зүгээр л хувь хүнээр дамжуулж буюу интернэтээс
хувь хүнийг олж авахыг хэлж байна. Эдгээр олдсон хүмүүс тодорхой ажлын дадлага туршлагатай
юу, аль эсвэл гудамжнаас олдсон уу гэдгийг ажиллуулах гэж байгаа хүмүүс мэдэхгүй
шүү дээ. Уг нь яаж ч бодсон хүний хамгийн нандин зүйл бол гэр бүл, үр хүүхэд. Тийм
нандин зүйлдээ гудамжнаас ямар ч баталгаагүй, буух эзэн, буцах хаяггүй хүн авчрах
нь тухайн хүнд эрүүл мэндийн болон амь насных нь хувьд эрсдэл авчрах өндөр мага­дал­тай.
Магадгүй тэр хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй бай­вал яах вэ гэдэг том асуудал бий. Хүүхдэд
нь өвчин хал­даа­хаас эхлээд эрсдэл үүснэ. Ямар нэг эрсдэлгүйгээр гэрийн үйлчлэгч
авъя гэвэл албан ёсны лицензтэй Фи­лип­­пин улсын зуучлах бай­гуул­­лагад хандах
хэрэгтэй. Манай консулын газар ч ийм бодлогыг барьж ажиллаж байгаа. Албан ёсны агентлаг­тай
гэрээ байгуулаад ажил­лах хүч авах нь олон давуу талтай. Хууль  ёсоор ажиллах хүч авахын тулд  эхлээд албан ёсны эрхтэй газарт нь хандана. Тэгээд
өөрийн зүгээс тавьж байгаа шаард­лагуудаа явуулна. Тухайлбал хоол сайн хийдэг, хоёроос
гурван насны хүүхэд асарч байсан туршлагатай гэх мэт тавих бүх л шаардлагаа явуулна.
Цаад газар нь яг тэр шаардлагад нийцсэн хүн санал болгодог. Гэрээний дагуу ирсэн
хүн таны таалалд нийцэхгүй тохиолдолд дахиж хандаад өөр хүнээр солиулах боломжтой.

-Санал болгосон хүнийх нь материалтай танилцаад
сэтгэлд нь хүрэхгүй бол ирэхээс нь өмнө өөр хүнээр солих боломж байдаг уу?

-Цаад газраас ирүүлсэн танилцуулах материалуу­даас
сонгоно. Дараа  нь сон­го­­сон хүнтэйгээ интерне­тээр
ярилцлага хийнэ. Гадаад төрх нь ямар байна, асуул­танд чинь яаж хариулж бай­гааг
нь хараад таалагдсан бол ажилчнаар авах саналаа хэлнэ. Таалагдаагүй бол дахиад сонголт
хийх боломж нээлттэй.

-Яг одоо манайд албан ёсны гэрээгээр хэчнээн гэрийн
үйлчлэгч ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 40-50 гэрийн үйлчлэгч албан
ёсны гэрээтэй ирээд аль аль талдаа сэтгэл хангалуун ажиллаж байна.

-Монголчуудын хувьд гудамжнаас хүн авчраад байдаг
нь мэдээлэл дутма­гаас болдог юм болов уу?

-Мэдээллийг интернет рүү ороод харахад л авчихаж
болно. Гадаад руу ажиллах хүч илгээх асуудлыг эрхэлдэг Филиппиний Засгийн газрын
агентлаг гэж байдаг (Philip­pine Overseas Employment Administration буюу POEA www.poea.gov.ph.)
Энэ вэб хуудас дээр тодорхой мэдээл­­­­лүүд байгаа, мэргэж­лийн ажилтан авахаас
эхлээд гэрийн үйлчлэгч зуучилдаг агентлагийн жагсаалт ч бай­гаа. Миний бодлоор зарим
нь мэдэхгүй байхад зарим нь хүсэхгүйдээ л байгаа байх. Энэ бол аль болох хурдан
хугацаанд ажиллах хүч авах хүслээс л үүддэг болов уу.

-Гэрийн үйлчлэгч авах хүсэлтэй байгаа ч хэнд хандахаа
мэдэхгүй хүмүүс байж мэдэх юм. Энэ хүмүүс хаашаа хандах ёстой вэ?

-Тодруулах зүйл байвал манай консулын газрын philconmongolia@gmail.com хаяг руу мэйл бичиж болно.

-Гэрээгээр гэрийн үйлч­лэгч авч байгаа хүний нуу­цыг
хадгалах үүргийг цаад байгууллага нь хүлээдэг үү. Манайхан энэ талын хувийн мэдээллээ
нууцлах сонирхолтой байдаг шүү дээ?

-Гэрийн үйлчлэгч авна гэдэг их нарийн процесс.
Агентлагаар дамжуулсан тохиолдолд нууц хадгалах гэрээ хийгддэг. Нөгөө талаа­саа
гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын
асуудлыг ч ший­дээд өгдөг. Филиппин улс 90 гаруй сая хүн амтай, тэдгээ­рийн 10 хувь
болох ажиллах хүчийг дэлхийн таван  тивд гаргадаг
туршлагатай орон. Тэр утгаараа эрх зүйн тогтол­цоо нь маш ойлгомжтой. Монголд ажиллах
хүч дөнгөж нийлүүлж эхэлж байгаа боло­хоор хууль бус асуудлууд бас гарч байна.

-Хууль бусаар ажилла­даг хүмүүс хэр байгаа бол.
Хууль бусаар ажиллуулж байгаа хүнийхээ цалинг өгдөггүй, бичиг баримтыг нь хураагаад
авчихдаг гээд асуудал гардаг гэсэн. Энэ тал дээр гомдол санал ирж байгаа юу?

-Хууль бусаар цөөн тооны хүмүүс ажиллаж байгаа.
Энэ тал дээр бид Монголын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Гэрийн үйлчлэгчээр ямар нэг улсын иргэнийг 
авчирчихаад боолчлох, эрхийг нь бооми­лох, биед нь халдаж  доромж­лох, хүний ёсонд байхгүй үйлдлээр харьцаж
болохгүй л дээ. Энэ тохиолдолд хоёр улсын иргэний эрхийн асуу­дал яригдана. Бид
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартай хамтарч нэг сарын бүртгэлийн аян
зарла­лаа. Хууль бусаар ажиллаж буй гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч байвал ил гарч
бүрт­гүүл­нэ үү гэсэн агуулгаар зарласан аян л даа. Аян зарласны хүчинд нэлээд хүн
ирж бүртгүүллээ. Ажил олгогч нар нь тодорхой хэмжээний торгууль төлөөд хуулийн дагуу
хариуцлага хүлээсэн. Ингэснээр бүх зүйлийг тодор­хой болгочихоор цаашдаа хуулийн
дагуу ажиллахад аль аль талдаа боломжтой бол­чи­хож байгаа юм. Эрх зөр­чиг­дөх асуудал
ч тэр хэрээр багасна. Хууль бусаар гэрийн үйлчлэгч оруулж ирсэн хүмүү­сийн талаар
хууль сахиулах байгууллагууд мэдээлэлтэй байдаг юм байна лээ. 

-Гэрийн үйлчлэгч, уул уурхайн салбараас гадна
өөр ямар чиглэлээр филип­пинчүүд манайд ажиллаж байгаа вэ?

-Статистик мэдээг харахад хамгийн олноороо ажиллаж
байгаа нь уул уурхай, тэгээд англи хэлний багш нар ордог. Филиппинчүүд бараг бүгд
багаасаа англиар ярьдаг боло­хоор тэр л дээ. Үйлчил­гээний салбарт ч нэлээд хүн
ажиллаж байгаа. Филиппи­ний эмнэлгийн сувилагч, асрагч нарын үйлчилгээ дэл­хийд
алдартай. Энэ чиглэ­лээр бас хэд хэдэн хүн ажилладаг.

-Филиппин, Монгол хоёрын харилцаа ямархуу түвшинд
байгаа гэж та боддог вэ?

-Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоос­ны
40 жилийн ой тохиож байгаа. Манай улсад Филип­пи­нээс 300-гаад хүн албан ёсоор ажиллаж
байна гэдэг бол хоёр улсын харилцаа ямар түвшинд очсоны том нотолгоо гэж бодож байна.
Хоёр улсын харилцаа хөгжиж байгаагийн бас нэгэн шалт­гаан нь хоёр үндэстэн ойрол­цоо
сэтгэдэгтээ байгаадаа болов уу. Филиппин, монгол­чууд ойролцоо соёлтой гэж харагддаг.
Монголчууд  гэр бүлийнхнээ гэдэг, гэр бүлсэг
хүмүүс. Филиппинчүүд ч ялгаа­гүй. Их гэр бүлсэг улс. Монголчуудыг дуулж хуурдах
дуртай, дуулдаггүй хүн байх­гүй гэдэг, Филлипинчүүд бас тийм. Дуулж хуурдах дуртай
ард түмэн. Маш үнэнч, хүний итгэл даах чадвартай, мөн хийж буй ажилдаа чин сэтгэ­лээсээ
ханддагаараа онцгой.

-Ажиллах хүчнээс өөр ямар чиглэлээр хоёр улсын
харилцаа хөгжих боломж­той бол?

-Сүүлийн үед монголчууд гадагшаа их аялж байгаа.
Аялахад хамгийн тохиромж­той газрын нэг бол Филиппин улс. Далайтай, үзэх юм ихтэй,
хоол сайтай газар. Соёл урлаг нь нэлээд хөгжиж бай­гаа. Цаашлаад яривал ажил­лах
хүч солилцохоос гадна соёл, урлаг, нийгэм, боловс­ролын чиглэлд хамтран ажил­­­лах
бүрэн боломжтой. Филиппиний их, дээд сургуу­лиуд олон улсын стандар­таар сургалтаа
явуулдаг учраас манайхаас Филиппин рүү сургуульд суралцах  оюут­­­ны тоо сүүлийн үед өсч байгаа.

-Манайхан Филиппин рүү визгүй зорчих эрхтэй байх
аа?

-Манай хоёр улс харил­цан тохиролцсоны дагуу
21 хоногийн хооронд визгүй зорчих эрхтэй. Энэ хугацааг Филиппин Улс саяхан нэмж
30 хоног болгосон.

-Филиппинд Монгол иргэд ажилладаг уу?

-Ажиллалгүй 
яахав. Олон улсын байгууллагын хэд хэдэн төв Филиппинд байдаг.  Жишээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн
хөгжлийн банк зэрэг байгуул­лагын төв нь Манилад бий. Миний мэдэхийн тэнд монгол
хүмүүс ажилладаг. Мөн Филиппин улсын иргэдтэй гэр бүл болсон Монголын иргэд ч бий.
Энд ч монгол хүнтэй гэр бүл болсон филиппинчүүд бас байгаа.

Ц.БААСАНСҮРЭН
С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Газрыг өгөх ч албагүй, авах ч албагүй

Монгол хүн бүрийг өсч төрж, амьдарч яваа эх орон­доо
газар аваач гэж  төр засаг хичнээн жил гуйв
даа. Иргэ­дэд газар өмчлүүлэх тухай хууль аль 2002 оноос хэрэг­жиж эхэлсэн гэж байгаа.
Гэтэл үүнээс хойш Монгол Улсын нийт иргэдийн дөнгөж ес орчим хувь нь газар нут­гийн
хоёр хүрэхгүй хувийг өмчилж авсан байх юм. 
Төр засаг аргаа барахдаа иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хугацааг хоёр,
гурван удаа сунгалаа. Өнөө жил гэхэд л энэ 
хугацааг дахин сунгаж, иргэд 2018 он хүртэл  газар өмчлөх эрхтэй болсон. Үүний хүрээнд иргэн
бүрт  гэр бүлийн хэрэгцээний зориу­лал­таар
Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахан­гай дүүргийн
нийт 52 байр­шилд 15 гаруй мянга га газрыг өмчлүүлэхээр тогтжээ.   Энэ  газруудыг
хамгаалалтад авч, хэсэгчилсэн ерөнхий төлөв­лөгөө боловсруулж эхэлсэн байна. Инженерийн
дэд бүтцийг нь шийдэж, нийгмийн үйлчилгээ хүргэж, ногоон байгууламж зам, барилгатай  цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөсөн байх юм.  Газрыг иргэдэд өмчлүүлэх ажил 2014 оноос эхлэх
юм байна. Тэртэй тэргүй иргэд газар өмчилж авахдаа хойрго байгаагаас цааш дээрээс
нь нэмж энэ их газрыг өмчлүүлэх шийдвэр гаргах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

 Уг нь бол
иргэдэд төрөөс газар өгөх  албагүй. Иргэд
авах ч албагүй байгаа юм. Ямар төрийн өмнөөс амьдарч байгаа биш. Амьд явж амьд­ра­хаар
зүтгэж байгаа юм бол өөрсдийнхөө төлөө гуйлгаж гувшуулалгүйгээр газраа авах хэрэгтэй
санагдана.  Төрийн хувьд иргэдийнхээ шударга
ажиллаж, амьдрах  орчныг бүрдүүлэхийн тулд
хуулийн сайн зохицуулалт хийж, бодлогоо зөв тодор­хой­лоод явж байвал үүргээ гүй­цэт­гэж
байгаа хэрэг.  Гэвч төр гэдгийг ард түмэн
айл бүрт амьдрах газар,  идэх хоолыг нь тарааж,
гэрийг нь цэвэрлэ­дэг үйлчлэгч мэтээр ойлгон чичилдэг. Газрын асуудал дээр ч иргэд
ийм үзэл бод­лоор хандаж, хойш суугаа нь дамжиггүй. 

“Төр биднийг газар ав гээд байна. Хаанаас яаж
очиж авах юм. Тэр газраа өөрсдөө авчраад өгчихөж болдоггүй юм уу. Тэгээд гэрийг
минь нүүлгээд өгөх ёстой шүү дээ”. Ард түмэн ийм зүйл яриад сууж байгаа гээд таачихъя.
Дэгсдүүлсэн болохгүй байх гэж бодож байна. Ийм бай­хад төр заавал  тэдэнд 
газар өгөх  гэж зүтгэх хэрэг байна
уу. Авахгүй байгаа газрыг нь өгөх гэж хуулийнхаа хугацааг сунгаж,  түмэн ажил удах шаардлага алга.  Иргэд газар авбал аваад байвал байг.  Хууль хугацаандаа үйлчлээд дууссан бол нүдэн балай,
чихэн дүлий хаях  хэрэгтэй.  Тэр яана, энэ яана, газраа авч чадсангүй гэж өрөвдөх
хэрэг үнэндээ байхгүй. Зүгээр өгч байгаа газрыг авахгүй байгаа бол тэр л биз. Дургүй
ламыг дарж байж сахил хүртээх албагүй. 

Цаана чинь үйлдвэр, үйлчилгээ, бизнес эрхлэх гэсэн
овсгоотой хүмүүст нь газар олдохгүй байна. Алга дарам газартай болохын тулд айл
өрхийн хаалга тогшиж, албан байгууллагын үүд сахиж яваа тэр хүмүүсийг оронд нь дэмжих
хэрэгтэй. Ядаж эргээд улс нийгэм, эдийн засагт ирэх үр дүн нь ашигтай юм. Адаглаад
ажлын байр нэмэгдэж,  айл өрхийн амьжиргаа
ч дээшилнэ.  Үүнээс гадна өөр нэг асуудал
бий. Газар авах гэж хөөцөлд­сөн хэсэг нь төрийн нэрийг газар доогуур ортол нь муулж
байна. “Газар өмчлөхөөр өргөдлөө өглөө.  Төр
засгийн байгууллагын хүнд суртал хэрээс хэтэрч байна. Нааш цааш нь өчнөөн гүйлгэлээ.
Адаг сүүлд нь арваад хоно­гийн дараа газрын гэрчилгээг минь гаргаж өглөө” гэж муу
хэлнэ.

Төрийн ажил гэдэг чинь босоод суухын хооронд бүт­дэг
хэрэг биш.  Бүх зүйл  улсын данс бичигт бүртгэгд­дэг, цаанаас тогтоосон
хоног өдөр, хууль тогтоомжийн дагуу явдаг ажил. Түүнээс биш ирсэн болгоны амаар
ажил бүтдэг бол өнөөдөр төрийн алба гэж байхын ч хэрэггүй болох биз.  Хэрэв төр засаг удаан байна гэж үзэж байгаа бол
заавал тэдэнтэй зууралдан газар авахаар өөрсдийгөө тарчлааж яах билээ.

Иргэдийн тунирхал ингээд дуусахгүй. Төрөөс үнэгүй
өгч байгаа газрыг голж шилнэ.  Ертөнцийн мухарт
газар аваад яах юм. Хол байна, хөгжил алга. Энхэл донхол, уул хадан дээр амьдрахгүй.
Зүлэг ногоогүй халцгай газарт яаж амьдрах юм гээд түмэн зүйл ярьж, цамаан загнац­гаахыг
нь яана. Монголын хавтгай дээр гэрээ бариад амьдарч байвал хаана ч яадаг юм. Эрт
урьдаасаа ингэж амьдраад л өдий хүрсэн санагдана. Үнэхээр төрөөс өгч байгаа газар
хол санагдаад байвал авахаа больчих. Тэнд амьдрахаас цааргалахгүй хэсэг нь очоод
бууг. Тэднийг харин төрөөс хөөж, туухгүй байх хэрэгтэй. Төвдөө шавж, багталцахгүй
чихэлдэж байснаас хотын зах руугаа тэлж байвал сайн хэрэг.

Ер нь тэгээд Газрын хуулийг бүхэлд нь өөрчлөх
цаг болчихсон. Уг нь өнгөрсөн 2012 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Л.Болд,
Ц.Оюунгэрэл нар газ­рын асуудлыг бүрэн цэгцлэх хууль боловсруулна гэж нэг их пиардсан
юм.  Тэгснийхээ хүчинд Хан-Уулынхнаас нэ­лээд
оноо авч, УИХ-д сонгог­дож чадсан гэхэд болно. Харин одоо аль аль нь сайд болчихсон
төрд зүтгэж явна. Гэхдээ тэд сонгуулийн үеэр амласнаа биелүүлээгүй биш ээ. Хэлж
ярьснаараа Газар өмчлө­лийн тухай хуулийг боловс­руу­лан УИХ-д өргөн барьсан. Үүнийг
нь сөрөг хүчнийхэн “Иргэдийн газрыг шууд булааж авах коммунист хууль байна” хэмээн
хараар будаж, хэлэлцүүлэг нь урагшаа ахиагүй. 
Уг нь энэ хууль гарчихсан бол бараг дээр байж.

Хуульд шигтгэсэн гол үзэл баримтлал бол Монгол
Улсын иргэн бүрт газар өм­чил­­сөн эрхийг нь баталгаа­жуулсан сертификат олгох тухай
байлаа.  Нарийн хэл­бэл, иргэн бүр 0.07 га
газар өмчилнө.  Хүн болгон өмчил­сөн тэр газраа
өөрийн нэр дээрээ баталгаажуулсан бусдад үзүүлж харуулах сертификаттай байна. Ингэ­сэн
тохиолдолд тэр газар дээрээ иргэн хүн амьдрахгүй, хашаа хатгахгүй ч байсан болно.
Тэглээ гээд төр очоод авна гэж сүрдүүлэхгүй. Зөв­хөн Батын нэр дээр өмчлөгд­сөнгазар
учраас бусадтай   булаацал­дана гэж санаа
зовох хэрэггүй. Үе удмаараа тэр газарт идээшин сууж, аж ахуй, үйлдвэр үйлчилгээ
эрхэлж, эдлэн газар болгон авах эрх нээгдэнэ гэсэн үг. Эзэн нь юмаа мэдэж, эрэг
нь усаа хашдагийн жишгээр газрын эзэнд мөнгөний шаард­­лага үүсвэл гэрчил­гээ­гээ
өндөр үнэ хүргэж худал­даж болно. Хүсэхгүй ч байсан болно. Хуулийн агуулга ердөө
энэ. Тэгэхээр энэ хууль батлагдчихвал газрын үнэ­лэмж, иргэдийн амьдрах идэвх  сайжирч магадгүй юм гэсэн бодол төрж байна. 

Газартай холбоотой өөр нэг инээдтэй зүйл байна.
Сүүлийн үед улаан шороо бужигнасан замын хажуугийн халцгай газар дээр сүртэй гэгчийн
пайз, самбар хадчих­даг болжээ. “Энд байшин барилга барьж, үйлдвэр үйлчилгээ эрхлэхийг
хориг­лоно. Энэ газрыг авсан байх юм бол 
хуулийн дагуу арга хэмжээ авна” гээд анхааруул­чихсан байна лээ.  Төр яаж ядрахаараа ийм арга хэрэглэ­дэг юм. Төр
бол цагдаа, хуул­ийнх­наар хамгаалуулсан хүчирхэг зэвсэг гэдэг нь үнэн. Гэхдээ төр
төрөө бус иргэдээ, ард түмнийхээ хүч хөдөлмө­рөөр бүтээгдсэн хувийн өмчийг хамгаалах
үүрэгтэй биш гэж үү.  Дэлхийн хөгжил­тэй улсуудаар
жишээлээд бодоод үзье. АНУ-д  тийм л байдаг
гэнэ лээ. Төрийн гэсэн тодотголтой онцгой обьек­туудыг хамгаалалтдаа авдаг болохоос
бусад үед иргэ­дийн­хээ хувийн өмчийг  дээд
зэргээр харж ханддаг. Тэгж байж төр ард түмнийхээ өмнө хамгаалагчийн үүрэг гүйцэт­гэнэ.
Гэтэл манайд эсрэгээрээ эргэжээ. Ядарсан юм очоод тэнд нь буучихвал хөөж тууж, түмэнд
муугаар хэлэгдэж  байснаас энэ нь дээр гэж
үзсэн юм байх даа. Газартай холбоотой өөр олон асуудал бий. Тэр дундаас онцолж өгүүлэхэд
ийм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ