Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар
Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар ялалт байгуулж,
парламентын гишүүн болчихсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл араасаа нэхэлтэй явна. Нэхэлтэйгээр
барахгүй яалт ч үгүй УИХ-ын гишүүнээсээ эргүүлэн татагдахаар болж байх шиг байна.
Яагаад гэвэл тэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тодорхой болох шиг боллоо.
Нарийн хэлбэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр сонгуулийн үеэр увсынханд мөнгө
тараасан нь үнэн байсан. Үүний баталгаа нь энэ хоёрын өгсөн мөнгийг авснаа нотолсон
13 хүн урамшууллын сая төгрөгөө халаасалсан
явдал байлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгууль шинэчлэн найруулсан хуулийн дагуу
явсан. Энэ хууль сонгууль луйвардагчдад хатуу заалттай болсон юм. Сонгогчдод мөнгө
тарааж, саналыг нь худалдан авахыг хатуу хориглосон хууль. Сонгуулийн үеэр нэр
дэвшигчдийн тараасан мөнгийг тоо ёсоор нь бариад ирвэл хэд нугалж урамшуулах тухай
хуульд заасан байгаа. Увсын тойргийн хувьд асуудал энэ дагуу явсан. Шударга бус өрсөлдөөнийг илчилснийхээ төлөө
зохих ёсныхоо шан харамжийг Увсын 13 иргэн авсан гэхэд болно. Цаана нь
өргөдлөө өгчихсөн 38 хүн бий. Тэд Увсаас УИХ-д сонгогдсон хоёроос мөнгө
авснаа хэлж, нотолж байгаа.
Ер нь 2012 оны сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатар,
Б.Чойжилсүрэн нар нийтдээ 1000 гаруй хүнд мөнгө өгсөн гэдэг. Үүнийг нь тагнуул,
цагдаагийнхан тогтоочихсон. Тэр ч бүү хэл, эрүүгийн гурван шатны шүүхээр асуудал
нь яригдаад эрхэм гишүүдийн сонгуулийн штабт ажилласан зургаа, долоон хүн ял сонсчихсон
байгаа юм билээ. Хэрэв 1000 гаруй хүн өргөдөл
өгвөл тэдэнд тэрбум гаруй төгрөгийн шагнал олгох хэрэг гарна. Цагаа тулахаар тэр
мөнгийг Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр төлж
чадах болов уу. Ямартай ч тэр хоёрын мөнгө тарааж, төрийн сонгуулийг луйвардсан
хэрэг ийм олон гэрчтэй, хөдөлшгүй баримттай байгаа юм байна.
Дээрээс нь Увсын жирийн айл өрхөөр
орж, гэрийг нь сонгуулийн сурталчилгааны байр болгох нэрийдлээр иргэд рүү бэлэн
мөнгө сарвайж, үймүүлээд явсан гэдэг. Ингэж яваад өрсөлдөгчдөдөө баригдахаараа
балмагдаж, элдэв үлгэр зохиож ярьж буй бичлэгүүд нь зурагтаар ил тод цацагдаад авсан
удаатай.
Гэвч хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг
хүчээр булааж авсан дээрх хоёр эрхэм өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний сэнтийд юу
ч болоогүй юм шиг инээгээд сууж байгаа билээ. Гэхдээ чуулганы танхимд байнга үзэгдэх
нь ховор. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр тэр бүр олны өмнө ил гарч, сэтгүүлчдийн нүдэнд
өртөөд байхгүй, аль болох үзэгдэхгүйг хичээдэг болов уу. Хааяа нэг өөрийгөө өмөөрч
дуугардаг хүн нь Ч.Хүрэлбаатар гишүүн. Гэвч тэрээр сүүлийн үед бүр бараа сураггүй.
Ихэвчлэн гадаад орноор аялж яваа бололтой. Харин Б.Чойжилсүрэн гишүүний хувьд хөдөө
орон нутгаар л явдаг ажилтай нэгэн гэнэ.
Үнэндээ тэдний хэн нь ч байнгын хороо, чуулганы хуралд байнга суух нүүргүй
болчихсон нь ойлгомжтой. Тийм ч учраас 2012 оны парламент бүрдсэнээс хойш өнөөдрийг хүртэл тэдний санаачилсан хуулийн төсөл
гэж сонсогдсон юм алга. Дунд нь Увсын ард түмний эрх ашиг хөсөр хаягдаж байна. Мөнгө тараасандаа бантаж,
ажлаа ч хийж чаддаггүй Төрийн ордныг “тойрч”
халгаж яваа тэднийг удаан тарчлаах хэрэг байна уу. Нэгэнт хууль зөрчсөн
нь баттай болсон юм бол эргүүлэн татчих.
Сонгогчдод тараасан мөнгөө арав нугалж
төлчихөөд, гудамжинд цээж тэнэгэр айх зүйлгүй санаа амар алхаж явмаар юм. Увсын ард түмэн ч нүүр улайхгүй ажлаа хийх төлөөлөгчдөө
парламентад суулгаж, гарч байгаа хуулиудад санаа бодлоо тусгуулах эрхтэй болог.
Уг нь Увсын тойргийн энэ маргааныг сонгуулиас хойш
шийдэхээр үзсэн ч шүүхээр явж ирсэн процесс нь урт удаан настай байсан юм.
Хамгийн анх УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн дүн гарч, МАН-аас нэр дэвшигчид
ялалт байгуулсны дараа АН-ынхан гомдлоо СЕХ-нд гаргасан. Тэгтэл СЕХ нь “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн
хоёрын мөнгө тараасныг шүүхээр тогтоолгоод ирвэл тэднийг эргүүлэн татъя” гэдэг хариу
өгчээ.
Үүнээс хойш эцэс төгсгөлгүй шүүх
хуралдаанууд үргэлжилж байлаа. Өмгөөлөгч нь ийшээ, тийшээ явчихлаа гэдэг элдэв
шалтаг шалтгаанаар шүүх хурлыг аргалсаар
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүнээр нэг жил суугаад амжлаа. АН-ын гомдол гаргагсдын хэлж байгаагаар Б.Чойжилсүрэн,
Ч.Хүрэлбаатар нар зарим шүүх хуралд “мөнгөөр” нөлөөлж, өөрсдийнхөө талд шийдвэр
гаргуулдаг байсан ч гэх яриа бий. Үүний
худал, үнэнийг хэн мэдлээ. Ямар ч байсан Увсаас УИХ-д сууж байгаа хоёр гишүүн хууль зөрчсөнийг
бүх шатны шүүх тогтоосон юм байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө СЕХ-нд
шүүхийн шийдвэрийг хүргүүлчихсэн аж.
Ерөнхийлөгчийн сонгууль, залгаад наадам найр үргэлжилсэн учраас СЕХ энэ асуудлыг
одоохондоо нэг тийш нь болгож амжаагүй биз. Ирэх аравдугаар сард эхлэх намрын чуулганаар СЕХ Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн
нарыг эргүүлэн татах саналыг УИХ-д өргөн барих нь дамжиггүй болчихлоо.
Төрийг луйвардаж, эрх мэдлийг хууль
бусаар авах нь хориотой юм байна гэдгийг Ардын намынхан үүгээр яс махандаа шингэтэл
ойлгох хэрэгтэй. Үнэндээ МАН-ынхан дээрмийн
аргаар өөрсдийгөө төрд ороод суучихлаа гэж үеийн үед “бахархдаг” байсан байх. Гэвч луйврын аргаар хэзээ ч төрд суудаггүй, харин шоронд суудаг гэдгийг ойлгодоггүй байж. Мэдсэн ч мэдээгүй юм
шиг явдаг биз. Эрх ямба, албан тушаалын төлөө
бол юу ч байсан хөл дороо дэвслээд гарахаар улайран зүтгэдэг хүмүүс хойно доо.
Өвөрхангайн хоёр байна. Улайм цайм
хууль зөрчиж, сонгогчдод баруун солгойгүй мөнгө цацчихаад “Тэр ямар хамаатай юм.
Бид хоёр хамгийн олон санал авсан хүмүүс. Юун Г.Батхүү, Д.Зоригт. Авсан саналынхаа
тоогоор бид тэднийг хол хаяна шүү” хэмээн одоо хүртэл гоншигонодог. Сонгууль
бол сонгууль. Сонгуулийн хууль зөрчсөн л бол ялаа үүрээд, хариуцлагаа хүлээдэг юм.
Тэрнээс хэн нь хэдэн хүний санал авч, аль нь олонхийн дэмжлэг авсан нь хэнд ч падлийгүй. Ганцаараа 100 хувийн санал авч ялсан
байлаа ч хууль зөрчсөн бол цааш алхах эрхгүй. Яагаад гэвэл Монгол хууль цаазтай
улс шүү дээ.
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авна
гэдэг бол эмзэг сэдэв. Ардчиллын амин сүнс нь сонгууль. Энэ сонгуулийг луйвардаж,
иргэдийн саналыг хууль бусаар худалдан авч төрд гарахыг оролдоно гэдэг нь өөрөө
ардчиллын амин сүнсийг устгаж байна гэсэн үг. Тэгэхээр Ардын намынхны сонгуулиар
хийж байгаа энэ мэт луйврууд цаашид сонгууль явуулах хэрэггүй гэдэг санаагаар явагдаж
байна. Ийм учраас сонгууль луйвардсан хэн бүхэнд хууль үйлчилж, хариуцлагыг нь
үүрүүлдэг байх ёстой. Увсынханд л хууль үйлчилдэггүй
гэдэггүй юм бол шүү дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ